Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 02 сарын 15 өдөр

Дугаар 134

 

 

 

 

 

 

 

 

 

                                     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Базарханд даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Тээврийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1 дэх заалт, мөн хуулийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогдуулан ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн С овогт Г-ын Ад холбогдох эрүүгийн 18030 0820 0430 дугаартай хэргийг 2019 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Улсын яллагч Ц.Оюун-Эрдэнэ /тээвэр/, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.А, түүний өмгөөлөгч Ц.Монгол, шүүгдэгч Г.А, түүний өмгөөлөгч Д.Тунгалаг, гэрч Б.Вансүмбэрүү, Б.Цэрэн-Ундрах нарыг оролцуулан, нарийн бичгийн дарга Т.Ган-Эрдэнэ шүүх хуралдааны тэмдэглэл хөтлөв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, 1993 оны 7 дугаар сарын 29-ний өдөр Сэлэнгэ аймгийн Алтанбулаг суманд төрсөн, 25 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, авто гридрийн операторч мэргэжилтэй, “Наранбулаг Хан” ХХК-д авто гридрийн операторч ажилтай, ам бүл 3, эхнэр, 1 хүүхдийн хамт амьдрах, Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын Цөх-3 дугаар баг Дөхөм гэх газарт амьдардаг гэх, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэгдэж байгаагүй, бие эрүүл, ухаан бүрэн, хэрэг хариуцах чадвартай, С овогт Г-ын А /РД: /,

 

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурьдсанаар/

 

Шүүгдэгч Г.А нь 2018 оны 09 дүгээр сарын 27-ноос 28-нд шилжих шөнийн 04 цаг 20 минутын үед Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, Яармагийн гүүрний хойд замд Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.7.а-д заасныг зөрчин 1.77 хувийн согтолттой үедээ Тоёота Премио маркийн 33-29 СЭА улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон яваад мөн дүрмийн 9.2-т заасныг зөрчсөнөөс явган зорчигч Б.Цын амь нас хохирсон,

- Мөн дүрмийн 2.5, а, б, в-д заасныг зөрчин дээрх зам тээврийн осол, хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан гэмт хэрэг тус тус үйлдсэнд холбогджээ.

 

                                                        ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

1. Шүүгдэгч Г.Агийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: 

“...Мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлсэн тул нэмж ярих зүйл байхгүй. Би 2014 онд жолооч болсон ба нийт 4 жил тээврийн хэрэгсэл жолоодож байна. Улаанбаатар хотод тээврийн хэрэгсэл жолоодож чадна, жолооны сургалтанд сууж тээврйин хэрэгсэл жолоодох эрх авч байсан. Тухайн осол гарсан замаар би байнга явдаг, ажил гэр хооронд тэр замаар явдаг байысан. Би осол гарах үед явган зорчигчийг 30 метрийн зайнаас харсан юм, хохирогчийг замын голд зогсох байх гэж бодож байсан. Би тухайн өдөр найзтайгаа хамт 0.75 литрийн “Эдэн” нэртэй архи тэнцүү хувааж уусан ба намайг драйгер багаж үлээлгэхэд 1.77 хувийн согтолттой гэж гарсан. Гэхдээ би орчиноо мэдрэх чадвартай байсан. Би архи, согтууруулах ундааны зүйл хэрэглээд өглөөний 04 цаг хүртэл машиндаа унтаж байгаад сэрсэн. Тэгээд өглөө ажлаасаа хоцрохоос айгаад ажлын гадаа эртхэн очиж, машиндаа унтах санаатай байсан болохоор машинаа барьсан. Манай ажил болон миний автомашин зогсож байсан газрын хооронд 5 орчим км зайтай байсан байх. Тэгээд би осол гаргаад айж сандарсандаа хэргийн газраас зугтсан.

Би хохирогчийн ар гэрийн хүмүүст нийт 6.000.000 төгрөг төлсөн. Би үлдэгдэл хохирлыг барагдуулах хүсэлттэй байсан боловч надад хохирол төлбөрийг төлөх боломж байгаагүй. Учир нь манай ажил улирлын чанартай болохоор одоогийн байдлаар зогссон байгаа. Би сард 1.500.000 төгрөгийн цалин авдаг. Миний ажил хавар 4 сараас эхэлнэ. Гэхдээ би танидаг хүмүүсээс мөнгө зээлж үлдэгдэл хохирлыг барагдуулна.

Би гүүрэн дээр 60-70 км цагийн хурдтай явж байгаад гүүрнээс буугаад хурдаа хасаж 50-60 км цагийн хурдтай явсан. Хохирогчийг 30 метрийн зайнаас замын хойно, хөвөөн дээр байхад нь харсан. Дахин 10 метрийн зайнд явган зорчигч замын гол зураас дээр зогсож байхад нь хараад явган зорчигчийг зогсох байх гэж бодоод явсан. Харин явган зорчигч согтуу юм шиг харагдсан, гуйвж дайваад явж байсан ба том тээврийн машинд шүргүүлэх шахсан юм. Би хохирогчийн ар гэрийн хүмүүсээс уучлалт гуйж байна. Хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна.” гэсэн мэдүүлэг,

 

2. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Ааас шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: 

“...Сэтгэл санааны хувьд нөхөж барашгүй хохирол учруулсан. Маш их гомдолтой байна. Шүүгдэгчээс хохиролд тооцон өмгөөллийн хөлс 1,0 сая төгрөг, оршуулгын зардал 13.100.000 төгрөг нэхэмжилсэн. Мөн хохирогчийн бага насны хүүхдэд тэжээгчээ алдсаны тэтгэмж сарын 155.000 төгрөгөөр 18 нас хүртэл нь тогтоогдсон. Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 240.000 төгрөг байдаг. Иймд 2018 оны 10 дугаар сарын 30-ны өдрөөс 2033 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр хүртэл нийт 169 сарын зөрүү тэтгэмжийн зөрүү болох 14.424.500 төгрөгийг нэхэмжилж байгаа. Мөн манай дүү машин лизингийн зээлтэй байсан ба уг машинаар халтуур хийж эхнэр, хүүхдүүд, ээжийгээ тэжээн тэтгэдэг байсан. Лизингийн зээлийн үлдэгдэл 4.800.000 төгрөг, мөн сэтгэл санааны хохирол болох 50.0 сая төгрөг тус тус нэхэмжилнэ. Мөн би хоёр дүүтэй, нөгөө дүү маань гадаадад сурдаг. Хэрэг гарснаас болж хоёр удаа ирсэн үүний зардлыг бас нэхэмжилж байна. Нийт 84.328.750 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулахаар нэхэмжилсэн. Үүнээс хэрэг мөрдөн байцаалтын шатанд шалгагдаж байх үед төлсөн 6.0 сая төгрөгийг хасаад одоо 78.328.750 төгрөг нэхэмжилж байна. Бидний хохирлыг барагдуулж өгнө үү.” гэсэн мэдүүлэг,  

 

3. Гэрч Б.Вансүмбэрүүгийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн:

“...Би өөрөө сонсгол муутай, чихний хагалгаанд орж, эмчилгээ хийлгэх шаардлагатай байсан учир бид нар ах дүү нартайгаа ярилцаж, нөхрийн эгч Аыг хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгчээр оролцуулахаар тохирсон юм. Талийгаач А бид хоёр 2014 оноос хамт нэг гэртээ амьдарч байгаа, дундаасаа нэг хүүхэдтэй. Манай хүү одоо 4 настай, эцгээрээ овоглодог. Бид хадам ээжийн хамт ам бүл 4 амьдарч байсан. Би өөрөө бие муутай, сүүлийн жилүүдэд хүүхдээ хараад гэртээ байсан учир ажил эрхлээгүй. Нөхөр маань Toyota Vitz маркийн машинаар таксинд явж, амьжиргаагаа залгуулдаг, өдөртөө 30.000-40.000 төгрөг олдог байсан. Тухайн тээврийн хэрэгслийг нөхөр маань ББСБ-аас эгчийнхээ нэр дээр лизингийн зээлээр авч байсан. Хүүхдэд тэжээгчээ алдсан тэтгэмж сарын 155.000 төгрөгөөр тогтоогдсон. Би 28 настайдаа хүүгээ тэвэрч бэлэвсэрч хоцорлоо. Бид хоёр өөрсдийхөө хүчээр амьдралаа босгож авч явна гэж их ярьдаг байсан. Би хүүгээ харж, нөхөр маань таксинд явж, байртай болон тусдаа гарна гэж ярьж төлөвлөдөг байсан. Манай нөхөр заримдаа хүмүүстэй гэрээ хийж орой болгон ажлаас нь авч, гэрт нь хүргэж өгдөг байсан. Тухайн хэрэг гардаг орой гэрээс 21 цагийн үед гарсан ба “хүн хүргээж өгөөд ирнэ” гэж хэлээд явсан. Нөхөр маань архи согтууруулах ундаа хэрэглээд байдаггүй хүн байсан. Бусдын хайхрамжгүй байдлаас болж миний нөхөр амь насаа алдлаа. Би маш их гомдолтой байна.” гэсэн мэдүүлэг,

 

4. Гэрч Б.Цэрэн-Ундрахын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн:

“...Би хохирогч Цын ээж нь юм. Би хүү, 4 настай ач хүү, бэртэйгээ хамт нэг гэрт амьдардаг байсан. Миний хүүхэд даруу төлөв зантай, архи согтууруулах ундааны зүйл хэрэглэдэггүй, нөхөрсөг хүүхэд байсан ба таксинд явж ар гэрээ тэжээдэг хүүхэд байсан. Хүүг маань дайрчихаад, санаатайгаар зугтаасанд нь би маш их гомдолтой байна.

