Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 01 сарын 20 өдөр

Дугаар 31

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС Хэргийн индекс: 171/2017/0024/Э Дархан-Уул аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Я.Туул даргалж, шүүгч П.Баттулга, Т.Батжаргал нарын бүрэлдэхүүнтэй, Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Ө.Ягаанцэцэг, Улсын яллагчаар Дархан-Уул аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор С.Баттамир, Хохирогч Т.Баярмаа, Шүүгдэгч Ц.Отгонжаргалын өмгөөлөгч Ө.Өлзиймаа, Шүүгдэгч Т.Жавзандуламын өмгөөлөгч Ц.Гэнэндулам, Шүүгдэгч В.Лхагвын өмгөөлөгч Ж.Эрдэнэбаатар, Шинжээч эмч Д.Туяа, Шүүгдэгч Ц.Отгонжаргал, Т.Жавзандулам, В.Лхагва нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1-т заасан гэмт хэрэгт Тайж овогт Цэнгээгийн Отгонжаргалд, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 254 дүгээр зүйлийн 254.1-т заасан гэмт хэрэгт Боржигон овогт Тэрбишийн Жавзандулам, Шар зэгс овогт Ванчигдоржийн Лхагва нарт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 201509000485 дугаартай хэргийг 2016 оны 12 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв. Шүүгдэгч нарын биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, 1990 оны 3 дугаар сарын 24-ний өдөр Орхон аймагт төрсөн, 26 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, гранатмётчин мэргэжилтэй, хэрэгт холбогдохоосоо өмнө Зэвсэгт хүчний 330 дугаар ангид жолооч ажилтай байсан, ам бүл 2, хүүхдийн хамтаар Дархан-Уул аймгийн Дархан сумын 16 дугаар багийн 01-15 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай гэх Тайж овогт Цэнгээгийн Отгонжаргал /РД:ФД90032417/, Монгол Улсын иргэн, 1988 оны 02 дугаар сарын 07-ны Баянхонгор аймгийн Галуут суманд төрсөн, 29 настай, эмэгтэй, дээд боловсролтой, багш мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, нөхөр, хүүхдийн хамтаар Дархан-Уул аймгийн Дархан сумын Өргөө багийн 21 дүгээр хороолол, 50 айлын 13 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай гэх Боржигон овогт Тэрбишийн Жавзандулам /РД:ВК88020720/, Монгол Улсын иргэн, 1986 оны 7 дугаар сарын 23-ны Увс аймгийн Завхан суманд төрсөн, 30 настай, эмэгтэй, дээд боловсролтой нягтлан бодогч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, ах, 2 дүү, хүүхдийн хамтаар Дархан-Уул аймгийн Дархан сумын 7 дугаар багийн Майхантын 110в тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, улсаас авсан гавьяа шагналгүй, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай гэх Шар зэгс овогт Ванчигдоржийн Лхагва /РД:ОГ86072303/, Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч Ц.Отгонжаргал нь 2016 оны 09 дүгээр сарын 09-нөөс 10-нд шилжих шөнө 04 цагийн үед Дархан-Уул аймгийн Дархан сумын 16 дугаар баг, 15 дугаар байрны гадна эхнэр болох 28 настай Тунгалагийн Соёлмааг хардалтын улмаас зодож биед нь хүнд гэмтэл учруулсны улмаас Дархан-Уул аймгийн Нэгдсэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаад 2016 оны 09 дүгээр сарын 13-наас 14-нд шилжих шөнө 01 цаг 20 минутын үед нас барсан, Шүүгдэгч В.Лхагва, Т.Жавзандулам нар нь 2016 оны 09 дүгээр сарын 09-өөс 10-нд шилжих шөнө 04 цагийн үед Дархан-Уул аймгийн Дархан сумын 16 дугаар багийн 15 дугаар байрны гадна Ц.Отгонжаргал нь эхнэр болох 28 настай Т.Соёлмааг зодож биед нь хүнд гэмтэл учруулж улмаар Дархан-Уул аймгийн Нэгдсэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаад нас барсан гэх хэрэгт гэрчээр байцаалт өгөхдөө зориуд худал мэдүүлэг өгсөн хэрэгт тус тус холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/ ТОДОРХОЙЛОХ нь: Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд: Шүүгдэгч Ц.Отгонжаргалын мөрдөн байцаалтад болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “2016 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр манай эхнэр төрсөн өдрөө тэмдэглэнэ гээд найз болох Т.Жавзандулам, В.