Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 10 сарын 03 өдөр

Дугаар 221/МА2019/0517

 

2019 оны 10 сарын 03 өдөр           Дугаар 221/МА2019/0517                          Улаанбаатар хот

Б.Б-ын нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Ц.Сайхантуяа, шүүгч Ц.Цогт нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Мөнгөнзул, нэхэмжлэгч Б.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч П.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О, Х.Н нарыг оролцуулан Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 128/ШШ2019/0450 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан хариуцагчийн давж заалдах гомдлын дагуу Б.Б-ын нэхэмжлэлтэй, Цагдаагийн ерөнхий газрын даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч Ц.Цогтын илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 128/ШШ2019/0450 дугаар шийдвэрийн 1 дэх заалтаар: Төрийн албаны тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.5, 47 дугаар зүйлийн 47.1.4, Цагдаагийн албаны тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1.1-т заасныг баримтлан нэхэмжлэгч Б.Б-ын нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, Цагдаагийн ерөнхий газрын 2019 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн “Сахилгын шийтгэл оногдуулах, албанаас халах тухай” Б/25 дугаар тушаалын Б.Б-т холбогдох хэсгийг хүчингүй болгож, Б.Б-ыг ------- аймаг дахь Цагдаагийн газрын эрүүгийн мөрдөгчийн ажил албан тушаалд эгүүлэн тогтоож шийдвэрлэжээ.

2 дахь заалтаар: Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.4, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчид 6.352.338 /зургаан сая гурван зуун тавин хоёр мянга гурван зуун гучин найм/ төгрөгийг олгохыг, ийнхүү олгохдоо хуульд заасан холбогдох суутгалуудыг хийхийг, нэхэмжлэгчийн ажиллаагүй хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг хуульд зааасан хувь хэмжээгээр нөхөн төлөхийг тус тус хариуцагч Цагдаагийн ерөнхий газрын даргад даалгаж шийдвэрлэжээ.

Хариуцагч давж заалдах гомдолдоо: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 128/ШШ2019/0450 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна.

Цагдаагийн ерөнхий газрын 2019 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн Б/25 дугаар тушаалаар цагдаагийн ахмад Б.Б-ыг Цагдаагийн албаны тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1.1-т заасан үндэслэлээр албанаас халж, цагдаагийн цолыг хураасан.

Тэрээр ------- аймаг дахь цагдаагийн газарт эрүүгийн мөрдөгчөөр ажиллаж байхдаа мөн аймаг дахь цагдаагийн газрын даргын 2018 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр баталсан төлөвлөгөөний дагуу эрүүгийн ------------- дугаартай хэргийн яллагдагч Б.Б-г эрэн сурвалжлах зорилгоор Улаанбаатар хотод томилолтоор ажиллаж, 2018 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр тухайн эрүүгийн хэрэгт хамааралгүй Б.О-тай уулзаж, түүнээс яллагдагч Б.Б-ийн байгаа газрыг заалгахаар зүй бус харьцаж, дарамтлан, маргалдсаны улмаас Б.О-ын биед хүнд гэмтэл учруулсан.

Нэхэмжлэгч нь албан үүргээ гүйцэтгэж явсан хэдий ч эрэн сурвалжлагдаж байгаа этгээдийн байгаа газрыг олж тогтоох үйл ажиллагаандаа иргэнийг албадан оролцуулж, эрхэд нь хууль бусаар халдсаны улмаас бусдад хохирол учирсан үйлдэл нь Цагдаагийн ерөнхий газрын даргын 2017 оны А/129 дүгээр тушаалын хавсралтаар баталсан “Цагдаагийн албан хаагчийн ёс зүй дүрэм”-ийн 2.2.2 дахь хэсэг “цагдаагийн байгууллагын үйл ажиллагааг хэрэгжүүлэхдээ бусдын эрхэнд хууль бусаар халдах, чирэгдүүлэх, дарамтлах, хүнд суртал гаргахгүй байх”, 2.3.2 дахь хэсэг “албан тушаалын бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ иргэн, хамтран ажиллаж байгаа албан хаагчтай адил тэгш, хүлээцтэй, хүндэтгэлтэй харилцаж, тэдний нэр төр, алдар хүнд, хууль ёсны эрх, ашиг сонирхлыг хүндэтгэх”, 2.4.1 дэх хэсэг “өөрийн болон албаны нэр төрийг ариун байлгах, иргэдтэй соёлтой хүнлэг, хүлээцтэй харьцах, гаргасан гомдол, хүсэлтийн талаар маргахгүй байх”-т заасан хэм хэмжээг тус тус зөрчсөн.

