Улсын дээд шүүхийн Тогтоол

2022 оны 03 сарын 10 өдөр

Дугаар 55

 

                  Э.Б, Ш.Т нарт холбогдох

                                                         эрүүгийн хэргийн тухай                                           

Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Ч.Хосбаяр, шүүгч Б.Амарбаясгалан, Б.Батцэрэн, Б.Цогт, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын Ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор О.Сарангэрэл, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Г, шүүгдэгч Э.Бийн өмгөөлөгч А.Очбадрал, шүүгдэгч Ш.Тын өмгөөлөгч Б.Тэнгис, Ц.Цэцэгсүрэн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Уранбилэг нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 08 дугаар сарын 18ы өдрийн 572 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 16ы өдрийн 1057 дугаар магадлалтай, Э.Б, Ш.Т нарт холбогдох 1809000001206 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгч Э.Б, түүний өмгөөлөгч А.Буяндэлгэр, А.Очбадрал, шүүгдэгч Ш.Т, түүний өмгөөлөгч Ц.Цэцэгсүрэн, Б.Тэнгис нарын гаргасан гомдлыг үндэслэн 2022 оны 02 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, шүүгч Б.Батцэрэнгийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

1.Монгол Улсын иргэн, 1998 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр төрсөн, эрэгтэй, урьд 2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 552 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3-т заасныг журамлан тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 01 жил 06 сар хорих ял шийтгүүлж, 2018 оны 10 дугаар сарын 09-ний өдөр ялын хугацаа дуусч суллагдсан, Хаад боржигон овогт Э.Б,

2.Монгол Улсын иргэн, 1983 оны 07 дугаар сарын 04-ний өдөр төрсөн, эрэгтэй, ял шийтгэлгүй, Хаад боржигон овогт Ш.Т.

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Э.Б, Ш.Т нарыг бүлэглэн 2018 оны 11 дүгээр сарын 27-ноос 28-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 10 дугаар хорооны нутагт дэвсгэрт байрлах “Бүрт” зочид буудлын 402 тоот өрөөнд иргэн Г.Быг бүлэглэн зодож алсан гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2.11-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шүүгдэгч Ш.Т, Э.Б нарыг бүлэглэн хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2.11-д зааснаар шүүгдэгч Ш.Тыг 13 жил 06 сар хорих ял, шүүгдэгч Э.Бийг 12 жил 06 сар хорих ялаар тус тус шийтгэж, шүүгдэгч нарт оногдуулсан хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож,

Ш.Тын 448 хоног, Э.Бийн 813 хоног цагдан хоригдсоныг шүүгдэгч тус бүрийн эдлэх ялд нь оруулан тооцож, эд мөрийн баримтаар хураагдсан нэг ширхэг СD-г хавтаст хэрэгт хавсарган үлдээж,

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.2, 508 дугаар зүйлийн 508.2, 508.4 дүгээр зүйлийн 508.4.1, 508.4.3-т тус тус зааснаар 12.240.000 төгрөгийг хувь тэнцүүлэн шүүгдэгч Ш.Т, Э.Б нараас тус бүр 6.120.000 төгрөгийг гаргуулан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Гт олгуулах, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн гаргасан нэхэмжлэлээс 25.460.000 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, хохирогч нь өөрт учирсан бусад хохирлоо Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу нэхэмжлэх эрхтэйг дурдаж шийдвэрлэсэн байна.

Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Э.Б, түүний өмгөөлөгч А.Буяндэлгэр, А.Очбадрал, шүүгдэгч Ш.Т, түүний өмгөөлөгч Ц.Цэцэгсүрэн нарын гаргасан давж заалдах гомдлыг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгч Э.Б гаргасан гомдолдоо “...Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийг ноцтой зөрчсөн гэж үзэж хяналтын шатны шүүхэд гомдол гаргаж байна.

Анхан болон давж заалдах шатны шүүх намайг бүлэглэж санаатай хүнийг алсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон. Би хүнийг санаатай бүлэглэж алах гэмт хэргийг Ш.Ттай бүлэглэж үйлдээгүй. Харин Ш.Т өөрийн үйлдсэн хэргээ нуун далдлах, үгүйсгэх, ял завших, намайг үйлдсэн мэт болгох гэсэн оролдлогын золиос болсон юм. Хилс хэрэгт 12 жил 06 сар хорих ял эдэлнэ гэдэг надад үнэхээр хэцүү байна. Амьдрал минь дөнгөж эхлэж, одоо эхнэр маань төрсөн, хүүхэд маань долоохон хоног ч болоогүй энэ өдрүүдэд хилсээр ял шийтгэл эдлэх болсондоо харамсаад барахгүй нь. Үнэн хэзээд ялдаг гэдэгт би итгэж явдаг. Би ээжийн маань төрсөн дүү Ш.Т ахыг “согтуу байна, ирээд авчих” гэхээр нь л очсон. Гэтэл хүмүүстэй муудалцаж, надтай элбэж тэр хүмүүсийг зодох гэж дуудсаныг мэдээгүй. Гэхдээ би тэр зодоонд оролцоогүй юм.

Учир нь би өмнө нь хэрэгт холбогдож ял эдэлж байсан, уурын мунхагаас болж ээжийгээ, гэр бүлээ зовоох үйлдэл гаргахгүй байхыг хичээдэг учраас уг зодоонд оролцолгүй нагац ах Ш.Тыг салгасан юм. Тэгээд ч тэр буудалд ороход талийгаач, Э хоёр согтуу, эсэргүүцэл үзүүлэх ямар ч чадваргүй, хүнд хэмжээний согтолттой байсан. Тийм байдалтай байгаа хүмүүсийг өмнө нь огт танихгүй байж шууд цохиж, зодох ухамсар надад байхгүй. Харин Ш.Т өмнө нь муудалцсан учраас өш санасан бололтой цохиж зодсон. Намайг өөртэй нь цуг тэдгээр хоёр хүнийг зодсонгүй гэж уурлан “Чи муу хоёр архичныг өмөөрлөө” гэж намайг хүртэл цохих гэж байсан.

Иймд дараах нөхцөл байдлыг анхаарч, хэргийг үнэн зөвөөр шийдвэрлэж өгөхийг хичээнгүйлэн хүсье.

1.Талийгаачийн үхэлд хүргэсэн гэмтэл нь нэг удаагийн хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн болохыг хавтаст хэрэгт авагдсан шинжээчийн дүгнэлт, гурван шинжээч эмчийн мэдүүлгээр тогтоож өгсөн байна. Үүнд:

- Шинжээч эмч Ц.Бадралын “Нүүрэнд учирсан гэмтэл нь нийлмэл учир нэг удаагийн мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой” гэсэн мэдүүлэг /4хх-121/,

- Шинжээч эмч Ш.Цэцэгмаагийн “Уг гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн цохих үед үүсч болно” гэсэн мэдүүлэг /1хх-232/,

- Шинжээч эмч Н.Туяагийн “Талийгаачид учирсан дээрх гэмтлүүд нь нүүрний нэг хэмд буюу нэг түвшинд учирсан гэмтэл байх тул нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой” гэсэн мэдүүлэг.

Гэтэл анхан болон давж заалдах шатны шүүх намайг бүлэглэж хүнийг санаатай алсан гэж зүйлчилж байгаа нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн ноцтой алдаа гэж үзэж байна. Гэмт хэрэг бүлэглэж үйлдэнэ гэдэг нь миний бодлоор гэмт хэрэг үйлдэхдээ үйл ажиллагаагаа нэгтгэх санаа зорилго, сэтгэхүйн харьцаа нь тогтоогдох, мөн Т бид хоёрын хэн нь гүйцэтгэгч юм бэ. Хоёулаа гүйцэтгэгч гэж үзвэл хохирогчид учирсан хоёр өөр төрлийн гэмтэл тогтоогдож, хоёулаа үхэлд хүргэх гэмтэл байх ёстой болов уу. Үүнийг ялгаж, салгалгүй шууд бүлэглэж үйлдсэн гэж шүүх үзсэн нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэж байна.

2.Ш.Т нь намайг энэ хэрэгт гүтгэж холбогдуулаад өөрөө хариуцлага хүлээхгүй, ял завшихын тулд худал мэдүүлэг өгдөг ба энэ нь олон гэрчийн мэдүүлгээр худлаа ярьж байгаа нь тогтоогдсоор байтал Ш.Тын мэдүүлгээр намайг буруутгаж байгаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан олон заалт, зарчмууд зөрчигдөж байна.

Ш.Т нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “Эыг татаад түрийвч хаана байна вэ гэж хэлтэл Э орноосоо доош унасан. Тэгээд эргээд хартал талийгаачийн толгой дээр нь Э.Б дэвсэх гэж байсан. Тэгэхээр нь би Э.Бийг түлхээд “Хүн алах чинь дутаа юу” гээд аваад гарсан. Э.Б гарсан хойноо камерт бичигдээгүй байгаа гэхээр нь би Ч (Э) рүү залгаад “Танайх камертай юм уу. Танай буудалд хүнтэй маргалдсан чинь манай дүү хүн цохичихлоо” гэж мэдүүлсэн.

Энэ нь Ш.Тын мэдүүлэг бүхэлдээ худлаа, намайг энэ хэрэгт буруутган өөрөө ял завших зорилгоор худал зүйлийг үнэн мэт болгох гэсэн оролдлого юм. Ш.Тын мэдүүлэг бүгд үгүйсгэгддэг. Үүнд:

- “Эыг татаад түрийвч хаана байна вэ? гэж хэлтэл Э орноосоо доош унасан” гэдэг мэдүүлэг худлаа. Талийгаачийг шууд өшиглөөд дараа нь Эыг цохиж зодсон. Үүнийг гэрч Н 2021 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн шүүх хуралд гэрчээр өгсөн мэдүүлэгт тодорхой дурддаг. Үүнд “Тэгсэн чинь Ш.Т талийгаачийн нөгөө залууг араас нь өшиглөөд, цээж рүү нь цохиод байгаа харагдсан” гэснээр Ш.Тын худал мэдүүлэг нь тогтоогддог.

