Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 06 сарын 07 өдөр

Дугаар 210/МА2024/01195

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

  2024  06  07  210/МА2024/01195

 

 

Д.Т , С.Я нарын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

 Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Энэбиш даргалж, шүүгч Д.Нямбазар, Д.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 184/ШШ2024/02151 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч Д.Т , С.Я нарын нэхэмжлэлтэй

Хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох

Үл хөдлөх эд хөрөнгийг хурааснаас хойш нэг сарын дотор үнэлж, талуудад мэдэгдэж, тэмдэглэл хөтлөх үүргээ зөрчсөн, мөн 2022 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр болон 2019 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр үл хөдлөх эд хөрөнгийг Ж.Э-ын өмчлөлд шилжүүлсэн ажиллагааг тус тус хүчингүй болгож, нэхэмжлэгч нарын өмчлөлд үл хөдлөх эд хөрөнгийг шилжүүлж, захиран зарцуулах эрхийг сэргээхийг хариуцагчид даалгах тухай иргэний хэргийг нэхэмжлэгч нарын өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Д.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.Т , С.Я , тэдгээрийн өмгөөлөгч Б.Золзаяа, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Ж.Э-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч У.Пэрэнлэйжамц, өмгөөлөгч Ш.Алтангадас, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Р.Энхзаяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч нарын нэхэмжлэл, тайлбарын агуулга:

1.1. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 2396 дугаар захирамжийг албадан биелүүлэх ажиллагааг явуулж, бидний өмчлөлийн, эрхийн улсын бүртгэлийн ***дугаартай, Чингэлтэй дүүрэг, * дүгээр хороо, ТЕГ-ын 20 айлын сууцны **тоот хаягт байрлах, ** м.кв талбайтай, **өрөө орон сууцыг битүүмжилж, хураасан. Ийнхүү хурааснаас хойш 36 дахь өдөр буюу 2019 оны 02 дугаар сарын 15-ны өдөр хуульд заасан хугацаа 6 хоногоор хэтэрсний дараа үнэлсэн үнэлгээг Д.Т д мэдэгдсэн ба С.Я д мэдэгдээгүй, мэдэгдэх ажиллагааг баталгаажуулах шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл хөтлөх үүргээ биелүүлээгүй, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1 дэх хэсэгт заасныг зөрчсөн.

1.2. Уг орон сууцыг 2019 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр анхны албадан дуудлага худалдаагаар худалдан борлуулахдаа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль, Иргэний хуулийг ноцтой зөрчсөн. Тодруулбал, Ж.Э- нь дуудлага худалдааны дэнчин хүлээн авах хугацаа дууссанаас 5 өдрийн дараа 4,700,000 төгрөгийг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газрын дансанд дэнчин гэсэн утгаар шилжүүлсэн.

Мөн шүүгчийн захирамжаар орон сууцтай холбоотой шийдвэр гүйцэтгэх ажиллагаа түдгэлзүүлсэн байхад хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас 2019 оны 05 дугаар сарын 07-ны өдөр 49,000,000 төгрөгийг АДХ-ны дэнчин буцаав гэсэн гүйлгээний утгатай Ж.Э-ын дансанд буцааж, 2021 оны 12 дугаар сарын 21-ний өдөр Ж.Э-аар 48,300,000 төгрөгийг дансандаа ТЕГ 20 айл 19 тоот Ж.Э- ялагч гэсэн гүйлгээний утгатай тушаалгасан.

1.3. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд нэхэмжлэгч С.Я г өнөөдрийг хүртэл 5 жилийн хугацаанд нэг ч удаа дуудаж оролцуулаагүй.

1.4. Бид 2017 онд 1,009,000 төгрөг, 2018 онд 2,875,000 төгрөг, 2019 онд 660,000 төгрөг, 2020 онд 10,340,510 төгрөг, 2021 онд 6,300,000 төгрөг төлсөн. 2022 оны 02 дугаар сарын 18-ны өдөр Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хандан үлдэгдэл төлбөрийг төлж, орон сууцаа буцаан авах хүсэлт гаргахад шийдвэр гүйцэтгэгчээс төлбөрийн үлдэгдэл 21,557,758 төгрөг байгаа талаар мэдэгдэл гардуулсан. Үүний дагуу бид 2022 оны 02 дугаар сарын 19-21-ний өдрүүдэд нийт 21,557,758 төгрөгийг хариуцагчийн дансанд тушааж, төлбөрийг бүрэн төлж барагдуулсан. Гэтэл тус үл хөдлөх эд хөрөнгийг Ж.Э-т шилжүүлсэн байсан.

1.5. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын хэлтсийн дарга, ахлах шийдвэр гүйцэтгэгч болон даргад гомдол гаргахад боломжгүй гэсэн хариу өгсөн.

Иймд дээрх шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хүчингүй болгож, орон сууцыг нэхэмжлэгч нарын өмчлөлд шилжүүлж, захиран зарцуулах эрхийг сэргээхийг хариуцагчид даалгаж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:

2.1. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг 2017 оны 08 дугаар сарын 21-ний өдөр үүсгэж, төлбөр төлөгч нарын өмчлөлийн орон сууцыг битүүмжлэн, хурааж, үнэлгээ тогтоолгосон.

2.2. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.1 дэх хэсэгт заасны дагуу албадан дуудлага худалдааны талаар нийтэд зарлан мэдээлж, 2019 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр зохион байгуулсан. Албадан дуудлага худалдаанд оролцогч Ж.Э- 48,900,000 төгрөгийг үнийн санал гарган ялагчаар тодорсон. Ж.Э- нь дэнчингийн мөнгийг 2019 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр байгууллагын касст тушаасан, зөрүү 44,300,000 төгрөгийг 2019 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр дансанд тушааснаар өмчлөх эрхтэй болсон тул өмчлөх эрхийг 2022 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр шилжүүлсэн.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Ж.Э-ын тайлбарын агуулга:

3.1. Ж.Э- 2019 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр дэнчин 4,700,000 төгрөгийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын касст бэлнээр тушааж дуудлага худалдаанд оролцох эрхээ авсан. Улмаар орон сууцны дуудлага худалдаанд ялагчаар шалгарсан. Хуулийн 14 хоногийн хугацаанд 2019 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр үлдэгдэл 44,300,000 төгрөг тушаасан.

