Улсын дээд шүүхийн Тогтоол

2022 оны 02 сарын 16 өдөр

Дугаар 42

 

П.Ч-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Улсын дээд шүүхийн шүүгч Ч.Хосбаяр даргалж, шүүгч Б.Амарбаясгалан, Б.Батцэрэн, Б.Цогт, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор А.Золзаяа, шүүгдэгч П.Ч, түүний өмгөөлөгч С.Пүрэвсүрэн, Г.Энхбаяр, иргэний нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ө.Батбаяр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Уранбилэг нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

 

Архангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн 194 дүгээр шийтгэх тогтоол, Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 53 дугаар магадлалтай, П.Ч-д холбогдох 1912002260190 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгч, түүний өмгөөлөгч С.Пүрэвсүрэн, Г.Энхбаяр нарын гаргасан гомдлыг үндэслэн 2022 оны 02 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч, шүүгч Б.Амарбаясгалангийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, 1963 оны 07 дугаар сарын 28-ны өдөр Архангай аймгийн Цэцэрлэг суманд төрсөн, 58 настай, эрэгтэй, дээд боловсролтой, сэтгүүлч мэргэжилтэй, Архангай аймгийн Цэцэрлэг сумын Засаг даргын Тамгын газрын дарга ажилтай, ам бүл 2, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, П.Ч нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

Архангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн 194 дүгээр шийтгэх тогтоолоор: Шүүгдэгч П.Ч-ыг нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал бий болгосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Ч-г нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 5.400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5.400.000  төгрөгөөр торгох ялаар шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Ч-д оногдуулсан 5.400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5.400.000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 1 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч П.Ч нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг  1 хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч П.Ч-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.4, 1.8, 1.9 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Ч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчийн бичиг баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

 

Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх Архангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн 194 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

 

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгчийн өмгөөлөгч С.Пүрэвсүрэн гаргасан гомдол болон тус шүүх хуралдаанд хэлсэн саналдаа... П.Ч нь Улсын их хурлын 2017 оны 67 дугаар тогтоолын дагуу төрийн албан хаагч нарт 300.000 төгрөгийн урамшуулал олгохдоо тухайн онд сахилгын шийтгэлтэй байсан хүмүүст олгохгүй гэж Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 52 дугаар хуралдааны тэмдэглэлээр шийдвэрлэснийг мэдэх ёстой байсан хэдий ч мэдээгүй байсан. Архангай аймгийн Засаг даргын Тамгын газраас Монгол Улсын Их Хурлын 2017 оны 67 дугаар тогтоол, Засгийн газрын 2017 оны 12 сарын 06-ны өдрийн 52 дугаар хуралдааны тэмдэглэл, тус тамгын газрын даргын гарын үсэгтэй “...Засгийн газрын 52 дугаар хуралдааны тэмдэглэлийг үндэслэн олгоно уу” гэсэн албан бичгийг ЭБЛ сүлжээгээр илгээсэн байдаг боловч уг албан бичгийг сумын Засаг даргын Тамгын газрын архив бичиг хэргийн ажилтан Т.Уранчимэг сумын Засаг даргын Тамгын газрын даргад хүлээлгэн өгөөгүй. Энэ нь хавтаст хэрэгт авагдсан ирсэн, явсан бичиг бүртгэх дэвтэрт бүртгэгдээгүй, хэн нэгэнд хүлээлгэн өгөөгүй байдлаас харагдана. Гэтэл анхан шатны шүүх, П.Ч-д Архангай аймгийн Засаг даргын Тамгын газраас илгээсэн албан бичгийг тухайн өдрөө Тамгын газрын даргад хүлээлгэн өгсөн гэсэн гэрч Т.Уранчимэгийн мэдүүлгээр тогтоогдож байна гэж үзэж дүгнэсэн нь үндэслэлгүй. Т.Уранчимэг нь сумын Засаг даргын тамгын газрын архив бичиг хэргийн эрхлэгчээр ажилладаг бөгөөд тухайн байгууллагад ирсэн бичгийг "Албан хэрэг хөтлөлтийн үндсэн заавар”-ын дагуу бүртгэх, холбогдох албан тушаалтанд танилцуулах, албан тушаалтнаас хийсэн цохолтын дагуу холбогдох албан тушаалтанд хүлээлгэн өгөх, хариутай бичиг бол хариу явсан эсэхэд хяналт тавих үүрэг бүхий албан тушаалтан юм. Гэсэн атлаа албан бичгийг бүртгэж холбогдох албан тушаалтанд хүлээлгэн өгөөгүй байгаа нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар нотлогдож байгаа. Шүүх энэ байдалд дүгнэлт хийлгүйгээр зөвхөн гэрч Т.У-н мэдүүлэгт үндэслэн П.Ч-д гэм буруу тооцож, Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар ял шийтгэл оногдуулсныг хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий шийдвэр гарсан гэж үзэх боломжгүй. Харин П.Ч нь сахилгын арга хэмжээтэй төрийн албан хаагч нарт урамшуулал олгохгүй гэдгийг мэдэх ёстой байсан боловч, үүнийг мэдээгүй байгаа буруутай гэж үзвэл энэ байдал нь түүнийг албан тушаалын үүргээ биелүүлэхдээ хайнга хандсан гэж үзэх нөхцөлийг бий болгож болох боломжтой юм. Эдгээр байдлаас үзвэл, П.Ч-н үйлдсэн гэх гэмт хэргийг Монгол Улсын Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгээр зүйлчлэн гэм буруу тооцож, ял шийтгэл оногдуулсан анхан шатны шүүхийн шийдвэр хэрэгт авагдсан нотлох баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй, шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй. Энэ нь шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэсэн нөхцөл байдлыг бий болгож байгаа гэж үзнэ. Иймд П.Ч-д холбогдох хэргийг бүхэлд нь хянаж өгнө үү” гэжээ.  

