Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 03 сарын 20 өдөр

Дугаар 22

 

Б.Б-, Б.Б- нарт

холбогдох эрүүгийн хэргийн тухай

Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааны бүрэлдэхүүнд:

Даргалагч шүүгч                             Я.Туул

Шүүгчид                                           Б.Батзориг

                                                          Ц.Амаржаргал           

Прокурор                                          М.Очбадрах

Ялтан                                                Б.Б-

Ялтны өмгөөлөгч                             Ц.Гэнэндулам

                                                           Ж.ЭрдэнэБ-

                                                           Л.Оюунсувд

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Туяацэцэг нар оролцож,

Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Гэрэлт–Од даргалж, шүүгч П.Баттулга, шүүгч Т.Энхжаргал нарын бүрэлдэхүүнтэй 2017 оны 02 дугаар сарын 02-ны өдөр хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны 44 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч ялтны өмгөөлөгч Л.Оюунсувд, Ц.Гэнэндулам,  Ж.ЭрдэнэБ- нарын гаргасан давж заалдах гомдлоор Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1, 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Б-, Б.Б- нарт холбогдох эрүүгийн 201609000563 тоот 2 хавтас хэргийг 2017 оны 02 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч тус шүүхийн шүүх хуралдааны танхимд шүүгч Я.Туулын илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1997 онд Сэлэнгэ аймгийн Орхонтуул суманд төрсөн, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хэрэгт татагдах үедээ Дархан-Уул аймаг дахь ХААИС-ийн 1 дүгээр курсийн оюутан байсан, ам бүл 5, эцэг, эх, дүү нарын хамт Дархан-Уул аймгийн Орхон сумын Баян-Өлзийт 1 дүгээр баг Хүрээлэн гэх газарт оршин суух, улсаас авсан гавьяа шагнал, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Монгол овогт Батбаярын Б-, /РД:МЙ97020818/ нь 2016 оны 10 дугар сарын 10-наас 11-нд шилжих шөнө Дархан-Уул аймгийн Дархан сумын 13 дугаар баг ХААИС-ийн дотуур 327 дугаар өрөөнд Б.Б-тай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж, улмаар зодолдож Б.Б-ын цээжин тус газар нь хутгалж биед нь хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар,

Монгол Улсын иргэн, 1995 онд Дундговь аймгийн Дэлгэрхангай суманд төрсөн, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хэрэгт татагдах үедээ Дархан-Уул аймаг дахь ХААИС-ийн 4 дүгээр курсийн оюутан байсан, ам бүл 7, эцэг, эх, дүү нарын хамт Өвөрхангай аймгийн Хархорин сумын Мойлтын 8 дугаар гудамж 5 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагнал, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Тайжууд овогт Батдоржийн Б-, /РД:ЗД95012313/ нь 2016 оны 10 дугаар сарын 10-наас 11-нд шилжих шөнө Дархан-Уул аймгийн Дархан сумын 13 дугаар баг ХААИС-ийн дотуур байрны 327 дугаар өрөөнд Б.Б-тэй хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж, зодолдож түүний биед хөнгөн гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүх Б.Б-, Б.Б- нарт холбогдох хэргийг хүлээн авч хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд Б.Б-, Б.Б- нарыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Б.Б-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар 960.000 төгрөгөөр торгох ял, Б.Б-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дугаар зүйлийн 551.1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар 3 жил 4 сар 10 хоногийн хорих ял оногдуулж, түүнд оногдуулсан 3 жил 4 сар 10 хоногийн хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид биечлэн  эдлүүлэхээр тус тус шийдвэрлэсэн байна.

Ялтан Б.Бат-Эрдэнийн өмгөөлөгч Л.Оюунсувд шүүхэд ирүүлсэн давж заалдах гомдолдоо: “... 2016 оны 10 дугаар сарын 10-ны шөнө Б.Б- нь Б.Бат-Эрдэнийг өөрийн амьдардаг 327 тоот өрөөнд дуудан ирүүлж “ Чи ямар олон юм ярьдаг юм бэ? Чамайг би үхтэл чинь зодчих уу” гэж хэлээд зодож танхайрч, бие эрх чөлөөнд нь халдаж хөнгөн гэмтэл учруулж танхайрсан. Б.Б- нь бусдыг өдөөн хатгаж, танхайрч бие махбодид нь гэмтэл учруулсан үйлдлийг хийсэн байхад түүний танхайн үйлдлийг Прокурорын газраас буруу зүйлчилж хэргийг шүүхэд ирүүлснийг анхан шатны шүүх анхаарч үзэлгүй энэ зүйлчлэлээр хэргийг шийдвэрлэж, ял шийтгэл оногдуулсан нь үндэслэлгүй байна. Б.Б-ын үйлдсэн хэргийн зүйлчлэл тохироогүй байна. Хэргийг нэмэлт мөрдөн байцаалтанд буцааж өгнө үү.” гэжээ.