Анхан шатны шүүхээс нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэхдээ албаны тушаалтныг төрийн албанаас чөлөөлөх, ажил албан тушаал бууруулах, сахилгын шийтгэл ногдуулах, төрийн албанаас халах зэрэг нарийвчилсан зориулалттай Төрийн албаны тухай хуулийг баримтлаагүй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй бөгөөд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.5-д шүүх хэрэг хянан шийдвэрлэхэд тухайн харилцааг илүү нарийвчлан зохицуулсан хуулийн заалтыг хэрэглэхээр заасан бөгөөд цагдаагийн байгууллага, алба хаагчийн тухайд түүний эрх зүйн байдлыг Цагдаагийн албаны тухай хуулиар зохицуулсан байдаг[1].

Мөн шийдвэрийн 11 дэх хуудсанд Хууль зүйн сайдын 2015 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн “Журам батлах тухай” А/238 дугаар тушаалаар батлагдсан “Цагдаагийн байгууллагын үйл ажиллагаанд дотоод хяналт, шалгалтыг зохион байгуулах журам”-ын дагуу албаны шалгалт хийсэн гэж үзсэн боловч, уг тушаалыг хүчингүй болгосон бөгөөд одоо цагдаагийн байгууллага нь Цагдаагийн ерөнхий газрын даргын 2017 оны А/246 дугаар тушаалаар батлагдсан “Байгууллагын үйл ажиллагаанд дотоод хяналт, шалгалт зохион байгуулах /код 112/ журам”-ын дагуу албаны шалгалтыг зохион байгуулж байна.

Дээрхээс үзэхэд анхан шатны шүүх маргааны үйл баримтад дүгнэлт хийхдээ нотлох баримтыг буруу үнэлж, хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэхээр байна.

Мөрдөн байцаах албаны Тусгай субъектийн үйлдсэн гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтсээс Б.О-ын биед гэмтэл учирсан асуудалд Б.Б-ыг холбогдуулан шалгаж, Улсын Ерөнхий прокурорын газраас эрүүдэн шүүсэн гэмт хэргийн шинжтэй гэж үзэж Авлигатай тэмцэх газарт харьяалал тогтоон шилжүүлэн үргэлжлүүлэн шалгаж байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хянан үзэж Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1.1-д зааснаар нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдэл зөв байх тул шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

------- аймаг дахь цагдаагийн газрын Эрүүгийн цагдаагийн тасгийн эрүүгийн мөрдөгч, цагдаагийн ахмад Б.Быг тус аймаг дахь цагдаагийн газрын даргын 2018 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр баталсан төлөвлөгөөний дагуу эрүүгийн ------------- дугаартай хэргийн яллагдагч Б.Б-ийг эрэн сурвалжлах зорилгоор Улаанбаатар хотод томилолтоор ажиллаж, 2018 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр яллагдагч Б.Б-ийн байгаа газрыг заалгахаар уулзсан Б.О-ын биед гэмтэл учирсан асуудлаар шалгажээ.

Улмаар Б.О-аас гаргасан “------- аймаг дахь Цагдаагийн газарт ажилладаг 4 алба хаагчид 2018 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр зодуулж, биед хүнд гэмтэл учирсан  ...” гэх гомдолд албаны шалгалт явуулж, нэхэмжлэгч Б.Б-ыг Цагдаагийн Ерөнхий газрын даргын 2019 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн Б/25 дугаар тушаалаар “... бусдын биед гэмтэл учруулж, цагдаагийн албаны нэр хүнд, эрх ашиг сонирхолд нөлөөлөхүйц сөрөг үр дагаврыг санаатай буй болгож, Цагдаагийн албаны тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1.1 дэх заалт, Цагдаагийн албан хаагчийн ёс зүйн дүрмийн 2 дугаар зүйлийн 2.2.2, 2.3.2, 2.3.4, 2.4.2-т заасныг тус тус зөрчсөн” гэсэн үндэслэлээр цагдаагийн албанаас халж, “цагдаагийн ахмад” цолыг хураажээ.

Нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч гаргасан хариуцагчийн тайлбарт дурдсан “зүй бус харьцаж, дарамтлан маргалдсаны улмаас Б.О-ын биед гэмтэл учирсан”, “эрэн сурвалжлагдаж байгаа этгээдийн байгаа газрыг олж тогтоох үйл ажиллагаандаа иргэнийг албадан оролцуулж, эрхэд нь хууль бусаар халдсаны улмаас бусдад хохирол учирсан” гэх буюу Б.О-ын биед гэмтэл учирсан нь нэхэмжлэгчийн буруутай үйл ажиллагаанаас шалтгаалсан гэх үндэслэл хэрэгт авагдсан албаны шалгалтын материалаар бүрэн нотлогдоогүй байна.

