Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 03 сарын 20 өдөр

Дугаар 225

 

 

 

 

 

 

 

 

 

          МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Базарханд даргалж тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Хан-Уул дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн Б овогт Л-ын Өт холбогдох эрүүгийн 18100 1922 0181 дугаартай хэргийг 2019 оны 03 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Улсын яллагч Б.Гүнсэл /томилолтоор/, шүүгдэгч Л.Ө нарыг оролцуулан, нарийн бичгийн дарга Б.Мөнхтулга шүүх хуралдааны тэмдэглэл хөтлөв.  

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, 1965 оны 08 дугаар сарын 15-ны өдөр Төв аймгийн Эрдэнэсант суманд төрсөн, 54 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, нярав мэргэжилтэй, Хан-Уул дүүргийн 15 дугаар хороонд үүргийн дарга ажилтай гэх, ам бүл 4, ач, зээ, хүүхдийн хамт амьдрах, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, 4 дүгээр хэсэг, Дайчдын хөшөө 1 дүгээр гудамжны 4 тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй, одоо Чингэлтэй дүүргийн 9 дүгээр хороо, Дэнжийн 6-93 тоотод түр оршин сууж байгаа гэх, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэгдэж байгаагүй, бие эрүүл, ухаан бүрэн, Бовогт Л-ын Ө /РД: /,

 

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурьдсанаар/

 

Шүүгдэгч Л.Ө нь 2018 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр иргэн М.Э-ад “Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт газар зарна” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулан 1.300.000 төгрөг,

- 2018 оны 04 дүгээр сард М.Э-ад “9911-тэй дугаар хямдхан авч өгнө” гэж 1.000.000 төгрөг тус тус залилан авсан гэмт хэрэг үйлдсэнд холбогджээ.

 

                                                                ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Л.Ө нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрөө өөрийгөө өмгөөлж оролцоно” гэх хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан тул шүүгдэгчийн “өөрөө өөрийгөө өмгөөлөх” эрхийг нь хангасан болохыг тэмдэглэв.  

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:

 

1. Шүүгдэгч Л.Ө-ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн:

“...Мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлсэн учир шүүхэд нэмж ярих зүйл байхгүй. Би өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Би хохирогчид хохирол төлбөрийг бүрэн төлж барагдуулан гомдол саналгүй болгосон. Дахин ийм асуудал гаргахгүй. ” гэсэн мэдүүлэг,

 

Эрүүгийн 18100 1922 0181 дугаартай хэргээс:

 

1. Мөрдөн шалгах ажиллагааны явцад М.Э-ын хохирогчоор өгсөн:

“...2018 оны 04 дүгээр сард над руу нэг үл таних эмэгтэй залгаад “Би таньтай уулзах гэсэн юм” гэхээр нь би зөвшөөрөөд, өөрийн ажлын байр болох Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо, Капитал хаус гэх барилгын нэг давхарт түүнтэй уулзсан юм. Тэр эмэгтэй өөрийгөө Ө гэж танилцуулан “Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Богины аманд үйл ажиллагаа явуулж байгаа танай байгууллагын хажууд миний эзэмшлийн 1500-2000 метр кв хэмжээтэй газар байгаа юм, та уг газрыг хямд авах уу” гэсэн санал тавьсан.

Тэгээд би компаний ажилчидтай уг асуудлын талаар уулзахад манай байгууллагынхан зөвшөөрч, 2018 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр би нөгөө эмэгтэйтэй өөрийн байгууллагын нэг давхарт уулзаж хэлэхэд “За тэгвэл урьдчилгаа болгож 1.3 сая төгрөг өгчих, би уг мөнгөөр бичиг баримтыг нь янзална” гэсэн. Би түүнд бэлнээр 1.3 сая төгрөг өгсөн. Үүнээс 10 хоногийн дараа буюу 04 дүгээр сарын сүүлээр Ө надтай дахин уулзаж “Манай дүү Мобиком корпорацид ажилладаг юм, та 9911-тэй дугаар хямд авах уу” гэхээр нь би мөн зөвшөөрч урьдчилгаа болгож 1.0 сая төгрөг бэлнээр өгсөн.