Лхагва нартай хамт явсан. Намайг шөнө 4 цагийн орчим гэрийнхээ орцноос гарч ирэхэд манай эхнэр нэг танихгүй залуутай тэврэлдээд сууж байсан. Тэгээд би “энэ хэн юм бэ” гэсэн чинь талийгаач “би танихгүй” гэж хэлсэн. Тэгээд би нөгөө залууг “яв, зайл” гэж хэлээд хөөгөөд явуулсан. Би уурандаа эхнэрийнхээ зузаан гуя руу 2 удаа, хэвлий рүү нь нэг удаа өшиглөсөн. Тэгээд эхнэрийгээ гэртээ авч орсон. Маргааш өглөө нь би ажилдаа явсан. Орой ажлаа тараад гэртээ ирэхэд манай эхнэр миний цээжээр хөндүүрлээд өвдөөд байна гэж хэлсэн. Тэгэхээр нь би эхнэртээ өвчин намдаах эм авч өгсөн. Би эмч мэргэжилтэй биш, гэхдээ эхнэрийгээ өвчин намдаах эм уугаад өвчин нь гайгүй болчих байх гэж бодсон. Тухайн үед эхнэртээ “түргэн дуудах уу” гэсэн чинь манай эхнэр “жаахан байж байя” гэж хэлсэн. Би эхнэртээ хар шөл хийж өгөөд өвчин намдаах тариа тарьсан. Бүр сүүлдээ болохгүй болохоор нь түргэн тусламж дуудсан. Эхлээд түргэн дуудахад “танайх 15 дугаар байранд байдаг юм бол ойрхон юм байна, өөрсдөө яваад хүрээд ир” гэж хэлсэн. Дараа нь дахин түргэн дуудахад 14 цагийн үед түргэн ирээд манай эхнэрийг авч явсан. Эмнэлэг дээр очоод ЭХО оношилгооны зураг авна гээд эмчийг нь 2 цаг гаруй хүлээсэн. Тэгээд орой 18 цаг өнгөрч байхад манай эхнэрийг эмч нар дээшээ 3 давхарт өрөөнд оруулсан. Удалгүй цагдаа ирээд намайг аваад явсан” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 125-127/, Шүүгдэгч Т.Жавзандуламын мөрдөн байцаалтад болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “2016 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр талийгаачтай төрсөн өдөр тэмдэглэхээр явсан нь үнэн. Тэр өглөө талийгаачтай ярьж төрсөн өдрийн мэнд хүргэх гэтэл талийгаач надад “В.Лхагватай яриатах, орой гарна шүү” гэж надад хэлэхээр нь би “В.Лхагвын дугаарыг би мэдэхгүй, нөхрөөсөө асууя” гэж хэлсэн. Надад В.Лхагвын дугаарыг өгсөн. Би В.Лхагватай “орой гарна гэж байна шүү” гээд ярьж дуусаад нөхрөөсөө асуугаад байж байтал талийгаач дахин над руу залгаад “нөхрөөсөө асуусан уу, В.Лхагватай ярьсан уу, орой гарна шүү” гэж хэлсэн. Орой 17 цаг өнгөрч байхад В.Лхагва бид хоёр Микрийн автобусны буудал дээр уулзаад талийгаач руу залгаж хаана орох талаар асуусан чинь “Ноёд” караокед ороод сууж байгаарай, би араас чинь очъё” гэж хэлээд араас ирсэн. Тэгээд В.Лхагва, талийгаач бид гурав “Ноёд” караокед 20 цаг хүртэл сууж байгаад тэндээсээ гараад Хуучин Дарханы “Голд” нэртэй газар ороод 30-40 минут сууж байгаад гарсан. Дараа нь бид гурав “Найс” бааранд орсон. Тэр бааранд ороход талийгаачийн төрсөн өдрөөс гадна 2 хүний төрсөн өдөр болж байсан. Хүмүүс бааранд мэндчилгээ дэвшүүлсэн чинь талийгаач ямар гоё юм бэ гээд байхаар нь В.Лхагва бид хоёр бас талийгаачид төрсөн өдрийн мэндчилгээ дэвшүүлж дуу захиалсан. Бид гурав баарнаас нилээн орой гарсан. Яг баарнаас гарах гэж байхад талийгаач нэг залуутай юм яриад байх шиг байсан. Тэгэхээр нь би “наад залуу чинь юун залуу юм бэ, юу гээд байгаа юм бэ” гэж талийгаачаас асуусан чинь “утсаар чинь нэг яриатахъя, та нар төрсөн өдрөө тэмдэглэж байгаа юм байна, үргэлжлүүлж тэмдэглэх үү” гэж байна гэж талийгаач бид хоёрт хэлээд гурвуулаа хамт явах уу гэж асуусан. Тэр залууг бид нар огт танихгүй. Чи таньдаг юм уу гэж талийгаачаас асуухад би танихгүй гэж талийгаач хэлсэн. Тэгээд шинэ Дархан явахаар болоод тэр залуугаас гадна жолооч нь гээд машинтай бас нэг залуу байсан. Тэр машинд нь талийгаач, би, В.Лхагва, тэр танихгүй залуу, жолоочийн хамт суугаад Шинэ Дарханд “Соёмбо” кино театрын тэр хавьд бид нар зогсоод нэг залуу нь “пиво аваад ирье” гээд дэлгүүр лүү ороод нэг шил архи, пиво, ундаа авч гарч ирсэн, бас тамхи авмаар байна гээд Хуучин Дарханы “Магнолиа” дэлгүүрээс нэг залуу нь тамхи авч гарч ирээд бүгдээрээ хаачих уу гэсэн чинь нэг залуу нь “Сатурн” баар оръё гээд тэр баарны 2 давхрын караокед нь орсон. “Сатурн” баарнаас 2 цагийн орчим бид нар гарсан. Сатурн баарнаас гараад би “одоо бид гурав явлаа, манай нөхөр уурлана” гэж хэлээд талийгаач, В.Лхагва бид явсан. Бид гурав 15 дугаар байрны гадаа ирээд талийгаач цүнхээ онгойлгоод зогсож байтал талийгаачийн утас нь дуугараад нэг хүнтэй ярьсан. Талийгаач бид хоёрт хэлэхдээ “нөгөө хоёр залуу чинь байна, авсан юмаа хувааж ууя гэнэ ээ” гэж яриад зогсож байтал нөгөө хоёр залуу бид гурав дээр ирсэн. Нөгөө хоёр залуу нь ирээд “Нью Йорк Толгой” дээр гарч авсан юмаа ууя гэж санал тавьсан. Бид гурав зөвшөөрч, “Нью Йорк” толгой орохоор болоод нөгөө хоёр залуутай хамт явсан. “Нью Йорк Толгой” дээр гараад бид нар авсан юмаа ууж дуусгаад шөнийн 03 цаг өнгөрч байхад 15 дугаар байрны гадаа ирсэн. 15 дугаар байрны гадаа ирээд машинаас нэг талаар нь би буугаад нөгөө талаар нь В.Лхагва буусан чинь талийгаачийг буугаагүй байхад тэр машин хөдөлсөн. Тэгэхээр нь би наад хүнээ буулгаач гэж хэлсэн чинь “буулгах гэж байна” гэж нэг залуу нь хэлсэн. Тэгээд бид гурав машинаас буугаад талийгаачид “за чи ингээд гэртээ орчих, бид хоёр нөхрийгөө дуудсан байгаа” гэж хэлэхэд талийгаач “за за би орлоо” гэж хэлсэн. Тэгтэл В.