Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 03 сарын 12 өдөр

Дугаар 92

 

Дархан-Уул аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ихтамир даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Тэмүүжин,

Улсын яллагч Н.Дуламсүрэн,

Хохирогч М.М,

Гэрч Б.Б, Г.О, Л.О, Д.С,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ө.Өлзиймаа,

Шүүгдэгч Б.Т нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Б овогт Б.Тт холбогдох эрүүгийн 1818002080361 дугаартай хэргийг 2019 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Б овогт Б.Т /РД: /, Дархан-Уул аймгийн Дархан суманд төрсөн, 24 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, цахилгаанчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, бие эрүүл, хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгэлгүй.

Дархан-Уул аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Н.Дуламсүрэн нь шүүгдэгч Б.Тыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд ирүүлжээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Гэм буруугийн талаар

Шүүгдэгч Б.Т нь 2018 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн 13 цагийн орчим иргэн М.Мийн байшингийн хаалганы цоожийг эвдэн нэвтэрч халтар манан хөөрөг 1 ширхэг, биет 470.000 төгрөг зэргийг авч нийт 720.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт:

Хохирогч М.Мын өгсөн: Би урьд нь шүүгдэгчийг харж байсан. Ямар нэгэн садан төрлийн холбоо байхгүй. Шүүгдэгч нь манай тэнд байдаг хүнд гаруудтай нийлээд яваад байдаг байсан. 2018 оны өглөө би таксинд гарсан байсан. 13 цаг өнгөрөөгөөд П.Э надад “танай гэрт хулгай орсон байна” гэж хэлсэн. Би 13 цаг өнгөрөөгөөд ирэхэд машины босоо төмрөөр хаалганы цоожийг тушсан байсан. Бор шургуулга дотор орлогын мөнгө байсан. Мөн хөөрөг байхгүй байсан. 470.000 төгрөг болон хөөрөг нь жижиг өрөөний бор шургуулга дотор байсан. Цагдаа нар ирээд зураг авсан. 2018 оны 8 дугаар сарын 20-ны өдөр гэртээ ирэхэд “гэрт чинь цагдаа нар ирлээ” гээд ээж онгойлгож үзүүлсэн байсан. Шүүгдэгчийн аав нь гэх хүн гомдолгүй гэж хэлээд өгөөрэй гээд хохирлын 720.000 төгрөг хүлээлгэн өгсөн. Өөр гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй гэх мэдүүлэг,

Гэрч Б.Бгийн өгсөн: Тухайн өдөр гутлын мөр бэхжүүлсэн. Шонгийн модны харалдаа 2-3 мөр байсан боловч би шинжилгээнд тэнцэх 1 мөрийг бэхжүүлсэн. Хулгай орсон байшингийн баруун талд шонгийн модны харалдаа байсан мөрийг бэхжүүлж авсан гэх мэдүүлэг,

Гэрч Г.Оын өгсөн: Дуудлагаар очиход хулгай орсон газрын баруун талд модны тэнд гутлын мөр гарсан байсныг нохойнд үнэрлүүлсэн. Нохой сайжруулсан зам хүртэл явж байгаад үнэрээ алдсан гэх мэдүүлэг,

Гэрч Л.Оийн өгсөн: Намайг ажил дээр байж байхад манай эгч утастаад гэрт хулга орсон талаар хэлсэн. Би гэрт ирэхэд таамбрын хаалга, унтлагын өрөөний цонхыг онгойлгоод гараад явсан байсан. Орны толгойг хуга гишгээд гараад явсан байсан. 96...... гэсэн дугаараас би өөрөө дуудлага өгсөн. Цагдаа ирэхгүй байсан учир дахиад би өөрөө дуудлага өгсөн. Гадаа цонхны цаана пүүзний мөр гарсан байсан. Тэр мөрний зургийг аваад явсан. Жижиг өрөөнд шүүгээ дотор мөнгө, хөөрөг байсан. Түлхүүрийг нь би өглөө нь ажил руугаа яараад шүүгээний дээр тавиад явсан. Нөхөр бид хоёр хадам ээжийн ээмгийг барьцаалан зээлдүүлэх газарт барьцаалсан байсан. Мөнгө олоод 500.000 төгрөг болгоод ээжийн ээмгийг авна гэж төлөвлөсөн байсан. Урд орой нь мөнгөө тоолж үзэхэд 470.000 төгрөг байсан гэх мэдүүлэг,