Үүнээс хойш Ө худал ярьсаар өнөөдрийг хүрсэн. Би түүнд нийт 2.3 сая төгрөг бэлнээр өгсөн. Ө 2018 оны 08 дугаар сарын 21-ний өдөр 600.000 төгрөг, 2018 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр 250.000 төгрөг тус тус миний Хаан банкны 5753464812 дугаарын дансанд шилжүүлсэн. Бид хоёр мөнгө өгч авалцаж байх үед ойр орчимд харсан үзсэн хүн байхгүй. Гэхдээ бид хоёрын уулзалтын талаар миний гар утас дээр хийсэн бичлэг байгаа. Уг бичлэгэнд Ө надаас 2.3 сая төгрөг авсан талаараа хэлдэг.

Одоо үлдэгдэл 1.4 сая төгрөг авах байснаас ярилцаж тохироод 1.000.000 төгрөг  авахаар болсон. Миний зүгээс 1.0 сая төгрөгөө авчихвал хохирол гомдол байхгүй. Ө нь хэрэг шүүхэд шилжихээс өмнө хохирлыг бүрэн төлнө гэсэн. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхэд татгалзах зүйл байхгүй. Надад өөр нэмж ярих зүйл байхгүй.” гэсэн мэдүүлэг /хэргийн 30-31х, 33х, 61х/,

 

2. “Богдхан” уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанаас Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газарт хүргүүлсэн 2018 оны 11 сарын 17-ны өдрийн 1519 дугаартай албан бичиг  /хэргийн 25х/,

 

3. Шүүгдэгч Л.Ө-ын Хаан банк дахь 949618хххххх4582 тоот картнаас 2018 оны 08 сарын 21-ний өдөр 650.000 төгрөг, 2018 оны 08 сарын 29-ний өдөр 250.000 төгрөгийг хохирогч М.Э-ын Хаан банкны 5753464812 дугаарын дансанд шилжүүлсэн талаарх мэдээлэл бүхий мөнгөн шилжүүлгийн баримт /хэргийн 09х/,

 

4. Хохирогч М.Э-ын “Л.Өаас хохирол төлбөр болох 2.300.000 төгрөгийг бүрэн хүлээн авсан. Гомдол саналгүй, нэхэмжлэх зүйл байхгүй, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэсэн прокурорын хяналтын шатанд бичгээр гаргасан хүсэлт баримт /хэргийн 74х/,

 

5. Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч Л.Ө-ын гэрч, яллагдагчаар өгсөн:

“...Би Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны “Богины ам” гэж нэрлэгдэх газарт хүү Батжаргал, охин Ариунжаргал нарын нэр дээр 1300 мкв талбайтай газартай юм. Манай хоёр хүүхдийн эзэмшлийн газартай залгаа 2 га газрыг Э гэх хүн эзэмшдэг талаар мэдээд, би уг хүнтэй 2018 оны 08 дугаар сард очиж уулзаад түүнд “өөрөө манай газрын хажууд байдаг юм байна, та манай газрыг зараад өгөөч, манай охин Ариунбилэг савны хорт хавдартай байгаа юм, иймээс би газраа зармаар байна” гэж хэлэхэд Э гэх хүн зөвшөөрөөд 2016 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн “Сайдын тушаал, хорооны тодорхойлолт, Дархан цаазат Богдхан уулын тодорхойлолт” гэх мэт материалыг түүний ажил болох Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт байрлах “АПУ” ХХК-ийн хажууд очиж түүнд өгсөн.

Маргааш нь Э над руу утасдаад “чи газрынхаа гэрчилгээг аваад ир, хэдэн хүнд үзүүлээд авахаар боллоо” гэж хэлсэн. Тухайн үед газрын гэрчилгээ нь төлөв байдлын үнэлгээ хийгдээгүй улмаас гараагүй байсан. Ингээд би түүнээс охины эмчилгээнд зарцуулахаар 2018 оны 08 дугаар сард хоёр хувааж 1.3 сая төгрөгийг “АПУ” ХХК-ийн хажууд байрлах барилга дотор авсан. Э бид хоёр газрын гэрчилгээ гаргуулахаар нилээдгүй удаа гадуур ажил хөөцөлдөж цуг явсан.

