Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 05 сарын 22 өдөр

Дугаар 46

 

Б.Т-т холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Хэргийн индекс 166/2019/0066/Э

Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Амаржаргал даргалж, шүүгч Ц.Туяа, ерөнхий шүүгч Б.Манлайбаатар нарын бүрэлдэхүүнтэй

Шүүх хуралдаанд: 

Прокурор                                       Н.Дуламсүрэн

Шүүгдэгч                                        Б.Т-

Шүүгдэгчийн өмгөөлөгч                Ө.Өлзиймаа

Нарийн бичгийн дарга                  Ц.Туяацэцэг нарыг оролцуулан

              Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 92 дугаар шийтгэх тогтоолтой, Б-ы Т-т холбогдох, 1818002080631 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгчийн өмгөөлөгч Ө.Өлзиймаагийн  давж заалдах гомдлыг үндэслэн 2019 оны 04 дүгээр сарын 16-нд хүлээн авч, ерөнхий шүүгч Б.Манлайбаатарын илтгэснээр хянан хэлэлцэв.

- Монгол Улсын иргэн, урьд ял шийтгүүлж байгаагүй, ********** регистрийн дугаартай Боржигон овогт Б-ы Т-т.

Шүүгдэгч Б.Т- нь 2018 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн 13 цагийн орчим иргэн М.М-ын байшингийн хаалганы цоожийг эвдэн нэвтэрч халтар манан хөөрөг 1 ширхэг, биет 470.000 төгрөг зэргийг авч нийт 720.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2019 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 92 дугаар шийтгэх тогтоолоор:

-Шүүгдэгч Боржигон овогт Б-ы Т-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1.д заасан хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

-Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1.д  зааснаар шүүгдэгч Б.Т-ыг 2 /хоёр/ жил  хорих ялаар шийтгэж,

-Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4.д зааснаар Б.Т-т оногдуулсан 2 жил хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр,

-Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч нь санал гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй болохыг дурдаж,

-Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Т-т өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авахаар тус тус шийдвэрлэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ө.Өлзиймаа давж заалдах гомдолдоо:

Хавтаст хэрэгт хэрэг учрал болсон Дархан-Уул аймгийн Дархан сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт байх Пионерийн 6-13 тоот иргэн М.М-ын гэрт хулгай орсон дуудлагаар Цагдаагийн байгууллагын жижүүрийн бүрэлдэхүүн цаг алдалгүй очиж хэргийн газрын үзлэгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 23 дугаар зүйлд заасан хуулийн хүрээн хийсэн тэмдэглэлд хэргийн газрын үзлэгээр ул мөр илэрсэн талаар тэмдэглэл тусгагдаагүй, гутлын мөр илрээгүй / хх 002-р хуудас /

Хэрэг шүүхээс мөрдөн байцаалтад буцаж нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж хэргийн газрын үзлэгт гутлын ул мөр байсан гэх нотлох баримтуудыг цагдаагийн байгууллагын алба хаагчдаар гэрчийн мэдүүлэг авахуулсан яллах талын нотлох баримтуудыг цуглуулсан. Дээрх гэрчийн этгээдүүд нь хохирогчийн талын болон цагдаагийн байгууллагын ажилтан албан хаагчид төдийгүй хэргийн газрын үзлэгт хөндлөнгийн 2 гэрч мөн адил цагдаагийн байгуллагад дадлага хийж байсан хүмүүс байдаг.

Хэрэгт нотлох баримтаар хохирогч иргэний хашаан дотор илэрсэн гэх гутлын мөр гэрч Л.О-ийн гэрчээр дахин өгсөн мэдүүлэгт  “...хулгайч цонхоор үсэрч буухдаа байшингийн гадна цонхны доор нэг гутлын мөр байсан, тэр мөрний зургийг аваад явсан гэнэ. / хх-н 141-142 хуудас /

Гэрч Б.Б-гийн өгсөн мэдүүлэгт /хх-н 169-170  хуудас / ...шонгийн модны харалдаа 2-3 мөр байсан би 1 мөрийг бэхжүүлсэн, мөр хулгай орсон байшингийн баруун талд шонгийн модны харалдаа байсныг бэхжүүлж авсан гэнэ.

