Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 03 сарын 06 өдөр

Дугаар 89

 

Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Батжаргал даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Тэмүүжин,

Улсын яллагч Б.Батсүх,

Шүүгдэгч Г.З- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж, Дархан-Уул аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн шүүгдэгч Г.З-д холбогдох эрүүгийн 1818009580057 дугаартай хэргийг 2019 оны 3 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Г.З-, 1995 оны 12 сарын сарын 27-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан суманд төрсөн, 24 настай, эрэгтэй, яс үндэс халх, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 4, эх, ах, эгч нарын хамт эрхэлсэн тодорхой ажилгүй оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд нэг удаагийн ял шийтгэлтэй, үүнд:

Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн 146 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1-т зааснаар 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700 000 төгрөгөөр торгох ялаар шийтгэгдэж байсан, хэрэг хариуцах чадвартай,

 

Холбогдсон хэргийн талаар:

 

Шүүгдэгч Г.З- Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад  

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Гэм буруугийн талаар:

 

Шүүгдэгч Г.З- 2018 оны 12 дугаар сарын 17-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан сум, Өргөө баг, 7-р байрны 28 тоотод найз охин  С.О-ыг ямар нэг шалтаг шалтгаангүйгээр зодож эрүүл мэндэд нь “тархи доргилт, дух, баруун, зүүн хацар, цээж, хэвлий, мөр, бугалга, шуу, гуя, шилбэ, баруун өвдөг, баруун тохой, зүүн сарвууны цус хуралт, оройн хуйх, зүүн гарын хуруу, хэвлий, баруун шилбэнд зулгаралт” бүхий хөнгөн хохирол учруулсан болох нь

 

Шүүхийн хэлэлцүүлэгт:

 

Шүүгдэгч Г.З-ын өгсөн: 2018 оны 12 дугаар сарын 16-ны өдөр би найз охин С.О-ыг бусадтай хардаж хэрүүл маргаан хийсэн байсан бөгөөд бид хоёр хоорондоо эвлэрээд би түүнийг маргааш өглөө эртхэн хүрээд ирээрэй гэж хэлсэн. Тэгсэн 2018 оны 12 дугаар сарын 17- ны өглөө 10 цагийн үед түүнийг гэрт ирэхгүй байхаар нь уурандаа түүнийг ирж алуул хурдан хүрээд ир гэж утсаар мессеж бичсэн. Тэгээд би унтаж байхад манай найз охин  С.О- 11 цагийн үед ирчихсэн байсан. Ингээд би түүнийг ирэхээр нь сэрээд босоод цаг хэд болж байна гээд асуухад 12 цаг өнгөрч байна гэсэн. Тэгэхээр нь түүнд эрт надад цаг хэлэхгүй яасан юм бэ яасан орой ирдэг юм бэ гэсэн. Ингээд түүнийг надтай уулзахгүй хол байсан болохоор нь мөн эрт ирээгүй учир түүнийг санаад сэтгэл бачуураад байсан тул тэрийг зөв илэрхийлж чадахгүй түүнийг алгадаад, толгой руу нь 2-3 удаа гараараа цохисон. Мөн түүнийг үстэж татаад газар унахаар нь цээжин дээр нь өвдгөөрөө дарсан. Тэгээд би түүнийг айлгах санаатай гэрийнхээ гал тогооны өрөөнд байсан хөх өнгийн бариултай төмөр хайчийг авч ирээд хий хатгах гэж байгаа юм шиг 2 удаа зангаад хайчаа жижиг өрөөнийхөө тольтой шүүгээнийхээ тавцан дээр тавьсан. Тэгсэн чинь манай найз охин С.О- нөгөө хайчийг барьж авчихаад чи намайг алах гээд байгаа юм бол би чамд гай болохгүйгээр өөрийгөө алчихъя гээд байхаар нь би түүнийг гарнаас нь тухайн хайчийг авах гэж булаацалдсан. Ингэж булаацалдаж байхад С.О-ын нэг гарынх нь хуруу зүсэгдсэн байсан. Ингээд би булааж авсан хайчаа буцааж шүүгээний тавцан дээр тавьчихаад бид хоёр эвлэрээд орон дээр сууцгаасан бөгөөд манай найз охин С.О- надад анх түүнд дуулж өгч байсан дууг маань надад дуулж өгөхөд би их бачуурсан байсан тул татаж эхэлсэн. Ингэж татах үедээ би ярьж чадахгүй байсан бөгөөд энэ үед намайг С.О- сахиж тайвшруулсан. Ингээд би 30 орчим минут татаж байгаад зүгээр болсон. Тэгээд 14 цагаас хүн маникюр хийлгэхээр цаг авчихсан гэхээр нь би түүнийг ажилдаа яв яв гээд явуулсан гэх мэдүүлэг,