Гэрч Д.Сын өгсөн: Би ерөнхий жижүүрийн үүрэг гүйцэтгэж байсан. Би дуудлагыг хүлээж аваад нэгтгэхдээ цагийн бүртгэлийг хийсэн. 13-14 цагийн хооронд дуудлага ирсэн гэх мэдүүлэг,

Мөрдөн байцаалтад:

Гэрч П.Эийн өгсөн: ...Өнөөдөр буюу 2019 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн 13 цагийн орчимд үхэртээ өвс өгөхөөр гарахад М.Мын хашааны хаалга онгорхой байсан. Тэгээд М.Мын байшинд ортол жижиг өрөөний цонхоор ногоон өнгийн куртик өмссөн, дунд зэргийн нуруутай, туранхай эрэгтэй хүн зугтаад хашаа даваад явчихсан. Би царайг нь харж чадаагүй. ...Надад үзүүлж байгаа ногоон өнгийн хавар, намрын куртик нь тухай өдөр М.Мын гэрээс хулгай хийсэн этгээдийн өмссөн байсан ногоон өнгийн, доод хэсэгтээ мажетиктай, захгүй куртик мөн байна гэх мэдүүлэг /хх-ийн 45-48/,

Гэрч Э.Аын өгсөн: ...”Скай” нэртэй зочид буудалд покер тоглож байхад Б.Т нь өмднийхөө зүүн халааснаас боодолтой мөнгөнөөс 10.000 билүү 20.000 төгрөг сугалж аваад тоглоод байсан... гэх мэдүүлэг /хх-ийн 62-63, 164-165/,

Гэрч П.Цийн өгсөн: 2018 оны 7 дугаар сарын 26-ны 19 цагийн үед цагдаа хувцастай болон энгийн хувцастай хүмүүс манай хүү М.Мын гэрт мэдүүлэг шалгах ажиллагаа явуулсан. Цагаан цамцтай хүн нь “хашааны хаалгаар орсон. Нохой нь яах ч үгүй байна лээ. Үүгээр тойрч гараад” гэж заагаад яваад байсан. Байшин дотор ороод цагаан өнгийн цамцтай залуу нь том өрөө рүү заагаад “эхлээд энэ өрөө рүү орсон, дараа нь жижиг өрөөнд орсон. Жижиг өрөөнд ороод шүүгээн дотроос юм авсан. Жижиг өрөөний цонхоор гарч явсан” гэж өөрөө зааж ярьж байсан. Тэгтэл цагдаагийн алба хаагч нь “шүүгээний түлхүүр хаана байсан юм?” гэж асуухад цагаан өнгийн цамцтай залуу нь “энд түлхүүр байсан” гэж зааж байсан. Цагдаагийн алба хаагч нь цагаан өнгийн цамцтай залуугийн заасныг бичиж, зургийг нь аваад байсан... гэх мэдүүлэг /хх-ийн 144-145/,

Гэрч Ж.Чийн өгсөн: 2018 оны 7 дугаар сарын 26-ны өдөр гудамжинд байж байхад машинтай хүмүүс ирээд “мэдүүлэг шалгах ажиллагаанд хөндлөнгийн гэрчээр оролцоод өгөөч” гэж хэлсэн. Тэгээд машинаас цагаан өнгийн цамцтай залуу болон цагдаагийн алба хаагч бууж ирсэн. Цагаан өнгийн цамцтай залуу нь “энэ айл, хаалгыг нь эвдсэн” гэж заасан. Байшин руу ороод цагаан өнгийн цамцтай залуу нь эндээс ийм юм, тэндээс тийм юм авсан гэж заасан. Жижиг өрөөндөө ороод эндээс тэндээс юм авсан, жижиг өрөөний цонхыг заагаад салхивчаар нь гарч явсан гэж заасан. Би юу авсан гэж байгааг нь сонсож чадаагүй... гэх мэдүүлэг /хх-ийн 146-147/,

