Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 02 сарын 08 өдөр

Дугаар 52

 

 

 

 

 

 

 

 


МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС


Хэргийн индекс: 171/2017/0002/Э/

Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Гэрэлт-Од даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Ягаанцэцэг,
Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Д.Энхтуяа,
Шүүгдэгч Д.Отгонсамбуугийн өмгөөлөгч Д.Пүрэвдорж, 
Шүүгдэгч М.Отгонхишигийн өмгөөлөгч Ц.Гэнэндулам, 
Хохирогч Ж.Отгонцэцэг, Ц.Ганболор, Н.Бат-Эрдэнэ,
Шүүгдэгч Д.Отгонсамбуу, М.Отгонхишиг нарыг оролцуулан Дархан-Уул аймгийн Давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2-т заасан гэмт хэрэгт Тогоруутан овогт Дотгоны Отгонсамбуу, Эмчийнхэн овогт Мөнхбаярын Отгонхишиг нарт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 201509000796 дугаартай хэргийг 2016 оны 11 дүгээр 21-ний өдөр Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхээс хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт: 
1.Монгол Улсын иргэн, Тогоруутан овогт Дотгоны Отгонсамбуу, Хөвсгөл аймгийн Хатгал суманд 1966 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр төрсөн, 51 настай, эрэгтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, Дархан-Уул аймаг, Дархан сум, 8 дугаар баг, 7 дугаар байр, 01 тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй боловч Дархан-Уул аймаг, Дархан сум, 7-р баг, Алтангадасын 1-01 тоотод оршин сууж байгаа, бүрэн дунд боловсролтой, хөдөлмөрийн багш мэргэжилтэй, ам бүл 2, эхийн хамт амьдардаг, урьд ял шийтгэлгүй, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, /регистрийн дугаар: ТИ66011519/, 

2.Монгол Улсын иргэн, Эмчийнхэн овогт Мөнхбаярын Отгонхишиг, Ховд аймгийн Жаргалант суманд 1975 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр төрсөн, 42 настай, эмэгтэй, Ерөнхий боловсролын 15 дугаар сургуульд бага ангийн багш ажилтай, дээд боловсролтой, багш мэргэжилтэй, ам бүл 7, нөхөр, 5 хүүхдийн хамт Дархан-Уул аймаг, Дархан сум, 5 дугаар баг, 2 дугаар байр, 60 айлын 05 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, улсаас авсан гавьяа шагналгүй, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, /регистрийн дугаар: ПЭ75090621/, 

Холбогдсон хэргийн талаар: /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэн байдлаар/

Шүүгдэгч Д.Отгонсамбуу, М.Отгонхишиг нар нь бүлэглэн 2015 оны 6 дугаар сараас 8 дугаар сарын хооронд орон сууцны 8 хувийн зээлд 10 хувийн урьдчилгаатайгаар хамруулах “Хямралыг хамтдаа” хөтөлбөрийг банкуудтай хамтран хэрэгжүүлж байгаа гэж хуурч мэхлэн иргэн Ц.Ганболороос 4,035,000 төгрөг, Ж.Отгонцэцэгээс 1,650,000 төгрөг, Б.Айжангаас 3,680,000 төгрөг, Н.Бат-Эрдэнээс 5,170,000 төгрөг, Г.Пунсалдуламаас 1,830,000 төгрөгийг шунахайн сэдэлтээр залилан мэхлэн авч бусдад 16,365,000 төгрөгийн буюу үлэмж хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. 
ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Д.Отгонсамбуугийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Отгонхишиг байртай болох гэсэн урьдчилгаа мөнгөтэй иргэдийг олж ирэхээр болсон. Би Отгонхишигт үүрэг өгсөн. Ингэхдээ мөнгөтэй иргэдийг олж ирээд өөрийнхөө компаний ажилтнаар авч тухайн хүнд нийгмийн даатгал, цалингаас гадуур орлогын шимтгэл төлөх цагаан дэвтэр нээж өгөөд тухайн хүмүүст өөрсдийнх нь манай компаний дансанд хийсэн мөнгийг буцааж цалин хэлбэрээр олгохоор төлөвлөсөн. Тэгээд 6 сар болоход нэг иргэнийг байртай болгох буюу банкны зээлэнд хамруулж болох юм байна гэсэн санаа төрсөн. Удалгүй манай компанийг үл хөдлөх хөрөнгө зуучлалын компани гэдгийг Мөнхөө гэдэг хүн сонсоод орж ирсэн. Мөнхөө гэдэг хүн махын 60 дугаар байрны 2 өрөө байрыг танай компаниар зуучлуулж заръя гэж орж ирсэн. Тэгтэл Отгонхишиг үүнийг сонсоод би авнаа гэж хэлээд Мөнхөө гэдэг хүнээс 2 өрөө байрыг нь авахаар яриад Отгонхишиг тэр хүнээс байрыг нь авахдаа манай нөхөр Төмөрлөгийн үйлдвэрт ажилладаг, би нөхрийнхөө нэрээр лизингээр авна гэж тохироод мөнгийг нь өгөлгүй Мөнхөөгийн байранд засвар хийгээд орчихсон. Гэтэл хэсэг хугацааны дараа манай компани дээр нөгөө Мөнхөө гэдэг хүн хүрч ирээд танай Отгонхишиг байрныхаа мөнгийг төлөхгүй байна гэж хэлсэн. Тэгээд Отгонхишигийг дуудаж, юу болоод байгаа талаар асуухад Төмөрлөгийн үйлдвэрийн ажилчдад банкууд зээл олгохоо больчихсон байна гэж хэлэхээр нь тэгээд одоо яах юм бэ гэхэд Отгонхишиг урьдчилгаа 10 хувийг төлчихье гээд манай компаний дансанд 8 хувийн зээлэнд хамрагдах зорилгоор мөнгө хийсэн байсан иргэний 4 сая төгрөгийг Мөнхөө гэдэг хүнд шилжүүлсэн. Гэтэл нөгөө Мөнхөө гэдэг хүн байраа зарахаа болиод наймаа буцсан. Ингээд 4 сая төгрөгөөс 3,600,000 төгрөг нь буцаж манай дансанд орсон. Харин 400,000 төгрөг нь Отгонхишиг уг байранд нь 2 сар амьдарсан гээд түрээсийн мөнгөнд нь суутгагдсан. Энэ хооронд Отгонхишиг гадуур явж байгаад Айжан гэдэг хүний 3,700,000 төгрөгийг манай компаний дансанд хийлгүүлсэн. Ингээд иймэрхүү байдлаар Батсайхан, Эрдэнэбилэг, Мөнхбаяр, Ганболор, Бат-Эрдэнэ гэсэн хүмүүсийн байрны урьдчилгаа мөнгийг дансандаа хийлгүүлээд уг мөнгөөс Батсайхан гэдэг хүний 2,700,000 төгрөгийг буцаан олгосон. Харин хураамж гэж авсан 150,000 төгрөгийг Батсайханд буцаан олгоогүй байгаа. Эрдэнэбилэг гэдэг хүний 2,700,000 төгрөгийг нь буцаан төлсөн. Мөнхбаяр гэдэг хүний 3,600,000 төгрөгийг бүрэн төлсөн. Харин Айжангийн 3,700,000 төгрөг, Ганболорын 4,035,000 төгрөг, Бат-Эрдэний 5,170,000 төгрөгийг өгөөгүй байгаа. Манай банк зөвхөн Хаан банктай харилцдаг. Би өөрийнхөө буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрч байна.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 53 дахь тал/, 
...Би “Тосон сүмбэр өргөө” ХХК-ийн захирлаар ажиллаж байх хугацаандаа 2015 оны 6 дугаар сарын 15-ны өдөр Байгаз овогтой Айжан гэдэг эмэгтэйг 10 хувийн урьдчилгаатай 8 хувийн зээлийн орон сууцны хөтөлбөрт хамруулах зорилгоор байрны урьдчилгаа 3,500,000 төгрөгийг Хаан банкны /5055637198/ гэсэн “Тосон сүмбэр өргөө” ХХК-ийн данс уруу хийлгэсэн. 
...2015 оны 6 дугаар сарын 19-ний өдөр Гомбо овогтой Батсайхан гэдэг хүнийг 10 хувийн урьдчилгаатай 8 хувийн зээлийн орон сууцанд хамруулах зорилгоор байрны урьдчилгаа 2,700,000 төгрөгийг манай компанийн данс болох Хаан банкны /5055637198/ тоот данс уруу хийлгэсэн. Тэгээд 14 хоногийн дараа Батсайхан гэдэг хүн мөнгөө буцааж авъя болилоо гэхээр нь өөрийнх нь данс уруу буцааж хийсэн. 
...2015 оны 6 дугаар сарын 19-ний өдөр Ганхуяг овогтой Пунсалдулам гэдэг хүнийг 10 хувийн урьдчилгаатай 8 хувийн зээлийн орон сууцанд хамруулах зорилгоор байрны урьдчилгаа 1,800,000 төгрөгийг мөн компаний данс уруу хийлгэж авсан. Тэр өдрийнхөө орой нь би Пунсалдуламаас 900,000 төгрөгийг бэлнээр авсан. Бүртгэлийн хураамж болох 150,000 төгрөгийг компаний кассанд тушаасан байсан. Тухайн үед Пунсалдулам надад 23 сая төгрөгийн өртэй байгаа талаараа хэлэхээр нь би тэр их өрнөөс хэрхэн гарах талаар зөвлөөд Орос улсад 5 хоногийн дотор шинээр гарсан бордоо байсныг хүнээр захиалж авчруулаад ажилчид болох Отгонцэцэг, Отгонхишиг, Пунсалдулам бид нар туршиж үзэхээр болоод хүн бүр модны мөчир авчирсан. Тэгтэл бордоог буруу найруулж тарьсанаас болж туршиж үзэх гэж байсан мөчрүүд ургаагүй үхсэн юм. Манай компаний зүгээс Пунсалдуламаас жимсний бут авъя гэж ярьж, тохирсон зүйл байхгүй. 2015 оны 7 дугаар сарын 22-ны өдөр манай менежер хийж байсан Баатарням над уруу утсаар ярьж “Пунсалдуламын хариуцсан хүний мөнгийг яах юм бэ, Пунсалдулам эгчид буцааж өгөх юм уу” гэж асуухаар нь би Баатарнямд “буцаачих” гэж хэлсэн. Тэгсэн Пунсалдулам Хаан банкны /5055637198/ гэсэн “Тосон сүмбэр өргөө” ХХК-ийн данснаас Хаан банкны /5046168385/ гэсэн данс уруу 4 сая төгрөг шилжүүлсэн байсан, ... 2015 оны 7 дугаар сарын 22-ны өдөр Цэндээлээ овогтой Ганболорыг 10 хувийн урьдчилгаатай 8 хувийн зээлийн орон сууцанд хамруулах зорилгоор банкны урьдчилгаа 4,035,000 төгрөгийг компаний данс болох 5055637198 тоот данс уруу хийлгэсэн. Байрны урьдчилгаа нь 3,885,000 төгрөг, 150,000 төгрөг нь бүртгэлийн хураамж байсан. Ц.Ганболорын мөнгийг буцааж өгөөгүй байгаа. 
...2015 оны 8 дугаар сарын 24-ний өдөр Нямжав овогтой Бат-Эрдэнэ нь манай компаний дансанд 4,240,000 төгрөг байршуулсан байсан. Яг хэзээ, хэрхэн байршуулсныг би мэдэхгүй байна. Н.Бат-Эрдэний мөнгийг буцааж өгөөгүй, энэ талаар Отгонхишиг сайн мэднэ. Үүрийнтуяа, Отгонцэцэг, Батцэцэг нар манай компаний кассанд бүртгэлийн хураамж гэж тус бүр 150,000 төгрөгийг тушаасан байсан. Эдгээр хүмүүс нь хөдөлмөрийн гэрээ байгуулсан, батламж авсан хүмүүс юм. Энэ хүмүүсийн мөнгийг буцааж өгөөгүй. 
...Би 2015 оны 6 дугаар сарын 15-ны өрөөс эхлэн оёдлын цех байгуулж ажиллуулсан юм. Оёдлын цехээ Дархан сумын 4 дүгээр баг Монто 5 дугаар байрны подвал түрээслэн үйл ажиллагаа явуулсан. 6-7 хүнийг гэрээгээр авч ажиллуулж байсан. Үйл ажиллагаа нь хагас сар явуулж байгаад зогссон. Хүмүүсээс авсан мөнгөөрөө оёдлынхоо цехэд туслах материал авч байсан. Мөн түрээсэнд зарцуулсан.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 54, 56 дахь тал/, дахин байцаасан: “... үүнээс 1,500,000 төгрөг нь Отгонцэцэгийн нэхэмжилж байгаа модны үнийн дүн бөгөөд уг модны үрсэлгээ тухайн үедээ үхчихсэн. Батсайханы 2,600,000 төгрөг, Баасанхүүгийн 2,700,000 төгрөг, Пунсалдуламын модны мөнгө 2,800,000 төгрөг, байрны урьдчилгааны 1,200,000 төгрөг өгсөн. Үлдсэн мөнгөө оёдлын үйлдвэрийг ажиллуулахад зарцуулсан. Яг хэдэн төгрөг зарцуулсан гэдгээ хангалттай баримт байхгүй байгаа учраас хэлж мэдэхгүй байна. 600,000 төгрөгийг Отгонхишиг байрны төлбөр төлөхдөө авсан. Үлдэгдэл 12,118,500 төгрөгийг би оёдлын цех ажиллуулахдаа оёдолчдын цалинд 900,000 гаран төгрөгийг зарцуулсан. Баримт байхгүй болохоор яг хэдэн төгрөг гэдгээ хэлж мэдэхгүй байна. мөн тоног төхөөрөмжийн түрээс, оёдлын материал, оффисын ажилчдын өдрийн хоол, уух цэвэр ус, бичиг цаасанд зарцуулсан, ....Уг компанийг манай эгчийн хүүхэд Энхбаярын нэрийг ашиглаж байгуулсан. Компаний бүх бичиг баримт Энхбаярын нэр дээр байдаг. Өөр үйл ажиллагааны талаар Энхбаяр огт мэдэхгүй. Би мөнгийг Энхбаярын нэртэй Хаан банкны /5055637198/ дугаартай данснаас виза картаар нь авдаг байсан. Банктай харилцаж байгаагүй” гэх мэдүүлэг,

