Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Дашдорж Золзаяа |
Хэргийн индекс | 101/2023/00363/И |
Дугаар | 210/МА2024/01240 |
Огноо | 2024-06-14 |
Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 06 сарын 14 өдөр
Дугаар 210/МА2024/01240
2024 06 14 210/МА2024/01240
БНХАУ-ын иргэн Ч.С.М -ийн
нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Энэбиш даргалж, шүүгч Д.Нямбазар, Д.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 101/ШШ2024/00937 дугаар шийдвэртэй
Нэхэмжлэгч БНХАУ-ын иргэн Ч.С.М -ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч Б.Н-д холбогдох
Худалдах, худалдан авах гэрээнээс татгалзаж, орон сууц албадан чөлөөлүүлэх, хохирол 48,304,391 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэл, орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг зохигчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Д.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.Мөнхцацрал, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Ууганбаяр, хариуцагчийн өмгөөлөгч У.Хандсүрэн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Сарантуяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбар болон хариуцагчийн сөрөг нэхэмжлэлд гаргасан татгалзлын агуулга:
1.1. Хариуцагч Б.Н- нь нэхэмжлэгч БНХАУ-ын иргэн Ч.С.М -ийн хувьцаа эзэмшдэг А.П.Г ХХК-тай 2018 оны 06 дугаар сарын 29-ний өдөр 180629-01 тоот Орон сууц захиалан бариулах гэрээг байгуулсан бөгөөд гэрээний 9.1-д "Байрны үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ гаргуулсан байгаа тул Гүйцэтгэгч тал нь үл хөдлөх эзэмшигч БНХАУ-ын иргэн Ч.С.М -ийг итгэмжлэн захиалагч талтай орон сууц худалдах, худалдан авах гэрээг нөхөн байгуулж нотариатаар баталгаажуулна" гэж заасан. Үүнийг үндэслэн нэхэмжлэгч Ч.С.М нь хариуцагч Б.Н-тай 2018 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр 180924-01 дугаар Орон сууц худалдах худалдан авах гэрээг байгуулан, худалдагч нь Улаанбаатар хот, Баянзүх дүүрэг, **дугаар хороо, ** дугаар хороолол ** байрны ** тоот хаягтай, ** тоот улсын бүртгэлийн дугаартай, 59,24 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг худалдан авагчийн эзэмшилд шилжүүлэх, худалдан авагч нь сар бүр гэрээний хавсралт графикийн дагуу төлбөрийг төлөхөөр тохиролцсон. Гэрээний зүйлийн нийт үнэ 91,822,000 төгрөг бөгөөд худалдан авагч нь урьдчилгаа 10,000,000 төгрөг, гэрээ байгуулснаас хойш өнөөдрийг хүртэл нийт 32,626,000 төгрөг төлсөн.
Талуудын хооронд байгуулагдсан гэрээг "Орон сууц худалдах, худалдан авах гэрээ гэж нэрлэсэн ч гэрээний агуулга болон гэрээнд заасан эрх, үүрэг, гэрээ хэрэгжиж байгаа нөхцөл нь Иргэний хуулийн 262-264 дүгээр зүйлд заасан зээлээр худалдах, худалдан авах гэрээний хуульд заасан хэлбэр, шаардлагыг хангаж байна.
1.2. Нэхэмжлэгч нь хариуцагчаас төлбөр төлөхийг удаа дараа шаардсан боловч төлөөгүй. Орон сууц худалдах, худалдан авах гэрээний 2.7-д Худалдан авагч нь гэрээний дагуу төлбөрөө төлөлгүй хугацаа хэтэрсэн тохиолдолд өдрөөр алданги тооцох бөгөөд хавсралт 1-ийн хамт төлнө. Харин ажлын 14 хоногоос дээш хугацаа хэтэрсэн тохиолдолд худалдагч тал үл маргах журмаар гэрээг дангаар дуусгавар болгож дараагийн захиалагчид шилжүүлэх эрхийг худалдагч эдэлнэ, 4.4-т Худалдан авагч гэрээний үүргээ биелүүлээгүй эсвэл зохих ёсоор биелүүлээгүй бол Худалдагч тал гэрээг дангаар дуусгавар болгож, мэдэгдэл гаргаснаар 14 хоногийн дараа үл маргах журмаар байрыг эргүүлэн авна, 5.7-д Худалдан авагчийн буруугаас гэрээ дуусгавар болсон, худалдагч тал гэрээг дангаар дуусгавар болгосон бол энэхүү гэрээнд заасны дагуу алданги, торгууль, төлбөрийг худалдагчид төлсөн гэрээний төлбөрөөс үл маргах журмаар суутгах ба Худалдагч талын мэдэгдлийг хүлээн авснаас 14 хоногийн дотор үл маргах журмаар байрыг суллан нүүх үүрэгтэй гэж заасан.
Худалдагч талаас өнөөдрийг хүртэл боломжит хугацааг олгосоор ирсэн ч худалдан авагч нь гэрээний үүргийг биелүүлэхгүй байгаа тул гэрээний 6.1-д Худалдан авагч гэрээний 2.3-т заасан хугацаа болон дүнгийн дагуу төлбөрөө төлөөгүй тохиолдолд гэрээг дангаар цуцлах эрхтэй гэж зааснаар гэрээг цуцалж, дуусгавар болгож буй талаар мэдэгдэл хүргүүлсэн боловч хариуцагч нь орон сууцыг чөлөөлж өгөхгүй байна.
Гэрээний хугацаа 2021 оны 12 дугаар сарын 29-ний өдөр дуусгавар болсон бөгөөд худалдан авагч Б.Н- нь гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлээгүй тул нэхэмжлэгчийн зүгээс гэрээнээс татгалзаж, 2 өрөө байрыг албадан чөлөөлүүлэхээр нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилсөн.