Тэгтэл манай найз Нэргүй “9911-тэй дугаар зарна” гэж надад хэлэхэд би мөнгөгүй байсан болохоор авч чадаагүй. Би Эад “9911-тэй дугаарыг хямд авах уу” гэхэд зөвшөөрөөд, миний данс руу урьдчилгаа болох 650.000 төгрөгийг хийсэн юм. Үүнээс хэд хоногийн дараа Э руу залгаад “Нөгөө 9911-тэй дугаарыг 25.0 сая төгрөгөөр зарна” гэхэд “Өө тийм үү, тэгвэл би авч чадахгүй” гэхээр нь 2018 оны 08 дугаар сарын 21-ний өдөр Эын 5753464812 дугаарын данс руу 650.000 төгрөгийг буцааж шилжүүлсэн.

Надад Мобиком Корпорацид таньдаг хүн байхгүй. Мөн 2018 оны 08 дугаар сарын 29-ний өдөр 250.000 төгрөг, 2018 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр 350.000 төгрөг тус тус шилжүүлсэн. ...Одоо 1.0 сая төгрөгийн үлдэгдэлтэй байгаа. Би өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хохирлоо төлж барагдуулна, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлттэй байна.” гэсэн мэдүүлэг /хэргийн 36-37х, 62-63х/ болон мөн шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой гэрч Б.Ариунжаргалын мэдүүлэг /хэргийн 60х/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хэргийн 40х/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хэргийн 48х/, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны Засаг даргын тодорхойлолт /хэргийн 65х/ зэрэг нотлох баримтуудыг тус тус шинжлэн судлав. 

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж шүүх үнэлсэн болно.

 

Түүнчлэн хэргийн шүүгдэгч Л.Ө нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, прокурорын хяналтын шатанд өөрт холбогдох эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг /хэргийн 103х/ прокурорт гаргаснаар 2019 оны 03  дугаар сарын 19-ны өдрийн 57 дугаартай прокурорын тогтоолоор хүсэлтийг хүлээн  авч хангасан, прокуророос шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх саналыг танилцуулахад тэрээр хүлээн зөвшөөрснөөр /хэргийн 105х/ эрүүгийн 18100 1922 0181 дугаартай хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтайгаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар бүлэгт заасан хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, зохицуулалтыг зөрчөөгүй байна.

 

Иймд прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Л.Өын  гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой гэж дүгнэлээ.

 

Хэргийн талаархи шүүхийн дүгнэлт:

 

Шүүгдэгч Л.Ө нь 2018 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт “газар зарна” гэж иргэн М.Э-аас урьдчилгаа төлбөр гэх 1.300.000 төгрөг, мөн 2018 оны 04 дүгээр сарын сүүлээр “9911-тэй дугаар хямдхан авч өгнө” гэж иргэн М.Э-аас 1.000.000 төгрөг тус тус авч, өөртөө ашигласан үйл баримт хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт бэхжүүлж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан:

- хохирогч М.Э-ын: “...2018 оны 04 дүгээр сард над руу нэг үл таних эмэгтэй залгаад “Би таньтай уулзах гэсэн юм” гэхээр нь би зөвшөөрөөд, өөрийн ажлын байр болох Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо, Капитал хаус гэх барилгын нэг давхарт түүнтэй уулзсан юм. Тэр эмэгтэй өөрийгөө Ө гэж танилцуулан “Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Богины аманд үйл ажиллагаа явуулж байгаа танай байгууллагын хажууд миний эзэмшлийн 1500-2000 метр кв хэмжээтэй газар байгаа юм. Та уг газрыг хямд авах уу” гэсэн санал тавьсан. Тэгээд би компаний ажилчидтай уг асуудлын талаар уулзахад манай байгууллагынхан зөвшөөрч, 2018 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр би нөгөө эмэгтэйтэй өөрийн байгууллагын нэг давхарт уулзаж хэлэхэд “За тэгвэл урьдчилгаа болгож 1.3 сая төгрөг өгчих, би уг мөнгөөр бичиг баримтыг нь янзална” гэсэн болохоор би түүнд бэлнээр 1.3 сая төгрөг өгсөн. Үүнээс 10 хоногийн дараа буюу 04 дүгээр сарын сүүлээр Ө надтай дахин уулзаж “Манай дүү Мобиком корпорацид ажилладаг юм. Та 9911-тэй дугаар хямд авах уу” гэхээр нь би зөвшөөрч урьдчилгаа болгож 1.0 сая төгрөг мөн бэлнээр өгсөн. Үүнээс хойш Ө худал ярьсаар өнөөдрийг хүрсэн. Би түүнд нийт 2.3 сая төгрөг бэлнээр өгсөн.

