Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 03 сарын 20 өдөр

Дугаар 23

 

Д.О-, М.О- нарт

холбогдох эрүүгийн хэргийн тухай

Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааны бүрэлдэхүүнд:

Даргалагч шүүгч                            Я.Туул

Шүүгчид                                          Б.Батзориг

Ц.Амаржаргал

                                   

Прокурор                                        Д.Энхтуяа

Хохирогч                                         Ц.Г-

Ялтны өмгөөлөгч                           Ц.Гэнэндулам

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Туяацэцэг нар оролцож,

Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч О.Гэрэлт-Одын даргалж 2017 оны 02 дугаар сарын 08-ны өдөр хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны 52 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч ялтны өмгөөлөгч Ц.Гэнэндуламын бичсэн давж заалдах гомдлоор Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.О-, М.О- нарт холбогдох эрүүгийн 201509000796 тоот 3 хавтас хэргийг 2017 оны 02 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч тус шүүхийн шүүх хуралдааны танхимд шүүгч Я.Туулын илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1966 онд Хөвсгөл аймгийн Хатгал суманд төрсөн, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, хөдөлмөрийн багш мэргэжилтэй, хэрэгт татагдах үедээ эрхэлсэн тодорхой ажилгүй байсан, ам бүл 2, эхийн хамт Дархан сумын 8 дугаар баг 7 дугаар байрны 1 тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй боловч одоо Дархан сумын 7 дугаар баг Алтаннадасын 1 дүгээр гудамжны 1 тоотод оршин суудаг гэх, улсаас авсан гавьяа шагнал, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Тогоруутан овогт Дотгоны О-, /РД:66011519/ гэв.

Монгол Улсын иргэн, 1975 онд Ховд аймгийн Жаргалант суманд төрсөн, эмэгтэй, дээд боловсролтой, багш мэргэжилтэй, хэрэгт татагдах үедээ 15 дугаар сургуульд бага ангийн багш ажилтай байсан, ам бүл 5, нөхөр, хүүхдүүдийн хамт Дархан сумын 5 дугаар баг 2 дугаар байр 60 айлын орон сууцны 5 тоотод оршин суудаг, улсаас авсан гавьяа шагнал, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Эмчийнхэн овогт Мөнхбаярын О-, /РД:ПЭ75090621/ нар нь бүлэглэн 2015 оны 6 дугаар сараас 8 дугаар сарын хооронд орон сууцны 8 хувийн зээлд 10 хувийн урьдчилгаатайгаар хамруулах “Хямралыг хамтдаа“ хөтөлбөрийг банкуудтай хамтран хэрэгжүүлж байгаа гэж хуурч мэхлэн иргэн Ц.Г-оос 4.035.000 төгрөг, Ж.Отгонцэцэгээс 1.650.000 төгрөг, Б.Айжингаас 3.680.000 төгрөг, Н.Бат-Эрдэнээс 5.170.000 төгрөг, Г.Пунсалдуламаас 1.830.000 төгрөгийг шунахай сэдэлтээр залилан мэхэлж нийт 16.365.000 төгрөгийн буюу үлэмж хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэж Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүх Д.О-, М.О- нарт холбогдох хэргийг хүлээн авч шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд Д.О-, М.О- нарыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2 дахь хэсэгт зааснаар Д.О-д эд хөрөнгө хураахгүйгээр 2 жил 2 сарын, М.О-т эд хөрөнгө хураахгүйгээр 2 жилийн хорих ял тус тус оногдуулж,  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 63 дугаар зүйлийн 63.1 дэх хэсэгт зааснаар М.О-т 2 жилийн хорих оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жил 6 сарын хугацаагаар хойшлуулж, энэ хугацаанд ялтанд хяналт тавихыг Дархан-уул аймгийн Цагдаагийн газарт даалгаж, Д.О- оногдуулсан 2 жил 2 сарын хорих ялыг биечлэн эдлүүлэх, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар Д.О-, М.О- нараас хохирлын мөнгийг гаргуулан хохирогч нарт олгохоор шийдвэрлэсэн байна.

