Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 07 сарын 23 өдөр

Дугаар 128/ШШ2019/0450

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                                                                

            Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч У.Б  даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.А, нэхэмжлэгч Б.Б, түүний өмгөөлөгч П.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Н нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны 2 дугаар танхимд хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: ** овгийн Б.Б /РД:**/.

Хариуцагч: Цагдаагийн ерөнхий газрын дарга.

Нэхэмжлэлийн шаардлага: Цагдаагийн ерөнхий газрын даргын 2019 оны 1 дүгээр сарын 10-ны өдрийн Б/25 дугаар тушаалын өөрт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай шаардлага бүхий нэхэмжлэлтэй захиргааны хэргийг нээлттэйгээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б.Б шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: ... Б.Б миний бие 18 наснаасаа эхлэн Цагдаагийн байгууллагын зовлон жаргалыг хамтдаа хуваалцаж, Цагдаагийн албаны хүнд, хэцүү бүхнийг даван туулж, тус байгууллагад 10 жил, эрүүгийн албанд тасралтгүй 6 жил ажиллаж, ард иргэдийнхээ амар амгалангийн энхийн манаанд үүргээ гүйцэтгэсээр ирсэн билээ. Цагдаагийн байгууллагад ажиллах хугацаандаа 2014 онд үндэсний бөхийн Аймгийн харцага цол, Цагдаагийн газрын Онцлох алба хаагч, 2015 онд Цагдаагийн газрын Ажил мэргэжлийн аварга алба хаагч, 2016 онд Цагдаагийн ерөнхий газрын Гэмт хэрэгтэй тэмцэх албаны Тэргүүний алба хаагч, Цагдаагийн ерөнхий газрын Спортын алдар тэмдэг, аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Хүндэт өргөмжлөл, Цагдаагийн ерөнхий газрын Хүч спортын хорооны Хүндэт тэмдэг, 2018 онд Цагдаагийн ерөнхий газрын Цагдаагийн гавьяа тэмдэг, аймгийн Тагнуулын газрын Талархал зэрэг шагналаар тус тус шагнагдаж, сүүлийн 5 жил дараалан ажлын үр дүнгээр А үнэлэгдсэн бөгөөд ямар нэгэн сахилга, ёс зүйн зөрчил дутагдал гаргаж байгаагүй.

Сэлэнгэ аймаг дахь Цагдаагийн газрын Эрүүгийн цагдаагийн тасагт эрүүгийн мөрдөгч албан тушаалтай, цагдаагийн ахмад цолтой Б.Б намайг Цагдаагийн ерөнхий газрын даргын 2019 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн Б/25 дугаар тушаалаар "... бусдын биед гэмтэл учруулж, цагдаагийн албаны нэр хүнд, эрх ашиг сонирхолд нөлөөлөхүйц сөрөг үр дагаврыг санаатай буй болгож, Цагдаагийн албаны тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1.1 дэх заалт, Цагдаагийн алба хаагчийн ёс зүйн дүрмийн 2 дугаар зүйлийн 2.2.2, 2.3.2, 2.3.4. 2.4.1-т заасныг тус тус зөрчсөн гэсэн үндэслэлээр Цагдаагийн албаны тухай хуулийн 81 дүгээр зүйлийн 81.4.2, 81.4.3, 82 дугаар зүйлийн 82.1.1 дэх хэсгийг баримтлан цагдаагийн албанаас халсан нь үндэслэлгүй гэж үзэж байна. Цагдаагийн Ерөнхий газрын даргын 2019 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн Б/25 дугаар тушаалд үндэслэл болгосон Цагдаагийн албаны тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1.1 дэх заалт хүний эрх, эрх чөлөөнд хууль бусаар халдах, Цагдаагийн алба хаагчийн ёс зүйн дүрмийн 2 дугаар зүйлийн 2.2.2 дахь хэсэг цагдаагийн байгууллагын үйл ажиллагааг хэрэгжүүлэхдээ бусдын эрхэнд хууль бусаар халдах, чирэгдүүлэх, дарамтлах, хүнд суртал гаргахгүй байх, 2.3.2 дахь хэсэг цагдаагийн байгууллагын нэр төр, алдар хүндэд харшлах аливаа зохисгүй үйлдэл, эс үйлдэл гаргахгүй байх, 2.3.4 дэх хэсэг авилга, хээл хахууль авах, өгөх, зуучлахгүй байх, 2.4.1 дэх хэсэг өөрийн болон албаны нэр төрийг ариун байлгах, иргэдтэй соёлтой, хүнлэг, хүлээцтэй харьцах, үл тоох, шаардлагагүй баримт бичиг нэхэх, гаргасан гомдол, хүсэлтийн талаар маргахгүй байх заасныг тус тус зөрчсөн гэж үзжээ.