Гэрч Д.Дийн өгсөн: ...Б.Т нь ногоон өнгийн куртик, жинсэн өмд өмсчихсөн, хөлдөө жунгли гэж нэрлэгддэг цагаан, саарал өнгийн пүүз өмссөн байсан... гэх мэдүүлэг /хх-ийн 151/,

Гэрч Д.Оы өгсөн: 2018 оны 7 дугаар сарын 26-ны өдөр ач хүүгээ салхилуулж байхад машинтай хүмүүс ирээд “Энд айлд хулгай орсон юм. Та мэдүүлэг шалгахад хөндлөнгийн гэрчээр оролцоод өгөөч” гэж хэлсэн. Цагаан өнгийн цамцтай залуу нь өөрөө заагаад тэр айл руу орсон. Би ач хүүгээ тэврээд М.Мын байшингийн үүдэнд зогсож байсан. Ж.Ч гуай цаашаа орсон. Би хүмүүсийн ярьж байгааг сонсоход цагаан өнгийн цамцтай залуу нь яриад байгаа бололтой эндээс, тэндээс юм авсан гээд яриад байсан... гэх мэдүүлэг /хх-ийн 154/,

Гэрч Д.Нийн өгсөн: ...Б.Т нь 2018 оны 3 дугаар сарын 20-ны өдөр Мөнгөншагайг цагдан хорих байранд эргэх гэж очихдоо ногоон өнгийн богино куртик, хөх өнгийн жинс, цагаан саарал өнгийн пүүз өмссөн байсан... гэх мэдүүлэг /хх-ийн 155/,

Гэрч Б.Мийн өгсөн: ...2018 оны 3 дугаар сарын 20-ны өдөр Б.Т нь хар ногоон өнгийн богино куртик, сааралдуу өнгийн жинсэн өмд, доогуураа саарал оруулгатай цагаан өнгийн пүүз өмсчихсөн байсан... гэх мэдүүлэг /хх-ийн 159-160/,

Гэрч М.Аийн өгсөн: ...Б.Т тэр өдөр буюу 2018 оны 3 дугаар сарын 20-ны өдөр богино ногоон өнгийн куртик, өмд нь жинс байсан билүү тамирын өмд байсан билүү сайн санахгүй байна. Гутал нь цагаан болон саарал өнгөтэй хажуу талдаа R гэсэн үсэгтэй пүүз өмссөн байсан... гэх мэдүүлэг /хх-ийн 166-167/,

Гэрч О.Тын өгсөн: ...2018 оны 3 дугаар сарын 20-ны өдөр Б.Т нь ногоон өнгийн богино эрэгтэй хүний хавар намрын куртик өмссөн, хөлдөө цагаан саарал өнгө хосолсон хажуу талдаа R гээн үсэгтэй пүүз өмссөн байсан... гэх мэдүүлэг /хх-ийн 168/,

Гэрч Б.Гийн өгсөн: 2018 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн 14 цагийн үед Цагдаагийн газрын 102-н ерөнхий жижүүр, цагдаагийн дэслэгч Д.Сас хулгай орж, эд зүйл алдагдсан гэх дуудлагын дагуу жижүүрийн бүрэлдэхүүний хамт очсон. Үүрэг гүйцэтгэж байсан мөрдөгч үзлэг хийхэд би хөндлөнгийн гэрчээр оролцсон. Мөрдөгч үзлэг хийж байхад уг тоот хашааны байшингийн гадна талд, байшингийн баруун хойд талд жижиг өрөөний цонхны харалдаа нэг пүүзний мөр илэрсэн. Шинжээч, дэслэгч Б.Б нь хэргийн газарт илэрсэн пүүзний мөрийг гэрэл зургийн аргаар бэхжүүлж авсан. Бид нарыг очиход нэг эмэгтэй хулгай орсон айлын жижиг цонхоор нэг богино ногоон өнгийн куртиктэй залуу гараад хашаа даваад зугтаасан гэж хэлж байсан гэх мэдүүлэг /хх-ийн 173/,