Хэрвээ осол гарсны дараа зогсоод, эмнэлгийн тусламж яаралтай үзүүлсэн бол эх хүний хувьд нөхцөл байдлыг өөрөөр харах байсан. Иймд миний хүүг дайрч амь насаар нь хохироосон энэ хүнд маш их гомдолтой байна. Хуулийн дагуу шийдэж өгнө үү.” гэсэн мэдүүлэг,

 

Эрүүгийн 18030 0820 0430 дугаартай хэргээс:

 

1. Зам тээврийн хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, зам тээврийн осол хэргийн үзлэгээр тогтоосон байдал, осол, хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хэргийн 2-11х/,

 

2. Жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг драйгер багаж үлээлгэн шалгахад 1.77% тоон үзүүлэлт илэрч, согтууруулах ундаа хэрэглэсэн болохыг тогтоосон тэмдэглэл баримт /хэргийн 12-13х/,

 

3. Хяналтын камерийн бичлэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хэргийн 26х/,

 

4. ЦЕГ-ын мэдээлэл шуурхай удирдлагын төвийн дуудлагын лавлагааны хуудас /хэргийн 133х/,

 

5. ШШҮХ-ийн шинжээчийн 2018 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн Цогцост хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 21551 дугаартай актын:

1. Талийгаач Б.Цын биед баруун зулай ясны цөмөрсөн хугарал, баруун зулай ясны цөмөрсөн хугарлаас баруун чамархай, суурийн дунд хонхор луу чиглэсэн шугаман хугарал, баруун тал бөмбөлгийн чамархайн хэсгийн аалзан хальсан доорх цус харвалт, цээжний баруун, зүүн талын олон хавирганы хоёрлосон хугарал, цээжний зүүн хөндий дэх цусан хураа /1.0л/, зүүн уушгины бүрэн хавчилт, баруун уушгины дээд дэлбэнгийн няцрал, цус хуралт, элэгний язрал, зулайн хуйханд шарх, дух, хамрын нуруу, цээж, хэвлийн, ар нуруу, хамрын нуруу, зүүн бугалга, баруун, зүүн тохой, зүүн сарвуу, гуя, баруун, зүүн өвдөг, зүүн тахим, баруун, зүүн, тавхайд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь авто ослын гэмтлийн үед үүсэх боломжтой. Талийгаачийн биед учирсан гавал тархины гэмтэл болон цээжний битүү гэмтэл нь амь насанд аюултай гэмтэл болно.

3. Талийгаачид үхэлд нөлөөлөх архаг хууч өвчин тогтоогдсонгүй.

4. Талийгаач нь хавсарсан гэмтлийн улмаас нас баржээ.

5. Талийгаач 2018.09.28-ны 06:20 минутын үзлэгээр нас бараад 2-4 цаг болжээ.

6. Талийгаач нь 4 дүгээр бүлгийн цустай байна.

7. Талийгаачийн цусанд 2.9 промилли, ходоодны шингэнд 6.9 промилли спиртийн агууламж илэрсэн ба энэ нь согтолтын хүнд зэрэгт хамаарна.” гэсэн дүгнэлт, хавсаргах гэрэл зургийн үзүүлэлтүүд /хэргийн 137-140х/,

 

6. ШШҮХ-ийн криминалистикийн шинжилгээний газрын Мөр судлалын шинжилгээний лабораторийн шинжээчийн 2018 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 5671 дугаартай актын:

1. Шинжилгээнд ирүүлсэн автомашинд хатуу мохоо зүйлийн харилцан үйлчлэлээр урд салхины шилэнд хагаралт, цууралт, моторын хаалтад хонхойлт, үрчийлт, нүүрэнд хагаралт, урд бамбайд 8 см, 11х12 см хагаралт, улсын дугаарын суурьд хагаралтууд, урд бамбайн сээтэгний зүүн хэсэгт хагаралт, хугаралт шинээр гарсан байна.

2. Хэргийн газраас олдсон гэх 33-29 СЭА улсын дугаар нь шинжилгээнд ирүүлсэн саарал өнгийн Тоёота Премио маркийн автомашины урд бамбай дээр байрлах улсын дугаар тогтоогчийн сууринаас унасан байна.” гэсэн дүгнэлт, хавсаргах гэрэл зургийн үзүүлэлтүүд /хэргийн 142-147х/,

 

7. ШШҮХ-ийн криминалистикийн шинжилгээний газрын Мөр судлалын шинжилгээний лабораторийн шинжээчийн 2018 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 5675 дугаартай актын:

1. Шинжилгээнд ирүүлсэн хар өнгийн гадуур хүрмэнд 60 мм, 60 мм хатуу гадаргуутай зүйлийн үйлчлэлээр гарсан шинэ зулгаралтууд, 430 мм, 370 мм татах чангаах хүчний үйлчлэлээр гарсан шинэ ханзралтууд байна.

- Шинжилгээнд ирүүлсэн хагас ханцуйтай цагаан өнгийн цамцанд 30х15 мм хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр гарсан шинэ гогдолт гарсан байна.

2. Хувцаснуудад гарсан дээрх гэмтлүүд нь хэдэн удаагийн үйлчлэлийн улмаас гарсан болохыг тогтоох боломжгүй байна.

3. Бусад хувцаснууд гэмтэлгүй байна.” гэсэн дүгнэлт, хавсаргах гэрэл зургийн үзүүлэлтүүд /хэргийн 154-157х/,

 

8. Тээврийн Цагдаагийн албаны Замын цагдаагийн газрын техникийн шинжээчийн 2018 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 712 тоот:  

1. Осол хэргийн материалд ирсэн зам тээврийн газрын ослын үзлэгийн тэмдэглэл, хэмжилтийн схем зураг, талийгаачийн автомашинд мөргөгдөж шидэгдсэн зай, зам, орчны байдал, тээврийн хэрэгслийн эвдрэл, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн нэр бүхий шинжээчдийн 2018 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 2151, 5675, 5671, 5670, 2018 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 5672 дугаартай дүгнэлтүүд зэргийг үндэслэхэд Т.Премио маркийн 33-29 СЭА улсын дугаартай автомашиныг жолоодож явсан Г.А нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9 дүгээр бүлгийн 9.2 дахь заалт “Жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсох арга хэмжээ авна.”,

мөн дүрмийн 2 дугаар бүлгийн 2.7 дахь заалт “Жолоочид дор дурдсан зүйлийг хориглоно: а/согтууруулах ундаа, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж, чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох.”,

2.5 дахь заалт “Зам тээврийн осолд холбогдсон жолооч дор дурдсан үүрэг хүлээнэ: а/тээврийн хэрэгслээ нэн даруй зогсоож, ослын дохионы гэрлээ асаах ба ослын зогсолтын тэмдгийг энэ дүрмийн 6.3-т заасан шаардлагын дагуу тавьж, тээврийн хэрэгсэл болон осолд холбогдол бүхий эд юмсыг байрнаас нь хөдөлгөхгүй байх: б/ зам тээврийн осолд нэрвэгдсэн хүнд эмнэлгийн анхны тусламж үзүүлж, түргэн тусламж дуудах, хэрэв бололцоогүй бол уг хүнийг ойр байгаа эмнэлгийн байгууллагад аль тааралдсан тээврийн хэрэгслээр хүргүүлэх буюу зайлшгүй тохиолдолд өөрийн жолоодож яваа тээврийн хэрэгслээр хүргэж, эмнэлгийн ажилтанд өөрийн овог нэр, тээврийн хэрэгслийн марк, улсын дугаар, гэрчилгээг үзүүлж тэмдэглүүлээд уг газартаа буцаж ирэх: в/ зам тээврийн ослын тухай цагдаагийн байгууллага /ажилтан/-д мэдэгдэж, түүнийг үзсэн хүмүүсийн овог нэр, хаягийг мэдэж аваад осолд холбогдол бүхий эд мөрийн баримтын зүйлийг хамгаалан цагдаагийн байгууллагын ажилтанг иртэл хүлээх:” гэснийг тус тус зөрчсөн үндэслэлтэй байна.