Тушаалд, бусдын биед гэмтэл учруулж, цагдаагийн албаны нэр хүнд, эрх ашиг сонирхолд нөлөөлөхүйц сөрөг үр дагаврыг санаатай буй болгосон гэсэн нь чухам ямар нотлох баримтаар шалгагдаж тогтоогдсон нь тодорхойгүй. Цагдаагийн албанд ажиллаж ахуй амьдралаа залгуулж, 10 гаруй жил тухайн албанд үнэнчээр ажилласан алба хаагч миний хувьд санаатайгаар цагдаагийн байгууллагын нэр хүндэд нөлөөлөх сөрөг үр дагавар бий болгох талаар санаа бодол төрж байгаа ч үгүй болно. Болж өнгөрсөн зүйлийг товчхон дурдахад миний бие Сэлэнгэ аймаг дахь Цагдаагийн газрын 2018 оны 4 дүгээр сард батлагдсан удирдамж төлөвлөгөөний дагуу ажиллагааны явцад шүүхээс эрэн сурвалжлагдаж байсан Батхуягийн Б нь урьд өмнө шоронд хамт ял эдэлж байсан Балжиннямын О гэх залуутай хамт байгаа, тэр залуу Б.Бийг хаана байгаа талаар мэдэж байгаа гэх мэдээллийн дагуу Б.Оыг олж, түүнтэй уулзаж ярилцан оргодол этгээд Б.Бийн байгаа газрыг заалгахаар болсон.

Б.О нь тухайн үед Б.Бийн хаяг, байршлыг зааж өгөхөөр тохиролцсон хэдий ч намайг байрны подволд байдаг өөрийн оёдлын цех рүү дагуулж орохдоо би цагдаагийн бууны нохой болж найзыгаа барьж өгөхгүй, та нартай алалцана, энд чамайг алчихсан байхад надад алдах юм байхгүй гэх мэтээр над уруу дайрч давшилж, улмаар намайг барьж аваад дээш өргөхдөө унаж гэмтсэн.

Энэ асуудал Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэст шалгагдаж байгаад одоо Цагдаагийн Ерөнхий газрын Тусгай субъектийн үйлдсэн гэмт хэргийг мөрдөн шалгах хэлтэст хэрэг бүртгэлтийн хэрэг нээн шалгаж байгаа. Мөн биднийг Б.Оын гомдлоор албан үүргээ хэрэгжүүлж байхдаа бусдын эрх эрх чөлөөнд халдсан байж болзошгүй гэсэн үндэслэлээр Сэлэнгэ аймаг дахь Цагдаагийн газраас 2018 оны 5 дугаар сард албаны шалгалт явуулж, алба хаагчдын буруутай үйл ажиллагаа тогтоогдоогүй, тухайн асуудлаар Авлигатай тэмцэх газар хэрэг бүртгэлтийн хэрэг нээн шалгаж байгаа учир гэм буруутайд тооцон арга хэмжээ авч, сахилгын шийтгэл оногдуулах үндэслэлгүй байна гэж шийдсэн байдаг.

Гэвч 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдөр Цагдаагийн ерөнхий газрын Хяналт шалгалт үнэлгээ дотоод аудитын хэлтсээс Б.Оын гомдлоор тус хяналт шалгалт явуулсан материалыг татаж хянаад алба хаагчид албаны нэр хүндийг ноцтой унагааж, хүний эрх, эрх чөлөөг зөрчсөн гэж үзээд хамт ажилласан алба хаагчдад цалингийн хувь бууруулах, харин намайг албанаас халах сахилгын шийтгэл ногдуулсан юм. Хохирогч гэх этгээдийн худал гүтгэлэг, Хууль зүйн яам, Цагдаагийн Ерөнхий газарт гаргасан түүний гомдлыг тухайн байгууллагууд сайтар судалж, нотлох баримтад үндэслэн шийдвэрлэхгүйгээр хэл амтай этгээдийн зарга маргааныг дарах зорилгоор албаны үүргээ биелүүлж явсан цагдаагийн алба хаагч намайг ажлаас нь халах шийдвэр гаргасанд миний бие туйлын гомдолтой байна. Надад албаны нэр хүндийг гутаан, иргэний эрх чөлөөнд халдаж, албаны ёс зүйн болоод сахилгын алдаа зөрчил гаргасан үйлдэл огт байхгүй бөгөөд хуульд нийцүүлэн албан үүргээ гүйцэтгэж байсан.

Цагдаагийн албанд 10 жилийн турш ажиллах хугацаандаа гэмт этгээдүүд, согтуу иргэд, өмнө ял шийтгэгдэж байсан этгээдүүдтэй хэрхэн яаж харьцах талаар тогтоосон журам, дүрмийн дагуу харилцах талаар хангалттай арга барил, туршлагад суралцсан билээ. Түүнчлэн Цагдаагийн албаны тухай хуульд цагдаагийн алба хаагч нь өөрийн болоод бусдын амь нас, эрүүл мэнд, аюулгүй байдлаа аливаа халдлагаас хамгаалах эрхтэй гэж заасан байдаг боловч миний бие тухайн этгээдэд гэмтэл учруулах ямар нэгэн үйлдэл хийгээгүй болно. Намайг албанаас халсан тушаалд Цагдаагийн алба хаагчийн ёс зүйн дүрмийн 2 дугаар зүйлийн 2.3.4 дахь хэсэг авлига, хээл хахууль авах, өгөх, зуучлахгүй байх гэснийг үндэслэсэн мөн Цагдаагийн албаны тухай хуулийн 81 дүгээр зүйлийн 81.4.2, 81.4.3, 82 дугаар зүйлийн 82.1.1 дэх хэсгийг баримталсан нь сахилгын ямар шийтгэл ногдуулаад байгаа юмуу эсхүл албанаас шууд халж байгаа эсэх нь тодорхой бус, ойлгомжгүй байна. Надад зодуулж гэмтсэн гэх этгээдийн гомдлоор эрх бүхий байгууллага хэрэг бүртгэлтийн хэрэг нээн шалгаж байгаа ба одоогоор миний гэм буруутай эсэхийг талаар ямар нэгэн шийдвэр гараагүй байгаа.