 

            Талуудын хүсэлтээр хавтаст хэргээс:

            Хохирогч С.О-ын өгсөн: 2018 оны 12 дугаар сарын 17-ны өдөр манай найз залуу Г.З- манай эцэг, эхийн гэрт ирж алуул гээд дуудаад байхаар нь би гэрт нь буюу Дархан сумын Өргөө багт байрлах гэрт нь очсон. Би гэрийнх нь хаягийг нь яг нарийн хэлж мэдэхгүй байна. Ингээд гэрт нь яваад очиход гэртээ унтаж байсан бөгөөд намайг ирэхэд сэрсэн. Тэгээд түүнд 12 цаг болж байна хоёулаа явж боолтоо солиулъя гэхэд орноосоо босохгүй байсан. Тэгж байснаа 4-5 минут нүдээ аниж хэвтэж байснаа цаг хэд болж байна гэхээр нь 11:18 цаг болж байна гэхэд чи түрүү нь 12 болчихсон байна гэсэн биз дээ гичий минь, өдөөд байна уу писда минь гээд миний баруун талын шанаа руу 4-5 удаа алгадсан. Тэгээд зүүн талын шанаа руу мөн 2-3 удаа алгадаж цохиод цээж рүү гараараа 2 удаа цохиод, элэг рүү гараараа 1 удаа цохисон. Тэгснээ намайг үстэж чирээд толгой руу хөлөөрөө дэвсэж зодсон. Хэдэн удаа дэвссэнийг мэдэхгүй байна их л олон удаа дэвсээд байсан. Тэгснээ чи орилж чарлаж дуу гаргалаа гээд миний үснээс хоёр тийш саваад шал мөргүүлээд байсан. Тухайн үед миний толгой манараад хэсэг шоконд орж дуу гарахгүй болсон чинь чи яасан жүжиглээд байна уу гээд дахиад толгой руу дэвсээд байсан. Тэгээд түүнийг толгой руу дэвсэхээ болихоор нь би орон дээр нь гараад суусан чинь чамайг нэг мөсөн гүйцээчихье гээд гал тогооныхоо өрөөнөөсөө бараан өнгийн том хайч авч ирээд цээж рүү 2-3 удаа хатгасан. Би тухайн үед нь хөнжлөөр өөрийнхөө цээжийг хамгаалсан байсан. Тэр үед түүний ээж С.О- чи хүний хүүхэд аллаа шүү дээ тэрний оронд намайг ал гэхэд дуугүй бай янхан минь чамд хамаагүй зайл гээд өрөөнийхөө хаалгыг хаагаад чи энэ писдагийн хэлж, ярьж байгааг сонсож байна уу чамаас болж ийм зүйл болж байна гээд орон дээр гарч ирээд миний толгой руу 2-3 удаа хөлөөрөө дэвссэн. Тэгснээ миний царайг харснаа чи муу нүүрээ хавдартай болгочихсон байна гээд дахиад намайг үстэж чирээд цээж рүү 2-3 удаа дэвсэж зодсон. Би түүнээс хайраа уучлаарай тайвширчих гэж зөндөө гуйсан. Тэгсэн хоёулаа Хараагийн гол руу явъя би чамайг нэг мөсөн алчихаад булшилна булшлах газар руу чинь явъя гээд куртикээ өмсөхөөр нь жижиг өрөөнд түүний авчирсан хайч байхаар нь чамд алуулж байхаар би өөрийгөө алчихъя гээд хайч авсан чинь надтай хайчаа булаацалдаад би чамайг алчихъя чи намайг чадахгүй гэж бодож байна уу, би чамайг алчихаад чамайг гэх хүмүүсийг бүгдийг нь ална гээд хайч булаацалдаж байгаад бид хоёр газар унасан. Тэгснээ дахиад намайг үстэж босгоод орон дээр гаргаад миний дээр гарчихаад чамайг ална тална гээд байхаар нь одоо болилдоо хангалттай шүү дээ гэхэд чамайг одоо ална гээд байхаар нь би түүнд анх танилцаж байхдаа надад дуулж өгсөн дууг нь дуулж өгсөн чинь өөрөө уйлаад эхэлсэн. Тэгснээ амнаас нь цагаан хөөс сахраад нүд нь эргэлдээд татаад орон дээрээ уначихсан. Тэгэхээр нь би түүнийг зүгээ рүү гээд ээжийг нь дуудсан чинь өөрөө үгүй цаашаа гээд ээж рүүгээ гараараа зангаад байсан. Тэгэхээр нь би түүний бөөгийн сахиус болох эрхээр нь ороолгосон боловч өөрчлөлт өгөхгүй байж байгаад аяндаа зүгээр болсон. Би түүнийг яаж байна толгой нь өвдөж байна уу гээд толгойг нь илж тайвшруулж байхад миний хоёр цагийн үйлчлүүлэгч ирчихлээ гээд над руу утастахаар нь би ажил руугаа явлаа гээд явсан. Тухайн үед чи надад санаа тавихгүй мөртлөө өөр хүнд санаа тавиад намайг өдөөд байна уу гэсээр байсан. Тэгээд ажил дээрээ очоод 14 цагаас цаг авсан хүнд үйлчилгээ үзүүлж байгаад би ухаан алдаад уначихсан. Нэг мэдэхэд манай эцэг, эх ирчихсэн намайг яасан юу болсон гэхээр нь би болсон асуудлын талаар хэлсэн. Би түүнтэй 2018 оны 10 дугаар сарын 10-ны өдрөөс эхлэн үерхэж эхэлсэн бөгөөд түүнтэй үерхээд удаагүй байхад буюу 2018 оны 10 дугаар сарын 25-ны өдөр Улаанбаатар хотод Яармагт байдаг түүний тахилын гэрт нь хоёулахнаа байхад миний гар утсыг үзээд байхаар нь утсаа авъя гэхэд чи ер нь яах гээд байгаа юм бэ би чамд хайртай гээд байхад буруу хандтай писда юу гэснээ миний хоолойг боогоод зүүн талын гар руу олон удаа цохиж, үстэж толгойгоор шал мөргүүлээд зодсон. Тэгээд тэр оройдоо намайг уучлаарай гэж гуйгаад өнөөдөр надтай хамт хоночих гээд гуйгаад байхаар нь бид хоёр эвлэрээд тэр оройдоо тахилын гэрт нь хоносон. Тэр өдөр хутга бариад намайг ална гэж сүрдүүлсэн. Тэгэхээр нь би түүний хөлд сөгдөж гуйж уйлж байгаад болиулж байсан. Энэ байдлаар намайг 9-10 удаа цохиж зодож байсан. Би энэ хүнд үнэхээр гомдолтой байна гэх мэдүүлэг /хх 16-19/,