1.3 Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 227 дугаар зүйлийн 227.1, 227.3 дахь хэсэгт заасныг үндэслэн зайлшгүй орох ёстой байсан орлого буюу талуудын байгуулсан гэрээний дагуу хариуцагчийн төлөх ёстой байсан хүүгийн төлбөр 18,784,391 төгрөг, гэрээний хугацаа дуусаж гэрээнээс татгалзаж буйг удаа дараа илэрхийлсээр байтал орон сууцыг сайн дураар чөлөөлж өгөөгүйн улмаас тухайн байрыг гуравдагч этгээдэд түрээслүүлэх хэлбэрээр олох ёстой байсан орлого буюу гэрээний хугацаа дууссанаас хойшхи 2021 оны 12 дугаар сарын 29-ний өдрөөс өнөөдрийг хүртэл нийт 24 сар 18 хоногийн түрээсийн төлбөрийг 1 сарын 1,200,000 төгрөгөөр тооцож 29,520,000 төгрөг, нийт 48,304,391 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү.
1.4. Хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь эс зөвшөөрч байна. Учир нь хариуцагч 2024 оны 02 дугаар сарын 01-ний өдөр буюу шүүхэд нэхэмжлэл гаргаснаас хойш үлдэгдэл төлбөрийг төлсөн үндэслэлээр орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох сөрөг нэхэмжлэл гаргаж, талуудын хооронд байгуулсан гэрээг цуцлагдаагүй, дуусгавар болоогүй гэж маргаж байх хэдий ч гэрээний хавсралтад зааснаар 2021 оны 12 дугаар сарын 29-ний өдөр гэрээний төлбөрийг төлж дуусгахаар талууд тохиролцсон. Шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэл, хариу тайлбарт нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийг талуудын хооронд байгуулсан гэрээг цуцлах эрхгүй хэмээн маргадаг ч Иргэний хуулийн 62 дугаар зүйлийн 62.3 дахь хэсэгт Төлөөлөгчийн бүрэн эрх хуулийн дагуу буюу итгэмжлэлийн үндсэн дээр үүснэ, 63 дугаар зүйлийн 63.3 дахь хэсэгт Төлөөлөгч нь бүрэн эрхээ шударгаар, төлөөлүүлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд нийцүүлэн хэрэгжүүлэх үүрэгтэй гэж заасны дагуу нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь нэхэмжлэгчийн ашиг сонирхолд нийцүүлэн 2022 оны 09 дүгээр сард хариуцагч Б.Н-тай уулзан гэрээний үүргийг биелүүлээгүй нөхцөл байдлын талаар хэлж, эвлэрлийн журмаар шийдвэрлэх боломжтой эсэх талаар ярилцаж, харилцан тохиролцож чадаагүйн улмаас шүүхэд нэхэмжлэл гаргасан.
Хариуцагч нь талуудын байгуулсан гэрээний үүргийг Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1 дэх хэсэгт Үүргийг тогтоосон газар, хугацаанд нь, зохих ёсоор, шударгаар гүйцэтгэнэ гэсний дагуу үүргээ биелүүлээгүй, 2023 оны 08 дугаар сарын 09-ний өдөр нэхэмжлэгч гэрээнээс татгалзаж байгаа талаар нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилснийг хүлээн авсаар байж 2024 оны 02 дугаар сарын 01-ний өдөр гэрээний төлбөрийг төлсөн хэмээн орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэл гаргаж байгааг нэхэмжлэгчийн зүгээс хүлээн зөвшөөрөхгүй байгаа болно гэжээ.
2. Хариуцагчийн татгалзал болон сөрөг нэхэмжлэл, тайлбарын агуулга:
2.1. Хариуцагч Б.Н- нь 2018 оны 06 дугаар сарын 29-ний өдөр А.П.Г ХХК-ийн цахим сүлжээнд тавьсан орон сууц зээлийн нөхцөлтэй худалдана гэсэн зарын дагуу захирал Д.А , БНХАУ-ын иргэн Ч.С.М нартай биечилж уулзаад маргаан бүхий орон сууцыг худалдаж авахаар тохирсон. Орон сууц захиалан бариулах гэрээ байгуулж, орон сууцыг 91,822,000 төгрөгөөр тохиролцож, Ч.С.М -аас худалдан авсан. Дээрх төлбөрөөс гэрээ хийгдмэгц 10,000,000 төгрөгийг төлж, үлдэх 81,822,000 төгрөгийг 2018 оны 07 дугаар сарын 29-ний өдрөөс 2021 оны 12 дугаар сарын 29-ний өдрийг хүртэл нийт 42 сарын хугацаанд сар бүр 2,395,390.27 төгрөгийг Ч.С.М -д төлөхөөр тохиролцсон.
2018 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр Ч.С.М -тай Баянзүрх дүүрэг, ** дугаар хороо, ** дугаар хороолол ** байрны **тоот хаягтай, 59,24 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцыг 1 м.кв 1,550,000 төгрөг нийт 91,822,000 төгрөгөөр худалдаж авахаар гэрээ хийсэн. Орон сууцны эзэмшил, ашиглалтыг бодитоор шилжүүлэн авах үед орон сууцны төлбөрт тооцон 10,000,000 төгрөгийг урьдчилан Ч.С.М -д төлсөн. 2018 оны 07 дугаар сарын 29-ний өдрөөс 2021 оны 12 дугаар сарын 29-ний өдрийг хүртэл нийт 42 сарын хугацаанд сар бүр 2,395,390.27 төгрөгийг Ч.С.М -д төлөхөөр гэрээгээр тохиролцсон. Талуудын хооронд байгуулсан худалдах, худалдан авах гэрээнд хүүгийн талаар тусгаагүй. 2018 оны 09 дүгээр сарын 24-ний өдрөөс эхэлж 2022 оны 03 дугаар сарын 24-ний өдрийг хүртэлх хугацаанд үргэлжлэхээр тохирсон.