Төрийн албаны тухайн хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.2 дахь хэсэгт Гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдож, шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон бол албанаас хална, мөн хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.1 дэх хэсэгт Төрийн жинхэнэ алба хаагч нь энэ хуульд зааснаас бусад үндэслэлээр төрийн албанаас чөлөөлөгдөхгүй, халагдахгүй байх нэмэгдэл баталгаагаар хангагдана гэж заасан байхад үндэслэлгүйгээр ажлаас халах шийдвэр гаргасан гэж үзэж байна. Иймд Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.8 дахь хэсэгт ...Төрийн жинхэнэ албан хаагч сахилгын шийтгэл ногдуулсан тухай шийдвэрийг үндэслэлгүй гэж үзвэл энэ тухай гомдлоо тухайн шийдвэрийг мэдэгдсэнээс хойш 30 хоногийн дотор төрийн албаны төв байгууллагад, эсхүл шүүхэд гаргаж болно гэж заасны дагуу тус шүүхэд хандаж нэхэмжлэл гаргаж байна. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1 дэх хэсэгт заасан үндэслэлээр Цагдаагийн Ерөнхий газрын даргын 2019 оны 1 дүгээр сарын 10-ны өдрийн Б/25 дугаар тушаалыг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулах, эрүүл мэндийн даатгал болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөхийг даалгаж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч Б.Б шүүх хуралдаан дээр хэлсэн тайлбартаа: ...Миний бие 2018 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр Улаанбаатар хотод албан томилолтын дагуу ажиллаж байсан. Ажиллаж байх хугацаандаа эрүүгийн хэрэгт холбогдсон н.Б гэх хүнийг эрэн сурвалжилж ажиллаж байсан ба уг хүнийг олж тогтоохын тулд н.О гэх хүнтэй уулзсан. Тухайн үед н.О нь дээрх этгээдийн хаяг, байгаа газар, байршлыг зааж өгөхөөр тохиролцсон хэдий ч намайг хэл үгээр доромжилж, заамдаж аваад газарт унах явцдаа өөрөө хөлөө дарж унасан асуудал гарсан. Энэ асуудалд бусдын бие махбодод санаатайгаар гэмтэл учруулсан гэж үзээд хууль бус шийдвэр гаргасан. Үүнийг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Миний бие албан үүргээ хууль ёсны дагуу гүйцэтгэж, дарга нараас өгсөн тушаалын дагуу Улаанбаатар хотод нийт 21 хоног томилолтоор ажилласан. Хамгийн сүүлд н.О гэх хүнтэй уулзаж ийм асуудалд холбогдсон. Албан үүргээ гүйцэтгэж яваад ийм асуудал болсонд гомдолтой байна. Бусдын худал мэдээллээр намайг албан тушаалаас чөлөөлсөнд гомдолтой байна. Шүүхийн журмаар энэ асуудлыг шийдвэрлэж өгнө үү гэв.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч П.Б шүүх хуралдаан дээр хэлсэн тайлбартаа:

Нэгдүгээрт, энэ асуудал нь 2018 оны 4 дүгээр сард болсон байдаг. н.О гэх хүн бэртсэн байсан. Шүүх гэм буруутай гэж тогтоогоогүй байхад бусдыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож болохгүй.

Энэ асуудлын дараа н.О гэдэг хүн Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газарт гомдол гаргаж, тухайн үед албаны шалгалт явуулсан байдаг. Хяналт шалгалт явуулаад Б.Б нь ёс зүйн зөрчил гаргасан нь тогтоогдохгүй байна гэж 05 дугаар сарын 27-ны өдөр Цагдаагийн газрын даргын шийдвэр гарсан байдаг. Энэ хугацаанд н.О нь 2018 оны 12 сард Цагдаагийн ерөнхий газрын даргад хандан гомдол гаргасан. Энэхүү гомдлыг хүлээж авч, хяналт шалгалт явуулж, прокурорт гомдол гаргах нь зүйтэй гэсэн хариу өгсөн. Гэтэл яг энэхүү өргөдлийг Хууль зүйн сайдад хандаж гаргасан нь үндэслэлгүй байна. Өөрөөр хэлбэл, нэг шийдвэрлэсэн асуудлыг дахин шийдвэрлүүлсэн байсан.

