Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 07 сарын 24 өдөр

Дугаар 203/МА2024/00028

 

  

******* ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Т.Дэлгэрмаа даргалж, шүүгч Х.Гэрэлмаа, шүүгч Л.Угтахбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 144/ШШ2024/00055 дугаар шийдвэртэй,

******* ХХК-ийн нэхэмжлэлтэй,

******* ******* ХХК-д холбогдох

******* ХХК болон ******* ******* ХХК-ийн хооронд 2018 оны 08 дугаар сарын 15-ны өдөр байгуулсан дугаартай Санхүүгийн түрээсийн гэрээ-г цуцлуулж, 2023 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн байдлаар санхүүгийн түрээсийн үндсэн төлбөр, хүүгийн төлбөр, алданги, хохирол нийт 5 028 921 501.26 төгрөг гаргуулах, хариуцагч төлбөрөө төлөөгүй тохиолдолд түрээсийн зүйл болон барьцаа хөрөнгүүдээр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.*******, Б.******* нарын гаргасан давж заалдах гомдлоор 2024 оны 05 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч Ерөнхий шүүгч Т.Дэлгэрмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч ******* ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.*******, Б.*******, хариуцагч ******* Шоргоолж ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.******* А.*******, М.*******, гуравдагч этгээд ******* ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш., нарийн бичгийн дарга З.Түвшинжаргал нар оролцов.

 ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Ди Би Эм Лизинг ХХК-ийн захирал Н. шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...******* ******* ХХК нь 2018 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн дугаартай албан бичигтээ нүүрсний экспортын тээвэрлэлтийн үйл ажиллагаанд зориулж 40 чирэгч толгой, 84 чиргүүл, 40 холбогчийн хамтаар худалдан авахад 30,261,700 юаньтай тэнцэх хэмжээний иений санхүүжилт олгохыг хүсэж холбогдох баримтуудын хамт ******* ХХК-д ирүүлсэн. Хүсэлтийн дагуу ******* ХХК нь санхүүгийн түрээс олгох боломжтой эсэх судалгааг холбогдох журмын дагуу хийж хүсэлт болон ******* ХХК-ийн Хувьцаа эзэмшигчдийн хурлын тогтоолын дагуу ******* ХХК болон ******* ******* ХХК-ийн хооронд 2018 оны 08 дугаар сарын 15-ны өдөр дугаартай Санхүүгийн түрээсийн гэрээ-г байгуулж, холбогдох үүргийн гүйцэтгэлийг хангах барьцааны гэрээнүүдийг байгуулсан.

Түрээслэгч ******* ******* ХХК нь 40 чирэгч толгой, 84 чиргүүл, 40 холбогчийг худалдан авахаар нийлүүлэгчдийг сонгож БНХАУ-ын Shaanxi heavy duty automobile import export co.,LTD-тэй 2018 оны 08 дугаар сарын 08-ны өдөр дугаартай худалдах, худалдан авах 3 талт гэрээ, Zhumadian cimc huajunvehicle co.,LTD-тэй 2018 оны 08 дугаар сарын 13-ны өдөр дугаартай худалдах, худалдан авах 3 талт гэрээг тус тус байгуулан ******* ХХК-иас 30 261 700 иений санхүүжилтийг дээрх 2 компанийн данс руу шилжүүлж. ******* *******" ХХК нь 40 чирэгч толгой, 84 чиргүүл, 40 холбогчийг хүлээн авсан. ******* ******* ХХК нь 2018 оны 12 дугаар сараас 2020 оны 03 дугаар сар хүртэл дугаартай Санхүүгийн түрээсийн гэрээ-ний Хавсралт 2-т заагдсан санхүүгийн түрээсийн төлбөрийн эргэн төлөлтийг хуваарьт хугацаанд нь хэвийн төлж байсан. ******* ******* ХХК-иас ирүүлсэн хүсэлтүүдийн хүрээнд ******* ХХК нь цаг үеийн нөхцөл байдлыг харгалзан үзэж санхүүгийн хүндрэлийг даван туулахад нь дэмжлэг үзүүлэн хамтран ажиллаж эргэн төлөлтийн хуваарийг 3 удаа хойшлуулж. түрээслэгчийн валютын ханшийн эрсдэлээс гаргах зорилгоор Санхүүгийн түрээсийн гэрээ-нд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээ байгуулан санхүүгийн түрээсийн үлдэгдэл төлбөрийг иенээс төгрөгт хөрвүүлж, эргэн төлөлтийг 2021 оны 06 дугаар сарын 12-ны өдрийг хүртэл хойшлуулсан. Гэтэл ******* ******* ХХК нь 2021 оны 06 дугаар сарын 12-ны өдрөөс эхлэн санхүүгийн түрээсийн үндсэн болон хүүгийн төлбөрийг төлөх хуваарьтай байсан ч төлөлт хийгээгүй тул төлбөрийн зөрчил үүссэн. 2018 оны 08 дугаар сарын 15-ны өдөр дугаартай Санхүүгийн түрээсийн гэрээ-ний 2.6-д "'Түрээслэгч нь түрээсийн төлбөрийг эргэн төлөлтийн хуваарийн дагуу хуваарьт хугацаанд нь төлөөгүй тохиолдолд хугацаа хэтрүүлсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн дүнгийн 0.5 /тэг аравны таван/ хувьтай тэнцэх алдангийг зөрчлийг арилгах хүртэл хугацаанд тооцон төлнө. гэж заасны дагуу алданги зөрчил үүссэн өдрөөс эхлэн тооцогдож эхэлсэн. Төлбөрийн зөрчил үүсэн өдрөөс хойш 3 удаагийн эргэн төлөлтийг хийгээгүй бөгөөд 2021 оны 12 дугаар сарын 28-ны өдөр төлөлт хийгдэх үед алданги 1,478,975,785.47 төгрөг, хуримтлагдсан хүү 617,198,881.21 төгрөг, төлөгдөөгүй үндсэн төлбөр 2,957,951,570.94 төгрөгийн төлбөр хуримтлагдсан байсан.

дугаартай Санхүүгийн түрээсийн гэрээ-ний 6 дугаар зүйлийн 6.5-д "Түрээсийн төлбөр бүрэн төлөгдөж дуусах хүртэл хугацаанд санхүүгийн түрээсийн төлбөрийг алданги, түрээсийн хүүгийн төлбөр. үндсэн төлбөр гэсэн дарааллаар төлнө" гэж заасны дагуу ******* ******* ХХК-ийн 2021 оны 12 дугаар сарын 28-ны өдөр шилжүүлсэн төлбөрийг гэрээнд заасан дарааллын дагуу буюу алдангид суутган тооцсон. Улмаар ******* ******* ХХК нь 2021 оны 12 дугаар сарын 28-ны өдрөөс 2022 оны 06 дугаар сарын 28-ны өдрийг хүртэл 6 удаагийн төлөлт хийж төлбөрийн зөрчил бүрэн арилсан. Гэтэл 2022 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр хуваарьт төлөлтөө хийгээгүй бөгөөд 2022 оны 12 дугаар сарын 12, 2023 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн хуваарьт төлөлтүүдийг бүрэн гүйцэтгээгүй ба 3 удаагийн дармалласан төлбөрийн зөрчил үүсгэсэн.