Ялтан М.О-ийн өмгөөлөгч Ц.Гэнэндулам шүүхэд ирүүлсэн давж заалдах гомдолдоо: “... Энэ хэрэгт холбогдсон М.О- нь “Тосон сүмбэр Өргөө” ХХК-д мөн 3.0 сая төгрөг байршуулан орон сууцтай болох зорилготой элсэж дэд захирал гэх албан тушаалыг хийж байсан байна. Гэхдээ хавтаст хэрэгт М.О-ийг дэд захирал гэх албан тушаалд томилсон тушаал шийдвэр огт байхгүй ээ. Анхан шатны шүүх 2015 оны 06 дугаар сарын 08-наас 08 дугаар сарын хооронд ямар нэгэн банктай хамтран ажиллахаар тохиролцож албан ёсоор гэрээ байгуулаагүй атлаа орон сууцны 8 хувийн хүүтэй зээлэнд 10 хувийн урьдчилгаатайгаар хамруулах “Хямралыг хамтдаа” хөтөлбөрийг банкуудтай хамтран хэрэгжүүлж байгаа гэж хуурч мэхлэн иргэн Ц.Г-оос 4.035.000 төгрөг, Ж.Отгонцэцэгээс 1.650.000 төгрөг, Б.Айжингаас 3.680.000 төгрөг, Н.Бат-Эрдэнээс 5.170.000, Г.Пунсалмаагаас 1.830.000 төгрөг хийт 16.365.000 төгрөгийг бүлэглэн залилан мэхэлж авсан гэж дүгнэсэн. Энэ хэргийн хохирогч нар М.О-ийг огт танихгүй гэдэг бөгөөд М.О- ч энэ хүмүүстэй харьцаж байгаагүй гэдэг. Харин хохирогч нар нь мөнгө болон модны тарьцаа “Тосон сүмбэр өргөө” ХХК-ийн дансанд хийж шилжүүлж байсан гэж мэдүүлдэг. Харин М.О- нь байрны түрээсийн мөнгө  гэж Н.Бат-Эрдэнээс 1.100.000 төгрөгийг авч хувьдаа хэрэглэсэн. М.О- нь өөрөө 3.0 сая төгрөг өгч Д.О-д залилуулсан нөхцөл байдал тогтоогдсоор байтал үндэслэлгүйгээр 1.100.000 төгрөг гаргуулахаар шийдвэрлэснийг өмгөөлөгчийн хувьд ойлгохгүй байна. Үнэхээр М.О-ийг буруутгахаар байвал Эрүүгийн хуулийн 148 дугаар зүйлийн 148.1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэлийг өөрчлөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 72 дугаар зүйлийн 72.1.1 дэх хэсэгт зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.

Давж заалдах шатны шүүх хуралдааны хэлэлцүүлэгт ялтны өмгөөлөгч Ц.Гэнэндулам: Шүүхэд гаргасан давж заалдах гомдлоо дэмжиж байна. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд хийсэн дүгнэлт нь хэргийн жинхэнэ байдалтай нийцээгүй гэж үзэж байна. М.О- бол 15 дугаар сургууль бага ангийн багш ажилтай бөгөөд сургуулийн амралтаар буюу 6 дугаар сараас 8 дугаар сард ээлжийн амралттай байх хугацаандаа “Тосонсүмбэр өргөө” ХХК-ийн дэд захирлаар ажиллаж “Хямралыг хамтдаа” хөтөлбөрийг хэрэгжүүлж өөрөө болон бусад хүмүүст орон сууцны 8 хувийн зээлийг 10 хувийн урьдчилгаатайгаар банкнаас авч өгөх зорилготой ажилласан. Хэдийгээр түүнийг тус компанийн дэд захирал гэж байгаа боловч энэ талаар албан ёсны тушаал шийдвэр байхгүй, эдгээр хохирогч нар ч түүнийг танихгүй байгаа юм. М.О- ч гэсэн энэ хөтөлбөрт хамрагдаж орон сууцтай болох гээд Д.О-д 3.0 сая төгрөгөө залилуулсан. Харин хохирогч Н.Бат-Эрдэнээс 1.100.000 төгрөгийг түрээсийн төлбөр гэж аваад хувьдаа хэрэглэсэн байдаг. Өмгөөлөгчийн хувьд энэ үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 72 дугаар зүйлийн 72.1.1 дэх хэсэгт зааснаар хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэргийг хэрэсэхгүй болгож өгнө гэсэн саналтай байна гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Д.Энхтуяа гаргасан тайлбар дүгнэлтэндээ: Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтай байх шаардлагыг хангасан. Хэрэгт цугларсан нотлох баримтад хууль зүйн үндэслэл бүхий дүгнэлт хийж шийдвэрлэсэн гэж үзэж байна. Хэрэгт цугларсан нотлох баримтаар Д.О- болон М.О- нарын гэмт үйлдэл нь хангалттай нотлогдсон. Тус компани нь “Хямралыг хамтдаа” хөтөлбөр хэрэгжүүлж байна гээд хохирогч нараас 16.365.000 төгрөг авсан боловч ямар нэгэн банктай тус хөтөлбөрийг хэрэгжүүлнэ гэх албан ёсны гэрээ хэлэлцээр байгуулаагүй, ийм албан ёсны гэрээ хэлэлцээр байгуулаагүй гэдгийг М.О- мэдэж байсан бөгөөд хохирогч нараас авсан мөнгийг өөр зүйл зарцуулж байсан болох нь хэрэгт авагдсан нотлох баримтаар хангалттай нотлогдсон. Ийм учраас шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, ялтны өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Тодорхойлох нь:

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хууль ёсны ба үндэслэлтэй байх Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 дүгээр зүйлийн 284.1 дэх хэсэгт заасан шаардлыг хангаагүй байх тул шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх хуралдааны бүрэлдэхүүн дүгнэлээ.

Анхан шатны шүүх ялтан М.О-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 2 жилийн хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар жирийн дэглэмтэй эмэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэсэн шийтгэх тогтоолыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 63 дугаар зүйлийн 63.1 дэх хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар хойшлуулж, хойшлуулсан хугацаанд хяналт тавихыг Дархан-Уул аймгийн Цагдаагийн газарт даалгаж шийдвэрлэжээ.

Ялтан М.О-т аймгийн Прокуророос шүүхэд шилжүүлсэн яллах дүгнэлтийн биеийн байцаалтын хэсэгт ам бүл 6, нөхөр, 4 хүүхдийн хамт амьдардаг, хавтаст хэрэгт авагдсан 2016 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн Дархан сумын захиргаанаас олгосон тодорхойлолтод ам бүл 6, нөхөр, 4 хүүхдийн хамт амьдардаг гэснээс өөр түүний ам бүлийн болон хувийн байдлыг тогтоосон нотлох баримт авагдаагүй байх бөгөөд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын биеийн байцаалтын хэсэгт  ам бүл 7, нөхөр, 5 хүүхдийн хамт амьдардаг гэсэн байгаа боловч М.О- нь хэдээс хэдэн насны хэдэн хүүхэдтэй болох нь хэрэгт цугларсан нотлох баримтаар нотлогдож тогтоогдоогүй байхад “ам бүлийн тодорхойлолт”-ыг үндэслэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 63 дугаар зүйлийн 63.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулж шийдвэрлэсэн нь анхан шатны шүүх  Эрүүгийн хуулийг буруу хэрэглэж, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 дүгээр зүйлийн 284.1 дэх хэсэгт заасан шаардлагыг зөрчсөн шийтгэх тогтоол гаргасан гэж үзнэ.

Шүүхийн шийтгэх тогтоол дээр дурдсан үндэслэлээр хүчингүй болж байгаа тул ялтны өмгөөлөгч Ц.Гэнэндуламын гаргасан давж заалдах гомдлын үндэслэл болон хэргийн талаар дүгнэлт хийх боломжгүй байгааг тэмдэглэж байна.

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.2, 320 дугаар зүйлийн 320.1, 321 дүгээр зүйлийн 321.1.3, 325 дугаар зүйлийг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 52 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Д.О-, М.О- нарт холбогдох эрүүгийн 201509000796 дугаартай 3 хавтаст хэргийг Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааны шатнаас дахин хэлэлцүүлэхээр буцаасугай.

2. Д.О-, М.О- нарт урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

Энэхүү магадлалд Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 307 дугаар зүйлийн 307.1 дэх хэсэгт зааснаар гомдол гаргах, эсэргүүцэл бичихгүй болохыг дурдсугай.

 

 

 

                                        ДАРГАЛАГЧ                                                     Я.ТУУЛ

                                            ШҮҮГЧИД                                                     Б.БАТЗОРИГ

                                                                                                                  Ц.АМАРЖАРГАЛ