 

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Энхбаяр гаргасан гомдол болон тус шүүх хуралдаанд хэлсэн саналдаа “... С.Пүрэвсүрэн өмгөөлөгчийн гомдлыг дэмжиж байна. Эхнээсээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлд заасан гэмт хэргийн шинж агуулагдаагүй гэж маргаж явдаг. Гэм буруутайд тооцох үндэслэл болгож буй Засгийн газрын 52 дугаар тогтоол П.Ч-н гар дээр очсон гэдгийг нотлох баримт байхгүй. Гэрч У-ийн хувьд “... Тамгын даргад очсон байж таараа” гэж байгаа болохоос “өгсөн юм аа” гэж мэдүүлдэггүй. Энэ нөхцөл байдлыг П.Ч огт мэдээгүй байсны улмаас энэ хайнга хандах үйлдлийг гаргасан гэж үзэж байгаа учир хэргийн зүйлчлэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйл биш, 23.5 дугаар зүйлд заасан гэмт хэрэг байх боломжтой гэж үзэж байна. П.Ч өөрөө мэдээд зориуд тухайн хүмүүстэй хэлэлцэж, ярилцаад давуу байдал бий болгосон зүйл хэрэгт авагдсан баримтаас харагддаггүй. Өөрөөр хэлбэл П.Ч-г гэм буруутайд тооцох хангалттай нотлох баримт байдаггүй учир цагаатгуулах байр суурьтай оролцож байна гэв.

 