2023 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн байдлаар үндсэн төлбөрийн зөрчил 1,585.589,390.91 төгрөг, хуримтлагдсан хүүгийн төлбөр 86,161,109.06 төгрөг, хуримтлагдсан алданги 385,743,666.61* төгрөг буюу нийт зөрчлийн дүн 2,057,494,166.58 төгрөг байхад зөрчлийг заасан хугацаанд арилгах талаар ******* ******* ХХК-д мэдэгдэхэд зөрчлийг хүлээн зөвшөөрөхгүй гэдгийг ******* ХХК-д 2023 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн А-23/101 тоот албан бичгээр мэдэгдсэн. ******* ******* ХХК нь төлбөрийн зөрчлийн талаар маргаж, хүлээн зөвшөөрөхгүй байх тул 2018 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн дугаартай Санхүүгийн түрээсийн гэрээ-ний 10 дугаар зүйлийн 10.1-д Хэрэв талуудын хооронд маргаан гарвал талууд эвийн журмаар шийдвэрлэхийг эрмэлзэх ба эвийн журмаар маргааныг шийдвэрлэж чадахгүйд хүрвэл Монгол Улсын шүүхээр шийдвэрлүүлнэ" гэж заасны дагуу шүүхэд нэхэмжлэл гаргах талаар манай талаас 2023 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 03/89/23 тоот албан бичгээр мэдэгдсэн. ******* ХХК нь ******* ******* ХХК-тай байгуулсан 2018 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн дугаартай Санхүүгийн түрээсийн гэрээ-ний 8 дугаар зүйлийн 8.4-д Түрээслэгч дараах нөхцөл үүссэн тохиолдолд өөрийн санаачилгаар гэрээг цуцлах эрхтэй. Үүнд:", 8.4.4-д Түрээсийн толбор 3 удаа төлөөгүй ба Түрээслүүлэгчээс хүргүүлсэн хуанлийн 14 хоногийн хугацаатай мэдэгдлийн хугацаанд үүргийн гүйцэтгэлийг хангаагүй тохиолдолд" гэж заасны дагуу гэрээг шүүхийн журмаар цуцлуулах, үлдэгдэл төлбөрийг нэхэмжлэх эрх үүссэн.

Мөн Иргэний хуулийн 294 дүгээр зүйлийн 294.2.1-д нэг тал нь үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй гэм буруутай бол ногоо талын санаачилгаар", Санхүүгийн түрээсийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1-д Санхүүгийн түрээсийн гэрээг дуусгавар болгохдоо Иргэний хуулийн 294 дүгээр зүйл болон санхүүгийн түрээсийн гэрээг баримтална" гэж тус тус зааснаар гэрээг шүүхийн журмаар цуцлуулах үндэслэлтэй байна.

Тиймээс 2018 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн дугаартай Санхүүгийн түрээсийн гэрээ-ний 3.1.12-т Түрээслэгч Гэрээгээр хүлээсэн үүргээ хугацаанд нь гүйцэтгээгүй, эсхүл үүргээ гүйцэтгэж чадахгүй нь илт тодорхой болсон нь тогтоогдвол Гэрээний үүргийг гүйцэтгэхийг шаардах зэрэг болно" гэж зааснаар ******* ******* ХХК-ийн биелүүлээгүй гэрээний үүргийн гүйцэтгэл болох нийт 4,397,231,485.45 төгрөгийг түрээслэгчээс гаргуулах үндэслэлтэй байна.

Иймд 2018 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн дугаартай Санхүүгийн түрээсийн гэрээ-г хугацаанаас нь өмнө цуцлуулж, 2023 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн байдлаар санхүүгийн түрээсийн төлөгдөөгүй үндсэн төлбөрийн зөрчил 3,557,557,104.87 төгрөг, хуримтлагдсан хүүгийн төлбөр 120,956,941.57 төгрөг, хуримтлагдсан алданги 718,717,439.01 төгрөг, нийт 4,397,231,485.45 төгрөг, улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 22.144,107.43 төгрөгийг түрээслэгч ******* ******* ХХК-аас гаргуулахаар байх тул ******* ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.******* нэхэмжлэлийн нэмэгдүүлж, өөрчилсөн шаардлагадаа: "*******" ХХК нь нэхэмжлэл гаргасан өдрөөс хойш 2023 оны 07 дугаар сарын 24-ний өдрийг хүртэлх хугацаанд санхүүгийн түрээсийн гэрээнд заасны дагуу хуримтлагдсан хүү 64 620 831.76 төгрөг, хуримтлагдсан алданги 567 069 184.64 төгрөгөөр нэмэгдсэн бөгөөд нийт 631 690 015.81 төгрөгийг олох ёстой байсан орлого гэж тооцох тул нэхэмжлэлийн шаардлагад заасан хуримтлагдсан хүүгийн төлбөр 120 956 941.57 төгрөг байсныг 185 577 773.33 төгрөг, хуримтлагдсан алданги 718 717 439.1 төгрөг байсныг 1 285 786 623.65 төгрөг болгон нэмэгдүүлж хариуцагч "******* *******" ХХК-иас гаргуулах хууль зүйн үндэслэлтэй байна.

Иймд "******* ХХК-ийн зүгээс тус шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын хэмжээ 4 397 231 485.45 төгрөг байсныг 631 690 015.81 төгрөгөөр нэмэгдүүлж нийт 5 028 921 501.26 төгрөгийг хариуцагч "******* *******" ХХК-иас гаргуулахаар нэхэмжилж байх тул нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлсэн хэсгээр бүхэлд нь хангуулж өгнө үү.

"******* *******" ХХК нь төлбөрийг төлөөгүй тохиолдолд түрээсийн зүйл болон барьцаа хөрөнгүүдээр үүргийн гүйцэтгэлийг хангуулах, 2018 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн дугаартай гэрээний зүйл болох түрээсийн зүйл 40 чирэгч толгой, 84 чиргүүл, 40 чиргүүлийн холбогчоор үүргийн гүйцэтгэл хангуулах, үүргийн гүйцэтгэлийн баталгаа болгон "Ди Би Э.м лизинг" ХХК, ******* *******" ХХК болон "******* " ХХК хооронд байгуулсан 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдөр БГ-ХЭХ-ХШ2019/05 дугаар, БГ-ҮХХ-ХШ2019/09 дугаар, БГ-ҮХХ-ХШ2019/10 дугаар, , дугаартай барьцааны гэрээнүүдэд заасан хөрөнгүүдээр Иргэний хууль, Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хууль болон Хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн барьцааны тухай хуульд тус тус заасны дагуу үүргийн гүйцэтгэл хангуулах үндэслэлтэй байна. Барьцаалуулагч "******* ХХК-д барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах талаар "*******" ХХК-ийн зүгээс 2023 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 03/156/23 дугаартай албан бичгээр мэдэгдсэн бөгөөд 2023 оны 07 дугаар сарын 24-ний өдрийг хүртэлх хугацаанд мэдэгдэлтэй холбоотой хариу ирүүлээгүй.

Иймд 2018 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн дугаартай "Санхүүгийн түрээсийн гэрээ-г хугацаанаас нь өмнө цуцлуулж, 2023 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн байдлаар санхүүгийн түрээсийн төлөгдөөгүй үндсэн төлбөрийн зөрчил 3 557 557 104.87 төгрөг, хуримтлагдсан хүүгийн төлбөр 185 577 773.33 төгрөг, хуримтлагдсан алданги 1 285 786 623.65 төгрөг нийт 5 028 921 501.26 төгрөг, улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 25 302 557.51 төгрөгийг "******* *******" ХХК нь төлөөгүй тохиолдолд түрээсийн зүйл болох 40 чирэгч толгой, 84 чиргүүл, 40 чиргүүлийн холбогч, 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдөр БГ-ХЭХ-ХИ12019/05 дугаар, БГ-ҮХХ- ХШ2019/09 дугаар, БГ-ҮХХ- ХШ2019/10 дугаар, дугаар, БГ-ҮХХ-ХШ2019/12 дугаартай барьцааны гэрээнүүдийн хөрөнгүүдийг шүүхийн журмаар худалдан борлуулах замаар үүргийн гүйцэтгэлийг хангуулах замаар *******" ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 2. Хариуцагч ******* ******* ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.******* шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ******* Шоргоолж ХХК нь Ди Би Эм Лизинг ХХК-тай дугаартай санхүүгийн түрээсийн гэрээ байгуулж, нүүрсний экспортын тээвэрлэлтийн үйл ажиллагааг 2018 онд эхлүүлсэн бөгөөд тус гэрээний дагуу 2018 оны 12 дугаар сараас эхлэн 2020 оны 03 дугаар cap хүртэл эргэн төлөлтийг хуваарийн дагуу төлж байсан. 2020 оны 01 дүгээр сараас Ковид-19 вирус дэлгэрч өргөн цар хүрээг хамарсантай холбогдуулан 2020 оны 02-р сарын 13-ны өдрөөс эхлэн Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлснээр БНХАУ-Монгол Улсын хилийг хаасан. Хил хаагдсантай холбоотойгоор нүүрс тээврийн үйл ажиллагаа зогсонги байдалд орж гэрээний 9.1 дэх заалтад тусгасан Давагдашгүй нөхцөл байдал үүссэн тухай 2020 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн А-20/36 дугаартай албан бичгээр албан ёсоор мэдэгдсэн.

