Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 05 сарын 27 өдөр

Дугаар 210/МА2024/01127

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

  2024  05  27  210/МА2024/01127

 

 

А.К н ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Цогтсайхан даргалж, шүүгч Э.Энэбиш, Д.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 184/ШШ2024/01620 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч А.К н ХХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч Ш.Г , Б.Х.И ХХК нарт холбогдох

Ажил гүйцэтгэх гэрээнээс учирсан хохирол болон тулаас төмрийн үнэ, түүнтэй холбоотой хохирол нийт 56,050,000 төгрөг гаргуулах үндсэн тухай нэхэмжлэл, ажлын хөлс 12,000,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Д.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Б-, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ө.Оргил, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Хонгорзул нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:

1.1. А.К н ХХК нь 2019 оны 09 дүгээр сард Боловсрол, шинжлэх ухааны яамны захиалгаар Төв аймгийн Бүрэн сумын дунд сургуулийн барилгын ажлыг гүйцэтгэхдээ барилгын гадна болон дотно сантехникийн ажлыг 22,000,000 төгрөгөөр хийлгэхээр Ш.Г тай тохиролцсон.

Ш.Г нь гадна дулааны шугам, цэвэр усны шугам, гадна шугамын булалт хийсэн, мөн зураг төслийн дагуу дотор талын ажлыг хийж байгаа гэж ойлгуулж, манай байгууллагаас 8,000,000 төгрөгийн цалинг гаргуулан авсан. 2019 оны 10 дугаар сарын 27-ны өдөр хүртэл ажлаа хийж байгаад хүйтний улирал эхэлсэнтэй холбоотойгоор ажлыг зогсоосон. 2020 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр ажил үргэлжлэхэд 05 дугаар сард Ш.Г 3 хүний бүрэлдэхүүнтэй ирж бэлтгэл хийж байгаад явсан. 2020 онд барилгын ажил санхүүжилтээс болж бүхэлдээ зогссон.

Гэтэл Боловсрол, шинжлэх ухааны яам, Барилгын хөгжлийн төв, Төв аймгийн Газрын харилцаа, хот байгуулалтын газар, Бүрэн сумын Засаг дарга, Иргэдийн нийтийн хурлын төлөөлөгчид нэгдсэн шалгалт хийж, барилгын дотор сантехникийн ажлыг дахин хийхийг шаардсан. Учир нь уг ажлууд зураг төслөөс зөрүүтэй хийгдсэн, дотор халаалтын гол шугамыг буруу угсарсан, жигүүрийн хаалтууд хийгээгүй, дотор бохир системд бүхэлд нь хог хийж бөглөсөн, тусдаа хийгдэж буй шугамыг 1 шугам нүхэнд холбож алдаа гаргасан. Мөн гадна шугамын хөдлөх тулгуурыг буруу хол зайтай хийсэн, налуулгын зургийн дагуу хийгээгүй, эхлэх ба төгсгөлийн худагт хийх ёстой 6 ус буулгагчийг хийгээгүйгээс шугамын ус юүлэгдэхгүй хөлдөж задарч хохирол учруулсан. А.К н ХХК-д гадна шугамыг ухаж гаргахад экскаватор 3,000,000 төгрөгөөр түрээсэлж, гадна шугам булахад 1,500,000 төгрөг, гадна хөлдсөн шугам гэсгээх тасалж гагнах ажилд 5,000,000 төгрөг, гадна дулааны материал хоолойн зардал 312,000 төгрөг, трубаг шинээр сольж дулаалах материалын зардал 1,500,000 төгрөг төлж, 3-4 сар ажил зогсож хохирол учирсан. Уг ажлыг Б.Нямдоржтой гэрээ байгуулан гүйцэтгүүлсэн.

Иймд ажлын хөлсөнд төлсөн 8,000,000 төгрөг, доголдлыг арилгахад гарсан зардал 11,320,000 төгрөг, нийт 19,312,000 төгрөгийг гаргуулж өгнө үү.