Лхагвын утас нь дуугарч утсаар ярьсан. Талийгаач гэртээ орлоо гээд орц руугаа орсон. В.Лхагвыг утсаар ярьж дууссаных нь дараа би нөхөр лүүгээ ярьж нөхрийгөө дуудсан. В.Лхагва бид хоёр талийгаачийг гэртээ орсон эсэхийг шалгах гээд орц руу нь орсон чинь талийгаачийн гэрийн орц биш өөр орц руу андуурч ороод 5 давхарт нь гарсан байсан. Тэр орцноосоо гараад талийгаачийн гэрийн орцны гадаа ирэхэд орцонд ямар ч чимээ шуугиан, хүн байхгүй болохоор нь бид хоёр явсан. Цаашаа 50 цогцолборын чиг алхаж байхад манай нөхөр ирээд машинд суухад “ямар их оройтдог юм бэ, харанхуй шөнө хүртэл юугаа хийгээд яваад байдаг юм бэ” гээд манай нөхөр уурласан. Тэгээд В.Лхагва “би энд бууя” гэж хэлээд буугаад үлдсэн. Би нөхөртэйгээ хамт гэртээ харьсан” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 131, 133/, Шүүгдэгч В.Лхагвын мөрдөн байцаалтад болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Миний сайн найз төрсөн өдрөө тэмдэглэж яваад золгүй байдлаар амь насаа алдсан явдалд маш их харамсаж байгаа. 2016 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр 14 цагийн үед Т.Жавзандулам эхлээд над руу залгаад “чи талийгаач руу ярьсан уу” гэж асуусан. Тэгэхээр нь би “ярьж амжаагүй байна” гэж хэлээд Т.Жавзандуламтай ярьж байгаад утсаа салгаад талийгаач руу залгасан. Талийгаач руу залгасан чинь “чи их орой мэнд хүргэж байна шүү” гэдэг байдлаар яриад, би орой нь цэцэрлэгээс хүүхдээ авчихаад уулзъя гэж хэлсэн. Тухайн үед гадуур явж байсан. Тэгээд гэртээ ороод хүүхдээ цэцэрлэгээс нь авах гэж байтал талийгаач над руу залгаад “чи хүүхдээ хаана үлдээх гэж байгаа юм бэ” гэж асуусан. Тэгэхээр нь би “манай ах миний хүүхдийг аваад цаашаа тосгон руу явна гэж байсан, тэгэхээр чи зөрчих байх” гэж хэлэхэд талийгаач “за за” гээд утсаа салгасан. Удалгүй талийгаач над руу дахин залгаад “найз нь хүүхдээ найздаа харуулахаар болчихлоо, та хоёр түрүүлж очоод байж бай” гэж хэлсэн. Би захаас алхаад Т.Жавзандуламтай микрийн буудал дээр уулзсан. Тэгсэн Т.Жавзандулам надад “цаадах чинь хоёуланг чинь Ноёдын караокед ороод сууж бай” гэж хэлсэн гээд бид хоёр “Ноёд“ караоке руу орсон. Удалгүй талийгаач ирж тус бүр нэг нэг пиво аваад бид гурав тэнд 1 цаг орчим дуулсан. “Ноёд“ караокегаас гарахад цаг 20:20 цаг болж байсан. Бид гурав хоорондоо “одоо хаачих вэ” гэж ярилцахдаа “Найс” баар руу орох гэтэл цаг эрт байсан учраас Хуучин дарханы “Голд” паб руу орохоор болсон. “Голд” паб руу орох үед Ц.Отгонжаргал талийгаач руу залгаад “хүүхдээ яасан юм бэ” гэхэд талийгаач “найзындаа орхисон“ гэж хэлээд утсаа салгасан. Тэгээд бид гурав “Голд” паб руу орсон. “Голд” пабад сууж байхад талийгаач Ц.Отгонжаргал над руу “төрсөн өдрийн мэнд хүргэж мессеж бичиж байна” гэдгээ хэлж байсан. Гэхдээ талийгаач нөхөр лүүгээ явуулсан мэндчилгээг нь үл тоосон байдалтай мессеж бичсэн. Тэр мессежээ тухайн үед надад харуулсан. Бид гурав пиво ууж дуусаад “Голд” пабаас гарч “Найс” баар луу 21 цагийн үед орсон. Тэр баар луу ороход талийгаачийн төрсөн өдрөөс гадна өөр 2 хүний төрсөн өдөр болж байсан. Бид нар хоорондоо юм яриад сууж байхад талийгаачид төрсөн өдрийн дуу захиалж өгсөн. Тэгээд бид гурав гарахаар болоод пиво ууж байсан. Тэгтэл талийгаач дээр нэг танихгүй залуу ирээд чихэнд нь юм шивнээд байсан. Тэр залууг юу гэж хэлснийг би мэдэхгүй. Талийгаачаас тэр залууг юу гэсэн талаар асуухад “юм асуусан юм” гэж талийгаач хэлсэн. “Найс” баарнаас гарах гэж байхад яг урд ягаан пудболкатай өндөр залуу зогсож байсан. Тэр залуу талийгаачийг утсаа өгчих, нэг хүнтэй яриатахъя гэсэн бололтой талийгаачийн утсыг аваад утсаар ярьсан уу, өөр лүүгээ залгасан уу би мэдэхгүй байна. Тэгээд бид гурав баарнаас гарахад араас тэр залуу гарч ирээд миний машинд суучих гэж хэлсэн. Бид гурав машинд суухад хоорондоо яах эсэх талаар ярьж байсан. Тэр залуу “за за шууд явъя” гээд “Эрдэнэс плаза”-ийн үүдэнд зогсоод үйлчилгээний төвөөс архи, том ундаа бариад машинд орж ирэхдээ “тамхиа мартсан байна” гэж хэлээд буцаад “Магнолиа” дэлгүүр лүү явж тамхи авсан. “Магнолиа” дэлгүүрийн хажуугаар явж байхад Т.