Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 06 сарын 06 өдөр

Дугаар 559

 

187/2019/0209/Э

 

 

 

2019      6         6                                       2019/ДШМ/559                                        

 

Л.Ө-т  холбогдох эрүүгийн

хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч Ш.Бат-Эрдэнэ, Д.Очмандах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

 

прокурор Ш.Алтанцэцэг,

шүүгдэгч Л.Ө-  ,

нарийн бичгийн дарга Г.Алтанзул нарыг оролцуулан,

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Базарханд даргалж хийсэн шүүх хуралдааны 2019 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн 225 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Л.Ө-  ын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн түүнд холбогдох эрүүгийн 1810019220181 дугаартай хэргийг 2019 оны 5 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Очмандахын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Б овгийн Л-н Ө-  , ......................... тоотод түр оршин суух, ял шийтгэлгүй, /РД:................./;

 

Л.Ө-   нь 2018 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр иргэн М.Эрдэнэбатад “Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт газар зарна” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулан 1,300,000 төгрөгийг,

2018 оны 4 дүгээр сард М.Эрдэнэбатад “9911-тэй дугаар хямдхан авч өгнө” гэж 1,000,000 төгрөгийг тус тус залилан авсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Хан-Уул дүүргийн прокурорын газраас: Шүүгдэгч Л.Ө-  ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Л.Ө-  ыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулан эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг өөртөө шилжүүлэн авч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Залилах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Л.Ө-  ыг 450 /дөрвөн зуун тавь/ нэгж буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Л.Ө-   нь торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэх 90 /ер/ хоногийн хугацаанд биелүүлэхийг мэдэгдэж, хуулиар тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдэж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдэж учруулсан хохиролд 2,300,000 төгрөгийг Л.Ө-   хохирогч М.Эрдэнэбатад нөхөн төлсөн, хохирогч нь “гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэснийг тэмдэглэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн ярианы бичлэг бүхий Сиди 1 ширхгийг эрүүгийн хэргийг хадгалах хугацаанд хэрэгт хавсарган үлдээж, энэ хэрэгт Л.Ө-   нь цагдан хоригдоогүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэргийн хамт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, эрх бүхий этгээд шийтгэх тогтоолд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд Л.Ө-т  урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгч Л.Ө-   давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Мөрдөгч н.Ариунболд иргэний хэргийн ашиг сонирхлын улмаас эрүүгийн хэрэг болгосон. Намайг эмнэлэгт хэвтэж байхад дуудахад нь очиж уулзахад М.Эрдэнэбат мөн ирсэн байсан. Тэр үед би М.Эрдэнэбатад үлдэгдэл мөнгөө өгсөн. М.Эрдэнэбат “Л.Ө-   надад мөнгөө өгсөн, өрх толгойлсон эмэгтэй, 5 хүүхэдтэй, гомдол саналгүй” гэж хэлсэн. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Богд хан уулын дархан цаазтай газрын хамгаалалтын захиргаанаас Байгаль орчин аялал жуучлалын яамны тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газарт хүргүүлсэн 2018 оны 11 дүгээр сарын 7-ны өдрийн 1519 дугаартай албан бичиг хуурамч байсныг Байгаль орчны яамнаас баталгаажуулж өгсөн болно. ...” гэв.

 

Прокурор Ш.Алтанцэцэг тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Л.Ө-   нь газар эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхгүй атлаа бусдад “газраа зарна” гэж М.Эрдэнэбатыг хуурч 1,300,000 төгрөг, дараа нь “9911-тэй дугаар хямдхан олж өгнө” гэж 1,000,000 төгрөгийг, нийт 2,300,000 төгрөг авч, бусдыг залилсан үйлдэл нь хавтас хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдсон. Анхан шатны шүүх хэргийн нөхцөл байдалд үндэслэлтэй дүгнэлт хийсэн. М.Ө-   нь өөрийн гэм бурууг прокурорын хяналтын шатанд хүлээн зөвшөөрч, хялбаршуулсан журмаар хэргийг шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргасан нь хавтас хэргийн материалд авагдсан.

Хохирогч М.Эрдэнэбат мөрдөн шалгах ажиллагааны явцад болон прокурорын хяналтын шатанд хохирлын мөнгөө бүрэн хүлээж авч, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан учраас хуульд заасан зохих журмын дагуу хэргийг шийдвэрлэсэн.

Шүүх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Л.Ө-  ыг 450 /дөрвөн зуун тавь/ нэгж буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсэн. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6, 39.7, 39.8 дугаар зүйлд заасны дагуу анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэлтэй гарсан тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Л.Ө-  ын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү. ...” гэв.

  

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасны дагуу хэргийг хянан шийдвэрлэхдээ анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг давж заалдсан гомдол, эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж, хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.

 

Хэргийг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааы үед болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ноцтой зөрчил тогтоогдсонгүй.