Үүнээс үзэхэд хууль хэрэглээний асуудал хөндөгдөж байна. Энэ асуудал нь хуучин 2002 оны Төрийн албаны тухай хууль мөрдөгдөж байх үед гарсан. Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4-т Сахилгын зөрчлийг илрүүлснээс хойш 1 сар, зөрчил гаргаснаас хойш 6 сараас илүү хугацаа өнгөрсөн бол сахилгын шийтгэл ногдуулна гэж заасан. Мөн Цагдаагийн ерөнхий газрын даргын тушаалаар батлагдсан код 112 гэдэг албаны шалгалт явуулах журам байдаг. Энэхүү журмаар албаны шалгалтыг хөөн хэлэлцэх хугацааны дотор явуулахаар заасан. Ийм учраас сахилгын шийтгэл оногдуулж болохгүй хугацаанд албаны шалгалт явуулж, сахилгын шийтгэл оногдуулсан байсан.

Хоёрдугаарт, Цагдаагийн ерөнхий газраас 2018 оны 12 сард албаны шалгалт явуулсан уу, үгүй юу гэдэг асуудал байна. н.О гомдол гаргаж, Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газраас албаны шалгалт хийсэн материалыг хуулбарлан хийж, эрүүгийн хэрэг үүсгэсэн байсан. Иймээс дотоод хяналт шалгалт явуулах журам зөрчсөн.

Төрийн албаны тухай хууль зөрчиж, сахилгын шийтгэл оногдуулах хугацаа өнгөрсөн байхад сахилгын шийтгэл оногдуулсан байна гэж үзэж нэхэмжлэл гаргасан гэв.

Хариуцагч Цагдаагийн ерөнхий газрын дэд дарга, Цагдаагийн хурандаа З.Д шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:

...Нэхэмжлэгч Б.Бын Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч дараах тайлбарыг хүргүүлж байна. Үүнд:

Цагдаагийн ерөнхий газрын даргын 2019 оны 1 дүгээр сарын 10-ны өдрийн Б/25 дугаар тушаалаар цагдаагийн ахмад Б Быг Цагдаагийн албаны тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1.1-т заасан үндэслэлээр албанаас халж, цагдаагийн цолыг хураасан. Тэрээр Сэлэнгэ аймаг дахь цагдаагийн газарт эрүүгийн мөрдөгчөөр ажиллаж байхдаа мөн аймаг дахь цагдаагийн газрын даргын 2018 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр баталсан төлөвлөгөөний дагуу эрүүгийн 1831000000002 дугаартай хэргийн яллагдагч Б.Б-г эрэн сурвалжлах зорилгоор Улаанбаатар хотод томилолтоор ажиллаж, 2018 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр тухайн эрүүгийн хэрэгт хамааралгүй Б.Отай уулзаж, түүнээс яллагдагч Б.Б-ийн байгаа газрыг заалгахаар зүй бус харьцаж, дарамтлан, маргалдсаны улмаас Б.Оын биед гэмтэл учирсан.

Тухайн нөхцөлд нэхэмжлэгч нь албан үүргээ гүйцэтгэж явсан хэдий ч эрэн сурвалжлагдаж байгаа этгээдийн байгаа газрын олж тогтоох үйл ажиллагаандаа иргэнийг албадан оролцуулж, эрхэд нь хууль бусаар халдсаны улмаас бусдад хохирол учирсан үйлдэл нь Цагдаагийн ерөнхий газрын даргын 2017 оны А/129 дүгээр тушаалын хавсралтаар баталсан Цагдаагийн алба хаагчийн ёс зүй дүрэм-ийн 2.2.2 дахь хэсэг цагдаагийн байгууллагын үйл ажиллагааг хэрэгжүүлэхдээ бусдын эрхэнд хууль бусаар халдах, чирэгдүүлэх, дарамтлах, хүнд суртал гаргахгүй байх;, 2.3.2 дахь хэсэг албан тушаалын бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ иргэн, хамтран ажиллаж байгаа алба хаагчтай адил тэгш, хүлээцтэй, хүндэтгэлтэй харилцаж, тэдний нэр төр, алдар хүнд, хууль ёсны эрх, ашиг сонирхлыг хүндэтгэх, 2.4.1 дэх хэсэг өөрийн болон албаны нэр төрийг ариун байлгах, иргэдтэй соёлтой, хүнлэг, хүлээцтэй харьцах, гаргасан гомдол, хүсэлтийн талаар маргахгүй байх;-т заасан хэм хэмжээг тус тус зөрчсөн байна.

Мөрдөн байцаах албаны Тусгай субъектийн үйлдсэн гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтсээс Б.Оын биед гэмтэл учирсан асуудалд Б.Быг холбогдуулан шалгаж байна. Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.14-т зааснаар нэхэмжлэгч Б.Бын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Н шүүх хуралдаан дээр хэлсэн тайлбартаа:

... Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газарт ажиллаж байсан ахмад Б.Быг Цагдаагийн ерөнхий газрын даргын тушаалаар Цагдаагийн албаны тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1.1-т зааснаар цагдаагийн албанаас халж, цолыг хураасан.