Ө 2018 оны 8 дугаар сарын 21-ний өдөр 600.000 төгрөг, 2018 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр 250.000 төгрөг тус тус миний Хаан банкны 5753464812 дугаарын дансанд шилжүүлсэн. Одоо үлдэгдэл 1.4 сая төгрөг авна. Бид хоёр мөнгө өгч авалцаж байх үед ойр орчимд харсан үзсэн хүн байхгүй. Гэхдээ бид хоёрын уулзалтын талаар миний гар утас дээр хийсэн бичлэг байагаа. Уг бичлэгэнд Ө надаас 2.3 сая төгрөг авсан талаараа хэлдэг. ...Одоо үлдэгдэл 1.4 сая төгрөг авах байснаас ярилцаж тохироод 1.000.000 төгрөг  авахаар болсон. Миний зүгээс 1.0 сая төгрөгөө авчихвал хохирол гомдол байхгүй. Ө нь хэрэг шүүхэд шилжихээс өмнө хохирлыг бүрэн төлнө гэсэн. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхэд татгалзах зүйл байхгүй.” гэсэн мэдүүлэг /хэргийн 30-31х, 33х, 61х/,

- “Богдхан” уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанаас Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газарт хүргүүлсэн 2018 оны 11 сарын 17-ны өдрийн 1519 дугаартай албан бичиг  /хэргийн 25х/,

- шүүгдэгч Л.Өын Хаан банк дахь 949618хххххх4582 тоот картнаас 2018 оны 8 сарын 21-ний өдөр 650.000 төгрөг, 2018 оны 08 сарын 29-ний өдөр 250.000 төгрөгийг хохирогч М.Э-ын Хаан банкны 5753464812 дугаарын дансанд шилжүүлсэн талаарх мэдээлэл бүхий мөнгөн шилжүүлгийн баримт /хэргийн 09х/,

- хохирогч М.Э- “Л.Ө-аас хохирол төлбөр болох 2.300.000 төгрөгийг бүрэн хүлээн авсан. Гомдол саналгүй, нэхэмжлэх зүйл байхгүй.” гэх хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай прокурорын шатанд гаргасан хүсэлт баримт /хэргийн 74х/ болон шүүгдэгч Л.Өын мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлэгт үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг бичгийн нотлох баримтуудаар хангалттай нотлогдож тогтоогдсон байна.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай үйлдэл, эс үйлдэхүйг, мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсаныг гэмт хэрэгт тооцно гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт хуульчилан тогтоосон.

 

Шүүгдэгч Л.Ө нь өөрөө болон түний хамаарал бүхий гэр бүлийн бусад гишүүд нь /охин Б.Ариунжаргал, хүү Б.Батжаргал/ Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Богины аманд /хязгаарлалтын бүсэд/ эрх бүхий байгууллагаас олгосон газар эзэмших, ашиглах гэрээний үндсэн дээр газар эзэмшиж ашигладаггүй, өмчилдөггүй атлаа газар ашигладаг мэтээр кадастрын зураг үйлдүүлж, материал бүрдүүлэн улмаар “газар хямд зарна” гэж иргэн М.Э-аас төлбөрийн урьдчилгаа гэж 1.300.000 төгрөг, мөн “9911-тэй дугаар хямд зарна, манай дүү Мобиком корпорацид ажилладаг” гэж урьчилгаа төлбөр 1.000.000 төгрөг тус тус бэлнээр авч, өөрийн хэрэглээнд захиран зарцуулсан үйл баримт тогтоогдсон байна.

 

Шүүгдэгчийн нь шууд санаатай, шунахай зорилгоор бусдын эд хөрөнгө буюу мөнгийг өөрийн эзэмшил, өмчлөлд шилжүүлэн авч ашигласан дээрх үйлдэл нь “хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг өөртөө шилжүүлэн авах” Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Залилах” гэмт хэргийн шинжтэй байна.  

 

Тухайн хэргийн хувьд мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн зүйлчлэл тохирсон байна.

 

Иймд шүүгдэгч Л.Өыг хуурч, ...зохиомол байдлыг зориудаар бий болгож,  бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулан эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө буюу мөнгийг өөртөө шилжүүлэн авч ашиглан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Залилах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, тухайн зүйл, хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх эрх зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.  

 

Энэхүү гэмт хэргийн улмаас хохирогч М.Э-ын эд хөрөнгөд 2.300.000 төгрөгийн хохирол учирсан нь нотлогдсон, шүүгдэгч Л.Ө нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримт болоод гэм буруугийн талаар маргаагүй болохыг тэмдэглэв.

 

“Бусдын эрх, ... эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах, бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлөх үүрэгтэй талаар Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус заасан.

 

Шүүгдэгч Л.Өын хувьд гэмт хэрэг үйлдэж хохирогч М.Э-ад учруулсан эд хөрөнгийн хохирол болох 2.300.000 төгрөгийг нөхөн төлж барагдуулсан нь:

- хохирогч М.Э-ын: “...Одоо надад гомдол санал байхгүй. Нэхэмжлэх зүйл байхгүй. Би Л.Өаас 2.300.000 төгрөгийг төлүүлж авсан, бид хоёр сайн дураараа эвлэрсэн...” гэсэн мэдүүлэг /хэргийн 74х/ баримтаар тогтоогдсон тул шүүгдэгчээс гаргуулах хохирол төлбөргүй байна.       

 

Шүүгдэгч нь урьд ял шийтгэгдэж байгаагүй тухай “ЦЕГ-ын МСТ-ийн ял шийтгэлийн мэдээллийн сангийн бүртгэлд бүртгэгдээгүй” тухай ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас баримтаар /хэргийн 40х/ тогтоогдсон тул түүнийг Эрүүгийн хуулийн хөнгөн ангилалд хамаарах гэмт хэргийг анх удаа үйлдсэн гэж үзнэ.  

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь мөн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэмт хэргийн “хөнгөн” ангилалд хамаарах бөгөөд шүүгдэгч Л.Ө нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, мөн гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлыг нөхөн төлж барагдуулсан нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т тус тус заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болно.   

 

Шүүх, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ, тэрээр анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлыг нөхөн төлж арилгасныг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч гэмшиж буй шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан, улсын яллагчаас шүүгдэгчид оногдуулвал зохих эрүүгийн хариуцлагын талаарх гаргасан саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Л.Өт 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял шийтгэх үндэслэлтэй.              

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн ярианы бичлэг бүхий CD 1 ширхэгийг эрүүгийн хэргийн хадгалах хугацаанд хэрэгт хавсарган үлдээж шийдвэрлэх нь зүйтэй.

 

Энэ хэрэгт Л.Ө нь цагдан хоригдоогүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэргийн хамт шийдвэрлэвэл зохих битүүмжилсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч М.Э- нь “хохирол нөхөн төлөгдсөн үндэслэлээр гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэснийг тус тус шийтгэх тогтоолд дурьдах нь зүйтэй.        

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон                       

                                                        

ТОГТООХ нь:

 

1. Бовогт Л-ын Ө-ыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулан эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг өөртөө шилжүүлэн авч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Залилах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Л.Ө-ыг 450 /дөрвөн зуун тавь/ нэгж буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Л.Ө нь торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэх 90 /ер/ хоногийн хугацаанд биелүүлэхийг мэдэгдэж, хуулиар тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдсүгэй.

 

4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдэж учруулсан хохиролд 2.300.000 төгрөгийг  Л.Ө хохирогч М.Э-ад нөхөн төлсөн, хохирогч нь “гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэснийг тэмдэглэсүгэй. 

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн ярианы бичлэг бүхий CD 1 ширхэгийг эрүүгийн хэргийн хадгалах хугацаанд хэрэгт хавсарган үлдээсүгэй.

6. Энэ хэрэгт Л.Ө нь цагдан хоригдоогүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэргийн хамт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдсугай.

 

7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба ялтан, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

 

8. Эрх бүхий этгээд шийтгэх тогтоолд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд ялтан Л.Ө-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтсугай.  

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                       С.БАЗАРХАНД