2. Явган зорчигч Б.Ц нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3 дугаар бүлгийн 3.4 дэх заалт “Явган зорчигч нь явган хүний гарц буюу гармаар зам хөндлөн гарна. Хэрэв үзэгдэх хүрээнд явган хүний гарц ба гарам байхгүй бол замын дагуу хоёр тийш сайн харагдах, саадгүй хэсгээр, ойртон ирж яваа тээврийн хэрэгслийг өнгөрүүлэн эгц хөндлөн гарна.”, 3.9 дэх заалт “Явган зорчигчид дор дурдсан зүйлийг хориглоно: г/ өөрийгөө хянаж, жолоодох чадваргүй үедээ зорчих хэсгээр явах.” гэснийг зөрчсөн үндэслэлтэй байна.

3. Асуултанд дурьдаагүй боловч хэрэгт ач холбогдол бүхий зүйл илрээгүй, хавтаст хэрэгт авагдсан материалд үндэслэн дүгнэлтийг гаргасан байна.” гэсэн дүгнэлт /хэргийн 180-181х/,

 

9. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Аын өгсөн:

“...Би Б.Цын төрсөн эгч нь юм. Манай дүү эхнэр Вансэмбэрүү, 3 настай хүү Хатанболд, ээж Цэрэн-Ундрах нарын хамт Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Арцатын 11-408б тоотод оршин суудаг байсан. Манай дүү эхээс гурвуулаа бөгөөд айлын бага, хувиараа хөдөлмөр эрхэлж амьдрал ахуйгаа залгуулдаг байсан юм. Манай ээж өндөр насны тэтгэвэрт байдаг, харин эхнэр нь хараа, сонсгол муу учир гэртээ хүүхдээ хараад суудаг.

Манай дүү 2018 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн орой 22 цагийн үед машинтайгаа таксинд явна гэж гэрээсээ гараад эргэж ирээгүй ба 2018 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр ослын улмаас нас барсан талаар цагдаагийн байгууллагаас хэлсэн. Маш их гомдолтой байна, буяны ажлын хохирол төлбөрийг нэхэмжилнэ. Хүүхдийн тэтгэмж тогтоолгож, сэтгэл санааны хохирол нэхэмжилнэ. Манай дүү 28 насандаа буюу хийж бүтээх залуу насандаа амь насаараа хохирсонд маш их гомдолтой байна.” гэсэн мэдүүлэг /хэргийн 39-40, х/,

 

10. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Б.Буяннэмэхийн гэрчээр өгсөн:

“...2018 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр ажил тараад 20 цагийн үед би Атай утсаар холбогдоод уулзахаар болсон. 21 цагийн үед Саппорогийн буудал дээр бид хоёр уулзаж, автобусны буудлын хойно байдаг нэг пабад орж 0.75 литрийн “Эдэн” нэртэй архи захиалж уусан. Тэгээд шөнийн 00 цаг өнгөрч байхад гараад гэр гэртээ харьцгаасан ба А такси бариад явсан. Бид хоёр архийг тэнцүү хувааж уусан бөгөөд хоёулаа нилээн согтолттой байсан.” гэсэн мэдүүлэг /хэргийн 117х/,

 

11. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Ц.Эрдэнэбатын гэрчээр өгсөн:

“...Би уг ослыг хараагүй. Тухайн өдөр би шөнийн жижүүрийн ажил гүйцэтгээд хонож байсан ба 2018 оны 9 дүгээр сарын 27-ны өдрөөс 28-нд шилжих шөнө тодорхой цагийг нь санахгүй байна, ойролцоогоор 04 цагийн үед ТЭЦ-3-ын урд замд осол гаргасан машин дээр ирээд зогсож байтал хажуугаар өнгөрч явсан жолооч Яармагийн шинэ гүүрний тэнд замын голд хүн хэвтэж байна гэхээр нь би шууд хэргийн газарт очиход машинд мөргүүлсэн бололтой хүн хэвтэж байсан. Би 103-т дуудлага өгөөд хэргийн газрыг хамгаалалтанд авсан ба мөргүүлсэн хүн нас барсан байсан.” гэсэн мэдүүлэг /хэргийн 128х/,

 

12. Мөрдөн шалгах ажиллагааны явцад В.Дэлгэрбатын гэрчээр өгсөн:

“...2018 оны 9 дүгээр сарын 27-ны өдрөөс 28-нд шилжих шөнө би жижүүрийн эрүүгийн мөрдөгчийн үүрэг гүйцэтгэсэн. ТЭЦ-3-ын замд осол гаргасан эзэнгүй машин дээр ирээд байж байхад нэг машинтай хүн ирж Яармагийн Туул голын гүүрний хойд талд машинд мөргүүлсэн бололтой хүн хэвтэж байна гэхээр нь би байцаагч ахмад Эрдэнэбатын хамт ослын газарт очиход нэг эрэгтэй хүн машинд мөргүүлж нас барсан байдалтай хэвтэж байсан. Ослын газар дээр 33-29 СЭА улсын дугаар хэвтэж байсан учир уг машиныг эрэн сурвалжлах ажил зохион байгуулж,

ослын газраас зүүн талын зогсоол болон байр, хашаа самнаад явж байхад хамгийн эхний гэрлэн дохиотой уулзварын урд талд нэг байшингийн гадна зам тээврийн осол гаргасан 33-29 СЭА улсын дугаартай автомашин зогсож байсан ба машин дотор нэг залуу жолооны ард суудлыг хэвтүүлээд хэвтэж байсан. Жолоочийг машин дотроос гаргахад согтуу байсан ба драйгер багаж үлээлгэхэд 1.77 хувийн согтолттой байсан.” гэсэн мэдүүлэг /хэргийн 135х/,

 

13. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч Б.Ааас хохирол төлбөр нэхэмжлэхтэй холбоотой гаргасан хүсэлт, баримтууд /хэргийн 54-84х/,

 

14. Шүүгдэгч Г.Агаас хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч Б.Аын нэхэмжилсэн хохирол төлбөрөөс 6.000.000 төгрөгийг хүлээлгэн өгсөн, хүлээн авсан тухай тодорхойлолт баримтууд /хэргийн 217, 225-226х/,

 

15. Шүүгдэгч Г.Агийн мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн:

“...2018 оны 9 дүгээр сарын 27-ны орой 19-20 цагийн үед ажлаа тараад хамт ажилладаг Буяннэмэхийн хамт 1 дүгээр хорооллын Цамбагаравын тэнд нэг бааранд орж 0.75 литрийн “Эдэн” нэртэй 1 шил архи авч, бид хоёр хувааж уусан. Шөнө 01 цагийн үед баарнаас гараад бид хоёр салаад явцгаасан ба би такси бариад Шинэ өргөө хотхонд байдаг найзынхаа гэрт очиход хаалгаа онгойлгохгүй байсан болохоор гадаа зогсоолд зогсож байсан өөрийн эзэмшлийн 33-29 СЭА улсын дугаартай Тоёота Премио маркийн автомашин дотор орж унтсан. Шөнө 04 цагийн үед даараад сэрч, машинаа асааж халаагаад зогсож байгаад машиндаа унтчихвал ажилдаа хоцрох байх гэж бодоод Хан-Уул дүүргийн нутаг Яармагийн шинэ баригдаж байгаа гүүрний хажууд байрлах ажлынхаа байран дээр очиж унтах гээд хөдлөөд явсан. Шинэ өргөө хотхоноос төв зам руу ороод буцаж эргээд Яармагийн гүүр даваад явж байхад замын хойд талд байдаг цэнхэр хашааны үзүүрээс нэг хүн эсрэг урсгалын том машины урдуур гарч ирсэн. Би тэр хүнийг замын голд зогсох байх гэж бодоод тулаад иртэл эсрэг урсгалын машины гэрлийн гялбаанд ороод гараараа хаагаад зам руу хартал тэр хүн машины урдуур орж ирээд мөргүүлсэн. Би тэр хүнийг мөргөөд айсандаа зогсолгүй цааш нилээн яваад эхний гэрлэн дохиотой уулзвараар баруун эргээд Бетон арматурын зогсоолд ороод зогсоод цагдаа дуудъя гэж бодсон боловч утсанд нэгж байхгүй байсан болохоор дуудлага өгч чадалгүй машин дотор сууж байтал цагдаа ирээд намайг аваад явсан. Драйгер багаж үлээлгэхэд 1.77 хувийн согтолттой байсан.