2.2. Хариуцагч нь 2018 оны 07 дугаар сарын 29-ний өдрөөс 2021 оны хавар хүртэл хугацаанд 32,626,000 төгрөгийг нэхэмжлэгчид төлсөн. Дэлхий дахинд Коронавирусын халдвар тархаж Монгол Улсад халдварын тохиолдол 2020 оны 11 дүгээр сард бүртгэгдэж Монгол Улсын Засгийн газраас орон даяар гамшгийн онц байдал зарлаж, хөл хорио тогтоосон. Хариуцагч нь том оврын тээврийн хэрэгслийн худалдааны зууч хийдэг, худалдаа, үйлчилгээний салбарын үйл ажиллагаа хаагдаж, санхүүгийн хямралд орсон. Үүний зэрэгцээ хил хаагдсантай холбоотойгоор бараа бүтээгдэхүүний хомсдолд орж, санхүүгийн чадамж буурч, ажилчдын цалин хөлсөнд хүндрэл учирч эхэлсэн. Энэ хүндрэлээс шалтгаалан Б.Н- нь Ч.С.М -ийн өмнө хүлээсэн үүргээ зохих ёсоор гүйцэтгэх боломжгүй болсон.
Худалдагч Ч.С.М нь худалдах, худалдан авах гэрээг хууль болон гэрээнд заасан журмын дагуу цуцлаагүй, гэрээнээс татгалзаж байсан зүйл байхгүй, өнөөдрийг хүртэл хугацаанд гэрээний үйлчлэл хэвийн үргэлжилж байгаа. Нэхэмжлэгчид гэрээний хэрэгжилтийн хүрээнд ямар нэгэн учирсан болон олох ёстой байсан орлогод бодит хохирол учраагүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.
2.3. Хариуцагч Б.Н- гэрээний төлбөрийн үлдэх 49,196,000 төгрөгийг 2024 оны 02 дугаар сарын 01-ний өдөр төлснөөр орон сууцны төлбөр бүрэн төлөгдөж дууссан. Худалдах, худалдан авах гэрээний 2.4-т Орон сууцны төлбөр тооцоо бүрэн хийгдсэнээр өмчлөх эрх үүснэ гэж заасан. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь талуудын хооронд байгуулагдсан Орон сууц худалдах, худалдан авах гэрээг 2022 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр цуцлагдаж дуусгавар болсон хэмээн шүүхэд мэдүүлж, гэрээнээс татгалзаж, орон сууцыг албадан чөлөөлүүлэх тухай нэхэмжлэл гаргаж орон сууцны талаарх эрх зүйн маргааныг үүсгэсэн. Худалдах, худалдан авах гэрээний 4.4-т Худалдан авагч гэрээний үүргээ биелүүлээгүй бол худалдагч тал энэхүү гэрээг дангаар дуусгавар болгож, мэдэгдэл гаргаснаар 14 хоногийн дараа үл маргах журмаар байрыг эргүүлэн авна гэж заасан. Хууль болон гэрээнд заасны дагуу Ч.С.М -ийн зүгээс Б.Н-д хандан гэрээний үүргээ биелүүлэхийг эсхүл гэрээний 4.4-д заасан журмын дагуу гэрээг дуусгавар болгож, мэдэгдэл гаргаж байсан зүйл байхгүй. Хэрэгт 2022 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн огноотой Б.Н- танаа гэсэн толгойтой Мэдэгдэл хүргүүлэх тухай гэсэн тэргүүтэй, Мэдэгдэл хүргүүлсэн Ч.С-д-ы итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Ч.Ш гэсэн баталгаажуулсан нэршилтэй баримт нотлох баримтаар авагдсан. Энэхүү мэдэгдлийг Б.Н- огт мэдэхгүй болно. Ж.Ч.Ш (** нь худалдагч Ч.С.М -ийн нэрийн өмнөөс худалдан авагчид хандан гэрээг цуцлах эсхүл дуусгавар болгохтой холбоотой эрх олгосон итгэмжлэлтэй эсэх нь хэргийн баримтаар тогтоогддоггүй.
Иймээс өнөөдрийг хүртэл хугацаанд худалдах, худалдан авах гэрээ цуцлагдаагүй, хэн аль нь гэрээнээс татгалзсан зүйлгүй тул орон сууцны өмчлөгчөөр тогтоолгохоор сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна гэжээ.
3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн нийт 1,016,532 төгрөг, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 617,060 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Н-ас нэхэмжлэлийн шаардлагын хангасан үнийн дүнгийн улсын тэмдэгтийн хураамжид 223,950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч БНХАУ-ын иргэн Ч.С-д-д олгож, нэхэмжлэгч БНХАУ-ын иргэн Ч.С.М -аас сөрөг нэхэмжлэлийн шаардлагын хангасан үнийн дүнгийн улсын тэмдэгтийн хураамжид 617,060 төгрөгийг гаргуулж хариуцагч Б.Н-д олгож шийдвэрлэжээ.
4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол, тайлбарын агуулга:
4.1. БНХАУ-ын иргэн Ч.С.М болон Б.Н- нарын хооронд 2018 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр Орон сууц худалдах, худалдан авах гэрээг байгуулан, худалдагч нь Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, ** дугаар хороо, ** дугаар хороолол ** байрны ** тоот хаягтай, *** улсын бүртгэлийн дугаартай, 59,24 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцыг худалдан авагчийн эзэмшилд шилжүүлэн өгсөн.
Талууд гэрээний төлбөр төлөх хугацааг хавсралтаар тохиролцсон бөгөөд худалдан авагч Б.Н- нь тухайн гэрээний хавсралтад бичигдсэн хугацаанд, тогтсон дүнгээр төлж байсан нь Хаан банкин дахь Ч.С.М -ийн эзэмшлийн *** тоот дансны хуулга, гэрч Н.Ө-ын мэдүүлэг, хариуцагч Б.Н-н 2019 оны 07 дугаар сарын 05-ны өдөр бичиж өгсөн төлбөрийг графикийн дагуу төлж амжаагүй байгаа, түүнийг алдангийн хамт нөхөн төлөх талаар тооцон гаргасан баталгаа бичиг зэргээр нотлогддог.