- “Тэгээд эргээд хартал талийгаачийн толгой дээр Б дэвсэх гэж байсан. Тэгэхээр нь би Бийг түлхээд “Хүн алах чинь дутаа юу” гээд аваад гарсан” гэж мөн л худлаа мэдүүлсэн. Үүнийг гэрч Н мөн л үгүйсгэж шүүх хуралд мэдүүлэхдээ “Үүд нь бүтэн дэлгээстэй онгорхой, Ш.Т намайг хальт хараад Э.Бийг гаръя гээд гараад явсан. Бүдүүн залуу цаад талд нь, туранхай залуу наад талд нь байсан” гэсэн мэдүүлгээр намайг талийгаачийг дэвсэх гэж байсан гэдэг нь үгүйсгэгдэж, мөн л Т худлаа мэдүүлсэн.

- “Би Ч рүү залгаад “Танайх камертай юм уу. Танай буудалд хүнтэй муудалцсан чинь манай дүү хүн цохичих шиг боллоо, хөгшөөн” гэж худал мэдүүлсэн. Мөрдөн байцаалтын шатанд Д.Э /3хх-158/ мэдүүлэхдээ “Танай камер бичлэгээ хадгалдаг юм уу, бичлэг хийдэг юм уу” гэхээр нь ажилдаг гэхэд “Камерийн бичлэгийг устгаж болдог юм уу. Бичлэгээ устгачихаарай” гэж хэлээд салгасан гэж мэдүүлдэг. Энд ямар ч дүү хүн зодчихлоо гэж хэлсэн талаар мэдүүлээгүй. Үүнээс үзэхэд Ш.Т нь өөрөө ялаас мултарч, намайг талийгаачийг цохисон болгохын тулд бүх зүйлийг худлаа мэдүүлж байгааг шүүх харгалзан үзнэ гэдэгт итгэлтэй байна.

3.Ш.Т өөрийн үйлдсэн хэргээ булзааруулж, намайг үйлдсэн болгохын тулд маш олон хууль бус үйлдэл хийсэн. Үүнд:

- Миний найз охин Бт намайг үг захин дамжуулсан болгож хуурч мэхлэн миний эсрэг мэдүүлэг өгүүлж хуурамч нөхцөл байдлыг зохиож яриулан шүүхэд мэдүүлэг өгүүлсэн. Энэ нь сая илэрч анхан шатны шүүхэд Б үнэн зөвөөр мэдүүлэг өгсөн. Шүүхийн хэлэлцүүлэгт Б мэдүүлэхдээ “Шүүх хуралдаанд гэрчээр оролцохын өмнө над дээр Бийн ахын эхнэр гээд хүн ирж уулзаад “Б ийм захиа өгч байна” гээд гараар бичсэн захианы зургийг утсан дээрээс уншуулсан. Тэр захианд “Намайг ингээд хэлээд өгөөч” гэсэн зааварчилгаа бүхий захиа байсан. Би захианых нь дагуу өмнөх шүүх хуралдаанд худал мэдүүлэг өгсөн. Ямартай ч захианд “Намайг тэр орой ирээд хүн цохиод алчихлаа” гэх утгатай мэдүүлэг өгчих гэсэн захиа байсан. Би худал мэдүүлэг өгвөл хуулийн хариуцлага хүлээнэ гэдгийг ойлгосон боловч би Э.Бийн захиа гэхээр нь тэр захианы дагуу худал мэдүүлэг өгсөн. Тэр орой тийм зүйл яриагүй” гэж мэдүүлэг өгсөн байна.

- Ш.Т өмгөөлөгч нараа надтай уулзуулж удаа дараа энэ хэргийг үүрч худал мэдүүлэг өгөхийг шаардаж, ятгах, айлгах, залилах гэж оролдсон. Үүнийг аль ч шатны шүүх дээр хэлсэн. Ш.Тын өмгөөлөгч нар болох Даваадорж өмгөөлөгч 461 дүгээр ангид 42 удаа уулзсан, Цэцэгсүрэн өмгөөлөгч 409 дүгээр ангид 4 удаа, Мөнхбаяр өмгөөлөгч 461 дүгээр ангид 6 удаа уулзсан нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогддог.

Мөн 2021 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын 7, 8 дугаар хуудсанд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Гийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “Маш их гомдолтой байна. Тэр тусмаа Ш.Тт маш их гомдолтой байна. Ш.Т энэ хүүхдийг дуудан ирүүлж энэ асуудалд хутгасан. Хоёрдугаарт энэ хүмүүс давж заалдах шатны шүүх хуралдаан дээр хүн алсан хүн ингээд явж байна гэхэд Ц.Цэцэгсүрэн өмгөөлөгч мөнгөтэй хүн гардаг юм гэж хэлж байсан. Т миний нөхрийг алчихаад юм хэлэхээр над руу маш муухай хардаг. Би охин бид хоёрыг алчихаач л гэж хэлсэн. Хүнд гэмших гэмшил гэж байдаг бол Ш.Тт тийм зүйл алга” гэж мэдүүлсэн байдаг. Үүнээс үзэхэд Ц.Цэцэгсүрэн өмгөөлөгч Ш.Тын үйлдсэн хэргийг надад тохох гэж олон хууль бус үйлдэл хийсэн нь илхэнээ харагддаг. Надтай уулзахдаа хүртэл энэ хэргийг даачих, хүлээчих, Нийслэлийн давж заалдах шатны шүүхэд битгий даваарай гэж дарамт, шахалт үзүүлдэг байсан. Үүнийгээ Ц.Цэцэгсүрэн өмгөөлөгч би тийм үйлдэл хийгээгүй гэдэг боловч хохирогчтой харьцаж байгаагаас үзэхэд надад шахалт үзүүлсэн нь илэрхий болохыг шүүх харж үзнэ гэдэгт итгэлтэй байна.

- Ш.Т өөрийн багын найз Т.Бт үг зааж өгч, түүнийг гэрч болгон миний эсрэг ашигласан. Гэрч Т.Б нь Ттай хорь гаруй жил найзалж, нөхөрлөсөн гэдэг. Гэрч Т.Б нь хэрэг болсон цаг хугацаанаас хойш 1 жил орчмын дараа Ш.Тын өмгөөлөгч Мөнхбаяр нь гэрчээр Б, Б нарыг асуулгах хүсэлт өгсөн бөгөөд гэрч Б нь худал мэдүүлэг өгсөн, энэ хэрэгт зохиомол гэрч болдог. Гэрч Т.Б худал мэдүүлэг өгсөн нь Т.Бын болон Ш.Т нарын өгсөн мэдүүлгүүдээр нотлогддог юм. Ш.Т мэдүүлэхдээ “Э.Бийг талийгаач цохиж байхыг хараагүй” гэдэг. Гэтэл Т.Б нь “...Тэгээд Т хажуунаас “Бийг өшиглөхөд нэг сонин “түг” гээд дуугарсан. Тэгэхээр нь би Бийг “Чи яаж байгаа юм бэ. Одоо боль” гээд аваад гарсан гэж хэлсэн” хэмээн мэдүүлдэг. Ш.Т нь Т.Бт ярихдаа “Бийг цохихыг харсан, цохилтын дууг сонссон” гэж хэлсэн. Харин Ш.Т хараагүй гэж мэдүүлэг өгсөн бөгөөд зориуд зохиомол зүйл бий болгож байгаа нь харагддаг.

Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлалыг бүхэлд нь хүчингүй болгож, Э.Б надад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгч Э.Бийн өмгөөлөгч А.Буяндэлгэр гаргасан гомдолдоо “...Магадлалд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй. Шүүхээс Э.Бийг гэм буруутайд тооцохдоо Ш.Ттай бүлэглэн бусдын амь насыг хохироосон гэж дүгнэсэн. Гэтэл ШШҮХ-ын шинжээч эмч Ц.Бадралын “... нүүрэнд учирсан гэмтэл нь нийлмэл учир нэг удаагийн мохоо зүйлийн үйлчлэлээр үүсэх боломжтой... /4хх-121/ гэсэн мэдүүлэг, мөн “Талийгаачид учирсан гэмтэл нь нэг удаагийн үйлчлэлээр үүсэх боломжтой бөгөөд зүүн хацар, зүүн нүдний ухархайн дотор хана, зүүн хоншоор ясны хугарал гэмтэл учирч, улмаар амьсгалын зам руу цус алдан амьсгалын замын механик бүтэлтэд орж нас барсан” гэсэн шинжээчийн дүгнэлт байдаг. Гэтэл шүүх Э.Бийг бүлэглэн бусдын амь насыг бүрэлгэсэн гэж шинжээчийн дүгнэлтийн эсрэг дүгнэлт гаргасан.