            Гэрч Т.С- өгсөн: 2018 оны 12 дугаар сарын 17-ны өдөр намайг гадуур ажилтай явж байхад манай эхнэр О- над руу 14 цаг өнгөрч байхад утастаад С.О-ын ажил дээр хурдан хүрээд ир яаралтай ирээрэй ирэхээр чинь учрыг нь хэлье гэхээр нь би охиныхоо ажил дээр яваад очиход охин минь шокын байдалтай юмнаас айж эмээсэн бололтой байсан бөгөөд баруун зүүн шанаа нь хавдчихсан, үс нь арзайсан, толгой нь хавдсан байдалтай байсан. Тэгээд юу болсон юм бэ гэхэд надад олигтой ч юм ярихгүй чичрээд уйлаад байсан. Харин манай эхнэр О- найз залуу Г.З- нь зодоод ийм болгочихож гэж байсан. Би тухайн үед маш их уурлаж тэр залуутай нь очиж уулзаад зодно гээд гарах гэхэд манай эхнэр байж бай чи тайвшир цагдаад хандъя гэхээр нь охиноо дагуулаад цагдаад хандсан. Цагдаад хандахаасаа өмнө Нэгдсэн эмнэлэг очиж үзүүлэхэд охины маань найз залуу Г.З- эмнэлгийн хүлээн авах дээр хүрээд ирсэн. Охин маань түүнийг харчихаад чичрээд сандал дээр суусан бөгөөд охины маань гар цэв хүйтэн болчихоод чичрээд байсан. Би тухайн үед Г.З-аас яагаад охиныг маань зодсон талаар асуухад олигтой юм ярихгүй байсан. Тэгээд би эмнэлэгт охиноо үзүүлчихээд гэртээ дагуулж очоод гар утсаар нь охиныхоо биеийн гэмтсэн хэсгүүдийнх нь зургийг авсан. Тэгээд Цагдаагийн байгууллагад хандсан. Манай охин энэ асуудлаас болж олон хоног шокноосоо гарч өгөхгүй нойл орохдоо хүртэл намайг дагуулж айдас түгшүүртэй байсан. Манай охин 2017 оны 3 дугаар сард нөхрөөсөө салснаас хойш хоёр хүүхдийнхээ хамт манай гэрт амьдрах болсон. Манай охин С С.О- нь 2018 оны 10 дугаар сард Золоо гээд залуутай танилцаж үерхэж байгаа гэж ярьж байснаас огт эцэг, эхтэй нь уулзуулж танилцуулаагүй. 2018 оны 10 дугаар сарын дундуур шиг санаж байна манай охин найз залуу нь бөөгийн сахиустай манай найз залуу хөдөө чанар авах гэж байгаа намайг түшээ хийлгэх гэж байгаа гээд Төв аймгийн Батсүмбэр сум руу 4 хоног явсан бөгөөд гэртээ ирэх үед охины маань хоёр гарын булчин шуу зэрэг нь хөхөрчихсөн байсан. Эхнэр бид хоёр түүнээс яагаад гар нь хөхөрсөн талаар асуухаар манай найз залуу Г.З-ын найз нь хоорондоо зодолдохоор нь дундуур нь ороод салгах гэхэд би санамсаргүйгээр цохиулсан, тэгсэн Г.З- намайг өмөөрөөд найз нартайгаа зодолдсон гэж байсан. Мөн хэдэн удаа охины нүд нь хөхөрчихсөн, гарынх нь сарвуу, шуу зэрэг нь хөхөрчихсөн орж ирдэг байсан. Ингэж орж ирэх болгондоо ширээ, хаалга мөргөчихлөө, юманд гараа цохичихлоо гээд ярьдаг байсан. Тухайн үед Г.З- гээд залууг дөнгөж үерхэж эхэлж байсан тул арай ч ингэж зоддог байсан талаар нь мэдээгүй. Харин 2018.12.17-ны өдөр түүнд зодуулснаасаа хойш охин маань урьд нь зөндөө зодуулж байсан талаараа хэлсэн бөгөөд гэртээ нүд нь хөхөрсөн гарын шуу, сарвуу зэрэг нь хөхөрсөн байдалтай ирдэг байсан нь Г.З-д зодуулчихаад ирдэг байсан юм гэж ярьсан гэх мэдүүлэг /хх 23/,