Ялтны өмгөөлөгч Ц.Гэнэндулам шүүхэд ирүүлсэн давж заалдах гомдолдоо:”... Б.Б-ын хувьд Б.Бат-Эрдэнийг удаа дараа хоргоож, өөрийн амьдарч буй тасагтаа дуудаж ирүүлэн, сургууль дээр нь зодох зэрэг үйлдлийг гаргаж байсан. Энэ 2 шүүгдэгчийн хооронд ямар нэгэн өш хонзон, өр авлага огт байхгүй байсан байна. Б.Б-ын үйлдэлд танхайн гэмт хэргийн шинжийг агуулсан үйлдэл байгаа нь хэрэгт цугларсан нотлох баримтаар тогтоогдсон байна. Гэтэл шүүх прокурор аль аль нь анхаарч үзэлгүй зүйлчлэлийг буруу зүйлчилж хэргийг шийдвэрлэсэн гэж үзэж байна. Ийм учраас зүйлчлэлийг өөрчлүүлэхээр хэргийг мөрдөн байцаалтанд буцааж өгнө үү.” гэжээ.

Ялтны өмгөөлөгч Ж.ЭрдэнэБ- шүүхэд ирүүлсэн давж заалдах гомдолдоо: “... Б.Б-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь үндэслэлгүй бөгөөд Б.Б- нь шалтгаангүйгээр удаа дараа Б.Бат-Эрдэнийг дуудаж үг хэлээр дарамтлах болон эрх чөлөөнд нь халдаж цохиж зодсон үйлдлийг хийсэн бөгөөд өөрөө хуучин оюутан гэдгээрээ өөртөө давуу байдал бий болгож танхайрч байсан нь мөрдөн байцаалтын ажиллагаагаар тогтоогдсон байхад түүний үйлдлийг танхайрах гэмт хэргээр  зүйлчлээгүй нь хууль зөрчиж байна. Мөн зодоонд оролцсон н.Эрдэнэжаргалын үйлдлийг шалгалгүй орхисон, дотуур байрны камерийн бичлэгийг шалгалгүй, нотлох баримтаар хурааж аваагүй зэрэг нь шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй байна. Иймд хэргийг нэмэлт мөрдөн байцаалтанд буцааж өгнө үү гэжээ.