1.2. Манай компани 450 ширхэг тулаас төмрийг 2021 оны 06 дугаар сарын 21-ний өдөр Ш.Г ын Сонгинохайрхан дүүрэг, ** дүгээр хороо, Нарангийн голын эцэс Толгойтын ** дугаар гудамж, ** тоотод буулгасан ба Ш.Г хууль бусаар ашигласан байсан. Тухайн үед V-2 тулаас төмөр нь барилгын зах зээлд хомсдолтой, түрээсийн ханш өдрийн 110-170 төгрөг байсан. Иймээс 450 ширхэг тулаас төмрийг 2021 оны 06 дугаар сарын 21-ний өдрөөс 2022 оны 10 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл нийт 472 хоногийн хугацаанд хууль бусаар эзэмшсэнээс олох байсан орлого 25,488,000 төгрөгийг алдсан гэж үзэж байна. Мөн тулаас төмөр хаана, хэнд байгаа нь тодорхойгүй байгаа тул Х.Х. ХХК-тай байгуулсан гэрээний үнийн дүнгээр нэг ширхэг төмрийг 25,000 төгрөгөөр тооцож 11,250,000 төгрөг, олох ёстой байсан орлого 25,488,000 төгрөг, нийт 36,738,000 төгрөгийг Ш.Г аас гаргуулах хүсэлттэй.

Хариуцагч нараас нийт 56,050,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагч Б.Х.И ХХК-ийн татгалзал, тайлбарын агуулга:

Манай компани ажил хийсэн нь үнэн. Халаалт байхгүй газарт ус тавиад хөлдөнө гэдгийг хэлсэн боловч нэхэмжлэгч талаас бид хөлдөөхгүй гэсэн. Тулгуур хийгээгүй модоор түр хийсэн байсан, гулсах болон үл хөдлөх тулгуур хийгээгүй байсан. Дотор ажлын бүх паарыг бүгдийг холбосон. Заалны дотор ажлыг хийхэд материал дутаад дараа хийе гээд паарыг бэлдэж орхиод, заалны шугамыг угсарч дуусгаагүй орхисон. Хөлдсөн учир нь дэрүүдийг эцсийн байдлаар хийгээгүй түр мод хадаад тогтоосон байсан. Хүйтэн ус эргэлтгүй нэг шугам явдаг, хүйтэн ус тавихгүй гэхэд манай барилга усгүй болчихно гээд ус тавьсан. Паар хөлдсөн байх үед би очоогүй. Гадна газар ухах, булах ажил гэрээнд ордоггүй тул хийдэггүй, дотор угсралт, дулаалга хийдэг.

Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

 

3. Хариуцагч Ш.Г ын татгалзал, тайлбарын агуулга:

3.1. Ш.Г нь Б.Х.И ХХК-ийн захирал О.Б ын хамт А.К н ХХК-ийн гүйцэтгэх захирал О.Б-той 2019 оны 08 дугаар сард Төв аймгийн Бүрэн сумын дунд сургуулийн барилгын техникийн гадна болон дотор шугамын ажил гүйцэтгэх 22,000,000 төгрөгийн гэрээг аман хэлбэрээр хийж, ажил гүйцэтгэж эхэлсэн. 2019 оны 10 дугаар сарын 15-ны өдөр 45,000,000 төгрөгийн албан гэрээ бичгээр байгуулсан. Сантехникийн угсралтын ажлыг 70 хувьтай хийж гүйцэтгэсэн. 2019 оны 11 дүгээр сард А.К н ХХК-д гадна шугамын угсралтын ажлыг зургийн дагуу хийж гүйцэтгэж хүлээлгэн өгсөн. Урьдчилгаа 8,000,000 төгрөгийг хувааж авсан нь үнэн.

3.2. Ш.Г ын хашаанд 2021 оны 06 дугаар сард 300 гаруй сапуд тавиулсан. А.К н ХХК нь ажил гүйцэтгэхэд гарсан зардал 10 сая төгрөгийг өгөхгүй байгаа учраас бид тэр сапудыг барьцаанд байлгаж байгаа нь үнэн гэжээ.