Би явган зорчигчийг ойролцоогоор 4-5 метрийн цаанаас харсан. Тэр хүн эсрэг урсгалын том машинд ширгүүлэх шахаад миний урдуур орж ирсэн. Тухайн үед гадаа харанхуй, зам гэрэлтүүлэггүй байсан ба замд хөдөлгөөн ихтэй байсан бөгөөд би 50-60 км цагийн хурдтай явж байсан. Би хүн мөргөөд айсандаа учраа олохгүй хэргийн газраас явсан. Хохирогчид нийт 3.000.000 төгрөг төлсөн, үлдэгдэл хохирол төлбөрийг төлж барагдуулна.” гэсэн мэдүүлэг /хэргийн 197-198х/ болон шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хэргийн 200х/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хэргийн 209х/, ажлын газрын тодорхойлолт /хэргийн 214х/ зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтуудыг тус тус шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, эх сурвалж нь тодорхой, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, шүүх эмнэлгийн болон техникийн шинжээчийн дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, зохих мэдлэг, дадлага, туршлага бүхий, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвартай, эрх бүхий мэргэжлийн шинжээч гаргасан байх тул шүүх тэдгээр баримтуудыг үнэн зөв, хууль ёсны баримтууд гэж үнэлж дүгнэсэн болно.

 

Тухайн хэргийн хувьд хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг шалгаж тогтоосон, нотлох баримт, цулуулах бэхжүүлэх талаарх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журам шаардлагыг зөрсөн үндэслэл тогтоогдоогүй тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Г.Агийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.     

 

Хэргийн талаархи шүүхийн дүгнэлт:

 

Шүүгдэгч Г.А нь 2018 оны 09 дүгээр сарын 27-ноос 28-нд шилжих шөнийн 04 цаг 20 минутын үед Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, Яармагийн гүүрний хойд Тоёото премио маркийн 33-29 СЭА улсын дугаартай автомашиныг жолоодон явахдаа:

1-рт. Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9 дүгээр бүлгийн 9.2 дахь заалт “жолооч хөдөлгөөнд аюул саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийг хурдын хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна.”, мөн дүрмийн 2 дугаар бүлгийн 2.7 дахь заалт “Жолоочид дор дурдсан зүйлийг хориглоно: а/ согтууруулах ундаа, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж, чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох.” гэснийг тус тус зөрчсөнөөс тус замаар зам хөндлөн гарч явсан явган зорчигч Б.Цыг мөргөсөн зам тээврийн осол гаргаж, уг ослын улмаас Б.Цын биед “баруун зулай ясны цөмөрсөн хугарал, баруун зулай ясны цөмөрсөн хугарлаас баруун чамархай, суурийн дунд хонхор луу чиглэсэн шугаман хугарал, баруун тал бөмбөлгийн чамархайн хэсгийн аалзан хальсан доорх цус харвалт, цээжний баруун, зүүн талын олон хавирганы хоёрлосон хугарал, цээжний зүүн хөндий дэх цусан хураа /1.0л/, зүүн уушгины бүрэн хавчилт, баруун уушгины дээд дэлбэнгийн няцрал, цус хуралт, элэгний язрал, зулайн хуйханд шарх, дух, хамрын нуруу, цээж, хэвлийн, ар нуруу, хамрын нуруу, зүүн бугалга, баруун, зүүн тохой, зүүн сарвуу, гуя, баруун, зүүн өвдөг, зүүн тахим, баруун, зүүн, тавхайд зулгаралт гэмтэл” авч, ...дээрх хавсарсан гэмтлийн улмаас амь нас барж, амь хохирсон,

 

2-рт: Замын хөдөлгөөний дүрмийн 2 дугаар бүлгийн 2.5 дахь заалт “Зам тээврийн осолд холбогдсон жолооч дор дурьдсан үүрэг хүлээнэ: а/ а/ тээврийн хэрэгслээ нэн даруй зогсоож, ослын дохионы гэрлээ асаах ба ослын зогсолтын тэмдгийг энэ дүрмийн 6.3-т заасан шаардлагын дагуу тавьж, тээврийн хэрэгсэл болон осолд холбогдол бүхий эд юмсыг байрнаас нь хөдөлгөхгүй байх: б/ зам тээврийн осолд нэрвэгдсэн хүнд эмнэлгийн анхны тусламж үзүүлж, түргэн тусламж дуудах, хэрэв бололцоогүй бол уг хүнийг ойр байгаа эмнэлгийн байгууллагад аль тааралдсан тээврийн хэрэгслээр хүргүүлэх буюу зайлшгүй тохиолдолд өөрийн жолоодож яваа тээврийн хэрэгслээр хүргэж, эмнэлгийн ажилтанд өөрийн овог нэр, тээврийн хэрэгслийн марк, улсын дугаар, гэрчилгээг үзүүлж тэмдэглүүлээд уг газартаа буцаж ирэх: в/ зам тээврийн ослын тухай цагдаагийн байгууллага /ажилтан/-д мэдэгдэж, түүнийг үзсэн хүмүүсийн овог нэр, хаягийг мэдэж аваад осолд холбогдол бүхий эд мөрийн баримтын зүйлийг хамгаалан цагдаагийн байгууллагын ажилтанг иртэл хүлээх” гэснийг зөрчин дээрх зам тээврийн осол, хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан болох нь тус тус хэрэгт хуульд заасан үндэлэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн,  шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн:

- Зам тээврийн хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, зам тээврийн осол хэргийн үзлэгээр тогтоосон байдал, осол, хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хэргийн 2-11х/,

- Жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг драйгер багаж үлээлгэн шалгахад 1.77% тоон үзүүлэлт илэрч, согтууруулах ундаа хэрэглэсэн болохыг тогтоосон тэмдэглэл баримт /хэргийн 12-13х/,

- Хяналтын камерийн бичлэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хэргийн 26х/,

- ЦЕГ-ын мэдээлэл шуурхай удирдлагын төвийн дуудлагын лавлагааны хуудас /хэргийн 133х/,

- ШШҮХ-ийн шинжээчийн 2018 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн Цогцост хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 21551 дугаартай:

“Талийгаач Б.Цын биед баруун зулай ясны цөмөрсөн хугарал, баруун зулай ясны цөмөрсөн хугарлаас баруун чамархай, суурийн дунд хонхор луу чиглэсэн шугаман хугарал, баруун тал бөмбөлгийн чамархайн хэсгийн аалзан хальсан доорх цус харвалт, цээжний баруун, зүүн талын олон хавирганы хоёрлосон хугарал, цээжний зүүн хөндий дэх цусан хураа /1.0л/, зүүн уушгины бүрэн хавчилт, баруун уушгины дээд дэлбэнгийн няцрал, цус хуралт, элэгний язрал, зулайн хуйханд шарх, дух, хамрын нуруу, цээж, хэвлийн, ар нуруу, хамрын нуруу, зүүн бугалга, баруун, зүүн тохой, зүүн сарвуу, гуя, баруун, зүүн өвдөг, зүүн тахим, баруун, зүүн, тавхайд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь авто ослын гэмтлийн үед үүсэх боломжтой, талийгаачийн биед учирсан гавал тархины гэмтэл болон цээжний битүү гэмтэл нь амь насанд аюултай гэмтэл болно, талийгаачид үхэлд нөлөөлөх архаг хууч өвчин тогтоогдсонгүй, талийгаач нь хавсарсан гэмтлийн улмаас нас баржээ, талийгаач 2018.09.28-ны 06:20 минутын үзлэгээр нас бараад 2-4 цаг болжээ, талийгаач нь 4 дүгээр бүлгийн цустай байна, талийгаачийн цусанд 2.9 промилли, ходоодны шингэнд 6.9 промилли спиртийн агууламж илэрсэн ба энэ нь согтолтын хүнд зэрэгт хамаарна.” гэсэн дүгнэлт, дүгнэлтэд хавсаргах гэрэл зургийн үзүүлэлтүүд /хэргийн 137-140х/,

- 2018 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 5671 дугаартай ШШҮХ-ийн криминалистикийн шинжилгээний газрын Мөр судлалын шинжээчийн:

1. Шинжилгээнд ирүүлсэн автомашинд хатуу мохоо зүйлийн харилцан үйлчлэлээр урд салхины шилэнд хагаралт, цууралт, моторын хаалтад хонхойлт, үрчийлт, нүүрэнд хагаралт, урд бамбайд 8 см, 11х12 см хагаралт, улсын дугаарын суурьд хагаралтууд, урд бамбайн сээтэгний зүүн хэсэгт хагаралт, хугаралт шинээр гарсан байна.