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгч П.Ч гаргасан гомдолдоо       “... Анхан болон давж заалдах шатны шүүхүүд хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтад үндэслэлтэй зөв дүгнэлт хийлгүйгээр, хуулийг буруу тайлбарлан хэрэглэж, П.Ч намайг гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулсан. П.Ч би Улсын Их Хурлын 2017 оны 67 дугаар тогтоолын дагуу төрийн албан хаагч нарт 300.000 төгрөгийн урамшуулал олгохдоо тухайн онд сахилгын шийтгэлтэй байсан хүмүүст олгохгүй гэж Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 52 дугаар хуралдааны тэмдэглэлээр шийдвэрлэснийг мэдэх ёстой байсан хэдий ч мэдээгүй байсан юм. Архангай аймгийн Засаг даргын Тамгын газраас Монгол Улсын Их Хурлын 2017 оны 67 дугаар тогтоол, Засгийн газрын 2017 оны 12 сарын 06-ны өдрийн 52 дугаар хуралдааны тэмдэглэл, тус тамгын газрын даргын гарын үсэгтэй “...Засгийн газрын 52 дугаар хуралдааны тэмдэглэлийг үндэслэн олгоно уу” гэсэн албан бичгийг Эбл сүлжээгээр илгээсэн байдаг боловч уг албан бичгийг сумын Засаг даргын Тамгын газрын архив бичиг хэргийн ажилтан Т.Уранчимэг сумын Засаг даргын Тамгын газрын даргад хүлээлгэн өгөөгүй. Энэ нь хавтаст хэрэгт авагдсан ирсэн, явсан бичиг бүртгэх дэвтэрт бүртгэгдээгүй, хэн нэгэнд хүлээлгэн өгөөгүй. Тиймээс ганц би ч биш манай Засаг дарга ч захирамж гаргаж сахилгын шийтгэлтэй байсан зарим албан тушаалтанд урамшууллын 300.000 төгрөгийг олгосон байсан. Надад албан тушаалаа урвуулсан гэж гэм буруу хүлээлгэж байгаа бол Цэцэрлэг сумын Засаг дарга мөн адил гэм буруутай юм байна гэж үзэж Засаг даргын гаргасан захирамжтай холбоотой асуудлыг Авилгатай тэмцэх газрын мөрдөн шалгах хэлтсийн мөрдөгчид гомдол гаргаж шалгуулсан. Гэтэл уг гомдлыг шалгаад прокурорт надад гэм буруутай тооцох хэрэг нээх санал хүргүүлж байсан атлаа хэрэг бүртгэлтийн хэргийг гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй гэж хаах санал прокурорт хүргүүлж, прокурор уг материалыг хянаад миний өмгөөлөгч нарын хэлээд байдаг “хайнга хандах” гэмт хэргийн шинжтэй боловч бусдад их хэмжээний хохирол учруулаагүй тул гэмт хэргийн шинжгүй гэж үзсэн байна. Гэтэл прокурорын байгууллага ч, анхан болон давж заалдах шатны шүүх ч П.Ч надад гэм буруу тооцож, Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар ял шийтгэл оногдуулсан. Хуулийг нэг мөр ойлгож, зөв хэрэглээгүйгээс ийм ялгаатай байдал гарч, би хилсээр шийтгэгдээд байна гэж үзэж байгаа тул миний үйлдсэн гэх гэмт хэргийг хянаж, шийтгэх тогтоол, магадлалыг хүчингүй болгож өгнө үү гэсэн тайлбарыг гаргаж байна” гэв. 

 

Хяналтын шатны шүүхэд иргэний нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ө.Батбаяр шүүх хуралдаанд хэлсэн саналдаа “... 2017 оны УИХ-ын 67 дугаар тогтоолыг П.Ч хүлээж аваагүй бол тухайн урамшууллыг гаргах боломжгүй байсан. Тухайн тогтоол дээр “үр дүнгийн урамшуулал” гэж бичсэн байдаг. Үр дүнтэй ажилласан буюу сахилгын шийтгэл оногдоогүй, ажлаас халагдаагүй хүмүүст урамшууллыг олгох байжээ. Хайнга хандах /Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.5 дугаар зүйл/ болон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлд заасан гэмт хэрэг нь субъектив шинжээрээ ялгагдах байх. Төрийн албан хаагчдад урамшуулал олгохыг мэдсэн ба ажлаас халагдсан, сахилгын шийтгэл хүлээсэн хүмүүст урамшуулал олгож байгаа нь давуу байдал олгож байгаа нэг илрэл юм. П.Ч нь одоог хүртэл сумын төсөвт учруулсан хохирол төлбөрөө төлөөгүй бөгөөд үүнийг шүүх анхаарч үзэх байх. Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү” гэв.

 

