Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 05 сарын 22 өдөр

Дугаар 45

 

Г.З-д холбогдох,

эрүүгийн хэргийн тухай

Хэргийн индекс 166/2019/0087/Э

Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Б.Манлайбаатар даргалж, шүүгч Ц.Амаржаргал, Ц.Туяа нарын бүрэлдэхүүнтэй

Шүүх хуралдаанд:          

Прокурор                                      Б.Батсүх

Шүүгдэгчийн өмгөөлөгч               Б.Чинбаатар

Нарийн бичгийн дарга                 Ц.Туяацэцэг нарыг оролцуулан

Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 89 дугаар шийтгэх тогтоолтой, Г-ын З-д холбогдох, 1818009580057 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгчийн давж заалдах гомдол болон прокурорын эсэргүүцлийг үндэслэн 2019 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр хүлээн авч, шүүгч Ц.Туяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, урьд:

Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн 146 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1.д зааснаар 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэгдэж байсан, хэрэг хариуцах чадвартай, ********** регистрийн дугаартай, Ч- Г-ын З-,

Шүүгдэгч Г.З- нь 2018 оны 12 дугаар сарын 17-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан сум, Өргөө баг, 7а байрны 28 тоотод найз охин С.О-ыг ямар нэг шалтаг шалтгаангүйгээр зодож эрүүл мэндэд нь тархи доргилт, дух, баруун, зүүн хацар, мөр, бугалга, шуу, гуя, шилбэ, баруун өвдөг, тохой, зүүн сарвууны цус хуралт, оройн хуйх, зүүн гарын хуруу, хэвлий, баруун шилбэнд зулгаралт бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2019 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн  89 дугаар шийтгэх тогтоолоор:

Шүүгдэгч Ч- Г-ын З-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1.д заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг уйлдсэн гэм буруутайд тооцож,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1.д зааснаар шүүгдэгч Г.З-ыг 720 /долоон зуун хорь/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2.т зааснаар шүүгдэгч Г.З-д оногдуулсан 720 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт дөрвөөс дээшгүй цагийн хугацаагаар тогтоож, ялыг Дархан-Уул аймгийн Нийтийн аж ахуй үйлчилгээний газарт эдлүүлэх,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4.т зааснаар шүүгдэгч Г.З- нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдаж,

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоног, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гарах зардалгүй болохыг дурдаж,

Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдаж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.З-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ хэвээр үргэлжлүүлэхэээр шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Г.З- давж заалдах гомдолдоо:

Миний бие хохирогч С.О-т хөнгөн хохирол учруулсан гэдгээ сайн дураар хүлээн зөвшөөрч, хохирогчид 3.000.000 төгрөгийн хохирол төлж, хохирогчтой эвлэрч, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтээ прокурорт гаргасныг прокурор хүлээн авч, 800.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналтайгаар хэргийг шүүхэд шилжүүлсэн.

Миний бие урьд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1.д зааснаар 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж, торгуулийн ялаа төлж барагдуулсан.

          Би хуульд заасны дагуу хялбаршуулсан журмаар хэргээ шийдвэрлүүлэхээр хохирогч болон прокурорт хүсэлт, саналаа бичсэн бөгөөд шүүх намайг хувийн байдал тааруу гэдэг үндэслэлээр торгох ялыг хүндрүүлж, 720 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулсанд гомдолтой байна.

Миний баруун гарын 3 хурууны шөрмөс тасарч хүнд зэргийн гэмтэл авсны улмаас баруун гар хөдөлж болохгүй, гүйцэд тэнийхгүй байгаа тул ажил хийх боломжгүй байна.

Иймд Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, 720 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг, 800.000 төгрөгөөр торгох ял болгон өөрчилж өгөхийг хүсье... гэжээ.

Давж заалдах шатны шүүхэд бичсэн прокурорын эсэргүүцэлд:

Анхан шатны шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль ноцтой зөрчсөн гэж үзэж байна.

Хэргийн нөхцөл байдлаас үзэхэд Г.З- нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1.д заасны дагуу хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасны дагуу прокурор хүсэлтийг хүлээн авч, мөн хуулийн 17.3 дугаар зүйлийн 1.д заасан нөхцөл байдал тогтоогдсон гэж дүгнэн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай прокурорын тогтоол гарган, мөн хуулийн 17.3 дугаар зүйлийн 3.д заасны дагуу хэргийн зүйлчлэл, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээний талаарх саналыг яллагдагчид танилцуулж, яллагдагч зөвшөөрсний үндсэн дээр гарын үсэг зуруулан, яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлсэн.

Гэтэл анхан шатны шүүх хуралдаанаар хэргийг хянаад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4.д заасан нөхцөл хангагдсан гэж үзэн, прокурорт буцааж шийдвэрлэлгүй хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн боловч эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ прокурорын саналын хүрээнд 800.000 төгрөгөөр торгох  ялыг бус шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулж, эрүүгийн ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчиж шийдвэрлэсэн байна.