2. Хэргийн газраас олдсон гэх 33-29 СЭА улсын дугаар нь шинжилгээнд ирүүлсэн саарал өнгийн Тоёота Премио маркийн автомашины урд бамбай дээр байрлах улсын дугаар тогтоогчийн сууринаас унасан байна.” гэсэн дүгнэлт, хавсаргах гэрэл зургийн үзүүлэлтүүд /хэргийн 142-147х/,

- 2018 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 5675 дугаартай ШШҮХ-ийн криминалистикийн шинжилгээний газрын Мөр судлалын шинжилгээний лабораторийн шинжээчийн:

1. Шинжилгээнд ирүүлсэн хар өнгийн гадуур хүрмэнд 60 мм, 60 мм хатуу гадаргуутай зүйлийн үйлчлэлээр гарсан шинэ зулгаралтууд, 430 мм, 370 мм татах чангаах хүчний үйлчлэлээр гарсан шинэ ханзралтууд байна.

- Шинжилгээнд ирүүлсэн хагас ханцуйтай цагаан өнгийн цамцанд 30х15 мм хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр гарсан шинэ гогдолт гарсан байна.

2. Хувцаснуудад гарсан дээрх гэмтлүүд нь хэдэн удаагийн үйлчлэлийн улмаас гарсан болохыг тогтоох боломжгүй байна.

3. Бусад хувцаснууд гэмтэлгүй байна.” гэсэн дүгнэлт, хавсаргах гэрэл зургийн үзүүлэлтүүд /хэргийн 154-157х/,

- Тээврийн Цагдаагийн албаны 2018 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 712 тоот техникийн шинжээчийн:

1. Осол хэргийн материалд ирсэн зам тээврийн газрын ослын үзлэгийн тэмдэглэл, хэмжилтийн схем зураг, талийгаачийн автомашинд мөргөгдөж шидэгдсэн зай, зам, орчны байдал, тээврийн хэрэгслийн эвдрэл, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн нэр бүхий шинжээчдийн 2018 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 2151, 5675, 5671, 5670, 2018 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 5672 дугаартай дүгнэлтүүд зэргийг үндэслэхэд Т.Премио маркийн 33-29 СЭА улсын дугаартай автомашиныг жолоодож явсан Г.А нь:

Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9 дүгээр бүлгийн 9.2 дахь заалт “Жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоо арга хэмжээ авна.”, мөн дүрмийн 2 дугаар бүлгийн 2.7 дахь заалт “Жолоочид дор дурдсан зүйлийг хориглоно: а/ согтууруулах ундаа, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж, чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох.”,

2.5 дахь заалт “Зам тээврийн осолд холбогдсон жолооч дор дурдсан үүрэг хүлээнэ:

а/ тээврийн хэрэгслээ нэн даруй зогсоож, ослын дохионы гэрлээ асаах ба ослын зогсолтын тэмдгийг энэ дүрмийн 6.3-т заасан шаардлагын дагуу тавьж, тээврийн хэрэгсэл болон осолд холбогдол бүхий эд юмсыг байрнаас нь хөдөлгөхгүй байх:

б/ зам тээврийн осолд нэрвэгдсэн хүнд эмнэлгийн анхны тусламж үзүүлж, түргэн тусламж дуудах, хэрэв бололцоогүй бол уг хүнийг ойр байгаа эмнэлгийн байгууллагад аль тааралдсан тээврийн хэрэгслээр хүргүүлэх буюу зайлшгүй тохиолдолд өөрийн жолоодож яваа тээврийн хэрэгслээр хүргэж, эмнэлгийн ажилтанд өөрийн овог нэр, тээврийн хэрэгслийн марк, улсын дугаар, гэрчилгээг үзүүлж тэмдэглүүлээд уг газартаа буцаж ирэх:

в/ зам тээврийн ослын тухай цагдаагийн байгууллага /ажилтан/-д мэдэгдэж, түүнийг үзсэн хүмүүсийн овог нэр, хаягийг мэдэж аваад осолд холбогдол бүхий эд мөрийн баримтын зүйлийг хамгаалан цагдаагийн байгууллагын ажилтанг иртэл хүлээх:” гэснийг тус тус зөрчсөн үндэслэлтэй байна.

2. Явган зорчигч Б.Ц нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3 дугаар бүлгийн 3.4 дэх заалт “Явган зорчигч нь явган хүний гарц буюу гармаар зам хөндлөн гарна. Хэрэв үзэгдэх хүрээнд явган хүний гарц ба гарам байхгүй бол замын дагуу хоёр тийш сайн харагдах, саадгүй хэсгээр, ойртон ирж яваа тээврийн хэрэгслийг өнгөрүүлэн эгц хөндлөн гарна.”,

3.9 дэх заалт “Явган зорчигчид дор дурдсан зүйлийг хориглоно: г/ өөрийгөө хянаж, жолоодох чадваргүй үедээ зорчих хэсгээр явах.” гэснийг зөрчсөн үндэслэлтэй байна.

3. Асуултанд дурьдаагүй боловч хэрэгт ач холбогдол бүхий зүйл илрээгүй, хавтаст хэрэгт авагдсан материалд үндэслэн дүгнэлтийг гаргасан байна.” гэсэн дүгнэлт /хэргийн 180-181х/,

- Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчБ.Аын: “...Манай дүү 2018 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн орой 22 цагийн үед машинтайгаа таксинд явна гэж гэрээсээ гараад эргэж ирээгүй ба 2018 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр ослын улмаас нас барсан талаар цагдаагийн байгууллагаас хэлсэн. Маш их гомдолтой байна, буяны ажлын хохирол төлбөрийг нэхэмжилнэ. Хүүхдийн тэтгэмж тогтоолгож, сэтгэл санааны хохирол нэхэмжилнэ. Манай дүү 28 насандаа буюу ид  хийж бүтээх залуу насандаа амь насаараа хохирсонд маш их гомдолтой байна.” гэсэн мэдүүлэг /хэргийн 39-40х/,

- Гэрч Б.Буяннэмэхийн: “...2018 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр ...21 цагийн үед Саппорогийн буудал дээр Г.А бид хоёр уулзаж, автобусны буудлын хойно байдаг нэг пабад орж 0.75 литрийн “Эдэн” нэртэй ахи захиалж уусан. Тэгээд шөнийн 00 цаг өнгөрч байхад гараад гэр гэртээ харьцгаасан ба А такси бариад явсан. Бид хоёр архийг тэнцүү хувааж уусан бөгөөд хоёулаа нилээн согтолттой байсан.” гэсэн мэдүүлэг /хэргийн 117х/,

- Гэрч Ц.Эрдэнэбатын: “...2018 оны 9 дүгээр сарын 27-ны өдрөөс 28-нд шилжих шөнө тодорхой цагийг нь санахгүй байна, ойролцоогоор 04 цагийн үед ...хэргийн газарт очиход машинд мөргүүлсэн бололтой хүн хэвтэж байсан. Би 103-т дуудлага өгөөд хэргийн газрыг хамгаалалтанд авсан ба мөргүүлсэн хүн нас барсан байсан...” гэсэн мэдүүлэг /хэргийн 128х/,