Мөн гэрч Н.Н “...402 тоот өрөөнд нөгөө гурван залуу орчихсон хоорондоо дуу нь өндөрсөөд чанга чанга яриад байсан. Тэр үед би очоод хүмүүс амарч байна гэж хэлэхэд бид зүгээрээ гэж хэлж байсан. 23 цагийн үед хоорондоо хэрэлдээд байгаа юм шиг чимээ гараад байсан. Тэгэхээр нь би дахиж очоод хүн амьтан унтаж байна гэж хэлсэн ...Тэр хоёр үг хэлэхийн завдалгүй дээшээ өгсөөд явахаар нь би араас нь дагасан. Тэр хоёр шууд 402 руу орчихоор нь би араас нь очиж байхад пид пад гэх чимээ гарч байсан бөгөөд өрөөнийх нь хажууд очсон чинь бүдүүн залуу талийгаачтай хамт байсан залууг өшиглөөд цээж рүү нь цохиж байгаа харагдсан. Үүд нь бүтэн дэлгээстэй онгорхой, Ш.Т намайг хальт хараад Э.Бийг гаръя гээд гараад явсан. Тэр хоёр шатаар бууж байхдаа бүдүүн залуу нөгөө хүүхдэд “чи муу” гэж хэлж байсан. Цааш нь юу гэж хэлснийг нь сонсож чадаагүй. ...Бүдүүн залуу цаад талд нь туранхай залуу наад талд нь байсан” гэж  мэдүүлсэн /1хх-148/,   

хатуу дискэнд үзлэг хийсэн тэмдэглэлээр 00:00:00 минутанд Ш.Т түрүүлээд араас нь Э.Б буудлын өрөө рүү ороход 16 сек дараа 00:00:16 гэрч Н өөрөө рүү харж байдаг бөгөөд Т Б нарын өрөөнд байсан хугацаа 47 сек орчим үргэлжилдэг. /1хх-119/

16 секундээс хойш болсон үйл явдлыг гэрч Н харж байгаа нь камерын бичлэгт үлдсэн бөгөөд Ш.Тын мэдүүлж байгаа шиг Э.Б талийгаачийн толгой дээр дэвсэх гэж байсан хөлийг нь Ш.Т өшиглөөд аваад гараад явсан гэх үйл баримтыг гэрч Н мэдүүлдэггүй.

Гэрч Э “Б ах бүдүүн залуу хоёр хоорондоо микроны талаар юм ярьж байгаад сүүлдээ бүдүүн залуу талийгаачийг хоёр талруугаа татаж унагаагаад байхаар нь би “битгий миний ахыг дээрэлхээд байгаарай” хэлж байсан. Тэгээд би тэр залуутай барьцалдаж авсан. Талийгаач бүдүүн залуугийн урд зогсоод ярьж байхад тэр бүдүүн залуу талийгаачийг заамдаж аваад хүүхэд шиг хоёр тал руугаа унагаж шидээд байхаар нь би тэр залууд “ахыг битгий дээрэлхээд байгаарай” гэж хэлсэн. Би тэр залууд “чиний том биенээс чинь айхгүй шүү” гэж хэлж байсан. Талийгаачийн хажууд тэр залуу маш том биетэй залуу байсан. Анх мэдүүлэг өгөхдөө сандарч балмагдаж байсан гэж мэдүүлдэг.

Гэтэл Ш.Т мэдүүлэхдээ... ”би буудлын өрөөнд түрийвчээ авах гэж  орсон, Эыг зодоогүй” гэж мэдүүлдэг бол Э.Б мэдүүлэхдээ “Ш.Т ах гэрч Эын дээр суугаад цохиж зодоод байсан, би салгах гээд Ш.Т ахыг татахад Эын өмд урагдсан”, гэрч Нийн “Эыг Ш.Т цохиод өшиглөөд байсан”, гэрч Эын... “өглөө сэрэхэд хамаг бие хөндүүрлэсэн, өмд урагдсан байсан” гэх зэрэг мэдүүлгээр Ш.Тын мэдүүлэг үгүйсгэгддэг бөгөөд Ш.Тын мэдүүлгүүд нь тогтворгүй, анх гэрчээр мэдүүлэг өгөхдөө талийгаач болон гэрч Э нарыг муудалцаад байж байсан гэж мэдүүлж байсан бол буудалд түрийвч авахаар орохдоо нэг бол түрийвчээ аваад гарсан, олоогүй гарсан, гудас сөхөж үзээд байгаагүй, аль эсвэл ширээний дор унасан байсныг авсан гэх мэтээр өгсөн мэдүүлгүүд бүгд зөрүүтэй бөгөөд ямар ч нотлох баримтаар нотлогддоггүй. Мөн Ш.Т мэдүүлэхдээ: “Би Атай уулзаад цуг Нарантуул зах яваад Ад өчигдөр Бийг дуудсан чинь хүн зодчихлоо гээд болсон явдлын талаар хэлээд Бүрт төвийн хэрэг гарсан газар луу Аг оруулсан” гэж мэдүүлдэг.

Гэтэл гэрч А буюу Дэлгэрням 2019.09.09-ний өдөр мэдүүлэхдээ  “2018.11.28-ны 07:20 минутын үед Ш.Т над дээр алхаад хүрээд ирсэн, тэгээд 100 айл яваад ирмээр байна гээд нэг хүн рүү их олон залгаад байсан. Нөгөө хүн утсаа авахгүй байж байгаад эргүүлж залгахад ахын дүү 100 айл дээр хүрээд ир гэж байсан, удалгүй Э.Б ирсэн. Э.Бийг ирсэн чинь нөгөө хоёрын нэг нь нас барчихсан байна ш дээ гэсэн чинь Мөнхөө юу ч дуугараагүй. Тэгээд Мөнхөө найз охинтойгоо уулзаадхая гээд 17 сургуулийн автобусны буудлын гудманд зогсож хүлээсэн. Удалгүй Ш.Тын найз Б нь жижиг машинтай хүрээд ирэхтэй зэрэгцээд Э.Бийн найз охин ирсэн. Ш.Т утсаар ярих болохоороо машинаас буугаад яриад байсан. Ш.Т надад юу ч яриагүй, ямар ч хэргийн талаар яриагүй” /Зхх-140/ гэж мэдүүлдэг бөгөөд Ш.Ттай Нарантуул зах хамт яваагүй, Э.Бийг дуудсан чинь хүн зодчихлоо гэж хэлсэн зүйл байдаггүй юм.

Түүнчлэн Ш.Т камерын бичлэгийг устгуулахаар санаархаж байсныг Э.Б хэрэг хүлээлгэх болон өөрт нь нөлөөлөхөөр оролдоод байгаа талаар анхан шатны хурал болохоос өмнө буюу 2019.08.21-нд өгсөн мэдүүлэгтээ тодорхой мэдүүлсэн байдаг. /Зхх-127/ Үүнд: “Намайг 461 ангид байхад мэдүүлэг битгий өгөөрэй, буудал руу түрийвч авах гэж орсон, ямар ч зодоон болоогүй гэж хэлээрэй гэж Ш.Т ах эргэлт уулзалтад орох үедээ хэлж байсан. Тэгээд Ш.Т ах надад Зулбаяр гэх өмгөөлөгч авсан байгаа гэж хэлж байсан. Ш.Т ах надад хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлнэ, мэдүүлэг өгч болохгүй шүү, цаг нь болохоор ах нь өөрөө хэргээ хүлээнэ гэж хэлсэн. Тэгээд намайг мэдүүлэг өгөхөөр бол түрийвч авах гэж орсон, ороод зодоон болоогүй, орны цаанаас түрийвч авах шиг болсон гэж хэлээрэй гэж надад хэлээд байсан. Сүүлдээ Ш.Т ах миний хэргийг үүрчих юм бол ах нь чамд том тус болно. 5 жил суугаад гараад ирэхэд чинь орох орон, машин тэрэг асуудалгүй гэж надад амаар болон бичгээр хэлсэн. Би удаан бодсоны эцэст үнэнгээ хэлсэн нь дээр гэж бодоод одоо болсон зүйлийг үнэн зөвөөр хэлж байна. Мөн шүүхийн шатанд бичгээр явуулсан гэж мэдүүлдэг.

Хэрэг болсон цаг хугацаанаас 1 жил орчмын дараа Ш.Тын өмгөөлөгч Мөнхбаяр Б, Б нарыг гэрчээр асуулгах хүсэлт өгсөн бөгөөд гэрч Б бол Тын багын найз бөгөөд 20 гаруй жил найзалж байгаагаа шүүхийн хэлэлцүүлгийн шатанд мэдүүлсэн. Гэрч Б мэдүүлэгтээЭ.Бтэй анх уулзахад буюу машинд хамт явж байхдаа Э.Б талийгаачийг би цохисон гэж хэлж байсан” гэж мэдүүлдэг ч дээрх мэдүүлэг нь үнэн зөв эсэх нь эргэлзээтэй байна. Учир нь хэрэг болсны маргааш Э.Б, Ш.Т, Б нар буудалд нас барсан хоёр хүний нэг нь нас барсан гэдгийг мэдэж байснаас хэн нь талийгаач болсон талаар мэдээгүй, мэдэх боломжгүй байсан. Дээрх гэрч Бын мэдүүлэг тухайн өдөр цуг явсан гэрч А буюу Дэлгэрнямын мэдүүлгээс эрс зөрүүтэй байгаа нь эргэлзээ төрүүлж байна.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн, эсхүл нөлөөлж болзошгүй нөхцөл байдал тогтоогдсон. Үүнд:

- Хэрэгт харилцан эсрэг сонирхолтой этгээдийн ар гэрээс гэрчид нөлөөлсөн байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдож байхад, өөрөөр хэлбэл Ш.Тын эхнэр н.Золжаргал шүүх хурлын өмнө гэрчийн худал мэдүүлэг өгүүлсэн талаар гэрч н.Б мэдүүлсэн. Гэрч н.Б шүүхэд 2020 оны 02 сарын 27-нд мэдүүлэг өгөхдөө Э.Бийг шөнө ирчээд би хүн цохичихсон чинь сэрэхгүй байсан гээд зөндөө уйлаад байсан гэж мэдүүлдэг бол 2021 оны 08 сарын 13-ны өдрийн шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ ...Шүүх хуралдаанд гэрчээр оролцохын өмнө над дээр Э.Бийн ахын эхнэр /Ш.Тын эхнэр Жагаа/ гээд хүн ирж уулзаад Э.Б ийм захиа өгч байна” гээд гараар бичсэн захианы зургийг утсан дээрээс уншуулсан. Тэр захианд намайг ингээд хэлээд өгөөч гэсэн зааварчилгаа бүхий захиа байсан. Би тэр захианых нь дагуу шүүхэд мэдүүлэг өгсөн. Тэр захианд намайг тэр орой ирээд хүн цохиод алчихлаа гэх утгатай захиа байсан, худал мэдүүлэг өгвөл хуулийн хариуцлага хүлээнэ гэдгийг ойлгосон боловч би Э.Бийн захиа гэхээр нь тэр захианы дагуу худал мэдүүлэг өгсөн. Тэр орой тийм зүйл болоогүй гэж мэдүүлдэг. Э.Б шүүхийн хэлэлцүүлэгт би Бт Ш.Тын эхнэрээр дамжуулж захиа өгч байгаагүй талаар мэдүүлдэг бол шүүхийн хэлэлцүүлэгт Ш.Т гэрч Бийн мэдүүлгийг үгүйсгээгүй бөгөөд манай эхнэр гэрч Бтэй очиж уулзсан талаар мэдүүлдэг бөгөөд утсан дээр нь захиа байгаа гэх зэргээр мэдүүлсэн.