3.2. 2019 оны 05 дугаар сарын 08-ны өдөр уг орон сууцны өмчлөгч нар шүүхэд нэхэмжлэл өгсөн гэх шалтгаанаар Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас миний дансанд 49,000,000 төгрөгийг буцаан шилжүүлсэн.

3.3. 2022 оны 02 дугаар сарын 10-ны өдөр орон сууцны өмчлөх эрхийг өөрийн нэр дээр шилжүүлж авсан гэжээ.

 

4. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.4, 301 дугаар зүйлийн 301.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Д.Т , С.Я нарын гаргасан, хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох албадан дуудлага худалдаа зохион байгуулсан өдрөөс хойш 2 жил 9 сар 15 хоногийн дараа буюу 2022.01.27-ны өдөр 48,300,000 төгрөгийг Ж.Э-аар дансандаа тушаалгасан хууль бус ажиллагаа, 2019.04.25-ны өдөр, 2022.01.27-ны өдөр тус тус бусдын өмчлөлд үл хөдлөх хөрөнгө шилжүүлсэн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг тус тус хүчингүй болгож, шүүхийн шийдвэрт заасан төлбөрийг бүрэн барагдуулсан тул ***дугаарт бүртгэлтэй, Чингэлтэй дүүрэг, 1 дүгээр хороо, ТЕГ-ын 20 айлын орон сууцны 19 тоот хаягт байрлах, 18.6 м.кв талбайтай, 1 өрөө орон сууцыг өмчлөлд шилжүүлэн, захиран зарцуулах эрхийг сэргээхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1, 65 дугаар зүйлийн 65.1.6-д зааснаар нэхэмжлэгч Л.Тогтохжаргал, С.Я нарын нэхэмжлэлтэй, хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1 дэх хэсэгт заасан үл хөдлөх эд хөрөнгийг хурааснаас хойш 1 сарын дотор хөрөнгийг үнэлж, оролцогч талуудад мэдэгдэж, тэмдэглэл хөтлөх үүргээ зөрчиж гүйцэтгэсэн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56.1, 58 дугаар зүйлийн 58.2, 59 дүгээр зүйлийн 59.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч нараас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 140,000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын төсвөөс 70,200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч нарт буцаан олгож, нэхэмжлэгч нараас 402,450 төгрөгийг гаргуулж улсын төсөвт оруулж шийдвэрлэжээ.

 

5. Нэхэмжлэгч нарын давж заалдах гомдол, тайлбарын агуулга:

5.1. Анхан шатны шүүхээс Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 71.10-д заасан дуудлага худалдааны эрхлэн хөтлөгч, ахлах шийдвэр гүйцэтгэгч, ахлах дэслэгч Г.И-ы үйлдсэн 2019 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 19/4-27 дугаар Өмчлөх эрх шилжүүлэх тухай тогтоолыг хуулийн 44.2.5-д заасан шийдвэр гүйцэтгэгчийн султган чөлөөлөх болон шүүхийн шийдвэрийг биелүүлэх тухай мэдэгдэлтэй адилтган үзэж үндэслэлгүй дүгнэсэн. Дээрх 2 эрх зүйн баримт бичиг нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд өөр өөр байдлаар хуульчилсан, эрх зүйн ондоо баримт бичгүүд бөгөөд тухай баримт бичгүүдийг төлбөр төлөгч хүлээн авсан, төлбөр төлөгчид гардуулсантай холбоотой гарах эрх зүйн үр дагаврууд ондоо байгааг шүүх анхаарч үзээгүй. Мөн шийдвэр гүйцэтгэгчийн өөрийн гараар бичиж төлбөр төлөгчид гардуулсан байрны үлдэгдэл 21,557,758 төгрөг-ийг төлөх талаарх мэдэгдэл буюу нотлох баримтыг шүүх огт үнэлээгүй, шийдвэртээ тусгаагүй. Гэтэл энэ мэдэгдлийн дагуу тухайн төлбөрийг төлж, гүйцэтгэх баримт бичигт заасан төлбөрийг бүрэн барагдуулсан тул өмчлөх эрхээ сэргээхийг даалгах тухай нэхэмжлэлээ гаргасан.

5.2. Түүнчлэн төлбөр төлөгч С.Я г шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд огт оролцуулаагүй, эрх, үүрэг танилцуулаагүй, тэмдэглэл болон мэдэгдэлд гарын үсэг зуруулж байгаагүй үйл баримт, нотлох баримтыг шүүх үнэлээгүй, шийдвэрээ тусгаагүй.

5.3. Анхан шатны шүүхээс дуудлага худалдааны эрхлэн хөтлөгчийн шийдвэрийг 14 хоногийн дотор талуудад танилцуулах үүргээ зөрчиж үйлдсэн баримтуудыг буруу дүгнэсэн. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 71.10-д заасан дуудлага худалдаагаар борлогдсон үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг шилжүүлсэн эсэх тухай дуудлага худалдааны эрхлэн хөтлөгчийн шийдвэрийг тогтоосон хугацаанд танилцуулах үүргээ огт биелүүлээгүй хариуцагчийн хууль бус ажиллагаа, нотлох баримтуудыг нэхэмжлэгч талаас шүүх хуралдаанд тодорхой тайлбарлаж маргаж байхад шүүх анхаараагүй. Өмчлөх эрх шилжүүлэх тухай тогтоолд үйлдсэнээс хойш 2 жилийн дараа зөвхөн Ж.Э- гарын үсгээ зурсан, төлбөр төлөгч нарын гарын үсэг байхгүй, танилцуулаагүйг шүүх огт үнэн зөв үнэлээгүй. Шийдвэрийн Үндэслэх нь хэсгийн 4 хэсэгт "Үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрх шилжүүлсэн шийдвэрийг нэхэмжлэгч нарт мэдэгдэж, султган чөлөөлөх талаар мэдэгдэж байсан талаар хэрэгт шийдвэр гүйцэтгэгчийн 2021.05.20-ны өдрийн дугаар, 2021.12.10- ны өдрийн дугаар мэдэгдэл, 2021.07.23, 2021.12.14-ний өдрийн шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл ...баталгаат шуудангаар хүргүүлж байсан зэрэг баримтууд хэрэгт авагдсан" гэж, мөн Үндэслэх нь хэсгийн 6 хэсэгт танилцуулах ажиллагааг мэдэгдлийг тогтоолын хамт баталгаат шуудангаар явуулсан, утсаар дуудах ажиллагааг явуулж байсан" тул тогтоолыг танилцуулсан гэж дүгнэсэн. Гэтэл эдгээр мэдэгдэл нь дээр дурдсанчлан хуулийн 71.10-д заасан дуудлага худалдааны эрхлэн хөтлөгчийн шийдвэр биш бөгөөд хуульд заасан 14 хоногийн хугацаанаас даруй 2 жилийн дараа үйлдсэн.