Түүнчлэн, нэхэмжлэгчийг төрийн албанаас халсан маргаан бүхий акт “бусдын биед гэмтэл учруулсан”, “цагдаагийн албаны нэр хүнд, эрх, ашиг сонирхолд нөлөөлөхүйц сөрөг үр дагаврыг санаатай буй болгосон” гэсэн үндэслэлүүдээр гарсан байх боловч хариуцагчийн явуулсан албаны шалгалт болон шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад дээрх хүний биед гэмтэл учруулсан сөрөг үр дагаврыг “санаатай буй болгосон” нь тогтоогдоогүй байна.

Цагдаагийн албаны тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1.1-д “өргөсөн тангараг, ёс зүй, сахилгын дүрмийг ноцтой зөрчсөн” тохиолдолд цагдаагийн алба хаагчийг цагдаагийн албанаас халахаар зохицуулсан бөгөөд хариуцагчаас маргаан бүхий актыг гаргахдаа дээрх хуульд заасан ёс зүй, сахилгын дүрмийг нэхэмжлэгч ноцтой зөрчсөн нөхцөл байдал гарцаагүй тогтоогдсон эсэх, нэхэмжлэгчээс иргэн Б.О-тай харилцахдаа ёс зүй, сахилгын дүрмийн ямар холбогдох заалтыг зөрчсөн нь нотлогдоогүй байхад цагдаагийн албанаас халсан нь үндэслэлгүй.

Энэ талаар анхан шатны шүүх “үйл баримтаар тогтоогдсон зөрчилд тохирсон арга хэмжээ аваагүй ... нэхэмжлэгчийн ёс зүйн зөрчлийг бүрэн дүүрэн, эргэлзээгүй тогтоосон гэж үзэхэд учир дутагдалтай гэж дүгнэн” нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн нь зөв болжээ.

Анхан шатны шүүх “Төрийн албаны тухай хуулийн 47 дугаар зүйлд заасан төрийн жинхэнэ албан хаагчийг албан тушаалаас нь халах зохицуулалтыг үндэслэх байсан” гэж дүгнэсэн нь буруу давж заалдах гомдлын “цагдаагийн байгууллага, алба хаагчийн тухайд түүний эрх зүйн байдлыг Цагдаагийн албаны тухай хуулиар зохицуулсан гэх” үндэслэл зөв боловч энэ нь захиргааны акт бодит нөхцөлд тохирсон эсэх тухай маргааны шийдэлд нөлөөлөхөөргүй байна.

Давж заалдах гомдол, шүүх хуралдаанд нэхэмжлэгч Б.Б-тай холбоотой тус хэргийг Улсын Ерөнхий прокурорын газраас эрүүдэн шүүсэн гэмт хэргийн шинжтэй гэж үзэж Авлигатай тэмцэх газарт харьяалал тогтоон шилжүүлэн үргэлжлүүлэн шалгаж байгаа талаар хариуцагч тал тайлбарласан бөгөөд хэрэв Б.О-ын биед гэмтэл учирсан байдалд нэхэмжлэгч буруутай болох нь нэхэмжлэгчийн холбогдон шалгагдаж буй эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тогтоогдсон тохиолдолд тухайн журмаар хариуцлага хүлээлгэх боломжтой байгааг тэмдэглэв.

Иймд дээрх үндэслэлүүдээр хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгээс тухайн маргааныг шийдвэрлэхэд хамааралгүй Төрийн албаны тухай хуулийн зохицуулалтуудыг хассан өөрчлөлт оруулав.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.3-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 128/ШШ2019/0450 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтаас “Төрийн албаны тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.5, 47 дугаар зүйлийн 47.1.4” гэснийг хасаж өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр 41.1.3-д заасны дагуу хариуцагч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж үзвэл хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                      Д.БАТБААТАР

ШҮҮГЧ                                                         Ц.САЙХАНТУЯА

ШҮҮГЧ                                                         Ц.ЦОГТ

 


[1] Цагдаагийн албаны тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэг “Энэ хуулийн зорилт нь Монгол Улсын цагдаагийн албаны тогтолцоо, үйл ажиллагаа, цагдаагийн алба хаагчийн эрх зүйн байдал, цагдаагийн байгууллагад тавих иргэний хяналтын эрх зүйн үндсийг тогтооход оршино”