Яагаад гэвэл, дугаар бүхий эрүүгийн хэрэгт яллагдагчаар татсан этгээдийг эрэн сурвалжлах ажиллагаанд Улаанбаатар хотод томилолтоор ажиллаж байхдаа 2018 оны 04 дүгээр сард эрүүгийн хэрэгт хамааралгүй н.О гэдэг хүнтэй уулзсан. Түүнийг н.Бийн байгаа газрыг олуулахаар зүй бусаар харьцан дарамталж, бусдын биед гэмтэл учруулсан гэж үзэж албанаас халсан. Энэ нь Цагдаагийн ерөнхий газрын даргын 2017 оны А120 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан Цагдаагийн албан хаагчийн ёс зүйн дүрмийн 2.2 дахь хэсэгт Цагдаагийн байгууллагын үйл ажиллагааг хэрэгжүүлэхдээ бусдын биед хууль бусаар халдах, чирэгдүүлэх, дарамтлах үйлдэл гаргахгүй байх, 2.3.2 дахь хэсэгт Албан тушаалыг хэрэгжүүлэхдээ иргэн, хамтран ажиллаж байгаа субьекттэй хүндэтгэлтэй харилцаж, түүний нэр төр, алдар хүндийг хүндэтгэх, 2.4.1 дэх хэсэгт Өөрийн болон албаны нэр төрийг ариун байлгах, соёлтой хүлээцтэй харилцах, гаргасан гомдол хүсэлтийн талаарх маргаахгүй байх гэсэн заалтуудыг зөрчсөн гэж үзэн Цагдаагийн ерөнхий газрын даргын тушаал гарсан.

Иргэн н.О гэдэг хүн ямар буруутай байсан нь эргэлзээтэй асуудал. Ёс зүйн хэм хэмжээний заалтыг баримтлалж, тушаалын үндэслэлээ болгож шийдсэн. Цагдаагийн албаны тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1.1-т өргөсөн тангараг, ёс зүй, сахилгын дүрмийг ноцтой зөрчсөн гэх заалтын дагуу сахилгын шийтгэл оногдуулсан. Өөр нэмж хэлэх зүйлгүй гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд, нэхэмжлэгчийн тайлбар, хариуцагчийн хариу тайлбар, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэх үед нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн өмгөөлөгч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гаргасан тайлбар зэргийг тал бүрээс нь үнэлж, маргаан бүхий захиргааны актын хууль зүйн зүйн үндэслэлийг хянаж, нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

            Нэхэмжлэгч нь шүүхэд хандан Цагдаагийн ерөнхий газрын даргын 2019 оны 1 дүгээр сарын 10-ны өдрийн Б/25 дугаар тушаалын өөрт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай шаардлага бүхий нэхэмжлэл гаргажээ.

            Нэхэмжлэгч болон түүний өмгөөлөгчийн зүгээс албаны үүргээ гүйцэтгэх явцад гарсан асуудлыг зөрчилд тооцон тухайн үед мөрдөгдөж байсан Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4-д заасан хугацаа болон албаны шалгалт явуулах журамд заасан хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн байхад хамгийн хүнд шийтгэл ногдуулж цагдаагийн албанаас халсныг хууль бус гэж марган мэтгэлцсэн бол, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс нэхэмжлэгчийг бусадтай зүй бусаар харьцан дарамталж, бусдын биед гэмтэл учруулсан гэж буруутгасан ба энэ нь цагдаагийн албан хаагчийн ёс зүйн дүрмийн холбогдох заалтуудыг зөрчсөн үйлдэл байсан тул шийдвэр гаргасан хэмээн тайлбарлаж, нэхэмжлэлийг бүхэлд нь эс зөвшөөрч байна.

            Үйл баримтын хувьд, Сэлэнгэ аймаг дахь Цагдаагийн газрын даргын 2018 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр баталсан төлөвлөгөөний дагуу тус газрын эрүүгийн мөрдөгч Б.Б /нэхэмжлэгч/ нь бусад алба хаагчдын хамтаар Улаанбаатар хотод томилолтоор ажиллаж, эрүүгийн дугаар хэргийн яллагдагч Б.Б-г эрэн сурвалжлах зорилгоор, түүний байгаа газрыг заалгахаар 2018 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр иргэн Б.Отай уулзахдаа түүнтэй зүй бус харьцсан, дарамталсан, маргалдсаны улмаас иргэн Б.О-ийн биед гэмтэл учруулсан гэх зөрчилд:

-       Сэлэнгэ аймаг дахь Цагдаагийн газраас 2018 оны 5 дугаар сарын 25-аас 5 дугаар сарын 28-ны хооронд албан шалгалт[1][1] явуулсан материал;

-       Цагдаагийн ерөнхий газрын Хяналт шалгалт, үнэлгээ, дотоод аудитын хэлтсээс 2018 оны 12 дугаар сарын 26-аас 2019 оны 1 дүгээр сарын 15-ны хооронд албаны шалгалт[2][2] явуулсан материал.

Түүнчлэн цагдаагийн албан хаагчийн ёс зүйн дүрэм, холбогдох журмууд хэрэгт авагдсан байна.

            Нэхэмжлэгч Б.Б нь Төрийн албаны тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1-д: Төрийн тусгай албан тушаалд Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуульд заасан журмын дагуу үндэсний болон хүн амын аюулгүй байдлыг хангах, хууль дээдлэх үндсэн зарчмыг сахиулахтай холбогдсон төрийн тусгай чиг үүргийг хэрэгжүүлэх дараахь албан тушаал хамаарна, 13.1.6-д: зэвсэгт хүчин ... цагдаа ... байгууллагын офицер, ..., 10 дугаар зүйлийн 10.3-т: энэ хуулийн 10.1.2, 10.1.3-т заасан албан тушаалыг төрийн жинхэнэ албан тушаал гэнэ гэж тус тус зааснаар Сэлэнгэ аймаг дахь Цагдаагийн газарт эрүүгийн мөрдөгчөөр буюу төрийн тусгай албан тушаалыг хэрэгжүүлэн ажиллаж байсан байна.