5.4. Шүүх гомдол гаргах эрх эдлэх талаар хуулийн 71.14-д тусгайлан заасан байгааг анхаарч үзээгүй, түүнчлэн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын А/166 дугаар тушаалаар баталсан загвараас гомдол гаргахтай холбоотой маягтын загварыг өөрчилсөн, нотлох баримт илт хууль бус, гомдол гаргах эрхийг эдлүүлээгүй хууль зөрчсөн буруутай ажиллагааг үндэслэлгүй зөвтгөсөн. Шийдвэрийн Үндэслэх нь хэсгийн 4 хэсэгт .. өмчлөх эрх шилжүүлсэн шийдвэрийн талаар нэхэмжлэгч нар мэдсэн боловч тухайн ажиллагаатай холбоотой гомдлыг хуульд заасан журмын дагуу гаргаагүй, ийнхүү хугацаа хэтрүүлэн гаргасан нь хүндэтгэн үзэх шалтгаангүй байна" гэж дүгнэсэн. Хуульд заасан хугацаанд мэдэгдээгүй гэж маргаж байхад 2 жилийн дараа үйлдсэн мэдэгдлээр мэдэгдсэн гэж, гомдол гаргах эрхийг эдлүүлээгүй гэж маргаж байхад гомдлыг хуульд заасан журмын дагуу гаргаагүй гэж дүгнэж байгааг ойлгох боломжгүй, хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хугацаа хэтрүүлсэн гэдгээ шүүх яг хэзээнээс тооцож байгаа нь ч ойлгомжгүй байна.

Ажлаасаа гарсан Г.И-аар 2021 онд Өмчлөх эрх шилжүүлэх тухай тогтоолд гарын үсэг зуруулж, тамгыг нь давхардуулан дарсан талаар хариуцагч өөрөө шүүх хуралдаанд мэдүүлсэн. Гэтэл шүүх "...техникийн шинжтэй алдааг захиргааны журмаар засаж залруулах эрхийг хэрэгжүүлсэн нь нотлох баримтыг хууль зөрчиж шүүхэд гаргасан гэж үзэхгүй" гэж дүгнэсэн. Техникийн шинжтэй алдааг захиргааны журмаар засаж залруулах эрх нь ажлаас гарсан иргэнд оногдох ёсгүй. Төрийн албаны залгамж халаа, төрийн үйл ажиллагаа тасралтгүй үргэлжлэх зарчмын дагуу ажил үүргийг гүйцэтгэж буй дараагийн эрх бүхий албан тушаалтан тогтоолыг хүчингүй болгох, техникийн шинжтэй алдааг захиргааны журмаар засаж залруулах боломжтой. Мөн гомдол гаргахтай холбоотой танилцах хэсгийг хассан нь техникийн шинжтэй алдаа гэж үзэх үндэслэл биш байхад шүүх "...А/166 тоот тушаалаар баталсан Маягт №27 тогтоолын маягтын доод хэсэгт танилцсан гэсэн хэсэгт төлбөр төлөгч, төлбөр авагч, дуудлага худалдааны ялагч нар танилцуулах хэсэг гуравдагч этгээд буюу албадан дуудлага худалдааны ялагч Ж.Э-т танилцуулж, тэрээр гарын үсэг огноо зурсан байна" гэсэн нь танилцах хэсгийг нотлох баримтад тусгагдсан мэтээр шийдвэртээ дүгнэсэн гэж ойлгогдож байна. Хариуцагч нь тогтоолтой танилцах эрхийг Ж.Э-т ямар нэгэн саад хязгаарлалтгүйгээр эдлүүлж, харин төлбөр төлөгч болон бусад оролцогч огт эдлээгүй талаар шүүх дүгнэлт хийсэнгүй.

5.5. Анхан шатны шүүхээс дуудлага худалдааны дэнчин болон худалдан авсан эд хөрөнгийн үнийг буцаан авсан иргэнийг 2 жилийн дараа өөрийн санаачилгаар дуудан, дансандаа мөнгө тушаалгасан хууль бус ажиллагааг болон тухайн үйл баримт, холбогдох нотлох баримтуудыг үнэн зөв үнэлээгүй. Иргэн Ж.Э- 2019 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр зохион байгуулсан албадан дуудлага худалдааны дэнчин 4,700,000 төгрөг, эд хөрөнгийн үнэд 44,300,000 төгрөгийг төлсөн боловч 2019 оны 05 дугаар сарын 08-ны өдөр хариуцагчид өргөдөл гарган 49,000,000 төгрөгөө буцаан авсан байдаг. Тэрээр дэнчингээ ямар нэг байдлаар буцаан авах эрхгүй бөгөөд боломж ч үгүй юм. Хэрэв дэнчингээ буцаан авч байгаа бол түүнийг дуудлага худалдааны ялагч гэж үзэх үндэслэл үгүй юм. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны оролцогч биш болсон, тухайн шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд хамааралгүй болсон. Өөрөөр хэлбэл Ж.Э- нь дуудлага худалдааны ялагч хэвээр үлдэх, өөрийн оролцсон дуудлага худалдааны эцсийн үр дүн, үр дагавар, холбогдох шийдвэр эцэслэн гарахыг хүлээх, төлбөр төлөгч нараас гаргасан нэхэмжлэл бүхий хэрэгт эрх ашиг нь хөндөгдсөн гуравдагч этгээдээр оролцох, эрх ашгаа хамгаалах талаар ямар ч хүсэл зориг байгаагүй учраас өөрийн хүсэл зоригоо тодорхой илэрхийлэн, гарах үр дагаврыг хүлээн зөвшөөрч дэнчин болон эд хөрөнгийн үнийг буцаан авсан.