Шүүгдэгч Б.Тын гэрчээр болон яллагдагчаар өгсөн: ...Би тус айлыг өмнө нь тэр хавиар явж байхдаа өдрийн цагаар цоожтой байдаг юм гэдгийг мэдэж авсан. Тэгээд би тэр айлын хашааны хаалгаар ороод байшингийн цоожийг нь төмрөөр хөшиж эвдэж орсон. Жижиг өрөөнд ороод жижиг бор өнгийн шүүгээ дотроос боодолтой 20.000, 10.000, 5.000 төгрөгийн дэвсгэртүүд, хажууд нь байсан даалинтай хөөргийг аваад байж байхад гаднаас хүн орж байгаа чимээ гарахаар нь би жижиг өрөөнийх нь вакум цонхыг дороос нь онгойлгож гараад хашаа даваад зугтаасан. Би хөөргийг нь явуулын хүнд 50.000 төгрөгөөр зарсан. Бэлэн мөнгө нь 470.000 төгрөг байсан... гэх мэдүүлэг /50-51, 72-73/,

“хэрэг учрал болсон гэх газар нь Дархан-Уул аймгийн Дархан сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт байх Пионерын гудамж байх ба хашааны булангийн дээд хэсэгт ................... гэсэн хаяг байна...” гэх хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 2-5/,

“Гэрч Б.Т нь 2018 оны 3 дугаар сарын 20-нд айлын байшингийн хаалганы цоожийг хөшиж онгойлгон орж жижиг өрөөнд байх шүүгээнээс бэлэн мөнгө, хөөрөг зэрэг эд зүйл хэрхэн авснаа зааж зааж үзүүлсний гэрэл зургийн аргаар бэхжүүлж авав...” гэх шүүгдэгч Б.Тын мөрдөн байцаалтын шатанд гэрчээр өгсөн мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 16-19/,

Б.Таас ул дээрээ найк фирмийн лого бүхий хар, цагаан, саарал өнгөний оруулгатай алаг пүүз 1 хос, ногоон өнгийн куртик 1 ширхэг зэрэг зүйлсийг эд мөрийн баримтаар хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 23, 25/,

Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн 41 дугаартай “Хэргийн газраас бэхжүүлэн авсан 1 ширхэг гутлын мөр оношилгооны шинжилгээнд тэнцэнэ. Гутлын ул шулуун, өлмийн хэсгээс өсгий хүртэл 4 хэсэг бөөрөнхий зууван хэлбэртэй хээтэй байх ба уг дугуйн дотроо долгиолсон усан хээтэй өлмийн гадна хөлийн чигчий хуруу тушаагаас хойш чиглэлд хөлийн нум хүртэлх зайд гадагшаа чиглэлтэй NIKE эмблем байрлуулсан гутлын өсгий дагуу A.I.P гэх үсэгтэй улны хээ усан хээнээс бүтсэн гутал байна. Шинжилгээнд ирүүлсэн хэргийн газраас гэрэл зургаар бэхжүүлэн авсан гутлын мөрийг харьцуулах загварт сэжигтэн Б.Таас хураан авсан шинжилгээнд ирүүлсэн гэх дээрх гуталтай харьцуулан шинжлэн судалж үзэхэд уг хэргийн газраас гэрэл зургаар бэхжүүлсэн гутлын мөрний онцлог шинж, мөр үүссэн байдал, гутлын ул болон мөр үүсгэх хэсгийн эдэлгээ элэгдэл, өмсгөлийн хэмжээ зэрэг шинжүүдээрээ сэжигтэн Б.Таас хураан авсан шинжилгээнд хүргүүлсэн гутлын улаар дарагдан үүсгэгдсэн байна гэсэн дүгнэлтийг өгөх үндэслэл болж байна” гэх шинжээчийн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 28-30/,

“Капитал зууч” ХХК-ийн 2018 оны 8 дугаар сарын 07-ны өдрийн “иргэн М.Мын гэрээс алдагдсан даваа толгойтой халтар манан хөөрөг 1 ширхэг эд зүйл нь 250.000 төгрөг” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 34-35/,