Маргаан бүхий захиргааны акт[3][3] нь Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3.5, 8.4, Цагдаагийн албаны тухай хуулийн 81 дүгээр зүйлийн 81.4.2, 81.4.3, 82 дугаар зүйлийн 82.1.1, 97 дугаар зүйлийн 97.1, Засгийн газрын 2017 оны 72 дугаар тогтоолоор баталсан Цагдаагийн бага, дунд, ахлах цол олгох, бууруулах, хураан авах, сэргээх журам-ын 5 дугаар зүйлийн 5.1, 5.2.1-т заасныг үндэслэн гарсан ба нэхэмжлэгчийг Цагдаагийн албаны тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1.1, Цагдаагийн албан хаагчийн ёс зүйн дүрмийн 2 дугаар зүйлийн 2.2.2, 2.3.2, 2.3.4, 2.4.1-т заасныг тус тус зөрчсөн гэж буруутгажээ.

Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3.5-д: хууль тогтоомжид заасны дагуу албан тушаалд томилох, ... сахилгын шийтгэл ногдуулах, төрийн албанаас чөлөөлөх, халах гэж, мөн хуулийн 8 дугаар зүйлийн 8.4-д: Агентлагийн дарга энэ хууль болон холбогдох бусад хуулиар олгосон бүрэн эрхэд хамаарах асуудлаар тушаал гаргана гэж хуульчилсан бол,

Цагдаагийн албаны тухай хуулийн 81 дүгээр зүйлийн 81.4.2: албан тушаалын цалинг 3 сар хүртэл 20 хувиар бууруулах, 81.4.3: албан тушаал бууруулах, 82 дугаар зүйлийн 82.1.1: өргөсөн тангараг, ёс зүй, сахилгын дүрмийг ноцтой зөрчсөн, 97 дугаар зүйлийн 97.1-т: Цагдаагийн албаны тухай хууль, өргөсөн тангаргаа зөрчсөн цагдаагийн алба хаагчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол энэ хууль болон цагдаагийн албаны ёс зүйн дүрмийг баримтлан сахилгын шийтгэл оногдуулна гэж тус тус хуульчилсан байна.

Ийнхүү холбогдох хууль тогтоомжоор хариуцагч захиргааны байгууллагын эрх бүхий албан тушаалтанд харьяа алба хаагчдын хөдөлмөрлөх эрхийн харилцаатай холбоотой тухайлбал, цагдаагийн албан хаагчид сахилгын арга хэмжээ авах, албанаас халах арга хэмжээ авах бүрэн эрхийг олгосон байна.

Гэвч хариуцагч захиргааны байгууллага нь дээр дурдсан бүрэн эрхийг хэрэгжүүлж, нэхэмжлэгч Б.Быг цагдаагийн албанаас халж захиргааны акт гаргахдаа үйл баримтаар тогтоогдсон зөрчилд тохирсон арга хэмжээ аваагүй, төрийн жинхэнэ албан тушаалтныг төрийн албанаас чөлөөлөх, ажил албан тушаал бууруулах, сахилгын шийтгэл ногдуулах, төрийн албанаас халах зэрэг асуудлыг нарийвчлан зохицуулсан Төрийн албаны тухай хуулийн холбогдох заалтыг баримтлаагүй, төрийн жинхэнэ албан хаагчийн хуульд заасан баталгааг хангаагүй хууль бус шийдвэр гаргасан байна.

Тодруулбал, маргаан бүхий захиргааны актын нэхэмжлэгчид холбогдох хэсгээс үзвэл, цагдаагийн алба хаагчид хориглох зүйлийг зохицуулсан Цагдаагийн албаны тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1.1: хүний эрх, эрх чөлөөнд хууль бусаар халдах гэх заалтыг зөрчсөн гэж буруутган, цагдаагийн албан хаагчдыг ямар тохиолдолд албанаас халах вэ гэдгийг зохицуулсан мөн хуулийн 82 дугаар зүйлийн 82.1.1: өргөсөн тангараг, ёс зүй, сахилгын дүрмийг ноцтой зөрчсөн гэж заасныг үндэслэсэн байдаг. Хэдийгээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс нэхэмжлэгчийг гэмт хэргийн шинжтэй үйлдэл гаргасан гэж үзэхээсээ илүүтэйгээр Цагдаагийн албан хаагчийн ёс зүйн дүрмийн 2 дугаар зүйлийн 2.2: Цагдаагийн байгууллагын үйл ажиллагааг хэрэгжүүлэхдээ бусдын биед хууль бусаар халдах, чирэгдүүлэх, дарамтлах үйлдэл гаргахгүй байх, 2.3.2: Албан тушаалыг хэрэгжүүлэхдээ иргэн, хамтран ажиллаж байгаа субьекттэй хүндэтгэлтэй харилцаж, түүний нэр төр, алдар хүндийг хүндэтгэх, 2.4.1: Өөрийн болон албаны нэр төрийг ариун байлгах, соёлтой хүлээцтэй харилцах, гаргасан гомдол хүсэлтийн талаарх маргахгүй байх гэсэн заалтуудыг зөрчсөн гэж маргаан бүхий актыг гаргасан гэж тайлбарладаг. Тэгвэл дээрх хуулийн 82.1.1-ийг үндэслэн маргаан бүхий захиргааны актыг гаргахдаа Цагдаагийн ерөнхий газрын даргын 2017 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн Дүрэм батлах тухай А/129 дүгээр тушаалын хоёрдугаар хавсралтаар баталсан Цагдаагийн алба хаагчийн сахилгын дүрэм-ийн заалтууд бус харин нэгдүгээр хавсралтаар батлагдсан Цагдаагийн алба хаагчийн ёс зүйн дүрэм-ийн заалтуудыг ноцтой зөрчсөн гэж захиргааны байгууллага үзжээ гэж ойлгохоор байна.