Нэхэмжлэгчийн дурдсан Санхүүгийн түрээсийн гэрээ-нд нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэрээ нь Ковид-19 цар тахлаас өмнө үүссэн валютын ханшийн өсөлттэй холбоотой бөгөөд манай компанийн зүгээс 2019 оноос эхлэн албан хүсэлт тавьж байсан билээ. Учир нь ******* ******* ХХК-иас 2019 оны 07-р сарын 08, 2019 оны 12-р сарын 02-ны өдрүүдийн албан бичгүүдээр валютын ханшийн өсөлт, тулгараад буй санхүүгийн алдагдал болон эрсдэлийн талаар нөгөө талд мэдэгдэж байсан. Энэхүү валютыг төгрөгт шилжүүлэх үндсэн шалтгаан нь гэрээ байгуулж байх үеэс валютын ханш тогтмол өсөж байсан нь валютын ханшаас үүдэлтэй компанийн санхүүгийн алдагдалд ороод байсныг илтгэнэ. Иргэний хуулийн 220 дугаар зүйлд заасан нөхцөл байдал өөрчлөгдсөн тул аль нэг талд илт ашиггүй, талуудын төсөөлж байсан гэрээний тэнцвэрт байдал алдагдах зэрэг үр дагавар үүсэж байсан тул валютын ханшийг төгрөгт шилжүүлэх хүсэлтийг удаа дараа тавьж байсны дагуу анхны хүсэлтээс хойш 20 сарын дараа хүсэлтийг хүлээн авч валютын ханшийг өөрчлөхөөр нэмэлт гэрээг байгуулсан болно. Гэвч Ди Би Эм Лизинг ХХК-иас манай компанид ирүүлсэн 2023 оны 03-р сарын 28-ны өдрийн №03/74/23 тоот албан тоотод 2021 оны 01-р сарын 28-ны албан бичгийг үндэслэн нэмэлт гэрээ байгуулсан гэж дурдсан боловч манай компанийн зүгээс 2019 оны 07-р сараас хойш удаа дараа энэхүү хүсэлтийг илгээж байсан болно.

2021 оны 03 дугаар сарын 22-ны өдөр Санхүүгийн түрээсийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулж санхүүгийн түрээсийн үлдэгдэл төлбөрийг иенээс төгрөгт хөрвүүлэхэд нийт зээлийн үлдэгдэл 9 859 838 569.79 төгрөг болж эргэн төлөлтийг 2021 оны 06 дугаар сарын 12-ны өдрийг хүртэл хойшлуулах нөхцөлтэйгөөр нэмэлт гэрээг байгуулсан. Гэвч мөн цар тахлаас шалтгаалсан хил гаалийн асуудлаас улбаатай нүүрс тээврийн сул зогсолтын асуудал хэвээр үргэлжилсэн бөгөөд хуваарьт төлбөрөө төлж чадахгүйд хүрсэн учраас манай компаниас 2021 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн А-21/163 тоот албан бичгээр компани нь санхүүгийн хүндрэлтэй ажилласан учраас эргэн төлөлтийн хуваарийг өөрчлүүлэх хүсэлтэй байгаагаа мэдэгдэж байсан. Гэтэл 2021 оны 12-р сарын 22-ны өдөр Ди Би Эм Лизинг ХХК-иас №1-92 дугаартай ирүүлсэн нэхэмжлэхэд Хүүгийн төлбөр-12 cap гэх утгатай 700 318 671.01 төгрөгийг нэхэмжилсэн ба бид түүний дагуу 2021 оны 12-р сарын 28-ны өдөр нэхэмжлэхийн дүнгээр шилжүүлсэн. Үүний дараа 2022 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн №1-44 дугаартай нэхэмжлэх ирүүлсний дагуу Санхүүгийн түрээсийн зээл буюу үндсэн зээл 1 408 548 367.11 төгрөг, зээлийн хүү 52 810 916.18 төгрөг нийт 1 530 243 086.99 төгрөг, 2022 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн №1-50 тоот дугаартай нэхэмжлэхийн дагуу Санхүүгийн түрээсийн төлбөр 1 408 548 367.11 төгрөг, хүүгийн төлбөр 52 810 916.18 төгрөг нийт 1 461 359 283.29 төгрөгийг төлсөн.

Үүнээс хойш ******* ХХК-иас зээлийн төлбөрийн нэхэмжлэх огт ирэхгүй байсан учраас нэхэмжлэх ирүүлэхийг и-мэйлээр болон утсаар удаа дараа хүссэн боловч нэхэмжлэх ирүүлээгүй. Бид гэрээний үүргээ биелүүлэхийн тулд 2022 оны 04 дүгээр сард 3080 364 437 төгрөг, 2022 оны 05 дугаар сард 2 000 000 000 төгрөг, 2022 оны 06 дугаар сард 1 500 000 000 төгрөг, 2022 оны 12 дугаар сард 570 000 000 төгрөгийг тус тус төлснөөр бид 2022 онд хүүгийн төлбөрт 515 822 362.03 төгрөг, үндсэн зээлэнд 9 626 144 445.25 төгрөг төлсөн нь нийт 10 141 966 807.28 төгрөгийг төлсөн байна. ******* ХХК, ******* Шоргоолж ХХК нарын хооронд байгуулсан дугаартай Санхүүгийн түрээсийн гэрээний 9.1 дэх хэсэгт Гэрээний аль нэг давагдашгүй хүчин зүйл /Тухайлбал: газар хөдлөлт, үер, мөндөр, аянга, гал түймэр, байгалийн бусад аюулт үзэгдэл, төрийн шийдвэр оролцоо, дайны байдал, үүссэн гэх мэт/-ийн нөхцөл байдлын улмаас гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэх боломжгүй болсон тохиолдолд гэрээний хариуцлагаас /алданги, торгууль/ чөлөөлөгдөх үндэслэл болно гэж заасан мөн Иргэний хуулийн 221.2 дугаар зүйл гэнэтийн буюу давагдашгүй хүчний шинжтэй онцгой нөхцөл байдал эсхүл талуудын эрх, хууль ашиг сонирхлыг хамгаалах үүднээс гэрээний хугацааг үргэлжлүүлэх, сунгахыг шаардах боломжгүй нөхцөл байдлыг хүндэтгэн үзэх үндэслэл гэж үзнэ гэж заасан байдаг. 2020 онд Дэлхий нийтийг хамарсан цар тахал гарсны улмаас Монгол улсын засгийн газар, Улсын онцгой комиссоос гарсан удаа дараагийн Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, төрийн болон орон нутгийн захиргааны байгууллага, хуулийн этгээдийг 2020 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн УОК-ын IV хурлын тэмдэглэлийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт Монгол Хятадын хилийн авто замын боомтуудаар нүүрс тээвэрлэлтийг 2020 оны 08 дугаар сарын 02-ны өдрийг хүртэл зогсоох, 2020 оны 02 дугаар сарын 26 -ны өдрийн УОК-ын VII хурлын тэмдэглэлийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт уул уурхайн бүтээгдэхүүний экспортын тээвэрлэлтийг онцгой нөхцөлд зохион байгуулах бэлтгэл ажлыг 2020 оны 03 дугаар сарын 15-ны дотор бүрэн хангаж арга хэмжээ авах, Засгийн газрын 2021 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 01 тоот тогтоол, 2021 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 27 дугаар тогтоол, 2021 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 91 дүгээр тогтоол, 2021 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 154 тоот тогтоолуудаар өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлж хугацааг сунгах шийдвэрүүд гарган, хатуу хөл хорионы дэглэмтэй 2022 оны 02 дугаар сарын 14 хүртэл байсан нь ******* ******* ХХК төдийгүй Монгол улс, дэлхийн эдийн засагт хүндээр тусч давагдашгүй хүчин зүйлийн нөлөөлөлд бүрэн автсан нь тодорхой байна. ******* ******* ХХК нь давагдашгүй хүчин зүйлд бүрэн автсан болохыг зохих журмын дагуу Монголын Үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимаас 02/401 дугаартай Давагдашгүй хүчин зүйлийн гэрчилгээг авч баталгаажуулж Ди Би Эм Лизинг ХХК-д албан бичгүүдтэй хамт хавсарган илгээж байсан.