Прокурор А.Золзаяа хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ “... шүүгдэгч П.Ч нь Улсын Их Хурлын 2017 оны 67 дугаар тогтоолыг үндэслэн 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн Б/33 дугаартай тушаал гарган нэр бүхий 19 хүнд 300.000 төгрөгийн урамшуулал олгосон үйл баримт хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогджээ. Тус тушаалын хавсралтад байгаа нэр бүхий 19 хүнээс ажлаас халагдсан Ц.М, Б.Н, сахилгын шийтгэлтэй Р.У, Ш.А, Ц.Т нарт 250.000-300.000 төгрөгийн урамшуулал олгосон байна. Төсвийн тухай хуульд өөрчлөлт орсонтой холбоотойгоор 2017 оны УИХ-ын 67 дугаар тогтоол гаргахдаа “төрийн албан хаагчид 300.000 төгрөгийг ажлын үр дүнгээр урамшуулал олгохоор шийдвэрлэсэн. Гэтэл шүүгдэгч П.Ч нь тус тогтоолыг баримтлан тушаал гаргасан атлаа нэр бүхий 5 хүнд ажлын үр дүнг харгалзахгүйгээр урамшуулал олгосон нь үндэслэлгүй байна. Ажлын үр дүн гэдгийг Монгол хэлний тайлбар толинд “...бүтээх явц сайн, амжилт ихтэй, хөдөлмөрийн бүтээмж сайн ...” гэх байдлаар тайлбарласан бөгөөд сахилгын шийтгэлтэй 3 хүнд, ялангуяа тухайн төрийн албанд байхгүй ажлаас халагдсан Ц.М, Б.Н нарт 250.000-275.000 төгрөгийн урамшуулал олгосон нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байна. Өөрөөр хэлбэл шүүгдэгч П.Ч нь өөрөө гарын үсэг зурж Ц.М, Б.Н нарыг 2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр, 2017 оны 12 дугаар сарын 05-ны өдөр тус тус тушаал гарган ажлаас халсан атлаа үүнийгээ мэдэхгүйгээр ажилдаа хайнга хандаж урамшуулал олгосон гэж гомдол гаргасан нь үндэслэлгүй байна. Энэ нь хэрэгт авагдсан өөрийн гарын үсэг зурсан сахилгын шийтгэл ногдуулсан тушаалын хуулбарууд, мөрдөн байцаалтын шатанд П.Ч-н өгсөн “... 19 хүнээс нь 5 хүн нь асуудалтай байсан учраас ярилцаж байгаад олгож шийдвэрлэсэн” гэсэн мэдүүлэг мөн тогтоолд 300.000 төгрөг гэж заасан байхад түүнээс хасаж 250.000 төгрөг, 275.000 төгрөгийг мэдсээр байж өгсөн зэргээс дүгнэхэд шүүгдэгч нь өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдсэн бөгөөд уг үйлдлээрээ гэмт хэргийн субъектив санаа зорилго нотлогдож байна. Хэдийгээр гэмт хэргийн улмаас учруулсан хохирол нь бага боловч шүүгдэгчийн хууль бус шийдвэр нь иргэдийн төрд итгэх итгэлийг алдагдуулсан, төрийн албанд ажилладаг албан хаагчдын дунд шударга бус байдлыг бий болгосон хор уршгийг учруулсан байна. Нөгөөтэйгүүр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь хохирол шаардахгүй, хэлбэрийн бүрэлдэхүүнтэй хэрэг юм. Шүүгдэгч болон түүний өмгөөлөгчийн зүгээс хяналтын шатны шүүх хуралдаанд гаргасан гомдолдоо “... Засгийн газрын 2017 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн хурлын тэмдэглэлтэй танилцаагүй, сахилгын шийтгэлтэй хүнд олгож болохгүй гэдгийг мэдээгүй, албандаа хайнга хандсан” гэдэг боловч 2017 оны Улсын их хурлын 67 дугаар тогтоолд “ажлын үр дүнг үндэслэн 300.000 төгрөгийг олгохоор” шууд заасан урамшууллыг сахилгын шийтгэлтэй, ажлаас халагдсан төрийн албанд байхгүй хүнд нөхөж олгох талаар зохицуулалт байхгүй. Тийм учраас шүүгдэгч П.Ч нь Улсын Их хурлын тогтоолыг хэрэгжүүлж ажилласнаар Засгийн газрын хурлын тэмдэглэлтэй танилцсан эсэхээс үл хамааран сахилгын шийтгэлтэй хүнд урамшуулал олгож болохгүйг мэдэж байсан нь нотлогдсон байна. Мөн Архангай аймгийн прокурорын газар ижил үйлдэлтэй хэргийг “хайнга хандах” гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хааж шийдвэрлэсэн талаар гомдолдоо бичсэн нь энэ хэрэгт хамааралгүй асуудал бөгөөд хэрэг болгоны үйл баримт өөр тул үүнд хууль зүйн дүгнэлт хийх боломжгүй байна. Иймд Архангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн 194 дүгээр шийтгэх тогтоол, Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 53 дугаар магадлалыг хэвээр үлдээж, шүүгдэгч, түүний өмгөөлөгчөөс гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэсэн дүгнэлт гаргаж байна” гэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

1. Шүүгдэгч, түүний өмгөөлөгч С.Пүрэвсүрэн, Г.Энхбаяр нарын гаргасан гомдлыг үндэслэн шүүгдэгч П.Ч-д холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлд заасны дагуу хоёр шатны шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзээд анхан болон давж заалдах шатны шүүхийн тогтоол, магадлал нь хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх хуулийн шаардлагад нийцсэн байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

 

2. Шүүгдэгч, түүний өмгөөлөгч нарын хяналтын шатны шүүхэд гаргасан гомдлыг хангах боломжгүй байх бөгөөд гомдлын үндэслэл хэрхэн үгүйсгэгдэж байгааг дараах байдлаар тодотгон тайлбарлах нь зүйтэй байна.