- Шүүгдэгчид нөлөөлсөн байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдож байгаа.

Тын өмгөөлөгч нар болох н.Мөнхбаяр, н.Цэцэгсүрэн, н.Даваадорж нар Э.Бийг цагдан хоригдож байхад нь 461 болон 409 дүгээр хорих анги дээр удаа дараа очиж уулзсан бөгөөд давж заалдах шатны хуралдаан дээр тайлбар хийхдээ ар гэрээс нь очиж уулзаач гэж гуйж байсан гэж тайлбарласан боловч хэрэг нэмэлт мөрдөн байцаалтанд буцсанаар Э.Бийн ээж болох Ш.Эаас мэдүүлэг авсан. Гэрч Ш.Э мэдүүлэхдээ миний хүүтэй уулзаж байсан гэх өмгөөлөгч нараас Даваадорж гэх өмгөөлөгчтэй уулзаж байсан, бусад өмгөөлөгч нартай уулзаж холбогдож байгаагүй. Даваадорж өмгөөлөгч манай хүүг өмгөөлнө гэдэг байсан. Даваадорж өмгөөлөгчийн төлбөр мөнгийг нь Ш Тын эхнэр Золжаргал төлдөг байсан /5хх-37/.

Мөн Даваадорж өмгөөлөгч мөрдөн байцаалтын шатанд гэрчээр мэдүүлэхдээЭ.Бтэй 10 удаа уулзсан гэж мэдүүлдэг боловч 461 дүгээр ангийн лавлагаагаар 42 удаа уулзсан нь нотлогддог. Өмгөөлөгч хүртэл мөрдөн байцаалтын шатанд худал мэдүүлэг өгч байгаа нь хавтаст хэрэгт авагдсан бөгөөд шүүх энэ нотлох баримтынхаа эсрэг мэдүүлэг өгсөн эсэх дээр дүгнэлт хийгээгүй. Ш.Тын өмгөөлөгч Цэцэгсүрэн Э.Бтэй 409 дүгээр хорих анги дээр 4 удаа очиж уулзсан, Ш.Тын өмгөөлөгч Мөнхбаяр Э.Бтэй 461 дүгээр хорих анги дээр 6 удаа ирж уулзсан нь нотлох баримтаар тогтоогдож байгаа. Хэдийгээр дээрх өмгөөлөгч нараас мэдүүлэг авсан боловч Э.Бөд нөлөөлөөгүй гэдгийг хангалттай нотлох баримтаар тогтоож чадаагүй.

Иймээс өмгөөлөгчийн зүгээс хяналтын гомдол гаргаж байгааг минь хүлээн авч хэргийг үнэн зөвөөр шийдэж өгнө үү” гэжээ.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгч Э.Бийн өмгөөлөгч А.Очбадрал гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдааНийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 1057 дугаар магадлалд заасан дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй хэмээн үзэж энэхүү гомдлыг гаргаж байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн тухай:

1.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6-д зааснаар шүүхийн шийдвэр энэ хуулийн 36.2 дугаар зүйлд заасан шаардлагыг хангаагүй тохиолдолд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөнд тооцохоор хуульчилсан байдаг.

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 1057 дугаар магадлал нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг 36.2 дугаар зүйлд заасан шаардлагыг хангаагүй байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна” гэж хуульчилсан байдаг.

Тодруулбал, 1057 дугаар магадлалын тодорхойлох хэсгийн 18 дугаар хуудсанд байх шинжээч эмч Ш.Цэцэгмаагийн “уг гэмтэл мохоо зүйлийн нэг удаагийн цохих үед үүсч болно”, мөн шинжээч эмч Н.Туяагийн “талийгаачид учирсан дээрх гэмтлүүд нь нүүрний нэг хэмд буюу нэг түвшинд учирсан гэмтэл байх тул нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой”, шинжээч эмч Ц.Бадралын “нүүрэнд учирсан гэмтэл нь нийлмэл учир нэг удаагийн мохоо зүйлийн үйлчлэлээр үүсэх боломжтой” гэх мэдүүлгүүдийг үнэлэн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг давж заалдах шатны шүүхээс хэвээр үлдээсэн байдаг.

Магадлалын тогтоох хэсэгт амь хохирогчийг шүүгдэгч Ш.Т, Э.Б нар бүлэглэн алсан хэмээн шийдвэрлэсэн. Тусгай мэдлэгийн хүрээнд гарсан шинжээч эмч Ш.Цэцэгмаа, Н.Туяа, Ц.Бадрал нарын мэдүүлэг тайлбар, дүгнэлтийг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон магадлалд тусгасан байдаг. Өөрөөр хэлбэл шүүх өөрийн үнэлсэн нотлох баримтын эсрэг хууль зүйн дүгнэлт хийсэн ба шинжээчийн дүгнэлтээр нэг хүний, нэг удаагийн үйлчлэлээр амь хохирогчийн биед халдсанаар үхэлд хүргэсэн дээрх гэмтлийг авах боломжтой талаар дүгнээд байхад шүүх амь хохирогчийг шүүгдэгч нар бүлэглэн алсан хэмээн хууль зүйн дүгнэлт хийсэн нь шүүхийн шийдвэр ойлгомжтой байх хуульд заасан шаардлагыг хангаагүй буюу шүүх хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудын эсрэг шийдвэр гаргасан нь ойлгомжгүй юм.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6-д зааснаар шүүхийн шийдвэр энэ хуулийн 36.7 дугаар зүйлд заасан шаардлагыг хангаагүй тохиолдолд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөнд тооцохоор хуульчилсан. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар хэсэгт шүүх хэд хэдэн шүүгдэгчид холбогдох хэргийг шийдвэрлэж байгаа бол шүүгдэгч тус бүрийн үйлдэл, оролцоо, гэмт хэрэгт хамтран оролцсон хэлбэрийг шийтгэх тогтоолд тусгаж өгөхөөр хуульчилсан байдаг. Анхан болон давж заалдах шатны шүүхээс шүүгдэгч Э.Бийг хүнийг алах гэмт хэрэгт гэм буруутай хэмээн үзсэн нотлох баримтыг харахад шүүгдэгчийг уг гэмт хэргийг үйлдсэн гэх нотлох баримтууд эргэлзээтэй, хангалттай нотлох баримтаар шүүгдэгч Э.Б амь хохирогчийг алсан гэж нотолж чадаагүй байна.

Гэтэл анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрт шүүгдэгч Э.Бийн ямар үйлдэл, эс үйлдлийн улмаас амь хохирогч амь насаа алдах нөхцөл байдалд хүрсэн, шүүгдэгч Э.Бийн тус гэмт хэрэгт оролцсон оролцоо, хэрхэн, ямар үйлдлээр шүүгдэгч Ш.Ттай бүлэглэн амь хохирогчийн амь насыг хохироосон талаар оновчтой дүгнэлт өгч чадаагүй. Хэт ерөнхий байдлаар шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэсэн нь учир дутагдалтай болсон ба хоёр шатны шүүхийн шийдвэр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг хангаагүй юм.

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6-д зааснаар шүүхийн шийдвэр энэ хуулийн 36.7 дугаар зүйлд заасан шаардлагыг хангаагүй тохиолдолд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөнд тооцохоор хуульчилсан байдаг.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутайд тооцсон шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтын агуулга, шүүх тухайн нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны гэж үзсэн улсын яллагчийн дүгнэлт, өмгөөлөгчийн саналын үндэслэл болгосон баримт, иргэдийн төлөөлөгчийн дүгнэлтийг няцаан үгүйсгэсэн үндэслэлийг тусгахаар хуульчилсан байдаг. Гэтэл анхан болон давж заалдах шатны шүүх хуралдааны явцад шүүгдэгчийн өмгөөгчийн зүгээс хэрэгт нэмэлт ажиллагаа хийлгэх, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хэргийн бодит байдлыг эргэлзээгүй тогтоож чадаагүй, энэ гэмт хэргийг хэн үйлдсэнийг хангалттай нотлох баримтаар тогтоож чадаагүй байх тул хэрэгт нэмэлт ажиллагаа хийлгэх талаар гаргасан хууль зүйн үндэслэлтэй дүгнэлтүүдийг хэрхэн яагаад шаардлагагүй гэж үндэслэлээ шүүхийн шийдвэртээ тусгаагүй байгаа нь шүүхийн шийдвэр хуульд заасан шаардлагыг мөн л хангахгүй байгаа юм.

Эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэж гаргадаг шүүхийн шийтгэх тогтоол нь үндсэн хууль, олон улсын нийтээр хүлээн зөвшөөрсөн гэрээ эрхийн актуудад тодорхойлсон хүний үндсэн эрх, эрх чөлөөг төрийн нэрийн өмнөөс хязгаарладаг тул хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх шаардлага тавигддаг.

Гэтэл Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 2021/ДШМ/1057 дугаартай магадлал нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн ба хуульд заасан шаардлагуудыг хангаагүй юм.

Шүүхийн тогтоолд заасан дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүйн хувьд:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүх хуралдааны явцад нотолбол зохих байдлуудын талаар хуульчилсан байдаг.