 

4. Хариуцагч нарын сөрөг нэхэмжлэл, тайлбарын агуулга:

4.1. Б.Х.И ХХК нь менежер Ш.Г ын хамт А.К н ХХК-ийн захирал О.Б-той 2019 оны 08 дугаар сард Төв аймгийн Бүрэн сумын дунд сургуулийн барилгын сантехникийн гадна болон дотор шугамын ажлын гэрээг аман хэлбэрээр хийсэн. 2019 оны 10 дугаар сарын 15-ны өдөр 45,000,000 төгрөгийн албан гэрээ бичгээр байгуулсан. Ажлыг 70 хувьтай хийж гүйцэтгэж 2019 оны 11 дүгээр сард А.К н ХХК-ийн барилга хариуцсан даамалд хүлээлгэн өгсөн. Үүнээс хойш 2-3 удаа очиж тодорхой ажлуудыг компанийн зардлаар хийж гүйцэтгэсэн.

4.2. Урьдчилгаа 8,000,000 төгрөгийг авсан нь үнэн. А.К н ХХК нь гэрээгээ зөрчиж, өөр хүмүүс оруулж ажил гүйцэтгүүлсэн байсан. Иймээс ажлын хөлс 20,000,000 төгрөгөөс урьдчилгаа 8,000,000 төгрөгийг хасаж, 12,000,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.

 

5. Сөрөг нэхэмжлэлд гаргасан нэхэмжлэгчийн татгалзал, тайлбарын агуулга:

5.1. Барилгын ажлын явцад хариуцагч Ш.Г нь гадна дулааны шугам, цэвэр усны шугам, гадна шугамын булалт хийгдсэн, мөн зураг төслийн дагуу дотор талын ажлыг хийж байгаа хэмээн ойлгуулж, манай байгууллагаас 8,000,000 төгрөгийн цалинг гаргуулан авсан. Хүйтний улирал эхэлсэнтэй холбоотойгоор 2019 оны 11 дүгээр сард барилгын ажлыг түр зогсоосон ба түүнээс хойш барилгын санхүүжилт хойшилж 2021 оны 04 дүгээр сараас ажлаа эхлүүлсэн. Ш.Г ыг ажлаа дуусгахыг удаа дараа шаардахад ковид туссан, хүү нас барсан гэх шалтгаанаар 3 cap хүлээлгэсэн ба 2021 оны 07 дугаар сард арай гэж холбогдоход 3 хоногийн дараа Бүрэн суманд очиж ажлаа хийе гээд утсаа салгаад дахин холбогдоогүй.

5.2. Ш.Г нь дотор халаалтын гол шугамыг буруу угсарсан, жигүүрийн хаалтууд хийгээгүй, дотор бохирын системд бүхэлд нь хог хийж бөглөсөн, тусдаа хийгдэж буй шугамыг 1 шугам нүхэнд холбосон, мөн гадна шугамын хөдлөх тулгуурыг буруу хол зайтай хийсэн, зургийн дагуу хийгээгүй, эхлэх ба төгсгөлийн худагт хийх ёстой 6 ус буулгагчийг хийгээгүйгээс шугамын ус юүлэгдэхгүй хөлдөж, задарч бидэнд хохирол учруулсан. А.К н ХХК-ийн зүгээс хариуцагчийг ажлаа үргэлжлүүлэн хийх, доголдлыг арилгах хугацаа хангалттай олгосон боловч хариуцагч нь үүргээ биелүүлээгүй тул доголдлыг арилгасан зардалд 11,312,000 төгрөг гаргуулахаар, мөн ажил гүйцэтгэгч тохирсон ажлын үр дүнг бий болоогүй, уг гэрээ цаашид хэрэгжих боломжгүй болсон байх тул нэхэмжлэгч нь хариуцагчид урьдчилгаа болгон шилжүүлж өгсөн 8,000,000 төгрөгийг буцаан шаардаж байна.

Хариуцагчийн гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

 

6. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 355 дугаар зүйлийн 355.1, 422 дугаар зүйлийн 422.1, 424 дүгээр зүйлийн 424.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч Ш.Г аас 8,000,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч А.К н ХХК-д олгож, нэхэмжлэлээс Ш.Г аас 28,738,000 төгрөг гаргуулах, хариуцагч Б.Х.И ХХК-аас 19,320,000 төгрөг гаргуулах шаардлагуудыг, нэхэмжлэгч А.К н ХХК-аас 12,000,000 төгрөг гаргуулах тухай хариуцагч Б.Х.И ХХК, Ш.Г нарын сөрөг нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 693,314 төгрөг, хариуцагч нарын төлсөн 207,950 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ш.Г аас 142,950 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

7. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга:

7.1. А.К н ХХК нь гадна дулааны материал 312,000 төгрөг, гадна дулаалгын материал 1,500,000 төгрөг, механизмын зардал 3,000,000 төрөг, гадна дулааны шугам буцаан булсан зардал 1,500,000 төгрөг, ажилчдын цалинд 5,000,000 төгрөг, нийт 11,312,000 төгрөгийн зардлаар доголдлыг арилгаж хохирсон. Гэтэл анхан шатны шүүх доголдол арилгахтай холбоотой гарсан зардал буюу Б.Нямдоржоор гүйцэтгүүлсэн ажлыг анхны ажил гүйцэтгэх гэрээнд заасан гэрээт ажлыг 100% болгон үргэлжлүүлэн гүйцэтгэж дуусахад 12,000,000 төгрөгийн зардал гарсан мэт буюу 2019 онд 22,000,000 төгрөгийн төсөвт өртгөөр гүйцэтгэх байсан ажлыг 2021 онд 20,000,000 төгрөгийн төсөвт өртгөөр буюу илүү хэмнэлттэй хөлсөөр гүйцэтгэсэн мэт дүгнэсэн нь ташаа болсон. Цаг хугацаа өнгөрөх тусам аливаа төсөвт өртөг нэмэгдэхээс хасагдахгүй. Мөн Ковид-19 цар тахлын улмаас дэлхий нийтээрээ үнийн өсөлт, бараа материалын хомсдолтой нүүр тулж, бүхий л ажил үйлчилгээний зардал өссөн байсныг шүүх анхаараагүй.

7.2. Нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.1, 225, 226 дугаар зүйлүүдэд заасан үндэслэл, журмын дагуу гэрээг цуцалж, учирсан хохирлоо нөхөн төлүүлэхээр шаардах эрхтэй бөгөөд ажлын хөлсөнд урьдчилгаа болгож өгсөн 8,000,000 төгрөг, учирсан хохирол 11,312,000 төгрөг, нийт 19,320,000 төгрөгийг Б.Х.И ХХК-аас гаргуулахаар шаардах үндэслэлтэй гэж үзэж байна.

7.3. Нэхэмжлэгч нь Х.Х. ХХК-аас барилгын хэв тулаас түрээслэсэн болон худалдан авсан талаар тэдгээрийн хооронд хийгдсэн тооцоо нийлсэн акт, гэрээ, дансны хуулга зэрэг нотлох баримт хавтаст хэрэг авагдсан. 2021 оны 06 дугаар сарын 21-ний өдөр Ш.Г ын Сонгинохайрхан дүүрэг ** дүгээр хороо, Нарангийн голын эцэс Толгойтын ** дугаар гудамжны ***тоотод байрлах хашаанд 450 ширхэг тулаас төмрийг буулгасан болох нь хэрэгт авагдсан гэрэл зургууд, жолооч Г.П , гэрч Я.С нарын тайлбар, жолоочид хүлээлгэн өгсөн 2021 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн зарлагын баримтаар нотлогдож байгаа юм. 2021 оны 07 дугаар сард Я.С нь тулаас төмрийг авахаар очиход алга болсон талаар цагдаагийн байгууллагад өргөдөл гаргасныг шалгах явцад Ш.Г мэдүүлэгтээ "... 2021 оны 09 дүгээр сард би Дундговь аймаг руу барилгын ажил руу ачихдаа тоолоход 320 ширхэг бүтэн сапуд байсан ба эвдэрхий хашаанд 15-20 ширхэг хашаанд байгаа ..." гэснээс үзвэл манай компанийн эд хөрөнгийг хууль бусаар эзэмшсэн, ашигласан нь нотлогдохоос гадна сапуд төмөр 320 ширхэгээс илүү байсан болох нь тодорхой харагдах юм. Тэгээд ч тулаас төмрүүд нь барилгад ашиглагдах боломжтой эсэх болоод нэхэмжлэгч компаниас тэдгээрийг бусдад түрээслэх боломжтой байсан эсэх асуудлыг нэхэмжлэгч бус харин барилгын ажилд ашиглагдах боломжгүй, барилгын үйл ажиллагаа явуулдаг компаниудад тулаас түрээслэх явдал огт байдаггүй гэж тайлбарлаж байгаа хариуцагч нотлох үүрэгтэй байтал шүүх нотлох үүргийн хуваарилалтыг буруу хийж, нэхэмжлэгчийг нотлоогүй гэж дүгнэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 25 дугаар зүйлийн 25.2.2-т заасантай нийцсэнгүй.

