Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 03 сарын 20 өдөр

Дугаар 20

 

Ц.О- нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааны бүрэлдэхүүнд:

Даргалагч шүүгч                            Я.Туул

Шүүгчид                                          Б.Батзориг

Ц.Амаржаргал

                                   

Прокурор                                        С.Баттамир

Ялтны өмгөөлөгч                           Ц.Гэнэндулам

                                                         Ө.Өлзиймаа

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Туяацэцэг нар оролцож,

Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Я.Туул даргалж,  шүүгч П.Баттулга, шүүгч Т.Батжаргал нарын бүрэлдэхүүнтэй 2017 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны 31 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч ялтан Ц.О-ын өмгөөлөгч Ө.Өлзиймаагийн бичсэн давж заалдах гомдлоор Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1, 254 дүгээр зүйлийн 254.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ц.О-, В.Л-, Т.Ж- нарт холбогдох эрүүгийн 201609000485 тоот 2 хавтас хэргийг 2016 оны 02 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч тус шүүхийн шүүх хуралдааны танхимд шүүгч Я.Туулын илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1990 онд Орхон аймагт төрсөн, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, гранатмётчин мэргэжилтэй, хэрэгт холбогдох үедээ Зэвсэгт хүчний 330 дугаар ангид жолооч ажилтай байсан, ам бүл 2, хүүхдийн хамт Дархан-Уул аймгийн Дархан сумын 16 багийн 1 дүгээр байрны 15 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагнал, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Тайж овогт Цэнгээгийн О-, /РД:ФД90032417/ нь 2016 оны 09 дүгээр сарын 09-нөөс 10-нд шилжих шөнө 04:00 цагийн орчим Дархан-Уул аймгийн Дархан сумын 16 дугаар баг 15 дугаар байрны гадна өөрийн эхнэр болох 28 настай Т-ийн С-г хардалтын улмаас зодож биед нь хүнд гэмтэл учруулснаар Т.С- нь Дархан-Уул аймгийн Нэгдсэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаад хүнд гэмтлийн улмаас 2016 оны 09 дүгээр сарын 13-наас 14-нд шилжих шөнө 01:20 цагийн үед нас барсан, түүнийг хүнийг санаатай алсан гэмт хэрэг үйлдсэн гэж Дархан-Уул амйгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт зааснаар,

Монгол Улсын иргэн, 1988 онд Баянхонгор аймгийн Галуут суманд төрсөн, эмэгтэй, дээд боловсролтой, багш мэргэжилтэй, хэрэгт татагдах үедээ эрхэлсэн тодорхой  ажилгүй байсан, ам бүл 3, нөхөр, хүүхдийн хамт Дархан-Уул аймгийн Дархан сумын Өргөө багийн 21 дүгээр хороолол 50 айлын байрны 13 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагнал, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Боржигон овогт Тэрбишийн Ж-, /РД:ВК88020720/

Монгол Улсын иргэн, 1986 онд Увс аймгийн Завхан суманд төрсөн, эмэгтэй, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, хэрэгт татагдах үедээ эрхэлсэн тодорхой ажилгүй байсан, ам бүл 5, ах, дүү, хүүхдийн хамт Дархан-Уул аймгийн Дархан сумын 7 дугаар баг Майхантын 110в тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагнал, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Шар зэгс овогт Ванчиндоржийн Л-, /РД: ОГ86072303/ нар нь 2016 оны 09 дүгээр сарын 09-нөөс 10-нд шилжих шөнө 04:00 цагийн үед Ц.О- нь өөрийн эхнэр Т.С-г зодож биед нь хүнд гэмтэл учруулж, хүнийг санаатай алсан хэрэгт гэрчээр мэдүүлэг өгөхдөө зориуд худал мэдүүлэг өгсөн гэмт хэрэг үйлдсэн гэж Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 254 дүгээр зүйлийн 254.1 дэх хэсэгт зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүх Ц.О-, В.Л-, Т.Ж- нарт холбогдох хэргийг хүлээн авч шүүх хуралдаанаар хянан хэлэлцэж, тэднийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Ц.О-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт заасаар 10 жил 1 сарын, Т.Ж-, В.Л-а нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 254 дүгээр зүйлийн 254.1 дэх хэсэгт зааснаар тус бүр 1 жил 6 сарын хорих ял оногдуулж, Ц.О-д оногдуулсан ялыг биечлэн эдлүүлэх, Т.Ж-, В.Л-а нарт оногдуулсан хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий  ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт зааснаар тэнсэж, 1 жил 6 сарын хугацаагаар хянан харгалзаж, биелэлтэнд нь хяналт тавихыг Дархан-Уул аймаг дахь Цагдаагийн газарт даалгаж шийдвэрлэжээ.

Ялтны өмгөөлөгч Ө.Өлзиймаа шүүхэд ирүүлсэн давж заалдах гомдолдоо: “... анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлийн 55.1 дэх хэсэгт зааснаар ял шийтгэлийг хөнгөрүүлж өгнө үү. Шүүгдэгч Ц.О- нь анх удаа гэмт хэрэг үйлдэж, үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж, гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлбөр, оршуулгын зардлыг бүрэн төлж барагдуулсан бөгөөд гэмт хэрэг үйлдэхээс өмнө Монгол Улсын нэрийг олон улсад нэр төртэй гаргасныг Монгол Улсын Батлан хамгаалах яам, Ерөнхийлөгчийн зарлигаар түүний гавьяаг алдаршуулж шагнаж байсан нотлох баримтуудаас  амьдралдаа нэг удаа хальтирч алдсан гэм бурууг хувийн байдлын хувьд хөнгөрүүлэх боломжтой байна. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Т.Баярмаагийн зүгээс анхан шатны шүүхийн шинэчилсэн хэлэлцүүлэгт түүнийг гэмт хэрэгт холбогдохоос өмнө суурь хүмүүжил, төлөвшил сайтай байсныг мэдүүлж, охин О.Мишээлийг нь эцэг Ц.О-ыг гэм буруугийн хариуцлагаа эдэлж нийгэмд гарч ирэх хүртэл нь өөрийн асрамжиндаа байлгаж өсгөж, хүмүүжүүлж байгаад цаашид охины хүсэлтийг харгалзан аавтай нь амьдруулахад татглазах зүйлгүй, түүнээс нэхэмжлэх зүйлгүй гэсэн байр суурьтай байсан. Иймд түүнд оногдуулсан ял шийтгэлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлийн 55.1-д заасан хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэж давж заалдах гомдлыг хангаж өгнө үү гэжээ.

Давж заалдах шатны шүүх хуралдааны хэлэлцүүлэгт ялтны өмгөөлөгч Ө.Өлзиймаа: Шүүхэд гаргасан давж заалдах гомдлоо дэмжиж байна. Хэрэгт цугларсан нотлох баримтаар Ц.О- нь анх удаагаа гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа, учирсан хохирол, төлбөрийг бүрэн барагдуулсан, хохирогч гомдол саналгүй гэсэн зэрэг Эрүүгийн хуульд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдлууд байгаа байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дугаар зүйлийн 551.1-д зааснаар хорих ялын доод хэмжээнээс доогуур ялыг оногдуулж өгнө үү гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдааны хэлэлцүүлэгт ялтны өмгөөлөгч Ц.Гэнэндулам: Би шүүх хуралдаанд ялтан Т.Ж-ын өмгөөлөгчөөр оролцсон. Надад тусгайлан гаргах санал хүсэлт байхгүй, давж заалдах гомдол гаргаагүй. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй байх шаардлагыг хангасан байгаа тул хэвээр үлдээж өгнө үү гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдааны хэлэлцүүлэгт оролцсон прокурор С.Баттамир гаргасан тайлбар дүгнэлтэндээ: Ялтан Ц.О- болон Т.Ж-, В.Л- нарын үйлдсэн хэрэг нь хэрэгт цугларсан нотлох баримтаар хангалттай нотлогдож тогтоогдсон. Шүүхээс тэдний үйлдсэн хэрэгт оногдуулсан ял шийтгэлийн хэмжээ тохирсон. Хэдийгээр Ц.О- нь энэ хэргийн улмаас учирсан хохирлыг төлж барагдуулсан боловч энэ гэмт хэргийн гэм хор нь хэзээ ч арилахгүй, нөхөгдөшгүй учраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дугаар зүйлийг хэрэглэж ялын доод хэмжээнээс доогуур ял оногдуулах боломжгүй гэж үзэж байна. Ийм учраас шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй гэв.