Монгол Улсын Их Хурлаас баталсан Корона вирус халдвар /ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх. нийгэм эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хууль нь 2022 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хүчин төгөлдөр үйлчилсэн тул дээрх алдангийг нэхэмжлэх үндэслэлгүй гэж үзэж байна. Манай ******* ******* ХХК нь 2018 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн дугаартай Санхүүгийн түрээсийн гэрээний үүргийг бүрэн биелүүлсэн гэж үзэж байгаа тул энэхүү иргэний хэргийг хэрэгсэхгүй болгож ******* Шоргоолж компанийн барьцаа хөрөнгүүдийг чөлөөлүүлж өгөхийг хүсэж байна гэжээ.

 3. Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүх: Иргэний хуулийн 312 дугаар зүйлийн 312.1-т заасныг баримтлан ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй ******* ******* ХХК-д холбогдох санхүүгийн түрээсийн гэрээний үүрэгт 4.937.231.485,45 төгрөг, нэмэгдүүлсэн шаардлага 631.690.015.81 төгрөг, нийт 5,028,921,501 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч байгууллагын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 25,302,557.5 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.*******, Б.******* нар давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо:

..******* ******* ХХК-ийн гаргуулсан Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимын 2020 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн 02/401 дугаартай Гэнэтийн буюу давагдашгүй хүчин зүйл /РОRCE MAJEURE/-ийн гэрчилгээ-г ******* ХХК-ийн зүгээс хүлээн зөвшөөрөхгүй гэж маргасан.

******* ******* ХХК нь 2018 оны 12 дугаар сараас 2020 оны 03 дугаар сар хүртэл дугаартай Санхүүгийн түрээсийн гэрээ-ний Хавсралт 2-т заагдсан санхүүгийн түрээсийн төлбөрийн эргэн төлөлтийг хуваарьт хугацаанд нь хэвийн төлж байсан. ******* ******* ХХК-иас ирүүлсэн хүсэлтүүдийн хүрээнд ******* ХХК нь цаг үеийн нөхцөл байдлыг харгалзан үзэж санхүүгийн хүндрэлийг даван туулахад нь дэмжлэг үзүүлэн хамтран ажиллаж эргэн төлөлтийн хуваарийг 3 удаа хойшлуулж, түрээслэгчийн валютын ханшийн эрсдэлээс гаргах зорилгоор Санхүүгийн түрээсийн гэрээ-нд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээ байгуулан санхүүгийн түрээсийн үлдэгдэл төлбөрийг иенээс төгрөгт хөрвүүлж, эргэн төлөлтийг 2021 оны 06 дугаар сарын 12-ны өдрийг хүртэл хойшлуулсан байдаг.

Гэтэл ******* ******* ХХК нь 2021 оны 06 дугаар сарын 12-ны өдрөөс эхлэн санхүүгийн түрээсийн үндсэн болон хүүгийн төлбөрийг төлөх хуваарьтай байсан ч төлөлт хийгээгүй тул төлбөрийн зөрчил үүссэн. 2018 оны 08 дугаар сарын 15-ны өдөр дугаартай Санхүүгийн түрээсийн гэрээ-ний 2.6-д Түрээслэгч нь түрээсийн төлбөрийг эргэн төлөлтийн хуваарийн дагуу хуваарьт хугацаанд нь төлөөгүй тохиолдолд хугацаа хэтрүүлсэн хөног тутамд гүйцэтгээгүй үүргийн дүнгийн 0.5 /Тэг аравны таван/ хувьтай тэнцэх алдангийг зөрчлийг арилгах хүртэл хугацаанд тооцон төлнө гэж заасны дагуу алданги зөрчил үүссэн өдрөөс эхлэн тооцогдож эхэлсэн. Төлбөрийн зөрчил үүсэн өдрөөс хойш 3 удаагийн эргэн төлөлтийг хийгээгүй бөгөөд 2021 оны 12 дугаар сарын 28-ны өдөр төлөлт хийгдэх үед алданги 1,478,975,785.47 /нэг тэрбум дөрвөн зуун далан найман сая есөн зуун далан таван мянга долоон зуун наян таван төгрөг дөчин долоон мөнгө/ төгрөг, хуримтлагдсан хүү 617,198,881.21 /зургаан зуун арван долоон сая нэг зуун ерэн найман мянга найман зуун наян нэгэн төгрөг хорин нэгэн мөнгө/ төгрөг, төлөгдөөгүй үндсэн төлбөр 2,957,951,570.94 /хоёр тэрбум есөн зуун тавин долоон сая есөн зуун тавин нэгэн мянга таван зуун далан төгрөг ерэн дөрвөн мөнгө/ төгрөгийн төлбөр хуримтлагдсан.

Дээрх хойшлуулсан хугацаанаас хойш ******* ******* ХХК-ийг давагдашгүй хүчин зүйлийн нөлөөнд байсан гэж үзэхгүй байх тул ******* ******* ХХК-ийн 2021 оны 12 дугаар сарын 28-ны өдрөөс 2022 оны 06 дугаар сарын 28-ны өдрийг хүртэлх төлөлтүүдийг дугаартай Санхүүгийн түрээсийн гэрээ-ний 6 дугаар зүйлийн 6. 5-д зааснаар суутгасан нь үндэслэлтэй гэж үзэж байна.

Хоёрт. Анхан шатны шүүхийн шийдвэрт Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.8 дахь хэсэгт Анзын хэмжээ илт их байвал хэргийн нөхцөл байдлыг харгалзан шүүх түүнийг багасгаж болно. дугаартай Санхүүгийн түрээсийн гэрээ-ний 9.1-д заасныг баримталсан нь хууль зүйн үндэслэлгүй байна.

Тодруулбал, Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимын 2020 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн 02/401 дугаартай Гэнэтийн буюу давагдашгүй хүчин зүйл /РОRCE MAJEURE/-ийн гэрчилгээ-г ******* ХХК-ийн шийдвэр гаргах эрх бүхий этгээдүүдэд танилцуулсан. Эрх бүхий этгээдээс алдангийг чөлөөлөхгүй гэдэг байр суурьтай байсан тул хүсэлтийн дагуу шийдвэрлэх боломжгүй. Мөн санхүүгийн түрээсийн гэрээнд гэрчилгээ байгаа бол алдангиас шууд чөлөөл гэсэн утгатай заалт байхгүй.

Иймд ******* ******* ХХК-ийн 2021 оны 12 дугаар сарын 28-ны өдрөөс эхлэн шилжүүлсэн төлбөрүүдийг дараах байдлаар суутгасан. Үүнд:

- 2021 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 700,318,674.46 төгрөгийн төлөлтийг бүхэлд нь алдангиас;

- 2022 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 1,530,243,086.99 төгрөгийн төлөлтөөс 1,478,975,785.47 төгрөгийг алдангид, 51,267,301.52 төгрөгийг хүүгээс;

- 2022 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 1,461,359,283.29 төгрөгийн төлөлтөөс 340,164,430.66 төгрөгийг алдангид, 823,557,005.55 төгрөгийг хүүнд, 297,637,847.08 төгрөгийг үндсэн төлбөрөөс;

- 2022 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 3,080,364,437.00 төгрөгийн төлөлтөөс 638,102,076.65 төгрөгийг алдангид, 77,938,485.34 төгрөгийг хүүнд, 2,364,323,875.1 төгрөгийг үндсэн төлбөрөөс;

- 2022 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 2,000,000,000.00 төгрөгийн төлөлтөөс 134,607,239.11 төгрөгийг алдангид, 35,200,575.82 төгрөгийг хүүнд, 1,830,192,185.00 төгрөгийг үндсэн төлбөрөөс;

- 2022 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 1,500,000,000.00 төгрөгийн төлөлтөөс 35,021,230.22 төгрөгийг алдангид, 57,500,402.82 төгрөгийг хүүнд, 1,407,478,366.96 төгрөгийг үндсэн төлбөрөөс;

- 2022 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 570,000,000.00 төгрөгийн төлөлтөөс 12,414,518.45 төгрөгийг алдангид, 154,936,290.15 төгрөгийг хүүнд, 402,649,191.40 төгрөгийг үндсэн төлбөрөөс тус тус суутган тооцсон нь үндэслэлтэй.