Иймд анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 89 дугаартай шийтгэх тогтоолыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2., 1.3.д зааснаар Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль ноцтой зөрчсөн үндэслэлээр хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч Г.З-ын өмгөөлөгч Б.Чинбаатар тайлбартаа:

Г.З- нь гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрч хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлтээ гаргасан., анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол  үндэслэлгүй  бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх журам зөрчсөн тул эсэргүүцлийг дэмжиж байна гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Б.Батсүх дүгнэлтдээ:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1.д ...Яллагдагч гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлтийг прокурорт гаргаж болно... гэж заасны дагуу Г.З- нь хүсэлт гаргасны үндсэн дээр прокурор хүсэлтийг хүлээн авсан.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 1.д заасан нөхцөл байдал тогтоогдсон гэж үзээд “Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай” прокурорын тогтоол гарган, мөн хуулийн 17.3 дугаар зүйлийн 3.д заасны дагуу хэргийн зүйлчлэл, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээний талаарх саналыг яллагдагчид танилцуулж, яллагдагч зөвшөөрсний үндсэн дээр гарын үсэг зуруулан, яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлсэн.

Шүүгдэгч гэмт хэрэг нь үйлдсэн болох нь нотлох баримтаар нотлогдсон, үйлдсэн хэргээ сайн дураар хүлээн зөвшөөрсөн, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрсөн, хохирогчтой эвлэрсэн, хохирлыг төлж барагдуулсан, гэмт хэргийн улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг хүлээн зөвшөөрсөн.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5.д “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлд заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэж заасан бөгөөд прокурор 800.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг гаргасан байхад анхан шатны шүүх шүүгдэгч Г.З-д 720 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулсан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.2.д зааснаар “Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, 1.3.д зааснаар “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль ноцтой зөрчсөн тул шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр шүүхэд буцааж өгнө үү гэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

         Шүүгдэгч Г.З- нь 2018 оны 12 дугаар сарын 17-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан сум, Өргөө баг, 7а байрны 28 тоотод найз охин С.О-ыг  зодож эрүүл мэндэд нь тархи доргилт, дух, баруун, зүүн хацар, мөр, бугалга, шуу, гуя, шилбэ, баруун өвдөг, тохой, зүүн сарвууны цус хуралт, оройн хуйх, зүүн гарын хуруу, хэвлий, баруун шилбэнд зулгаралт бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Хавтаст хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаас үзвэл Г.З- нь хэрэг шүүхэд шилжихээс өмнө буюу мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлд заасны дагуу гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн., хохирогчийн нэхэмжилсэн нэхэмжлэлийг төлж барагдуулсан., мөн хохирогчтой  эвлэрч энэ тухай баталгааг бичгээр үйлдэж хэрэгт хавсаргаж, хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан байна.

              Иймд  прокурор хуульд заасан журмын дагуу хүсэлтийг хүлээн авч, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай тогтоол гарган, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3.д заасны дагуу хэргийн зүйлчлэл, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээний талаарх саналыг яллагдагчид танилцуулж, яллагдагч зөвшөөрсний үндсэн дээр гарын үсэг зуруулан, яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд нэн даруй шилжүүлжээ.

Гэтэл шүүх хэргийг хүлээж аваад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4.д заасан нөхцөл хангагдсан гэж үзэж хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн боловч эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ прокурорын саналын хүрээнд торгох ял оногдуулалгүй шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулж, нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн байна.

Өөрөөр хэлбэл шүүх дээрх нөхцөл байдал нэгэнт хангагдсан байхад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар бүлэгт заасан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх “тусгай журмыг” баримтлан хэргийг хэлэлцэж хэргийн зүйлчлэл, шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээний талаарх прокурорын  саналыг үндэслэн хэргийг шийдвэрлэх нь хуулийн энэ зохицуулалтанд нийцнэ.

Иймд анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн байх тул энэ талаар бичсэн прокурорын эсэргүүцлийг  хүлээн авч,  шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт буцаах нь зүйтэй гэж үзлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.3.,  39.9 дүгээр зүйлийн 1.3., 39.9 дүгээр зүйлийн 2.т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 89 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Г-ын З-д холбогдох, 1818009580057  дугаартай, 1 хавтастай, эрүүгийн хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт буцаасугай.

2. Прокурорын эсэргүүцэл болон шүүгдэгчийн давж заалдах гомдлыг тус тус хүлээн авсугай.

3. Хэрэг анхан шатны шүүхэд очтол шүүгдэгч Г.З-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

4. Давж заалдах шатны шүүх хэрэг хянан хэлэлцэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийг ноцтой зөрчсөн гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

  

                                 ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                         Б.МАНЛАЙБААТАР\

                                                                    ШҮҮГЧИД                          Ц.АМАРЖАРГАЛ

                                                                                                               Ц.ТУЯА