1.Тус хэрэгт амь хохирогчийн үхлийн цагийг тогтоогоогүй. Шүүх эмнэлгийн шинжээчдийн дүгнэлтэн дээр үхлийн цагийг цогцост үзлэг хийсэн анхны тэмдэглэлээр тогтооно хэмээн удаа дараа дүгнэлтэн дээр тусгасан байдаг. Аливаа хүн амины гэмт хэргийн гол нотлох баримт бол эхлээд үхлийн цагийг нарийн тогтоож улмаар түүн дээр тулгуурлан мөрдөн шалгах ажиллагаа явагддаг билээ. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан нотолбол зохих байдалд гэмт хэрэг гарсан цаг хугацааг тогтоох шаардлагыг тусгасан байдаг, тус хэргийн хувьд гэмт хэрэг хэзээ гарсан, амь хохирогчийн үхлийн цагийг тогтоогоогүй нь хэргийн бодит байдалтай нийцэхгүй байгаа юм.

2.Тус хэрэг нь хоёр дахь удаагаа анхан шатны шүүхээр хэлэлцэгдэж байгаа ба 2020 оны 02 дугаар сарын 27-ны өдөр болсон эхний шүүх хурал дээр гэрч Н.Б нь тус хэрэг гарсан орой Э.Б ирээд би хүн цохичихлоо, тэр цохисон хүн маань сэргэхгүй байна хэмээн шөнөжин уйлсан, бас зөндөө юм яриад уйлсан хэмээн мэдүүлсэн байдаг. Харин 2021 оны 08 дугаар сарын 18-ны өдөр болсон анхан шатны шүүх хуралд гэрч Н.Бээс хэргийн талаар асуухад тухайн үед тийм зүйл Э.Б надад яриагүй, шүүх хурал болохоос өмнө хамтран гэмт хэрэг үйлдсэн гэж шалгагдаж байгаа Ш.Тын эхнэр өөрийн гар утсан дээрээ нэг зураг авчихсан “Э.Б чамд хорихоос ийм захиа бичсэн байна” хэмээн нэг цаасан дээр бичсэн бичгийн зургийг авчихсан надад уншуулсан. Би тэр захиаг Э.Б надад бичсэн юм байх гэж бодоод шүүх хурал дээр тухайн захианд бичсэн зүйлийг ярьсан ба шөнө ирээд уйлсан, цохисон хүн нь сэргэхгүй байна хэмээн мэдүүлэг шүүх хуралд хэлээд өгөөч ээ гэж бичсэний дагуу л мэдүүлэг өгсөн юм гэж мэдүүлсэн байдаг. Харин шүүхийн хэлэцүүлгийн явцад шүүгдэгч Э.Б би тийм захиа бичиж Ш.Т ахын эхнэрээр бичиж явуулсан зүйл байхгүй гэдэг ба шүүгдэгч Ш.Т манай эхнэр тийм захиа гар утсан дээр бичсэн зүйлийг гэрч Н.Бт уншуулсан талаар мэдсэн тухайгаа хэлдэг ба тухайн захиаг эхнэр нь гэрч Н.Бт уншуулаагүй, мэдэхгүй гэх мэтээр үгүйсгээгүй, няцаагаагүй юм.

Анхан болон давж заалдах шатны шүүх дээрх хууль бус худал мэдүүлэг өгсөн байж болзошгүй гэмт хэргийн шинжтэй байж мэдэх нөхцөл байдал үүсээд байхад анхааралгүй тус гэмт хэргийг шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэрт заасан дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй юм. Шүүх шинээр үүссэн дээрх нөхцөл байдалд ямар нэгэн байдлаар үнэлэлт, дүгнэлт өгөөгүй ба хэрхэн яагаад, үнэлэхгүй байгаа талаар шийдвэртээ дурьдаагүй болно.

3. Гэрч П.Н нь тухайн өдөр гэмт хэрэг гарсан буудлыг ажиллуулж байсан эмэгтэй юм. Анхан шатны шүүх хурал 2021 оны 08 дугаар сарын 18-ны өдөр болоход гэрч П.Н шүүгдэгч Э.Б нь буудлын өрөөний үүдэн хэсэг буюу 00-н өрөөний үүдэнд зогсож байсан гэх ба шүүгдэгч Ш.Т өрөөний цаад талд байсан хэмээн мэдүүлдэг. Гэтэл тус гэмт хэрэг зочид буудлын өрөөний үүдэн хэсэгт болоогүй, өрөөний цаад талд цонхны хажууд болсон ба амь хохирогч зочид буудлын өрөөний цаад хэсэгт, орны хажуу талын сандал дээр сууж байсан байдаг. Тус гэрч нь тухайн гэмт хэргийг харсан ганц гэрч юм. Гэрчийн мэдүүлгийг харахад шүүгдэгч Э.Б нь амь хохирогч руу ойртоогүй нь нотлогддог.

Энэ үүднээс хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг харьцуулан шинжлэх замаар дүгнэхэд хэргийн бодит байдлыг эргэлзээгүй тогтоож чадаагүй нь илт байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан тус гэмт хэргийг яг хэн үйлдсэн нь одоо болтол эргэлзээгүй байдлаар нотолсон баримт хавтаст хэрэгт байхгүй байгаа болно.

Иймээс Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 2021/ДШМ/1057 дугаартай магадлал нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан хуульд заасан шаардлагуудыг хангаагүй байгаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан дүгнэлтэд ноцтойгоор нөлөөлж болох нөхцөл байдлыг шүүх анхаарч үзэлгүй орхигдуулсан бол, 1.3-т заасан дүгнэлтэд онцгой ач холбогдол бүхий нотлох баримт харилцан зөрүүтэй байхад аль нэгийг нь авахдаа бусдыг нь үгүйсгэсэн тухай үндэслэлийг заагаагүй нь шүүхийн тогтоолд заасан дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцэхгүй байх тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож хэргийг прокурорт буцааж, хэргийн бодит байдлыг эргэлзээгүй тогтоож өгөхийг хүсэж байна” гэв.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгч Ш.Т гаргасан гомдолдоо “Миний бие өөрийн хийгээгүй хэрэгт яллуулж байгаад гомдолтой байна. Учир нь Э.Б, А.Э, П.Н нарын нотолгоогүй худал мэдүүлгээр гүтгэж байгаад гомдолтой байна.

1.Э.Б цагдан хорих 461 дүгээр ангид хоригдож байх хугацаанд “Хэргээ даачих, ах нь чамд байр, машин болон том харж үзнэ гэж амаар болон бичгээр хэлсэн” гэж муулж мэдүүлсэн байдаг.

-Шараа овогтой Т миний бие бичиг, үсэг мэдэхгүй.

-Миний бичиж өгсөн захиа болон нотлох баримт хаана байна.

-Э.Б нь худал мэдүүлж байгаа нь үүгээр нотлогдож байна.

2.А.Э нь анх байцаалтанд мэдүүлэг өгөхдөө “Би юу ч мэдэхгүй, юу ч санахгүй байна” гэсэн байдаг боловч дараа нь мэдүүлэг өгөхдөө “Талийгаачийг хүүхэд аятай хоёр тийш нь хавирч унагаад хоёр, гурван удаа хана савсан” гэж мэдүүлсэн байдаг. Шүүх шинжилгээгээр хөл болон гарт нь зулгаралт болон хөхөрч няцарсан зүйл тогтоогдоогүй. Иймд А.Эын намайг гүжирдсэн мэдүүлэгт гомдолтой байна.

3.П.Н нь мэдүүлэг өгөхдөө өрөөний хаалга завсартай байсан, нэг болохоор хаалга дэлгээтэй байсан гэх зөрүүтэй мэдүүлэг аль нь үнэн юм бэ.

Иймд миний дээр дурдсан байдлыг харгалзан үзэж хэргийг минь цагаатгаж өгнө үү” гэжээ.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгч Ш.Тын өмгөөлөгч Б.Тэнгис гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа “...Анхан шатны шүүхээс Ш.Тыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.11-т зааснаар 13 жил 6 сарын хорих ялаар шийтгэж, хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүх хэвээр үлдээн шийдвэрлэсэн.

1.Шинжээчийн 151 дугаартай дүгнэлтээр /1хх-218/ талийгаач Г.Бод учирсан зүүн хацар яс, зүүн нүдний ухархайн дотор хана, зүүн хоншоор ясны хугарлын улмаас амьсгалын зам руу цус алдан амьсгал механикаар бүтэж нас барсан нь тогтоогдсон бөгөөд шинжээч эмч Ш.Цэцэгмаа “...талийгаачид учирсан гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн цохих үед үүсч болно” /1хх-232/, шинжээч эмч Н.Туяа  “...талийгаачид учирсан дээрх гэмтэл нүүрний нэг хэмд буюу нэг түвшинд учирсан гэмтэл байх тул нэг удаагийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой” /4хх-119/ гэж мэдүүлсэн байхад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.11-д зааснаар Э.Бтэй бүлэглэн хүнийг алсан гэж үзсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан “Гэмт хэргийг хэн үйлдсэн болохыг тогтоолгүй үндэслэлгүйгээр эрх зүйн байдлын хүндрүүлж, хавтгайруулан гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага оногдуулсан гэж үзэхээр байна.

2. Хэргийн газрын үзлэгээр авагдсан зурагт /1хх-35/ ...талийгаач доошоо харсан байрлалтай нүүр нь цус болсон байсан.

Гэрч Нийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...Намайг өрөөнд ороход талийгаач газарт доошоо харсан байдалтай хэвтэж байсан” гэх мэдүүлэг, 2018 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 2639 дугаар шинжээчийн “...Талийгаач Г.Б нь спиртийн цочмог хордлогын улмаас амьсгал зүрх судасны дутагдалд орж нас баржээ” гэх дүгнэлт, 2019 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 151 дугаартай шинжээчийн  “...талийгаач Г.Бод учирсан зүүн хацар яс, зүүн нүдний ухархайн дотор хана, зүүн хоншоор ясны хугарлын улмаас амьсгалын зам руу цус алдан амьсгал механикаар бүтэж нас барсан нь тоггоогдож байх тул нүүр хэсэгт учирсан хугарал, шарх гэмтлүүдтэй талийгаачийн үхэл шалтгаант холбоотой байна /1хх-218/ гэх дүгнэлт.