Шүүгдэгч М.Отгонхишигийн мөрдөн байцаалтад өгсөн: “.. 2015 оны 7 дугаар сарын сүүлээр байх Отгонсамбуу захирал над уруу утсаар залгаад “Байрны захиалга өгсөн хүмүүсийнхээ материалыг аваад Улаанбаатар хотод хүрээд ир гэж хэлүүлсэн. Тэгээд би Улаанбаатар хот уруу автобусанд суугаад явж байтал нэг танихгүй дугаар залгаад “Тосон сүмбэр өргөө ХХК-д ажилладаг хүн мөн үү” гэж асуусан. Тэгэхээр нь би “Тийм ээ чи миний утасны дугаарыг хаанаас авсан юм бэ” гэж асуухад микрийн тэндээс нэг хүнээс авсан гэж хэлээд надаас тэтгэврийн хүнд 8 хувийн зээл олгогдох уу” гэж асуусан. Тэгэхээр нь би “би мэдэхгүй, Улаанбаатар хот уруу захиралтайгаа уулзах гээд явж байна, очоод захиралтайгаа холбуулъя” гэж хэлсэн. Тэгээд би Улаанбаатар хотод очоод Отгонсамбуутай уулзаад надтай ярьсан Бат-Эрдэнэ гэдэг хүний талаар ярьсан. Тэгтэл Отгонсамбуу би өөрөө наад хүнтэй чинь яриадахъя гээд Бат-Эрдэнэ гэдэг хүнтэй ярьсан. Намайг Дархан уруу буцах үед Отгонсамбуу захирал “Наад хүнээ ямар материал бүрдүүлэх, ямар үндэслэлээр байр захиалах гэж байгааг мэдээд надад хариу хэлээрэй” гэж хэлсэн. Би Дарханд ирээд Бат-Эрдэнэтэй уулзаж ярилцахад Бат-Эрдэнэ гэх залуу “би ажилгүй учраас ээжийнхээ нэр дээр байрны зээлд хамрагдаж болох уу” гэж асуухаар нь би Отгонсамбуу захиралд хэлэхэд “тэтгэврийн хүнд зээл олгогдохгүй, өөрөө хамрагдаж болно. Учир нь компанид 3 сараас доошгүй ажилласан байж зээлэнд хамрагдах ёстой” гэж хэлсэн. Бат-Эрдэнэ байраа сонгоод байрны үнийн дүнгийн 2 хувийн ажлын хөлс авах учраас одоо 800,000 төгрөг тушаа гэж Отгонсамбуу захирал хэлсэн. Тэгтэл Бат-Эрдэнэ надад 800,000 төгрөг байхгүй, 600,000 төгрөг байна гэсэн. Отгонсамбуу захирал надад “чи наад 600,000 төгрөгөө Бат-Эрдэнээс аваад байрныхаа түрээсийн төлбөрт өг” гэж хэлсэн. Би тэр мөнгийг нь Бат-Эрдэнээс байр түрээсэлж байсан эзэн Нина гэдэг хүний 5055348775 гэсэн данс уруу шилжүүлсэн. Бат-Эрдэнэд би “байрны урьдчилгаа мөнгийг компаний данс уруу хийгээрэй” гэж хэлсний дагуу Бат-Эрдэнэ байрныхаа урьдчилгаа мөнгийг компаний данс уруу хийсэн. Хэдэн төгрөг хийсэн гэдгийг би мэдэхгүй байна. 7 хоногийн дараа байрны урьдчилгаа үлдэгдэл 1 сая төгрөг компаний данс уруу хийлгэсэн. Тэгээд Отгонсамбуу захирал “одоо данс уруу орсон мөнгөө авахгүй бол Энхбаяр авах гээд байна, одоо данснаас аваадах” гэж хэлэхээр нь Урангоод компаний дансны карт байсан учир Урангоо картнаас нь 1 сая төгрөг авчихлаа гэсэн ирж байсан. Тэгээд бид хоёр компаний байр уруу очиж Отгонсамбуутай уулзсан. Урангоо Отгонсамбууд урьд нь 500,000 төгрөг зээлчихсэн байсан гээд Отгонсамбуу захирлаас авах 500,000 төгрөгийг тэр мөнгөнөөс Урангоо авсан. Миний байрны түрээсийн төлбөр нэхэгдэж байсан талаар Отгонсамбууд хэлж байсан учраас тэр 1 сая төгрөгөөс байрны түрээсийн төлбөрт 500,000 төгрөг авахаар болоод үлдсэн 500,000 төгрөгийг би авсан. Баасанхүү гэдэг хүнийг урьд нь зүс таньдаг байсан. Манай компанид Эрдэнэбилэг гэдэг дүүгийнхээ нэр дээрх дансанд байрны урьдчилгаа 2,700,000 төгрөг байршуулсан байсан. Хэзээ, хэрхэн байршуулсныг би мэдэхгүй. Баасанхүү микрт байсан компаний байранд Урангоо, Баатарням, Отгонсамбуу бид нарыг байж байхад Баасанхүү нэг дүүгийнхээ хамт ирж байрны урьдчилгаа мөнгө болох 2,700,000 төгрөгийг буцааж авахаар болоод нэхэж эхэлсэн. Баасанхүүд буцааж олгох мөнгийг Бат-Эрдэний байрны урьдчилгаа мөнгөнөөс авч Баасанхүүд өгсөн байх гэж би бодож байна. Бүртгэлийн хураамжийн 150,000 төгрөгийг ерөнхий менежер Урангоо квитанц бичиж хурааж авдаг байсан. Хаана ямар дансанд байршуулдаг байсныг би мэдэхгүй. Би анх 2015 оны 5 дугаар сарын 30-ны өдөр 1,600,000 төгрөгийг “Тосон сүмбэр өргөө” ХХК-ийн ерөнхий менежер Урангоод бэлнээр тоолж өгсөн. Дараа нь 2015 оны 6 дугаар сарын 29-ний өдөр найз Зандармаагаас 1,400,000 төгрөгийг мөн компаний 5055637198 данс уруу 2 удаа тасалж хийсэн. Нийт 3 сая төгрөг байршуулсан. Би Отгонсамбууг залилан хийж байгааг мэдээгүй. Би зуныхаа амралтаар цалинтай ажил хийе гэж бодож ажилласан. Би байрны урьдчилгаанд хамрагдаж, Отгонсамбуугийн хий гэснийг хийсэн.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 60 дахь тал/, “... тэгээд манай нөхөр ажилгүй, би ажилгүй зуны амралт эхэлсэн байсан тул сар компаний байранд ганцаараа амьдраад нөхөр хүүхдүүдээ Улаанбаатар хотод байлгаж байгаад сургууль орох дөхөөд ирэхээр нь түрээсийн байр хайж олсон. Гэтэл тэр байрны эзэн мөнгөө бөөнөөр нь авна гээд байсан учир Отгонсамбууд өөрийнхөө байрны урьдчилгаанд өгсөн мөнгөнөөс 1,200,000 төгрөгийг авъя гэж хэлсэн. Тэгтэл Отгонсамбуу надад Бат-Эрдэнэ гэх хүний зуучлалын хөлс гэж 600,000 төгрөг компанид орж ирэхэд шууд түрээсэндээ ав гэхээр нь би байр түрээслүүлэгч Нина гэх хүний данс уруу Бат-Эрдэнээс шилжүүлсэн, ... Тухайн үед би Мөнхөөтэй байр худалдан авах гэрээ хийгээд авсан байрандаа засвар хийгээд амьдарч байсан учраас компаниар дамжаад байртай болсон гэдгийг хэлсэн. Харин дахиад нэг хүн 2 өрөө байранд орох гэж байгаа талаар огт яриагүй.” /хавтаст хэргийн 247 дахь тал/, ... Бат-Эрдэний надад өгсөн мөнгө гээд байгаа нь Нина гэдэг хүний дансад орсон. Энэ 600,000 төгрөгийг би Бат-Эрдэнээр шилжүүлүүлсэн. Мөнхөө гэдэг хүн нь намайг байхгүй хойгуур байраа зарах гэж Отгонсамбуу ах дээр ирсэн байсан. Баатарням анх надад энэ 2 өрөө байрыг үзүүлсэн тул би сургуультай ойрхон амар юм байна гэж бодоод авъя гэж хэлсэн. Мөнхөөтэй холбогдоод байрыг зээлээр худалдаж авъя гэж хэлсэн, Мөнхөө  байраа үзүүлсэн, байранд нэлээн засвартай байр байсан тул би энэ байрыг авах гэж байгаа юм чинь засвар хийгээд оръё гэхэд Отгонсамбуу ахад хэлээд, Мөнхөөгөөс байрны түлхүүрийг нь аваад 2015 оны 06 дугаар сарын 05-ны өдрөөс засвар хийж эхэлсэн. Хүнээс гуйж байгаад, барилгын материал зээлж аваад, таньдаг хүнээр засвар хийлгэсэн. Мөнхөө гэдэг хүн нь олон удаа ирээд байрныхаа мөнгийг авъя гэж хэлэхэд нь 4,000,000 төгрөгийг дансанд нь хийсэн. Мөнхөө мөнгөө бөөнд нь авъя гэж хэлсэн. Байрны засвар 6,600,000 төгрөг болсон. Шүүхээр шийдвэрлүүлэхэд үнэлгээ ороод 4,300,000 төгрөг болсон, одоо энэ иргэний хэргийн шийдвэр гараад Мөнхөө давж заалдах гомдол гаргаад явж байгаа. Би ажилчидтай адилхан жимсний мод авч ирж өгсөн, үндэстэй үрсэлгээ 1,500 ширхэг, 1,500 төгрөгөөр зарж өгнө гэж Отгонсамбуу захирал хэлсэн. Гэхдээ энэ модны мөнгийг нэхэмжлээгүй, 2015 оны 06 дугаар сарын 20-ны үед байсан юм. Өөрийн 3,000,000 төгрөгөөс 2,900,000 төгрөг авсан. 100,000 төгрөгийг авлага байгаа гэж бодож байна, гэхдээ үүнийг нэхэмжлэхгүй” гэх мэдүүлэг,