            Гэрч Н.Н- өгсөн: 2018.12.17-ний өдөр намайг ажил дээрээ 10 цагийн үед ирэхэд С.О- ажил дээрээ ирчихсэн ажлаа хийгээд байж байсан. Хэсэг хугацааны дараа өрөөгөөр нь шагайж харахад өрөөндөө байхгүй байсан. Тэгээд өдөр14 цагийн үед С.О- ирчихсэн ажлаа хийж байсан бөгөөд нүүрэндээ маск зүүчихсэн байсан. Ус уух гээд өрөөнөөсөө гарахад С.О-ын эцэг, эх нь ирчихсэн байгаа харагдсан. Манай сормуусчин А- орж ирээд С.О-ыг үерхэж байгаа залуу нь зодчихсон байна. Тэгээд эцэг, эх нь аваад явчихлаа гэж байсан. Тэгээд 4-5 хоногийн дараа С.О- салон дээр ирэхээр нь түүнтэй уулзахад нэлээн туниа муутай болчихсон байхаар нь биеийг нь асуухад 2018.12.17-ний өдөр найз залуугийнхаа гэрт нь найз залуудаа үстүүлж дэвсүүлж зодуулсан гэж ярьж байсан. Би түүнд урьд нь ингэж зодуулж байсан бол эртхэн хэлж байхгүй яасан юм гэхэд би айгаад хэлж чаддаггүй байсан гэж ярьж байсан. 2018 оны 11 дүгээр сард түүний баруун билүү зүүн хацар нь хөхөрчихсөн байдалтай нэг удаа ирж байсан гэх мэдүүлэг /хх 25/,  