Давж заалдах шатны шүүх хуралдааны хэлэлцүүлэгт оролцсон ялтны өмгөөлөгч Л.Оюунсувд: Давж заалдах гомдлоо дэмжиж оролцож байна. Энэ хэрэгт Б.Б-ын үйлдэлд прокурор болон анхан шатны шүүх үндэслэлгүй дүгнэлт хийж хэргийн зүйлчлэлийг буруу зүйлчилсэн гэж үзэж байна. Хэрэгт цугларсан нотлох баримтаар Б.Б- нь танхайн гэмт хэрэг үйлдсэн болох нь хангалттай нотлогдсон бөгөөд түүний танхайн үйлдэл нь Б.Бат-Эрдэнийг өдөөн хоргоох, удаа дараа дуудаж үг хэлээр дарамтлах, зодох зэргээр илэрч байсан бөгөөд энэ талаар хохирогч болон гэрчүүд мэдүүлсэн байдаг. Хэрэг учрал болсон өдөр ч гэсэн түүнийг өөрийн амьдардаг өрөөндөө дуудаж, маргаан, зодооныг эхлүүлж танхайрсан болох нь тогтоогдсон. Б.Б-ын үйлдлэлд зүйлчилсэн хуулийн зүйлчлэл тохироогүй тул хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцааж зүйлчлэлийг зөвтгөж ирүүлэх шаардлагатай байна. Иймээс шүүхэд гаргасан давж заалдах гомдлоо дэмжиж байна. Хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаахдаа Б.Б-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж бусдын батлан даалтанд өгнө үү гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдааны хэлэлцүүлэгт оролцсон ялтны өмгөөлөгч Ц.Гэнэндулам: Би Б.Бат-Эрдэнийн өмгөөлөгчөөр түүний эцэг, эхийн хүсэлтээр давж заалдах шатны шүүх хуралдаанаас эхлэн оролцож байна. Хэрэгт цугларсан нотлох баримтаар Б.Б- нь Б.Бат-Эрдэнийг удаа дараа өдөөн хоргоож, танхайрч байсан болох нь нотлогдож тогтоогдож байгаа бөгөөд прокурор болон анхан шатны шүүх хэргийг үндэслэлгүйгээр буруу зүйлчилж ял шийтгэл оногдуулсан нь шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй байх шаардлагыг хангаагүй байна гэж үзэж байна. Хэрэгт цугларсан нотлох баримтаар Б.Б- нь 4 курсийн оюутан бөгөөд 1 дүгээр курсын оюутан болох Б.Бат-Эрдэнийг өөрийн амьдардаг өрөөндөө дуудах сургууль болон тааралдсан газартаа өдөөн хатгаж, зодож байсан бөгөөд хэрэг учрал болдог өдөр ч гэсэн түүнийг өрөөндөө дуудаж, маргаан зодооныг эхлүүлж, танхайрсан болох нь гэрчүүдийн мэдүүлэг болон Б.Бат-Эрдэнийн мэдүүлгээр нотлогдсон байна. Шүүхээс Б.Б- болон Б.Бат-Эрдэнийн үйлдсэн хэрэгт зүйлчилсэн зүйл ангийг зөвшөөрөхгүй байгаа бөгөөд хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцааж хэргийн зүйлчлэлийг зөвтгүүлэхээр гомдол гаргасан. Шүүгдэгч нарын хооронд өр авлага, өс хонзон зэрэг хувийн таарамжгүй харьцаа байгаагүй. Ийм учраас шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг нэмэлт мөрдөн байцаалтанд буцааж өгнө үү гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдааны хэлэлцүүлэгт оролцсон ялтны өмгөөлөгч Ж.ЭрдэнэБ-: Би шүүхэд гаргасан давж заалдах гомдлоо дэмжиж байна. Б.Б-ын үйлдлийг зүйлчилсэн хуулийн зүйл анги тохироогүй энэ талаар анхан шатны шүүх хуралдаанд хүсэлт гаргасан боловч шүүх хэргийг шийдвэрлэсэн. Ийм учраас хэргийн зүйлчлэлийг зөвтгөж,  шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй ажиллагаануудыг хийлгэхээр бичсэн давж заалдах гомдлоо дэмжиж оролцож байна. Б.Б- нь Б.Бат-Эрдэнийг ямар нэгэн шалтгаангүйгээр өдөөн хоргоож, үг хэлээр дарамталж, зодож танхайрч байсан болох нь тогтоогдсон. Ийм учраас хэргийг нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагаа хийлгэхээр буцааж өгнө үү гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдааны хэлэлцүүлэгт оролцсон ялтан Б.Б- мэдүүлэхдээ: Хэргийг үнэн зөвөөр шийдвэрлэж өгнө үү гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдааны хэлэлцүүлэгт оролцсон прокурор М.Очбадрах гаргасан тайлбар дүгнэлтэндээ: Шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй байх шаардлагыг хангасан. Хэрэгт цугларсан нотлох баримтаар Б.Б-ын болон Б.Бат-Эрдэнийн үйлдэл нотлогдсон. Өмгөөлөгч нар Б.Б-ын хэргийн зүйлчлэлийг тохироогүй гэж байна. Улсын Дээд шүүхийн 2007 оны тогтоол танхайрах гэмт хэргийг хувийн таарамжгүй харилцаанаас үүдэлтэй хэргээс хэрхэн ялгаж зүйлчлэх талаар тодорхой заасан. Энэ гэмт хэрэг нь  хохирогчийн зүй бус харьцаанаас болж маргалдсан, бие махбодид нь гэмтэл учруулсан болох нь тогтоогдсон. Хэрэгт цугларсан нотлох баримтаар болон гэрчүүдийн мэдүүлгээр энэ байдал нь тогтоогдсон. Гэрч н.Хорол мэдүүлэхдээ унтах гэж орон дээр хэвтэж байтал н.Мэндбаяр орж ирсэн. Б.Б-, Б.Б- хоёр ноцолдсон, нэг мэдэхэд Б.Б- Б.Б-ыг хутгалж цус гарч байсан гэдэг. Камерийн бичлэгийн талаар албан тоотоор хавтаст хэргийн материалд авагдсан тул тайлбарлах шаардлагагүй. Болсон хэргийн талаар гэрчүүд тодорхой мэдүүлж байхад заавал камерийн бичлэг байх шаардлагагүй, хэрэг нотлогдож байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, өмгөөлөгч нарын давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Тодорхойлох нь:

Ялтан Б.Б- нь 2016 оны 10 дугаар сарын 10-наас 11-нд шилжих шөнө Дархан-Уул аймгийн Дархан сумын 13 дугаар баг ХААИС-ийн оюутны дотуур байрны 327 дугар өрөөнд ялтан Б.Б-тай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж улмаар түүнийг хутгалж биед нь хүнд гэмтэл, ялтан Б.Б- нь Б.Б-тэй маргалдаж зодолдож түүний биед хөнгөн гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэж Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Б.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1, Б.Б-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.

Анхан шатны шүүх Б.Б-, Б.Б- нарт холбогдох хэргийг хянан хэлэлцээд тэднийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Б.Б-д Эрүүгийн хуулийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар 3 жил 4 сар 10 хоногийн хорих ял, Б.Б-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт ззаснаар 960.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсэн байна.

Ялтан Б.Бат-Эрдэнийн өмгөөлөгч Л.Оюунсувд, Ц.Гэнэндулам, Ж.ЭрдэнэБ- нар шүүхэд ирүүлсэн давж заалдах гомдолдоо”... прокуророос Б.Б-ын үйлдэлд зүйлчилсэн хуулийн зүйл анги тохироогүй, анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтанд үндэслэл бүхий дүгнэлт хийж, хэргийн зүйлчлэлийг зөвтгөхгүйгээр Б.Б-т ял шийтгэл оногдуулсан нь буруу болсон учраас хэргийг нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагаа хийлгэхээр буцааж өгнө үү” гэсэн давж заалдах гомдлын үндэслэл гаргасны дагуу хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судалж хэргийг бүхэлд нь хянаад дараах дүгнэлтийг хийж хэргийг нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагаа хийлгэхээр буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Хэрэгт цугларсан байгаа нотлох баримтаар Б.Б- нь Б.Бат-Эрдэнийг удаа дараа өдөөн хоргоож, танхайрч бие махбодид нь гэмтэл учруулах, хэл амаар дарамтлах зэрэг үйлдлүүд гаргаж байсан болох нь нотлогдсон, улмаар тухайн хэрэг учрал болсон өдөр буюу 2016 оны 10 дугаар сарын 10-ны өдөр Б.Б- нь Б.Бат-Эрдэнийг өөрийн амьдардаг өрөөндөө дуудаж ирүүлсэн гэх бөгөөд Б.Б- нь тухайн өдөр ямар зорилго, сэдэлтээр Б.Бат-Эрдэнийг өрөөндөө дуудаж ирүүлсэн, дуудаж ирүүлсний дараа тэдний хооронд болсон маргаан, зодоон нь хувийн таарамжгүй харьцаанаас болсон уу эсвэл Б.Б-ын үйлдэлд танхайн сэдэлт байсан эсэхийг тогтоох шаардлагатай, Б.Б-ын гэмт хэрэг үйлдэх болсон сэдэлтийг шүүх хуралдааны хэлэлцүүлгээр тогтоох боломжгүй, хэргийг нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагаанд буцааж зохих ажиллагаануудыг хийж, зүйлчлэлийг зөвтгүүлэх шаардлагатай  байх тул  хэргийг нэмэлт мөрдөн байцаалтанд буцаах нь зүйтэй гэж үзсэн болно.

Иймд ялтан Б.Бат-Эрдэнийн өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлын үндэслэлүүдийг хүлээн авч хэргийг аймгийн Прокуророор дамжуулан нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагаа хийлгэхээр буцаах нь зүйтэй гэж дүгнэлсэн болно.

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.2, 318 дугаар зүйлийн 318.1, 325 дугаар зүйлийг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 44 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Б.Б-, Б.Б- нарт холбогдох эрүүгийн 201609000563 тоот 2 хавтас хэргийг нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагаа хийлгэхээр аймгийн Прокурорт буцаасугай.

2. Б.Б-, Б.Б- нарт урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэргийг аймгийн Прокурорт очтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

Энэхүү магадлалд Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 307 дугаар зүйлийн 307.1 дэх хэсэгт зааснаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхгүй болохыг дурдсугай.

 

 

                                           ДАРГАЛАГЧ                                                  Я.ТУУЛ

                                              ШҮҮГЧИД                                                   Б.БАТЗОРИГ

                                                                                                                  Ц.АМАРЖАРГАЛ