Гэтэл анхан шатны шүүхээс талуудын хооронд 2018 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр байгуулагдсан Орон сууц худалдах, худалдан авах гэрээг худалдах, худалдан авах гэрээ гэж дүгнэсэн нь үндэслэлгүй юм. Хэрэв худалдах, худалдан авах гэрээ гэж дүгнэж байгаа бол 2018 оны 06 дугаар сарын 29-ний өдөр А.П.Г ХХК болон иргэн Б.Н- нарын хооронд байгуулсан Орон сууц захиалан бариулах гэрээний үүргийн дагуу гэрээний хавсралтад дурдсан хүү тооцсон дүнгээр шилжүүлсэн мөнгөн төлбөрийг нэхэмжлэгч Ч.С.М -тэй байгуулсан гэрээний үүргийн төлбөрт төлсөн гэж тооцох нь үндэслэлгүй юм. Шүүх талуудын хооронд гэрээ байгуулсан цаг хугацаанаас тооцон дүгнэж байгаа хэрнээ нэхэмжлэгч маргаагүй гэх үндэслэлээр хүү тооцож авсан төлбөрийг 2018 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр байгуулсан гэрээний төлбөр гэж үзэх нь шударга ёсонд нийцэхгүй.
4.2. Нэхэмжлэгч нь хариуцагчид итгэл хүлээлгэж, өөрийн хөрөнгө оруулалттай компанитай байгуулсан Орон сууц захиалан бариулах гэрээг талуудын хооронд байгуулсан Орон сууц худалдах, худалдан авах гэрээ болгон өөрчлөхдөө гэрээний хавсралт 1 гэх баримтыг өмнөх гэрээний хавсралтад өөрчлөлт оруулалгүй хэвээр үлдээн, тус гэрээний дагуу төлсөн төлбөрийг хариуцагч төлсөн тал дээр маргаан үүсгэлгүй баримтыг шүүхэд гаргаж өгдөг. Хариуцагч Б.Н-н зүгээс талуудын хооронд байгуулсан гэрээний нөхцөлийг мэдэж байгаа бөгөөд үүнийг бодит үйлдлээрээ хэд хэдэн удаагийн төлбөр төлсөн баримт болон өөрийн баталгаа болгон бичсэн баримтаараа илэрхийлдэг.
Орон сууц худалдах, худалдан авах гэрээний 2.7-д Худалдан авагч нь гэрээний дагуу төлбөрөө төлөлгүй хугацаа хэтэрсэн тохиолдолд өдрөөр алданги тооцох бөгөөд хавсралт 1-ийн хамт төлнө. Харин ажлын 14 хоногоос дээш хугацаа хэтэрсэн тохиолдолд Худалдагч тал үл маргах журмаар гэрээг дангаар дуусгавар болгож, дараагийн Захиалагчид шилжүүлэх эрхийг худалдагч эдэлнэ, 4.4-т Худалдан авагч нь гэрээний үүргээ биелүүлээгүй эсвэл зохих ёсоор биелүүлээгүй бол Худалдан тал гэрээг дангаар дуусгавар болгож, мэдэгдэл гаргаснаар 14 хоногийн дараа үл маргах журмаар байрыг эргүүлэн авна, 5.7-д Худалдан авагчийн буруугаас гэрээ дуусгавар болсон, худалдагч тал гэрээг дангаар дуусгавар болгосон бол энэхүү гэрээнд заасны дагуу алданги, торгууль, төлбөрийг худалдагчид төлсөн гэрээний төлбөрөөс үл маргах журмаар суутгах ба Худалдагч талын мэдэгдлийг хүлээн авснаас 14 хоногийн дотор үл маргах журмаар байрыг суллан нүүх үүрэгтэй гэж тус тус заасан бөгөөд нэхэмжлэгч нь гэрээний үүргээ биелүүлэхийг шаардсаар ирсэн.
4.3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн 12.4-т хэрэгт авагдсан баримтаар БНХАУ-ын иргэн Ч.С.М нь хариуцагчтай 2018 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр байгуулагдсан 180924-01 дугаартай Орон сууц худалдах, худалдан авах гэрээнээс татгалзсан, гэрээг цуцалсан, дуусгавар болгосон үйл баримт тогтоогдоогүй, энэ талаар нотлох баримт авагдаагүй гэж дурджээ. Иргэний хуулийн 204 дүгээр зүйлийн 204.1 дэх хэсэгт Аль нэг тал гэрээнээс татгалзах бол энэ тухай нөгөө талдаа мэдэгдэнэ гэж заасан бөгөөд үүнд заавал бичгээр мэдэгдэх хуулийн шаардлага тавигдаагүй бөгөөд талуудын хооронд байгуулсан гэрээний үүргээс татгалзаж байгаа талаар мэдэгдсэн нь өөрийн компанид нягтлан бодогчоор ажиллаж байсан Н.Ө-ын хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс Ч.С.М-ийнхувьд Н-д холбогдуулан байр чөлөөлж өгөх агуулга бүхий бичгийн баримт өгсөн үйл баримт сонсож байсан уу гэх асуултад бичгийн баримт гэхээсээ илүү бид нар утсаар холбогдож оффист дуудаж, гэрт нь очиж уулзсан. Шуудангаар мэдэгдэл явуулахад хүн байхгүй байна гээд буцаалт ирж байсан гэх мэдүүлгээр тогтоогддог.