Хэргийн газрын үзлэгт дээрх нэг удаагийн  бэхжүүлэгдсэн гутлын мөр нь гэрч Б.Б-, гэрч Л.О- нарын хууль сануулж авсан мэдүүлгээр 2 өөр цэг дээрээс тогтоогдоод байхад шүүх энэ тал дээр дүгнэлт хийгээгүй.

Иргэн М.М-ын гэрт хулгай орсон гэмт хэрэг гарсан нь тогтоогдож байгаа боловч хэргийн газрын анхны үзлэгээр хохирогч айлын хашаан дотор хийгдсэн үзлэгээр илрээгүй гутлын мөр хэзээ хойно байсан болж таарч, уг гутлын мөр өөр өөр газар байсан талаар гэрч нарын мэдүүлэг зөрүүтэй байгаа нь шүүгдэгчийг гэм буруутай эсэх нь бүрэн тогтоогдохгүй, эргэлзээтэй байна.

Иймд шүүгдэгч Б.Т-т холбогдох хэргийг бүхэлд нь хянан үзэж гомдолд дурдагдсан талаарх нотлох баримтууд үндэслэлтэй гэж үзвэл хэргийг анхан шатанд буцааж дахин шийдүүлэх саналтай байна гэжээ.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгчийн өмгөөлөгч Ө.Өлзиймаа тайлбартаа:

... Давж заалдах гомдлоо дэмжиж байна. Хэргийг анхан шатны шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт хэлэлцүүлэгт буцааж өгнө үү гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч Б.Т- тайлбартаа:

...Надад оногдуулсан ялыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Би гэмт хэрэг үйлдээгүй. 2018 оны 4 дүгээр сарын 2-ны өдөр намайг гэртээ байж байхад цагдаа орж ирж намайг “яагаад хулгай хийгээд байгаа юм бэ, чи наад пүүзээ өмс” гэж хэлээд намайг авч явсан. Цагдаагийн албан хаагч “чиний гутлын мөр энэ байна, адилхан байна” гэхээр нь би хэдэн сарын, хэдэнд вэ гэхэд “2018 оны 3 дугаар сарын 20-ны өдөр” гэхээр нь “би байгаагүй” гэж хэлсэн., айлд ороод цагдаагийн хүмүүс өөрсдөө тэр рүү заа гээд зүг чигийг зааж өгөөд зураг аваад байсан  гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Н.Дуламсүрэн дүгнэлтдээ:

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хууль буруу хэрэглээгүй тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна гэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Дархан-Уул аймгийн прокуророос шүүгдэгч Б.Т-ыг 2018 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн 13 цагийн орчим Дархан-Уул аймгийн Дархан сумын 1 дүгээр баг, Пионерын 6-1б тоотод оршин суух иргэн М.М-ын байшингийн хаалганы цоожийг эвдэн нэвтэрч халтар манан хөөрөг 1 ширхэг, бэлэн  470.000 төгрөг авч нийт 720.000 төгрөгийн хохирол учруулсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1.д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд ирүүлжээ.

Анхан шатны шүүх хэргийг хэлэлцээд Б.Т-ыг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнийг 2 жил хорих ялаар шийтгэж, ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн байна. 

Давж заалдах шатны шүүх хэргийг шүүгдэгчийн өмгөөлөгч Ө.Өлзиймаагийн давж заалдах гомдлыг үндэслэн хянан хэлэлцэж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  хуулийн 39.9 дүгээр зүйлд заасны дагуу хэргийн бүх ажиллагааг хянаж үзээд шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх шаардлагад нийцэхгүй байх тул шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт буцаах нь зүйтэй гэж үзлээ.  Үүнд:

- Хэргээс үзвэл шүүгдэгчийн өмгөөлөгч Ө.Өлзиймаа  нь Б.Т-т холбогдох эрүүгийн хэргийг прокурорт буцааж, нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгүүлэх тухай хүсэлтийг анхан шатны шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт гаргасны дагуу 2018 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 870 дугаар захирамжаар хэргийг прокурорт буцаасан бөгөөд шүүгчийн захирамжид заасан ажиллагаануудыг мөрдөн шалгах ажиллагааны явцад гүйцэт хийгээгүй байна.