Гэтэл шүүх хариуцагчийн хууль бус үйлдлийг Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 184/Ш32021/04945 дугаар Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлэх тухай" захирамжийн хууль зүйн үйлчлэлтэй хамаатуулан дуудлага худалдааны ялагчийн мөнгө 49,000,000 төгрөгийг Ж.Э-ын хүсэлтээр буцаан шилжүүлсэн, Ж.Э-ын хүсэлтийн дагуу 49,000,000 төгрөгийг хүлээн авсан гэж дүгнэн улмаар "...энэ нь албадан дуудлага худалдааг хүчингүй болгох цаашлаад өмчлөх эрх шилжүүлэх шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хүчингүй болгох үндэслэл болохгүй" гэж дүгнэсэн. "Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлэх тухай" захирамжийн хууль зүйн үйлчлэл тухайн үл хөдлөх эд хөрөнгийг албадан дуудлага худалдааны ялагчид огт хамаарахгүй, харин ч хүсвэл авч болно, авахдаа дэнчингээ ч авч болно хэмээн дүгнэж байгаа нь үндэслэлгүй.

Мөн нэхэмжлэгч Д.Т цалингийн суутгалаар төлбөрийг тогтмол төлж, үлдэгдэл төлбөрийг шийдвэр гүйцэтгэгчийн мэдэгдлийн дагуу мөн төлсөн байхад шүүх "нэхэмжлэгч нар үлдэгдэл төлбөрийг төлөхөөс өмнө ...Ж.Э-ын тушаасан мөнгөнөөс 24,404,758 төгрөгийг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас Ж.Н.И ББСБ ХХК-д нэхэмжлэгч нарын өмнөөс шилжүүлж ... шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгосон байна" хэмээн хариуцагчийн хууль бус үйлдлийг зөвтгөж дүгнэсэн. Түүнчлэн шүүх Ж.Э-ыг Иргэний хуулийн 101.1, 110.1, 178.2, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 171.14-д зааснаар орон сууцны хууль ёсны шударга өмчлөгч мөн гэж дүгнэсэн. Гэтэл хариуцагч талаас хуулийн 71.10-д заасан тогтоолыг төлбөр төлөгч нарт танилцуулах үүргээ биелүүлээгүй, танилцуулсан тохиолдолд хуульд заасан гомдол гаргах эрхээ эдэлж чадаагүй үйл баримтыг огт анхаарч үзээгүй.

5.6. Шүүхээс хэргийг хянан шийдвэрлэхэд баримталсан, үндэслэлийг зааж зохицуулсан хуулийн зүйл, заалтыг хүлээн зөвшөөрөхгүй. Шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дүгээрт Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.4, 301 дүгээр зүйлийн 301.1 дэх хэсэгт заасныг баримталсан. Шийдвэрийг Иргэний хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118, 156 дугаар зүйлийн 156.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон шийдвэрлэсэн нь шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг зөрчсөн. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118.5-д "Тогтоох хэсэгт хэргийг хянан шийдвэрлэхэд баримталсан хуулийн нэр, зүйл, хэсэг, заалтыг тодорхой заах" талаар хуульчилсан бөгөөд тухайн хэрэг, маргааны талаар шүүх ямар шийдэл гаргаж байгааг хууль зүйн үндэслэлийг тодорхой, ойлгомжтой тусгасан байх ёстой. Шүүх баримталж буй хуулийн нэрийг буруу эсхүл дутуу бичих, ямар хэсэг, заалтыг баримталж байгааг оновчтой зөв заагаагүй тохиолдолд хууль буруу хэрэглэсэн алдаа болдог.

Шийдвэрийн Үндэслэх нь хэсгийн 9 дүгээрт "Иргэний хуулийн 56.1, 58.2, 59.1, 63.1.6 зааснаар нэхэмжлэгч нараас нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэхдээ улсын тэмдэгтийн хураамжид мөнгө төлөөгүй тухайлбал нэхэмжлэлийн 4 дэх шаардлага болох ... сууцыг өөрсдийн өмчлөлд шилжүүлэн, захиран зарцуулах эрхийг сэргээхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагад Иргэний хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.6 дахь хэсэгт зааснаар үл хөдлөх эд хөрөнгийн үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлсэн үнийн дүнгээр улсын тэмдэгтийн хураамжийн улсын төсөвт төлөөгүй нэхэмжлэлийг шүүхэд гаргасан байна гэж дүгнэсэн. Гэтэл Иргэний хуулийн дээрх хэсэгт улсын тэмдэгтийн хураамжийн талаар зохиуцуулаагүй. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэхдээ улсын тэмдэгтийн хураамжид 2022 оны 06 дугаар сарын 06-ны өдөр хуульд заасны дагуу 70,200 төгрөгийг зохих ёсоор тушаасан, үндсэн нэхэмжлэлийн шаардлага болох орон сууцыг өөрсдийн өмчлөлд шилжүүлэн, захиран зарцуулах эрхийг сэргээхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага нь үл хөдлөх эд хөрөнгө гаргуулах шаардлага бус харин хариуцагчид даалгах талаар гаргасан шаардлага байгааг шүүх анхаарч үзэхгүйгээр ...нэхэмжлэлийн үнийг 48,900,000 төгрөгийн улсын тэмдэгтийн хураамжид 402,450 төгрөгийг төлөх байсан" гэж шийдвэрлэсэн.

5.7. Нэхэмжлэгч нарын өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийг хурааснаас хойш 36 дахь өдөр буюу 2019 оны 02 дугаар сарын 15-ны өдөр хуульд заасан хугацаа 6 хоногоор хэтэрсний дараа үнэлсэн үнэлгээг Д.Т д мэдэгдсэн, харин С.Я д огт мэдэгдээгүй, мөн мэдэгдэх ажиллагаагаа баталгаажуулах шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл хөтлөх үүргээ биелүүлээгүй буюу хариуцагч талаас Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55.1-д заасан ажиллагааг хугацаа хэтгүүлж, хууль зөрчиж шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулсан байгааг шүүх "...урьд нэхэмжлэл гаргасан, уг нэхэмжлэлийг шийдвэрлэсэн хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр байгаа болох нь тогтоогдож байна" гэж дүгнэсэн. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55.1-д заасан ажиллагаа нь үнэлгээний талаарх гомдол, дуудлага худалдаа явуулсан ажиллагаанаас өмнө явагдахаар хуульчилсан шийдвэр гүйцэтгэх ажиллагаа юм. Хууль зөрчиж явуулсан шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үндэслэн явагдсан дараа дараагийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа буюу үл хөдлөх эд хөрөнгийг албадан дуудлага худалдаанд оруулсан, бусдад худалдсан, бусдын өмчлөлд шилжүүлсэн ажиллагаа бүгд хүчин төгөлдөр бус гэж үзэж нэхэмжлэлийн шаардлагаа гаргасан билээ.