Гуравт. Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д Гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэйГ гэж заасныг зөвхөн ******* ******* ХХК гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй мэтээр дүгнэжээ. ******* ******* ХХК-иас гэрээнд өөрчлөлт оруулах тухай хүсэлт удаа дараа ирүүлсэн. ******* ХХК-ийн зүгээс гэрээнд өөрчлөлт, нэмэлт оруулах шаардлагагүй гэж үзсэн тул ******* ХХК-иас хүсэлтийнх нь дагуу хангаж шийдвэрлээгүй.

Иймд дээрх үндэслэлээр Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын сарын 02-ны өдрийн 144/ШШ2023/00055 дугаартай анхан шатны шүүхийн шийдвэрт ******* ХХК-ийн дугаартай санхүүгийн түрээсийн гэрээний үндсэн төлбөр, хүүгийн төлбөр, алдангид 4,397,231,485.45 төгрөг, нэмэгдүүлсэн шаардлага 631,690,015.81 төгрөг, нийт 5,028,921,501.26 төгрөг, улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 25,302,557.51 төгрөгийг ******* ******* ХХК-иас гаргуулах, ******* ******* ХХК нь төлөөгүй тохиолдолд түрээсийн зүйл болох 40 чирэгч толгой, 84 чиргүүл, 40 чиргүүлийн холбогч, 2019 оны 10 дугаар сарын 31 -ний өдөр БГ-ХЭХ- ХШ2019/05 дугаар, БГ-ҮХХ-ХШ2019/09 дугаар, БГ-ҮХХ-ХШ2019/10 дугаар, , БГ-ҮХХ-ХШ2019/12 дугаартай барьцааны гэрээнд заасан хөрөнгүүдийг шүүхийн журмаар худалдан борлуулах замаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг даалгах гэж өөрчлөлт оруулж, ******* ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү. гэжээ.

 5. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.******* давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Анхан шатны шүүх шийдвэрээ гаргахдаа форс мажор гэрчилгээ буюу Худалдаа аж үйлдвэрийн танхимаас олгодог гэнэтийн буюу давагдашгүй хүчин зүйлийн гэрчилгээг үндэслээд тухайн хариуцагчийг гэнэтийн буюу давагдашгүй хүчин зүйлийн нөлөөлөлд орсон тул гэрээгээр хүлээх үүргээ гэрээний хугацаанд биелүүлэх боломжгүй нөхцөл байдалтай байсан гэж дүгнэдэг. Гэнэтийн буюу давагдашгүй хүчин зүйлийн гэрчилгээ хавтаст хэрэгт авагдсан. Үүнийг шүүхээс үнэлж болно. Гэхдээ нөгөө талаас Худалдаа аж үйлдвэрийн танхимаас гэрчилгээ гаргаад үнэлээд байгааг шүүх ганцхан энэ нотлох баримтыг үндэслээд шийдвэр гаргаж байгаа нь процессын хуульд зааснаар нотлох баримтуудыг харьцуулан үнэлж дүгнэнэ гэсэн асуудлыг хөндчихсөн гэж үзэж байна. Яагаад гэхээр Ди Би Эм Лизинг компанийн зүгээс хариуцагчийг энэ гэрчилгээнээс үүдэлтэй бодит байдалд гэнэтийн буюу давагдашгүй хүчин зүйлийн нөлөөлөлд орсон юм уу, ороогүй юм уу гэдгийг тодруулъя гээд холбогдох нотлох баримтуудыг гаргуулъя гээд хүсэлт гаргаж байсан. Хүсэлтүүдийн хүрээнд зарим нотлох баримтууд ирсэн, зарим нь ирээгүй. Тэгэхээр нийт хавтаст хэрэгт байгаа нотлох баримтуудыг тал бүрээс нь үнэлээгүй гэсэн үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч эхний гомдлын үндэслэлээ гаргаж байна.

Мөн Форс мажор буюу давагдашгүй хүчин зүйлийн гэрчилгээг үнэлэхдээ Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.8 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүх гэрээний хугацаанд Ди Би Эм Лизинг компани нь хариуцагчаас анз тооцоо буюу алданги тооцоод аваад байсан нь үндэслэлгүй гэж дүгнэсэн. Хариуцагч талаас төлсөн төлбөрүүдийг буюу 10 гаруй тэрбум төгрөгийг харахад гэрээний үүргээ бүрэн биелүүлсэн гэж дүгнэдэг. Талуудын хооронд байгуулсан санхүүгийн түрээсийн гэрээний 9.1-д гэнэтийн буюу давагдашгүй хүчин зүйлийн нөлөөнд орсон бол алданги торгуулиас чөлөөлөх үндэслэл болно гэж байгаа. Болно гэдэг нь Ди Би Эм Лизинг компани нь ******* ******* компанийн хуримтлагдсан алдангийг заавал чөлөөлнө гэсэн асуудал биш, тухайн гэрээний заалтыг харахад тэгж ойлгогдохгүй байна. Анхан шатны шүүхээс анз ерөөсөө тооцохгүй, тооцох ёсгүй байсан гэж дүгнэсэн. Санхүүгийн түрээсийн гэрээний 9.1-д заасан зохицуулалтыг хэрэгжүүлээгүй байна. Анз тооцохгүй болохоор гэрээний үүрэг хариуцагчийн зүгээс бүрэн биелэгдсэн болохоор нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож дүгнэсэн нь үндэслэлгүй байна.

Анхан шатны шүүх дүгнэхдээ ******* ******* гэдэг компани давагдашгүй хүчин зүйлийн нөлөөлөлд орсонтой холбоотойгоор гэрээн дээр өөрчлөлт оруулах хүсэлтийг нэхэмжлэгч компани руу удаа дараа гаргасан байна. Энэ хүсэлтийг нэхэмжлэгчийн зүгээс авч шийдээгүй, хэрэгжүүлээгүй байна. Энэ нь хариуцагчийн эрх зүйн байдлыг дордуулсан гэж ерөнхий дүгнэдэг. Нэхэмжлэгчийн зүгээс Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д зааснаар талууд харилцан тохиролцож гэрээний чөлөөт байдлаар гэрээг байгуулсан. Бид нар гэрээний нөхцөлийг өөрчлөхдөө гэрээнд заасны дагуу харилцан тохиролцож гэрээний нөхцөлийг өөрчлөх ёстой. Энэ дээр хугацаа сунгах, анзыг чөлөөлөх, хүү бууруулах гэх мэтчилэн гэрээнд өөрчлөлт оруулах гэж байгаа бол заавал харилцан тохиролцох ёстой. Гэтэл нэг талын санал санаачилгаар гэрээ заавал өөрчлөгдөнө гэсэн зүйл гэрээний эрх зүйн харилцаанд байхгүй. Гэвч иргэний эрх зүй дотроо, хувийн эрх зүй дотроо, гэрээний эрх зүйн харилцааны хүрээнд гэрээг ер нь заавал өөрчлөх хэрэгцээ шаардлага байсан гэдэг хууль зүйн дүгнэлтийг анхан шатны шүүх хийж хариуцагчийн төлөх төлбөрийг чөлөөлөх буюу нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож байгаа нь өөрөө үндэслэлгүй гэж үзэж байна. Тиймээс анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү. Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах байдлаар шийдэж өгнө үү гэв.

 6. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.******* давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Манай зүгээс албан бичгээр хүсэлт ирснийг нь тухайн үед шийдвэрлүүлэх шат арга хэмжээг авч байсан гэдгээ тайлбарласан боловч нотлох баримтгүй гэж үзсэн. Нэмэлт гэрээ бол байгуулсан, ингэхдээ эргэн төлөлтийн хуваарийг таамаглаж байгуулсан гэж тайлбарлаж байна. Үүнтэй холбоотой тайлбар хэлэхэд энэхүү таамгийг зөвхөн манай талын таамгаар хуваарийг тогтоодоггүй, нөгөө талаас нь ******* ******* компанитай харилцан тохиролцож байгуулсан. Тиймээс энэ хуваарийнхаа дагуу төлөх ёстой байсан. Санхүүгийн түрээсийн гэрээ болон Санхүүгийн түрээсийн хуульд нэхэмжлэхийн дагуу санхүүгийн түрээсийн төлбөрийг төлөх ёстой гэсэн тийм заалт ерөөсөө байхгүй. Манай зүгээс яагаад нэхэмжлэх явуулж байсан бэ гэхээр санхүүгийн тайлан баланс гаргахад нэхэмжлэх шаардлагатай байдаг учраас ******* ******* компанийн зүгээс манайх руу шилжүүлсэн мөнгөнийх нь дагуу нэхэмжлэхийг явуулж байсан.