Л.Ө-   нь 2018 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр хохирогч М.Эрдэнэбатыг “Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт газар зарна” гэж хуурч, түүнийг төөрөгдөлд оруулан 1,300,000 төгрөгийг нь, мөн 2018 оны 4 дүгээр сард “9911-тэй дугаар хямдхан авч өгнө” гэж хуурч, 1,000,000 төгрөгийг нь тус тус авсан болох нь:

 

хохирогч М.Эрдэнэбатын: “...2018 оны 4 дүгээр сард над руу нэг үл таних эмэгтэй залгаад “Би таньтай уулзах гэсэн юм” гэхээр нь би зөвшөөрч, өөрийн ажлын байр болох Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо, “Капитал хаус” гэх барилгын нэг давхарт түүнтэй уулзсан. Тэр эмэгтэй өөрийгөө Ө-   гэж танилцуулаад, “Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Богины аманд үйл ажиллагаа явуулж байгаа танай байгууллагын хажууд миний эзэмшлийн 1,500-2,000 метр кв хэмжээтэй газар байгаа юм. Та уг газрыг хямд авах уу” гэсэн санал тавьсан. Тэгээд би компаний ажилчидтай уг асуудлын талаар уулзахад манай байгууллагынхан зөвшөөрч, 2018 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр өөрийн байгууллагын нэг давхарт уулзаж хэлэхэд, урьдчилгаа болгож 1.300,000 төгрөг өгчих, би уг мөнгөөр бичиг баримтыг нь янзална гэхээр нь би түүнд бэлнээр 1.300,000 төгрөг өгсөн. Үүнээс 10 хоногийн дараа буюу 4 дүгээр сарын сүүлээр Ө-   надтай дахин уулзаж “Манай дүү Мобиком корпорацид ажилладаг юм. Та 9911-тэй дугаар хямд авах уу” гэхээр нь би зөвшөөрч урьдчилгаа болгож 1.000,000 төгрөг бэлнээр өгсөн. Үүнээс хойш Ө-   худал ярьсаар өнөөдрийг хүрсэн. Би түүнд нийт 2.300,000 төгрөг бэлнээр өгсөн. ...бид хоёрын уулзалтын талаар миний гар утас дээр хийсэн бичлэг байгаа. Уг бичлэгэнд Ө-   надаас 2,300,000 төгрөг авсан талаараа хэлдэг. ...Одоо үлдэгдэл 1.400,000 төгрөг авах байснаас ярилцаж тохироод 1,000,000 төгрөг авахаар болсон. Миний зүгээс 1.000,000 төгрөгөө авчихвал хохирол гомдол байхгүй. Ө-   нь хэрэг шүүхэд шилжихээс өмнө хохирлыг бүрэн төлнө гэсэн. ...” /хх 30-31, ЗЗ, 61/,

Л.Ө-  ын хэргээ хүлээн зөвшөөрч яллагдагчаар өгсөн “...би Эрдэнэбаттай уулзаад өөрийн газар болон манай хажуу талын эзэнгүй газрыг хамт зарахаар ярилцаад 1,300,000 төгрөгийг нь авч хэрэглэсэн.  Мөн 9911-тэй дугаар хямдхан олж гөнө гэж хэлээд урьдчилгаа 1,000,000 төгрөг авсан...” /хх 62-63/ гэх мэдүүлгүүд,

Л.Ө-   нь Богдхан уулын дархан цаазат газрын хязгаарлалтын бүсэд ямар нэг газар ашигладаггүй, эзэмшдэггүй, өмчилдөггүй болох нь “Богдхан” уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанаас Байгаль орчин аялал жуулчлалын яамны Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газарт хүргүүлсэн “2018 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 1519 дугаартай албан бичиг /хх 25х/, 2016 оны 6 дугаар сарын 9-ний өдрийн А/А87 дугаартай  Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын тушаал, уг тушаалын хавсралт /хх 15-18/ зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

 

Шүүгдэгч Л.Ө-  ыг “хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулан эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг өөртөө шилжүүлэн авсан гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцжээ.

 

Шүүгдэгч Л.Ө-  ын:

өөрийн ашиглаж, эзэмшиж, өмчилдөггүй газрыг М.Эрдэнэбатад “...зарна, бичиг баримтыг нь шилжүүлнэ...” гэж хуурч, 1,300,000 төгрөгийг нь авсан,  

9911-тэй дугаар хямдхан авч өгнө гэж биелэх боломжгүй, зохиомол байдлыг зориудаар бий болгон М.Эрдэнэбатыг төөрөгдөлд оруулан 1,000,000 төгрөгийг нь авсан үйлдэл нь  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлд заасан “Залилах” гэмт хэргийн 1 дэх хэсэгт “...Хуурч, ...эсхүл зохиомол байдлыг зориудаар бий болгох ...замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эд хөрөнгийг нь шилжүүлэн авсан...” гэсэн гэмт хэргийн шинжтэй байна.

 

Анхан шатны шүүх Л.Ө-т  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...торгох, нийтэд тустай ажил хийлгэх, хорих...” гэсэн төрлийн ялуудаас  хамгийн хөнгөн төрлийн ял болох “торгох” ялыг сонгож, тус ялын хамгийн бага хэмжээ болох 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ялыг оногдуулсан байх ба энэ нь шүүгдэгч Л.Ө-  ын үйлдсэн гэмт хэргийн хэр хэмжээ, хохирлоо төлсөн, анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хувийн байдалд тохирчээ.  

 

Иймд шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Л.Ө-  ын “...иргэний хэргийг эрүүгийн хэрэг болгож шийдвэрлэлээ...” гэсэн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгохоор шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн 225 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Л.Ө-  ын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                         Т.ӨСӨХБАЯР

 

ШҮҮГЧ                                                            Ш.БАТ-ЭРДЭНЭ

 

ШҮҮГЧ                                                            Д.ОЧМАНДАХ