Иймд дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгч нарын өмгөөлөгчийн зүгээс шүүхийн шийдвэрийг бүхэлд нь эс зөвшөөрч байх тул шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

 

6. Давж заалдах гомдолд хариуцагч тайлбар гаргаагүй, давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцоогүй болно.

 

7. Давж заалдах гомдолд бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын гаргасан тайлбарын агуулга:

7.1. Анхан шатны шүүх нотлох баримтад үндэслэн хэргийг шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан гомдлыг хангахгүй орхиж шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэх байр суурьтай байна. Шүүх хэрэгт хамааралтай, ач холбогдолтой нотлох баримтуудыг шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 3, 4-т тодорхой дурдсан тул нотлох баримтуудыг үнэлж дүгнээгүй гэх гомдол нь үндэслэлгүй. Өмнө нь энэ асуудлаар хөрөнгийн үнэлгээ болон албадан дуудлага худалдааны ажиллагаатай холбоотой 3 шатны шүүхийн шийдвэрээр ямар асуудлыг яаж шийдвэрлэсэн талаар дүгнэсэн. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас төлбөр төлөгч Д.Т , С.Я нарт мэдэгдлүүдийг хэрхэн хүргүүлсэн, эд хөрөнгийн өмчлөх эрх шилжүүлэх талаар шийдвэрийг хүргүүлж байсан талаарх баримтуудыг шүүх үнэн зөв бодитой дүгнэсэн гэж үзэж байна. Баримтууд нь 1 дүгээр хавтаст хэргийн 128, 129, 132, 133, 134 дэх талуудад байгаа.

7.2. 1 дүгээр хавтаст хэргийн 128 дахь талд төлбөр төлөгч С.Я д мэдэгдэл хүргүүлсэн байдаг. Мэдэгдэл нь уг үл хөдлөх эд хөрөнгө албадан дуудлага худалдаагаар худалдан борлогдсон тул султгаж чөлөөлж өгнө үү гэх агуулгатай. Үүн дээр шуудангийн дардас дарагдсан байдаг. С.Я д дахин мэдэгдэл хүргүүлсэн мэдэгдэл 1 дүгээр хавтаст хэргийн 133 дахь талд авагдсан. 2021 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 24638 дугаар мэдэгдлийг Д.Т д хүргүүлсэн байдлаар явуулсан. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Я г шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд оролцоогүй гэж гомдол гаргасан нь үндэслэлгүй, шүүх энэ хүрээнд зөв дүгнэсэн.

7.3. Гомдолд 14 хоногийн дотор мэдэгдэх ёстой байсан боловч төлбөр төлөгчид мэдэгдээгүй гэх агуулга байгаа. Өмгөөлөгчийн гаргасан гомдол нь Өмчлөх эрх шилжүүлэх тогтоолтой давхацсан тул тус гомдол үндэслэлгүй. 2 жил гаруй хугацааны дараа өмчлөх эрх шилжүүлсэн талаар маргадаг. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 00229 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 01856 дугаар магадлал, Улсын Дээд шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 00612 дугаар тогтоол байдаг.

Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад орон сууцтай холбоотой шийдвэр гүйцэтгэх ажиллагаа түдгэлзсэн байсан нь ажиллагаа үргэлжлээд явсан. Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргаж байгаа гомдлын 4 дэх хэсэг үндэслэлгүй. 2 жилийн хугацаанд нэхэмжлэгч өөрөө гомдол гаргаж явсан. Эцэст нь шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу байсан гэдэг нь шийдвэр, магадлал, тогтоолоор тогтоогдсон.

7.4. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч гомдолдоо шүүх хуулийг ямар байдлаар буруу хэрэглэсэн талаар дурдаагүй. Бид шүүхээс хэрэглэх ёстой хуулийн зүйл, заалтыг хэрэглэж нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн гэж үзэж байна. Анхан шатны шүүх хуралдаанд нэхэмжлэгчийг хэдэн шаардлага гаргасан бэ гэж асуухад 4 шаардлага гаргасан гэж хариулдаг. 4 нэхэмжлэлийн шаардлага нь ямар үр дагавар үүсгэх вэ, аль шаардлагаар юу шаардаж байна вэ гэж асуухаар тодорхойгүй нөхцөл байдал үүсгэдэг. 4 шаардлагад зохих улсын тэмдэгтийн хураамжийг 2 шаардлага гаргасан мэтээр улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөг төлсөн. Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гомдлын 2 болон 3 дахь хэсэгт дурдаад байгаа нь үндэслэлгүй. Гомдлын 4 дэх хэсэгт дурдагдаж байгаа нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.4 дэх хэсэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.6-д заасныг үндэслэж нэхэмжлэлийн шаардлагын холбогдох хэсгийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт заасныг үндэслэж хэргийг шийдвэрлэсэн нь хуулийг зөв тайлбарлаж хэрэглэсэн. Шүүх хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн зүйл байхгүй.

7.5. Нэхэмжлэгч талаас шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр буцааж өгнө үү гэх гомдлыг гаргасан. Хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаах үндэслэл нь давж заалдах гомдлын агуулгаас харагдахгүй байна. Зохигч талуудын ямар эрхийг хангасан, хангаагүй талаарх гомдол анхан шатны шүүх хуралдаан эхлэхэд нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээдийн хэн алинд нь байгаагүй. Хууль бус бүрэлдэхүүнтэй хэргийг шийдвэрлэсэ,н эсхүл шүүхийн шийдвэрт шүүгч гарын үсэг зураагүй зүйл байгаагүй. Шүүх хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв нотлох баримтыг зөв үнэлж хэргийг шийдвэрлэсэн.