Мөн анхан шатны шүүхэд сөрөг нэхэмжлэл гаргаагүй байж барьцаа хөрөнгүүдийг чөлөөлөхийг шаардаж байна гэх сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасан мэт тайлбар гаргаж байна. Энэ нь үндэслэлгүй гэж үзэж байна гэв.

 7. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.******* давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

2021 оны 06 дугаар сарын 12-ны өдрөөс 2021 оны 12 дугаар сарын 28-ны өдөр буюу энэ 06 сарын хугацаанд ******* Шоргоолж компани төлбөрөө төлөх ёстой байсан бол 06 сарын хугацаанд төлбөр төлөгдөөгүй. Үүнээс хойш 2021 оны 12 дугаар сарын 28-наас хойш 2022 оны 06 дугаар сарын 18 гээд энэ хугацаанд ******* Шоргоолж компани төлбөрөө төлчихсөн. Гэтэл энэ 6 сарын хугацаанд нэхэмжлэгч талаас гаргасан давагдашгүй хүчин зүйлийн нөлөөнд автаагүй гэсэн утга бүхий гомдол гаргасан. Худалдаа аж үйлдвэрийн танхимаас гаргасан давагдашгүй хүчин зүйлийн нөлөөнд автсан гэдэг нь гэрчилгээг 2020 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн 02/401 дугаартай гэрчилгээгээр нотлогдож байдаг. Тухайн гэрчилгээ дээр энэхүү гэрчилгээ нь дэлхий нийтэд тархаж буй Ковид 19 буюу Корона вирусын цар тахлын хорио цээрийн хугацаанд хүчин төгөлдөр байна гэсэн бичигтэй хүчин төгөлдөр гэрчилгээ байдаг. Ковид 19 цар тахлын тухай хууль 2020 оны 04 дүгээр сарын 29-ний өдрөөс хэрэгжиж эхлээд цар тахал дуусах хүртэл буюу 2022 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацаанд хүчин төгөлдөр үйлчилж байсан. Тэгэхээр энэ хуультайгаа уялдуулаад давагдашгүй хүчин зүйлийн гэрчилгээ нь өөрөө хүчин төгөлдөр байсан гэдгийг харж болно.

Талуудын хооронд байгуулсан гэрээний 9.1 дэх заалтад байгалийн давагдашгүй хүчин зүйл нөлөөлсөн тохиолдолд хүү, алданги тооцохгүй гэж оруулсан байдаг. Тэгэхээр давагдашгүй хүчин зүйлийг хаанаас нотолж өгдөг вэ гэвэл Худалдаа аж үйлдвэрийн танхимын тухай хуулиас тодорхой авч болно. Тэгэхээр Ди Би Эм Лизинг компанийн шийдвэр гаргах эрх бүхий этгээдүүдийн шийдвэрээс бус хуульд заагаад өгчихсөн учраас тухайн алдангийг тооцоод байгаа 6 сарын хугацаанд давагдашгүй хүчин зүйлийн нөлөөнд автсан байсан гэдгийг эндээс харж болно.

Иргэний хуулийн 222 дугаар зүйл 222.2 дахь хэсэгт хугацаа хэтрэхэд хүргэсэн нөхцөл байдал нь үүрэг гүйцэтгэгчийн гэм буруугаас болоогүй бол үүрэг гүйцэтгэгчийг хугацаа хэтрүүлсэн гэж үзэхгүй гэж заасан. Тэгэхээр давагдашгүй хүчин зүйл гэдэг маань өөрөө талууд хоорондын гэрээ байгуулах үед урьдчилсан таамаглах боломжгүй нөхцөл байдал учир хүндэтгэн үзэх шалтгаан. Тиймээс давагдашгүй хүчин зүйлийн нөлөөнд автсан учраас хугацаа хэтрүүлсэн гэж үзэхгүй гэж манай зүгээс үзэж байна. Хариуцагчийн зүгээс гаргасан нотлох баримт болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтыг шүүх үнэлж дүгнэж шийдвэр гаргасан. Иймд хариуцагч талын зүгээс анхан шатын шүүхийн шийдвэрийг дэмжиж байна. Шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэв.

 8. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.******* давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ди Би Эм Лизинг компани болон ******* ******* компани нь санхүүгийн түрээсийн 1816 дугаартай гэрээнд өөрчлөлт оруулах тухай гэрээг 2021 оны 03 дугаар сарын 22-ны өдөр байгуулсан. Тухайн гэрээний 1 дүгээр хавсралтанд эргэн төлөлтийн хуваарийг шинэчлэн баталсан. Ингэхдээ 2 компани маань 3 сарын дараагаас буюу 2021 оны 06 дугаар сараас компанийн үйл ажиллагаа дээрдэж орлого орж ирэх юм байна гэх таамгаар хуваарийг шинэчилж баталсан боловч 2021 оны 06 дугаар сар гэхэд компанийн байдал огт дээрдээгүй. Коронагийн нөхцөл байдлын улмаас бүр илүү дордоод хүндэрч байсан үе таарсан. Энэ талаарх мэдээллээ ******* ******* компаниас тухай бүрд нь өгч байсан. Албан бичгээр хүргүүлж байсан. Гэтэл Ди Би Эм Лизинг компаниас ямар нэгэн дорвитой хариу огт өгч байгаагүй. Холбогдохоор ТУЗ-ийн ирц нь бүрдээгүй байна, дээд удирдах шат шатны шийдвэр гараагүй байна, хурал нь хийгдэхгүй байна гэх мэт тодорхойгүй нөхцөл байдал үргэлжилсээр байсан учраас ******* ******* компанийн хувьд албан бичгээ өгөөд л нөхцөл байдлаа тайлбарлаад л мэдэгдээд л байж байсан.

2021 оны 12 дугаар сараас 2022 оны 02 дугаар сараас 02 дугаар улирлын хооронд Ди Би Эм Лизинг компаниас нийт 3 удаагийн нэхэмжлэх ******* ******* компани руу ирсэн ба Ди Би Эм Лизинг компанийн зүгээс алданги 0 гээд биччихсэн байсан. Үүний дагуу ******* ******* компанийн зүгээс төлбөрүүдийг шилжүүлж байсан. Гэтэл 2022 оны төгсгөлд буюу 2022 оны 11 дүгээр сард ирсэн албан бичигт манай компаниас өмнөх саруудад үндсэн төлбөр болон хүүд зориулж шилжүүлж байсан төлбөрүүдийг алданги, хүү, үндсэн төлбөр гэсэн дарааллаар суутгасан гэсэн мэдэгдлийг манайд хүргүүлсэн.

Хуваарь төлбөртэй холбоотойгоор манай компаниас харилцан тохиролцъё, гэрээнийхээ хэрэгжилтийг хангамаар байна, гүйцэтгэлээ одоо дуусгая гэдэг байдлаар холбогдоод байхад хариу өгөхгүй байж байгаад гэнэт алдангид суутгачихсан, дахиад төлбөр гарсан гэдэг байдлаар 2022 оны сүүлд мэдэгдэж байгаа нь өөрөө шударга ёсныхоо зарчимд харш байна.