Тодорхойлох нь:

Ялтан Ц.О- нь 2016 оны 09 дүгээр сарын 09-нөөс 10-нд шилжих шөнө 04:00 цагийн орчим өөрийн эхнэр Т.С-г хардалтын улмаас зодож биед нь хүнд гэмтэл учруулж улмаар Т.С- нь Дархан-Уул аймгийн Нэгдсэн эмнэлэгт эмчлүүлж байгаад дээрх гэмтлийн улмаас 2016 оны 09 дүгээр сарын 13-наас 14-нд шилжих  шөнө 01:20 цагийн үед нас барсан болох нь хэрэгт цугларсан нотлох баримтаар хангалттай нотлогдож тогтоогдсон, түүний үйлдсэн хэргийн талаар шүүхийн шийтгэх тогтоолд хийсэн дүгнэлт нь хууль зүйн үндэслэлтэй оногдуулсан ял шийтгэлийн төрөл, хэмжээ нь Ц.О-ын гэм бурууд тохирсон байна.

Ялтан Т.Ж-, В.Л- нар нь Ц.О-ын үйлдсэн хэрэгт гэрчээр мэдүүлэг өгөхдөө зориуд худал мэдүүлэг өгсөн гэмт хэрэг үйлдсэн болох нь хэрэгт цугларсан нотлох баримтаар нотлогдож тогтоогдсон, тэдний үйлдсэн хэргийн талаар шүүхийн шийтгэх тогтоол хийсэн дүгнэлт хууль зүйн үндэслэлтэй, шүүхээс оногдуулсан ял шийтгэлийн төрөл, хэмжээ нь үйлдсэн хэргийн гэм бурууд тохирсон байна. 

Ялтны өмгөөлөгч Ө.Өлзиймаа ялтан Ц.О-ын үйлдсэн хэрэгт шүүхээс оногдуулсан ял шийтгэлийг хууль заасан үндэслэлээр хөнгөрүүлж, шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгөхийг хүссэн давж заалдах гомдлын үндэслэл гаргасны дагуу хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судалж, хэргийг бүхэлд нь хянаад давж заалдах шатны шүүхээс ялтан Ц.О-ын өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзлээ.

Учир нь хэрэгт цугларсан нотлох баримтаар Ц.О-ын үйлдсэн хэрэг нь хангалттай нотлогдож тогтоогдсон, анхан шатны шүүх Ц.О-д ял шийтгэл оногдуулахдаа түүний хувийн байдал болон гэмт хэрэг үйлдсэн нөхцөл, хохирол, төлбөр төлөгдсөн, анх удаа гэмт хэрэг үйлдсэн зэрэг хуульд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт заасан хорих ялын доод хэмжээний хорих ял оногдуулж, оногдуулсан хорих ялыг эдлэх дэглэмийг Эрүүгийн хуулийн еөрнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.10 дахь хэсэгт заасныг журамлан жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэсэн бөгөөд түүний үйлдсэн хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 17 дугаар зүйлийн 17.1.4 дэх хэсэгт заасан онц хүнд гэмт хэргийн ангилалд багтаж байгаа, гэмт хэргийн улмаас учирсан гэм хор арилаагүй байх тул Ц.О-д хуульд зааснаас доогуур хорих ял буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дугаар зүйлийн 551.1 дэх хэсэгт заасныг журамлан хорих ялын доод хэмжээнээс доогуур хорих ял оногдуулах хууль зүйн үндэслэлгүй байна гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.1, 325 дугаар зүйлийг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 31 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, ялтны өмгөөлөгч Ө.Өлзиймаагийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

Давж заалдах шатны шүүх ял оногдуулсан, эсхүл цагаатгагдсан этгээдийн гэм буруутай эсэх асуудлыг шийдвэрлэхдээ Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн эсхүл Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзвэл энэ хуулийн 304 дүгээр зүйлд заасан журмын дагуу шүүгдэгч, цагаатгагдсан этгээд, хохирогч болон тэдгээрийн өмгөөлөгч гомдол гаргах, Улсын ерөнхий прокурор эсэргүүцэл бичих эрхтэй

 

 

                                         ДАРГАЛАГЧ                                                      Я.ТУУЛ

                                              ШҮҮГЧИД                                                     Б.БАТЗОРИГ

                                                                                                                    Ц.АМАРЖАРГАЛ