Жавзандулам нь “би уг нь гэрийнхээ хажуугаар 3 удаа өнгөрлөө, гэртээ орчихдог юм билүү” гэж яриад бид нар хоорондоо инээлдэж байсан. Тэгж явж байхдаа бид нар хоорондоо “ажиллаж байгаа газар одоо юу билээ” гэхэд “Сатурн” баар онгорхой байгаа гээд бид нар “Сатурн” баар луу явсан. Бид гурав эхлээд “Сатурн” бааранд нэг өрөөнд ороод юу захиалах уу гэхээр нь Сэнгүр гэсэн чинь Сэнгүр байхгүй, Нийслэл пиво байна гэж хэлсэн. Тэгээд бид 4 нэг нэг Нийслэл пиво захиалж уусан. Нөгөө хоёр залуу нь тамхиа татаж дуусаад араас орж ирсэн. Тэр залуу болон талийгаач хоёр хэдэн дуу дуулаад сууж байтал бармен нь орж ирээд “манайх одоо хаах гэж байна, та нар тооцоогоо хийгээрэй” гэж хэлэхэд талийгаач 17.000 төгрөгийн тооцоог хийсэн. Тэгтэл Т.Жавзандулам бид хоёр дуулж ч амжаагүй байтал гар гэж хэлсэн. Бид гурав түрүүлээд гарахад Т.Жавзандулам урд явж байгаад цүнхнээсээ утсаа гаргаад нөхөр лүүгээ залгаад “намайг Ц.Отгонжаргалын гэрийн гаднаас ирээд аваатах, би Ц.Отгонжаргалын гэрийн гадна байна” гэж ярьсан. Тэгсэн талийгаач араас ирэхдээ “та хоёр чинь юу болоод гараад явчихав, яасан юм бэ” гэж асуусан чинь Т.Жавзандулам “анхнаасаа гардаггүй байж, за за харья, би нөхрөө дуудчихсан” гэдэг байдлаар хэлсэн. Тэгээд талийгаач “за за явъя би харин та хоёрыг уурлачихсан юм байх гэж бодлоо” гэж хэлж байсан. Бид гурав талийгаачийг дундаа хийгээд хоорондоо юм ярьж явж байгаад 15 дугаар байрны гадаа ирээд талийгаач цүнхнээсээ түрийвчээ гаргаж ирээд “би хариултаа авсан уу” гээд мөнгөө тоолж шалгасан. Бид гурав зогсож байхад талийгаачийн утас нь дуугараад тэр залуу “танай хоёр найз чинь уурлаад байгаа юм уу, яагаад түрүүлээд явчихав” гэж ярихад талийгаач “үгүй, үгүй нэг нь нөхрөө дуудаад явах гэж байгаа юм байна” гэж хэлсэн. Тэгсэн чинь тэр Д.Амгалан гэх залуу “авсан юмаа ууя” гэж ярьсан. Т.Жавзандулам нөхөр лүүгээ ярьсан байсан. Гэтэл тэр залуучууд ойрхон байсан юм уу ямар ч байсан түрүүлээд хүрч ирсэн. Тэгээд бид гурав машинд суугаад үйлчилгээ рүү эргэхдээ “одоо хаачих уу” гэсэн чинь “Нью Йорк Толгой” дээр гаръя гэдэг санааг тэр Д.Амгалан гэх залуу гаргахад би тэр санааг нь дэмжээд “нээрээ тэр толгой дээр чинь гарч үзье, би гарч үзээгүй” гэж хэлсэн. “Нью Йорк Толгой” дээр гарахад машинтай хүмүүс байсан. Бид нар архиа задлаад уух гэтэл энэ хоёр машины хоёр талаар бөөлжөөд байсан. Тэгэхээр нь би “архи нь дуусч байгаа юм уу” гэсэн чинь “арай дуусаагүй байна” гэхээр нь би надад хийгээд өгчих, тэгээд бүгдээрээ явцгаая гэж хэлсэн. Уулан дээр байхад Т.Жавзандуламын нөхөр залгаад “чи одоо хаана байгаа юм бэ, Ц.Отгонжаргалын гадаа байхгүй байна” гэж ярьсан. Тэгэхэд Т.Жавзандулам “би В.Лхагвын гадаа байна” гэж нөхөртөө хэлсэн. Талийгаачийн утас руу Баярмагнай залгаад байсан учраас талийгаач утасныхаа дууг хаасан. Бид нар уулнаас буугаад 15 дугаар байрны гадаа ирээд байж байтал Т.Жавзандулам бид хоёр машины хоёр талаас буухад машин хөдөлсөн. Тэгтэл Т.Жавзандулам “чи наад хүнээ буулгаач” гэж уурласан чинь нөгөө залуу нь “одоо буулгах гэж л байна, юун сүртэй юм бэ” гээд талийгаачийг машинаас буулгасан. Тухайн үед талийгаач гутлаа тайлсан байсан учраас гутлаа өмсөөд, цүнхээ үүрээд “найз нь орлоо” гээд гэртээ орох гэтэл миний утас дуугарсан. Би утсаа авахад манай эрэгтэй дүү залгаад “та Т.Жавзандуламтай хамт байгаа юм уу, нөхөр нь манай гадаа ирсэн байна. Юу болоод байгаа юм бэ” гэхээр нь би энэ талаар Т.Жавзандуламд хэлсэн. Тухайн үед Т.Жавзандулам бөөлжиж байсан учраас миний утсыг аваад нөхөртэйгээ яриад “би Ц.Отгонжаргалын гадаа байна, одоо ирээд аваатах” гэж ярьсан. Намайг утсаар ярьж байх хооронд тэр машин хөдөлсөн. Тэгэхээр нь би тэр хоёр залууг явчихлаа гэж бодоод Т.Жавзандуламтай “талийгаач гэртээ орчихсон уу” гэхэд орсон, орсон гээд бид хоёр гэрэл тусгаад 5 давхар луу гарсан. Гэтэл өөр айл байсан. Тэгээд бид хоёр тэр орцноосоо гараад талийгаачийн орцны гадаа ирэхэд ямар ч чимээ гарахгүй болохоор нь бид хоёр харихаар явсан. Яг 14 дүгээр байрны хажуугаар эргэхэд Т.Жавзандуламын нөхөр нь туслах замаар орж ирсэн. Тэгээд бид хоёр машин суугаад явж байтал Т.Жавзандуламын нөхөр нь “Т.Жавзандуламыг оройтлоо” гээд байхаар нь би машинаас нь “Компорт” зочид буудлын урд буугаад өөр такси бариад гэр лүүгээ харьсан. Намайг унтахаар хэвтэхэд 04:10 цаг болж байсан” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 135, 137/, Хохирогч Т.Баярмаагийн мөрдөн байцаалтад болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Талийгаач миний төрсөн дүү. Би эхээс ам бүл 4. Би хамгийн том эгч нь байгаа юм. Хэрэг болох өдөр хагас сайн өдөр байсан. Би дэлгүүр гарахдаа утсаа орхиод гарсан байсан. Тэр үеэр Ц.