            мөрдөн байцаалтад гэрч Г.Г- өгсөн мэдүүлэг /хх 22/,

Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 37 дугаартай шинжээчийн дүгнэлт:

 

1.С.О-ын тархи доргилт, дух, баруун, зүүн хацар, цээж, хэвлий, мөр, бугалга, шуу, гуя, шилбэ, баруун өвдөг, баруун тохой, зүүн сарвууны цус хуралт, оройн хуйх, зүүн гарын хуруу, хэвлий, баруун шилбэнд  зулгаралт тогтоогдлоо.

2.Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн олон удаагийн хүчин үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.

3.Дээрх гэмтэл нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой шинэ гэмтэл болно.

4.Уг гэмтэл нь ГЗТЖ-н 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл болно. Цаашид эрүүл мэнд ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй гэжээ /хх 29/,

 

хохирогч С.О-аас ирүүлсэн эрүүл мэндэд учирсан гэмтлийн гэрэл зураг,  фейсбүүкын чатаар явуулсан гэх мессежүүдийн гэрэл зургийн үзүүлэлт /хх 7-13/ зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.  

 

Шүүгдэгч нь хэргийн зүйлчлэлд маргаагүйгээс гадна нотлох баримтыг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан байна гэж  шүүх дүгнэв.

 

            Иймд шүүгдэгч Г.З-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж үзлээ.  

            Хохирогч, шүүгдэгч нарын байгуулсан “Яллагдагчтай сайн дурын үндсэн дээр эвлэрсэн. Цаашид гарах гомдол, санал нэхэмжлэх зүйлгүй” гэх эвлэрлийн гэрээ /хх 73/-ээр шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй байна гэж үзэв.

 

            Шүүгдэгч хохирогчид 3 000 000 төгрөг төлсөн болохыг дурдав.

 

2.Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар:

Эрүүгийн хариуцлага нь эрүүгийн хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрдэх бөгөөд шүүгдэгч Г.З- нь хэрэг хариуцах чадвартай байна.

   Шүүгдэгч Г.З-  нь урьд:

   -Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн 146 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700 000 төгрөгөөр торгох ялаар шийтгэгдэж байсан болох нь шийтгэх тогтоолын хуулбар /хх 47-49/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсаар /хх 44/ тогтоогдож байх бөгөөд энэ нь эрх зүйн үр дагавар үүсгэхгүй ч түүний хувийн байдлыг тогтоосон баримт болно.

  

Дээрх торгуулийн ялыг ялтан биелүүлсэн болох нь Эрүүгийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дууссан тухай 2018.12.25-ны өдрийн 19 дугаартай шийдвэр гүйцэтгэгчийн тогтоол /хх 52/-оор тогтоогдож байна.  

 

Аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор шүүгдэгч Г.З-д  холбогдох хэргийг шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирлыг сайн дураараа нөхөн төлсөн, хохирогчтой сайн дураараа эвлэрсэн зэрэг үндэслэлээр 800  нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800 000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналтайгаар түүнд холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлжээ.

 