 

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгчийн өмгөөлөгч С.Пүрэвсүрэн, Г.Энхбаяр нар хамтран гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа  “... П.Ч нь сахилгын арга хэмжээтэй төрийн албан хаагч нарт урамшуулал олгохгүй гэдгийг мэдэх ёстой байсан боловч, үүнийг мэдээгүй буруутай гэж үзвэл энэ байдал нь түүнийг албан тушаалын үүргээ биелүүлэхдээ хайнга хандсан гэж үзэх нөхцөлийг бий болгож байна” гэжээ.

 

Албан тушаалтан хайнга хандах гэдэг нь хууль, захиргааны хэм хэмжээний актаар тодорхойлогдсон албан үүргээ биелүүлээгүй, зохих ёсоор биелүүлээгүй эс үйлдэхүй байдаг, өөрөөр хэлбэл, албан тушаалтан хууль, захиргааны хэм хэмжээний актаар тодорхойлсон чиг үүргийн хувьд биелүүлэх боломжтой байсан, заавал биелүүлбэл зохих үүргийг биелүүлээгүй буюу авбал зохих шаардлагатай арга хэмжээг аваагүй, мөн өөрийн чиг үүргийн хүрээнд хэрэгжүүлсэн үйл ажиллагаа нь зохих шаардлага хангаагүй, чанаргүй, цаг хугацаа алдсан нь алдаа доголдол гаргахад хүргэсэн байх зэргийг ойлгох бөгөөд гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр үйлдэгддэг.

 

П.Ч нь сахилгын шийтгэлтэй төрийн албан хаагчаас гадна өөрийн тушаал, шийдвэр (1 дүгээр хавтаст хэргийн 14-20 дахь тал) -ээр төрийн албанаас халсан хүнд Улсын Их Хурлын 67 дугаар тогтоол болон Засгийн газрын хуралдааны 52  дугаар тэмдэглэлд заасан 300.000 төгрөгийн үр дүнгийн урамшууллыг өөрийн үзэмжээр багасган хасаж, төрийн албан хаагч бус хүнд дур мэдэн олгосон үйлдлийг албаны эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглахыг зориуд санаатай хүссэн гэж үзэх тул шүүгдэгчийн үйлдлийг албан тушаалдаа хайнга хандаж алдаа дутагдал гаргасан санамсар, болгоомжгүй үйлдэл гэж дүгнэх хууль зүйн үндэслэлгүй юм. 

 

Иймд шүүгдэгчийн өмгөөлөгч нарын гаргасан гомдлын дагуу П.Ч-н үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.5 дугаар зүйлд зааснаар хөнгөрүүлэн зүйлчлэх боломжгүй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

 

3. Анхан болон давж заалдах шатны шүүхээс шүүгдэгч П.Ч-г  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дэх хэсэгт зааснаар “Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах” гэмт хэрэг үйлдсэн хэмээн зүйлчилжээ.

 

Авлигын эсрэг НҮБ-ын Конвенцэд нийцүүлэн Монгол Улсын Их хурлаас  2006 оны 07 дугаар сарын 06-ны өдөр баталсан Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйлд төрийн албан хаагч албан тушаалынхаа бүрэн эрхийн дагуу асуудал боловсруулж шийдвэрлэхдээ хууль бусаар аль нэг хувь хүн, хуулийн этгээдэд давуу байдал олгох, албан тушаалынхаа байдлыг ашиглан эд хөрөнгө олж авах, давуу эрх эдлэх, хууль бусаар ашиг хонжоо олох, бусдад давуу байдал олгох зорилготой бусад үйлдэл хийх зэргээр ашиг сонирхлын зөрчилтэй үйл ажиллагаа явуулахыг хориглосон байна.