Дээрх хоёр дүгнэлт нь хоорондоо харилцан зөрүүтэй байхад аль нэгийг нь авахдаа бусдыг нь үгүйсгэсэн тухай үндэслэлээ заагаагүй, мөн хэрэгт авагдсанаар талийгаач доошоо харж зүүн талаараа хацраа дарсан байдалтай байсан. Ийм байдалтай байхад амьсгалын замын бүтэлтэд орох эсэхийг шинжээч эмчээс асуугаагүй, доошоо харсан байхад бүтэлтэд орох эсэх нь эргэлзээтэй байхад шалгалгүй дутуу орхигдуулж шийдвэрлэсэн.

3.Давж заалдах шатны шүүхийн магадлалд “...хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хэргийн бодит нөхцөл байдлыг тогтоолгох зорилгоор Э.Бийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж хязгаарласан эсхүл түүний мэдүүлэг өгөхөд Ш.Тын нэр бүхий өмгөөлөгч нар нөлөөлсөн байж болзошгүй гэх нөхцөл байдлыг шалган тогтоохоор мөрдөн шалгах ажиллагаа явуулахад дээрх үйл баримт тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй” гэж дүгнэсэн.

2020 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Бийн өгсөн “...Өрөөнд ороход талийгаач сандал дээр сууж байсан ба ... би нүүрэнд нь өшиглөөд гараараа 2 удаа цохисон. Тэгээд дээрээс нь дэвсэх гэтэл ах саяхан шийтгүүлчихээд гээд загнахаар нь иймэрхүү юм болж л байдаг шүү дээ гэж хэлээд гарсан. Тэгээд ахад таньдаг хүн байдаг юм бол яриад бичлэгийг устгаад өгөөч гэж хэлсэн” гэх мэдүүлэгт хэн нэгэн хөндлөнгөөс нөлөөлөөгүй, өөрийнх нь гэм буруугаа хүлээн өгсөн мэдүүлэг болох нь тогтоогдсон байхад шүүх дүгнэлт хийлгүй, хэт нэг талыг барьж шийдвэрлэсэн гэж үзэж байна.

Иймд хэргийн бодит байдалтай нийцээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг прокурорт буцаан шийдвэрлэж өгнө үү” гэв.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгч Ш.Тын өмгөөлөгч Ц.Цэцэгсүрэн гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа...Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 12 сарын 16-ны өдрийн 1057 дугаар магадлалыг эс зөвшөөрч гомдол гаргаж байна.

1.Анхан болон давж заалдах шатны шүүхээс Ш.Тыг Э.Бтэй бүлэглэн хүнийг алсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 13 жил 06 сарын хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэх, шүүгдэгч нараас 12.240.000 төгрөгийг хувь тэнцүү буюу 6.120.000 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн.

Мөрдөн байцаалт, анхан болон давж заалдах шатны шүүх хуралдааны явцад Ш.Тыг “Э.Бтэй бүлэглэн хүнийг алсан” гэмт хэргийг үйлдсэн гэх нотлох баримт авагдаагүй байхад удаа дараа зөрүүтэй мэдүүлсэн гэрч П.Н, шүүгдэгч Э.Б нарын тогтворгүй худал мэдүүлгийг шийтгэх тогтоолын үндэслэл болгосон нь хуульд нийцэхгүй гэж үзэж байна.

2.Шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт “... хэдийгээр шүүгдэгч нар хэн аль нь амь хохирогчийг зодоогүй гэж мэдүүлж байгаа боловч хэн хэнийгээ талийгаачийн нүүрэнд өшиглөсөн болохыг харилцан мэдүүлсэн. Шинжээчийн дүгнэлтээр талийгаач Г.Бод олон тооны гэмтэл учирснаас зүүн хацар яс, зүүн нүдний ухархайн дотор хана, зүүн хоншоор ясны хугарлын улмаас амьсгалын зам руу цус алдаж амьсгал механикаар бүтэж нас барсан нь тогтоогдож байх тул: нүүр хэсэгт учирсан хугарал, шарх гэмтлүүдтэй талийгаачийн үхэл шалтгаант холбоотой байна. Дээрх гэмтэл нь нүүрний нэг хэмд буюу нэг түвшинд учирсан гэмтэл байх тул нэг удаагийн үйлчлэлээр үүссэн байх боломжтойг шинжээч эмч мэдүүлсэн бөгөөд тэдгээрийн хэнийх нь үйлчлэлээр дээрх гэмтэл учирсныг тогтоох боломжгүй” гэсэн нь ЭХХШТХ-ийн 36.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасан “шүүх хуралдааны үед шүүгдэгч гэм буруутай болох нь нотлогдсон бол шүүх шийтгэх тогтоол гаргана” гэснийг зөрчсөн. Мөн уг гэмт хэргийг шүүгдэгч нар санаатай нэгдэж үйлдсэн бол бүлэглэн гүйцэтгэсэн гэж үзэж, гэмт хэргийг үйлдэхэд гүйцэтгэсэн үүрэг, оролцоог харгалзан ялыг ялгамжтай оногдуулахаар хуульчилсан. Гэтэл хэнийх нь үйлдлийн улмаас дээрх гэмтэл учирсныг тогтоох боломжгүй байна гэж тодорхойлсон атлаа шүүгдэгч нарыг бүлэглэсэн гэж үзсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд заасан шударга ёсны зарчим болох “Гэмт хэрэг үйлдсэн хүнд өөрт нь эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ. Эрүүгийн хариуцлагыг бусад хүнд халдаан хэрэглэж болохгүй” гэснийг, мөн хуулийн 1.2 дугаар зүйлд заасан хууль ёсны зарчим болох “Эрүүгийн хуулийг төсөөтэй хэрэглэхгүй” гэсэн үндсэн зарчим алдагдсан байна.

3.Улсын дээд шүүхийн 2020 оны 12 сарын 11-ний өдрийн 658 дугаар тогтоолоор “... хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хэргийн бодит үнэнийг тогтооход саад учруулах зорилгоор сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасч хязгаарласан эсэх, энэ нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн байж болзошгүй нөхцөл байдлыг шалгаж, тогтоолд заасан зөрчлийг арилгасны эцэст шүүгдэгч нарын гэм буруугийн асуудлыг шийдвэрлэх нь зүйтэй” гэж дүгнэн хэргийг прокурорт буцаасан. Уг тогтоолын дагуу Э.Бийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, эсхүл Ш.Тын өмгөөлөгч нар түүний мэдүүлэг өгөхөд нөлөөлсөн байж болзошгүй гэх нөхцөл байдлыг шалган тогтоохоор мөрдөн шалгах ажиллагаа явуулсан боловч дээрхи үйл баримт тогтоогдоогүй гэж давж заалдах шатны магадлалдаа дурьдсан байна.

Харин анхан шатны шүүх бол өмгөөлөгч нар Э.Бийг ганцаараа хэргээ хүлээчих гэсэн дарамт шахалт үзүүлж байсан гэх үндэслэлтэй ... гэж тодорхойлсон. Гэтэл ЭХХШТХ-ийн 7.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан эрхийнхээ дагуу шүүгдэгч нь өөрийн эсрэг мэдүүлэг өгөх, гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугүйгээ эсхүл хэргийн байдлыг нотлох үүрэг хүлээхгүй байх зарчмын хүрээнд өөрийгөө гэм буруугүй гэх шүүгдэгч Э.Бийн мэдүүлгийг нотлох баримтаар үнэлсэн нь хууль зүйн үндэслэлгүй юм. Хэрэв өмгөөлөгч нар шүүгдэгчид дарамт шахалт үзүүлсэн бол яагаад тухайн үедээ гомдол гаргаагүй талаар асууж тодруулаагүй, мэдүүлэг өгөх, шүүх хурал зэрэг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад өөрийн сонгож авсан өмгөөлөгч Д.Сувд-Эрдэнэ, Эрдэнэтуяа нараас хууль зүйн туслалцаа авч, мэдүүлэг өгөх, шүүх хуралдааны явцад хамт байсан. Мөн 2020.02.27-ны өдрийн анхан шатны шүүх хуралдаанд өөрийн сонгож авсан өмгөөлөгч нартайгаа оролцсон бөгөөд өөрийн гэм буруугаа хүлээн мэдүүлсэн.

4.Ш.Тыг захиа дамжуулсан гэж мэдүүлсэн нь огт үндэслэлгүй. Учир нь цагдан хорих ангиас захиа гарах ямар ч боломжгүй. Мөн Ш.Т нь бичиг үсэг мэдэхгүй болох нь хавтас хэрэгт нотлох баримтаар тогтоогддог.

Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрийн зарим хэсгийг хүчингүй болгож, Ш.Тт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

Хяналтын шатны шүүх хуралдаанд прокурор О.Сарангэрэл хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ Мөрдөн шалгах ажиллагаагаар нотолбол зохих асуудлыг бүрэн шалгасан байна. Прокуророос шүүгдэгч нарыг бүлэглэн хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэж шүүхэд шилжүүлсэн. Хэрэг болсон өдөр талийгаач биедээ ямар нэгэн шарх, гэмтэлгүй байсан талаар хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, тухайн өдөр хамт согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн гэрч нар мэдүүлдэг. Шүүгдэгч нарын гэм буруутай үйлдэл болон амь хохирогчийн үхлийн хооронд шалтгаант холбоо тогтоогдсон гэж үзэж байна. Анхан болон давж заалдах шатны шүүх хэргийн үйл баримтыг прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд зөв тогтоож, шүүгдэгч нарыг бүлэглэн хүнийг алах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан төрөл хэмжээний дотор ял шийтгэл оногдуулсан. Шийтгэх тогтоол, магадлалд шүүгдэгч нарыг гэм буруутайд тооцсон шийдвэрийн үндэслэл болсон гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл зэрэг нотлох баримтуудыг тодорхой тусгаж, хэргийн бодит байдалтай нийцсэн дүгнэлт хийсэн байх тул анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх дүгнэлтийг гаргаж байна” гэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүгдэгч Э.Б, түүний өмгөөлөгч А.Буяндэлгэр, А.Очбадрал, шүүгдэгч Ш.Т, түүний өмгөөлөгч Ц.Цэцэгсүрэн, Б.Тэнгис нарын гаргасан гомдлыг үндэслэн Э.Б, Ш.Т нарт холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу анхан болон давж заалдах шатны шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.1 дүгээр зүйлд заасан “Гэмт хэргийг шуурхай, бүрэн илрүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг олж тогтоон шударгаар ял оногдуулах, гэм буруугүй хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцохгүй байх, хүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээх...” зорилтыг хангахын тулд мөрдөгч, прокурор нь мөн хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг хуульд заасан журмын дагуу тал бүрээс нь шалгаж, хэргийн бодит байдал, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтоох үүрэгтэй юм.

Шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилт, хэмжээ хязгаарыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно”, мөн хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасны дагуу анхан шатны шүүх нь яллах болон өмгөөлөх талын эрх тэгш, мэтгэлцэх боломжийг хангаж, талуудын оролцоотойгоор тухайн хэрэгт хамааралтай нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судалж, тэдгээрийг цуглуулж, бэхжүүлэх ажиллагаа хуульд нийцсэн, агуулга нь нотолгооны ач холбогдолтой эсэхийг өөрийн дотоод итгэлээр үнэлж, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдлыг эргэлзээгүйгээр тогтоож, шүүгдэгчийн гэм буруутай үйлдэлд эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудлыг Эрүүгийн эрх зүйн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчимд нийцүүлэн шийдвэрлэснээр шүүхийн шийдвэрийн хууль ёсны ба үндэслэл бүхий шаардлага хангагдана.

Шүүгдэгч Э.Б, Ш.Т нарт холбогдох хэргийг мөрдөн шалгах болон шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасах, хязгаарлах замаар шүүхийн шийдвэрт сөргөөр нөлөөлж болох ноцтой зөрчил тогтоогдоогүй бөгөөд шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтууд нь хэргийн үйл баримтыг бүрэн бодитой сэргээн тогтооход хүрэлцэхүйц байх шаардлагыг хангасан байна гэж үзэв.

Шүүгдэгч Э.Б, Ш.Т нар нь яллагдагчаар татсан тогтоолыг хүлээн зөвшөөрөхгүй, амь хохирогчид гэмтэл учирсан үйл баримтын талаар мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт эрс зөрүүтэй мэдүүлгүүд өгч, харилцан бие биенээ хохирогчийн үхэлд буруутгаж буй хэдий ч мөрдөгч, прокурорын зүгээс хэргийн шууд гэрч А.Э, П.Н болон тухайн хэрэгт ач холбогдол бүхий мэдүүлэг өгч болох Д.Э, С.Дэлэгням, П.Б, бусад хүнийг гэрчээр асуух, мөн хэргийн газарт болон камерын бичлэгт үзлэг хийх замаар шүүгдэгч нарын гэмт хэрэгт оролцсон оролцоог тодруулах, амь хохирогчид учирсан гэмтлийн шинж чанар, нас барсан шалтгааныг тогтоох зорилгоор шинжээчийн дүгнэлтийг 3 удаа гаргуулж, нэр бүхий шинжээч нараас гаргасан дүгнэлттэй нь холбогдуулан тайлбар авах, яллагдагч нарын мэдүүлгийн зөрүүтэй байдлыг арилгах зорилгоор тэдгээрийг нүүрэлдүүлэн байцаах, мэдүүлгийг газар дээр нь шалгах, мөрдөн шалгах ажиллагаатай холбогдуулан оролцогчдын гаргасан хүсэлт, баримтат мэдээллийг хянаж шийдвэрлэх зэргээр нотолбол зохих байдлыг хангалттай шалгаж тогтоосон байна.

Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлалыг судалж үзэхэд шүүгдэгч Э.Б, Ш.Т нар нь 2018 оны 11 дүгээр сарын 27-ноос 28-нд шилжих шөнө 01 цагийн үед Сүхбаатар дүүргийн 10 дугаар хорооны нутагт дэвсгэрт байрлах “Бүрт” зочид буудлын 402 тоот өрөөнд иргэн Г.Быг зодож алсан гэмт хэрэгт хамтран оролцсон болох нь шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар хөдөлбөргүй тогтоогджээ.

Харин шүүх амь хохирогч Г.Бын үхлийн шалтгааны талаар шүүх эмнэлгийн 151 болон 987 дугаар дүгнэлт /хх-108/ гаргасан шинжээч эмч Н.Туяа, Ш.Цэцэгмаа, Ц.Бадрал нар өөрсдийн мэргэшил, тусгай мэдлэгт үндэслэн хохирогчийн нүүрэнд үүсгэгдсэн зүүн хацар яс, зүүн нүдний ухархайн дотор хана, зүүн хоншоор ясны хугарал бүхий нэг түвшинд байрлах гэмтлүүд нь нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой талаар харилцан зөрүүгүй мэдүүлснийг /1хх-232, 4хх-121/ анхаарч, шүүхийн шийдвэрт нөлөөлөх ач холбогдол бүхий энэхүү нөхцөл байдлыг бусад нотлох баримтуудтай харьцуулан үнэлж, хэргийн үйл баримтыг тогтоохдоо Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 2.2-т заасны дагуу шүүгдэгч тус бүрийн үйлдэл, оролцоо, гэмт хэрэгт хамтран оролцсон хэлбэр болон түүний нотлогдсон байдлын талаар нарийвчилсан дүгнэлт хийгээгүйгээс гадна гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, шүүгдэгч нарын гэм буруугийн хэр хэмжээг харгалзан шүүгдэгч Э.Б, Ш.Т нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.11-д зааснаар ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3 дугаар бүлгийн /Гэмт хэрэгт хамтран оролцох/ зохих зүйл, хэсгийг журамлах асуудлыг шийдвэрлэхгүй орхигдуулсан нь буруу байна.

Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлаас үзэхэд шүүгдэгч Ш.Т нь 2018 оны 11 дүгээр сарын 27-ны орой “Бүрт” зочид буудлын 402 тоот өрөөнд А.Э, амь хохирогч Г.Б нартай хамт согтууруулах ундааны зүйл хэрэглэх үедээ тэдэнтэй хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж, нүүрэндээ цохиулсан, мөн зүүж явсан гинжээ таслуулсан үйл явдалд бухимдан 00 цаг 34 минутын үед тухайн өрөөнөөс гарч, дүү Э.Бийг гэрээс нь дуудан ирүүлж, улмаар шөнийн 01 цагийн үед 402 тоот өрөөнд хамт буцаж орсон болох нь камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, зочид буудлын үйлчлэгч П.Н, өрөөнд хамт байсан А.Э нарын өгсөн гэрчийн мэдүүлэг, мөн дээрх үйл явдлын талаар Э.Б, Ш.Т нарын өгсөн удаа дараагийн мэдүүлгүүдээр эргэлзээгүй тогтоогджээ.

Харин Э.Б, Ш.Т нар нь зочид буудлын 402 тоот өрөөнд орсны дараа хэн нь амь хохирогч Г.Бын биед халдаж, гэмтэл учруулсан талаар мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт харилцан зөрүүтэй мэдүүлж, хохирогчийн үхэлд бие биенийгээ буруутгасан, харин өөрсдийгөө буруугүй гэсэн агуулга бүхий мэдүүлгүүд өгсөн, мөн тухайн өрөөнд хамт байсан А.Э нь архи ууж согтуурсны улмаас болсон үйл явдлыг бодитой сэргээн санаж мэдүүлэг өгч чадаагүй хэдий ч зочид буудлын үйлчлэгч П.Н нь шүүгдэгч Э.Б, Ш.Т нар 402 тоот өрөөнд орсон даруй зодоон болж буй чимээ гарахыг сонсоод коридорын хананд өлгөөтэй байсан зургийг салгаж холдуулсны дараа тухайн өрөөний үүдэнд очиж харахад Ш.Т нь Г.Эын араас өшиглөж цээж рүү нь цохиж байсан, удалгүй шүүгдэгч нар хамтдаа гарч явсан, улмаар шөнийн 03 цагийн үед өрөөнд орж үзэхэд амь хохирогч Г.Б газарт доошоо харсан байдалтай хэвтэж байсан тул эмнэлгийн түргэн тусламж дуудсан талаар мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт удаа дараа тогтвортой мэдүүлсэн байна.

Мөн Ш.Т, Э.Б нар нь зочид буудлаас гарч явсны дараа Ш.Т нь өөрийн танил, тухайн буудлын ажилтан Д.Этэй утсаар ярьж камерын бичлэгийг устгахыг гуйсан талаар гэрч Д.Э болон шүүгдэгч нар харилцан зөрүүгүй мэдүүлсэн нь шийтгэх тогтоол, магадлалд дурдагджээ.