Отгонжаргал миний утас руу залгахад миний утсыг манай хүү авсан байсан. Тэгээд намайг гаднаас орж ирэхэд манай хүү ээж “Оогий ах залгасан” гэж хэлсэн. Би яасан юм бол гээд хүүгээсээ асуусан чинь “мэдэхгүй, аниа хагалгаанд орж байна гэнэ ээ” гэж надад хэлсэн. Би яасан юм бол гэж бодоод байж байтал манай эрэгтэй дүү над руу залгаад “та хаана байгаа юм бэ, яагаад утсаа авахгүй байгаа юм, Соёлоо хагалгаанд орох гээд байна гэж Оогий залгаж байна, та хурдан гар” гэж хэлсэн. Удаа ч үгүй байж байтал манай хүү “ээж таны утас руу эмч гээд нэг хүн залгасан” гэж хэлсэн. Тэгэхээр нь би манай хажуу талд ахынх маань байдаг болохоор тэднийд ороод тэр утас руу нь залгасан чинь “би хүлээн авахын эмч байна, та Соёлмаагийн ар гэрийнх нь хүн үү, та яаралтай гарахгүй бол энэ хүн хүнд байдалтай байна, хагалгаанд орчихлоо” гэж надтай ярьсан. Эмчтэй ярьсаны дараа би дүүтэйгээ яриад “чи байж байгаарай, би эндээс машин аваад очъё хоёулаа хамт эмнэлэг оръё” гэж хэлсэн. Тэгээд би гэрээсээ 18 цаг өнгөрч байхад Дарханд ирсэн санагдаж байна. Би эмнэлгийн хүлээн авах дээр очоод “би хаана очих вэ, миний дүү хаана байна” гэж асуухад эмч нар “та Соёлмаагийн гэрээс явж байна уу, Соёлмаа 3 давхарт хагалгаанд орж байгаа, та дээшээ 3 давхар луу очоорой” гэж хэлсэн. Би 3 давхарт гарахад Т.Жавзандулам нь миний дүүгийн охиныг хөтөлчихсөн зогсож байсан. Тэгээд би тухайн үедээ Т.Жавзандуламыг танихгүй учраас “юу болсон юм бэ, Соёлмаа юун хагалгаанд орсон юм бэ” гэхэд Т.Жавзандулам “би мэдэхгүй байна” гэж надад хариулсан. Хагалгаа нь 20 цаг өнгөрч байхад дууссан. Эмнэлгийн дарга нь гэх хүн гарч ирээд намайг ороод ир гэж дуудаад “танай дүү чинь ийм байдалтай, цаг хугацаа оройтож ирсэн, бид нарын зүгээс авах бүх арга хэмжээгээ авсан, та бидэнд найдаж болохгүй шүү” гэж хэлсэн. Тэгтэл миний ухаан санаа сонин болоод сэхээний тасгаас гараад өглөө нь буцаад нөгөө сэхээний тасгаа олохгүй байсан. Нэг харсан Т.Жавзандулам алга болсон байсан. Тэгээд хаачсан талаар нь асуусан чинь цагдаа дээр байгаа гэж хэлсэн. Тухайн үед Ц.Отгонжаргалын утас нь холбогдох боломжгүй, охин унтах гээд байдаг гэрийнх нь түлхүүр байхгүй байсан. Т.Жавзандулам тухайн үед надад нэг юнителийн дугаар өгч байсан тэр дугаар луу нь залгасан чинь “би цагдаагийн газар мэдүүлэг өгч байна, түлхүүрийг нь өгөх боломжгүй” гэж хэлсэн. Аргаа бараад бүр орой болж байхад манай дүү Т.Жавзандуламаас очиж дүүгийн гэрийн түлхүүрийг аваад охиныг нь гэрт оруулсан. Бид нар 2 өдөр эмнэлэг дээр байсан. Энэ хоёр найз нь хоёулаа ирээд дүүтэй минь уулзах гэтэл эмч нь оруулахгүй байсан. Энэ хоёр хүн хамгийн сүүлд миний дүүтэй уулзсан болохоор нь надад уулзах бодол байсан. Тэгтэл намайг эмнэлгийн гадаа сууж байсан чинь энэ хоёр эмэгтэй хэнэг ч үгүй миний хажуугаар гараад явсан. Байцаагч дараа нь надаас мэдүүлэг авсан. Т.Жавзандулам, В.Лхагва нарыг ямар хэрэгт холбогдсон талаар хэлээгүй. Т.Жавзандулам, В.Лхагва нартай холбогдоорой гээд надад утасны дугаар өгсөн. Тэр дугаар луу залгахаар холбогдох боломжгүй, эсвэл утсаа авдаггүй. Тэгээд өөр дугаараас утас луу нь залгахаар аваад “байна уу” гээд шууд тасалдаг. Би тэр асуудалд маш их гомдсон. Яагаад гэвэл миний дүү өөрийнхөө нутагт биш хүний нутагт ирж амьдарч байгаа юм чинь хүнтэй найзалж нөхөрлөж байгаа байх гэж бодсон. Би Т.Жавзандулам, В.Лхагва нараас “Та хоёр нөхөртэйгээ утсаар яриад болоод байсан байж Ц.Отгонжаргал руу яриад бид гурав гадаа байна, чи гараад ирээч” гэж хэлж яагаад болоогүй юм бэ? гэж асуумаар байна. Ядаж тэгж утсаар ярьсан бол хайран сайхан дүүгийн минь амьдрал, нэг нь шороонд булагдаж, нөгөө нь шоронд орохгүй л байсан байх гэж би бодож байна. Т.Жавзандулам руу олон удаа залгасан тэгтэл миний дугаарыг блоколсон байсан. Үнэхээр миний дүүг дээшээ гараад гэрт нь оруулаад өгч чадахгүй байсан юм бол нөхрийг нь дуудахгүй яасан юм бэ. Өнөөдөр миний дүүгийн 4 настай охин ээжийгээ хаачсан гэдгийг ч мэдээгүй, би ээждээ хайртай гээд байж байна” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 28-30/, Гэрч Д.Амгалангийн мөрдөн байцаалтад болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...надруу дугаараа солилцсон эмэгтэй залгаад хуучин хорооллын 15 дугаар байрны гадна байна хүрээд ирэх үү гэсэн Золоо бид хоёр явж очиход тэр гурван эмэгтэй байрны орцны үүдэн дэх сандал дээр сууж байсан. ...