 

Авлигын эсрэг хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-т “албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашиглах” гэж албан тушаалын эрх мэдлийг албаны эрх ашгийн эсрэг буюу хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх зорилгод ашиглаж хийх ёстой үйлдлийг хийхгүй байх, хийх ёсгүй үйлдэл хийхийг”, мөн зүйлийн 3.1.4-т ““давуу байдал” гэж энэ хуулийн 4.1-д заасан этгээд албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашигласнаар хувь хүн, хуулийн этгээдэд буй болох эдийн болон эдийн бус ашигтай байдлыг”, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2-т “Хувийн ашиг сонирхол гэж нийтийн албан тушаалтан албаны бүрэн эрхээ хэрэгжүүлэхэд өөрөө болон түүнтэй хамаарал бүхий этгээдийн зүгээс нөлөөлж болохуйц эдийн болон эдийн бус ашиг сонирхлыг” ойлгоно, мөн хуулийн 4 дүгээр зүйлд нийтийн албан тушаалтан буюу хуулийн үйлчлэлд хамаарах этгээдийг тус тус хуульчилжээ.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлд заасан “Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах” гэмт хэрэг нь хэлбэрийн бүрэлдэхүүнтэй ба хохирол, хор уршиг арилсан эсэхээс үл хамааран нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, эсхүл зориуд хэрэгжүүлэхгүй байж өөртөө, бусдад давуу байдал бий болгосон үйлдэл, эс үйлдэл хийснээр гэмт хэргийн шинжийг бүрэн агуулах бөгөөд гэм буруутай хүний зүгээс албаны бүрэн эрхэд хамаарч байгаа үйлдлийг албаны эрх ашигт харш байдлаар үйлдэх, эсвэл хийх ёстой зүйлийг албаны эрх ашигт харш байдлаар хийхгүй байх эс үйлдэхүйн хэлбэртэй байдаг.   

 

Хэрэгт авагдсан баримтаар шүүгдэгч П.Ч нь Архангай аймгийн Цэцэрлэг сумын Засаг даргын Тамгын газрын дарга буюу нийтийн албан тушаал хашиж байх үедээ төрийн албан хаагчдад олгох 300.000 төгрөгийн урамшууллыг ажлаас халагдсан Ц.Н, Ц.М, сахилгын шийтгэлтэй Ц., Р.У, Ш.А нарт олгож, бусдад эдийн засгийн ашигтай байдлыг бий болгон эрх мэдлээ хэтрүүлсэн нь эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэргийн объектив болон субъектив талын шинжийг хангаж байгаа бөгөөд төрд 1.425.000 төгрөгийн хохирол учруулсан, төрийн албаны нэр хүндэд харшаар нөлөөлөх үйлдэл тул анхан болон давж заалдах шатны шүүхийн дүгнэлтийг няцаан үгүйсгэх үндэслэлгүй байна.

 

4. Шүүгдэгч П.Ч нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах” гэмт хэрэг үйлдсэн болох нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн тухайн хэрэгт хамааралтай нотлох баримтуудаар хөдөлбөргүй, эргэлзээгүй байдлаар тогтоогдсон талаарх анхан болон давж заалдах шатны шүүхийн дүгнэлт хэргийн жинхэнэ байдалд нийцсэн, хууль зүйн үндэслэл бүхий болжээ.

 

5. Шүүгдэгч П.Ч-н үйлдсэн гэмт хэрэгт оногдуулсан ял нь гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, хувийн байдалд тохирсон бөгөөд эрүүгийн хариуцлагыг зорилгыг хангасан, хууль ёсны бөгөөд шударга ёсны зарчимд нийцсэн байна.

 

6. Шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлд заасан хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй, шийтгэх тогтоол, магадлал нь хуульд заасан шаардлагыг хангажээ.

 

7. Иймд шүүгдэгч П.Ч-г гэм буруутайд тооцсон шүүхийн шийдвэрийг няцаан үгүйсгэх нөхцөл байдал тогтоогдоогүй, анхан болон давж заалдах шатны шүүх шийдвэрийнхээ үндэслэл болгосон нотлох баримтуудын талаар үндэслэл бүхий дүгнэлт хийсэн байх тул хоёр шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, шүүгдэгч П.Ч, түүний өмгөөлөгч С.Пүрэвсүрэн, Г.Энхбаяр нарын хамтран гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

 

1. Архангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн 194 дүгээр шийтгэх тогтоол, Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 53 дугаар магадлалыг хэвээр үлдээж, шүүгдэгч П.Ч, түүний өмгөөлөгч С.Пүрэвсүрэн, Г.Энхбаяр нарын гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

 

 

ДАРГАЛАГЧ                                                 Ч.ХОСБАЯР

 

ШҮҮГЧ                                                           Б.АМАРБАЯСГАЛАН

 

                                                                        Б.БАТЦЭРЭН

 

                                                                         Б.ЦОГТ

 

                                                                                                    Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН