Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 02 сарын 27 өдөр

Дугаар 164

 

 

 

 

 

 

 

 

 

                                   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Базарханд даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Хан-Уул дүүргийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Б-ны Б, И овогт Э-ы О нарт холбогдох эрүүгийн 18100 2162 0772 дугаартай хэргийг 2018 оны 12 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Улсын яллагч Г.Эсэн, хохирогч Б.М-, хохирогч /шүүгдэгч/  Э.О, түүний өмгөөлөгч Д.Чинзориг, шүүгдэгч Б.Б, түүний өмгөөлөгч  О.Билгүүн, шинжээч эмч Ц.Бадрал, гэрч Х.Алтан-Од, М.Мөнх-Эрдэнэ, Б.Тэмүүжин, Т.Халиунаа нарыг оролцуулан, тус шүүхийн хуралдааны нарийн бичгийн дарга В.Орхон шүүх хуралдааны тэмдэглэл хөтлөв.

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

 

1. Монгол Улсын иргэн, 1997 оны 07 дугаар сарын 25-ны өдөр Хэнтий аймагт төрсөн, 21 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Мандах бүртгэл дээд сургуулийн 4 дүгээр дамжааны оюутан, ам бүл 3, эцэг, эхийн хамт амьдрах, Хэнтий аймгийн Хэрлэн сумын 3 дугаар багийн 9-10 тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй, одоо Улаанбаатар хотод Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, 30-26 тоотод түр оршин сууж байгаа гэх, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэгдэж байгаагүй, бие эрүүл, ухаан бүрэн, Б овогт Б-ны Б /РД: /,

 

2. Монгол Улсын иргэн, 1990 оны 8 дугаар сарын 15-ны өдөр Говь-Алтай аймагт төрсөн, 28 настай, эмэгтэй, дээд боловсролтой, хүнсний технологич-эрүүл ахуйч мэргэжилтэй, Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Ворлд Кап” паб  ажиллуулж хувиараа хөдөлмөр эрхэлдэг гэх, ам бүл 5, нөхөр, хүүхдүүдийн хамт амьдрах, Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, Монгол хотхоны 66е-56 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэгдэж байгаагүй, бие эрүүл, ухаан бүрэн, И овогт Э-ы О /РД: /,

 

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурьдсанаар/

 

1. Шүүгдэгч Б.Б нь Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Парис эвент халлд 2018 оны 09 дүгээр сарын 14-ний өдрөөс 2018 оны 9 дүгээр сарын 15-нд шилжих шөнийн 23 цагийн орчим Э.О- нүүрэн тус газарт цохиж түүний биед нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт,

 

2. Шүүгдэгч Э.О нь Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Парис Эвент халлд 2018 оны 9 дүгээр сарын 14-ний өдрөөс 2018 оны 9 дүгээр сарын 15-нд шилжих шөнийн 23 цагийн орчим Б.Бтай маргалдаж байхдаа Б.М-ы зүүн гарын 2 хурууг зүсэж түүний биед хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

                                                      ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүх талуудын хүсэлтээр хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

                                                         

1. Шүүгдэгч Б.Бы шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн:  

“...2018 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр 19 цагийн үед хурмын үйл ажиллагаа эхэлсэн. Тухайн үед 180 хүний захиалга өгсөн боловч 140 хүний тооцоогоор хоол зуушаа авсан байсан.  Тэгээд “үлдэгдэл хоолны мөнгөө авна” гэсэн асуудлаас болж Отэй маргалдсан. Тухайн үед би мөнгө өгөх эрх бүхий албан тушаалтан биш тул “манай менежертэй уулзчих, би үлдэгдэл зууш, хоолыг савлаад байж байя” гэж хэлээд менежертэй уулзуулсан боловч О менежертэй маргалдсан бололтой, бухимдаж уурласан байдалтай гал тогооны өрөөнд орж ирээд, надад уураа гаргасан. Би Оюун-Эрдэнийг хэдэн төгрөг авах гээд байгааг мэдээгүй. Би тухайн ресторанд зохион байгуулагч болон зөөгчийн ажил үүрэг гүйцэтгэж байсан ба тухайн үед 10 зөөгч ажиллаж байсан. Би ганцаараа зохион байгуулагчаар ажиллаж байсан юм.

Намайг манай менежер Мөнх-Эрдэнэ хариуцан ажилладаг. Тухайн үед хурмын зохион байгуулагч гээд О- дүү, хурмын хосууд явж байгаад хурим дууссан хойно гэнэт О “би хурмын зохион байгуулагч” гэж хэлээд гарч ирсэн.  О “менежер чинь мөнгө өгөхгүй байна” гэж бухимдсан байдалтай гал тогооны өрөөнд орж ирэхэд манай ахлах тогооч “гадны хувцастай, гадны хүн орж ирж болохгүй” гэж хэлсэн. Тэгэхэд О гал тогооны өрөөнд байсан таваг авч шидээд, үйлчилгээний байгууллага байж тайлбар тавьж болохгүй гээд намайг алгадахаар нь би хуруугаараа цохисон. Мөн менежерийн эмзэг эрхтэн рүү өшиглөсөн, алгадсан. Рестораны зохион байгууллагчийн ажил үүрэг нь хоолны тоо болон үйлчлүүлэгчийн тоо, арга хэмжээ эхлэх, дуусах цагийг нарийн баримтлан ажилладаг. Мөн хөтөлбөртөө уялдуулан ажилладаг. Түүнээс төлбөр тооцооны асуудлыг би мэдэхгүй, гэхдээ бид нарын зүгээс асуудал үүссэн тохиолдолд хариуцлага хүлээнэ.

Тухайн өдрийн маргаан нь хоол, зууш дутуу байснаас үүссэн гэдгийг хүлээн зөвшөөрч байгаа. Гэхдээ захиалагчаас анх байгуулсан гэрээнд заасан хүн тоо ёсоороо ирсэн бол хоол дутуу гарахгүй байх байсан. Манай байгууллага 180 хүнээр тооцож мөнгөө урьдчилан авсан байсан ба арга хэмжээнд нь 140 хүн ирсэн. Иймд 140 хоол авсан байгаа. Үлдэгдэл 40 хоолыг буцааж авах нь зөв. Тухайн 40 хоолыг хэзээ өгч авах талаар О, зохион байгууллагч талаасаа оролцоогүй. Харин О- дүү гэх өөр эмэгтэйдээ харьцаад явж байсан. Гал тогооны өрөөнд О- дүү Оюун-Эрдэнийг аваад гарчих гэж хэлсэн боловч дийлэхгүй байна гэж хэлж байсан. Мөн маргааш нь О- дүүг нь хүрээд ир гэж хэлсэн чинь нялх хүүхэдтэй очиж чадахгүй гэж хэлсэн юм. О намайг алгадаад тэр хавьд байсан түмпэн сав, таваг авч шидээд байхаар нь би цохисон. О- шидсэн аяга тавганд би оногдсон. Тэгээд тухайн үед нь мөрдөгчид шүүх эмнэлэгт үзүүлэх талаар хэлсэн боловч гэмтлийн зэрэг тогтоогдохгүй гэж хэлсэн. Миний эрүүл мэндэд учирсан ил шарх байгаагүй.” гэсэн мэдүүлэг,

 

2. Шүүгдэгч Э.О- шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн:  

“...2018 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр манай бэр дүү болох нөхрийн дүүгийн хурим болсон. Тухайн өдөр миний бие бэргэний үүргийг гүйцэтгэж, мөнгө санхүүг барьж, дуучдыг авчирах зохион байгууллагчийн үүрэгтэй оролцсон. Тэгээд 180 хүний захиалга өгсөн боловч 140 хүнээр бодож захиалга хоол, зуушаа авах талаараа зохион байгууллагчаар дамжуулан менежерт нь хэлүүлсэн. Харин үлдсэн 40 хоол, 40 зуушаа хурим дуусахаар нь савлаад авч явахаар тохирсон. Тэгээд хурим дуусан хойно 40 хоол, 40 зуушаа авах гэсэн боловч гал тогооны хажууд текэн дээр хар ууттай хоол, зуушнуудыг хийгээд тавьсан байсан. Гэтэл савлаад тавьсан хоолнуудыг тоолж үзэхэд 40 зууш нь байхгүй, 40 гаруй ширхэг хоол савлаад хийсэн байхаар нь зохион байгууллагчид нь “хоол, зуушнууд дутуу байна, би явах гээд яараад байна” гэж хэлсэн чинь ахлах тогоочоо дуудаж үзүүлэхэд ахлах тогооч нь ирж хоолнуудыг тоолж үзээд “тийм байна” гэж хэлсэн.

Би тэр үед “та нар ямар хариуцлаггүй юм бэ, эсвэл бид нар мөнгөө авна” гэж хэлсэн. Гэтэл Батбулган нь “би мөнгө өгдөг хүн биш, та үлдэгдэл хоолоо хүлээж байгаад авчих” гэж хэлээд гал тогтооныхоо өрөө рүү орсон. Тухайн үед Батбулган үйлчилгээ үзүүлж байж, мөнгө авсан бол болоо гэсэн шиг муухай зан ааш гаргасан. Тэгэхээр нь би Батбулганы араас гал тогооны өрөө рүү ороход Батбулган миний баруун нүд рүү цохисон. Би тухайн үед уйлаад баруун гар талд байсан тавагнуудаас 2-3 ширхэгийг авч өөрийнхөө хөл рүү шидэхэд хажуу талаас нэг залуу миний гарыг барьсан байхад гаднаас манай нөхөр болон манай найзууд орж ирээд намайг аваад гарсан. Түүнээс хүн рүү аяга таваг чиглүүлж шидээгүй. Гал тогооны өрөө нь камертай байсан боловч ажиллахгүй гэж байсан.

Намайг Батбулган менежерийнхээ өрөө рүү дагуулж орсон, гэхдээ Батбулган өөрийгөө “би зохион байгууллагч нь байна” гэж хэлж байсан юм. Би ресторанд хурим эхлэхээс дуусах хүртэл байсан юм. Ресторанд 180 хүний захиалга өгсөн ба тухайн өдрийн 18 цагийн байдлаар 100-120 хүн ирсэн. Анх 180 хүний захиалга өгсөн байсан болохоор рестораны зүгээс нэгэнт захиалга өгсөн тул захиалгыг буцаахгүй гэхээр нь “за тэгвэл үлдэгдэл 80 хоол, 40 зуушаа савлаад авч явахаар тохирсон боловч хурим дууссан хойно савлаад тавьсан хоол нь дутуу байсан тул маргаан болсон. Намайг гал тогооны өрөөнд ороход ахлах тогооч, нэг эмэгтэй хүн, мөн 3-4 залуу байсан. Тухайн үед миний авч явах байсан хоолыг дутуу өгч намайг бухимдуулсан. Мөн эрэгтэй хүн намайг нүд рүү цохихоор нь бухимдаад баруун гар талд байсан таваг аваад шидсэн. Би нөхөртөө ч цохиулж байгаагүй. Тухайн үед олон хүн байсан, яг Мөнх-Отгон байсан эсэхийг сайн мэдэхгүй байна. Миний гарнаас нэг хүн барьсан байсан. Надад Мөнх-Отгонтой маргалдах санаа зорилго байгаагүй, би түүнийг танихгүй. Тухайн үед түүний гар нь зүсэгдсэн талаар мэдээгүй. Маргааш нь Батбулган “та манай нэг зөөгчийн гарыг зүссэн байна лээ” гэж хэлсэн. Би хохирогч Мөнх-Отгонд хохирол төлбөр төлбөр төлөөгүй.” гэсэн мэдүүлэг,

 

3. Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Э.Оэс өгсөн:

“...Батбулган миний нүд рүү гараа атгаж байгаад цохисон. Хавтаст хэрэгт эмчилгээний зардал болох 128.000 төгрөгийн баримтыг гаргаж өгсөн. Үүнийг нэхэмжилж байна. Цаашид гомдол саналгүй.” гэсэн мэдүүлэг,

 

4. Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Б.М-оос өгсөн:

“...Тухайн өдөр О нь маш их согтуу байсан. О, Батбулган хоёр маргалдсан байдалтай гол тогооны өрөө рүү орж ирэхэд О уурлаад, Батбулганыг алгадсан. Батбулган Оюун-Эрдэнийг “та ингэж болохгүй” гэж хэлж байсан. Харин О миний эмзэг эрхтэн рүү өшиглөж үстээд, аяга таваг авч шидээд байхаар нь би болиулах гэсэн боловч миний гар зүсэгдсэн. Би зөөгчийн ажил хийж байсан. Энэ хэрэг гараад олон сар болсон тул одоогийн байдлаар эрүүл мэнд хэвийн болсон. Миний гар зүсэгдсэн тул 4 хоног ажилдаа явж чадаагүй. Ажилгүй байсан 4 хоногийн цалин 200.000 төгрөгийг нэхэмжилж байна.” гэсэн мэдүүлэг,

 

5. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжээч эмч Ц.Бадралаас өгсөн:

“...2018 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 11336 дугаартай шинжээчийн дүгнэлтийг гаргасан. Би тухайн дүгнэлт гаргахад “Натур” эмнэлгийн толгойн компьютер томографийн шинжилгээний дүгнэлтийг үндэслэсэн. Үзүүлэгч Э.О- биед “баруун нүдний зовхинд цус хуралт, зөөлөн няцрал” гэмтэл тогтоогдсон. Уг гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Хэрэг гарсан тухайн цаг хугацаанд үүссэн шинэ гэмтэл байсан. Хохирогчийн биед учирсан гэмэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах юм. Хатуу мохоо зүйл гэдэг нь маш өргөн ойлголт, хурц ир үзүүртэй зүйл биш, мохоо мөлгөр гадаргуутай зүйлийг ойлгож болно. Ер нь хутга, мэснээс бусад бүх зүйл, биетийг хатуу мохоо зүйл гэж ойлгож болно. 

Хоёр дугаар хуруу гэдэг нь эрхий хурууны дараагийн хуруу буюу долоовор хурууг хэлдэг юм. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэж дөрвөн 7 хоногийн хугацаагаар эрүүл мэндийг сарниулахыг хэлнэ. Мөн өөрөө өөртөө үйлчлэх чадвар нь багасахыг хэлнэ. О- биед учирсан зовиур шаналгаа нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах бөгөөд зөөлөн эдийн няцралыг нарийн хэмжих боломжгүй.” гэсэн мэдүүлэг,

 

6. Шүүхийн хэлэлцүүлэгт гэрч Х.Алтан-Одоос өгсөн:

“...Намайг рестораны гал тогооны өрөөнд ороход О, Батбулган хоёр маргалдсан, О уйлчихсан байдалтай байсан ба “намайг Батбулган цохисон” гэж хэлсэн. Мөн гал тогооны өрөөнд аяга таваг хагарсан байдалтай байсан. Би гал тогооны өрөөнд ороод маргаан үүсгээгүй, Батбулган, О нар дахиж маргалдаагүй. 

Би тухайн хуримд зочины үүрэг гүйцэтгэж байсан ба тодорхой хэмжээний архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. Энэ хэрэг явдал 23 цагийн үед гал тогооны өрөөнд болсон. Намайг гал тогооны өрөөнд ороход эхнэр Оюун-Эрдэнийг хэн нэгэн тэвэрсэн, барьсан байсан эсэхийг би анзаараагүй.” гэсэн мэдүүлэг,

 

7. Шүүхийн хэлэлцүүлэгт гэрч М.Мөнх-Эрдэнээс өгсөн:

“...Би тухайн үйлчилгээ авч байгаа хүмүүстэй харьцаж үйл ажиллагааны талаар ярилцах үүрэгтэй байсан ба үйл ажиллагаа авах гэж байгаа хүнтэй төлбөр тооцооны болон илүү гарсан хоолны асуудлыг урьдчилан тохиролцдог. Надтай хурим хийсэн хоёр хос гэрээ хийсэн. Хуримын зохион байгуулагчаар нэг өөр охин явж байсан ба манай байгууллагын зүгээс Батбулган зохион байгуулагчаар ажилласан. Түүнээс Отэй өмнө харьцаагүй. Батбулган манай өрөөнд  Оюун-Эрдэнийг дагуулж орж ирэхэд үлдэгдэл тооцоогоо авна гэсэн.

О тухайн үед архи, согтууруулах ундаа хэрэглэсэн байсан ба орилоод байсан. Намайг гал тогооны өрөөнд ороход О орилоод аяга таваг хагалсан байсан. Тэгээд миний нүүр рүү 1-2 удаа цохисон. Гэтэл гаднаас нөхөр нь орж ирээд Оюун-Эрдэнийг аваад гарсан. О, Батбулганыг цохиж байхыг би хараагүй, бүх зүйл болоод дуусч байхад гал тогооны өрөө лүү орсон. О нь хэдэн аяга таваг хагалсаныг сайн мэдэхгүй байна, ямартай ч нэлээн олон тооны аяга таваг хагалсан байсан, гэхдээ хагалсан аяга тавагны төлбөрийг манай байгууллага нэхэмжлээгүй. Цаашид ч мөн нэхэмжлэхгүй. Тухайн өдөр хуримнаас үлдсэн хоолыг авч явах талаар хурим эхлэхээс өмнө хоёр хостой ярилцаж тохирсон байсан. Анх манай ресторанд 180 хүний захиалга өгсөн. Намайг гал тогооны өрөөнд ороход О- биед ил харагдах гэмтэл байгаагүй, харин Мөнх-Отгон гараа барьсан байдалтай байсан.” гэсэн мэдүүлэг,

 

8. Шүүхийн хэлэлцүүлэгт гэрч Б.Тэмүүжингээс өгсөн:

“...Тухайн үед гал тогооны өрөөнд хүн орилоод байхаар нь би орсон. Тэгэхэд О Батбулганыг хэл амаар доромжилоод маргалдаж байсан ба Мөнх-Отгон маргааныг салгаж байсан. Мөн газарт аяга таваг хагарсан байдалтай байсан. Тэгээд тухайн өдрийн орой цэвэрлэгээ хийж байхад Мөнх-Отгонтой таарахад Мөнх-Отгоны гар нь зүсэгдээд цус гарсан байсан. Яагаад гарнаас нь цус гарсан талаар асуугаагүй. Би Мөнх-Отгоны гар зүсэгдэж байхыг хараагүй.” гэсэн мэдүүлэг,

 

9. Шүүхийн хэлэлцүүлэгт гэрч Т.Халиунаагаас өгсөн:

“...Хэрэг гарсан өдөр би зөөгч хийж байсан. Би хэрүүл маргаан сонсоод гал тогооны өрөөнд орж ирэхэд нэг эмэгтэй уурлаад “миний биед хүрлээ” гээд орилоод, хажуудаа байсан тавагнуудыг шидэхээр нь Мөнх-Отгон барьж авах гэж байгаад гараа зүссэн. Шидсэн тавагнаас Батбулган бултаж байхыг би харсан. Гэхдээ Батбулган Оюун-Эрдэнийг цохиж байхыг хараагүй.

Мөнх-Отгон, Оюун-Эрдэнийг болиулах гэж араас нь тэвэрсэн байхад О Мөнх-Отгон руу дайраад байсан. Намайг өмнө нь гал тогооны өрөөнд орох үед тавагнууд хагараагүй байсан. Дараа нь хүн орилох чимээ гарахад нь би гал тогооны өрөө рүү ороход таваг хагарсан байсан. Тухайн үед О “миний биед гар хүрлээ” гэж хэлээд орилоод байх үедээ таваг авч шидсэн юм. О хоёр удаа Батбулган руу тавагнуудыг шидэж байхыг нь би харсан. Гэхдээ О, Батбулганыг алгадсаныг би хараагүй, одоо би тухайн ресторанд ажиллахгүй байгаа.” гэсэн мэдүүлэг,  

 

Эрүүгийн 18100 2162 0772 дугаартай хэргээс:

 

1. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Э.О- хохирогчоор өгсөн:

“...2018 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр манай нөхрийн дүү болох Орхонтуул, түүний нөхөр Отгонбаяр нар Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Парис Эвент халл ресторанд хуримаа хийж, би бэргэнээр оролцож, зохион байгуулагчийн үүрэг гүйцэтгэж тооцоог нь барьж байсан. Тэгээд хурим дуусаад орой үлдэгдэл 40 хүний хоол, нийт 80 хоол, 40 салатаа авах гэтэл текэн дээр хар торонд хийсэн байгаа гэхээр нь очоод үзэхэд хоол нь дутуу, салат нь байхгүй байсан. Би зохион байгуулагч Батбулганыг дуудаж “хоол дутуу байна” гэж хэлэхэд “тогоочдоо хэлсэн, гүйцэт хийсэн байгаа л гэсэн дээ” гээд байхаар нь ахлах тогоочийг нь дуудаж үзүүлэхэд “дутуу байна” гээд Батбулганы хамт менежерийн өрөөнд ороод “хоол дутуу байна, эсхүл мөнгөө буцаагаад өг” гэхэд менежер нь “мөнгө өгөхгүй, байгаа зүйлээрээ хоолыг нь хийж өг” гээд загнаад байсан.

Тэгээд би “одоо хоолыг нь хүлээж чадахгүй, үлдэгдэл мөнгө төгрөгийг нь өгсөн байхад яагаад ийм хариуцлагагүй юм бэ” гэж хэлээд маргаан эхэлсэн ба Батбулган гал тогоо руу орохоор нь би араас маргалдаад хамт орсон. Би Батбулганы араас нь татаад, түлхсэн чинь Батбулган эргэж хараад гараа атгаж байгаад миний баруун нүд рүү нэг удаа цохисон ба тэр үед тэнд байсан ажилтнууд нь Батбулганыг “боль” гэж хэлээд болиулсан. Тэгээд би “намайг цохичихлоо” гээд уйлж орилоод эргэж хартал манай хэдээс нэг ч хүн байхгүй байсан ба удалгүй Орхонтуул, манай нөхөр хоёр орж ирсэн. Би хажуудаа байсан тавагнуудаас 2-3 тавгийг нь авч газарт өөрийнхөө хөл рүүгээ шидэж хагалсан. Тэгэхэд манай дүү Орхонтуул, Намуунаа нар “одоо тайвшир” гээд байсан. Би тухайн үед архи, согтууруулах ундааны зүйл бага хэрэглэсэн ба өөрийгөө хянах чадвартай байсан. Би мөнгө төлж үйлчлүүлээд цохиулсандаа гомдолтой байна. Би 120.000 төгрөгөөр томографын зураг авахуулсан, 8.000 төгрөгөөр шүүх эмнэлэгт үзүүлж 3 хоног 15.000 төгрөгөөр толгойгоо бариулсан бөгөөд нийт 143.000 төгрөг нэхэмжилж байна.

Би тухайн үед нь цагдаад хандаагүй байсан юм. Тэгээд маргааш нь очоод менежертэй нь уулзахад уучлалт гуйж 400.000 төгрөг тооцооноос буцааж өгсөн. Мөн Батбулгантай уулзаж цагдаад хандана гэхэд Батбулган надаас уучлалт гуйсан ба араас утасдаж “та цагдаад битгий өгөөч, дансны дугаараа явуулчих. Би таньд одоо 100.000 төгрөг шилжүүлье, дараа нь дахин 100.000 төгрөг шилжүүлье” гэж ярьж мессеж бичсэн. Тэгээд маргааш нь дахин залгаад “та өөрөө манай байгууллагад ирж согтуу агсам тавьсан, хүний гар зүссэн” гэж гүтгэсэн. “Би таньдаг өмгөөлөгч нараас зөвлөгөө авсан, өгдөг газартаа өг “ гээд байхаар нь 2018 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр цагдаад хандсан. Би таваг хагалж байхдаа хүний гар зүссэн асуудал байхгүй. Би тавгийг өөрийнхөө хөл рүү авч шидсэн. Намайг болиулах гэж манай талын хүмүүс л хоёр гарнаас барьсан болохоос биш тэр газрын ажилтнууд намайг барьж болиулсан асуудал байхгүй. Би шинжээчийн дүгнэлттэй уншиж танилцлаа. Би тэр хүний гарыг нь зүсээгүй, царайг нь ч хараагүй учир би тэр хүний биед гэмтэл учруулаагүй. Надад өөр нэмж хэлэх зүйл байхгүй.” гэсэн мэдүүлэг /хэргийн 15-16х/,

 

2. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Б.М-ы хохирогчоор өгсөн:

“...Тухайн өдөр би хуримын хүлээн авалтанд зөөгчөөр ажилласан. Хуримын дараа хогоо цэвэрлэж дуусаж байхад гал тогооны зааланд эмэгтэй хүн орилж чарлаад байхаар нь ороод харсан чинь Батбулган руу О гэх тэр эмэгтэй чангаар орилж чарлаад “хоол дутуу гаргалаа” гээд маргалдаж байсан. Батбулган “таньтай юм ярьмааргүй байна” гэж байсан санагдаж байна. Тэр үед О гэх эмэгтэй Батбулганы хацар руу нэг удаа алгадаад авахад Батбулган зөрүүлээд нүд рүү нь чичиж байгаад цохисон.

Тэгэхэд нөгөө эмэгтэй “чи миний биед халдлаа” гээд орилоод ойр хавьд байсан аяга, таваг, түмпэн авч шидээд байсан. Сүүлдээ угаагаад тавьсан байсан тавагнуудаас аваад 2-3 ширхэгийг шидэж хагалсан ба би тэр эмэгтэйгийн урдаас нь хоёр гарнаас нь бариад авахад гартаа барьсан тавагаа доошоо унагаагаад хагалсан. Тэр үед би гарыг нь алдсан чинь доош тонгойгоод хагархай тавагны хэлтэрхий авч босоод ирэхээр нь би хагархай тавагны хэлтэрхийтэй гарыг нь зүүн гараараа бариад авахад миний долоовор хурууны дотор хэсгээрээ уртаашаа зүсэгдсэн. Тэгээд би гараа тавьсан ба миний гарнаас нилээн цус гарч тогтохгүй байсан. Тэр эмэгтэй “намайг тавь” гээд миний үснээс зулгааж, доош нь дараад бэлэг эрхтэн рүү нэг удаа өшиглөсөн. Хажууд нь нэг хамаатны охин нь байсан боловч салгаж дийлэхгүй нөхрийг нь дуудаж байсан. Дараа нь хуримын хосууд болон нөхөр нь орж ирсэн. Би тэр өдрөөс хойш 4 өдөр ажлаа хийж чадаагүй. Ажилгүй байсан хугацааны цалин 200.000 төгрөг нэхэмжилж байна. Мөн миний гарыг зүссэнд нь гомдолтой байна. Би гарандаа боолт хийлгэсэн ба өөрөө гэрээр эмчилгээ хийлгэсэн. О гэх эмэгтэй нилээн согтолттой, агсам тавиад байсан.” гэсэн мэдүүлэг /хэргийн 20х/,

 

3. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Х.Алтан-Одын гэрчээр өгсөн:

 “...2018 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Парис эвент халл ресторанд манай дүү Отгонбаярын хурим болсон. Би эхнэрийн хамт зохион байгуулагчаар оролцсон. Тэгээд хурим тараад гадаа хүмүүсийг үдэж өгөөд байж байхад манай эхнэр “тооцоо хийнэ” гээд орсон. Надтай хамт Орхонтуул, Отгонбаяр нар хамт байж байхад “дотор бөөн юм болоод байна” гэж Намуунаа ирж хэлсэн. Тэгээд би гал тогооруу яваад ороход манай эхнэр О уйлаад “намайг зодчихлоо” гээд баруун нүд нь улайчихсан, хөл доогуур нь ганц нэг хагархай таваг харагдаж байсан. Би нөгөө залуу руу уурлах гэж байгаад болиод “чи араа даагаарай” гэж хэлэхэд “даанаа” гэсэн. Тэгээд би нэг их юм ярилгүй эхнэрээ дагуулаад гарсан.

Намайг гал тогоо руу ороход манай эхнэрийг араас нь барьсан хүн байгаагүй ба Орхонтуул гэдэг хуримаа хийсэн эмэгтэйгийн хуурай дүү нь гэх Намуунаа гэдэг охин байсан. Мөнх-Отгон гэдэг зөөгч эрэгтэйгийн гар зүсэгдсэн талаар би мэдээгүй. Энд тэнд цус болсон зүйл ажиглагдаагүй.” гэсэн мэдүүлэг /хэргийн 27-28х/,

 

4. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Б.Тэмүүжингийн гэрчээр өгсөн:

“...Тухайн өдөр шуугиан болоод байхаар нь би гал тогоо руу очиж харахад Батбулган нэг эгчтэй маргалдаад, тэр эгч Батбулганы хувцаснаас нь татаж чангаагаад нүүр нь зүүн талдаа улайсан байж байсан. Мөнх-Отгон гэдэг манай зөөгч залуу тэр эмэгтэйгийн үйлдлийг таслан зогсоох гээд араас нь тэврээд барьчихсан байхаар нь би гараад явсан. Буцаад ирэхэд таваг хагарсан байсан ба Мөнх-Отгоны гарнаас нь цус гарсан байсан. Би өөр зүйл хараагүй. Надад өөр нэмж ярих зүйл байхгүй.” гэсэн мэдүүлэг /хэргийн 29х/,

 

5. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Т.Халиунаагийн гэрчээр өгсөн:

“...2018 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр би Парис Эвент халл ресторанд хуримын үйл ажиллагаанд зөөгчөөр ажиллаж байсан. Тэгээд хүлээн авалт дуусаад гал тогооны хажуугийн угаалга хийдэг зааланд угаалга хийж байхад гал тогоонд чимээ гараад байхаар нь очоод харахад нэг эмэгтэй нилээн согтуу “чам шиг банди миний биед хүрлээ, чам шиг банди миний биед хүрдэггүй юм” гээд орилоод Батбулган руу дайраад байсан чинь Мөнх-Отгон гэх зөөгч орж ирээд болиулах гээд араас нь тэврээд авсан. Нөгөө эмэгтэй ширээн дээр байсан тавагнуудаас аваад Батбулган руу шидээд байсан. Тортны жижиг тавагнаас хэд хэдийг, мөн доор нь байсан том тавагнаас хэд хэдийг авч шидээд хагалаад байсан. Батбулган бултаад холдсон чинь тавагнаас өөрийнхөө зогсож байгаа газрын доошоо шидээд хагалаад байсан ба Мөнх-Отгон араас нь тэврээд дийлэхгүй байсан.

Тэгээд менежер орж ирээд “юу болсон юм бэ, одоо боль, Батбулган энэ хүнээс уучлалт гуй” гэхэд менежерийг мөн үснээс нь зулгаахад Мөнх-Отгон араас нь дахин бариад авсан. Тэгэхэд менежер гараад явсан. Тэгээд тэр эмэгтэйтэй хамт явж байсан дүү нь бололтой нэг эмэгтэй “одоо болиоч ээ эгчээ, гаръя” гэхэд хуримаа хийж байсан эмэгтэй бас орж ирээд “одоо явъя” гэсэн. Тэгэхэд “энэ залуу миний биед хүрсэн, чи дуугай бай, манай нөхрийг дууд” гэж орилоод хүний тавьсан шаардлагыг биелүүлэхгүй байсан. Тэгээд нөхөр нь орж ирээд Батбулган руу “үйлчилгээний байгууллага юм байж яагаад эмэгтэй хүнд гар хүрч байгаа юм бэ” гэхэд “түрүүлээд намайг алгадсан юм, би биеэ хамгаалаад ийм юм боллоо” гэхэд эхнэрээ дагуулаад гараад явсан.  Батбулган тэр эмэгтэйг яг цохиж байхыг нь бол би хараагүй. Намайг орж ирэхэд “чи миний биед хүрлээ” гээд орилоод байсан.

О гэх эмэгтэй таваг шидэж байхдаа Мөнх-Отгоны гарыг гэмтээсэн. Гэхдээ яг яаж зүссэнийг нь би хараагүй, ямар ч гэсэн нэг харахад гарнаас нь цус гарчихсан байсан. Тэр эмэгтэйг болиулах гэж байгаад гараа тавагны хагархайд зүссэн байх гэж бодож байна. Надад өөр нэмж хэлэх зүйл байхгүй.” гэсэн мэдүүлэг /хэргийн 30-31х/,

 

6. Мөрдөн шалгах ажиллагааны явцад М.Мөнх-Эрдэнийн гэрчээр өгсөн:

“...Тухайн өдөр манай ресторанд хурим болсон. Хуримаа хийж байсан хосуудтай тооцоогоо ерөнхийдөө эцсийн байдлаар, хүн дутсан ч гэсэн анх захиалга өгсөн тогоороо авна гэж тохирсон байсан. Хуримын зохион байгуулагч гэх нэг жоохон охин явж байсан ба тооцоо хийх болоход О гэх эмэгтэй гэнэт дундуур нь орж ирээд хоолны тооцооноос болж маргаан болсон. Тэгээд Батбулгантай маргалдаж, гал тогоо руу ороод түжигнээд, чанга чимээ гараад байхаар нь араас нь ороход таваг шалаар хагарчихсан, О ханан талд наалдчихсан байсан ба Мөнх-Отгон үйлдлийг нь хориглоод байж байсан.

Би “юу болж байна вэ” гэхэд О гэх эмэгтэй намайг үсдээд, цохиод авахаар нь энэ хүүхэнтэй юм яриад нэмэргүй юм байна гэж бодоод гараад явсан. Дараа нь нөхөр нь орж ирээд аваад гарсан гэж байсан. Намайг ороход Мөнх-Отгоны гарнаас цус гарсан байсан ба О- нүд нь хөхөрсөн байсан.” гэсэн мэдүүлэг /хэргийн 32х/,

 

7. Шүүх эмнэлгийн шинжээчийн Хүний биед үзлэг хийсэн шинжилгээний 2018 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн 11336 тоот:

1. Э.О- биед баруун нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. 

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.

5. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэсэн дүгнэлт /хэргийн 35х/,

 

8. Шүүх эмнэлгийн шинжээчийн Хүний биед үзлэг хийсэн шинжилгээний 2018 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн 11442 тоот:

1. Б.М-ы биед зүүн гарын 2-р хурууны зүсэгдсэн шарх, зөөлөн эдийн няцрал, цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо. 

2. Дээрх гэмтэл нь ирмэгтэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Дээрх гэмтэл нь шинэ байна.

4. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй гэсэн дүгнэлт /хэргийн 37х/,

 

9. Хохирогч Э.О- хохирол нэхэмжлэхтэй холбоотой гаргасан эмчилгээний зардлын баримтууд /хэргийн 67х/,

 

10. Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч Б.Бы яллагдагчаар өгсөн:

“...Надад сонсгож байгаа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан үйл ангийг хүлээн зөвшөөрч байна.  2018 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр гал тогооны өрөөнд үйлчлүүлэгч талаас хуримыг зохион байгуулж байгаа 22-25 орчим насны эмэгтэйгийн хамт орж ирсэн. О надад “үйлчилгээний байгууллага юм байж хурдан шуурхай үйлчилсэнгүй, пиздануудаа” гээд над руу дайрсан ба миний зүүн хацар руу нэг удаа алгадаад дахин над руу дайрахаар нь би түүнийг өөрөөсөө холдуулж, хоёр мөр рүү нь гараараа түлхсэн.

Тухайн үед миний уур хүрээд “та үйлчлүүлэгч байлаа гээд миний биед хүрч болохгүй шүү дээ” гээд Оюун-Эрдэнийг баруун гараараа чичиж байхдаа баруун нүдний доод хэсэгт нь цохитол түүний баруун нүдний доод хэсэгт хөхөрсөн. Тэгтэл О уурлаад, гал тогооны өрөөний хаалганы хэсэгт байсан тавиур дээрх хоолны түмпэн савыг ийш тийш шидсэн. Мөн тэр тавиур дээр байсан лист, жигнүүрийг авч шидэж байснаа доод тавиур дээр байсан тавагнуудаас аваад шал руу савж шидсэнээ, над руу нэг таваг шидэхэд нь би гараараа хаасан.

О шалан дээрээс хагарсан тавгийг авахад Мөнх-Отгон нь О- аль нэг гарынх нь бугуйн дээрээс барьсан. Энэ үед О ноцолдож байгаад гартаа барьсан тавагны хагархайгаар Мөнх-Отгоны зүүн гарын долоовор хурууны дотор талд зүссэн ба Мөнх-Отгоны үснээс зулгааж, бэлэг эрхтэн рүү нь өшиглөсөн. Отэй хамт явж байсан эмэгтэй Оюун-Эрдэнийг бид нараас салгах гэсэн боловч дийлэхгүй байсан. Харин бид О рүү ойртохоос айсан.

Энэ үед манай менежер Мөнх-Эрдэнэ гаднаас гал тогооны өрөөнд орж ирээд “юу болоод байна вэ” гэхэд О мөн түүнийг алгадсан. Тэгэхэд Мөнх-Эрдэнэ юу ч хэлэлгүй гараад явсан. Удалгүй хуримаа хийж байсан эмэгтэй, О- нөхрийн хамт орж ирээд Оюун-Эрдэнийг аваад гарсан. О тухайн үед архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. Гэхдээ өөрийн хийж байгаа үйлдлээ хянах чадвартай байсан. О- нөхөр нь “манай эхнэрээс уучлалт гуй” гэхээр би уучлалт гуйсан. Тэгэхэд О “сонсогдохгүй байна” гээд орилоод байсан.” гэсэн мэдүүлэг /хэргийн 58-59х/,

 

11. Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч Э.О- яллагдагчаар өгсөн:

“...Яллагдагчаар татсан тогтоолын хүлээн зөвшөөрөхгүй байна. Надад сонсгож байгаа ялыг хүлээн зөвшөөрч байна. Би өмгөөлөгч аваагүй байгаа учраас энэ удаагийн мэдүүлгийг өмгөөлөгчгүй өгөхөд татгалзах зүйл байхгүй.

Би 2018 оны 09 дүгээр сарын 15-ны 23 цагийн үед Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Парис Эвент халл” клубт Мөнх-Отгоны биед хохирол учруулаагүй. Тухайн үед би Батбулгантай “захиалсан хоол дутуу өглөө” гээд маргалдаж байхад Батбулган миний баруун нүд рүү гараа атгаж байгаад нэг удаа цохисон. Ингээд би уурлаад “үйлчилгээний газар байж үйлчилгээгээ дутуу үзүүлж, намайг зодлоо” гээд гал тогооны өрөөний үүдэнд буюу миний баруун гар талд байсан тавиур дээрээс хоолны төмөр сав суулгыг нааш цааш нь болгож түлхэхэд 18-20 гаран насны нэг эрэгтэй намайг “боль” гээд хориглоод, хоёр гарыг дээшээ хана руу шахаад барьчихсан. Тэр үед гаднаас дүүгийн найз эмэгтэй /нэрийг мэдэхгүй байна/ орж иртэл нөгөө эрэгтэй миний гарыг барихаа больсон. Тэгэхээр нь би хажуу талын тавиур дээрээс 2-3 ширхэг цагаан өнгийн таваг аваад доошоо хөл рүү буюу шал руу шидэж хагалсан. Тэгтэл гал тогооны газарт хуримаа хийсэн Орхонтуул, манай нөхөр Алтан-Од нар гаднаас орж ирээд намайг аваад гарсан ба тухайн үед хэн нэгэн хүн гар, хөлөө зүсүүлсэн гэсэн зүйл яриагүй.

Маргааш нь Парис клуб дээр очиж менежер залуу болон Батбулган нартай уулзахад Батбулган нь надаас уучлалт гуйгаад “эмчилгээний зардал мөнгийг чинь өгье, цагдаад битгий мэдэгдээч, та манай нэг зөөгчийн гарыг өчигдөр зүссэн байна лээ шүү” гээд байсан. Манай дүү нар хурим хийж байсан болохоор тухайн өдөр цагдаад дуудлага өгөөгүй юм. Гэтэл Парис клуб нь үйлчилгээний газар байж үйлчлүүлэгчээсээ уучлалт гуйхгүй, хүн гэмтээсэн гэж гүтгэж байгаад нь гомдолтой байна.” гэсэн мэдүүлэг /хэргийн 64-65х/ болон шүүгдэгч Б.Б, Э.О нарын урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас баримт /хэргийн 68х, 69х/, иргэний үнэмлэхний лавлагаа /хэргийн 48х, 49х/ зэрэг хэрэгт цугларсан бусад нотлох баримтуудыг тус тус шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, шинжээчийн дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, зохих дадлага туршлага бүхий, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх үүрэг бүхий мэргэшсэн шинжээч эмч гаргасан байх тул шүүх тэдгээр баримтыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлж дүгнэсэн болно.

Тухайн хэргийн хувьд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг  бүрэн шалгаж тогтоосон байх тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой хэмээн дүгнэсэн болно.  

 

Хэргийн талаархи шүүхийн дүгнэлт:

 

Шүүгдэгч Э.О нь Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Парис Эвент холл ресторанд 2018 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн орой 23 цагийн орчимд “захиалгат хоол, зуушийг дутуу гаргаж, хариуцлагагүй үйлчилгээ үзүүллээ” гэсэн шалтгаанаар тус рестораны зохион байгуулагчаар ажиллаж байсан Б.Бтай маргалдаж, таарамжгүй харилцаа үүсгэн, улмаар маргах явцдаа гал тогооны өрөөний тавиур дээр байсан аяга тавгыг авч шидлэн, хагалах зэргээр зүй бус авирлаж, түүний үйлдлийг таслан зогсоох гэж хориглосон зөөгч Б.М-ы биед “зүүн гарын 2-р хурууны  /долоовор хуруу/ зүсэгдсэн шарх, зөөлөн эдийн няцрал, цус хуралт” гэмтэл бүхий хөнгөн хохирол учруулсан,  

Шүүгдэгч Б.Б нь Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Парис эвент холл рестораны зохион байгуулагчаар ажиллаж үйлчилгээ үзүүлэхдээ 2018 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн 23 цагийн орчим “хуримын захиалгат хоол, зуушийг дутуу гаргаж, хариуцлагагүй үйлчилгээ үзүүллээ” гэж шаардлага тавьж маргасан иргэн Э.О- нүүрэн тус газарт гараараа цохиж, түүний биед “баруун нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал” гэмтэл бүхий хөнгөн хохирол учруулсан  болох нь хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн хохирогч Э.О- мэдүүлэг /хэргийн 15-16х/, хохирогч Б.М-ы мэдүүлэг /хэргийн 20х/, мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт гэрчээр оролцож мэдүүлэг өгсөн гэрч Т.Халиунаа /хэргийн 30-31х, шүүх хуралдааны тэмдэглэл/, Х.Алтан-Од /27-28х, шүүх хуралдааны тэмдэглэл/, М.Мөнх-Эрдэнэ /32х, шүүх хуралдааны тэмдэглэл/,  Б.Тэмүүжин /29х, шүүх хуралдааны тэмдэглэл/ нарын мэдүүлэг, ШШҮХ-ийн шинжээчийн “...Э.О- биед баруун нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо, дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ, тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой, цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй, гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.” гэсэн 2018 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 11336 тоот дүгнэлт /хэргийн 35х/, ШШҮХ-ийн шинжээчийн “...Б.М-ы биед зүүн гарын 2 дугаар хурууны зүсэгдсэн шарх, зөөлөн эдийн няцрал, цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо, дээрх гэмтэл нь ирмэгтэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ, дээрх гэмтэл нь шинэ байна, дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна, цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй” гэсэн 2018 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 11442 тоот дүгнэлт /хэргийн 37х/, шүүгдэгч Б.Б, Э.О нарын мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тус тус нотлогдож тогтоогдсон байна.

 

Тухайн хэрийн нөхцөлд хохирогч Б.М-ы биед учирсан “зүүн гарын 2-р хурууны зүсэгдсэн шарх, зөөлөн эдийн няцрал, цус хуралт” гэмтэл бүхий хөнгөн хохирол нь шүүгдэгч Э.О нь  “захиалгат хоол, зуушийг дутуу гаргаж, хариуцлагагүй үйлчилгээ үзүүллээ” гэсэн шалтгаанаар тус рестораны зохион байгуулагчаар ажиллаж байсан Б.Бтай маргах явцдаа тус байгууллагын гал тогооны өрөөний тавиур дээр байсан аяга, тавгыг авч шидлэх, хагалах зэргээр зүй бус авирласан үйлдлийг нь таслан зогсоох зорилгоор түүний  гарнаас барьж болиулах үед үүссэн ба шүүгдэгчийн гэмт үйлдэл, уг йүлдлийн улмаас хохирогчийн биед гэмтэл учирсан үр дагавар хоорондын шалтгаант холбоо тогтоогдсон гэж дүгнэв.  

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Э.О- өмгөөлөгчөөс гаргасан “түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгээр зүйлчилсэн нь буруу, Э.О нь хохирогч Б.М-ы эсрэг чиглэсэн шууд санаатай үйлдэл хийгээгүй, түүний үйлдэлд хүний эрүүл мэндэд гэмтэл учруулна гэсэн санаа зорилго байгаагүй тул хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгаж өгнө үү” гэсэн  дүгнэлт санал гаргаж мэтгэлцсэнийг шүүх хүлээн авах хуулийн үндэслэлгүй байна.  

 

Учир нь шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргаж буй дээрх үндэслэл шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан баримтаар тогтоогдоогүй байхаас гадна шүүгдэгч Э.О нь хэрэг гарах тухайн өдөр, тухайн цаг хугацаанд Парис Эвент холл рестораны гал тогооны өрөөнд байсан аяга, тавгыг авч шидлэх, хагалах зэрэг санаатай үйлдэл хийсэн, уг шидэж хагалсан хагархай таваг бусад этгээдийг онох, өртөгдөх зэргээр бие махбодид нь гэмтэл учруулж болзошгүй байх үр дагаврыг хүсээгүй хэдий ч хайхрамжгүй хандаж шууд бус санаатай үйлдлээр хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн гэмтэл бүхий хохирол учруулсан, өөрөөр хэлбэл шүүгдэгч нь гэм буруугийн холимог хэлбэрээр хүний эрүүл мэндэд хохирол учруулсан гэм буруутай гэж үзнэ.

 

Хэргийн хохирогч Э.О- биед учирсан “баруун нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал” бүхий хөнгөн гэмтэл нь шүүгдэгч Б.Б түүн лүү гараараа чичиж, цохисон үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой болох нь нотлогдсон ба шүүгдэгч нь хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйл баримтад маргаагүй, өөрийн үйлдлийг хүлээн зөвшөөрсөн мэдүүлгийг шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан байна.  

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох хуулийн зохицуулалтай.

 

Хан-Уул дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч Б.Б, Э.О нарт “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” хэмээн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллагдагчаар татан ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байх ба прокурорын яллах дүгнэлтэд гэмт хэрэг гарсан өдрийг 2018 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр гэж буруу бичсэнийг 2018 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр гэж зөвтгөн залруулж шийдвэрлэсэн болно.      

 

Иймд дээр дурьдсан үндэслэлээр шүүгдэгч Б.Быг гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр, шүүгдэгч Э.Оюун-Эрдэнийг гэм буруугийн холимог хэлбэрээр тус тус Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлэх  эрх зүйн үндэслэлтэй байна.    

 

Түүнчлэн тухайн гэмт хэрэг гарахад нэр бүхий шүүгдэгч нар нь үүссэн нөхцөл байдалд асуудлыг эв зүйгээр зохицуулах арга хэмжээ авах боломжийг эрэлхийлэхийн оронд,  харилцан хүндэтгэлгүй хандаж, үл ойлголцол үүсгэж, зүй зохисгүй авирлан, улмаар хүч хэрэглэн бусдын эрх, эрх чөлөө, эрүүл мэндийн халдашгүй байдалд нь халдаж буй нь тухайн гэмт хэрэг гарах шалтгаан нөхцөл болсныг тэмдэглэх нь зүйтэй. 

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд “энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол” гэж, мөн “...гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг” гэж тус тус тодорхойлж хуульчилсан байна.

 

Хэргийн хохирогч Б.М-, Э.О нарын эрүүл мэндэд учирсан хөнгөн хохирол нь тухайн гэмт хэргийн шууд хохирол болох бөгөөд уг учирсан гэх гэмтлийг эмчлүүлэх, эмчилгээ сувилгаа хийлгэхтэй холбоотой гарсан буюу гарах зайлшгүй бусад зардал нь хохирол учирсаны улмаас шууд үүсэхүр дэгэвэр буюу гэмт хэргийн хор уршигт тооцогдох юм.      

 

Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах  үүрэгтэй гэж, мөн бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд нь гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол тэжээл өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газарт сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй гэж Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааж зохицуулсан.  

 

Хэргийн хохирогч Э.О нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн нөхөн төлбөрт тооцон эмчилгээ, оношилгооны зардалд зарцуулсан гэх 143.000 төгрөг нэхэмжилснээс хэрэгт шүүх эмнэлэгт үзүүлсэн төлбөр 8.000 төгрөг, толгойн томографийн зураг авахуулсаны 120.000 төгрөг, нийт 128.000 төгрөгийн /хэргийн 67х/ шаардлагын үндэслэлд хамаарах эмчилгээний зардал төлсөн баримтуудыг /хэргийн 67х/ гаргаж өгснийг эрүүгийн хэрэгт хавсарган бэхжүүлсэн, харин бариачид толгой бариулсан гэх эмчилгээний зардлын талаар хэрэгт баримтгүй байна.   

 

Иймд баримтаар нотлогдож буй эмчилгээ, оношилгооны зардалд хохирогч Э.Оэс зарцуулсан 128.000 төгрөгийг гэмт хэргийн улмаас учирсан хор уршгийн нөхөн төлбөрт тооцон шүүгдэгч Б.Баас гаргуулж, хохирогч Э.Од нөхөн төлүүлэхээр шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэсэн ба энэ нь хүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээх Монгол улсын Үндсэн хуулийн суурь зарчим, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилт болон Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт заасан зохицуулалтад нийцнэ гэж үзлээ. 

 

Хохирогч Б.М- нь гэмт хэргийн улмаас хохирол учруулсны үр дагавар буюу хор уршигт тооцон шүүгдэгч Э.Оэс ажилгүй байсан хугацааны цалин олговорт 200.000 төгрөг нэхэмжилсэн хэдий ч уг шаардлагын үндэслэлд хамаарах холбогдох баримт нотолгоог мөрдөн байцаалтын шатанд болон шүүхэд гаргаж өгөөгүй байна.  

 

Мөн хохирогч Б.М-ы нь ажил олгогч байгууллагатай хийсэн хөдөлмөрийн болон хөлсөөр ажиллах гэрээ, ажилд орсон тушаал, шийдвэр, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын дэвтрийн хуулбар, цалингийн тодорхойлолт баримтууд хэрэгт авагдаагүй, хохирогч нь эрүүл мэндийн даатгалтай гэх хэдий ч өөрийн биед учирсан гэмтлийг эмчлүүлэх, сувилуулах, мөн эмчилгээ хийлгэсэнтэй холбоотойгоор өвчний учир эмнэлгийн магадлагаагаар тодорхой хугацаанд ажлаас чөлөөлөгдсөн талаар хохирогчоос хэрэгт гаргасан үндэслэл бүхий баримт нотолгоо байхгүй зэргээс шүүх түүний ажилгүй байсан хугацаанд авах байсан гэх цалин олговорын хэмжээг тогтоох боломжгүй байна.

 

Иймд шүүх хохирогч Б.М-ы өвчний учир ажил эрхлээгүй хугацааны цалин олговорт нэхэмжилж буй 200.000 төгрөгийн шаардлагыг эрүүгийн хэргийн хамт нэг мөр хэлэлцэн шийдвэрлэх боломжгүй хэмээн дүгнэж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан журмын дагуу хохирогч Б.М- нь цаашид гарах эмчилгээний зардал, цалин олговор болон бусад хохиролтой холбоотой нэхэмжлэлийн шаардлагад хамаарах нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэл гарган шийдвэрлүүлэх эрхтэй болохыг дурьдаж шийдвэрлэв.  

 

Шүүгдэгч Б.Б, Э.Оюун-Эрдэн нар нь урьд ял шийтгэгдэж байгаагүй тухай ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас баримтад “ЦЕГ-ын МСТ-ийн ял шийтгэлийн мэдээллийн сангийн бүртгэлд бүртгэгдээгүй” хэмээн тэмдэглэгдсэн /хэргийн 68х, 69х/ нь нэр бүхий шүүгдэгч нар анх удаа Эрүүгийн хуулийн хөнгөн ангилалд хамаарах гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэх үндэслэл болох ба энэ нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдал болно.      

 

Шүүх, шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг гарахад хохирогч Э.О- зүй бус үйлдэл нөлөөлсөн зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцож, эрүүгийн хариуцлага гарцаагүй байх гэм буруугийн зарчим, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх шударга ёсны зарчимд нийцүүлэн, улсын яллагчаас шүүгдэгч нарт оногдуулвал зохих эрүүгийн хариуцлагын талаарх гаргасан саналыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Б, Э.О нарт тус бүрийг 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу   500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэх нь зүйтэй гэж дүгнэв.      

 

Энэ хэрэгт шүүгдэгч Б.Б, Э.О нар нь цагдан хоригдоогүй, тэдгээрийн иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэргийн хамт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч Б.М-, Э.О нар нь тус тус “гомдол саналгүй” гэснийг шийтгэх тогтоолд дурьдаж шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

                                                            ТОГТООХ нь:

 

1. Б овогт Б-ны Б, И овогт Э-ы О нарыг Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Б, Э.О нарыг тус бүрийг 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Б.Б, Э.О нар нь торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэх 90 /ер/ хоногийн хугацаанд биелүүлэхийг мэдэгдэж, хуулиар тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тэдгээрт мэдэгдсүгэй.

 

4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт заасныг баримтлан гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирол, хор уршгийн нөхөн төлбөрт Б.Б-аас 128.000 /нэг зуун хорин найман мянга/ төгрөг гаргуулж, Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, Монгол хотхоны 66е-56 тоотод оршин суух хаягтай, хохирогч И овогт Э-ы О-д олгож, нэхэмжлэлээс үлдэх 15.000 төгрөгийн шаардлагыг хангахгүй орхисугай.  

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч Б.М-ы ажилгүй байсан хугацааны цалин олговорт 200.000 төгрөг нэхэмжилсэн шаардлагыг хэлэлцэхгүй орхиж, хохирогч нь уг шаардлагад хамаарах нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэл гарган шийдвэрлүүлэх эрхтэй болохыг тайлбарласугай.

 

6. Энэ хэрэгт  Б.Б, Э.О нар нь цагдан хоригдоогүй, тэдний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэргийн хамт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч Б.М-, Э.О нар нь тус тус “гомдол саналгүй” гэснийг тус тус дурьдсугай.

 

7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба ялтан, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

 

8. Эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд Б.Б, Э.О нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлэхээр тогтсугай.

 

 

 

 

                              ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             С.БАЗАРХАНД