Хохирогч Ц.Ганболорын мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Би 2015 оны 7 дугаар сарын 20-ны үеэр зээлээр байр хөөцөлдөж байсан юм. Тэгтэл манай найз Сувд-Эрдэнэ надад хэлэхдээ “манай найз Пунсалдулам ахынхаа байрыг 10 хувийн урьдчилгаатай зарах гэж байгаа. Чи уулзаад үзэхгүй юу” гэж хэлсэн. Тэгэхээр нь би түүний найз Пунсалдуламтай утсаар холбогдож байгаад 2015 оны 7 дугаар сарын 01-ний үеэр Дархан зочид буудлын ард байрлах шар өнгийн 6 давхар байрны хажууд уулзсан. Тэгтэл Пунсалдулам надад би “Тосон сүмбэр өргөө” ХХК-д ажилладаг юм. Манай ах энэ шар байрны 1 өрөө 37 мкв байрыг зарах гэж байгаа. Манай компани байрны 10 хувийн урьдчилгаа төлбөртэйгээр 8 хувийн хүүтэй зээлэнд хамруулж хүмүүсийг байртай болгож байгаа юм гэж хэлсэн. Тэгэхээр нь би “танай компани хаанаас санхүүждэг болон 8 хувийн зээлэнд хүмүүсийг хэрхэн хамрагдуулах гэж байгаа юм бэ” гэж асуухад Пунсалдулам надад “зарсан байрнаас 20 хувийн шимтгэл авдаг, харин 10 хувийн урьдчилгаатай, 8 хувийн хүүтэй зээлд хамруулах талаар манай захирал Отгонсамбуу мэдэж байгаа. Та түүнтэй уулз гэж хэлсэн. Маргааш нь буюу 2015 оны 7 дугаар сарын 22-ны өдөр Пунсалдуламыг дагаад 18-ын буудлын хажуугийн 1б байрны буланд байрлах “Тосон сүмбэр өргөө” ХХК-ийн байранд очиход захирал Отгонсамбуу болон түүний ажилчид гэх эмэгтэйчүүд байсан. Тэгээд Отгонсамбуу захиралтай уулзахад Пунсалдулам ахынхаа байрыг зарах гэж байгаа юм, та манай компаниас явуулж байгаа ”Хямралыг хамтдаа” гэх орон сууцны 10 хувийн урьдчилгаатай 8 хувийн зээлэнд хамрагдахын тулд эхлээд манай компанид ажилчнаар орж гэрээ байгуулна. Тэгээд дараа нь уг зээлэнд хамрагдах боломжтой гэхээр нь би тэдний компанид мэдээллийн ажилтнаар орж байгаа мэт гэрээ байгуулж Пунсалдуламын ахынх нь байрны урьдчилгаа 10 хувь буюу 3,885,000 төгрөг, дээрээс нь “Хямралыг хамтдаа” хөтөлбөрийн бүртгэлийн хураамж 150,000 төгрөг гээд нийт 4,035,000 төгрөгийг “Тосон сүмбэр өргөө” ХХК-ийн Хаан банкны 5055637198 тоот данс уруу өөрийн хугацаатай хадгаламжийн 5675327411 тоот данснаас “Бүтээгдэхүүний үнэ” гэж бичээд хийсэн. Яагаад ийм утгаар хийсэн гэхээр надад Пунсалдулам “бүтээгдэхүүний үнэ” гэж бичээрэй гэж хэлсэн. Отгонсамбуу надад таны өгсөн мөнгө буцаад таны данс уруу цалин хэлбэрээр орно, би хөөцөлдөж байгаад таныг 8 хувийн зээлэнд хамруулж өгнө гэж хэлсэн” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 13 дахь тал/,
Шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...4,035,000 төгрөгийг нэхэмжилж байна” гэх мэдүүлэг, 

Хохирогч Ж.Отгонцэцэгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... “Тосон сүмбэр өргөө” ХХК-ийн ажлын байр гэх газар очиход Отгонсамбуу гэж хүн захирал нь гээд сууж байсан. Байрны талаар асуухад Отгонсамбуу “ажил төрөл хийдэг эсэх нь хамаагүй, би хүмүүсийг өөрийн компанидаа ажиллуулаад байрны 10 хувийг бүрдүүлэхэд тусалж, цалин өгч, зээлэнд нь хамруулж өгнө. Харин зээлийн дараалалд орохын тулд 150,000 төгрөгөөр элсдэг учраас мөнгөө өгөөд ор” гэж хэлсэн. Би Отгонхишиг гэж хүний дор элсээд 150,000 төгрөгөө Урангоо гэх нягтланд тушаасан. Тухайн үед урьдчилгаа мөнгө байхгүй байсан болохоор намайг Отгонсамбуу жимсний мод өгч болно” гэж хэлэхээр нь би нийт 1000 ширхэг үхрийн нүдний модыг 1 ширхэгийг нь 1500 төгрөгөөр бодож Отгонсамбууд хүлээлгэн өгсөн. Отгонсамбуу надад хэлэхдээ “энэ мөнгийг байрны урьдчилгаанд тооцож болно, чиний байрны урьдчилгаа бүрдэж байна” гэж хэлсэн. Нийт 1,650,000 төгрөг Отгонсамбууд өгсөн байгаа. Энэ мөнгөө нэхэмжилж байна.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 16 дахь тал/, дахин байцаасан: “... чи манай компанид эхлээд мэдээллийн ажилтнаар орж ажиллаад сард 500,000 төгрөгийн цалин авна, тэгээд байрны 10 хувьтай тэнцэх мөнгөтэй болохоороо байрандаа орно. Энэ 10 хувийн зээлэнд хамрагдах очир авахын тулд 150,000 төгрөг төлөх хэрэгтэй гэхээр нь Урангоо гэх нягтланд 150,000 төгрөгийг тушаасан. Эхний ээлжинд 10 хувийн урьдчилгаатай байранд орох 2 хүн олчихвол цалин өгнө гэхээр нь би фейсбүүкт “хамгийн том зарын сайт” гэсэн хуудсанд 8 хувийн хүүтэй зээлэнд хамруулж өгнө гэсэн утгатай зар тавьсан ба зарын дагуу Г.Батсайхан, Пунсалдулам гэх хоёр хүн ярьсныг Отгонсамбуу захиралтай уулзуулсан. Тэгээд надад Отгонсамбуу захирал цалин гэж 2015 оны 7 дугаар сарын эхээр 78,000 төгрөг өгсөн. Би өөр ямар нэгэн цалин аваагүй. Отгонсамбуу намайг мод үржүүлгийн чиглэлээр үйл ажиллагаа явуулах гэж байгаа, чи мод авчрах юм бол ширхэгийг нь 1500 төгрөгөөр худалдаж авна гэж хэлэхээр нь би Зүүнхараа уруу явж 1000 ширхэг үхрийн нүдний мод ээжээсээ авч Отгонсамбууд өгсөн. Тэгтэл Отгонсамбуу 1000 ширхэг модны 1,500,000 төгрөгийг өгөлгүйгээр миний байрны урьдчилгаанд өгчихье гэж хэлсэн. Тэгтэл одоог хүртэл мөнгө өгөөгүй байна. Би Отгонсамбуугаас байранд хамрагдахын тулд өгсөн 150,000 төгрөг, нийт 1,650,000 төгрөг нэхэмжилж байна.” гэх мэдүүлэг,

Шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Би нийт 1,650,000 төгрөгийг Д.Отгонсамбуугаас авах ёстой. Гэхдээ хохирлын нийт дүнгээс Отгонсамбуугийн бие муу, төлбөрийн чадваргүй зэргийг харгалзан үзээд нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж 828,000 төгрөгийг хасаж, үлдэх 822,000 төгрөг нэхэмжилж байна” гэх мэдүүлэг,

Хохирогч Б.Айжангийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... 2015 оны 6 дугаар сарын эхээр өөрийн нөхөр Мөнхдамдингийн хамт Дархан сум Өргөө баг 1б байрны буланд байрлах “Тосон сүмбэр өргөө” ХХК-ийн байранд очиж захирал Отгонсамбуу гэх хүнтэй уулзахад “манай Тосон сүмбэр өргөө” ХХК нь үл хөдлөх хөрөнгө зуучлалын үйл ажиллагаа явуулдаг. Манай компани одоо “Хямралыг хамтдаа” гэх нэртэй 10 хувийн урьдчилгаа төлбөртэйгээр Хаан банктай хамтарч 8 хувийн зээлэнд хамруулж иргэдийг байртай болгож байгаа юм. Энэ хөтөлбөрт хамрагдахын тулд та манай компанид ажилтнаар орсон мэт гэрээ хийх ёстой. Тэгсний дараа та манай компаний дансанд байрны урьдчилгаа 10 хувийг байршуулах хэрэгтэй. Дараа нь бид уг мөнгийг таны хадгаламжийн данс уруу цалин хэлбэрээр буцаагаад олгоно” гэж хэлэхээр нь би Отгонсамбуугаас “Хямралыг хамтдаа” хөтөлбөрт хамрагдаад байртай болсон хүн байгаа юу” гэж асуухад Отгонсамбуу “байгаа, манай гүйцэтгэх захирал Отгонхишиг гэх эмэгтэй 10 хувийн урьдчилгаагаа төлөөд байрандаа орчихсон байгаа, Отгонхишиг одоогоор өөрөө байхгүй, гадуур ажилтай явж байгаа” гэсэн. Тэгээд би хэд хоногийн дараа “Тосон сүмбэр өргөө” ХХК дээр ирэхэд Отгонхишиг гэх эмэгтэй байсан ба түүнтэй уулзаад асуухад “би 10 хувийн урьдчилгаагаа төлөөд байрандаа орчихсон байгаа, одоо байрандаа засвар хийж байна” гээд хувцас хунар, гар нь будаг болчихсон байсан. тэгээд би итгээд 2015 оны 6 дугаар сарын 03-ны үеэр “Тосон сүмбэр өргөө” ХХК-ийн Хаан банкны дансанд нөхөр Мөнхдамдингаар байрны 10 хувийн урьдчилгаа гэж 3,500,000 төгрөг хийсэн. Мөн бэлнээр “Хямралыг хамтдаа” хөтөлбөрийн бүртгэлийн хураамж 150,000 төгрөг, мөн өөрийн хашаа байшингаа зуучлуулж заруулах төлбөр гэж 30,000 төгрөг нийтдээ 3,680,000 төгрөг төлсөн. Тэгтэл Отгонсамбуу, Отгонхишиг нар утсаа авахгүй зугтаж, ярихаараа худал хэлж хойшлуулж, сүүлдээ сураггүй алга болсон. 2015 оны 9 дүгээр сарын 03-ны өдөр гэхэд та Дархан сумын 8 дугаар баг Микро хорооллын хажууд баригдаж байгаа шинэ байранд орно гэх мэтээр хуурч байсан. Отгонсамбуу намайг залилж мөнгө авсанд гомдолтой байна. Иймд 3,680,000 төгрөгөө нэхэмжилж байна.” гэх мэдүүлэг,

Хохирогч Н.Бат-Эрдэнийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “... 2015 оны 8 дугаар сард байр авахаар Дархан сумын 8 дугаар багт байрлах “Намуун дэнж” хотхонд байр үзээд явж байтал “Тосон сүмбэр өргөө” ХХК-ийн гүйцэтгэх захирал Отгонхишиг гэх эмэгтэй 2-3 хүн дагуулсан байр захиалаад явж байхад нь таарсан. Тэгээд Отгонхишиг манай “Тосон сүмбэр өргөө” ХХК нь 10 хувийн урьдчилгаа төлбөртэйгээр 8 хувийн хүүтэй зээлэнд хамруулж иргэдийг байртай болгож байгаа гэж ярьж байхыг сонсоод би очиж уулзсан. Отгонхишигтэй танилцаад 2 хоногийн дараа Ерөнхий захирал Отгонсамбуу гэх хүнтэй уулзсан. Тэгээд 44 сая төгрөгийн 2 өрөө байр захиалахаар болоод 10 хувь болох 4,220,000 төгрөг, дараа нь зуучлалын төлбөр 600,000 төгрөг, нийгмийн даатгалын дэвтрийн 350,000 төгрөг, нийт 5,170,000 төгрөгийг “Тосон сүмбэр өргөө” ХХК-ийн Хаан банкны дансанд хийсэн. Тэгтэл Отгонсамбуу, Отгонхишиг нар хэлсэндээ хүрэлгүй алга болж, гар утсаа авахгүй зугтах болсон. Одоог хүртэл намайг 10 хувийн урьдчилгаатай байранд оруулж өгөөгүй байгаа. Би залилуулсан 5,170,000 төгрөгөө Отгонсамбуугаас нэхэмжилж байна. Гомдолтой байна.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 25 дахь тал/, дахин байцаасан: “... Би 2015 оны 8 дугаар сарын 18-ны өдөр “Тосон сүмбэр өргөө” ХХК-ийн салбарын захирал Отгонхишиг гэдэг хүнд зуучлалын хөлс гэж 600,000 төгрөгийг Хаан банкны /5055348775/ гэсэн дугаарын данс уруу хий гэснийх нь дагуу хийсэн. Дараа нь 2015 оны 8 дугаар сарын 21-ний өдөр “Тосон сүмбэр өргөө” ХХК-ийн салбарын захирал Отгонхишигт байрны урьдчилгаа мөнгө болох 2,240,000 төгрөгийг /5055637198/ гэсэн данс уруу хий гэхээр нь хийсэн. 2015 оны 8 дугаар сарын 23-ны буюу амралтын өдөр байсан. Тэр өдөр Отгонсамбуу, Отгонхишиг хоёр байрныхаа урьдчилгаа мөнгийг хурдан данс уруу хийгээдэх гэж хэлэхээр нь амралтын өдөр банк ажиллахгүй байна гэж хэлэхэд тэгвэл бэлнээр авчраад өгчих гэж хэлсэн. Тэгээд би хуучин дарханы микрийн ойролцоо байдаг “Тосон сүмбэр өргөө” ХХК-ийн шинэ оффисын байранд нь очиж Отгонхишигт бэлнээр 1,500,000 төгрөг өгсөн. 2015 оны 8 дугаар сарын 25-ны өдөр Отгонсамбуу гэдэг хүн над уруу залгаад байрны урьдчилгаа мөнгөний үлдэгдэл мөнгийг хийгээдэх гэж хэлээд /5055637198/ гэсэн данс өгсөн. Би тэр данс уруу өдөрт нь 500,000 төгрөг хийсэн. 2015 оны 8 дугаар сарын 15-ны өдөр “Тосон сүмбэр өргөө” ХХК-ийн салбарын захирал Отгонхишиг гэдэг хүн миний нийгмийн даатгалыг 3 сараар төлнө гэж хэлэхээр нь 360,000 төгрөгийг би нийгмийн даатгалын тэнд бэлнээр аваачиж өгсөн.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 26-28, 253 дахь тал/, шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Би 5,170,000 төгрөг нэхэмжилж байгаа. Би анх М.Отгонхишигээс “Тосонсүмбэр-Өргөө”ХХК-ийн 8 хувийн зээлээр байр худалдан авах “Хямралыг хамтдаа” хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа талаар мэдсэн. Тэгээд энэ хөтөлбөрт хамрагдаж байртай болъё гэж бодсон. Он сар өдрийг сайн санахгүй байна. “Тосонсүмбэр-Өргөө”ХХК-ийн данс руу 2,740,000 төгрөг хийсэн. 2015 оны 8 сард байх 600,000 төгрөгийг зуучлалын хөлс гэж Нина гэх хүний данс руу Отгонхишигийг хийчих гэсний дагуу хийсэн. Хамгийн сүүлд 1,500,000 төгрөгийг Отгонхишигт бэлнээр өгсөн. 1,500,000 төгрөгийн 330,000 төгрөгийг нийгмийн даатгалын дэвтэр шинээр нээж өгнө гэж авсан. Дараа нь дахин 500,000 төгрөгийг М.Отгонхишигт бэлнээр өгсөн. Тосонсүмбэрийн данс руу хийсэн. Нийт хохирлоос нэг ч төгрөг аваагүй. Одоо 5,170,000 төгрөгөөс 1,100,000 төгрөгийг М.Отгонхишигээс, үлдсэн 4,070,000 төгрөгийг Д.Отгонсамбуугаас нэхэмжилж байна” гэх мэдүүлэг,

Хохирогч Г.Пунсалдуламын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... Тосон сүмбэр өргөө ХХК-ийн байранд очоод Отгонцэцэг гэдэг хүнтэй улзсан. Би бизнесийн зээлтэй байгаа, тэр зээлээ 8 хувийн зээлэнд хамруулж болох уу” гэж асуухад тэр эмэгтэй болно, мөнгө нэмж авч болно гэж надад хэлсэн. Отгонсамбуу надад “чи эрсдлийн сангийн 150,000 төгрөг, авах байрныхаа үнийн дүнгийн урьдчилгаа болох 10 хувийг аваад хүрээд ирээ” гэж хэлсэн. Тэгээд би өөрийнхөө байрыг барьцаалж зээлсэн бизнесийн зээлээ төлөх бодолтой байсан байрны урьдчилгаа мөнгө болох 3,500,000 төгрөгөө тушаах ёстой болсон. Орон сууцны 8 хувийн зээлэнд хамрагдаж байртай болохын тулд байрны 10 хувийн урьдчилгаа мөнгийг тэр оройдоо 1,980,000 төгрөг ”Тосон сүмбэр өргөө” ХХК-ийн нягтлан Урангоо гэх эмэгтэйд тушаасан. Мөн байрны зээлэнд хамрагдаж байгаа хүмүүсийн мэдээллийн ажилтан буюу зар тараах ажилтнаар намайг авч ажиллуулж байсан. Тэдгээр зээлд хамрагдаж байгаа хүмүүс нь эрсдлийн санд 150,000 төгрөг тушааж байсан. Би тэр компаний менежер Баатарням гэх хүнд 150,000 төгрөгийг тушаасан. 2015 оны 6 дугаар сарын 18-ны өдөр Отгонсамбуу гэх хүн над уруу утсаар ярихдаа “чамд бэлэн хэдэн төгрөг байна” гэж асуухаар нь би “надад бэлэн 900,000 төгрөг байна” гэхэд Отгонсамбуу микрийн 24 цагийн дэлгүүрийн тэнд хүрээд ир гэж хэлсэн. Би тухайн үед нөхрийнхөө машиныг унаад тэр дэлгүүрийн ойролцоо очиход Отгонсамбуу явган алхаад ирж байсан. Тэгээд би бэлэн 900,000 төгрөгийг Отгонсамбуу захиралд өгсөн. Отгонсамбуу “чи байрныхаа мөнгийг хурдан бүтээчих юм бол байрны зээл чинь хурдан гарах болно” гэж хэлсэн учраас би мөнгийг өгсөн. Ингээд нийт байрны урьдчилгаанд 3,030,000 төгрөгийг бэлнээр тушаасан. 
...2015 оны 7 дугаар сарын эхээр Отгонсамбуу захирал надад “бид нарт жимсний мод хэрэгтэй байна, би чамаас жимсний мод ширхэгийг нь 1500 төгрөгөөр бодож авна, бид нар цааш нь хүмүүст зарах гэж байгаа юм” гэж хэлэхээр нь би Орхон жимс ногооны сангийн аж ахуйгаас эхлээд 1500 ширхэг, дараа нь 2500 ширхэг жимсний мод ширхэгийг нь 700 төгрөгөөр бодож хүнээс 2,800,000 төгрөгөөр авч Отгонсамбууд өгсөн. Эхний 1500 ширхэг жимсний модыг авчирч өгөхөд Отгонсамбуу захирал Баатарнямд хүлээлгээд өгчих гэж хэлсэн учраас Баатарнямд өгсөн. Дараагийн 2500 ширхэг модыг Отгонсамбуу захиралд өөрт нь ажил дээр нь аваачиж өгсөн юм. Байрны урьдчилгаа мөнгөтэй нийлээд нийт 5,830,000 төгрөг болсон. Үүнээс 2015 оны 7 дугаар сарын 28-29-ний үеэр би Отгонсамбуу захирлаас жимсний модны үнэ болох 4 сая төгрөг авсан. Үлдэгдэл 1,830,000 төгрөгийг аваагүй байгаа. Тухайн үед хөдөлмөрийн гэрээг Отгонцэцэг гэдэг хүнтэй байгуулсан. Отгонсамбуу намайг чи мэдээллийн ажилтан учраас гадуур сайн мэдээлэл тараа, чиний цалин 500,000 төгрөг гэж хэлсэн. Олон хүн энэ хөтөлбөрт хамруулах юм бол чиний цалин өсөх болно гэж байсан. Отгонсамбуу “манай компани Капитал банктай гэрээтэй, банкны асуудалд санаа зоволтгүй” гэж хэлэхэд би итгэсэн. Би ”Тосон сүмбэр өргөө” ХХК-ийн захирал Отгонсамбууд гомдолтой байна. 1,830,000 төгрөгөө нэхэмжилж байна” гэх мэдүүлэг, 

Иргэний нэхэмжлэгч Б.Батцэцэгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...эхлээд Наранцэцэг гэдэг хүнтэй уулзсан. Дараа нь “Тосон сүмбэр өргөө” ХХК-ийн захирал гэх Отгонсамбуу гэдэг хүнтэй уулзсан. Тэр хүмүүс надад “таны өмнөөс хөнгөлөлттэй байранд оруулж өгнө. Та банктай харьцахгүй, бид таны өмнөөс харилцана.” гэж хэлж байсан. Тэгэхдээ надад эхлээд 150,000 төгрөгөөр таны нэр дээр данс нээж байршуулна. Та 150,000 төгрөгөө бэлнээр тушаачих гэхээр нь би тэр мөнгийг бэлнээр тушаасан” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 21 дэх тал/,

Иргэний нэхэмжлэгч Д.Үүрийнтуяагийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...“Тосон сүмбэр өргөө” ХХК-ийн захирал Отгонсамбуу гэх хүнтэй уулзахад “эхлээд манай компанитай гэрээ хийж ажилд орно, ажилд орсноороо сар болгон 10,000 төгрөгийн патентын мөнгө гэж тушааж нийгмийн даатгалдаа хамрагдана гэж хэлэхээр нь би энэ компанид ажилд орохоор болж гэрээ байгуулсан. Тэгтэл байр захиалахад эхлээд 150,000 төгрөг тушаах хэрэгтэй, байр авахад байрны үнийн дүнгийн 10 хувийг улирал болгон байр авсан хүмүүст буцааж олгоно гэж надад хэлсэн. Тэгээд би тэр өдөр нь 150,000 төгрөг “Тосон сүмбэр өргөө” ХХК-д бэлнээр тушаасан. Тэр Отгонсамбуу гэдэг хүн надад хэдэн төгрөгийн байр авахаас шалтгаалаад “Тосон сүмбэр өргөө” ХХК-д байрны үнийн 10 хувийг байршуулах шаардлагатай гээд надад дансны дугаар өгч байсан. Би 3 сая төгрөг байрны урьдчилгаанд хийх гэж байгаад миний мөнгө дутаад надад 2 сая төгрөг бэлнээр байсан учраас мөнгө дутуу талаараа хэлсэн чинь Отгонсамбуу гэдэг хүн “наад мөнгөө одоо хийчих, хамаагүй” гэж хэлэхээр нь би тэр өдрийнхөө үдээс хойш яваад очсон чинь хаалттай байсан. Тэгтэл асууж сураглахад “Тосон сүмбэр” ХХК нь оёдлын цехдээ шинэ оёдлын машин авч байгаа, тэнд ажиллаж байгаа байх” гэж хэлсэн. “Тосон сүмбэр өргөө” ХХК нь Дархан сумын 4 дүгээр баг Монто 5 дугаар байрны подвалд түрээсээр оёдлын цех ажиллуулж байсан. Охиноо хичээл амарсан 2 сарын хугацаанд уг компаний оёдлын цехэд нь ажилд оруулсан. Би өөрөө гэрээ хийгээд мэдээллийн ажилтнаар ажилд орсон. Би анх “Тосон сүмбэр өргөө” ХХК-тай 2015 оны 6 дугаар сарын 12-ны өдөр гэрээ байгуулаад эхлээд 150,000 төгрөг, патентын 10,000 төгрөг, хөнгөлөлтийн карт гэж 20,000 төгрөг, 1000 төгрөг 4 хувь чээж зураг, 2500 төгрөгийн бүртгэлийн хураамж нийт 183,500 төгрөг тушаасан байсан. Тухайн үед Отгонхишиг гэдэг эмэгтэй бас захирал ажилтай гэж хэлээд яваад байсан. Хэн нь захирал нь гэдгийг мэдэхгүй, Отгонхишиг нь тэнд байсан хүмүүстэй уулзаж байсан. Харин Отгонсамбуу гэдэг хүн нь надтай уулзаж үйл ажиллагааныхаа талаар тайлбарлаж өгдөг байсан.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 23 дахь тал/, 

Иргэний нэхэмжлэгч Ц.Баасанхүүгийн мөрдөн байцаалтын шатан өгсөн: “... 2015 оны 5 дугаар сарын сүүлээр байх, манай дүүгийн найз Нараа гэдэг эмэгтэй надад “Тосон сүмбэр өргөө” ХХК 10 хувийн урьдчилгаа хийгээд уг компани өөрөө байрны талаар хөөцөлдөж байр авч өгөх юм байна лээ, банк гэж явахгүй” гэж хэлсэн.Тэгээд би компани дээр нь очиж Отгонсамбуу, Отгонхишиг нартай уулзсан. Отгонхишигийг би таньдаг юм. Тэр хоёртой уулзаж, ярилцаж байхад Отгонхишиг надад “энэ компани найдвартай, би өөрөө 10 хувийн урьдчилгаагаа хийгээд 2 өрөө байртай болсон. Одоо энэ хүүхдэд би хоёр дахь байраа авч өгөх гэж байгаа” гэж яриад нэг залууг дагуулчихсан явж байсан. Тухайн үед Отгонхишиг тийм зүйл ярихад би итгэсэн. Тэгээд Отгонсамбуугийн өрөөнд орж уулзахад Отгонхишиг тэр хоёр “эхлээд манай компанид ажилчнаар орсон гэж бүртгүүлээд 150,000 төгрөг тушааж батламж авна, тэгээд авах байрныхаа урьдчилгаа 10 хувийг манай компаний дансанд байршуулах хэрэгтэй гэж хэлсэн. Тэгээд би Ёотонгийн байранд 27 сая төгрөгийн 2 өрөө байр захиалахаар болоод урьдчилгаа 2,700,000 төгрөгийг дүү Удаанжаргалын данснаас мобайл банкаар Отгонсамбуугийн өгсөн данс уруу шилжүүлсэн. Отгонсамбуу “наадмын дараа зээл бүтнэ, тэгээд байртай болно” гэж хэлж байсан. Тэгээд наадам өнгөрөөд тэр компаний байранд яваад очиход Отгонсамбуу, Отгонхишиг нар алга болчихсон байсан. Сүүлд Микрийн тэнд байдаг шинэ оффисын байранд нь очиж Отгонсамбуутай уулзахад “одоо мөнгө байхгүй байна, хэд хоногоос олоод өгье” гэж хэлэхээр нь би нотариат ороод мөнгө авсан талаараа батлуулья гэж хэлсэн чинь Отгонсамбуу Отгонхишигийг надтай хамт явуулсан. Тэгээд нотариатын газар орсон чинь тэр нотариатч “компаний ямар ч тамга, тэмдэг байхгүй байна, компаний тамга тэмдэгтэй байж гэрчлүүлэх ажил хийнэ” гэж хэлэхээр нь би Отгонсамбуу, Отгонхишиг нарт компаний ямар ч тамга тэмдэг байхгүй юм байна гэж ойлгоод буцаж очоод Отгонсамбууд та нарыг цагдаа, шүүхэд өгнө гэж хэлээд тэнд байсан компаний ажилчид гэх бүх хүмүүсийг гаргахгүй байлгаж байгаад мөнгөө нэхсэн. Тэгсэн Отгонсамбуу “Улаанбаатар хотоос одоо байрны урьдчилгаа дансанд хийнэ, тэгэхээр нь тэр мөнгийг аваад өгье” гэж надад хэлсэн. Тэгээд Отгонсамбуу миний хажууд нэг хүнтэй утсаар яриад тэр хүнд “байрныхаа урьдчилгааг одоо хийчих, яг одоо” гээд дахин дахин яриад байсан. Удалгүй 2 сая төгрөг шилжиж орж ирэхэд Отгонсамбуу надад тэр мөнгийг өгсөн. Маргааш нь би очиж үлдэгдэл 700,000 төгрөгөө авсан. Отгонсамбуу, Отгонхишиг нар их олон хүнийг хуурч мэхэлсэн гэж бодож байна. Анх байр захиалах гэж 150,000 төгрөг тушааж батламж авч байсан, тэр мөнгөө аваагүй байгаа.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 30 дахь тал/, ... Би 10 хувийн урьдчилгаатай 8 хувийн орон сууцны зээл батлагдаагүй гэдгийг мэдэж байсан, эдгээр хүмүүсээс яаж 10 хувийн урьдчилгаатай байрны зээлд оруулах гэж байгаа юм бэ гэж асуухад Отгонсамбуу, Отгонхишиг нар манай компани зуучлалын компани байгаа юм, зээлийг чинь бүтээгээд өгнө гэдэг байсан. Мөн Отгонсамбуу, Отгонхишиг нар манай компани оёдол, бууз, хуушуур хийдэг гэх зэрэг олон үйл ажиллагаа явуулдаг найдвартай гэж хэлж байсан.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 31 дэх тал/, 

Иргэний нэхэмжлэгч Н.Батсайханы мөрдөн байцаалтын болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “... 2015 оны 6 дугаар сарын 20-ы үеэр фэйсбүүк дээр Дарханы хамгийн том зарын сайт гэсэн хуудас байхаар нь тэр хаяг уруу ороход “орон сууцны ипотекийн 8 хувийн зээлэнд 10 хувийн урьдчилгаа төлбөртэйгээр оруулж өгнө гэсэн зар тавигдсан байхыг нь хараад 88530163 гэсэн дугаараар залгаж ярихад Отгонцэцэг гэж хүн авсан ба маргааш нь түүнтэй уулзахад “Тосон сүмбэр өргөө” ХХК нь байгуулагдаад удаагүй байгаа, үл хөдлөх хөрөнгийн зуучлалын чиглэлээр ”ажилладаг компани байгаа юм. Одоогоор 2-3 хүнийг 10 хувийн урьдчилгаа төлбөртэйгээр байранд оруулчихсан байгаа, зарим нь авсан байрандаа засвар хийгээд эхэлчихсэн. Надад итгэхгүй байгаа бол захиралтай уулз гэж хэлснийх нь дагуу 18-ын буудын хажуугийн байранд байрлах “Тосон сүмбэр өргөө” ХХК дээр очиж ерөнхий захирал гэх Отгонсамбуутай уулзахад “орон сууцны 10 хувийн урьдчилгаатай 8 хувийн зээлэнд хамрагдахын тулд чи доод тал нь 1,300,000 төгрөгийн цалинтай мэтээр Хаан банкны эдийн засагчид харагдах ёстой. Ингэхийн тулд чи манай компанид ажилтнаар орж хөдөлмөрийн гэрээ хийгээд сарын 1,300,000 төгрөгийн цалин авдаг байдлаар өөрийнхөө мөнгийг манай компаний дансанд хийгээд дараа нь манай компаний данснаас чиний хуримтлалын дансанд цалин хэлбэрээр 1,300,000 төгрөгийн чинь 2 хувааж оруулна. Чиний хуримтлалын дансан дахь мөнгө орон сууцны үнийн 10 хувьтай тэнцэхээр болсон үед танд байрыг чинь авч өгнө” гээд 2015 оны 6 дугаар сарын 29-ний өдөр надаар 2,600,000 төгрөгийг “Тосон сүмбэр өргөө” ХХК-ийн 5055637198 тоот дансанд гүйлгээний утгыг нь “Г.Батсайханаас бүтээгдэхүүний орлого” гэж бичүүлээд бэлнээр хийлгэсэн юм. Дээрээс нь банкинд шаардлагатай бичиг баримтуудыг бүрдүүлэхэд манай компаний зүгээс явж үйлчилгээ үзүүлсний хөлс гэж 150,000 төгрөг авсан баримт нь байгаа. Тэгээд миний хаан банкны хуримтлалын дансанд 2015 оны 7 дугаар сарын 06-ны өдөр 600,000 төгрөг цалин гэж орсон ба үлдсэн 2 сая төгрөг нь ороогүй. Тэгэхээр нь би нягтлан Урангоогоос үлдсэн 2 сая төгрөгийг 4 хувааж хийнэ гэсэн яасан бэ гэж асуухад би мэдэхгүй захиралтай ярь гэж хэлсэн. Маргааш нь буюу 2015 оны 7 дугаар сарын 07-ны өдөр Отгонсамбуутай уулзаад миний өгсөн мөнгийг 4 хувааж өгнө гэсэн яасан бэ, танай компани 10 хоног дансандаа байршууллаа, та нар хувьдаа завшаад байгаа юм биш үү гэхэд Отгонсамбуу “чиний мөнгийг тэгвэл буцаагаад өгчихье” гээд үлдсэн 2 сая төгрөгийг өөрийнхөө мобайл банкнаас манай эхнэр Алтангэрэлийн 5270468064 дугаарын данс уруу хийсэн. 2015 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн үеэр мөн өмнөх шигээ 600,000 төгрөгийг “Тосон сүмбэр өргөө” ХХК-ийн дансанд байршуулах эсэхийг асуухаар компаний оффис дээр очиход анх интернетэд зар тавьсан Отгонцэцэг гэх эмэгтэй байсан. Тэгээд Отгонцэцэгээс Отгонсамбуу, Урангоо нарыг асуухад хоёулаа байхгүй байсан бөгөөд Отгонцэцэг “чи яагаад орон сууцны 10 хувийн урьдчилгаатай зээлэнд хамрагдахаа больчихсон юм бэ, Отгонсамбуу захирал чамайг боль гэж хэлсэн юм уу” гэж асуухаар нь би гайхаад Отгонсамбуугаас асуухад “би тийм зүйл яриагүй, ярьснаараа мөнгөө манай дансанд хийгээд явж бай” гэж хэлсэн. Би нийгмийн даатгал дээр явж очоод уг компаний нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн байдлыг харахад нэг ч ажилтны нийгмийн даатгал төлөгдөөгүй байсан. Тэгээд би нягтлан Урангоо уруу залгаад энэ талаар асуухад би юу ч мэдэхгүй, та захиралтай ярь гэж хэлэхээр нь Отгонсамбуутай ярихаар утас уруу нь залгахад утсаа авахгүй, холбогдохгүй байсан. Тэгэхээр нь би больё гэж бодоод 150,000 төгрөгөө авах гээд 7-8 хоногийн дараа нягтлан Урангоо уруу залгаж асуутал “би ажлаасаа гарчихсан, надад хамаагүй” гэсэн байдлаар хандсан. Миний Хаан банкин дахь хуримтлалын дансыг “Тосон сүмбэр өргөө” ХХК-аас нээж өгсөн. Одоо 150,000 төгрөгөө нэхэмжилж байна.” гэх мэдүүлэг,

Гэрч Б.Энхбаярын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... 2015 оны 4 дүгээр сард манай ээжийн дүү болох Отгонсамбуу надад “бизнес хийх гэж байгаа юм, чи өөрийнхөө нэр дээр компани байгуулаад өгөөч, би бичиг баримтаа хаячихсан байна” гэж хэлсэн. Тэгээд би энэ талаар хөөцөлдөж явж байгаад 5 дугаар сард Аж ахуйн нэгжийн гэрчилгээг гаргаж, тамга тэмдгийг нь аваад ах Отгонсамбууд өгсөн юм. Отгонсамбуу ах “ах нь 2 жил чиний нэр дээр байгуулагсан компаний үйл ажиллагааг явуулж байгаад, тогтвортой болоод ирэхээр нь чамд энэ компанийг өгнө” гэж байсан. ”Тосон сүмбэр өргөө” ХХК нь барилга, үл хөдлөх хөрөнгө зуучлах, гадаад дотоод худалдааны чиглэлэлээр үйл ажиллагаа явуулахаар байгуулагдсан. Тэгээд Отгонсамбуу ах надаас ”Тосонсүмбэр өргөө” ХХК-ийн гэрчилгээ, тамга тэмдгийг авсан. Отгонсамбуу ах тухайн үед ямар ч хууль бус үйл ажиллагаа явуулахгүй, асуудал байхгүй, оёдлын чиглэлээр үйл ажиллагаа явуулна гэж хэлж байсан. Ямар чиглэлээр үйл ажиллагаа явуулах гэж байгааг би мэдээгүй” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 38 дахь тал/, 

Гэрч Л.Сувд-Эрдэний мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... 2015 оны 7 дугаар сард байх, Пунсалдуламтай фейсбүүкээр харилцаж байсан чинь “та хоёр байр авсан уу, байр авах чинь юу болсон бэ” гэж надаас асуухаар нь би “найз нь хашаа байшингаа зарж байр авахаа больсон. Нөхөр зээлтэй болохоор болохгүй байна” гэж хэлсэн. Тэгсэн Пунсалдулам надад “найз нь 10 хувийн урьдчилгаа өгч, 8 хувийн зээлд хамруулдаг зуучлалын компанид ажилд орсон” гэхээр нь би манай нөхөр зээлтэй болохоор болохгүй байх гэсэн чинь зээл хамаагүй ээ, байрны 10 хувийн урьдчилгаа өгсөн байхад байр гаргаад өгдөг юм байна лээ” гэж хэлсэн. Тэгэхээр нь би “надад одоогоор мөнгөний боломж байхгүй байна, харин манай нэг найз байрны зээлэнд хамрагдана гэж ярьж байсан, би чамтай тэр найзыгаа уулзуулъя” гэж хэлээд тэгээд Ганболорт Пунсалдуламын яриад байгаа байрны зээлийн талаар ярихад Ганболор Пунсалдуламтай уулзах гээд очсон. Тэгтэл Пунсалдулам бид хоёрыг Дархан зочид буудлын хажууд байдаг 6 давхар шаргал өнгийн байрны гадаа дагуулж очоод тэр байрны 5 давхрын 28 тоот урагшаа харсан цонхтой гэсэн байх, ахынхаа байрыг зарах гэж байгаа гээд үзүүлэхээр болсон. Пунсалдулам энэ байрны түлхүүр нь байхгүй, би маргааш ахтайгаа ярьж байгаад түлрүүрийг нь аваад үзүүлье, одоо энэ нэг айл уруу ороод үзчих” гээд нэг айл уруу дагуулж ороод үзүүлсэн. Пунсалдулам бид хоёрт ярихдаа “би ”Тосон сүмбэр өргөө” ХХК-ийн зээлэнд хамрагдаад Улаанбаатар хотод нэг өрөө байр авчихсан байгаа” гэхээр нь би энэ компани зуучлалаар байрны зээлэнд хамруулдаг юм байна гэж итгэсэн. Би урьд нь Пунсалдуламтай утсаар ярьж байхдаа манай найз нөхөргүй ш дээ ганц бие хүнд байрны 10 хувийн урьдчилгаа төлж 8 хувийн байрны зээлд хамрагдаж болох юм уу гэж асуусан чинь Пунсалдулам тэр хамаагүй ээ, манай компани батлан даачихдаг юм аа гэж хэлж байсан. Тэгээд би үнэн юм байна гэж итгэсэн.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 39 дэх тал/, 

Гэрч М.Энхтайваны мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... 2015 оны 6, 7 дугаар сарын аль нэг сард байх манай банкны харилцагч /Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төв/-д багш ажилтай Ц.Баярсайхан надтай уулзахаар нэг батламж барьчихсан над дээр орж ирсэн. Тэр залуу надаас ”танай банк ”Тосон сүмбэр өргөө” ХХК-тай хамтарч орон сууцны зээлэнд иргэдийг хамруулж байгаа юм уу” гэж асуухаар нь би “ манайх Тосон сүмбэр өргөө” ХХК-тай хамтарч тийм үйл ажиллагаа явуулаагүй, орон сууцны зээлэнд иргэдийг хамруулаагүй, наад компани чинь хаана байдаг юм бэ” гэж асуусан. Тэгээд би тэр хүнээс ”Тосон сүмбэр өргөө” ХХК-ийн хаягийг заалгаж аваад банкны зээлийн мэргэжилтэн Болоршагайгийн хамт Дархан сумын 18-ын буудлын урд талд байдаг 1б байр гэсэн байх, тэнд яваад очтол тэр байрны гадна ”Тосон сүмбэр өргөө” ХХК гэсэн хаягтай, дотор нь их олон хүмүүс бужигнаж байсан. Тэнд 2-3 эмэгтэй 10 хүнтэй уулзаад 10 хувийн урьдчилгаа төлбөртэйгээ 8 хувийн зээлэнд хамруулах “хямралыг хамтдаа” гэсэн хөтөлбөрийн талаар тайлбарлаж байсан. Тэгээд би зээлийн мэргэжилтэн Болоршагайгийн хамт зээлэнд хамрагдах гэж байгаа хүн болж мэдээл өгөх хүн байна уу гэж асуусан чинь нэг 50 орчим насны эрэгтэй хүнтэй уулзсан. Тэр хүн өөрийгөө ”Тосон сүмбэр өргөө” ХХК-ийн захирал Отгонсамбуу гэж хүн байна гэж танилцуулаад манай компани Капитал банктай хамтарч иргэдийг орон сууцжуулах гэж байгаа юм. Өөрөөр хэлбэл 8 хувийн зээлэнд хамруулж, 10 хувийн урьдчилгаа төлбөртэй байртай болох “хямралыг хамтдаа” хөтөлбөр зохион байгуулж байгаа. Та хэрвээ 10 хувийн урьдчилгаа төлбөрөө төлчих юм бол би таныг оочир, дугаарын дагуу Капитал банктай хамтарсан 8 хувийн зээлэнд хамруулж өгнө” гэж хэлсэн. Тухайн үед би өөрийгөө тэр хүнд Капитал банкны захирал гэж танилцуулаагүй, би тэр хүнийг ярьж дууссаны дараа наад орон сууцны зээлийн хөтөлбөр чинь бүтэхгүй асуудал байна гэж хэлсэн. Тэгээд би тэндээс гарч яваад ажил дээрээ очоод ажилчдадаа ”Тосон сүмбэр өргөө” ХХК нь манай банкны нэрийг барьж иргэдийг хуурч мэхлээд байгаа юм байна шүү, данс нээлгэхээр хүмүүс ирж магадгүй гэж хэлсэн. Тэгээд ажил дээрээ ирээд удаагүй байж байтал хоёр эмэгтэй ”Тосон сүмбэр өргөө” ХХК-д харилцах данс нээлгэх гэж орж ирэхэд манай теллер харилцах данс нээж өгөхгүй гэж хэлээд байж байтал тэр хоёр эмэгтэй захирал гэх хүнээ дуудсан юм шиг байсан, ”Тосон сүмбэр өргөө” ХХК-ийн захирал гэх залуу хоёр эмэгтэйн хамт орж ирсэн. Тэгэхээр нь би ”Тосон сүмбэр өргөө” ХХК-ийн захирал гэх залуу болон хоёр эмэгтэйд “манай банк танай компанид харилцах данс нээж өгөхгүй, танай компани банкны нэр барьж иргэдийг хууран мэхэлж байна. Одоо энэ үйлдлээ зогсоо. Дахин банкны нэр барьж иргэдийн хуурч мэхлэн залилах юм бол цагдаад хандана шүү” гэж хэлсэн. Тэдгээр хүмүүс удалгүй гараад явсан. Манай банк ”Тосон сүмбэр өргөө” ХХК-тай өмнө харилцаж байгаагүй, энэ компаний ямар ч харилцах данс байхгүй” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 40 дэх тал/, ... Манай Дархан-Уул аймаг дахь Капитал банкны салбарын зүгээс ”Тосон сүмбэр өргөө” ХХК-тай огт хамтран ажиллаж байгаагүй, ”Тосон сүмбэр өргөө” ХХК-ийн захирал Отгонсамбуу нь манай банкны нэрийг барьж ард иргэдийг хуурч мэхлэн хохироож байгаа үйлдэлд гомдолтой байна.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 41 дэх тал/, 

Гэрч Х.Урангоогийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “... би 2015 оны 5 дугаар сарын 14-ний өдөр Дархан-Уул аймаг, Дархан сумын ”Тосон сүмбэр өргөө” ХХК-ийн байранд очиж ярилцлаганд орж тэнцээд ажилд орсон. ”Тосон сүмбэр өргөө” ХХК нь үл хөдлөх хөрөнгө зуучлалын үйл ажиллагаа эрхэлдэг, мөн “хямралыг хамтдаа” хөтөлбөрийг явуулж нэг хүн элсэхдээ 150,000 төгрөгөөр элсдэг сүлжээ маркийн үйл ажиллагаа явуулдаг байсан. Энэ компани нь Отгонсамбуугийн төрсөн эгчийнх нь хүүхэд болох Энхбаяр гэдэг хүний нэр дээр байдаг байсан ч компаний үйл ажиллагаа болон “хямралыг хамтдаа” хөтөлбөрийг Отгонсамбуу удирдан явуулдаг байсан. Харин Отгонхишиг нь Отгонсамбуугийн зааварчилгаан дор ажилладаг байсан. Хямралыг хамтдаа хөтөлбөрт хэдэн хүн хамрагдсаныг мэдэхгүй байна, би ажлаас гарахдаа Эрдэнэсан гэдэг хүнд ажлаа хүлээлгэн өгсөн. Хөтөлбөрт хамрагдсан хүмүүсийн мөнгийг Отгонсамбуу өөр оёдлын үйлдвэр байгуулах гээд байрны түрээс, бичиг хэргийн зардал, тоног төхөөрөмж, ажилчдын цалинг өгөхөд зарцуулдаг байсан. Хөтөлбөрт хамрагдсан хүмүүсийн мөнгийг Энхбаярын нэр дээр байдаг Хаан банкны /5055637198/ дугаарын дансанд хийдэг байсан. Би бэлнээр орж ирсэн мөнгийг орлогын баримт бичиж аваад Отгонсамбуугийн зааврын дагуу мөнгийг тохижилтын ажилд зарцуулдаг байсан. Би Энхбаярын дансанд орлого орсон эсэхийг шалгадаг. Би 2015 оны 5 дугаар сарын 15-ны өдөр ажилд ороод 2015 оны 8 дугаар сарын дундуур ”Тосон сүмбэр өргөө” ХХК-аас гарсан. ”Тосон сүмбэр өргөө” ХХК нь ажилчдынхаа цалинг 2015 оны 5,6 дугаар саруудад бүтэн тавьсан. Тэрнээс хойш нэг ч удаа цалин олгогдоогүй.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 43 дахь тал/, дахин байцаасан: “...”Тосон сүмбэр өргөө” ХХК нь хямралыг хамтдаа хөтөлбөрийн хүрээнд элсэн орохдоо компанитай гэрээ байгуулах үндсэн дээр 150,000 төгрөг тушаадаг байсан. Гэрээ нь чухам ямар учиртайг мэдэхгүй, би санхүүг хариуцдаг байсан. Энэ хөтөлбөрт элсэж байгаа хүн 150,000 төгрөгийг бэлнээр тушаахад орлогын баримт бичиж, би гарын үсэг зурж авдаг байсан. Энэ тушаасан 150,000 төгрөг тус бүрийг компаний бичиг хэргийн зардал, оёдлын туслах материал, захирал Отгонсамбуугийн хувийн хэрэгцээнд зарцуулдаг байсан. Би ажиллаж байх хугацаандаа 2015оны 5 дугаар сард 139,000 төгрөг, 2015 оны 6 дугаар сард 500,000 төгрөгийн цалин авч, 2015 оны 7 дугаар сараас хойг цалин аваагүй. Цалингасаа нийгмийн даатгал төлж байгаагүй. Жимсний бутны асуудлыг би мэдэхгүй байна. Отгонцэцэг эгч хүнээс жимснйи бут зээлж авч ирээд өгч байсан. Ямар учиртайг нь сайн мэдэхгүй байна. Мангиртад нэг айлд аваачиж өгөхөд тэр нь ургахгүй үхчихсэн гэж сонсож байсан.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 44 дэх тал/, ...Отгонсамбуу хүмүүстэй уулзахдаа Капитал банктай хамтран ажиллаж, 10 хувийн урьдчилгаатай зээлэнд хамруулж өгнө гэж ярьдаг байсан. Нэг өдөр Капитал банкны захирал Отгонсамбуу захиралтай ирж уулзахад Отгонсамбуу таниагүй, манай компани Капитал банктай хамтран ажиллаж байгаа гэж ярьж байсан. Тухайн үед Капитал банкны захирал нь юу ч хэлээгүй гараад явахаар нь би таниад Капитал банкны захирал байна гэж хэлсэн чинь Отгонсамбуу араас нь гараад ажил дээр нь очиж уулзсан. Отгонсамбуу хүмүүсээс авсан мөнгөөр ажлын байрандаа ширээ, сандал, бичиг хэрэгсэл, оёдлын цехэд материал авах зэрэг зүйлд зарцуулж байсан.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 45 дахь тал/, ... гэтэл Отгонсамбуу захирал хүмүүсийг байранд оруулж өгнө гэсэн мөнгөө иргэдийг байранд оруулахын тулд зарцуулдаггүй, харин компаний оёдлын үйлдвэрт ашигладаг байсан. Тэгээд Капитал, Хаан банкуудаас зээл авах гэж хөөцөлддөг байсан боловч зээл олгодоггүй байсан. Хямралыг хамтдаа хөтөлбөрт хамрагдахаар ирсэн хүмүүст манай компани Капитал банктай хамтран ажиллаж байгаа гэж худал хэлж итгүүлдэг байсан. Энэ хөтөлбөрт хамрагдахын тулд мөнгө өгсөн хүмүүс буцааж мөнгөө авах гээд нэхэж ирэхэд нь өөр хүний хөтөлбөрт хамрагдах гэж өгсөн мөнгийг өгч аргацаадаг байсан. Ер нь бол Отгонсамбуу захирал хямралыг хамтдаа хөтөлбөрт хамрагдах хүсэлтэй байгаа хүмүүсийн өгсөн мөнгийг өөрийнхөө хувийн хэрэгцээндээ зарцуулдаг байсан. Надад энэ компаний виза карт нь байдаг байсан бөгөөд Отгонсамбуу захирал мөнгө авах болохоороо “хуурай хэрэглээ” гэж бичүүлэн авдаг байсан. Миний мэдэхээр 150,000 төгрөг төлөөд хямралыг хамтдаа хөтөлбөрт хамрагдахаар байртай болохын тулд мөнгө өгсөн 10 гаруй хүн байсан. Тэдгээр хүмүүсээс Батсайхан, Эрдэнэбилэг /Баасанхүү/ нарын мөнгийг буцааж өгч байсан. Бусад хүмүүсийн мөнгийг буцааж өгсөн эсэхийг мэдэхгүй байна. Сүүлдээ ажилчдынхаа цалинг өгч чадахгүй болж, 7 дугаар сараас хойш ажилчдадаа цалин тавиагүй” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 46 дахь тал/, 

Гэрч Э.Баатарнямын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... манай ээж Энхрийцэцэгтэй Отгонхишиг эгч уулзаж би энэ компанид цахим хөтөч карт борлуулах ажилтнаар ажилд орсон. Би ”Тосон сүмбэр өргөө” ХХК-ийн үл хөдлөх хөрөнгө зарах, зуучлах хүмүүсийг бүртгэж авдаг ажил хийдэг байсан. Отгонсамбуу захирал намайг хүний нөөцийн ажилтан бэлтгэх 7 хоногийн сургалтад суулгаж, сургалтад суугаад 2015 оны 7 дугаар сарын сүүлээр гарч ирэхэд энэ компани дахин ажиллаагүй. ”Тосон сүмбэр өргөө” ХХК нь намайг ажилладаг байхад хямралыг хамтдаа хөтөлбөр хэрэгжүүлж, хүмүүсийг 150,000 төгрөгөөр бүртгэж, орон сууцны хөнгөлөлттэй зээлэнд хүмүүсийг хамруулж байсан. 2015 оны 6 дугаар сард байх Пунсалдулам эгч шуудайтай жимсний бут авчрахад нь компаний оффисын өрөөнд зөөж оруулж өгч байсан. Захирал тэр жимсний бутыг үрслүүлж ширхэгийг нь 1500 төгрөгөөр зарна гэж байсан. Тэгээд тэр жижиг моднуудыг захирал Отгонсамбуу Мангиртад нэг айлын хашаанд үрслүүлэхээр аваачсан. Жимсний бутыг Пунсалдулам, Отгонцэцэг эгч нар авчирч байсан. Яг хэдэн ширхэг жимсний бут авчирсныг би мэдэхгүй байна. Би тоолж хүлээж аваагүй, сүүлд сонсоход үрслүүлэх гэж байсан моднууд нь үхсэн сурагтай байсан. Анх ажилд ороод эхний сар 80,000 төгрөг, дараагийн сар 350,000 төгрөгийн цалин өгсөн. цалин өгөхдөө цалингаас нийгмийн даатгалын шимтэл суутгаж авч байсан.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 47 дахь тал/, 

Гэрч Г.Нарантуяагийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... 2015 оны 7 дугаар сарын 15-ны өдрөөс 2015 оны 7 дугаар сарын 20-ны өдрүүдийн хооронд байх Пунсалдулам над дээр ирж “хүнтэй хамтарч жимсний мод үрслүүлэх гэж байгаа юм” гэж хэлээд 1500 ширхэг үхрийн нүдний мод авч явсан. 7 хоногийн дараа дахин мод авъя гэж ирэхэд нь 2500 ширхэг бөөрөлзгөнө, үхрийн нүдний мод өгч явуулсан. Миний Пунсалдуламд өгсөн мод гэх зүйл нь жимсний модны 20-30 см урттай ногоон мөчир байсан юм. Пунсалдулам ийм хэмжээтэй гэж хэлсний дагуу тайрч өгсөн юм. Пунсалдуламд жимсний модны ногоон мөчрийг нэг ширхэгийг нь 700 төгрөгөөр бодож өгсөн. Нийт 4000 ширхэг жимсний модны мөчир өгсөн.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 48 дахь тал/, 

Гэрч Ц.Эрдэнэбилэгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... нийгмийн даатгал төлж байсан хүн хэрэгтэй байна гээд манай дүү Баасанхүү байрны урьдчилгаа мөнгө шилжүүлэхдээ миний нэрээр тус компаний данс уруу 2,700,000 төгрөг шилжүүлсэн юм. Уг мөнгөний асуудлыг манай дүү сайн мэднэ. Надад энэ талаар мэдэх зүйл байхгүй.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 244 дэх тал/, 

Гэрч О.Мөнхөөгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Отгонсамбуу манай компани ажилчдаа орон сууцаар хангах гэж байгаа, Отгонхишиг нь байрны урьдчилгагаа компанид байршуулсан. Хэрэв чи байраа зарахаар үнэ хөлсөө Отгонхишигтэй тохирох юм бол компаниас зээлийн асуудлыг түргэн шуурхай шийдвэрлэж өгнө. Ингээд 38 сая төгрөгөөр зарахаар тохироод байрныхаа түлхүүрийг 2015 оны 6 дугаар сарын 05-ны өдөр Отгонхишигт өгөөд Отгонхишиг манай байранд ороод засвар хийсэн. Тэгтэл байрны төлбөр төлөхгүй 2 сар болохоор нь би компани дээр нь очиж больж байгаа талаар хэлэхэд Отгонсамбуу компаниас байрны 10 хувийг төлье гээд ”Тосон сүмбэр өргөө” ХХК-аас над уруу 4,000,000 төгрөг шилжүүлэхэд нь би бөөнөөр нь мөнгөө авна, харин та нар миний байранд 2 сар үнэгүй байсан учир 2 сарын түрээсийн төлбөр гэж 400,000 төгрөг авна гэж хэлээд 3,600,000 төгрөгийг буцааж ”Тосон сүмбэр өргөө” ХХК уруу шилжүүлсэн. Тухайн үед Отгонхишигтэй гэрээ байгуулсан байсан гэхдээ нотариатаар батлуулаагүй байсан.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 256 дахь тал/, 

Гэрч Д.Мөнхдамдины мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... 2015 оны 6 дугаар сарын 14-ний өдөр ”Тосон сүмбэр өргөө” ХХК-ийн данс уруу 3,500,000 төгрөгийг байрны урьдчилгаанд шилжүүлсэн. Отгонхишиг гэх эмэгтэй би хоёр өрөө байранд ороод байртай болчихсон гэж манай эхнэртэй зах дээр таарахдаа хэлсэн байдаг. Тэгээд эхнэр бид хоёр очиж Отгонсамбуутай уулзаад мөнгө шилжүүлсэн.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 257 дахь тал/, 

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 93, 99 дэх талууд/, 

ХААН банкны Депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хавтаст хэргийн 120-125, 269-297 дахь талууд/, 

Орлогын мэдүүлгийн баримт /хавтаст хэргийн 161-163 дахь тал/,

Г.Пунсалдуламаас 1,980,000 төгрөг, 150,000 төгрөг тус тус ”Тосон сүмбэр өргөө” ХХК-д тушаасан гэх баримтууд /хавтаст хэргийн 169-170 дахь тал/,

Г.Батсайханаас 150,000 төгрөг ”Тосон сүмбэр өргөө” ХХК-д тушаасан гэх баримт /хавтаст хэргийн 189 дэх тал/,

Мөнхдамдингаас 3,500,000 төгрөгийг ”Тосон сүмбэр өргөө” ХХК-д тушаасан гэх баримт /хавтаст хэргийн 190 дэх тал/, 

Б.Батцэцэгээс 150,000 төгрөгийг ”Тосон сүмбэр өргөө” ХХК-д тушаасан гэх баримт /хавтаст хэргийн 202 дахь тал/, 

Ж.Отгонцэцэгээс 150,000 төгрөгийг ”Тосон сүмбэр өргөө” ХХК-д тушаасан гэх баримт /хавтаст хэргийн 208 дахь тал/, 

Н.Бат-Эрдэнийн ”Тосон сүмбэр өргөө” ХХК-д тушаасан гэх баримт /хавтаст хэргийн 218 дахь тал/, Ц.Эрдэнэбилэгээс 150,000 төгрөг “Тосон сүмбэр өргөө” ХХК-д тушаасан гэх баримт /хавтаст хэргийн 301 дэх тал/, 

Хэрэгт хавсаргасан бичиг баримтуудад үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хавтаст хэргийн 250 дахь тал/, 

2016 оны 02 дугаар сарын 29, мөн оны 3 дугаар сарын 01-ний өдрийн Капитал зууч ХХК-ийн хөрөнгийг үнэлгээ /хавтаст хэргийн 259, 313 дахь тал/, 

Эд хөрөнгийн үнэлгээний жагсаалт /хавтаст хэргийн 260, 314 дэх тал/, 

Гэрэл зураг /хавтаст хэргийн 317 дахь тал/, 

Зарим сэжигтэн, яллагдагч нарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох тухай прокурорын тогтоол /хавтаст хэргийн 330-332 дахь тал/, Сум дундын иргэний хэргийн шүүхийн шийдвэр зэрэг хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 6-р сарын 13-ны өдрийн 81 дугаартай магадлалд “...М.Отгонхишиг өөрийгөө тус компанийн гүйцэтгэх захирал гэж танилцуулан хөтөлбөрийн талаар танилцуулга өгч бусдад итгэл төрүүлж байжээ. Гэтэл бодит байдал дээр Тосонсүмбэр ХХК-ийн зүгээс иргэдийг орон сууцжуулах талаар ямар нэгэн хөтөлбөр төсөл хэрэгжүүлээгүй, хөтөлбөрийг хэрэгжүүлэх талаар ямар ч банктай хамтран ажилладаггүй, компани банкинд харилцах данс ч байхгүй, энэхүү хөтөлбөр биелэгдэх боломжгүйг шүүгдэгч нар мэдсээр байж хохирогч нараас мөнгө авч байгаа нөхцөл байдлуудын талаар дүгнэлт хийлгүйгээр хэргийг шийдвэрлэсэн” гэж М.Отгонхишигийг Д.Отгонсамбуутай бүлэглэн хэрэгт хамтран оролцсон талаар дүгнэжээ.

Шүүгдэгч Д.Отгонсамбуу, М.Отгонхишиг нар бүлэглэн 2015 оны 6 дугаар сараас 08 дугаар сарын хооронд ямар нэгэн банктай хамтран ажиллахаар тохиролцож албан ёсоор гэрээ байгуулаагүй атлаа орон сууцны 8 хувийн зээлэнд 10 хувийн урьдчилгаатайгаар хамруулах “Хямралыг хамтдаа” хөтөлбөрийг банкуудтай хамтран хэрэгжүүлж байгаа гэж хуурч мэхлэн иргэн Ц.Ганболороос 4,035,000 төгрөг, Ж.Отгонцэцэгээс 1,650,000 төгрөг, Б.Айжангаас 3,680,000 төгрөг, Н.Бат-Эрдэнээс 5,170,000 төгрөг, Г.Пунсалдуламаас 1,830,000 төгрөгийг шунахайн сэдэлтээр залилан мэхлэн авч мөнгийн дээр дурдсан хөтөлбөрт хамааралгүй зүйлд зарцуулж бусдад 16,365,000 төгрөгийн буюу үлэмж хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүгдэгч Д.Отгонсамбуугийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Ц.Ганболорын мэдүүлэг /хавтаст хэргийн 13-14 дэх тал/, Ж.Отгонцэцэгийн мэдүүлэг /хавтаст хэргийн 16-17 дахь тал/, Б.Айжангийн мэдүүлэг /хавтаст хэргийн 19 дэх тал/, Н.Бат-Эрдэнийн мэдүүлэг /хавтаст хэргийн 26-26, 28, 253 дахь талууд/, Г.Пунсалдуламын мэдүүлэг /хавтаст хэргийн 35 дахь тал/, иргэний нэхэмжлэгч Б.Батцэцэг, Д.Үүрийнтуяа, Ц.Баасанхүү, Г.Батсайхан нарын мэдүүлэг /хавтаст хэргийн 21, 23, 30-31, 33, 37 дахь талууд/, гэрч Б.Энхбаяр, Л.Сувд-Эрдэнэ, М.Энхтайван, Х.Урангоо, Э.Баатарням, Г.Нарантуяа, Н.Бадамгарав, Ч.Цэрэндулам, Ц.Эрдэнэбилэг, Ю.Зандармаа, Ж.Даваасүрэн, О.Мөнхөө, Д.Мөнхдамдин нарын мэдүүлэг /хавтаст хэргийн 38-39, 41, 44-48, 242-246, 256-257 дахь талууд/, “Капитал зууч” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний шинжээчийн дүгнэлт зэрэг болон хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар хангалттай нотлогдож байна.

Иймд шүүгдэгч Д.Отгонсамбуу, М.Отгонхишиг нарыг бүлэглэн, хуурч мэхлэх аргаар бусдын эд хөрөнгийг залилан мэхлэн авч үлэмж хэмжээний /16,365,000 төгрөг/ хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.

Хэдийгээр М.Отгонхишиг дээрх хэрэгт бүлэглэн оролцсон нь тогтоогдож байгаа боловч гэмт үйлдлийн замаар залилан авсан нийт хохирлоос 1,100,000 төгрөгөөс бусад мөнгийг зарцуулахад оролцсон байдал тогтоогдохгүй байна.

М.Отгонхишиг нь хохирогч Н.Бат-Эрдэнээр Б.Нинад өгөх байсан түрээсийн төлбөртөө 600.000 төгрөг шилжүүлүүлсэн, мөн Н.Бат-Эрдэнийн төлсөн мөнгөнөөс 500,000 төгрөгийг “цалин” гэж авсан болох нь тогтоогдож байх тул гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирлыг гаргуулахдаа Н.Бат-Эрдэнийн 5,170,000 төгрөгөөс 1,100,000 төгрөгийг М.Отгонхишигээс үлдэх хэсгийг Д.Отгонсамбуугаас гаргуулахаар шийдвэрлэв.

Н.Бат-Эрдэнийн шаардлагаас зарим хэсэг буюу 1,100,000 төгрөгийг М.Отгонхишигээс гаргуулж шийдвэрлэсэн тул М.Отгонхишигийн эд хөрөнгө битүүмжилсэн тогтоолыг хэвээр үлдээж, битүүмжилсэн эд хөрөнгийг төлбөрт тооцуулах, үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд шилжүүлэхээр шийдвэрлэв.

Иргэний нэхэмжлэгчээр тогтоогдсон Б.Батцэцэг, Д.Үүрийнтуяа, Ц.Баасанхүү, Г.Батсайхан нарт учруулсан хохирлын хэмжээ Эрүүгийн хуульд заасан бага бус хэмжээний хохиролд хүрээгүй үндэслэлээр шүүгдэгч нар дээрх нэр бүхий хүмүүст хохирол учруулсан гэх үйлдэл холбогдол, Г.Пунсалдуламаас 2,800,000 төгрөг, 1200,000 төгрөг тус залилан авсан гэх үйлдэл холбогдлыг прокурорын хяналтын шатанд хэрэгсэхгүй болгож, хохирогч, шүүгдэгч нарт хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн прокурорын тогтоолыг танилцуулсан байх ба хохирогч, иргэний нэхэмжлэгч нар энэ талаар гомдол гаргаагүй, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 246-р зүйлд зааснаар шүүхэд хэрэг хэлэлцэх ажиллагаа шүүгдэгчийн хувьд гагцхүү шүүхэд шилжүүлсэн хэргийн хэмжээний дотор явагдах тул дээрх үйлдэл холбогдлуудыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн үндэслэлийн талаар ямар нэгэн дүгнэлт хийх шаардлагагүй гэж үзэв.

Д.Отгонсамбуу нь бусадтай бүлэглэн 2015 оны 6 дугаар сараас 08 дугаар сарын хооронд хуурч мэхлэх аргаар залилан авсан Ц.Ганболорын 4,035,000, Ж.Отгонцэцэгийн 1,650,000, Б.Айжаны 3,680,000, Н.Бат-Эрдэнийн 4,070,000, Г.Пунсалдуламын 1,830,000 нийт 16,365,000 төгрөг болон иргэний нэхэмжлэгч Б.Батцэцэг, Д.Үүрийнтуяа, Ц.Баасанхүү, Г.Батсайхан нарын 633,500 төгрөгийг оёдлын цех ажиллуулах, бараа материал авах, цалин гэж өгөх, хувийн хэрэглээндээ зарцуулах, өмнө мөнгө авсан хүмүүсийн төлбөрийг төлөх зэргээр захиран зарцуулсан болох нь тогтоогдож байх ба Иргэний хуулийн 497-р зүйлд зааснаар бусдын эд хөрөнгөд санаатай, хууль бус үйлдлээр хохирол учруулсан этгээд уг хохирлыг хариуцан арилгах үүрэгтэй тул М.Отгонхишигээс гаргуулахаар шийдвэрлэсэн 1,100,000 төгрөгөөс бусад хохирлыг шүүгдэгч Д.Отгонсамбуугаас гаргуулахаар шийдвэрлэв.

Шүүхийн хэлэлцүүлгийн шатанд хохирогч иргэний нэхэмжлэгч Ж.Отгонцэцэг “... Би нийт 1,650,000 төгрөгийг Д.Отгонсамбуугаас авах ёстой. Гэхдээ хохирлын нийт дүнгээс Отгонсамбуугийн бие муу, төлбөрийн чадваргүй зэргийг харгалзан үзээд нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж 828,000 төгрөгийг хасаж, үлдэх 822,000 төгрөг нэхэмжилж байна” гэж нэхэмжлэлийн шаардлагаа багасгасан ба энэ нь хэргийн зүйлчлэл, гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэмжээг тооцоход хамааралгүй, харин хохирлыг гаргуулж шийдвэрлэхэд хамааралтай тул мөн хэмжээгээр буюу Д.Отгонсамбуугаас 822,000 төгрөг гаргуулж Ж.Отгонцэцэгт олгохоор шийдвэрлэснийг дурдах нь зүйтэй байна.

Д.Отгонсамбуу, М.Отгонхишиг нарын гэмт хэрэг үйлдэж бусдад учруулсан хохирлын хэмжээг яллах дүгнэлтэд 16.335,000 төгрөг гэж тогтоосон нь үндэслэлтэй ба уг хэмжээ нь хэргийн зүйлчлэлд хамааралтай юм. Иргэний нэхэмжлэгч Б.Батцэцэг, Д.Үүрийнтуяа, Ц.Баасанхүү, Г.Батсайхан нарын нэхэмжлэл хэргийн зүйлчлэлд хамааралгүй боловч нэхэмжлэлийг эрүүгийн хэргийн хамт хэлэлцэн, хангаж шийдвэрлэсэн тул нэхэмжлэлийг хангасан хэмжээгээр дээрхи хохирол дээр нэмж Д.Отгонсамбуу, М.Отгонхишиг нараас гаргуулж, хохирогч болон иргэний нэхэмжлэгч нарт олгохоор шийдвэрлэснийг дурдах нь зүйтэй.

Шүүгдэгч Д.Отгонсамбуу, М.Отгонхишиг нар нь ял шийтгэлийн мэдээллийн санд бүртгэгдээгүй, урьд ял шийтгүүлж байгаагүй байна.

Д.Отгонсамбуу, М.Отгонхишиг нарын зарим үйлдэл “Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай” хууль батлагдахаас өмнө үйлдэгдсэн байх боловч уг хуульд “...Энэ хууль 2015 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 24 цаг 00 минутаас өмнө гэмт хэрэг үйлдсэн хүнд хамаарна” гэж заасан, Д.Отгонсамбуу нар мөн өдрөөс хойш гэмт хэрэг үйлдсэн байх тул уг хуульд хамаарах үндэслэлгүй байна.

М.Отгонхишиг  0-12 насны  5 хүүхэдтэй болох нь хэрэгт авагдсан хорооны Засаг даргын тодорхойлолтоор /хавтаст хэргийн 372,373/ тогтоогдож байх тул түүнд хорих ял оногдуулсан шүүхийн тогтоол биелүүлэхийг хойшлуулав.

Шүүгдэгч Д.Отгонсамбуугийн энэ хэрэгт цагдан хоригдсон хоногийг хорих ял эдэлсэн хугацаанд оруулан тооцож, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн тамга, тэмдгийг харъяа татварын албанд шилжүүлж, 1 ширхэг Си Ди-г хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт үлдээж, шүүгдэгч нарын хувийн байдал, санхүүгийн байдал зэргийг харгалзан эд хөрөнгө хураах нэмэгдэл ял хэрэглэхгүйгээр хорих ял шийтгэсэн болохыг дурдах нь зүйтэй байна.

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283 дугаар зүйлийн 283.1, 284, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 292 дугаар зүйлийн 292.2, 294, 297 дугаар зүйлийн 297.1, 298, 301 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон 

ТОГТООХ нь:

1.    Тогоруутан овогт Дотгоны Отгонсамбуу, Эмчийнхэн овогт Мөнхбаярын Отгонхишиг нарыг бүлэглэн, бусдын эд хөрөнгийг хуурч мэхлэх аргаар авч, үлэмж хэмжээний хохирол учруулж бусдын эд хөрөнгийг залилан мэхлэж авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.    Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2 дахь хэсэгт зааснаар Тогоруутан овогт Дотгоны Отгонсамбууд эд хөрөнгө хураахгүйгээр 2 жил, 2 сарын /хоёр жил, хоёр сар/ хугацаагаар, Эмчийнхэн овогт Мөнхбаярын Отгонхишигт эд хөрөнгө хураахгүйгээр 2 жилийн /хоёр/ хугацаагаар хорих ял тус тус шийтгэсүгэй. 

3.    Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-т зааснаар Д.Отгонсамбууд оногдуулсан 2 жил 2 сар хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид, М.Отгонхишигт оногдуулсан 2 жил хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид тус тус эдлүүлсүгэй.

4.    Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1, 59.2-т зааснаар шүүгдэгч Д.Отгонсамбуугийн энэ хэрэгт цагдан хоригдсон 95 хоногийг хорих ял эдэлсэн хугацаанд оруулан тооцож, шүүгдэгч М.Отгонхишигийг энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдсугай.

5.    Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-т зааснаар М.Отгонхишигээс 1,100,000 төгрөг гаргуулж, хохирогч Дархан-Уул аймаг, Дархан сум 7 дугаар баг Алтангадасын 9-66 тоотод оршин суух Аргалчин овогт Нямжавын Бат-Эрдэнэ /регистрийн дугаар: ДМ87062510/-д, шүүгдэгч Д.Отгонсамбуугаас 15,070,500 төгрөг гаргуулж, Дархан-Уул аймаг, Дархан сум 7 дугаар баг Алтангадасын 9-66 тоотод оршин суух Аргалчин овогт Нямжавын Бат-Эрдэнэ /регистрийн дугаар: ДМ87062510/-д 4,070,000 төгрөг, Дархан-Уул аймаг, Дархан сум, 6 дугаар баг, Баяндаваагийн 1-11 тоотод оршин суух Бөхтөөн овогт Цэндээлээгийн Ганболор /регистрийн дугаар: ТВ84083001/-т 4,035,000 төгрөг, Сэлэнгэ аймаг, Мандал 2 дугаар баг Баянхангайн 68 тоотод оршин суух Ач хариат овогт Жигжидсүрэнгийн Отгонцэцэг /регистрийн дугаар: ТИ79022629/-т 822,000 төгрөг, Дархан-Уул аймаг, Дархан сум, 6 дугаар баг, Тээвэрчдийн 6-14А тоотод оршин суух Шийрүүш овогт Байгазын Айжан /регистрийн дугаар: ТВ78081604/-д 3,680,000 төгрөг, Дархан-Уул аймаг, Дархан сум, 9 дүгээр баг 4.3 дугаар байрны 71 тоотод оршин суух Бэсүүд овогт Ганхуягийн Пунсалдулам /регистрийн дугаар: ДМ85030807/-д 1,830,000 төгрөг, иргэний нэхэмжлэгч Дархан-Уул аймаг, Дархан сум, 3 дугаар баг Улиастайн 3-09 тоотод оршин суух Халбин овогт Батчулууны Батцэцэг /регистрийн дугаар: ЖЛ84041300/-т 150,000 төгрөг, Дархан-Уул аймаг, Дархан сум 5 дугаар баг 19 дүгээр байр 20 тоотод оршин суух Боржигон овогт Дагвасүрэнгийн Үүрийнтуяа /регистрийн дугаар: ТБ75112705/-д 183,500 төгрөг, Дархан-Уул аймаг, Дархан сум, 7 дугаар баг, Майхантын 2-21 тоотод оршин суух Адууч овогт Цэрэнгийн Баасанхүү /регистрийн дугаар: ТА68122769/-д 150,000 төгрөг, Дархан-Уул аймаг, Дархан сум 12 дугаар баг 27-64 тоотод оршин суух Түшээ гүн овогт Гомбын Батсайхан /регистрийн дугаар: ГЮ80032416/-д 150,000 төгрөг тус тус олгож, хохирогч, иргэний нэхэмжлэгч Ж.Отгонцэцэг нь шүүхийн шатанд 1,650,000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагаа 822,000 төгрөг болгож багасгасан болохыг дурдсугай.

6.    Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.2, 88.1.7-д зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн “Тосон сүмбэр өргөө” ХХК-ийн тамга 1 ширхэг, тэмдэг 1 ширхэг зэргийг Дархан-Уул аймгийн татварын албанд шилжүүлж, 1 ширхэг сидиг хэргийг хадгалах хугацааг дуусах хүртэл хугацаагаар хэрэгт үлдээсүгэй.

7.    Энэ хэрэгт М.Отгонхишигийн “Самсунг” загварын гар утас 1 ширхэг, ус буцалгагч 1 ширхэг, индүү 1 ширхэг, 3 хаалгатай шүүгээ 1 ширхэг /нийт 203,000 төгрөг/ эд хөрөнгө битүүмжилсэн тогтоолыг хэвээр үлдээж, хохирол төлбөрт тооцуулахаар Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд шилжүүлсүгэй. 

8.    Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 63 дугаар зүйлийн 63.1-т зааснаар М.Отгонхишигт 2 жил хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жил 6 сарын хугацаагаар хойшлуулж, энэ хугацаанд ялтанд хяналт тавихыг Дархан-Уул аймгийн Цагдаагийн газарт даалгасугай.

9.    Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.4-т зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Отгонсамбууд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж, шүүгдэгч М.Отгонхишигт урьд авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

10.  Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

11.  Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1-д зааснаар энэхүү шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Отгонсамбууд авсан цагдан хорих, шүүгдэгч М.Отгонхишигт авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй. 
            

 


ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                      Г.ГЭРЭЛТ-ОД