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасны дагуу анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь ханган шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

8. Хариуцагч нар давж заалдах гомдолд тайлбар гаргаагүй, давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцоогүй болно.

 

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх хэргийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянан үзээд, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж дүгнэв.

 

2. Нэхэмжлэгч А.К н ХХК нь хариуцагч Ш.Г , Б.Х.И ХХК-д тус тус холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээнээс учирсан хохирол болон тулаас төмрийн үнэ, түүнтэй холбоотой хохирол нийт 56,050,000 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч нар эс зөвшөөрч ажлын хөлс 12,000,000 төгрөг гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гарган маргажээ.

 

3. Зохигчдын хооронд 2019 оны 09 дүгээр сард Төв аймгийн Бүрэн сумын дунд сургуулийн барилгын гадна болон дотор сантехникийн ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан байх ба уг гэрээгээр гүйцэтгэсэн ажлын хэмжээ, мөн ажлын үр дүн доголдолтой эсэх нь маргааны зүйл болжээ.

3.1. Нэхэмжлэгч нь ажлын үр дүнгийн доголдлыг хийгдсэн ажлууд нь зураг төслөөс зөрүүтэй, дотор халаалтын гол шугамыг буруу угсарсан, жигүүрийн хаалтууд хийгээгүй, дотор бохир системд бүхэлд нь хог хийж бөглөсөн, тусдаа хийгдэж буй шугамыг 1 шугам нүхэнд холбосон, гадна шугамын хөдлөх тулгуурыг буруу хол зайтай хийсэн, налуулгын зургийн дагуу хийгээгүй, эхлэх ба төгсгөлийн худагт хийх ёстой 6 ус буулгагчийг хийгээгүйгээс шугамын ус юүлэгдэхгүй хөлдөж задарч хохирол учруулсан гэж тодорхойлсон бөгөөд уг нөхцөл байдал хэргийн баримтаар бүрэн тогтоогдоогүй байна.

3.2. Ажлын үр дүн доголдолтой эсэх нь тусгай мэдлэг шаардагдах бөгөөд хариуцагч талаас 2023 оны 12 дугаар сарын 05-ны өдөр ажил гүйцэтгэх гэрээний дагуу хийсэн ажилд үнэлгээ хийлгүүлэх тухай хүсэлт гаргасныг шүүх шийдвэрлээгүй, мөн 2024 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн шүүх хуралдаанд хариуцагч нь нэхэмжлэгчээс ажлын хөлс 12,000,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэл гаргаж, улмаар ажлын гүйцэтгэл дээр шинжээч томилж үнэлгээ хийлгэх тухай хүсэлт гаргасныг хангахгүй орхисон нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6, 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт заасантай нийцээгүй.

Өөрөөр хэлбэл хэргийн оролцогч нь мөн хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.3-т зааснаар хэргийг хянан шийдвэрлэхэд зайлшгүй шаардлагатай асуудлыг тодруулахад тусгай мэдлэг шаардагдах бол шинжээч томилуулах эрхтэй бөгөөд анхан шатны шүүх уг эрхийг зөрчсөн байна.

 

4. Анхан шатны шүүх хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг зөрчсөн, маргааны үйл баримт тогтоогдоогүй, уг зөрчлийг давж заалдах шатны шүүхэд залруулах боломжгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.3-д заасныг баримтлан анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөний улмаас шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож байгаа тул нэхэмжлэгчийн гаргасан нотлох баримтын үнэлгээ, хууль хэрэглээний талаарх давж заалдах гомдолд дүгнэлт өгөхгүй болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 184/ШШ2024/01620 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 398,240 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ  Д.ЦОГТСАЙХАН

ШҮҮГЧИД Э.ЭНЭБИШ

Д.ЗОЛЗАЯА