Шүүх улсын яллагчийн шүүгдэгчтэй тохирсон 800 000 төгрөгийн торгох ялыг шүүгдэгчийн хувийн байдалд тохироогүй байна гэж үзлээ. Учир нь: шүүгдэгч урьд нь буюу 2018.5.10-ны өдөр тус шүүхээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1-т заасан гэмт хэрэгт 700 000 төгрөгийн торгох ялаар шийтгэгдсэн, шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа хэдий ч шүүх хуралдаанд: болсон асуудлыг ярихад хэн ч ойлгохгүй. Намайг энэ хэргийг үйлдэхэд өөр далдын хөндлөнгийн хүч хийлгэдэг гэх зэргээр мэдүүлсэн, мөн хохирогчийн мөрдөн байцаалтад өгсөн: ...миний баруун талын шанаа руу 4-5 удаа алгадсан. Тэгээд зүүн талын шанаа руу мөн 2-3 удаа алгадаж цохиод цээж рүү гараараа 2 удаа цохиод, элэг рүү гараараа 1 удаа цохисон. Тэгснээ намайг үстэж чирээд толгой руу хөлөөрөө дэвсэж зодсон. Хэдэн удаа дэвссэнийг мэдэхгүй байна их л олон удаа дэвсээд байсан. Тэгснээ чи орилж чарлаж дуу гаргалаа гээд миний үснээс хоёр тийш саваад шал мөргүүлээд байсан. Тухайн үед миний толгой манараад хэсэг шоконд орж дуу гарахгүй болсон чинь чи яасан жүжиглээд байна уу гээд дахиад толгой руу дэвсээд байсан. Тэгээд түүнийг толгой руу дэвсэхээ болихоор нь би орон дээр нь гараад суусан чинь чамайг нэг мөсөн гүйцээчихье гээд гал тогооныхоо өрөөнөөсөө бараан өнгийн том хайч авч ирээд цээж рүү 2-3 удаа хатгасан. Би тухайн үед нь хөнжлөөр өөрийнхөө цээжийг хамгаалсан байсан. Тэр үед түүний ээж С.О- чи хүний хүүхэд аллаа, тэрний оронд намайг ал гэхэд дуугүй бай янхан минь чамд хамаагүй зайл гээд өрөөнийхөө хаалгыг хаагаад чи энэ писдагийн хэлж ярьж байгааг сонсож байна уу чамаас болж ийм зүйл болж байна гээд орон дээр гарч ирээд миний толгой руу 2-3 удаа хөлөөрөө дэвссэн. Тэгснээ миний царайг харснаа чи муу нүүрээ хавдартай болгочихсон байна гээд дахиад намайг үстэж чирээд цээж рүү 2-3 удаа дэвсэж зодсон. Би түүнээс хайраа уучлаарай тайвширчих гэж зөндөө гуйсан. Тэгсэн хоёулаа Хараагийн гол руу явъя би чамайг нэг мөсөн алчихаад булшилна булшлах газар руу чинь явъя гээд куртикээ ...тэгээд ажил дээрээ очоод 14 цагаас цаг авсан хүнд үйлчилгээ үзүүлж байгаад би ухаан алдаад уначихсан. ...Энэ байдлаар намайг 9-10 удаа цохиж зодож байсан гэх мэдүүлэг /хх 16-19/, хохирогч С.О-ын биед үүссэн тархи доргилт, дух, баруун, зүүн хацар, цээж, хэвлий, мөр, бугалга, шуу, гуя, шилбэ, баруун өвдөг, баруун тохой, зүүн сарвууны цус хуралт, оройн хуйх, зүүн гарын хуруу, хэвлий, баруун шилбэнд зулгаралт бүхий олон тооны гэмтэл /шинжээчийн дүгнэлт хх 7-13/, шүүгдэгчийн хохирогчид ирүүлсэн мессеж /хх 7-13/ зэрэгт дүгнэлт хийн түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар 720 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хохирогчийн бие махбодын, сэтгэл санааны шаналал, зовиур үүсгэж онц харгис хэрцгий аргаар үйлдсэнийг хүндрүүлэх нөхцөл байдалд тооцов.

 

Эрүүгийн 1818009580057 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоног, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гарах зардалгүй болохыг дурдав.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 8, 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2-т тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч Г.З-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

            2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч Г.З-ыг 720 /долоон зуун хорь/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.   

 

            3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2-т зааснаар шүүгдэгч Г.З-д оногдуулсан 720 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт дөрвөөс дээшгүй цагийн хугацаагаар тогтоож, ялыг Дархан-Уул аймгийн Нийтийн аж ахуй үйлчилгээний газарт эдлүүлсүгэй.

 

            4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч Г.З- нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

 

            5.Эрүүгийн 1818009580057 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоног, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гарах зардалгүй болохыг дурдсугай.

 

            6.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

7.Шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.З-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         Т.БАТЖАРГАЛ