Нэхэмжлэгч талаас бид төлбөр төлөөд байхад Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар хууль бусаар мөнгийг маань байлгаж байгаад биднийг төлбөрийн чадваргүй мэтээр харуулж байгаад дуудлага худалдаагаар борлуулсан гэж тайлбарлаж байна. Нэхэмжлэгч нар ганцхан Жуниор натур девелопмент ББСБ ХХК-д өр төлбөртэй байгаагүй, Хас банк ХК болон бас өөр нэг этгээдэд өртэй байсан. Жуниор натур девелопмент ББСБ ХХК-ийн өр төлбөртэй холбоотой асуудал 3 шатны шүүхээр шийдвэрлэгдээд явж байхад шийдвэр гүйцэтгэх ажиллагаа түдгэлзсэн байсан. Нөгөө 2 шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хэвийн үргэлжилж байсан тул тодорхой хэмжээнд мөнгийг нь татаад шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хийгээд явж байсан нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдоно.

Анхан шатны шүүхийг шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гарсан тул хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нарын өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд, гомдлыг хангаж, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

 

2. Нэхэмжлэгч Д.Т , С.Я нар нь хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан үл хөдлөх эд хөрөнгийг хурааснаас хойш нэг сарын дотор үнэлж, оролцогч талуудад мэдэгдэж, тэмдэглэл хөтлөх үүргээ зөрчсөн, мөн албадан дуудлага худалдаа зохион байгуулсан өдрөөс хойш 2 жил 8 сар 15 хоногийн дараа буюу 2021 оны 12 дугаар сарын 27-ны өдөр 48,900,000 төгрөгийг Ж.Э-аар дансандаа тушаалгасан, 2019 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр болон 2022 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр үл хөдлөх хөрөнгийг Ж.Э-ын өмчлөлд шилжүүлсэн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг тус тус хүчингүй болгож, орон сууцыг нэхэмжлэгч нарын өмчлөлд шилжүүлэн, захиран зарцуулах эрхийг сэргээхийг даалгах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Ж.Э- нь хариуцагчийн тайлбарыг дэмжсэн байр суурь илэрхийлсэн байна.

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагад албадан дуудлага худалдаа зохион байгуулсан өдрөөс хойш 2 жил 9 сар 15 хоногийн дараа буюу 2021 оны 12 дугаар сарын 27-ны өдөр 48,900,000 төгрөгийг Ж.Э-аар дансандаа тушаалгасан ажиллагааг хүчингүй болгуулах гэж дурдсан нь үл хөдлөх эд хөрөнгийг гуравдагч этгээд Ж.Э-ын өмчлөлд шилжүүлсэн ажиллагааг хүчингүй болгуулах шаардлагын үндэслэл гэж дүгнэхээр байгааг анхан шатны шүүх анхаараагүйг залруулах нь зүйтэй. Нэхэмжлэгч шүүхээс юу хүсэж байгаа нь шаардлага бөгөөд харин түүний шаардлага ямар нөхцөл байдал, учир шалтгаанаар тодорхойлогдож байгаа нь үндэслэл болдог.

 

3. Нэхэмжлэгч нар нь ерөнхий шийдвэр гүйцэтгэгчид гомдол гаргаж, 2022 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 09/531 дугаар хариуг 2022 оны 03 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч шүүхэд нэхэмжлэл гаргасан нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.4 дэх хэсэгт заасантай нийцжээ.

 

4. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 184/ШЗ2017/02396 дугаар захирамжаар эвлэрүүлэн зуучлагчийн дэмжлэгтэйгээр Д.Т , С.Я нар 45,376,268 төгрөгийг хуваарийн дагуу Ж.Н.И ББСБ ХХК-д төлөхөөр эвлэрснийг баталгаажуулж шийдвэрлэснийг анхан шатны шүүх зөв тогтоожээ.

 

5. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь дээрх шийдвэрийг албадан гүйцэтгэх ажиллагааг 2017 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр үүсгэн явуулжээ.

5.1. Уг ажиллагааны явцад нэхэмжлэгч нарын өмчлөлийн, эрхийн улсын бүртгэлийн ***дугаартай, Чингэлтэй дүүрэг, **дүгээр хороо, ТЕГ-ын 20 айлын сууцны ** тоот хаягт байрлах, ** м.кв талбайтай, **өрөө орон сууцыг битүүмжилж, хураан авсан, эдгээр ажиллагаанд талууд гомдол гаргаагүй, хүчин төгөлдөр болсон байна.

5.2. Түүнчлэн хариуцагч байгууллага нь төлбөр төлөгч, төлбөр авагч нар дээрх үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээний талаар тохиролцоогүй үндэслэлээр 2019 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр шинжээч томилсон, шинжээч М.О.Т ХХК-аас орон сууцыг 66,200,000 төгрөгөөр үнэлсэн, улмаар ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2019 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 4/27 дугаар тогтоолоор албадан дуудлага худалдааг 2019 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр явуулахаар шийдвэрлэжээ.

5.3. Төлбөр төлөгч Д.Т нь дээрх үнэлгээ болон албадан дуудлага худалдааг хүчингүй болгуулахаар хариуцагчид холбогдуулан шүүхэд гомдол гаргасныг Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 184/ШШ2019/02229 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 1856 дугаар магадлал, Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2020 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 001/ХТ2020/00612 дугаар тогтоолоор хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн үйл баримтыг шүүх зөв тогтоожээ.

Уг шүүхийн шийдвэрт шинжээч томилж хөрөнгө үнэлсэн ажиллагаа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2, Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт заасныг зөрчөөгүй, ахлах шийдвэр гүйцэтгэгчийн анхны албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоолыг 2019 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 4/8169 дугаар мэдэгдлээр төлбөр төлөгчид мэдэгдсэн нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3 дахь хэсэгт заасантай нийцсэн талаар дүгнэсэн.

Иймээс анхан шатны шүүх нэхэмжлэгч нарын гаргасан үл хөдлөх эд хөрөнгийг хурааснаас хойш нэг сарын дотор хөрөнгийг үнэлж, оролцогч талуудад мэдэгдэж, тэмдэглэл хөтлөх үүргээ зөрчиж гүйцэтгэсэн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хянан шийдвэрлэх үндэслэлгүй гэж дүгнэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.6, 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт заасантай нийцжээ.