-Мөн шүүгдэгч Б.Т- давж заалдах шатны шүүх хуралдаанд ... Би тэр  айлд ороод хаана юу байсныг мэдэхгүй., тухайн үед цагдаагийн ажилтнууд надаас сэжигтний  мэдүүлэг  газар дээр нь шалгах ажиллагааг явуулахдаа  тэр хохирогчийн гэр орон, аль өрөөнөөс юу юу авсаныг өөрсдөө хэлээд тэр зүг рүү гараараа заа гэж хэлээд зураг авсан., бас мэдүүлгээ цагдаагийн ажилтны зааврын дагуу хэлж  мэдүүлэг өгсөн.,  түүнээс би өөрөө санаачлагаараа энд тэнд гэж заагаагүй.,  намайг хэрэгт гүтгэж байна гэж тайлбарлаж байгаа учраас  “Мэдүүлэг газар дээр нь шалгах ажиллагаа” явуулахад хөндлөнгийн гэрчээр оролцсон Д.О-, Ж.Ч- нараас дээрх ажиллагаа ямар байдлаар явагдсан, мөн цагдаагийн байгууллагын ажилтнууд сэжигтэнд хэрхэн мэдүүлэх талаар зааж зааварлаж байсан талаар мэдүүлэг авч тодруулах,

-Гэрч Э.А- мөрдөн байцаалтад “Скай” нэртэй зочид буудалд покер тоглож байхад Б.Т- нь өмднийхөө зүүн халааснаас боодолтой мөнгөнөөс 10.000 билүү 20.000 төгрөг сугалж аваад тоглоод байсан” гэсэн мэдүүлэг өгсөн байх бөгөөд энэ тоглоомд хэд хэдэн төгрөг хожиж, алдсан болон тоглолтын талаар илүү дэлгэрэнгүй байцаалт авах,

-Мөрдөн шалгах туршилтаар хэрэгт авагдсан гутлын мөр байрлал тохирч байгаа эсэх болон гутлын мөрний байрлалыг ертөнцийн зүгээр аль зүгт харсан эсэх тодорхой болгох,

-Гэрч Л.О- ...Цонхоор үсэрч буухдаа байшингийн гадна талд, цонхны доор том пүүзны мөр үлдсэн байсан., Цагдаа нар ирээд их тод гарсан гутлын мөрний зургийг дараад явсан. Гэсэн  мэдүүлэг /хх-142 –р хуудас / хэргийн газрын үзлэгийг бэхжүүлж авсан зурагт гутлын мөрний зураг /№5 дугаартай/ байшингийн баруун хэсэгт буюу гэрч Л.О-ийн мэдүүлснээс өөр газар байгаа талаар харилцан зөрүүтэй баримтуудыг тодорхой болгох зэрэг ажиллагаанууд хийх шаардлагатай байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.3., 39.9 дүгээр зүйлийн 2.т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 92 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Б-ы Т-т холбогдох, 1818002080361 дугаартай, 2 хавтастай,  эрүүгийн хэргийг мөн шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт буцаасугай.

2. Хэрэг анхан шатны шүүхэд очтол  шүүгдэгч Б.Т-т урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Давж заалдах шатны шүүх хэрэг хянан хэлэлцэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийг ноцтой зөрчсөн гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

                                          ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Ц.АМАРЖАРГАЛ

                                                               ШҮҮГЧ                                   Ц.ТУЯА

                                            ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                    Б.МАНЛАЙБААТАР