Мөн нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 62 дугаар зүйлийн 62.3, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1, 35 дугаар зүйлийн 35.1 дэх хэсэгт заасныг тус тус үндэслэн итгэмжлэлд дурдсан бүрэн эрхийг төлөөлөгчид олгосон. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь өөрт олгогдсон бүрэн эрхийг хэрэгжүүлж, нэхэмжлэлийн шаардлагыг өөрчлөх замаар гэрээнээс татгалзаж байгаагаа илэрхийлсэн бөгөөд өөрчилсөн нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч тал гардан авсан. Гэрээнээс татгалзах эрхийг шүүхэд нэхэмжлэл гаргахаас өмнө мэдэгдэх талаар хуулийн тусгайлсан шаардлага байхгүй бөгөөд шүүхээр дамжуулан гэрээнээс татгалзаж байгаа нэхэмжлэлийн шаардлага байсаар атал анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагад дүгнэлт хийгээгүй.
4.4. Түүнчлэн хариуцагч тал гэрээний үүргийг зөрчсөн, гэрээний хугацаа дуусгавар болж, хэрэг маргаан шүүхийн шатанд хэлэлцэгдэж байх явцад буюу 2024 оны 02 дугаар сарын 01-ний өдөр гэрээний үүрэгт хамааруулж төлбөр төлсөн хариуцагчийн үйлдэлд дүн шинжилгээ хийгээгүй. Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1 дэх хэсэгт заасан үүргийг тогтоосон газар, хугацаанд нь, зохих ёсоор, шударгаар гүйцэтгэх хуулийн зарчим хэрэгжээгүй атал хариуцагчийн зүй бус үйлдлийг зөвтгөн Иргэний хуулийн 112 дугаар зүйлийн 112.1 дэх хэсэгт зааснаар өмчлөх эрхтэй хэмээн дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлгүй.
4.5. Нэхэмжлэгчийн зүгээс 2024 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр шүүхэд нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж олох ёстой байсан хүүгийн орлого 18,784,391 төгрөг, орон сууцны түрээсийн төлбөр 29,520,000 төгрөг, нийт 48,304,391 төгрөг гаргуулахаар нэмэгдүүлсэн шаардлага гаргасан. Талуудын хооронд байгуулсан гэрээний хугацаа 2021 оны 12 дугаар сарын 29-ний өдөр эсвэл анхан шатны шүүхийн дүгнэсэн шиг 2022 оны 03 дугаар сарын 24-ний өдөр дуусгавар болохоор байсан ч түрээсийн төлбөр тооцох хугацаа нийт 11 cap байх боломжгүй.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь ханган шийдвэрлэж өгнө үү.
4.6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2 дахь хэсэгт хэргийн нотлох баримт нь гэрчийн мэдүүлгээр тогтоогдоно гэж хуульчилсан. Гэрчийн мэдүүлгээр сарын 1,200,000 төгрөгөөр Хятад Улсын иргэдэд түрээслэх гэж байсан үйл баримтыг дэлгэрэнгүй хэлдэг. Орон сууцанд хүн байсан учраас түрээсийн гэрээг хийх боломжгүй байсан. Орон сууцаа чөлөөлөх эсхүл төлбөрөө төлөх талаар удаа дараа шаардсан ч орон сууцнаас гараагүй үйл баримтыг гэрч хангалттай мэдүүлдэг.
Иймд хариуцагчийн давж заалдах гомдол үндэслэлгүй гэжээ.
5. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол, тайлбарын агуулга:
5.1. Анхан шатны шүүх Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3 дахь хэсгийг үндэслэн нэхэмжлэгчийг ...орон сууцны өмчлөлтэй холбоотой маргааныг шийдвэрлэх хүртэлх хугацааны олох ёстой байсан орлого буюу түрээсийн төлбөрийг шаардах эрхтэй гэж үзэж 11 сарын хугацааны түрээсийн төлбөрт 13,200,000 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн дээрх зүйл, хэсгийг буруу хэрэглэж үндэслэл бүхий бус шийдвэрлэсэн гэж үзэхээр байх тул давж заалдах журмаар гомдол гаргаж байна.
Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3 дахь хэсэгт ...үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгэсэн бол үүрэг гүйцэтгүүлэгчид зайлшгүй орох байсан орлогыг хохиролд тооцно гэж үүрэг зөрчсөнөөс үүсэх хариуцлагыг журамлан зохицуулсан. Өөрөөр хэлбэл, журмын зохицуулалт нь нөхөн төлж болох хохирол, түүнчлэн үүрэг гүйцэтгэлтэй хамааралтай ажил, эсхүл бие даасан үйл ажиллагаанаас үл хамааран үүрэг гүйцэтгүүлэгчийн гарцаагүй олох ёстой байсан орлогыг нөхөн төлүүлэхтэй холбоотой үүссэн хохирлыг нөхөн төлүүлэх хариуцлагын механизм юм. Нэхэмжлэгч тал орон сууцыг сарын 1,200,000 төгрөгөөр тооцож, 24 cap 18 хоногт 29,500,000 төгрөгийг гарцаагүй түрээсээр олох ёстой байсан гэх үйл баримт, тайлбараа шүүхэд баримтаар гаргаж чадаагүй. Гэтэл анхан шатны шүүх нэхэмжлэгч нь орон сууцны 1 сарын түрээсийн төлбөрийг 1,200,000 төгрөгөөр тооцон шаардсаныг хариуцагч нь баримтаар үгүйсгэж няцаагаагүй гэж дүгнэсэн нь ойлгомжгүй байна. Нотолгооны зарчимд нэг талын баримтаар гаргасан үйл баримт, гэм бурууг үгүйсгэж буй тал мөн баримтаар няцаалт хийх замаар мэтгэлцэх зарчмаа хэрэгжүүлэх боломжтой байдаг. Нэхэмжлэгч тал орон сууцыг 1 сарын 1,200,000 төгрөгөөр түрээслүүлэх боломжтой байсан гэх тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар шүүхэд гаргасан өөрийн шаардлагын үндэс болж байгаа байдлын талаарх баримтаа шүүхэд гаргаж өгөх замаар хөдөлшгүй нотолж чадаагүй болно.
Иймээс хариуцагчийг баримтаар тухайн асуудлыг үгүйсгэж няцаагаагүй гэх анхан шатны дүгнэлт ойлгомжгүй бөгөөд хариуцагчийг буруутган дүгнэх үндэслэлгүй тул орон сууцны түрээсийн төлбөрийг 1 сарын 1,200,000 төгрөгөөр тооцож, 11 сарын түрээсийн төлбөрийг хариуцагч талаас гаргуулахаар шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр нь үндэслэл бүхий болж чадаагүй гэж үзэхээр байна. Нотлох баримтад тулгуурлаж гарсан шүүхийн шийдвэр үндэслэл бүхий болдог.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийн зарим хэсгийг хүчингүй болгож, үндсэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.
5.2. Хариуцагч Б.Н- нь 2018 оны 06 дугаар сарын 09-ний өдөр олон нийтийн цахим сүлжээний зарын дагуу БНХАУ-ын иргэн Ч.С.М , А.П.Г ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.А-д нартай уулзаж худалдаж авахаар тохиролцсон бөгөөд улсын комисс барилгыг хүлээж авсан, өмчлөх эрхийн гэрчилгээ гараагүй учраас орон сууц захиалан бариулах гэрээний эрх зүйн харилцааг үүсгэхээр харилцан тохиролцсон. Урьдчилгаанд 10,000,000 төгрөг, үлдсэн үнийн дүнг 42 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тохиролцсон. Нийслэлийн улсын бүртгэлийн газраас 2018 оны 05 дугаар сарын 08-ны өдөр үл хөдлөх эд хөрөнгийг БНХАУ-ын иргэн Ч.С.М -д нэг иргэний өмчлөлөөр бүртгэл хийсэн. А.П.Г ХХК нь өөрийн өмчлөх эрхгүй үл хөдлөх эд хөрөнгө дээр Орон сууц захиалан бариулах гэрээ байгуулсан хууль зүйн үр дагаврыг үүсгэсэн. Уг нөхцөл байдлыг мэдсэний дараа Б.Н- нь БНХАУ-ын иргэн Ч.С.М -тэй 2018 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр Орон сууц худалдах, худалдан авах гэрээг бичгээр байгуулж, нотариатаар гэрчлүүлсэн. Гэрээний нөхцөл, агуулга нь орон сууц захиалан бариулах гэрээтэй ижил бөгөөд гэрээний хавсралт 1 гэж дурддаг хэдий ч гэрээнд тийм агуулга байхгүй. 42 сарын хугацаанд үлдэгдэл 81,000,000 төгрөгийг төлөх нөхцөлтэй хийгдсэн.
Б.Н- нь 32,626,000 төгрөгийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг биелүүлж байсан боловч Ковид-19 цар тахал Монгол Улсад илэрсэнтэй холбоотой гэрээний үүргээ биелүүлэх боломжгүй болсон.
Улмаар нэхэмжлэгч тухайн гэрээг цуцлагдсан гэж үзэж шүүхэд орон сууц албадан чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Гэрээг цуцлах, орон сууц чөлөөлөх нөхцөлийг гэрээнд оролцогч талууд Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт зааснаар чөлөөт байдлаар тодорхойлсон. Гагцхүү мэдэгдэл гаргаснаас хойш үл маргах журмаар орон сууцыг хүлээлгэж өгөх үүргийг Б.Н- хүлээсэн. Гэтэл нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь 2022 оны 08 дугаар сарын 24-ний өдөр БНХАУ-ын Консулын газраас итгэмжлэл авсан бөгөөд итгэмжлэлд гэрээг цуцлах, гэрээний харилцааг өөрчлөх, дуусгавар болгох эрхүүдийг олгоогүй. Бидний зүгээс гэрээ цуцлагдаагүй учраас гэрээний үүргээ биелүүлнэ гэж маргадаг.
Иймд нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдол үндэслэлгүй тул хангахгүй орхиж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх хэргийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар зохигчийн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянан үзээд, гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэв.
2. Нэхэмжлэгч Ч.С.М нь хариуцагч Б.Н-д холбогдуулан худалдах, худалдан авах гэрээнээс татгалзаж, орон сууц албадан чөлөөлүүлэх, хүүгийн төлбөр 18,784,391 төгрөг, хохирол 29,520,000 төгрөг, нийт 48,304,391 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэл гаргаж маргажээ.
3. Ч.С.М болон Б.Н- нарын хооронд 2018 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр Орон сууц худалдах, худалдан авах гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр худалдагч Ч.С.М нь эрхийн улсын бүртгэлийн *** дугаартай, Баянзүрх дүүрэг, **дугаар хороо, ** дугаар хороолол, ** байр, ** тоот хаягтай, 59,24 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцыг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх, худалдан авагч Б.Н- нь орон сууцны үнэ 91,822,000 төгрөгийг урьдчилгаа 10,000,000 төгрөгийг 2018 оны 06 дугаар сарын 29-ний өдөр төлж, үлдэх 81,822,000 төгрөгийг худалдагч талаас 42 сарын хугацаатай зээл авсан гэсэн нөхцөлийг харилцан тохиролцжээ.
3.1. Дээрх харилцааг нэхэмжлэгч тал зээлээр худалдах, худалдан авах гэрээ гэж, хариуцагч тал худалдах, худалдан авах гэрээ гэж тус тус маргасан байх ба анхан шатны шүүх уг харилцааг худалдах, худалдан авах гэрээ гэж дүгнэхдээ талуудын хүсэл зоригийн илэрхийллийг зөв тогтоож чадаагүй байна.
а. Б.Н- нь дээрх гэрээг байгуулахын өмнө 2018 оны 06 дугаар сарын 29-ний өдөр А.П.Г ХХК-тай Орон сууц захиалан бариулах гэрээг байгуулж, дээрх орон сууцыг 91,822,000 төгрөгөөр захиалж, урьдчилгаа 10,000,000 төгрөгийг гэрээ байгуулсан өдөр төлөх, үлдэгдэл төлбөр 81,822,000 төгрөгийг жилийн 12 хувийн хүүтэй, 42 сарын хугацаанд сар бүр 2,395,390.27 төгрөг төлөх нөхцөлийг тохирчээ.
б. Уг гэрээ байгуулсан өдөр Б.Н- нь урьдчилгаа 10,000,000 төгрөгийг төлж, орон сууцыг эзэмшилдээ шилжүүлэн авсан байна.
в. Түүнчлэн Б.Н- нь 2018 оны 08 дугаар сарын 07-ны өдрөөс эхлэн гэрээний төлбөрийг Ч.С.М -ийн дансанд болон А.П.Г ХХК-ийн касст төлж 2021 оны 06 дугаар сарын 12-ны өдрийг хүртэл хугацаанд нийт 42,626,000 төгрөг төлжээ.
г. Орон сууц захиалан бариулах гэрээний 9.1-д Байрны үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ гаргуулсан байгаа тул гүйцэтгэгч тал нь үл хөдлөх эзэмшигч БНХАУ-ын иргэн Ч.С.М -ийг итгэмжлэн захиалагч талтай орон сууц худалдах, худалдан авах гэрээг нөхөн байгуулж нотариатаар баталгаажуулна" гэж заажээ.
д. Хариуцагчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт 2018 оны 06 дугаар сарын 29-ний өдөр А.П.Г ХХК-ийн цахим сүлжээнд тавьсан орон сууц зээлийн нөхцөлтэй худалдана гэсэн зарын дагуу захирал Д.А , БНХАУ-ын иргэн Ч.С.М нартай биечилж уулзаад маргаан бүхий орон сууцыг худалдаж авахаар тохирсон. Орон сууц захиалан бариулах гэрээ байгуулж, орон сууцыг 91,822,000 төгрөгөөр тохиролцож, Ч.С.М -ээс худалдан авсан. Дээрх төлбөрөөс гэрээ хийгдмэгц 10,000,000 төгрөгийг төлж, үлдэх 81,822,000 төгрөгийг 2018 оны 07 дугаар сарын 29-ний өдрөөс 2021 оны 12 дугаар сарын 29-ний өдрийг хүртэл нийт 42 сарын хугацаанд сар бүр 2,395,390.27 төгрөгийг Ч.С.М -д төлөхөөр тохиролцсон гэжээ.
3.2. Иргэний хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1 дэх хэсэгт Хүсэл зоригийн агуулгыг тайлбарлахдаа үгийн шууд утгыг анхаарна, 41.2 дахь хэсэгт Хүсэл зоригийн илэрхийллийн утга ойлгомжгүй бол хүсэл зоригоо илэрхийлэгчийн хэрэгцээ, шаардлага, үг болон үйлдэл, эс үйлдэхүй, бусад нөхцөл, байдалд дүн шинжилгээ хийх замаар тайлбарлана гэж заасан.
а. Дээрх 2 гэрээний агуулга, талуудын эрх, үүрэг, гэрээ хэрэгжсэн байдал зэргийг харьцуулахад, тус 2 гэрээ нь өөр хоорондоо холбоотой хийгдсэн, Ч.С.М , Б.Н- нар нь 2018 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр Орон сууц худалдах, худалдан авах гэрээг байгуулахдаа өмнөх Орон сууц захиалан бариулах гэрээний нөхцөл, хэрэгжилтийг хүлээн зөвшөөрч уг үүргийн үргэлжлэл байдлаар Орон сууц худалдах, худалдан авах гэрээг байгуулсан гэж дүгнэх үндэслэлтэй байна.
б. Гэтэл анхан шатны шүүх зохигчийн маргаагүй асуудлаар орон сууцыг өмчлөх эрхгүй этгээд А.П.Г ХХК нь уг орон сууцыг худалдахаар иргэн Б.Н-тай Орон сууц захиалан бариулах гэрээг байгуулсан гэж дүгнэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэгт Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг мэтгэлцэх үндсэн дээр хэрэгжүүлнэ, 6.3 дахь хэсэгт Зохигч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч нь хэргийн үйл баримт, гэм буруу байгаа эсэхийг нотлох буюу үгүйсгэх замаар мэтгэлцэнэ гэж тус тус заасантай нийцээгүй.
в. Түүнчлэн талууд Орон сууц худалдах, худалдан авах гэрээний 2.3-т урьдчилгаа 10,000,000 төгрөг төлөх хугацааг 2018.06.29 гэж, үлдэх 81,822,000 төгрөгийг Худалдагч талаас 42 сарын зээл авсан гэж өмнө байгуулсан Орон сууц захиалан бариулах гэрээний нөхцөлийг зааж харилцан тохиролцсон, хариуцагч Б.Н-ас ...үлдэх 81,822,000 төгрөгийг 2018 оны 07 дугаар сарын 29-ний өдрөөс 2021 оны 12 дугаар сарын 29-ний өдрийг хүртэл нийт 42 сарын хугацаанд сар бүр 2,395,390.27 төгрөгийг Ч.С.М -д төлөхөөр тохиролцсон талаар тайлбар гаргасан, мөн Орон сууц захиалан бариулах гэрээ, түүний хавсралтыг шүүхэд нотлох баримтаар ирүүлсэн (хэргийн 1 дэх хавтас 47, 179-183 дахь тал) байхад шүүх гэрээнд дурдсан Хавсралт 1 гэх баримтыг үйлдсэн болох нь баримтаар тогтоогдоогүй ... тухайн орон сууцыг өмчлөх эрхгүй этгээдийн хийсэн гэрээ, түүний хавсралт баримтыг үндэслэн талуудын хооронд зээлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан гэж дүгнэх үндэслэлгүй гэж дүгнэсэн нь нотлох баримтыг тал бүрээс нь харьцуулан үзэж хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлэх журмыг зөрчсөн байна.