- Гэрч В.Дэлгэрбатын: “...2018 оны 9 дүгээр сарын 27-ны өдрөөс 28-нд шилжих шөнө ...би байцаагч ахмад Эрдэнэбатын хамт ослын газарт очиход нэг эрэгтэй хүн машинд мөргүүлж нас барсан байдалтай хэвтэж байсан. Ослын газар дээр 33-29 СЭА улсын дугаар хэвтэж байсан учир уг машиныг эрэн сурвалжлах ажил зохион байгуулж, ослын газраас зүүн талын зогсоол болон байр, хашаа самнаад явж байхад хамгийн эхний гэрлэн дохиотой уулзварын урд талд нэг байшингийн гадна зам тээврийн осол гаргасан 33-29 СЭА улсын дугаартай автомашин зогсож байсан. Машин дотор нэг залуу жолооны ард суудлыг хэвтүүлээд хэвтэж байсан. Жолоочийг машин дотроос гаргахад согтуу байсан ба драйгер багаж үлээлгэхэд 1.77 хувийн согтолттой байсан.” гэсэн мэдүүлэг /хэргийн 135х/,

- Шүүгдэгч Г.Агийн: “...2018 оны 9 дүгээр сарын 27-ны орой 19-20 цагийн үед ажлаа тараад хамт ажилладаг Буяннэмэхийн хамт 1 дүгээр хорооллын Цамбагаравын тэнд нэг бааранд орж 0.75 литрийн “Эдэн” нэртэй 1 шил архи авч, бид хоёр хувааж уусан. Шөнө 01 цагийн үед баарнаас гараад бид хоёр салаад явцгаасан ба би такси бариад Шинэ өргөө хотхонд байдаг найзынхаа гэрт очиход хаалгаа онгойлгохгүй байсан болохоор нь гадаа зогсоолд зогсож байсан өөрийн эзэмшлийн 33-29 СЭА улсын дугаартай Тоёота Премио маркийн автомашин дотор орж унтсан. Шөнө 04 цагийн үед даараад сэрж, машинаа асааж халаагаад зогсож байгаад “машиндаа унтчихвал ажилдаа хоцрох байх” гэж бодоод Хан-Уул дүүргийн нутаг Яармагийн шинэ баригдаж байгаа гүүрний хажууд байрлах ажлынхаа байран дээр очиж унтах гээд хөдлөөд явсан. Шинэ өргөө хотхоноос төв зам руу ороод буцаж эргээд Яармагийн гүүр даваад явж байхад замын хойд талд байдаг цэнхэр хашааны үзүүрээс нэг хүн эсрэг урсгалын том машины урдуур гарч ирсэн.

Би тэр хүнийг замын голд зогсох байх гэж бодоод тулаад иртэл эсрэг урсгалын машины гэрлийн гялбаанд ороод, гараараа хаагаад зам руу хартал тэр хүн машины урдуур орж ирээд мөргүүлсэн. Би тэр хүнийг мөргөөд айсандаа зогсолгүй цааш нилээн яваад эхний гэрлэн дохиотой уулзвараар баруун эргээд Бетон арматурын зогсоолд орж зогсоод “цагдаа дуудъя” гэж бодсон боловч утсанд нэгж байхгүй байсан болохоор дуудлага өгч чадалгүй, машин дотор сууж байхад цагдаа ирээд намайг аваад явсан. Драйгер багаж үлээлгэхэд 1.77 хувийн согтолттой байсан. Би явган зорчигчийг ойролцоогоор 4-5 метрийн цаанаас харсан. Тэр хүн эсрэг урсгалын том машинд шүргүүлэн шахаад миний урдуур орж ирсэн. Тухайн үед гадаа харанхуй, зам гэрэлтүүлэггүй байсан ба замд хөдөлгөөн ихтэй байсан. Би 50-60 км цагийн худртай явж байсан. Би хүн мөргөөд айсандаа учраа олохгүй хэргийн газраас явсан. Хохирогчид нийт 3.000.000 төгрөг төлсөн, үлдэх хохирол төлбөрийг төлж барагдуулна.” гэсэн мэдүүлэг /хэргийн 197-198х/ зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар хангалттай нотлогдож тогтоогдсон байна.

 

1. Шүүгдэгч Г.А нь 2018 оны 09 дүгээр сарын 27-ноос 28-нд шилжих шөнийн 04 цаг 20 минутын үед Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, Яармагийн гүүрний хойд замд Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2 дугаар бүлгийн 2.7 дахь заалт “Жолооч дор дурдсан зүйлийг хориглоно: а/согтууруулах ундаа, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэл хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох” гэсэн заалтыг зөрчин согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ /1.77 хувийн согтолттой/ үедээ өөрийн эзэмшлийн Тоёота премио маркийн 33-29 СЭА улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон хөдөлгөөнд оролцож, улмаар Замын хөдөлгөөний 9 дүгээр бүлгийн дүрмийн 9.2 дахь заалт: “Жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна“ гэснийг зөрчиж зам хөндлөн гарч явсан явган зорчигч Б.Цыг мөргөсөн зам тээврийн осол гаргасан,

уг ослын улмаас явган зорчигч Б.Ц нь “...баруун зулай ясны цөмөрсөн хугарал, баруун зулай ясны цөмөрсөн хугарлаас баруун чамархай, суурийн дунд хонхор луу чиглэсэн шугаман хугарал, баруун тал бөмбөлгийн чамархайн хэсгийн аалзан хальсан доорх цус харвалт, цээжний баруун, зүүн талын олон хавирганы хоёрлосон хугарал, цээжний зүүн хөндий дэх цусан хураа /1.0л/, зүүн уушгины бүрэн хавчилт, баруун уушгины дээд дэлбэнгийн няцрал, цус хуралт, элэгний язрал, зулайн хуйханд шарх, дух, хамрын нуруу, цээж, хэвлийн, ар нуруу, хамрын нуруу, зүүн бугалга, баруун, зүүн тохой, зүүн сарвуу, гуя, баруун, зүүн өвдөг, зүүн тахим, баруун, зүүн, тавхайд зулгаралт” бүхий гэмтэл авч, дээрх ...хавсарсан гэмтлийн улмаас нас барсан” болох нь тогтоогдсон байна.

 

Шүүгдэгч нь тухайн осол хэрэг гарах үед согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан нь хэрэгт авагдсан жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг драйгер багаж үлээлгэн шалгахад 1.77% тоон үзүүлэлт илэрч, согтууруулах ундаа хэрэглэсэн болохыг тогтоосон тэмдэглэл баримт /хэргийн 12-13х/, гэрч В.Дэлгэрбатын мэдүүлэг болон шүүгдэгч Г.Агийн мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн мэдүүлэг зэрэг шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тус тус нотлогдсон.   

 

Шүүгдэгчийн дээрх гэмт үйлдэл нь “авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохирсон гэмт хэргийг согтуугаар үйлдсэн” гэх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-т заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан, Тээврийн Прокуророос Г.Ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1 дэх заалтад зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэв.

 

2. Мөн шүүгдэгч нь дээрх зам тээврийн осол хэрэг гаргасны дараа Замын хөдөлгөөний дүрмийн 2 дугаар бүлгийн 2.5 дахь заалт “Зам тээврийн осолд холбогдсон жолооч нь дор дурьдсан үүрэг хүлээнэ”:  

а/ тээврийн хэрэгслээ нэн даруй зогсоож, ослын дохионы гэрлээ асаах ба ослын зогсолтын тэмдгийг энэ дүрмийн 6.3-т заасан шаардлагын дагуу тавьж, тээврийн хэрэгсэл болон осолд холбогдол бүхий эд юмсыг байрнаас нь хөдөлгөхгүй байх;

б/ зам тээврийн осолд нэрвэгдсэн хүнд эмнэлгийн анхны тусламж үзүүлж, түргэн тусламж дуудах, хэрэв бололцоогүй бол уг хүнийг ойр байгаа эмнэлгийн байгууллагад аль тааралдсан тээврийн хэрэгслээр хүргүүлэх буюу зайлшгүй тохиолдолд өөрийн жолоодож яваа тээврийн хэрэгслээр хүргэж, эмнэлгийн ажилтанд өөрийн овог нэр, тээврийн хэрэгслийн марк, улсын дугаар, гэрчилгээг үзүүлж тэмдэглүүлээд уг газартаа буцаж ирэх;

в/ зам тээврийн ослын тухай цагдаагийн байгууллага (ажилтан)-д мэдэгдэж, түүнийг үзсэн хүмүүсийн овог нэр, хаягийг мэдэж аваад осолд холбогдол бүхий эд мөрийн баримтын зүйлийг хамгаалан цагдаагийн байгууллагын ажилтанг иртэл хүлээх Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.5-д заасан жолоочийн үүргээ биелүүлээгүй зөрчиж, зам тээврийн осол, хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан болох нь хэргийн баримтаар нотлогдож тогтоогдсон ба энэхүү гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “энэ хуулийн 27.10 дугаар зүйлд заасан гэмт хэрэг үйлдсэн жолооч хэргийн газрыг зориуд орхиж зугаатаасан” гэмт хэргийн шинжийг хангасан, хэргийн зүйлчлэл тохирсон,  үндэслэл бүхий байна. 