 

6. Ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2019 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 4/27 дугаар тогтоолын дагуу албадан дуудлага худалдааг 2019 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр явуулсан бөгөөд дээрх үл хөдлөх эд хөрөнгийн дуудлага худалдаанд Н.С , Ж.Э- нар оролцож, Ж.Э- 48,900,000 төгрөгөөр худалдан авах эрхтэй болсон тухай тэмдэглэл үйлдсэн байна.

Гэвч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын мөнгөн гүйлгээний журналаас үзэхэд, Ж.Э- нь дэнчин 4,700,000 төгрөгийг 2019 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр буюу дуудлага худалдаанаас 4 хоногийн дараа Худалдаа хөгжлийн банк ХК дахь Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2617001560 тоот дансанд Ж.Э--с ялагчийн мөнгө дэнчин гэсэн утгаар шилжүүлжээ. Хэрэгт 2019 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр Ж.Э-аас дэнчин 4,700,000 төгрөг тушаасан тухай кассын орлогын ордер баримт авагдсан байх боловч дээрх мөнгөн гүйлгээний журналаас зөрүүтэй, тухайн үл хөдлөх эд хөрөнгөтэй холбоотой гэх агуулга тусгагдаагүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар эргэлзээтэй баримт гэж дүгнэнэ. Анхан шатны шүүх нотлох баримтыг тус хуульд заасан журмын дагуу үнэлээгүйг давж заалдах шатны шүүхээс залруулна.

Иймээс Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.4 дэх хэсэгт Дуудлага худалдаанд урьдчилан тогтоосон хугацаа, хэмжээ, журмын дагуу дэнчин төлсөн оролцогч оролцоно гэж заасан тул Ж.Э-ыг дуудлага худалдааны оролцогч гэж үзэхгүй. Ийнхүү дүгнэсэн тул Ж.Э-аас дуудлага худалдааны дэнчин болон үнэд төлсөн нийт 49,000,000 төгрөгийг хариуцагч байгууллагад хүсэлт гарган 2019 оны 05 дугаар сарын 07-ны өдөр буцаан авсан, үүний дараа 2021 оны 12 дугаар сарын 21, 27-ны өдөр нийт 48,900,000 төгрөгийг дахин шилжүүлсэн үйл баримтад эрх зүйн дүгнэлт өгөх шаардлагагүй болно.

 

7. Дээрх үндэслэлээр 2019 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр явагдсан албадан дуудлага худалдааг хүчинтэй гэж дүгнэх үндэслэлгүй тул уг дуудлага худалдааг үндэслэн төлбөр төлөгч нарын өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг дуудлага худалдааны ялагч Ж.Э-т шилжүүлэхээр шийдвэрлэсэн ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2019 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 19/4-27 дугаар Өмчлөх эрх шилжүүлэх тухай тогтоолыг хүчингүй болгох үндэслэлтэй.

Түүнчлэн хариуцагч байгууллага нь 2022 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн Өмчлөх эрх шилжүүлэх тухай 1-219/1777 дугаар мэдэгдлийг Чингэлтэй дүүрэг дэх улсын бүртгэлийн хэлтэст хүргүүлж, албадан дуудлага худалдаагаар худалдан борлуулсан дээрх үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг дуудлага худалдааны ялагч Ж.Э-т шилжүүлж гэрчилгээ олгохыг мэдэгдсэн байх тул уг мэдэгдлийг мөн хүчингүй болгох нь зүйтэй.

Энэ талаар гаргасан нэхэмжлэгч талын давж заалдах гомдлыг хангах үндэслэлтэй.

 

8. Харин нэхэмжлэгч нарыг Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 184/ШЗ2017/02396 дугаар захирамжийн дагуу төлбөр авагч Ж.Н.И ББСБ ХХК-д 45,376,268 төгрөгийг бүрэн төлж барагдуулсан үндэслэлээр үл хөдлөх эд хөрөнгийг тэдгээрийн өмчлөлд шилжүүлж, захиран зарцуулах эрхийг сэргээх үндэслэлгүй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Учир нь шийдвэр гүйцэтгэх ажиллагааны баримтаас үзэхэд, 2017 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр 1,000,000 төгрөг, 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдрөөс 2018 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн хугацаанд нийт 2,884,000 төгрөг, 2019 оны 10 дугаар сарын 25-ны өдөр 36,000 төгрөг, 2019 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр 630,000 төгрөг, 2020 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр 3,977,000 төгрөг, 2020 оны 03 дугаар сарын 04-ний өдөр 137,000 төгрөг, 2020 оны 03 дугаар сарын 18-ны өдөр 757,000 төгрөг, 2020 оны 03 дугаар сарын 26-ны өдөр 330,000 төгрөг, 2020 оны 04 дүгээр сарын 08-ны өдрөөс 2021 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн хугацаанд нийт 11,440,510 төгрөг, 2022 оны 02 дугаар сарын 19-ний өдөр 10,000,000 төгрөг, 2022 оны 02 дугаар сарын 20-ны өдөр 5,000,000 төгрөг, 2022 оны 02 дугаар сарын 21-ний өдөр 6,557,758 төгрөг, нийт 42,749,268 төгрөг төлөгджээ.

Мөн нэхэмжлэгчээс 2021 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр 700,000 төгрөг, 2021 оны 12 дугаар сарын 08-ны өдөр 700,000 төгрөг, 2022 оны 01 дүгээр сарын 31-ний өдрөөс 2022 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн хугацаанд нийт 6,300,000 төгрөг тус тус төлсөн баримт авагдсан боловч уг баримтуудад төлбөр авагч Ж.Н.И ББСБ ХХК тусгагдаагүй, үүний зэрэгцээ нэхэмжлэгч нар нь тус шүүхийн шийдвэрээс гадна төлбөр авагч Д.Батбилэгт Дорноговь аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн 136/ШЗ2020/00322 дугаар захирамжаар 7,404,975 төгрөгийн, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 101/ШШ2020/00273 дугаар шийдвэрээр Хасбанк ХК-д 53,768,907 төгрөгийн өр төлбөртэй тухай лавлагаа авагдсан тул тус хэрэгт хамааралтай, ач холбогдолтой гэж үнэлэх боломжгүй.