“...Туршилтын явцад уг цонхны салхивчаар яллагдагч Б.Т нь ямар нэгэн саадгүй, тулах, хөшиж гацах байдалгүй, чөлөөтэй гарч байв...” гэх мөрдөн шалгах туршилт хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 137-140/ зэрэг хавтаст хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар хэлэлцсэн бичгийн нотлох баримтуудаар нотлогдож байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Т нь дээрх үйлдлийг хийгээгүй гэж, шүүгдэгчийн өмгөөлөгч нь мөрдөгч, прокурор нар нэг талыг барьж нотлох баримтыг бүрдүүлсэн. Хэргийн газрын үзлэгт илрээгүй буюу гутлын мөр илэрсэн гэх нөхцөл байдлыг бий болгосон. Хэрэв хэргийн газарт гутлын мөр байсан бол аль тийшээ харсан гэдгийг зааж өгөөгүй. Хэргийн бодит байдлыг тогтоох тал дээр маш хангалтгүй ажилласан. 2018 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн 13 цагийн орчим цагдан хорих байгууллагаас гарсан шүүгдэгч шууд Гурилын үйлдвэрийн тэнд хулгай хийх боломж байгаа эсэх нь тодорхой бус эргэлзээ төрж байгаа учир шүүгдэгчийг гэм буруугүйд тооцох саналыг шүүхэд гаргаж байна хэмээн мэтгэлцэж байна.

Гэтэл 2018 оны 3 дугаар сарын 20-ны өдөр хэргийн газарт хийсэн үзлэг хийсэн тэмдэглэлд байшингийн жижиг өрөөний цонхны доор гутлын мөр илэрснийг тэмдэглээгүй боловч шүүхийн хэлэлцүүлэгт гэрч Б.Бгийн “Тухайн өдөр гутлын мөр бэхжүүлсэн. Шонгийн модны харалдаа 2-3 мөр байсан боловч би шинжилгээнд тэнцэх 1 мөрийг бэхжүүлсэн. Хулгай орсон байшингийн баруун талд шонгийн модны харалдаа байсан мөрийг бэхжүүлж авсан” гэх мэдүүлэг, гэрч Г.Оын “Дуудлагаар очиход хулгай орсон газрын баруун талд модны тэнд гутлын мөр гарсан байсныг нохойнд үнэрлүүлсэн. Нохой сайжруулсан зам хүртэл явж байгаад үнэрээ алдсан” гэх мэдүүлэг, гэрч Л.Оийн “...Гадаа цонхны цаана пүүзний мөр гарсан байсан. Тэр мөрний зургийг аваад явсан...” гэх мэдүүлэг, хэрэгт авагдсан гэрч Б.Гийн “...Мөрдөгч үзлэг хийж байхад уг тоот хашааны байшингийн гадна талд, байшингийн баруун хойд талд жижиг өрөөний цонхны харалдаа нэг пүүзний мөр илэрсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 173/-ээр 2018 оны 3 дугаар сарын 20-ны өдөр хэргийн газарт хийсэн үзлэгээр байшингийн жижиг өрөөний цонхны доор гутлын мөр илэрсэн болох нь тогтоогдож байна.

Мөн хэрэгт авагдсан гэрч Д.Д, Д.Н, Б.М, М.А, О.Т нарын “Б.Т нь 2018 оны 3 дугаар сарын 20-ны өдөр богино ногоон өнгийн куртик, жинсэн өмд, цагаан болон саарал өнгийн оруулга бүхий R гэсэн үсэгтэй пүүз өмссөн байсан” гэх мэдүүлгүүд, гэрч П.Эийн “...Тэгээд М.Мын байшинд ортол жижиг өрөөний цонхоор ногоон өнгийн куртик өмссөн, дунд зэргийн нуруутай, туранхай эрэгтэй хүн зугтаад хашаа даваад явчихсан. Би царайг нь харж чадаагүй. ...Надад үзүүлж байгаа ногоон өнгийн хавар, намрын куртик нь тухай өдөр М.Мын гэрээс хулгай хийсэн этгээдийн өмссөн байсан ногоон өнгийн, доод хэсэгтээ мажетиктай, захгүй куртик мөн байна гэх мэдүүлэг /хх-ийн 45-48/, хэргийн газраас илэрсэн гутлын мөр нь шүүгдэгч Б.Тын тухайн өдөр өмсөж явсан пүүзний мөртэй тохирсон гэх Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн 41 дугаартай шинжээчийн дүгнэлт зэргээр шүүгдэгч Б.Тын үйлдэл хангалттай нотлогдож байна.