Дээрх дүрэм[4][4]-ийн 1.3.2-т заахдаа, ноцтой зөрчил гэж ... цагдаагийн албаны нэр хүндийг гутаах, эд хөрөнгийн хохирол учруулах зэргээр эрх, ашиг сонирхолд нь нөлөөлөхүйц сөрөг үр дагаврыг санаатай буй болгосон ... үйлдэл, эс эс үйлдэхүйг. Мөн дүрмийн 3.4-т ёс зүйн дүрмийг ноцтой зөрчсөн алба хаагчийг Цагдаагийн албаны тухай хуулийн 82.1.1-т заасны дагуу албанаас хална гэжээ.

Алба хаагчийн үйлдэл, эс үйлдэхүйг зөрчилд тооцох, уг зөрчил нь ноцтой зөрчил мөн эсэхийг нягтлан шалгахын тулд албаны шалгалт-ыг явуулдаг байна. Хууль зүйн сайдын 2015 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн Журам батлах тухай А/238 дугаар тушаалаар батлагдсан Цагдаагийн байгууллагын үйл ажиллагаанд дотоод хяналт, шалгалтыг зохион байгуулах журам[5][5]-ын дагуу нэхэмжлэгч Б.Бын ажиллаж байсан Сэлэнгэ аймаг дахь Цагдаагийн газар болон хариуцагч Цагдаагийн ерөнхий газрын Хяналт шалгалт, үнэлгээ, дотоод аудитын хэлтсээс тус тус нийт хоёр удаа нэхэмжлэгчийн гаргасан гэх ёс зүйн зөрчилд албаны шалгалт явуулсан байдаг.

Шүүх үзэхдээ, дээрх албаны шалгалтууд харилцан адилгүй дүгнэлттэй, өөрөөр хэлбэл, нэг үйл баримтад, хүчин төгөлдөр үйлчилж байгаа нэг адил журмыг баримтлан шалгахдаа өөр өөр дүгнэлт гаргасан нь нэхэмжлэгчийн ёс зүйн зөрчлийг бүрэн дүүрэн, эргэлзээгүй тогтоосон гэж үзэхэд учир дутагдалтай, энэ тохиолдолд албаны шалгалт явуулах журмаа зөрчсөн гэх нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн тайлбар үндэслэлтэй, үүгээрээ нэхэмжлэгчийн эрх хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн байна. Түүнчлэн цагдаагийн байгууллагын эрх, ашиг сонирхолд нь нөлөөлөхүйц сөрөг үр дагаврыг санаатай буй болгосон үйлдэл тогтоогдсон гэж үзэх боломжгүй байна.

Төрийн жинхэнэ албан хаагч нэхэмжлэгч Б.Бт эрх бүхий албан тушаалтан Цагдаагийн албаны тухай хуулийн 81 дүгээр зүйлийн 81.4-д заасан сахилгын шийтгэл оногдуулж, хариуцлага хүлээлгээгүй, ийм учраас нэхэмжлэгчийн зөрчилд 2002 оны Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4-д заасан хөөн хэлэлцэх хугацааны талаар шүүх дүгнэлт өгсөнгүй, харин Цагдаагийн албаны тухай хуулийн 821.1-ийг үндэслэн цагдаагийн албанаас халж шийдвэр гаргаж байгаа тохиолдолд Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3.5-д заасан бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ маргаан бүхий асуудлыг нарийвчлан зохицуулсан хуулийн холбогдох заалтыг буюу Төрийн албаны тухай хуулийн 47 дугаар зүйлд заасан төрийн жинхэнэ албан хаагчийг албан тушаалаас нь халах зохицуулалтыг үндэслэх байсан байна. Ийнхүү үндэслээгүй нь маргаан бүхий захиргааны актыг шүүхээс хүчингүй болгох нэг үндэслэл болох юм.

Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.4-т: төрийн албан хаагчийн хөдөлмөрийн харилцаатай холбоотой энэ хуулиар зохицуулаагүй бусад асуудлыг Хөдөлмөрийн тухай болон бусад хуулиар зохицуулна гэж зааснаар эдгээр хуулиудын холбогдох заалтуудыг хамтад нь хэрэглэж, нэхэмжлэлийн шаардлагын ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулахтай холбоотой хэсгийг шийдвэрлэв.   