Түүнчлэн нэхэмжлэлд хавсаргасан шийдвэр гүйцэтгэгчийн 2022 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн мэдэгдэл нь дээр дурдсан Дорноговь аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэртэй холбоотой тул шийдвэр гүйцэтгэгчээс төлбөрийн үлдэгдэл 21,557,758 төгрөг байгаа талаар мэдэгдэл гардуулсан гэх нэхэмжлэгчийн тайлбар үндэслэлгүй. Иймээс нэхэмжлэгч нар шүүхийн шийдвэрт заасан төлбөрийг бүрэн төлсөн байдал хэргийн баримтаар тогтоогдоогүй байна.

 

9. Дээрх ахлах шийдвэр гүйцэтгэгчийн тогтоол, хариуцагчийн мэдэгдлийг үндэслэн Ж.Э-т 2022 оны 02 дугаар сарын 10-ны өдөр үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ олгосон болох нь улсын бүртгэлийн баримтаар тогтоогдож байх тул хууль зөрчиж хийгдсэн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны үр дагаврыг арилгаж, үл хөдлөх эд хөрөнгийг Ж.Э-ын өмчлөлөөс нэхэмжлэгч Д.Т , С.Я нарын өмчлөлд буцаан бүртгэхийг улсын бүртгэлийн байгууллагад даалгах нь зүйтэй. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.5 дахь хэсэгт зааснаар шийдвэрийн тогтоох хэсэгт шийдвэр гүйцэтгэх арга, журмыг заана.

 

10. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2019 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 19/4-27 дугаар Өмчлөх эрх шилжүүлэх тухай тогтоол, 2022 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн Өмчлөх эрх шилжүүлэх тухай 1-219/1777 дугаар мэдэгдлийг тус тус хүчингүй болгож, эрхийн улсын бүртгэлийн ***дугаартай, Чингэлтэй дүүрэг, **дүгээр хороо, ТЕГ-ын 20 айлын сууцны *** тоот хаягт байрлах, ** м.кв талбайтай, ** өрөө орон сууцыг Ж.Э-ын өмчлөлөөс нэхэмжлэгч Д.Т , С.Я нарын өмчлөлд буцаан бүртгэхийг улсын бүртгэлийн байгууллагад даалгаж, нэхэмжлэгч нарын нэхэмжлэлээс үл хөдлөх эд хөрөнгийг нэхэмжлэгч нарын өмчлөлд шилжүүлж, захиран зарцуулах эрхийг сэргээхийг хариуцагчид даалгуулах шаардлагад холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосон агуулгаар өөрчлөлт оруулж, нэхэмжлэгч нарын өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангах нь зүйтэй.

 

11.1. Түүнчлэн анхан шатны шүүх улсын тэмдэгтийн хураамжийг буруу тогтоож шийдвэрлэснийг залруулна. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 156 дугаар зүйлийн 156.1.1-д заасан байгууллага, албан тушаалтны шийдвэр, үйл ажиллагаанд хуульд заасны дагуу гаргасан гомдол бөгөөд үл хөдлөх эд хөрөнгө гаргуулах нэхэмжлэлд хамаарахгүй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.2 дахь хэсэгт Хэрэг шүүхэд хянан шийдвэрлэхтэй холбогдуулж төлөх улсын тэмдэгтийн хураамжийн хувь хэмжээг Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулиар зохицуулна гэж заасан бөгөөд Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4-т шийдвэр гүйцэтгэх ажиллагаатай холбоотой шүүхэд гаргах гомдолд энэ хуулийн 7.1.2-т заасан хэмжээгээр, 7.1.2-т эд хөрөнгийн бус, түүнчлэн үнэлэх боломжгүй нэхэмжлэлд 70,200 төгрөг гэж тус тус заасан.

Нэхэмжлэгч нар нь 2022 оны 03 дугаар сарын 28-ны өдөр нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөг, 2022 оны 06 дугаар сарын 06-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэхдээ 70,200 төгрөг тус тус төлсөн ба нэхэмжлэлийн 3 шаардлагад нийт 210,600 төгрөг урьдчилан төлөх байжээ. Гэвч шүүх нэхэмжлэгч нарын гаргасан үл хөдлөх эд хөрөнгийг хурааснаас хойш нэг сарын дотор үнэлж, оролцогч талуудад мэдэгдэж, тэмдэглэл хөтлөх үүргээ зөрчиж гүйцэтгэсэн ажиллагааг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзаж холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон тул улсын тэмдэгтийн хураамжийг нөхөн төлүүлэх шаардлагагүй.

11.2. Шийдвэрийн үндэслэх хэсгийн 9 болон тогтоох хэсгийн удирдлага болгосон хэсэгт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн нэрийг Иргэний хууль гэж алдаатай тусгасныг дүгнэж, тогтоох хэсгийн 2 дахь заалтад Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн холбогдох заалт, нэхэмжлэгчийн төлсөн улсын тэмдэгтийн хураамжийн дүнг буруу тусгасан, мөн улсын тэмдэгтийн хураамжийг буруу хуваарилсныг тус тус залруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 184/ШШ2024/02151 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

1 дэх заалтыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.4 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2019 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 19/4-27 дугаар Өмчлөх эрх шилжүүлэх тухай тогтоол, 2022 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн Өмчлөх эрх шилжүүлэх тухай 1-219/1777 дугаар мэдэгдлийг тус тус хүчингүй болгож, эрхийн улсын бүртгэлийн ***дугаартай, Чингэлтэй дүүрэг, ** дүгээр хороо, ТЕГ-ын ** айлын сууцны ** тоот хаягт байрлах, ** м.кв талбайтай, ** өрөө орон сууцыг Ж.Э-ын өмчлөлөөс нэхэмжлэгч Д.Т , С.Я нарын өмчлөлд буцаан бүртгэхийг улсын бүртгэлийн байгууллагад даалгаж, нэхэмжлэлээс үл хөдлөх эд хөрөнгийг нэхэмжлэгч нарын өмчлөлд шилжүүлж, захиран зарцуулах эрхийг сэргээхийг хариуцагчид даалгах шаардлагад холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай гэж

2 дахь заалтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нараас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 140,400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас 70,200 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Д.Т , С.Я нарт олгосугай гэж тус тус өөрчлөн найруулж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 402,450 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ  Э.ЭНЭБИШ

ШҮҮГЧИД Д.НЯМБАЗАР

Д.ЗОЛЗАЯА