 

Дээр дурьдсан үндэслэлээр шүүгдэгч Г.Аг авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохирсон гэмт хэргийг согтуугаар үйлдсэн, мөн жолооч хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх эрх зүйн үндэслэлтэй.

 

Түүнчлэн тухайн зам тээврийн осол хэрэг гарахад явган зорчигч Б.Ц /амь хохирогч/ нь өөрийнгөө хянах, жолоодох чадваргүй, хүнд зэргийн согтолттой байх үедээ замын хөдөлгөөнд оролцож Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3 дугаар бүлгийн 3.4 заалт “явган зорчигч нь явган хүний гарц ба гарам байхгүй бол замын дагуу хоёр тийш сайн харагдах, саадгүй хэсгээр, ойртон ирж яваа тээврийн хэрэгслийг өнгөрүүлэн эгц хөндөн гарна.”, 3.9 дэх заалт “явган зорчигчид дор дурьдсан зүйлийг хориглоно”: г/ өөрийгөө хянаж, жолоодох чадваргүй үедээ зорчих хэсгээр явах” гэснийг тус тус зөрчсөн зохих буруутай байдал шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан Тээврийн цагдаагийн албаны Замын цагдаагийн газрын техникийн шинжээчийн 172 дугаартай дүгнэлт /хэргийн 180-181х/, “...талийгаачийн цусанд 2.9 промилли, ходоод шингэнд 6.9 промилли спиртийн агууламж илэрсэн ба энэ нь согтолтын хүнд зэрэгт хамаарна” гэсэн Цогцост хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 2151 дугаартай дүгнэлт зэрэг нотлох баримтаар тогтоогджээ.  

 

Шүүгдэгч Г.А нь урьд ял шийтгэгдэж байгаагүй болох нь “ЦЕГ-ын МСТ-ийн ял шийтгэлийн мэдээллийн сангийн бүртгэлд бүртгэгдээгүй” тухай ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас баримтаар /хэргийн 200х/ тогтоогдсон тул түүнийг тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх бөгөөд энэ нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан үзвэл зохих хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдал болох юм. 

 

Зам тээврийн осол хэрэг нь гэм буруугийн холимог хэлбэрээр үйлдэгдэх хэлбэрийн бүрэлдэхүүнтэй /шүүгдэгч нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон үйлдэл нь санаатай, уг үйлдлийн улмаас үүсэх хохирол, хор уршигт болгоомжгүй хандсан, мөн осол гарсан газрыг орхиж зугтаасан үйлдэл нь санаатай/  бөгөөд шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримт болон гэм буруугийн талаар маргаагүй, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоос амь хохирогчийг оршуулахтай холбоотой зардлын зарим болох 6.000.000 төгрөгийг хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид нөхөн төлсөн, үлдэх хохирлыг баримтаар нотлогдсон хэмжээнд нөхөн төлөхөө илэрхийлсэн зэрэг нөхцөл байдлыг шүүх ял шийтгэл оногдуулахдаа тус тус харгалзан үзэв.

 

Шүүх, шүүгдэгчид ял шийтгэл оногдулахдаа тэрээр анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, эрүүгийн хариуцлага гарцаагүй байх гэм буруугийн зарчим, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх шударга ёсны зарчим болон эрүүгийн хариуцлагын зорилгод тус тус нийцүүлэн Эрүүгийн хуулийн тухайн зүйл, хэсэг, заалтад заасан ялын төрөл, хэмжээний дотор хорих ял оногдуулж, уг оногдуулсан хорих ялын нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэв.    

 

Шүүгдэгч Г.Ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1 заалтад зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 05 /тав/ жилийн хугацаагаар хасаж, 04 жил /дөрөв/ 01 /нэг/ сарын хугацаагаар хорих ялаар,  

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1350 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.350.000 /нэг сая гурван зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэж, мөн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан ялуудыг нэмж нэгтгэн, шүүгдэгчийн биечлэн эдлэх ялын нийт хэмжээг тогтоож шийдвэрлэсэн болно.     

 

Шүүгдэгч Г.Ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1 дэх заалтад зааснаар оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 05 /тав/ жилийн хугацаагаар хасаж, 04 /дөрөв/ жил 01 /нэг/ сарын хугацаагаар хорих ялд мөн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1350 /нэг мянга гурван зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.350.000 /нэг сая гурван зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялыг, торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг хорих ялын нэг хоногт тооцон нэмж нэгтгэн, биечлэн эдлэх ялыг нийт тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 05 /тав/ жилийн хугацаагаар хасаж, 04 /дөрөв/ жил 04 /дөрөв/ сарын хугацаагаар хорих ялаар тогтоож, уг ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож шийдвэрлэв

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцно гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тодорхойлж хуульчилсан бөгөөд “Бусдын эрх, амь нас, эрүүл мэндэд ... санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй гэж, ...хохирогч нас барсан бол түүнийг оршуулахтай холбогдсон зайлшгүй зардал болон гэм хор учруулсны төлбөрийг түүний өв залгамжлагч шаардах эрхтэй” талаар Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 508 дугаар зүйлийн 508.1, 508.2 дахь хэсэгт тус тус зааж зохицуулсан.

 

Зам тээврийн осол хэргийн улмаас амь хохирсон Б.Цыг оршуулахтай холбоотой гарсан зардалд хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөс 84.328.750 төгрөг нэхэмжилсэн баримт, хохирлын тооцоог хэрэгт гаргаж өгсөнөөс /хэргийн 54-84/ шүүгдэгч Г.А нь 6.000.000 төгрөгийн хохирол нөхөн төлж барагдуулсан нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байна.

 

Иргэний хуулийн 508 дугаар зүйлд заасан хохирогч нас барснаас учирсан гэм хорын хохирол, нөхөн төлбөрт сэтгэл санааны хохирол хамаарах талаар зохицуулсан заалтгүй тул хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөс сэтгэл санааны хохирол гэж 50.000.000 төгрөг нэхэмжилсэн шаардлагыг шүүх хангаж шийдвэрлэх хуулийн үндэслэлгүй байна.

 

Мөн амь хохирогч нь автомашины лизингийн зээлтэй байсан, гэрээний дагуу сар бүр 450.000 төгрөг төлдөг байсан, өөрийн автомашинаар хувиараа такси үйлчилгээ эрхлэн амьжиргаагаа залгуулдаг байсан хэмээн тайлбарлаж зээлийн гэрээний төлбөрийн үлдэгдэл 4.800.000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулна гэх шаардлагын тухайд хэргийн 85-88 дугаар талд авагдсан Лизингийн зээлийн болон барьцааны №108020120049 дугаартай, барьцааны №108020120049 дугаартай гэрээ нь тус тус “Транс капитал” ББСБ, иргэн Болд овогтой Соёлжаргал нарын хооронд байгуулагдсан зээл, тооцооны үүрэгтэй холбоотой, уг гэрээний дагуу амь хохирогч Б.Ц үүрэг хүлээсэн заалтгүй, тэрээр зээлдэгч болон хамтран зээлдэгчийн хувиар зээлдүүлэгийн өмнө үүрэг хүлээсэн этгээд биш байна.

Тус банк бус санхүүгийн байгуулагаас авсан зээлийг зээлдэгч нь дээрх гэрээний хугацаанд амь хохирогч Б.Цд дамжуулан зээлдүүлсэн гэх баримт нотолгоо хэрэгт авагдаагүй тул зээлийн гэрээний төлбөрийн үлдэгдэл гэх 4.800.000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулах шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэл тогтоогдохгүй байна.

 

Түүнчлэн 21, 49 хоног хураах болон гандан хийдэд ном уншуулсан, зул өргөсөн гэх зэрэг шашины зан үйлтэй холбоотой зардлууд нь гэмт хэргийн шууд хохирол, хор уршигт тус тус тооцогдохгүй тул хохирогчийн нэхэмжлэлээс амь хохирогчийг оршуулах ажилагаатай холбоотой шашаны зан үйлийн зардал гэх  2.599.472 төгрөгийн шаардлагыг шүүх хангаж шийдвэрлэх боломжгүй юм.