Түүнээс гадна шүүгдэгч Э.Б нь 2020 оны 02 дугаар сарын 27-ны өдөр  Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдаанд оролцохдоо амь хохирогч Г.Быг зодож гэмтэл учруулснаа хүлээн зөвшөөрч, түүнийг “юу хийж явж байгаа шээс вэ, чи хэн юм” гэж хэлэхэд нь уур хүрээд нүүр лүү нь өшиглөөд, баруун гараараа нүүр хэсэгт хоёр удаа цохисон, мөн цамцнаас нь татаад дээрээс нь дэвсэх гэж байхад Т ах болиулсан гэж мэдүүлсэн байх бөгөөд /4хх-101, шүүх хуралдааны тэмдэглэл/ түүнийг ийнхүү мэдүүлэг өгүүлэх талаар Ш.Т, түүний өмгөөлөгч нар удаа дараа түүнийг гуйж, ятгасан хэмээн хяналтын журмаар гаргасан гомдолдоо дурдсан, мөн шүүгдэгч Ш.Тын сонгож авсан нэр бүхий өмгөөлөгч нар удаа дараа Э.Бтэй хорих ангид очиж уулзсан талаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа цагдан хорих 461 дүгээр анги болон хаалттай дэглэм бүхий хорих 409 дүгээр ангиас ирүүлсэн лавлагааг /4 дүгээр хавтасны 199-200 дугаар хуудас/ үндэслэн Улсын дээд шүүхийн хяналтын шатны шүүх хуралдааны 2020 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 658 дугаар тогтоолоор /5хх-19/ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хэргийн бодит үнэнийг тогтооход саад учруулах зорилгоор сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасч хязгаарласан эсэх, энэ нь шүүхийн шийдвэрт сөргөөр нөлөөлсөн байж болзошгүй нөхцөл байдлыг шалгуулахаар хэргийг прокурорт буцаасан байна.

Хяналтын шатны шүүхийн шийдвэрт заасны дагуу энэ хэрэгт нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа явуулахад шүүгдэгч Ш.Тын өмгөөлөгч Б.Даваадорж, Ц.Цэцэгсүрэн, Г.Мөнхбаяр нар нь цагдан хоригдож байсан Э.Бтэй удаа дараа очиж уулзахдаа худал мэдүүлэг өгүүлэхээр гуйж ятгасан, түүнчлэн шүүгдэгч Э.Б нь 2020 оны 02 дугаар сарын 27-ны өдөр Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдаанд өөрийн сонгож авсан өмгөөлөгч Д.Сувд-Эрдэнийн хамт оролцохдоо амь хохирогч Г.Быг зодож гэмтэл учруулсан гэм буруугаа хүлээн зөвшөөрч,  гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдлын талаар үнэн зөв мэдүүлэг өгөхөд нь /хавтаст хэргийн 4 дүгээр хавтасны 101-108 дугаар хуудсанд авагдсан шүүх хуралдааны тэмдэглэл/ хэн нэгэн хүн хууль бусаар нөлөөлсөн гэж үзэх нөхцөл байдал тогтоогдоогүй тул анхан шатны шүүхээс Э.Бийг хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай хэмээн дүгнэснийг буруутгах үндэслэлгүй болно.

Түүнээс гадна шүүгдэгч Э.Бийн дээрх мэдүүлэгт дурдсан үйл баримт нь шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн бусад нотлох баримтуудаар нотлогдсон тул хэрэгт ач холбогдол бүхий уг мэдүүлгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан нотлох баримтаар тооцон үнэлэх боломжтой юм.

Харин амь хохирогч Г.Бын нүүрэнд үүсгэгдсэн зүүн хацар яс, зүүн нүдний ухархайн дотор хана, зүүн хоншоор ясны хугарал бүхий гэмтлүүд нь нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой талаар шүүх эмнэлгийн нэр бүхий шинжээчид гаргасан дүгнэлтдээ тулгуурлан харилцан зөрүүгүй мэдүүлэг өгсөн байхад анхан шатны шүүх “... шүүгдэгч нарын хэн аль нь амь хохирогчийг зодоогүй гэж мэдүүлж байгаа боловч хэн хэнийгээ талийгаачийн нүүрэнд өшиглөсөн болохыг харилцан мэдүүлсэн ... тэдгээрийн хэнийх нь үйлчлэлээр дээрх гэмтэл учирсныг тогтоох боломжгүй” /шийтгэх тогтоолын 14 дэх хуудас/ хэмээн ойлгомжгүй дүгнэлт хийж, улмаар шүүгдэгч Ш.Т, Э.Б нарыг хүнийг алах гэмт хэргийг бүлэглэн гүйцэтгэсэн гэх агуулга бүхий хууль зүйн дүгнэлт хийсэн нь эргэлзээтэй бөгөөд таамагласан шинжтэй болжээ.

Гэмт үйлдэл, эс үйлдэхүй болон түүний улмаас учирсан хор уршгийн хооронд шууд болон шууд бус шалтгаант холбоо байгаа эсэхийг тогтоох нь тухайн этгээдийн гэм буруутай эсэхийг нотлох, гэмт хэргийг зүйлчлэх, гэмт хэрэгт оролцсон оролцоо, гэм буруугийн хэр хэмжээг харгалзан ялын төрөл, хэмжээг ялгамжтай сонгон оногдуулахад онцгой ач холбогдолтой билээ. 

Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлаас үзэхэд шүүгдэгч Ш.Тын хувьд Г.Б, Г.Э нартай зочид буудлын 402 тоот өрөөнд архи ууж байхдаа маргалдаж, нүүрэндээ цохиулж, зүүж явсан гинжээ таслуулсан үйл явдлын дараа дүү Э.Бийг шөнийн 01 цагт гэрээс нь дуудан ирүүлж, Г.Б, Г.Э нарыг зодохоор санаа зорилгоо нэгтгэн тухайн зочид буудлын 402 тоот өрөөнд дагуулан орж, өөрөө шууд Г.Эын эрх чөлөөнд халдан довтлох зэргээр Э.Бийг гэмт үйлдэлдээ татан оруулж, гэмт хэрэг үйлдэхэд зориуд хүргэснээр Э.Б нь тухайн өрөөнд хамт байсан амь хохирогч Г.Быг мөн адил зодож нүүрэнд нь гэмтэл учруулсан гэж дүгнэх үндэслэл бүхий нөхцөл байдал анхан шатны шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан гэрч П.Нийн мэдүүлэг, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, шүүх эмнэлгийн шинжээчдийн 151 болон 987 дугаар дүгнэлт, шүүгдэгч Э.Бийн 2020 оны 02 дугаар сарын 27-ны өдөр анхан шатны шүүх хуралдаанд өгсөн мэдүүлгийг бэхжүүлсэн тэмдэглэл зэрэг нотлох баримтуудаар эргэлзээгүй тогтоогдсон байна.

Ийнхүү шүүгдэгч Ш.Т нь Э.Бийг гэмт хэрэгт татан оруулснаас гадна зочид буудлын камерын бичлэгийг устгаж гэмт хэргийн ул мөрийг баллахаар Д.Эийг гуйсан болох нь хөдөлбөргүй тогтоогдсон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд, түүнчлэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүгийн хууль, энэ хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтанд ашигтайгаар шийдвэрлэнэ” гэсэн зарчмыг баримтлан шүүгдэгч Ш.Тын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.11-д зааснаар, харин шүүгдэгч Э.Бийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.11-д зааснаар тус тус зүйлчилж, Ш.Тыг хүнийг алах гэмт хэрэгт хатгагчаар хамтран оролцсон, Э.Бийг хүнийг алах гэмт хэрэгт гүйцэтгэгчээр хамтран оролцсон гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж үзлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Гэмт хэргийн хатгагчийг түүний хатгаснаар үйлдсэн гэмт хэргийн гүйцэтгэгчид оногдуулах ялаас багагүй ял оногдуулна” гэж заасан бөгөөд шүүгдэгч Ш.Тт холбогдох хэргийн зүйлчлэлд өөрчлөлт оруулсантай холбогдуулан анхан шатны шүүхээс түүнд оногдуулсан 13 жил 06 сар хорих ялыг 12 жил 06 сар болгон өөрчилж, шүүгдэгч Э.Бөд оногдуулсан 12 жил 06 сар хорих ялыг хэвээр үлдээх нь гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, шүүгдэгч нарын гэм буруугийн хэр хэмжээ, хувийн байдалд тохирно гэж дүгнэв.

Иймд дээр дурдсан өөрчлөлтийг анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлалд оруулж, бусад заалтыг хэвээр үлдээж, хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгуулах, эсхүл хэргийг прокурорт буцааж дахин шалгуулах талаар шүүгдэгч Э.Б, түүний өмгөөлөгч А.Буяндэлгэр, А.Очбадрал, шүүгдэгч Ш.Т, түүний өмгөөлөгч Ц.Цэцэгсүрэн, Б.Тэнгис нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэсэн болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь: 

1.Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 08 дугаар сарын 18ы өдрийн 572 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Прокуророос шүүгдэгч Э.Б, Ш.Т нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.11-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг Э.Бийн хувьд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.11 дэх заалт, Ш.Тын хувьд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.11 дэх заалт болгон тус тус өөрчилж,

шүүгдэгч Хаад боржигон овогт Ш.Тыг хүнийг алах гэмт хэрэгт хатгагчаар хамтран оролцсон, шүүгдэгч Хаад боржигон овогт Э.Бийг хүнийг алах гэмт хэрэгт гүйцэтгэгчээр хамтран оролцсон гэм буруутайд тооцсугай” гэж,

тогтоох хэсгийн 2 дахь заалтыг “шүүгдэгч Э.Бийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.11 дэх заалтад зааснаар 12 жил 06 сар хорих, шүүгдэгч Ш.Тыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.11 дэх заалтад зааснаар 12 жил 06 сар хорих ялаар тус тус шийтгэсүгэй” гэж тус тус өөрчилсүгэй.

2.Шийтгэх тогтоол болон Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 16ы өдрийн 1057 дугаар магадлалын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

3.Шүүгдэгч Э.Б, түүний өмгөөлөгч А.Буяндэлгэр, А.Очбадрал, шүүгдэгч Ш.Т, түүний өмгөөлөгч Ц.Цэцэгсүрэн, Б.Тэнгис нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

 

 

ДАРГАЛАГЧ

          ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                                Ч.ХОСБАЯР

               ШҮҮГЧИД                                                                                      Б.АМАРБАЯСГАЛАН 

                    Б.БАТЦЭРЭН

                    Б.ЦОГТ

                    Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН