Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 06 сарын 19 өдөр

Дугаар 54

 

Б.А-, Б.Ц- нарт

холбогдох эрүүгийн хэргийн тухай

Хэргийн индекс: 166/2019/0153/Э

Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Б.Манлайбаатар даргалж, шүүгч Ц.Амаржаргал, Ц.Туяа нарын бүрэлдэхүүнтэй

Шүүх хуралдаанд:          

Прокурор                                      Б.Сүрмандах

Шүүгдэгч                                       Б.Ц-, Б.А-

Шүүгдэгч нарын өмгөөлөгч         П.Батжаргал

Нарийн бичгийн дарга                 Г.Чойном нарыг оролцуулан

              Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 152 дугаар шийтгэх тогтоолтой, Б-ийн Ц-, Б-ын А- нарт холбогдох, 1918000170104 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгч Б.А-, Б.Ц- нарын өмгөөлөгч П.Батжаргалын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн 2019 оны 05 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, шүүгч Ц.Туяагийн танилцуулснаар  хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, урьд ял шийтгүүлж байгаагүй,  хэрэг хариуцах чадвартай, ********** регистрийн дугаартай, Х- Б-ийн Ц-.,

Монгол Улсын иргэн, урьд нь 2018 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2.д зааснаар 250 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлж байсан,  хэрэг хариуцах чадвартай, ********** регистрийн дугаартай, Харчин Б-ын А-.

Шүүгдэгч Б.Ц-, Б.А- нар нь бүлэглэн 2018 оны 12 дугаар сарын 26-ны өдөр Дархан сумын 8-р багт үйл ажиллагаа явуулдаг “Угалз" нэртэй дэлгүүрт орж  худалдагчаар ажиллаж байсан И.Э-ыг айлган сүрдүүлж, хүч хэрэглэхээр заналхийлж 2.300 төгрөгийн эд зүйл, бэлэн 20.000 төгрөг авсан гэмт хэрэгт холбогджээ.

Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2019 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 152 дугаар шийтгэх тогтоолоор:

Шүүгдэгч Х- Б-ийн Ц-, Харчин Б-ын А- нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1.т заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2.т заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3.т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2.т зааснаар шүүгдэгч Б.Ц-, Б.А- нарыг тус бүрийг 1 /нэг/ жил 1 /нэг/ сар хорих ялаар шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4.д зааснаар шүүгдэгч Б.Ц-, Б.А- нарт оногдуулсан 1 жил 1 сар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх,

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн ирсэн камерын бичлэг бүхий СD-г хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт үлдээж, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гарах зардалгүй болохыг дурдаж,

Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдаж,

Шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Ц-, Б.А- нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн цагдан хорьж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Б.А-, Б.Ц- нарын өмгөөлөгч П.Батжаргал давж заалдах гомдолдоо:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 1.1., 1.2.т заасан нотлох баримт болох хохирогч, шүүгдэгчийн мэдүүлэг, дүрсний бичлэг хэрэгт авагдсан.

Гэтэл хавтаст хэрэгт авагдсан ...жижиг нь намайг амралтын өрөөнд байхад мөнгө өг хэрэв өгөхгүй бол би чамайг ална шүү гээд хэвлий хэсэг рүү нэг удаа гараараа  цохьсон... гэх хохирогчийн мэдүүлэг /XX-13-14/, би арын өрөөнөөс гарах гэхэд Б.Ц- намайг түлхээд, хэвлий рүү цохихоор нь түлхээд дэлгүүрийнхээ камертай хэсэгт гарч ирэхэд энэ хоёр араас гарч ирээд дахиад архи хундагалж өг гээд  байсан... гэсэн хэрэгт авагдаагүй атлаа шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн /шүүх хуралдааны тэмдэглэлийн 5 дахь тал/мэдүүлгийг хавтаст хэрэгт авагдсан дэлгүүрийн камерийн бичлэгтэй харьцуулан үзэхэд хохирогч үнэн зөв мэдүүлэг өгсөн эсэх нь эргэлзээтэй байна.

Хэрэг учрал болсон газрын камерийн бичлэгт шүүгдэгч Б.Ц-, Б.А- нар дэлгүүрт архи ууж, танхайрч байгаа нь бичигдсэн байх боловч хохирогч руу хүч хэрэглэн довтолж байгаа байдал огт харагдахгүй байгаа ба ийм нотлох баримт хэрэгт авагдаагүй шүүх хуралдаанаар ч хэлэлцэгдээгүй.

Дэлгүүрийн арын өрөөнөөс хохирогч И.Э- кармандаа гараа хийчихсэн, өөрөөр хэлбэл зугтсан, тэмцэлдсэн, цохиулсан шинжгүй тайван байдалтай гарч ирж байгаа бичлэг нь түүний “би арын өрөөнөөс гарах гэхэд Б.Ц- намайг түлхээд, хэвлий рүү цохихоор нь түлхээд дэлгүүрийнхээ камертай хэсэгт гарч ирэхэд...” гэх мэдүүлгийг эргэлзээтэй болгож байна.

Түүнчлэн шүүгдэгч нарын үйлдлийн аль нь Зөрчлийн тухай хуульд заасан танхайн үйлдэл болох, аль нь дээрмийн гэмт хэргийн шинжийг хангаж байгаа талаар анхан шатны шүүх дүгнэлт хийгээгүй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 3.т хэсэгт мэдүүлэг өгөгч мэдүүлгийнхээ эх сурвалжийг зааж чадаагүй бол тухайн мэдүүлэг нь дангаараа нотлох баримт болохгүй гэж заасан. Гэтэл анхан шатны шүүх дүрс бичлэгээр үгүйсгэгддэг хохирогчийн мэдүүлгийг үндэслэн шүүгдэгч нарыг хүч хэрэглэхээр заналхийлж авахаар довтолсон” гэж дүгнэж, дээрэмдэх гэмт хэргийг хүндрүүлж зүйлчилсэн нь шүүгдэгч нарын эрх зүйн байдлыг дордуулсан.

Өөрөөр хэлбэл анхан шатны шүүх нь камерийн бичлэгийг хохирогчийн мэдүүүлэгтэй харьцуулалгүйгээр, мэдүүлгийг дангаар нь үнэлсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлд зааснаар нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар үнэлэх, дүрсний бичлэгтэй харьцуулах, нотлох баримтын эх сурвалжийг магадлах аргаар нотлох баримтыг шалгах үнэлэх хуулийн шаардлагыг зөрчсөн.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, шүүгдэгч Б.Ц-, Б.А- нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1.д зааснаар зүйлчилж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1.т заасныг журамлан хорих ял оногдуулалгүйгээр тэнсэж өгнө үү.., давж заалдах шатны шүүх хуралдаанд Б.Ц-, Б.А- нарыг биечлэн оролцуулж өгнө үү гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч Б.Ц-, Б.А- нарын өмгөөлөгч П.Батжаргал тайлбартаа:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 3.т “мэдүүлэг өгөгч мэдүүлгийнхээ эх сурвалжийг зааж чадаагүй бол тухайн мэдүүлэг нь дангаараа нотлох баримт болохгүй” гэж заасан. Гэтэл анхан шатны шүүх дүрс бичлэгээр үгүйсгэгддэг хохирогчийн мэдүүлгийг үндэслэн “шүүгдэгч нарыг хүч хэрэглэхээр заналхийлж авахаар довтолсон” гэж дүгнэж, дээрэмдэх гэмт хэргийг хүндрүүлж зүйлчилсэн нь шүүгдэгч нарын эрх зүйн байдлыг дордуулсан. Өөрөөр хэлбэл анхан шатны шүүх камерийн бичлэгийг хохирогчийн мэдүүлэгтэй харьцуулалгүйгээр, мэдүүлгийг дангаар үнэлсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлд зааснаар нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар үнэлэх, дүрсний бичлэгтэй харьцуулах, нотлох баримтын эх сурвалжийг магадлах аргаар нотлох баримтыг шалгах үнэлэх хуулийн шаардлагыг зөрчсөн. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, шүүгдэгч Б.Ц-, Б.А- нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1.д зааснаар зүйлчилж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1.т заасныг журамлан хорих ял оногдуулалгүйгээр тэнсэж өгнө үү гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч Б.А- Б.Ц- нар тайлбартаа:

Үйлдсэн хэрэгтээ гэмшиж байна гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Б.Сүрмандах дүгнэлтдээ:

Шийтгэх тогтоол үндэслэлтэй гарсан.,

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Дархан-Уул аймгийн Прокуророос шүүгдэгч Б.Ц-, Б.А- нарыг нь бүлэглэн 2018 оны 12 дугаар сарын 26-ны өдөр Дархан сумын 8-р багт үйл ажиллагаа явуулдаг “Угалз" нэртэй дэлгүүрт орж худалдагч И.Э-ыг айлган сүрдүүлж, хүч хэрэглэхээр заналхийлж 2300 төгрөгийн үнэтэй нэг удаагийн аяга, бэлэн 20.000 төгрөг дээрэмдэж авсан гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1.т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2.т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн бөгөөд анхан шатны шүүх тэднийг дээрх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3.т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2.т зааснаар шүүгдэгч нарыг 1 /нэг/ жил 1 /нэг/ сар хорих ялаар шийтгэж, ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4.д зааснаар ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн байна.

Хэрэгт авагдсан нотлох баримт болон тухайн үед болсон үйл баримтаас үзвэл  шүүгдэгч Б.Ц-, Б.А- нар нь 2018 оны 12 дугаар сарын 26-ны өдөр Дархан сумын 8-р багийн нутаг дэвсгэр шүүгдэгч Б.А-ын амьдардаг байрны   гадаа архи ууж байгаад ууж байсан хагас шил архиа авч тэр байранд нь үйл ажиллагаа явуулдаг “Угалз" нэртэй дэлгүүрт орж  худалдагч  И.Э-аас  2100 төгрөгийн үнэтэй жижиг савтай үзэмний шүүс, 100 төгрөгийн үнэтэй  нэг удаагийн 2 цаасан аяга авч худалдагчийн зөвшөөрөлгүй дэлгүүрийн арын өрөөнд орж  архиа ууж, худалдагчаар архи хундаглуулсан., дараа нь худалдагч тэднийг яв гэхэд нь явахгүй  шоронд байсан энэ тэр гэж юм яриад айлгаж сүрдүүлж бэлэн 20.000 төгрөг өгчих гэж хэлэхэд нь худалдагч тэдэнд 20.000 төгрөг өгсөн үйл баримт болжээ.

Энэ нь хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримт болох  шүүгдэгч Б.Ц-гийн ...Б.А-ын гэрийн гадаа бид 2 архи ууж байгаад дэлгүүрт орсон., урьд зүс мэдэх залуу байна уу гэтэл танихгүй залуу худалдагч хийж байсан., бид 2 тал шил архиа аваад дэлгүүрийн арын өрөөнд орох замдаа худалдагчаас жижиг ундаа, аяга  авсан., энэ үед Б.А- ах нь энэ байранд олон жил амьдарч байна., гэх мэтээр юм ярьж байгаад дараа буцаагаад өгье 20.000 төгрөг өгчих гэсэн чинь өгсөн., зодож, хүч хэрэглээгүй... гэсэн мэдүүлэг,

Шүүгдэгч Б.А-ын өгсөн ... тэр өдөр манай байрны гадаа бид 2 архи ууж байгаад дэлгүүрт аяга авахаар орсон., дэлгүүрт урьд зүс мэдэх залуу байна уу гэтэл танихгүй залуу худалдагч хийж байсан., бид 2 тал шил архиа худалдагчид өгөөд дэлгүүрийн арын өрөөнд орох замдаа худалдагчийг ахдаа нэг хийгээд өгчих гэсэн ., тэр үед  худалдагч та 2 ингэж болохгүй гар гэж хэлсэн., гарахдаа 40.000 төгрөг өгчих гэсэн чинь 20.000 төгрөг өгсөн  мөн нэг жижиг ундаа, 2 цаасан аяга авсан.,  маш их гэмшиж байна ... гэсэн мэдүүлэг,

Хохирогч  И.Э-ын өгсөн  ..Би эгчийн дэлгүүрт тэр өдөр худалдагч хийж байтал гаднаас 2 согтуу залуу архи барьж орж ирээд 2 ширхэг цаасан аяга авсан.,  тэгээд нэг нь өмнө нь би орж ирэхэд чи их соёлгүй байсан шүү гээд байсан., би дуугараагүй., Архиа лангуун дээр тавихаар нь би  аваад гар хэлсэн., гэтэл том биетэй нь би цагдаа гээд байсан., тэгээд  шууд арын өрөөнд ороод гарахгүй 40.000 төгрөг өгчих гэхээр нь байхгүй гэтэл элдэв юм яриад байхаар нь тэднийг гаргахын түүс болоод 20.000 төгрөг өгсөн., Тэгж байтал Оюун эгч ирээд хөөгөөд гаргасан.,  арын өрөөнд намайг нэг нь гэдэс рүү цохисон... гэсэн мэдүүлэг болон хэргийн газарт хийсэн үзлэг, тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, эд зүйлд үнэлгээ тогтоосон дүгнэлт, камерийн бичлэг зэргээр нотлогдож тогтоогдсон байна.

Хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал болсон үйл баримтаас үзвэл шүүгдэгч нарын үйлдэл бусдын эд хөрөнгийг  авахын тулд хүч хэрэглэж, эрх чөлөөнд нь халдаж довтолж дээрэмдсэн гэмт хэргийн шинжгүй харин үйл баримтаас үзвэл тэд архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ олон нийтийн газар болох  дэлгүүрт орж, худалдагчийн болон үйлчлүүлэгчийн амгалан тайван байдлыг алдагдуулж, түүнийг ажлаа хэвийн явуулах, бусдад үйлчлэхэд нь саад болсон өөрөөр хэлбэл тэдний үйлдэл нь  нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж, аж ахуйн нэгж, байгууллагын хэвийн үйл ажиллагаа, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан гэмт хэргийн шинжийг агуулсан байна.

Мөн хэрэгт нотлох баримтаар хураагдан ирсэн камерийн бичлэгийг давж заалдах шатны шүүх хуралдаан дээр нотлох баримтаар шинжлэн судалж, танилцаад шүүгдэгч нар бусдын эд зүйлийг дээрэмдсэн гэж үзэх нөхцөл байдал байхгүй бөгөөд өөр нотлох баримтгүйгээр тэд камергүй арын өрөөнд хохирогчид хүч хэрэглэж дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэн гэсэн дүгнэлт хийх боломжгүй.

Иймд хэргийн нөхцөл байдал болон болсон үйл баримтанд дүгнэлт хийж шүүгдэгч Б.Ц-, Б.А-  нарт холбогдох хэргийг зүйлчлэлийг өөрчлөн зүйлчилж Эрүүгийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1.т заасан үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж  шүүх бүрэлдэхүүн үзлээ.  

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.1., 39.6 дугаар зүйлийн 1.1., 39.9 дүгээр зүйлийн 1.4., 39.9 дүгээр зүйлийн 2.т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

           1.Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 152 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт:

Дархан-Уул аймгийн Прокуророос шүүгдэгч  Б.Ц-, Б.А- нарыг нь   Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2.т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 болгон өөрчлөн зүйлчилсүгэй ., гэсэн заалт нэмсүгэй.

         2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 1., 2 дугаар  заалтыг :

          - Шүүгдэгч Б-ийн Ц-, Б-ын А- нарыг олон нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж, бусдад хүч хэрэглэж, эд хөрөнгө өмчлөх эрхийг зөрчиж, аж ахуйн нэгж, байгууллагын хэвийн үйл ажиллагаа, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан буюу Эрүүгийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1.т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай гэж.,

          -Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дугаар зүйлд заасныг журамлан шүүгдэгч Б.Ц-, Б.А- нарт Эрүүгийн хуулийн   тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1.д заасан хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнсэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн  7.1 дүгээр зүйлийн 3.,  7.3 дугаар зүйлийн 2.2., 2.5., зааснаар тэднийг архи, согтууруулах  хэрэглэх зуршлаа арилгах,  олон нийтийн газар, бусдын амгалан тайван байдлыг алдагдуулах, дэмий сэлгүүцэх, буруу зан үйл,  дадал, зуршлаа арилгах  албадлагын арга хэмжээ авч, оршин суугаа газраа өөрчлөх,  зорчин явахдаа хяналт тавьж байгаа байгууллагад мэдэгдэх үүрэг хүлээлгэсүгэй..,  гэж  тус тус өөрчилсүгэй.          

       3. Шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт :

        -Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4.д зааснаар шүүгдэгч нар тэнссэн хугацаанд шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн бол тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, хорих ял оногдуулахыг мэдэгдсүгэй... гэсэн заалт нэмж, тогтоох хэсгийн  3 дугаар заалтыг хүчингүй болгож, бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.       

        4.Шүүгдэгч Б.Ц-, Б.А- нарт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авч, нэн даруй сулласугай.

        5.Шүүгдэгч нарын өмгөөлөгч П.Батжаргалын гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авсугай. 

        6.Давж заалдах шатны шүүх хэрэг хянан хэлэлцэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийг ноцтой зөрчсөн  гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

                             ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                 Б.МАНЛАЙБААТАР

                                                                ШҮҮГЧИД                                 Ц.АМАРЖАРГАЛ

                                                                                                                  Ц.ТУЯА