 

Иймд дээр дурьдсан үндэслэлээр хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Аын гаргасан 84.328.750 төгрөгийн үнийн дүн бүхий нэхэмжлэлээс баримтаар нотлогдсон хэмжээнд хангагдвал зохих 26.079.277 төгрөгийн шаардлага буюу талийгаачийн 2015 оны 01 сарын 21-ны өдөр төрсөн /4нас 1 сартай/ хүү Хатанболдын тэжээгчээ алдсаны тэтгэмжийн зөрүүг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 240.000 төгрөгөөс тогтоогдсон тэтгэмж 155.000 төгрөгийг хасаж тооцсон зөрүү 85.000 төгрөгөөр тооцож, 18 нас хүртэл буюу тэтгэлэг тогтоосон 2018 оны 10 сарын 30-наас 2033 оны 01 сарын 21-ны өдөр хүртэлх 159 сар 21 хоногийн хугацаагаар тооцож /хэргийн 110х тэжээгчээ алдсаны тэтгэврийн дэвтэр/  нийт 13.574.499 төгрөг, талийгаачийн оршуулгын зардлын 10.500.528 төгрөг, оршуулах ажиллагаанд Хятад улсаас ирж оролцсон дүүгийн замын зардал 1.004.250 төгрөг, өмгөөлөлийн үйлчилгээний хөлс 1.0 сая төгрөгийн шаардлага бүхий нэхэмжлэлийг шүүх хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэсэн болно. Үүнээс шүүгдэгчийн мөрдөн шалгах ажиллагааны явцад төлсөн 6.0 сай төгрөгийг хасаж шүүгдэгч Г.Агаас гэм хорын хохиролд 20.079.277 төгрөг гаргуулж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Ад олгохоор шийдвэрлэж, нэхэмжлэлээс үлдэх сэтгэл санааны хохирлын 50.0 сая төгрөг, зээлийн гэрээний төлбөрийн үлдэгдэл гэх 4.800.000 төгрөг, шашины зан үйлтэй холбоотой зардал 2.599.472 төгрөг, мөн хүүхдийн тэжээгчээ алдсаны тэтгэмжийн зөрүүгээс илүү тооцооллын алдаа гаргасан зөрүү 851.000 төгрөг, нийт 58.249.473 /тавин найман сая хоёр зуун дөчин ёсөн мянга дөрвөн зуун далан гурав/ төгрөгийн шаардлагыг тус тус шүүх хангахаас татгалзаж шийдвэрлэсэн болно.

 

Мөн хэрэгт “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” 2018 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 16 дугаартай прокурорын  тогтоолоор /хэргийн 30-31х/ битүүмжлэгдсэн Тоёота премио маркийн 33-29 СЭА улсын дугаартай, 01954137 дугаартай гэрчилгээ бүхий шүүгдэгчийн өөринх нь эзэмшил ашиглалтад тээврийн хэрэгслийн улсын бүртгэлд бүртгэлтэй /хэргийн 202х/, Г.Агийн эзэмшлийн тээврийн хэрэгслийг хохирол нөхөн төлүүлэх, шүүгдэгчийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн 944041 дугаартай үнэмлэх баримтыг шүүхээс түүнд оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрх хассан нэмэгдэл ялын хэрэгжилтийг хангуулахаар тус тус Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад шилжүүлж шийдвэрлэх нь “гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилсан сэргийлэх” эрүүгийн хариуцлагын зорилго, зорилтод нийцнэ гэж үзлээ.  

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хяналтын камерын бичлэг бүхий CD нэг ширхэгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хэргийн хадгалах хугацаанд хэрэгт хавсарган үлдээхээр шийдвэрлэсэн болно.

 

Энэ хэрэгт шүүгдэгч Г.А нь цагдан хоригдоогүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдаж шийдвэрлэв.  

 

Дээр дурьдсан үндэслэлээр шүүгдэгч Г.Агийн өмгөөлөгчөөс: “...явган зорчигч Б.Ц нь өөрийгөө хянах, жолоодох чадваргүй, хүнд зэргийн согтолттой байх үедээ замын хөдөлгөөнд оролцож, МУ-ын Замын хөдөлгөөний дүрмийн холбогдох хэм хэмжээг зөрчсөн, энэ нь тухай осол хэрэг гарахад шууд нөлөөлсөн хохирогчийн буруутай байдал тогтоогдсон тул эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л баримтыг шалгасан боловч сэжигтэн яллагдаж шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд, эргэлзээ гарвал ашигтайгаар шийдвэрэлх Эррүийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн зохицуулалтын дагуу өөрийн үйлчлүүлэгчид холбогдох эрүүгийн хэрэгийг хэрэгсэхгүй болгож, цагаатгаж өгнө үү” гэсэн санал дүгнэлт гаргасж мэтгэлцсэнийг шүүх хүлээн авч хангах хуулийн үндэслэлгүй гэж дүгнэсэн болохыг тэмдэглэх нь зүйтэй. 

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг,  36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон 

                                                            ТОГТООХ нь:

 

1. С овогт Г-ын Аг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1 дэх заалтад заасан “Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохирсон гэмт хэргийг согтуурсан үедээ үйлдсэн гэм буруутайд,  

- Мөн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан Авто тээврийн гэмт хэрэг үйлдсэн жолооч хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2. С овогт Г-ын Аг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1 дэх заалтад зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 05 /тав/ жилийн хугацаагаар хасаж, 04 /дөрөв/ жил 01 /нэг/ сарын хугацаагаар хорих ялаар,  

- мөн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1350 /нэг мянга гурван зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.350.000 /нэг сая гурван зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасныг журамлан Г.Ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1350 /нэг мянга гурван зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.350.000 /нэг сая гурван зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялыг, торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг хорих ялын 01 /нэг/ хоногоор дүүцүйлэн тооцсон 90 /ер/ хоног буюу 03 /гурав/ сарын хугацаагаар хорих ялд мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1 дэх заалтад зааснаар оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 05 /тав/ жилийн хугацаагаар хасаж, 04 /дөрөв/ жил 01 /нэг/ сарын хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн, түүний биечлэн эдлэх ялыг бүгд тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 05 /тав/ жилийн хугацаагаар хасаж, 04 /дөрөв/ жил 04 /дөрөв/ сарын хугацаагаар хорих ял гэж тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Г.Ад оногдуулсан 04 /дөрөв/ жил 04 /дөрөв/ сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

 

5. Эрүүгийн хуулийн 5.7 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт заасныг баримтлан Г.Ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 05 /тав/ жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялыг түүнд оногдуулсан 04 /дөрөв/  жил 04 /дөрөв/ сарын хугацаагаар хорих ялыг эдэлж дууссан үеэс эхлэн тоолсугай. 

 

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан Г.Агаас гэм хорын хохиролд 20.079.277 /хорин сая далан есөн мянга хоёр зуун далан долоо/ төгрөг гаргуулж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хороо, 21-61 тоотод оршин суух хаягтай Т овогт Б-н Ад /РД:/ олгож, нэхэмжлэлээс үлдэх 58.249.473 /тавин найман сая хоёр зуун дөчин ёсөн мянга дөрвөн зуун далан гурав/ төгрөгийн шаардлагыг хангахгүй орхисугай.

 

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан хэрэгт битүүмжлэгдсэн 33-29 СЭА улсын дугаартай, №01954137 дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээ бүхий, Г.Агийн эзэмшлийн Тоёота Премио маркийн тээврийн хэрэгслийг гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг нөхөн төлүүлэх зорилгоор, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн  №944041 дугаартай үнэмлэх баримтыг Г.Ад оногдуулсан эрх хасах нэмэгдэл ялын хэрэгжилтийг хангуулахаар тус тус Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад шилжүүлж, шийтгэх тогтоолын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг тухайн байгууллагад даалгаж шийдвэрлэсүгэй.    

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн хураагдаж ирсэн бичлэг бүхий CD нэг ширхэгийг эрүүгийн хэргийн хадгалах хугацаанд хэрэгт хавсарган үлдээсүгэй.

 

9.  Энэ хэрэгт Г.А нь цагдан хоригдоогүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдсугай.

 

10. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба Г.Ад урьд авсан хувийн баталгаа гаргах, Монгол Улсын хилээр гарахыг хориглосон хязгаарлалт тогтоох таслах сэргийлэх арга хэмжээг тус тус өөрчлөн цагдан хорьж, түүний эдлэх ялыг 2019 оны 02 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн тоолсугай.

 

11. Ялтан, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

 

12. Эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд ялтан Г.Ад урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтсугай.  

 

 

 

 

                          ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                 С.БАЗАРХАНД