Тэгэхээр нэхэмжлэгчийн ажиллаагүй хугацааг 2019 оны 1 сарын 10-ны өдрөөс 2019 оны 7 сарын 23-ны өдөр хүртэл, нэхэмжлэгчийн үндсэн цалин болон нэмэгдлийн хэмжээг түүний цалингийн тодорхойлолт[6][6] ёсоор үндсэн цалин 623817 /зургаан зуун хорин гурван мянга найман зуун арван долоо/ төгрөг ба төрийн алба хаасан хугацааны нэмэгдэл 10% буюу 62382 /жаран хоёр мянга гурван зуун наян хоёр/ төгрөг, албан ажлын онцгой нөхцөлийн нэмэгдэл 25% буюу 155954 /нэг зуун тавин таван мянга есөн зуун тавин дөрөв/ төгрөг, цолны нэмэгдэл 30% хувь буюу 187145 /нэг зуун наян долоон мянга нэг зуун дөчин тав/ төгрөгөөр тус тус тооцож, нэг өдрийн цалинг /623817₮:21,2=29425₮/ тооцон гаргаж, нийт ажиллаагүй хугацаа болох 6 сар 6 хоногоор бодож, нийт /1029298*6+29425*6/ 6352338 төгрөгийн цалин, түүнтэй тэнцэх олговрыг олгуулахаар зааж шийдвэрлэлээ. Хариуцагч нь хуульд заасан холбогдох суутгалуудыг хийх нь зүйтэй болно.

Нэхэмжлэлийн энэ шаардлагыг хангахдаа Нийгмийн хамгаалал, Хөдөлмөрийн сайдын 2005 оны 55 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан Дундаж цалин хөлс тодорхойлох журам-ыг ашигласнаас гадна Төрийн албаны тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.2.3-д заасан төрийн тусгай албан тушаал эрхэлдэг төрийн албан хаагчийн хувьд албан тушаалын цалин болон албан ажлын онцгой нөхцөлийн, төрийн алба хаасан хугацааны, цолны ... нэмэгдлээс бүрдэнэ гэсэн зохицуулалтыг хэрэглэсэн болно.

Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1-д ажил олгогч болон ажилтан нь нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд заавал даатгуулж, сар бүр нийгмийн даатгал шимтгэл төлөх үүрэгтэй болохыг хуульчилж өгсөн байна. Хариуцагч байгууллагад хуулиар зааж өгсөн үүргийг нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын агуулгадаа тодорхойлж гаргасан, шүүхээс уг нэхэмжлэлийг бүхэлд нь хангасныг харгалзан нэхэмжлэлийн шаардлагад холбогдох энэ хэсгийг мөн ханган даалгаж шийдвэрлэв.

Шүүхээс эрх зүйн маргааныг хянан шийдвэрлэхтэй холбогдуулж улсын тэмдэгтийн хураамжийг төлүүлдэг ба хувь хэмжээг нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулиар зохицуулдаг бол, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулиар хэрхэн хуваарилж, хэнд хариуцуулахыг зохицуулдаг.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1-д заасны дагуу мөн хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д: улсын тэмдэгтийн хураамжийг нэхэмжлэгч урьдчилан төлөх бөгөөд нэхэмжлэл бүрэн эсхүл хэсэгчлэн хангагдсан тохиолдолд хариуцагчаар нөхөн төлүүлж нэхэмжлэгчид буцаан олгоно гэсний дагуу улсын тэмдэгтийн хураамжийн асуудлыг шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.7, 106.3.12, 107 дугаар зүйлийн 107.5-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Төрийн албаны тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.5, 47 дугаар зүйлийн 47.1.4, Цагдаагийн албаны тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1.1-т заасныг баримтлан нэхэмжлэгч Б.Бын нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, Цагдаагийн Ерөнхий газрын даргын 2019 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн Сахилгын шийтгэл оногдуулах, албанаас халах тухай Б/25 дугаар тушаалын Б.Бт холбогдох хэсгийг хүчингүй болгож, Б.Быг Сэлэнгэ аймаг дахь Цагдаагийн газрын эрүүгийн мөрдөгчийн ажил албан тушаалд эгүүлэн тогтоосугай.

2. Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.4, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчид 6.352.338 /зургаан сая гурван зуун тавин хоёр мянга гурван зуун гучин найм/ төгрөгийг олгохыг, ийнхүү олгохдоо хуульд заасан холбогдох суутгалуудыг хийхийг, нэхэмжлэгчийн ажиллаагүй хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг хуульд заасан хувь хэмжээгээр нөхөн төлөхийг тус тус хариуцагч Цагдаагийн ерөнхий газрын газрын даргад даалгасугай.

3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 48 дугаар зүйлийн 48.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс урьдчилан төлсөн тэмдэгтийн хураамжийн төлбөрийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч /Цагдаагийн ерөнхий газрын санхүү/-аас 70200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2-т зааснаар шүүхийн шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчин төгөлдөр болох ба мөн хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу нэхэмжлэгч, хариуцагч тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар нь энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл, гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ У.Б