3.3. Нэг талаас худалдагч Ч.С.М нь худалдан авагч үнийг төлөхөөс өмнө орон сууцыг шилжүүлэх, нөгөө талаас худалдан авагч Б.Н- нь урьдчилгаа 10,000,000 төгрөгийг төлж, үлдэгдэл төлбөр 81,822,000 төгрөгийг жилийн 12 хувийн хүүтэй, 42 сарын хугацаанд сар бүр 2,395,390.27 төгрөг төлөхөөр тус тус харилцан тохиролцсоныг тэдгээрийг хооронд Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1 дэх хэсэгт заасан зээлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан гэж дүгнэнэ. Уг гэрээ хүчин төгөлдөр байна.
4. Дээрх гэрээгээр хариуцагч нь 2021 оны 12 дугаар сарын 29-ний өдрийг хүртэл хугацаанд сар бүр 2,395,390.27 төгрөг төлөх үүрэг хүлээсэн бөгөөд тэрээр 2021 оны 06 дугаар сарын 12-ны өдрийг хүртэл хугацаанд нийт 42,626,000 төгрөг, мөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу 2024 оны 02 дугаар сарын 01-ний өдөр 49,196,000 төгрөгийг нэхэмжлэгчийн дансанд шилжүүлсэн үйл баримтыг анхан шатны шүүх зөв тогтоожээ.
Хариуцагч нь Ковид-19 цар тахлын улмаас санхүүгийн хямралд орсон, түүний эрхэлдэг том оврын тээврийн хэрэгслийн худалдааны зуучлалын үйл ажиллагаа хаагдсанаас шалтгаалан нэхэмжлэгчийн өмнө хүлээсэн үүргээ зохих ёсоор гүйцэтгэх боломжгүй болсон гэж тайлбарласан нь үндэслэлтэй. Учир нь, Коронавируст халдвар /ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хууль 2020 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр батлагдаж 2022 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд үйлчилсэн бөгөөд уг хугацаанд Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 178 дугаар тогтоолоор гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлж, уг арга хэмжээ 2021 оны 05 дугаар сарын 08-ны өдрийг хүртэл хугацаанд үргэлжилсэн, түүнчлэн 2021 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 115 дугаар тогтоолоор уг хугацаанаас эхлэн өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлж 2022 оны 02 дугаар сарын 14-ний өдрөөр цуцлагдсан үйл баримт нийтэд илэрхий болно.
Иймээс хариуцагч нь давагдашгүй хүчний шинжтэй нөхцөл байдлын улмаас гэрээнд заасан үүргээ хугацаанд нь биелүүлээгүй байх тул түүнийг Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.2 дахь хэсэгт зааснаар хугацаа хэтрүүлсэн гэж үзэхгүй. Энэ тохиолдолд нэхэмжлэгч нь гэрээний үүрэг зөрчсөн үндэслэлээр гэрээнээс татгалзах, үүний үр дагаварт орон сууцыг албадан чөлөөлүүлэх, мөн хохирол 29,520,000 төгрөгийг төлүүлэхээр хариуцагчаас шаардсан нь үндэслэлгүй байна.
5. Харин хариуцагч нь зээлээр худалдах, худалдан авах гэрээний хавсралтад зааснаар жилийн 12 хувийн хүүнд нийт 18,784,391 төгрөг төлөх үүрэгтэй тул нэхэмжлэгч нь хариуцагчаас хүүний төлбөрт 18,784,391 төгрөг гаргуулахаар шаардсан нь Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1 дэх хэсэгт заасантай нийцжээ. Иймд хариуцагчаас 18,784,391 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй ба ийнхүү нэхэмжлэгчийн нэхэмжлэлээс тус шаардлагыг хангаж шийдвэрлэсэнтэй холбоотойгоор, түүнчлэн хариуцагч нь гэрээнд заасан орон сууцны үнэ 91,822,000 төгрөгийг төлсөн байх тул түүнийг орон сууцны өмчлөгчөөр тогтоож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдлийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.
6. Дээрх үндэслэлээр зохигч талуудын гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний болон нэхэмжлэгчийн нэхэмжлэлээс хохирол 13,200,000 төгрөгт холбогдох хэсгийг хангасныг хэрэгсэхгүй болгож, харин хүүний төлбөр 18,784,391 төгрөг гаргуулах хэсгийг хангасан агуулга бүхий өөрчлөлт оруулж, үүнтэй холбоотойгоор улсын тэмдэгтийн хуваарилалтыг өөрчлөх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 101/ШШ2024/00937 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн
1 дэх заалтыг Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1, 205 дугаар зүйлийн 205.1, 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Б.Н-ас хүүний төлбөрт 18,784,391 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч БНХАУ-ын иргэн Ч.С.М -д олгож, хариуцагч Б.Н-г эрхийн улсын бүртгэлийн *** дугаартай, Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 16 дугаар хороо, 16 дугаар хороолол /13321/, Дандарбаатарын гудамж, ** байр, 41 тоот хаягт байрлах, 59,24 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлээс орон сууц худалдах, худалдан авах гэрээнээс татгалзаж, орон сууц албадан чөлөөлүүлэх, хохирол 29,520,000 гаргуулах хэсгийг хэрэгсэхгүй болгосугай гэж өөрчлөн найруулж,
2 дахь заалтад 223,950 гэснийг 251,872 гэж өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 858,582 төгрөгийг, хариуцагчаас төлсөн 447,900 төгрөгийг тус тус шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ЭНЭБИШ
ШҮҮГЧИД Д.НЯМБАЗАР
Д.ЗОЛЗАЯА