Ди Би Эм Лизинг компанийн зүгээс ******* ******* компанид мэдээлэл өгөх харилцаа холбоотой байх, гэрээний биелэлтийг хангахад идэвхтэй оролцох ёстой байсан боловч үүргээ гүйцэтгээгүй. Мөн зөвхөн шүүхэд зориулж одоо өөрийнхөө байр суурийг хамгаалах зорилгоор манай компани 2022 оны төгсгөлд энэ албан бичгийг манай компанид хүргүүлсэн гэж үзэж байна. Хариу өгөхгүй байгаад тухайн саналыг хүлээн зөвшөөрсөн гэж үзнэ гэдэг зарчим үйлчилдэг. Гэтэл манайхаас энэ олон удаагийн албан бичиг явж байхад танайхаас хариу өгөхгүй байсанг хүлээн зөвшөөрөхгүй байна гэж үзэх үндэслэл байхгүй. Хэрвээ танайхаас хүлээн зөвшөөрөөгүй бол тухайн үедээ албан ёсоор мэдэгдлээ өгөөд зөвшөөрөхгүй байна гэдгээ мэдэгдэх ёстой байсан. Гэтэл хүлээн зөвшөөрөхгүй талаар илэрхийлэхийн оронд ******* ******* компани руу нэхэмжлэхүүдээ алданги 0 гэсэн утгатайгаар илгээж байсан ба үүнийх нь дагуу ******* ******* компани төлбөрүүдээ төлж байсан. Ди Би Эм Лизинг компани нь манайд тохиолдсон давагдашгүй хүчин зүйлийн нөлөөллийг хүлээн зөвшөөрөхгүй гээд байгаа нь өөрөө Монгол Улсын хууль тогтоомжоос хүрээнээс давсан үйлдэл гэж дүгнэж байна. Ийм учраас одоо хариуцагчийн зүгээс анхан шатын шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү хэмээн хүсэж байна гэв.

9. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.******* давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Дэлхий нийтийг хамарсан ковид цар тахлын улмаас давагдашгүй хүчин зүйлийн нөлөөнд бүрэн автсан цаг үед хамтын ажиллагааны гэрээний үүргийн биелэлтийг хангахыг зорин 2019 оны 12 дугаар сараас 2021 оны 03 дугаар сарын 11-ний өдрийг хүртэлх хугацааны хуримтлагдсан хүү болох 1 016 793 323 төгрөг 49 мөнгийг Ди Би Эм Лизинг ХХК-аас ирүүлсэн нэхэмжлэхийн дагуу 2021 оны 03 дугаар сарын 11-ний өдөр төлж барагдуулж, тооцоогоо баталгаажуулсан. Тэгээд санхүүгийн түрээсийн гэрээний 2 тал хамтран ярилцаж тохиролцсоны дагуу 2021 оны 03 дугаар сарын 22-ны өдөр тухайн санхүүгийн түрээсийн гэрээний үлдэгдэл 368 867 885.14 иенийг Монгол банкны тухайн үеийн ханшаар хөрвүүлэн тооцож 9 859 838 569 төгрөг 79 мөнгийг шилжүүлэн үндсэн гэрээнд өөрчлөлтийг оруулсан байдаг. Мөн санхүүгийн түрээсийн гэрээний 2 тал дахин хамтран ярилцаж шийдвэрлэсний дагуу дэлхий нийтийг хамарсан ковид цар тахлын өндөр тархалттай үе буюу Монгол Улсад хүн амын дийлэнх хувь өвчилж, хатуу дэглэмтэй, эдийн засгийн хүндрэлд бүх нийт орсон үед буюу 2021 оны 03 дугаар сараас 12 сар хүртэлх хугацааны хуримтлагдсан хүүгийн төлбөр 700 318 671 төгрөгийг Ди Би Эм Лизинг ХХК-аас ирүүлсэн нэхэмжлэл номер 1-92 тоот нэхэмжлэхийн дагуу 2021 оны 12 дугаар сарын 28-ны өдөр төлж хуримтлагдсан зээлийн хүүгээ бүрэн төлж өр төлбөргүй болохыг баталгаажуулсан. 2022 оноос эхлэн ковид цар тахлын тархалт бага зэргээр буурч, компанийн тээврийн үйл ажиллагаа багахан хэмжээгээр сэргэж эхлэнгүүт нэн тэргүүнд санхүүгийн түрээсийн гэрээний үүргээ хангахын тулд 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2022 оны 02 дугаар сарын 25-ны өдрийг хүртэлх 55 хоногийн санхүүгийн түрээсийн гэрээний эргэн төлөлтийн *******ээс ирүүлсэн нэхэмжлэл 1.44 тоотын дагуу 2022 оны 02 дугаар сарын 25-ны өдөр санхүүгийн түрээсийн үндсэн төлбөр 1 403 985 522 төгрөг 82 мөнгө, хүүд нь 126 257 564 төгрөг 17 мөнгө буюу нийт 1 530 243 086 төгрөг 99 мөнгийг төлсөн. Тухайн төлөлтийг хийсний дараа үндсэн гэрээний одоо үндсэн төлбөр бол 8 453 556 920 төгрөг 19 мөнгөний үлдэгдэлтэй байсан. Тус 1.44 тоот нэхэмжлэхэд бол үндсэн төлбөр гээд тухайн хугацааны хүү, алданги 0 гэсэн утгатай үндсэн нэхэмжлэхүүд ирж байсан.

2022 оны 02 дугаар сарын 26-ны өдрөөс 03 дугаар сарын 18-ны өдөр хүртэлх хугацааны 20 хоногийн санхүүгийн түрээсийн гэрээний эргэн төлөлтийг 2022 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн нэхэмжлэх 1.50 тоотын дагуу санхүүгийн түрээсийн төлбөр 1 421 986 552 төгрөг 43 мөнгө, хүүгийн төлбөр нь 39 372 730 төгрөг 86 мөнгө, нийт 1 461 359 283 төгрөг 29 мөнгийг төлсөн. Тухайн төлөлтийг хийсний дараа гэрээний үндсэн төлбөр 7 031 570 367 төгрөг 76 мөнгөний үлдэгдэлтэй байгаа. Энэ дээр тус нэхэмжлэхэд мөн алданги тэг гэсэн утгатай нэхэмжлэх манайд цахимаар ирсэн.

Ди Би Эм Лизинг компаниас санхүүгийн түрээсийн төлөх нэхэмжлэл хүргүүлэхийг манайхаас мэйлээр болон утсаар хүссэн боловч 2 дахь төлбөр хийснээс хойш нэхэмжлэхээ явуулахаа больсон. Бид нар гэрээний үүргээ биелүүлэхийн тулд мөнгө төлмөөр байна, бага хэмжээний орлого орж ирсэн гээд хүссэн хэдий ч нэхэмжлэхээ ерөөсөө ирүүлэхээ больсон. Гэхдээ бид гэрээний үүргээ биелүүлэхийн тулд бол 2022 оны 03 дугаар сарын 19-ний өдрөөс 04 дүгээр сарын 22-ны өдрийн хугацаан дахь 34 хоногийн санхүүгийн түрээсийн гэрээний хүүг тооцоолон 04 дүгээр сарын 22-ны өдөр санхүүгийн түрээсийн гэрээний төлбөрт 3 024 689 811 төгрөг 35 мөнгө, хүүгийнх нь төлбөрт 55 674 625 төгрөг 65 мөнгө буюу нийт 3 080 364 437 төгрөгийг төлсөн. Тухайн төлөлтийг хийсний дараа гэрээний үндсэн төлбөр бол 4 006 880 556 төгрөг 41 мөнгөний үлдэгдэлтэй байсан.

2022 оны 04 дүгээр сарын 23-ны өдрөөс 05 дугаар сарын 13-ны өдрийн хооронд 20 хоногийн хүүг тооцон санхүүгийн гэрээний төлбөрт 1 981 337 816.59 төгрөг, хүүгийн төлбөрт 18 662 183 төгрөг 41 мөнгө буюу нийт 2 тэрбум төгрөгийг 2022 оны 05 дугаар сарын 13-ны өдөр төлсөн. Тухайн төлөлтөө хийсний дараа гэрээний үндсэн төлбөр маань 2 025 542 739 төгрөг 82 мөнгөний үлдэгдэлтэй байсан.

2022 оны 05 дугаар сарын 13-ны өдрөөс 06 дугаар сарын 28-ны өдрийн хооронд 45 хоногийн хүүг тооцон санхүүгийн гэрээний төлбөрт бид 1 478 773 421 төгрөг 97 мөнгө, хүүгийн төлбөрт 21 226 578 төгрөг 03 мөнгө, нийт 1 тэрбум 500 сая төгрөгийг 06 дугаар сарын 28-нд төлсөн. Тухайн төлөлтөө хийсний дараа гэрээний үндсэн төлбөр маань 546 769 317 төгрөг 85 мөнгө байсан.

2022 оны 06 дугаар сарын 29-ний өдрөөс 12 сарын 13-ны хооронд 167 хоногийн хүүг тооцон санхүүгийн түрээсийн үндсэн төлбөрт 548 735 916.53 төгрөг, хүүгийн төлбөрт 21 264 083 төгрөг 47 мөнгө буюу нийт 570 сая төгрөгийг 2022 оны 12 дугаар сарын 13-нд төлсөн.

Ингээд дээрх хугацаанд ******* ******* компани гэрээний үндсэн үүргээ биелүүлж дууссан. Өөрөөр хэлбэл хариуцагчийн зүгээс 9 861 805 168 төгрөг 47 мөнгийг санхүүгийн гэрээний үндсэн төлбөрт, 980 480 309 төгрөг 92 мөнгийг хүүгийн төлбөрт тус тус төлж гэрээний үүргийн биелэлтээ 100% хангасан гэж хангасан болно. Одоо тиймээс одоо ******* ******* компанийн талаас барьцаанд тавьсан хөрөнгүүдээ чөлөөлөхийг Ди Би Эм Лизинг ХХК-аас шаардаж байгаа. Иймд гэрээний үндсэн үүргээ биелүүлж 100% хангасан учраас анхан шатын шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэв.

10. Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш. давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

******* ******* ХХК нь хуулийнхаа хүрээнд үүргээ биелүүлсэн ч Ариун-Очир компанийн газрууд чөлөөлөгдөхгүй байгаа. Тэгэхээр Ариун-Очир компанийн зүгээс ******* ******* компанийн гаргаж байгаа бүхий л тайлбаруудыг дэмжиж байгаа. Тэгээд эцэст нь анхан шатын шийдвэрийг бүхэлд нь дэмжиж байгаа тул шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэв.

 ХЯНАВАЛ:

Давж заалдах шатны шүүх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт заасны дагуу ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй, ******* ******* ХХК-д холбогдох иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянаад шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаав.

 ******* ХХК болон ******* ******* ХХК-ийн хооронд 2018 оны 08 дугаар сарын 15-ны өдөр байгуулсан дугаартай Санхүүгийн түрээсийн гэрээ-г цуцлуулж, 2023 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн байдлаар санхүүгийн түрээсийн үндсэн төлбөр, хүүгийн төлбөр, алданги, хохирол нийт 5 028 921 501.26 төгрөг гаргуулах, хариуцагч төлбөрөө төлөөгүй тохиолдолд түрээсийн зүйл болон барьцаа хөрөнгүүдээр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 Анхан шатны шүүх Иргэний хуулийн 312 дугаар зүйлийн 312.1-т заасныг баримтлан ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй ******* ******* ХХК-д холбогдох санхүүгийн түрээсийн гэрээний үүрэгт 4 937 231 485,45 төгрөг, нэмэгдүүлсэн шаардлага 631 690 015.81 төгрөг, нийт 5 028 921,501 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

 Нэхэмжлэгч ******* ХХК нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үед 1-р хх-211-р талд нэхэмжлэлийн шаардлагаа ихэсгэж 5 028 921 501,26 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлага гаргаж, 1 р хх-225 талд нэхэмжлэлийн бүрдүүлбэрийг хангаж улсын тэмдэгтийн хураамж 3 158 450 төгрөг 08 мөнгийг төлсөн байна. Улмаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар нь нэхэмжлэлийн шаардлагаа тодруулж дээрх нэмэгдүүлсэн шаардлагаа дэмжиж тайлбар гаргасан нь анхан шатны шүүхийн шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсан ба давж заалдах шатны шүүх хуралдаанд уг шаардлагаа дэмжиж байгаа талаараа тайлбар гаргажээ.

 Иргэний хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх тухай шүүгчийн захирамж гаргахдаа шүүхэд нэхэмжлэл гаргасан хэмжээгээр буюу 4.397.231.485.45 төгрөг, улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 22,144,107,43 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг хэлэлцэхээр шийдвэрлэж, улмаар 2023 оны 8-р сарын 29-ний өдрийн шүүх хуралдаанаар хэргийг хэлэлцэж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэлийн шаардлагаа ихэсгэх өөрчлөх эрхтэй тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлээ нэмэгдүүлсэн шаардлагыг хүлээн авах нь зүйтэй гэж үндэслэх хэсэгтээ дүгнэж, шүүгчийн захирамжаар хангаж шийдвэрлэсэн атлаа тус шүүхийн 2023 оны 09-р сарын 14-ний өдрийн 170 дугаар шийдвэр болон 2024 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 144/ШШ2024/00055 дугаар шийдвэрээр тус тус нэхэмжлэлийг шийдвэрлэхдээ нэхэмжлэлээ өөрчилсөн: Хариуцагч ******* ******* ХХК нь төлбөрийг төлөөгүй тохиолдолд түрээсийн зүйл болон барьцаа хөрөнгүүдээр үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлагыг шийдвэрлээгүй орхигдуулсан, нэхэмжлэгчийн төлөөлөгч нарын зүгээс энэхүү нэхэмжлэлийн шаардлага хэвээрээ, өөрчлөөгүй байгаа талаар давж заалдах шатны шүүх хуралдаанд тайлбарласан болно.

 Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг дутуу шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцээгүй байна.

 Түүнчлэн энэхүү хэргийг давж заалдах шатны шүүх хуралдаанаар урьд хянан хэлэлцэж 2024 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 03 дугаартай магадлалаар хэргийг дахин анхан шатны шүүхээр шийдвэрлүүлэхээр буцааж шийдвэрлэсэн үндэслэлд дурдсан хэргийн оролцогчоос гаргасан хүсэлтийг хх-175 талд авагдсан шүүгчийн захирамжаар шийдвэрлэхдээ ...нээлттэй шүүх хуралдаанаар хэлэлцэв гээд, шүүх хуралдаанд оролцогч нарыг нэрлэн заасан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нийцээгүй, мөн 2-р хх-67 талд гуравдагч этгээд ******* ХХК-ийн захирал Ш.Оюунчимэгээс Б.Амаржаргал, Б.******* нарт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох үйлдэл хийх эрхийг 3 жилийн хугацаагаар олгосон атлаа энэ итгэмжлэлээсээ татгалзаагүй нь төлөөлөгчийн эрх дуусгавар болоогүй гэх хууль зүйн үндэслэлийг бий болгох, хэрэв дуусгавар болоогүй тохиолдолд шүүх хэргийн оролцогч нарт хуульд заасан эрх үүргийг танилцуулах ажиллагааг хийгээгүй байх ба 2-р хх-183-185 талд хийгдсэн ажиллагаа нь Б.Амаржаргал, Б.******* нар нь хариуцагчийн төлөөлөгч хувиар хийгдсэн ажиллагаа байгааг анхан шатны шүүх анхаарвал зохино.

 Дээр дурдсан давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг анхан шатны шүүх биелүүлээгүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1 дэх хэсэгт Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг иргэн, хуулийн этгээд заавал биелүүлэх шаардлагыг хангаагүй гэж үзнэ.

Анхан шатны шүүхийн дээрх зөрчлийг давж заалдах шатны шүүхээс нөхөн гүйцээх боломжгүй, зохигчийн хооронд үүссэн маргааны үйл баримт, хууль хэрэглээнд эрх зүйн дүгнэлт хийх боломжгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.3-д заасан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Шийдвэрийг хүчингүй болгож шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэх давж заалдах гомдлыг хэлэлцэхгүй орхиж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг улсын төсвөөс гаргуулан буцаан олгохоор шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 144/ШШ2024/00055 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж, нэхэмжлэгч ******* ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.*******, Б.******* нарын давж заалдах гомдлыг хэлэлцэхгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч ******* ХХК-ийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 25,302,557.51 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

  

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.ДЭЛГЭРМАА

ШҮҮГЧИД Х.ГЭРЭЛМАА

Л.УГТАХБАЯР