Шүүгдэгч Б.Тын 2018 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн 13 цагийн орчим Дархан-Уул аймгийн Дархан сумын 1 дүгээр баг, Пионерын 6-1б тоотод оршин суух иргэн М.Мийн байшингийн хаалганы цоожийг эвдэн нэвтэрч халтар манан хөөрөг 1 ширхэг, биет 470.000 төгрөг зэргийг авч нийт 720.000 төгрөгийн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.  

2. Хохирол, иргэний нэхэмжлэлийн талаар

Шүүгдэгчийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч М.Мт биет 470.000 төгрөг, даваа толгойтой халтар манан хөөрөгний 250.000 төгрөг, нийт 720.000 төгрөгийн хохирол учирсан бөгөөд шүүгдэгч нь хохирол төлбөрт 720.000 төгрөг төлсөн, хохирогч нь 720.000 төгрөг авсан, өөр санал гомдол, нэхэмжлэх зүйлгүй болох нь хэрэгт авагдсан Б.Таас хохирогч М.Мт 5.000 төгрөгийн дэвсгэрт 123 ширхэг, 1.000 төгрөгийн дэвсгэрт 105 ширхэг, нийт 720.000 төгрөгийг хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх-ийн 26/, хохирогч М.Мын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...Шүүгдэгчийн аав нь гэх хүн гомдолгүй гэж хэлээд өгөөрэй гээд хохирлын 720.000 төгрөг хүлээлгэн өгсөн. Өөр гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлгээр нотлогдож байна.

Иймд шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, хохирогч нь санал гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй болохыг дурдах нь зүйтэй байна.

3. Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар

Эрүүгийн хариуцлага нь эрүүгийн хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрддэг ба шүүгдэгч Б.Т нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай байна.

Шүүгдэгч Б.Т нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн болох нь урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсаар нотлогдож байх бөгөөд шүүгдэгчийн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлснийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан үзэх хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Шүүгдэгчид оногдуулах ял, эрүүгийн хариуцлагыг хэлэлцэх шүүх хуралдаанаар улсын яллагчаас шүүгдэгчид 3 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх санал гаргасан ба шүүгдэгч нь уг хуралдаанаар гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч, шүүгдэгчийн өмгөөлөгчөөс шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, учруулсан хохирлоо нөхөн төлсөн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт зааснаар ялыг хөнгөрүүлж 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж өгнө үү гэв.

Шүүхээс шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсоны дараа, шүүгдэгчид оногдуулах ял, эрүүгийн хариуцлагыг хэлэлцэх шүүх хуралдаанд шүүгдэгч Б.Т нь гэм буруугаа хүлээн зөвшөөрснийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн гэж үзэх үндэслэлгүй байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасан журмыг хэрэглэх боломжгүй гэж дүгнэлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж, 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж, 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж тус тус заасан байна.

Иймд шүүгдэгч Б.Тын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар түүнийг 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд заасан шударга ёсны зарчимд нийцнэ гэж дүгнэлээ.

Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг дурдах нь зүйтэй байна.

Шүүгдэгч Б.Т нь эд мөрийн баримтаар хураагдсан ул дээрээ найк фирмийн лого бүхий хар, цагаан, саарал өнгөний оруулгатай алаг пүүз 1 хос, ногоон өнгийн куртик 1 ширхэг эд зүйлсийг буцааж авах саналтай байх тул шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлсийг шүүгдэгчид буцаан олгох нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгчид оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэхээр шийдвэрлэсэн тул түүнд өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 4, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б овогт Б.Тыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Тыг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Б.Тт оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч нь санал гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй болохыг дурдсугай.

5. Хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг дурдаж, эд мөрийн баримтаар хураагдсан ул дээрээ найк фирмийн лого бүхий хар, цагаан, саарал өнгөний оруулгатай алаг пүүз 1 хос, ногоон өнгийн куртик 1 ширхэг эд зүйлсийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгчид буцаан олгосугай.

6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Тт өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

7. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

8. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Б.Тт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоосугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                              Б.ИХТАМИР