би түүний хажуугаас түшээд явган суугаад чамайг түшээд явъя гээд хэлж байтал нүд рүү асаагуурын гэрэл тусгасан. Би цагдаа юм байх гэж бодоод гэрлээ больчихдоо гэж хэлээд босоход нэг залуу зогсож байсан тэр залуу надаас чи хэн юм бэ? Гэхэд нь би дуугараагүй. Тэгэхэд эмэгтэйгээс тэр залуу “энэ хэн юм бэ” гэхэд тэр эмэгтэй мөн юу ч дуугараагүй. Тэр залууг эмэгтэйгийн нөхөр нь юм уу найз залуу нь байна гэдгийг би тухайн үедээ гадарлаад тэр залууг намайг цохичихож магадгүй гэж бодоод хэсэг зайгаа авсан. Тэр залууг намайг яв гэж ууртайгаар хэлэхэд би тэндээс14 дүгээр байрны зүг рүү явсан. Эмэгтэй газар явган суусан чигээрээ үлдсэн. Тэгэхэд тэр залуу эмэгтэйг хэд хэдэн удаа өшиглөсөн. Эмэгтэй болиоч ээ гэж дуу гарсан. Өшиглөж байгаа чимээ нь надад сонсогдож байсан. Би хашаа нь өшиглөснийг хараагүй. Би эргэж очих гэснээ гэр бүлийн хүмүүсийн хоорондох харьцаанд бүр саад болчихно гэж санаа зовоод шууд цаашаа явсан. Үүнээс хойш юу болсныг би мэдэхгүй” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 40-41/ Гэрч Т.Байгальмаагийн мөрдөн байцаалтад өгсөн: ”Соёлмаатай уулзаад юу болсон талаар асуухад би төрсөн өдрөөрөө хоёр найз охинтой гадуур цуг явсан юм. Бид нар 3 цаг 30 минут хүртэл гадуур явсан. Жавзаагийн нөхөр түүнийг ирж авсан. Оогий намайг оройтлоо гэж цохисон гэж хэлсэн. Би Соёлмааг Отгонжаргал хаашаа чинь цохисон юм бэ гэхэд тэгээд цохичихсон юмаа гээд тодорхой зүйл хэлээгүй би түүнд чи ийм аймаар цохиулж, зодуулчихаад эмнэлэгт тэр дор нь үзүүлэхгүй яасан юм бэ? Эмч нар чамайг цаг хугацаа алдсан гэж байна гэхэд би ийм зүйл болно гэж бодоогүй. Отгонжаргал өглөө 08 цаг өнгөрөөгөөд ажилдаа явчихсан би босох гэхэд босож чадахгүй байсан аймаар өвдөөд байсан шдээ эгчээ гэж хэлсэн” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 44/, Гэрч А.Баярмагнайн мөрдөн байцаалтад өгсөн “2016 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр манай эхнэр Жавзандулам 17 цагийн үед гэрээсээ гарсан. Тэр Соёлмаагийн төрсөн өдрийг тэмдэглэж гадуур цуг явна гэж байсан. 19 цагийн үед эхнэртэйгээ утсаар холбогдоход Ноёд караокед байна гэсэн. Мөн 23 цагийн үед утсаар холбогдоход гарахаараа дуудъя унтаж бай гэсэн. Би унтаж байгаад 01 цагийн үед сэрээд эхнэр лүүгээ залгахад утас нь холбогдохгүй байсан. 03 цаг өнгөрч байхад эхнэр залгаад намайг Отгонжаргалын гэрийн гаднаас ирээд авчих би даараад байна хурдлаарай гэсэн. 10 орчим минутын дараа хуучин хорооллын 15 дугаар байрны гадна ирэхэд Жавзандулам нэг эмэгтэйгийн хамт явж байсан. Тэр эмэгтэй нь машинд суучихаад намайг хөдлөхөд буучихъя гээд машинаас буусан. Бид хоёрыг гэртээ ирэхэд 04 цаг өнгөрч байсан” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 42/, Гэрч Б.Золбаярын мөрдөн байцаалтад өгсөн: “...Баар хаах үед манай баараар үйлчлүүлж байсан 3 эмэгтэйтэй Амгалан танилцаад намайг машинаараа цуг гадуур яваад өгөөч гэж гуйсан. Тэгээд би өөрийнхөө сонота-5 маркийн авто машинтай Амгалан болон тэр гурван эмэгтэйгийн хамт шинэ Дархан луу үйлчилгээний төв дээр очиж Сатурн баарны караокегоор нь үйлчлүүлээд 2 цагийн үед баар хаах үеэр тэндээс гарч Нью Иорк толгой руу гарсан. Тэнд нэг шил архи Амгалан тэр гурван хүүхэнтэй хувааж уусан. Би тэд нарыг хуучин хорооллын 15 дугаар байрны гадна хүргэж өгсөн. Амгалан би энд үлдчихье чи түрүүлээд явж бай гэсэн. Амгалан нэг эмэгтэйтэй нь орцны үүдэнд юм яриад харин нөгөө хоёр эмэгтэй нь Амгалан тэр хоёроос зайтай утсаар яриад байсан. Би тэндээс шууд гэр лүүгээ харьсан” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 53/, Шинжээч эмч Д.Туяагийн мөрдөн байцаалтад болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Би 2016 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр мөрдөн байцаагчийн тогтоолоор цагдаагийн бүрэлдэхүүний хамт буюу мөрдөн байцаагч, шинжээч, хяналтын прокурорыг оролцуулан задлан шинжилгээ хийсэн. Биологийн болон химийн шинжилгээ хийсний дараа дүгнэлт 2016 оны 10 дугаар сарын 20-ны өдөр гарсан байгаа. Энэ дүгнэлтээр талийгаачийн биед 12 хуруу гэдэсний задарч урагдсан шарх, хэвлийн татангийн татмал үрэвсэл, хэвлийн баруун өмнө, баруун гуя, шилбэ, зүүн шуу, бугалга, шилбэ, хүзүүн хоолойн дахь зөөлөн эдийн гэмтэл тогтоогдсон. Үүнээс талийгаачийн биед илэрсэн 12 хуруу гэдэсний задарч урагдсан шарх, хэвлийн татангийн татмал үрэвсэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.12-т зааснаар учрах үедээ амь насанд аюултай, хүнд зэргийн гэмтэл учирсан бөгөөд талийгаач нь энэ гэмтлийн улмаас нас барсан гэсэн дүгнэлт гаргасан” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 68/, Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2016 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн 83 дугаартай “Талийгаачийн биед 12 хуруу гэдэсний задарч урагдсан шарх, хэвлийн гялтангийн тархмал үрэвсэл, хэвлийн баруун өмнө, баруун гуя, шилбэ, зүүн шуу, бугалга, шилбэ, хүзүү хоолойн дахь зөөлөн эдийн цус хуралтын гэмтэл тогтоогдлоо. Дээрхи гэмтэл нь тогтоолд бичигдсэн цаг хугацаанд буюу 2016.09.09-10нд шилжих шөнө үүссэн байх боломжтой. Талийгаачийн биед илэрсэн 12 хуруу гэдэсний задарч урагдсан шарх, хэвлийн гялтангийн тархмал үрэвсэл нь ГЗТЖ-ын 3.1.12-т зааснаар учрах үедээ амь насанд аюултай хүнд зэргийн гэмтэл болно. Талийгаачийн биед илэрсэн баруун гуя, шилбэ, зүүн шуу, бугалга, шилбэ, хүзүү хоолойн дахь зөөлөн эдийн цус хуралт нь хатуу мохоо зүйлийн олон удаагийн хүчин үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой бөгөөд ГЗТЖ-ын 2.6-т зааснаар хамрагдах талбай бага тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй болно. Талийгаач нь хэвлийн баруун өмнө хэсэгт хатуу мохоо зүйлийн хүчин үйлчлэлээр авсан гэмтлийн улмаас нарийн гэдэс тухайлбал 12 хуруу гэдэс задарч урагдан улмаар хэвлийн гялтангийн түгээмэл үрэвсэл үүсч хордлогонд орон нас баржээ. Талийгаачийн биед үхэлд хүргэх архаг хууч өвчин илэрсэнгүй. Талийгаачийн цусанд этилийн спирт илэрсэнгүй. Талийгаач Т.Соёлмаа нь 2016.09.11-ны 17 цаг 30 минутад Дархан-Уул аймгийн НЭ-ийн гэмтлийн тасагт хэвтсэн байх ба тус эмнэлгийн эмч нар яаралтай шинжилгээ оношилгоог хийж цаг алдалгүй мэс заслын болон эмийн эмчилгээ хийсэн байна. Талийгаач Т.Соёлмаа нь гэмтсэн тухайн цаг хугацаанд эмчид хандаж яаралтай тусламж эмчилгээ хийгдсэн бол амь нас аврагдах боломжтой байжээ. 2016.09.09-10-нд шилжих шөнө 04 цагийн орчим гэмтэл авсан гэх бөгөөд 2016.09.11-ний 17 цаг 30 минутад эмнэлэгт хэвтсэн нь цаг хугацааны хувьд оройтож хандсаныг харуулж байна” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 59-61/, Мэдүүлгийг газар дээр нь шалгасан ажиллагааны тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 дүгээр хавтаст хэргийн 6-11/, Цогцосны гадна үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 хавтаст хэргийн 62-65/, эд зүйл хураан авах тогтоол /1 дүгээр хавтаст хэргийн 14/, эд мөрийн баримтаар тооцож хэрэгт хавсаргах тогтоол /1 дүгээр хавтаст хэргийн 26/, Шүүгдэгч Ц.Отгонжаргалын хувийн байдлыг тодорхойлсон баримтууд /1 дүгээр хавтаст хэргийн 155, 174-196/, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид хохирлын мөнгө хүлээлгэн өгсөн баримт, шүүгдэгч Т.Жавзандуламын хувийн байдлыг тодорхойлсон баримтууд /1 дүгээр хавтаст хэргийн 141-142, 2 дугаар хавтаст хэргийн 2-6/, В.Лхагвын хувийн байдлыг тодорхойлсон баримтууд /1 дүгээр хавтаст хэргийн 143, 147/, Шүүх сэтгэц эмгэг судлалын эмнэлгийн магадлагаа /1 дүгээр хавтаст хэргийн 55/, Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /1 дүгээр хавтаст хэргийн 143, 145, 156/ болон хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бусад нотлох баримтуудыг шинжлэн судлав. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн баримтуудаар шүүгдэгч Ц.Отгонжаргал нь 2016 оны 09 дүгээр сарын 09-өөс 10-нд шилжих шөнө 04 цагийн үед Дархан-Уул аймгийн Дархан сумын 16 дугаар багийн 15 дугаар байрны гадна эхнэр болох 28 настай Тунгалагийн Соёлмааг хардалтын улмаас зодож, биед махбодид нь 12 хуруу гэдэсний задарч урагдсан шарх, хэвлийн гялтангийн тархмал үрэвсэл, хэвлийн баруун өмнө, баруун гуя, шилбэ, зүүн шуу, бугалга, шилбэ, хүзүү хоолойн дахь зөөлөн эдийн цус хуралтын гэмтэл учруулсны улмаас Т.Соёлмаа нь Дархан-Уул аймгийн Нэгдсэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаад 2016 оны 09 дүгээр сарын 13-аас 14-нд шилжих шөнө 01:20 цагийн үед нас барсан буюу хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр хүнийг санаатай алсан гэмт хэрэг, Шүүгдэгч В.Лхагва, Т.Жавзандулам нар нь 2016 оны 09 дүгээр сарын 09-өөс 10-нд шилжих шөнө 04 цагийн үед Дархан-Уул аймгийн Дархан сумын 16 дугаар багийн 15 дугаар байрны гадна Ц.Отгонжаргал нь эхнэр болох 28 настай Т.Соёлмааг зодож биед нь хүнд гэмтэл учруулж улмаар Дархан-Уул аймгийн Нэгдсэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаад нас барсан хэрэгт гэрчээр байцаалт өгөхдөө зориуд худал мэдүүлэг өгсөн гэмт хэрэг тус тус үйлдсэн болох нь шүүгдэгч Ц.Отгонжаргал, Т.Жавзандулам, В.Лхагва нарын мөрдөн байцаалтад болон шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 125-127, 131, 133, 135, 135/, гэрч Д.Амгалангийн мөрдөн байцаалтад болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...Тэгэхэд тэр залуу эмэгтэйг хэд хэдэн удаа өшиглөсөн. Эмэгтэй болиоч ээ гэж дуу гарсан. Өшиглөж байгаа чимээ нь надад сонсогдож байсан...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 40-41/, Шинжээч эмч Д.Туяагийн мөрдөн байцаалтад болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...талийгаачийн биед илэрсэн 12 хуруу гэдэсний задарч урагдсан шарх, хэвлийн татангийн татмал үрэвсэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.12-т зааснаар учрах үедээ амь насанд аюултай, хүнд зэргийн гэмтэл учирсан бөгөөд талийгаач нь энэ гэмтлийн улмаас нас барсан гэсэн дүгнэлт гаргасан“ гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 68/, гэрч А.Баярмагнай, Т.Байгальмаа, Б.Золбаяр нарын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 42, 44, 55/, гэрч Д.Амгалан, Ц.Отгонжаргал нарын мэдүүлгийг газар дээр нь шалгасан ажиллагааны тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 дүгээр хавтаст хэргийн 6-11/, Цогцосны гадна үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 хавтаст хэргийн 62-65/, Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2016 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн 83 дугаартай “...Талийгаачийн биед илэрсэн 12 хуруу гэдэсний задарч урагдсан шарх, хэвлийн гялтангийн тархмал үрэвсэл нь ГЗТЖ-ын 3.1.12-т зааснаар учрах үедээ амь насанд аюултай хүнд зэргийн гэмтэл болно...” гэх зэргээр нотлогдож байх бөгөөд Дархан-Уул аймгийн прокурорын газраас Ц.Отгонжаргал, Т.Жавзандулам, В.Лхагва нарын үйлдлийг зүйлчилсэн хуулийн зүйл, хэсэг зөв байна. Иймд шүүгдэгч Тайж овогт Цэнгээгийн Отгонжаргалыг хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр хүнийг санаатай алсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1-т зааснаар, шүүгдэгч Боржигон овогт Тэрбишийн Жавзандулам, Шар зэгс овогт Ванчигдоржийн Лхагва нарыг зориуд худал мэдүүлэг өгсөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож Эрүүгийн хуулийн тусгай ангийн 254 дүгээр зүйлийн 254.1-т зааснаар хорих ял оногдуулах үндэстэй гэж үзлээ. Хохирогч Т.Баярмаа нь оршуулгын зардлаа авсан учир ямар нэгэн нэхэмжлэх зүйлгүй, шүүгдэгч Ц.Отгонжаргалд гомдол санал байхгүй гэх мэдүүлэг шүүхийн хэлэлцүүлэгт өгч байх тул шийтгэх тогтоол гарах үед шүүгдэгч нараас гаргуулах төлбөргүй байна. Анх удаа онц хүнд гэмт хэрэг үйлдсэн эрэгтэй ялтны хорих ялыг чанга дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр заасан боловч шүүгдэгч Ц.Отгонжаргалын хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг харгалзан ял эдлэх дэглэмийг хөнгөрүүлэн өөрчилж жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлэх, Т.Жавзандулам, В.Лхагва нарт оногдуулсан хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-т зааснаар жирийн дэглэмтэй эмэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлэхээр тус тус шийдвэрлэв. Шүүгдэгч Ц.Отгонжаргалын энэ хэрэгт 2016 оны 9 дүгээр сарын 12-ны өдрөөс 2017 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 130 /нэг зуун гуч/ хоногийг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцож, шүүгдэгч Т.Жавзандулам, В.Лхагва нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч нар нь хохирогчид төлөх төлбөргүй, хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй болохыг дурдах нь зүйтэй байна. Т.Жавзандулам, В.Лхагва нарын үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, тэдний хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг харгалзан оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж үзлээ. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн бичлэгтэй сиди 1 ширхгийг уг хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт үлдээж, 2012 оны 8 дугаар сарын 21-ний өдөр төрсөн Отгонжаргалын Мишээлийн төрсний гэрчилгээг хохирогч Т.Баярмаад буцаан олгож, Отгонжаргалын Мишээлд асран хамгаалагч тогтоохыг Дархан-Уул аймгийн Дархан сумын Засаг даргад үүрэг болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзэв.