Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 07 сарын 26 өдөр

Дугаар 210/МА2024/01508

 

 

 

 

 

2024 оны 07 сарын 26 өдөр

Дугаар 210/МА2024/01508

 

М.Ш-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Энхбаяр даргалж, шүүгч Д.Нямбазар, Э.Энэбиш нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 сарын 08-ны өдрийн 101/ШШ2024/02497 дугаар шийдвэртэй,

М.Ш-ийн нэхэмжлэлтэй, Б.Б-т холбогдох,

Баянзүрх дүүргийн * дугаар хороо, /13312/ Хүннүгийн гудамж, * дугаар байрны * тоот, мөн * дугаар байрны *, *, *, * тоот мөн * дугаар байрны * тоот орон сууцыг чөлөөлөхийг хариуцагчид даалгах,

Зохигчийн хооронд 2015 оны 07 сарын 16-ны өдөр байгуулсан "Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ-г хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгож, Баянгол дүүргийн * дүгээр хороо , Үйлдвэрийн төвийн бүс гудамж, /16030/ * тоот хаягт байх 550 м.кв талбайтай, Үйлдвэрлэлийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, газар эзэмших эрхийг хариуцагчийн нэр дээр шилжүүлэх тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагч талын давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Э.Энэбиш илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.О, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.С, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Б, хариуцагчийн өмгөөлөгч О.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Халиунаа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга: Нэхэмжлэгч М.Ш нь 2015 оны 07 сарын 16-ны өдөр Б.Б-аас 691,520,000 төгрөгийн төлбөр тооцооны үүргийн гүйцэтгэлд Баянгол дүүрэг, * дүгээр хороо Үйлдвэрийн төвийн бүс гудамж, /16030/ * тоот хаягт байх 550 кв.м талбай бүхий үйлчилгээний зориулалттай газрыг Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээгээр өмчлөлдөө шилжүүлж авсан. Тус үл хөдлөх эд хөрөнгийг 2016 оны 01 сарын 08-ны өдөр Б.Э-тай байгуулсан Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээгээр 600,000,000 төгрөгөөр худалдахаар тохиролцсон. Түүний төлбөрт Баянзүрх дүүргийн * дугаар хороо, /13312/ Хүннүгийн гудамжинд орших 8 ширхэг үл хөдлөх эд хөрөнгийг авахаар улсын бүртгэлийн газар бүртгүүлж орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээг авсан.

Гэтэл Б.Б нь 2016 оны 01 сарын 08-ны өдөр Төлбөр төлж барагдуулах тухай хэлцэл хийж, уг хэлцлээр 8 орон сууцыг 2016 оны 02 сарын 28-ны өдрийн дотор худалдаж төлбөр тооцоогоо дуусгана, хэрэв худалдаж чадаагүй бол М.Ш-ийн өмчлөлд хэвээр үлдээнэ гэж тохиролцсон ч Б.Б тухайн орон сууцнуудыг худалдаж, төлбөрөө барагдуулаагүй атлаа одоог хүртэл орон сууцнуудыг эзэмшилдээ байлгасаар байна. М.Ш 2018 оны 11 сард * байрны * тоот 55.60 м.кв талбайтай 2 өрөө орон сууц, мөн * байрны * тоот 67 м.кв талбайтай 3 өрөө орон сууцнуудыг эзэмшилдээ авсан.

Иймд хариуцагч Б.Б нь М.Ш-ийн өмчлөлийн зүйлээ эзэмших, ашиглах эрхэнд саад учруулж байгаа тул нэхэмжлэлд дурдсан 6 ширхэг орон сууцнуудаас хариуцагчийг чөлөөлж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга: Би 2015 оны 07 сарын 16-ны өдөр М.Ш ээс 367,182,642 төгрөг, мөн 2015 оны 07 сарын 28-ны өдөр 100,000,000 төгрөгийг тус тус зээлж, өөрийн эзэмшлийн Баянгол дүүргийн * дүгээр хороо , Үйлдвэрийн төвийн бүс /16030/ Үйлдвэрийн гудамж * тоот од байх 3,651 м.кв талбайтай газраа М.Ш-ийн нэр дээр шилжүүлсэн. Улмаар 2016 оны 01 сарын 08-ны өдөр М.Ш , Б.Э нартай харилцан тохиролцож уг газраа М.Ш т шилжүүлсэн бэлэглэлийн гэрээг хүчингүй болгож, газраа Б.Э д шилжүүлж, Б.Э ын эзэмшилд байсан 8 ширхэг орон сууцыг М.Ш ээс зээлсэн 467,182,642 төгрөгийн барьцаа болгон нэр дээр нь шилжүүлсэн.

М.Ш ээс зээлсэн мөнгөнд Баянзүрх дүүргийн * дугаар хороо /13312/ Хүннүгийн гудамжинд байх * дугаар байрны * тоот 55.60 м.кв талбайтай 2 өрөө орон сууц, мөн * дугаар байрны * тоот 67 м кв м.кв талбайтай 3 өрөө орон сууц, мөн * дугаар байрны * тоот 64.30 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцыг Э.Б-д шилжүүлснээр М.Ш авсан. Мөн Баянзүрх дүүргийн * дугаар хороо * дугаар хороолол Улаанхуарангийн гудамж * дүгээр байрны * тоот 55.42 м.кв талбайтай 2 өрөө орон сууц, мөн байрны * тоот 48.01 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг тус тус М.Ш-ийн нөхөр А.А-ын нэр дээр шилжүүлж өгснөөр нийт 5 орон сууцыг М.Ш ээс зээлсэн мөнгөндөө өгсөн.

Дээрх орон сууцнуудыг шилжүүлэн өгөхдөө төлөх татвараас шалтгаалн худалдах-худалдан авах гэрээг зах зээлийн үнэлгээнээс багаар гэрээнд тусгасан болно. Дээрх 5 орон сууцыг зах зээлийн өнөөгийн ханшаар үнэлэхэд 610,000,000 төгрөг болно.

Иймд миний бие М.Ш ээс зээлсэн мөнгөө төлсөн бөгөөд дээрх байруудыг түүнд шилжүүлэх үндэслэлгүй тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3. Хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга: 2015 оны 07 сарын 16-ны өдөр байгуулсан гэрээгээр Баянгол дүүргийн * дүгээр хороо , Үйлдвэрийн төвийн бүс гудамж, /16030/ * тоот хаягт байх 550 м.кв талбайтай, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгийг 340,000,000 төгрөгөөр "Үл хөдлөх хөрөнгө, худалдах, худалдан авах гэрээ нь 520,000,000 төгрөгийн зээлийн гэрээний барьцаа болгон дүр үзүүлэн хийсэн хэлцэл юм. Мөн энэхүү хэлцлийг байгуулахдаа анх зээлийн гэрээний барьцаа болгож 8 ширхэг орон сууцыг түр шилжүүлсэн ба уг байрнуудыг 520,000,000 төгрөгийн төлбөрт өгөх санаа зорилго байгаагүй, зээлээ төлөөд буцааж авна гэж найдаж, өөрт илт хохиролтой гэрээ хийх санаа байгаагүй, чин санаанаасаа бус, хөнгөмсгөөр найдаж, урьдаас зээлийг төлнө гэж тооцож хийсэн хэлцэл юм.

Иймд Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.1.2, 56.1.4-д зааснаар хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5 дахь хэсэгт зааснаар миний өмчлөлийн Баянгол дүүргийн * дүгээр хороо , Үйлдвэрийн төвийн бүс гудамж, /16030/ * тоот хаягт байх 550 м.кв талбайтай, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгө, газар эзэмших эрхийг миний нэр дээр шилжүүлж өгнө үү гэжээ.

 

4. Хариуцагчийн сөрөг нэхэмжлэлд гаргасан нэхэмжлэгчийн тайлбар, татгалзлын агуулга: Хариуцагч нь төлбөр тооцоонд 49,000,000 төгрөг, 5 ширхэг үл хөдлөх хөрөнгө шилжүүлж өгсөн гэх боловч * тоот орон сууц нь хариуцагчид хамааралгүй хөрөнгө юм. Гуравдагч этгээд болон М.Ш нар 2018 онд хэлцэл хийхдээ тусгасан. 2015 оны 07 сарын 16-ны өдрийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулна гэх боловч Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2, 56.1.4-т заасан аль үндэслэлээр шаардаж байгаа нь ойлгомжгүй. Худалдах худалдан авах гэрээний дараа арилжааны гэрээ, төлбөр төлөх хэлцлүүд хийгдсэн. Хэрэв сөрөг нэхэмжлэл гаргаж байгаа бол үр дагаврын асуудлыг зайлшгүй тусгах үндэслэлтэй. Үндсэн зээлд гарын үсэг зурсан бөгөөд 1,101,632,553 төгрөгийг төлсөн гэх тооцооллыг гаргаж өгөөгүй гэжээ.

 

5. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт зааснаар Баянзүрх дүүрэг, * дугаар хороо, 13312 хүннүгийн гудамж, * дугаар байрны * тоот, * дугаар байрны *, *, *, * тоот * дугаар байрны * тоот од байх орон сууцнуудыг чөлөөлөхийг хариуцагч Б.Б-т даалгаж, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.2, 56.1.4-т заасан үндэслэл тогтоогдохгүй тул 2015 оны 07 сарын 16-ны өдөр байгуулсан Баянгол дүүргийн * дүгээр хороо , Үйлдвэрийн төвийн бүс гудамж, /16030/ * тоот хаягт байрлах 550 м.кв үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгийг 340,000,000 төгрөгөөр худалдсан "Үл хөдлөх хөрөнгө, худалдах, худалдан авах тухай гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5 дахь хэсэгт зааснаар хэлцлээр шилжүүлсэн Баянгол дүүргийн * дүгээр хороо , Үйлдвэрийн төвийн бүс гудамж, /16030/ * тоот хаягт байх 550 м.кв үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгө, газар эзэмших эрхийг хариуцагчийн нэр дээр шилжүүлэх тухай сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн төлсөн 421,200 төгрөг, хариуцагчийн төлсөн 4,287,150 төгрөгийг тус тус улсын орлогод үлдээж, хариуцагч Б.Б-аас 421,200 төгрөг гаргуулж нэхэмжлэгч М.Ш т олгож шийдвэрлэжээ.

 

6. Хариуцагч талын гаргасан давж заалдах гомдлын агуулга:

6.1. Б.Б нь 2015 оны 07 сарын 10-ны өдөр М.Ш ээс 320,000,000 төгрөгийг 3 сарын хугацаатай, сарын 8 хувийн хүүтэйгээр зээлж, зээлийн гэрээ байгуулсан. Зээлийн гэрээний барьцаанд 2015 оны 07 сарын 10-ны өдөр Б.Б нь өөрийн өмчлөлийн Баянгол дүүргийн * дүгээр хороо , Үйлдвэрийн төвийн бүс гудамж, /16030/* тоот хаягт байх 550 м.кв үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгө болон газар эзэмших эрхээ М.Ш т "Бэлэглэлийн гэрээ" байгуулж шилжүүлсэн байсан. 2015 оны 07 сарын 16-ны өдөр дахин "Зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах, нэмж зээл олгох гэрээ"-г байгуулж, өмнө авсан 320,000,000 төгрөг дээр нэмж 20,000,000 төгрөгийг сарын 8 хувийн хүүтэй, 3 сарын хугацаатай зээлж, нийт зээлийн хэмжээ 340,000,000 төгрөг болсон.

Зээлийн хэмжээнд өөрчлөлт орсонтой холбогдуулан М.Ш-ийн шахалт тулгалтаар 2015 оны 07 сарын 16-ны өдөр "Үл хөдлөх эд хөрөнгө бэлэглэлийн гэрээг хүчингүй болгох" хэлцэл хийж, энэ өдрөө "Баянгол дүүргийн * дүгээр хороо , Үйлдвэрийн төвийн бүс гудамж, 116030/ * тоот хаягт байх 550 м.кв үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгө болон газар эзэмших эрхээ 340,000,000 төгрөгөөр Үл хөдлөх хөрөнгө, худалдах, худалдан авах тухай гэрээ болгон өөрчлөн байгуулсан ба энэ нь хөрөнгөө үнэгүйдүүлж, аргагүй байдалд орж хийсэн хэлцэл юм. Мөн 2015 оны 07 сарын 28-ны өдөр М.Ш ээс 100,000,000 төгрөг 3 сарын хугацаатай, сарын 8 хувийн хүүтэйгээр нэмж зээлэн "Зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулж, нэмж зээл олгох гэрээ-г байгуулж, нийт зээлийн хэмжээ 440,000,000 төгрөг болсон. Дээрх зээлийн гэрээнүүдийн үүрэгт Б.Б нь 705,600,000 төгрөгийг М.Ш т төлөх үүрэг хүлээсэн.

Зээлээ төлөх боломжгүй байсан тул 2016 оны 01 сарын 08-ны өдөр М.Ш-ийн шаардсанаар зээлийн барьцаанд шилжүүлсэн байсан үл хөдлөх хөрөнгө, газраа 1,250,000,000 төгрөгөөр Т ХХК-ийн менежер Б.Э д шилжүүлж, түүний нэр дээр байсан 9 ширхэг орон сууц, 1 автомашины зогсоолоор худалдахаар болсон. Тэгээд 550 м.кв талбайтай үл хөдлөх хөрөнгө, газрыг М. Шүрэнцэцэгээс Б.Э ын нэр дээр шилжүүлж, дээрх 9 орон сууц, 1 автомашины зогсоолоос 8 орон сууцыг нь М.Ш-ийн зээлийн барьцаа болгож М.Ш-ийн нэр дээр түр шилжүүлж, мөн 2016 оны 01 сарын 08-ны өдөр Б.Б , М.Ш нарын хооронд "Төлбөр төлж барагдуулах тухай хэлцэл байгуулсан.

Б.Б нь өөрийн өмчлөлийн 550 м.кв талбайтай үл хөдлөх хөрөнгөө 1,250,000,000 төгрөгөөр үнэлж, Т ХХК-тай тохиролцож 9 байр, 1 ширхэг авто зогсоолоор сольсон нь 2016 оны 01 сарын 08-ны өдөр М.Ш , Б.Э нарын хооронд байгуулсан хэлцэлд 600,000,000 төгрөгөөр тооцож шилжүүлснээр тодорхой тусгагдсан. Бодит байдалд 600,000,000 төгрөгт тооцож 9 ширхэг орон сууц, 1 ширхэг авто зогсоол авах боломжгүй ба нэг ширхэг орон сууц 60,000,000 төгрөгийн үнэтэй болж байна. Энэ нь бодит байдалд огт нийцэхгүй, дүр үзүүлсэн нь харагддаг ба тухайн үед үл хөдлөх эд хөрөнгийг улсын бүртгэлд бүртгүүлэхэд төлөх татвараас зайлсхийж М.Ш нь ийнхүү багаар үнэлж байсан.

6.2. Б.Б нь зээлийн гэрээний үүргийг биелүүлж М.Ш т 49,920,000 төгрөгийг бэлнээр төлсөн, мөн Баянзүрх дүүргийн * дугаар хороо, 13312 Хүннүгийн гудамж, * байрны * тоот 55.6 м.кв 2 өрөө орон сууц, мөн * байрны * тоот 67 м.кв 3 өрөө орон сууц, мөн * байрны * тоот 64.3 м.кв 3 өрөө орон сууц, мөн Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, * дугаар хороолол Улаанхуаран гудамж 39 байрны * тоот 55.42 м.кв 2 өрөө орон сууц, мөн байрны * тоот 48.01 м.кв 2 өрөө орон сууцыг тус тус шилжүүлсэн. Мөн Баянзүрх дүүргийн * дугаар хороо, 13312 хүннүгийн гудамж * дугаар байрны * тоот 67 м.кв 3 өрөө орон сууцыг М.Ш барьцаанд тавиад алдсан зэргийг тооцоход, 1,101,632,553 төгрөгийн 6 орон сууцыг шилжүүлэн төлбөртөө тооцон өгсөн. Үүнээс үзэхэд Б.Б нь М. Ш-т нийт 705,600,000 төгрөг төлөхөөс 1,101,632,553 төгрөгийг төлсөн нь хэрэгт авагдсан бичгийн баримтууд, талуудын тайлбараар нотлогдож байна.

Шүүх зохигчдын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний гүйцэтгэлийн талаар огт дүгнэлт хийгээгүй, Б.Б-аас үүргийн гүйцэтгэлийн талаар огт дурьдаагүй, түүний гаргаж өгсөн тооцооллыг үгүйсгэж, "Төлбөр барагдуулах тухай хэлцэл"-д дурдсан тооцоог болон шаардах эрхтэй талаар шийдвэртээ дурдсан нь хууль зүйн үндэслэлгүй, хэт нэг талыг барьсан дүгнэлт хийсэн гэж үзэж байна.

6.3. Анхан шатны шүүх "Нэхэмжлэгч М.Ш , хариуцагч Б.Б нарын хооронд зээлийн гэрээ байгуулагдсан, 440,000,000 төгрөгийг зээлдэгчээс зээлдүүлэгчид хүлээлгэн өгсөн талаар маргаагүй. Иймд талуудын хооронд Иргэний хуулийн 8 дугаар зүйлийн 8.1, 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт зааснаар зээлийн гэрээний харилцаа үүссэн байна. Мөн Б.Б М.Ш нарын хооронд 2015 оны 07 сарын 16- ны өдөр байгуулсан" Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ"-ээр Баянгол дүүрэг дэх 550 м.кв бүхий үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгийг худалдан худалдан авах гэрээ байгуулагдсан ч тэдгээрийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар хэрэгт авагдсан баримтуудаар 440,000,000 төгрөгийн зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангахаар уг гэрээг байгуулсан байна" гэж зөв дүгнэлт хийсэн атлаа, "... Болдбаатар үл хөдлөх эд хөрөнгөө хэлцлийн үндсэн дээр шилжүүлсэн үйлдлээ хожим буюу 2016 оны 01 сарын 08-ны өдөр "Төлбөр барагдуулах хэлцэл" хийж анх үүссэн зээлийн гэрээний харилцааг дуусгавар болгохоор тохирч, 8 орон сууцыг М.Ш-ийн өмчлөлд хэвээр үлдээхийг зөвшөөрсөн байна. Энэ нь Иргэний хуулийн 236 дугаар зүйлийн 236.1 дэх хэсэгт заасан үүрэг дуусгавар болох үндэслэлд хамаарч байна.

"Төлбөр барагдуулах тухай хэлцлийн дагуу орон сууцыг өмчлөгчийн хувиар нэхэмжлэгч нь хариуцагчийн эзэмшлээс шаардах эрхтэй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй. Зохигчдын хооронд байгуулсан Төлбөр барагдуулах тухай хэлцэл" нь зээлийн гэрээний гүйцэтгэлийг хангуулахын тулд М.Ш-ийн шаардсанаар хэлцэл хийсэн байхад зээлийн гэрээ дуусгавар болсон гэж дүгнэсэн нь үндэслэлгүй. Хэрвээ зээлийн гэрээ дуусгавар болсон бол үндсэн зээл, түүний хүү, алданги шаардах эрх үүсэх ёсгүй. Хэрвээ энэхүү хэлцлээр зээлийн гэрээ дуусгавар болсон бол Б.Б ын авсан зээлийн хэмжээ болон хүү, төлбөрийн талаар болон зээлийг хугацаанд нь төлөхгүй бол дээрх 8 орон сууцыг худалдахх замаар төлөх гэсэн заалтууд тусгах шаардлагагүй байсан.

6.4. Шүүх "Төлбөр барагдуулах тухай хэлцэл"-ийг Иргэний хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1, 41.1.2, 198 дугаар зүйлийн 198.1-198.6 дахь заалтыг хэрэглэн талуудын нэгдмэл хүсэл зориг, гэрээний агуулга, талуудын хүрэхийг зорьсон үр дүн зэрэг нөхцөл байдлыг харьцуулан үзэж дүгнэхгүйгээр тус хэлцлээр анх үүссэн зээлийн гэрээг дуусгавар болгохоор тохирсон гэж талуудын хүсэл зоригийн эсрэг дүгнэсэн нь шүүгчийн хууль хэрэглээ, мэдлэг, ур чадварт эргэлзээ төрүүлж байна. Талууд "Төлбөр барагдуулах тухай" хэлцлээр анх үүссэн зээлийн гэрээний харилцаагаа дуусгавар болгохоор тохиролцоогүй, харин зээл, хүү, бусад зардалд 829,805,000,000 төгрөгийг хариуцагч нь хэзээ, хэрхэн, яаж төлж өр төлбөрийг барагдуулах үүргийг хүлээсэн, энэ үүргээ биелүүлээгүй тохиолдолд үүсэх үр дагаврыг тохиролцсоноос үзвэл хариуцагч Б.Б ын зээл төлөх үүрэг нь хэвээр хадгалагдаж байсныг нотолно.

6.5. Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг олон салаа утгатай, яг аль эрх зүйн дүгнэлт нь зөв болохыг хэргийн зохигчдод ойлгомжгүйгээр тайлбарлан шийдвэрлэсэн. Тухайлбал, Б.Б М.Ш нарын хооронд 2015 оны 07 сарын 16-ны өдөр байгуулсан" Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ-ээр Баянгол дүүрэг дэх 550 м.кв бүхий үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгийг худалдан худалдан авах гэрээ байгуулагдсан ч тэдгээрийн шүүх хуралдаанд гаргасан тайлбараар 440,000,000 төгрөгийн зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангахаар уг гэрээг байгуулсан" гэж шүүх дүгнэсэн атлаа мөн "... хариуцагч тал нэхэмжлэгчээс авсан зээл 564,000,000 төгрөг, хүү 256,000,000 төгрөг, болон бусад төлбөрт нийт 829,805,000 төгрөгийг төлөх үүргээ 550 м.кв талбайтай үйлдвэрлэлийн зориулалттай үл хөдлөх хөрөнгө болон ... дугаартай 3,651 м.кв газрын эзэмших эрхийг худалдах-худалдан авах гэрээний үүргээр сольж, нэхэмжлэгч тал 829,805,000 төгрөгийн үүргийн гүйцэтгэлд тус үл хөдлөх хөрөнгөнүүдийг худалдан авах байдлаар зээлийн гэрээний харилцааг дуусгавар болгохоор тохиролцсон гэсэн ойлголт юм гэж хуулийн илэрхий зөрчилтэй эрх зүйн дүгнэлт хийсэн гэж үзэж байна. Нэхэмжлэгчтэй байгуулсан зээлийн гэрээ нь илэрхий мөлжлөгийн шинжтэй, өндөр хүүтэй, алдангитай зээл олгодог, бусдын үнэ цэнэ өндөртэй үл хөдлөх хөрөнгийг зохиомлоор өсгөсөн зээл, хүү, алданги тооцож авдаг нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасан хэлцэл хийснийг давж заалдах шатны шүүх анхаарч үзэхийг хүсч байна.

6.6. Шүүх Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасан шаардах эрхийн урьдчилсан нөхцөл хангагдсан эсэхийг шалгаагүй, нэхэмжлэгчийн шаардах эрх бүрдээгүй байхад зөвхөн улсын бүртгэлийг үндэслэн нэхэмжлэлийг хангасан нь Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт нийцээгүй.

Гэтэл Баянзүрх дүүргийн * дугаар хороо, 13312 Хүннүгийн гудамж, 42 дугаар байрны * тоот 3 өрөө орон сууц нь Б.Б ын эзэмшилд байхгүй, харин М.Ш өөрөө 2016 оны 11 сарын 28-ны өдөр "Б ББСБ-тай байгуулсан зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүйн улмаас шүүхийн шийдвэрээр бусдад шилжсэн нь хэрэгт авагдсан Баянзүрх дүүргийн Улсын бүртгэлийн газраас 2024 оны 04 сарын 01-ний өдрийн 339 тоот албан бичгээр нотлогдож байгаа. Шүүх ийнхүү Б.Б ын эзэмшилд байхгүй үл хөдлөх эд хөрөнгөөс түүнийг чөлөөлөхөөр шийдвэрлэсэн нь үндэслэлгүй ба энэ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан "Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна" гэсэн шаардлагад нийцээгүй байна гэж үзэж байна.

6.7. Нэхэмжлэгчийн нөхөр А.А, С.М нарын хоорондох зээл 80,000,000 төгрөгийн асуудал хариуцагчид хамааралгүй гэж маргаж байхад шүүх "Төлбөр барагдуулах хэлцлээр төлөхөөр тохирсон гэж үзэж хариуцагчийн зээлийн төлбөрт оруулан тооцож байгаа нь үндэслэлгүй бөгөөд шүүх Иргэний хуулийн 124 дүгээр зүйлд заасан журмаар өр /үүрэг/ шилжсэн эсэхийг хуульд нийцүүлэн эрх зүйн дүгнэлт өгч хэргийг шийдвэрлэх ёстой байсан. Нөгөө талаар нэхэмжлэгч, хариуцагч нарын хооронд анх 2015 оны 07 сард үүссэн зээлийн гэрээний үүрэг болон түүний дараа авсан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэл, гүйцэтгэх ёстой байсан зээл, хүү буюу зээлийн үндсэн үүргийн харилцааг дүгнэхгүйгээр хэргийг шийдвэрлэх боломжгүй байгааг анхаарч үзэхийг хүсч байна.

6.8. Анхан шатны шүүхийн шийдвэр нь мөн дүүргийн 2019 оны 07 сарын 02-ны өдрийн 101/ШШ2019/01933 дугаар шийдвэрийн "Үндэслэх нь" хэсгийн ихэнх хэсгүүд болон дүгнэлтүүдийг, "Тогтоох нь" хэсэг бүхлээрээ үг үсгийн зөрүүгүй, яг адилхан хуулж бичсэн байгааг анхаарч үзнэ үү. Эндээс харахад шүүгчийн болон хууль хэрэглэх мэргэжлийн ур чадварт үнэхээр эргэлзээ төрж, шүүхэд итгэх итгэл алдагдаж байгааг онцгойлон дурьдах нь зүйтэй.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, үндсэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, сөрөг нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэжээ.

 

7. Хариуцагчийн давж заалдах гомдолд нэхэмжлэгч талын гаргасан тайлбарын агуулга: Хариуцагч нь зээлийн гэрээний харилцааны үндсэн дээр үүссэн барьцаанд өгсөн эд хөрөнгөө М.Ш-ийн өмчлөлд шилжүүлсэн ба барьцааны зүйлийг хувь хүн өөрийн нэр дээр шилжүүлж авах эрхгүй, зөвхөн барьцаалах эрхтэй. Гэтэл барьцааны зүйлийг худалдан борлуулах хүсэл зоригоо талууд харилцан илэрхийлж Б.Э-тай үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ хийсэн. М.Ш анх 2018 оны 10 сарын 30-ны өдөр нэхэмжлэл гаргахдаа тухайн орон сууцны мэдээллийг авахад 2 орон сууцыг хуурамч гэрчилгээ гаргаж, барьцаанд тавьсан байсан нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар очиж, Эрүүгийн шинж чанартай үйлдэл болсон байсан ба Б.Б энэ асуудлыг Иргэний журмаар шийдүүлье, болчимгүй үйлдэл гаргасан байна, 2 орон сууцыг шилжүүлж өгнө гэж биднээс гуйсан. Тиймээс энэ нь ямар нэгэн байдлаар зээлийн гэрээгээр дүгнэсэн асуудал биш, 2 орон сууцыг шилжүүлж өгсөн асуудал.

Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасан урьдчилсан нөхцөл хангагдаагүй байхад хэргийг шийдсэн гэж хариуцагч тал маргадаг. Эд хөрөнгө эрхийн улсын бүртгэлийн тухай хууль, Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт зааснаар өмчлөгч нь бусдын хууль бус эзэмшил, ашиглалтаас эд хөрөнгөө шаардах эрхтэй гэж заасан. Нэхэмжлэлийн шаардлага нь өмчлөлийн маргаан байхад хэн өмчлөгч байна тэр хүн шаардах эрхтэй. Б ББСБ -ын барьцаанд тавьсан * тоот орон сууцыг шийдвэр гүйцэтгэлийн журмаар авсан гэж хариуцагч тал маргадаг. Энэ бол өмчлөгч нь барьцаанд тавьж тухайн эд хөрөнгийг шийдвэр гүйцэтгэлийн байгууллагад алдсан асуудал. Харин суллаж өгөх асуудал нь Б.Б ын эзэмшил, ашиглалтад өнөөдрийг хүртэл байгаа ба шийдвэр гүйцэтгэх байгууллага ч авч чадаагүй, манай тал ч авч чадаагүй байгаа. Хэрэв анхан шатны шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр гэж үзсэн тохиолдолд шийдвэр гүйцэтгэх байгууллага эсхүл М.Ш-ийн хэн авах нь дараагийн асуудал юм. А.А, С.М нарын хооронд 80,000,000 төгрөгийн зээлийн гэрээний харилцаа үүссэн баримт авагдсан байдаг. Түүнчлэн 1 орон сууцыг худалдан борлуулж, 49,000,000 төгрөгөөр төлбөр барагдуулах хэлцлийн хүүг төлсөн. Нөгөө 1 орон сууцны асуудал энэ маргаантай ямар ч холбоогүй. Хэрэв шаардлага гаргасан тохиолдолд С.М нь А.А-оос шаардах бүрэн эрхтэй ба Б.Б болон М.Ш нарын хоорондох өр тооцооны асуудал биш гэж үзэж байна. Эд хөрөнгө эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 6 дугаар зүйл, Иргэний хуулийн 183 дугаар зүйлийн 183.9 дэх хэсэгт зааснаар М.Ш-ийн өмчлөх эрхийн гэрчилгээтэй маргасан нэг ч зүйл байдаггүй тул Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт зааснаар шийдсэн анхан шатны шүүхийн шийдвэр хууль зүйн үндэслэлтэй гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх хэргийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хянаад хариуцагч талын давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шийдвэрт найруулгын өөрчлөлт оруулав.

 

2. Нэхэмжлэгч М.Ш нь хариуцагч Б.Б-т холбогдуулан Баянзүрх дүүргийн * дугаар хороо, /13312/ Хүннүгийн гудамж, * дугаар байрны * тоот, мөн * дугаар байрны *, *, *, * тоот мөн * дугаар байрны * тоот хаягт орших орон сууцыг чөлөөлөхийг хариуцагчид даалгахаар нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, зохигчийн хооронд 2015 оны 07 сарын 16-ны өдөр байгуулсан "Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ-г хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгож, Баянгол дүүргийн * дүгээр хороо , Үйлдвэрийн төвийн бүс гудамж, /16030/ * тоот хаягт байх 550 м.кв талбайтай, Үйлдвэрлэлийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, газар эзэмших эрхийг хариуцагчийн нэр дээр шилжүүлэх тухай сөрөг нэхэмжлэл гаргаж маргажээ.

 

3. Нэхэмжлэгч М.Ш нь хариуцагч Б.Б-т 2015 оны 07 сарын 10-ны өдөр байгуулсан зээлийн гэрээгээр 320,000,000 төгрөгийг, мөн 16-ны өдөр 20,000,000 төгрөгийг нэмж, мөн 28-ны өдөр 100,000,000 төгрөгийг нэмж нийт 440,000,000 төгрөгийг зээлдүүлжээ. Мөн А.А, С.М нарын хооронд 2015 оны 07 сарын 10-ны өдөр байгуулагдсан 80,000,000 төгрөгийн зээлийн гэрээний үүргийг хариуцагч нэмж тооцон, нийт 520,000,000 төгрөгийг хариуцагч нь нэхэмжлэгчээс зээлсэн үйл баримтыг анхан шатны шүүх зөв тогтоожээ.

 

Анхан шатны шүүх зохигчийн хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний харилцаа үүссэнийг зөв тодорхойлж, гэрээний хүчин төгөлдөр байдлыг үндэслэл бүхий дүгнэсэн байна.

 

Хэрэгт дараах үйл баримт тогтоогджээ.

4.1. Дээрх зээлийн гэрээний үүргийг талууд дуусгавар болгохоор 2015 оны 07 сарын 16-ны өдөр Үл хөдлөх хөрөнгө худалдах-худалдан авах гэрээ байгуулж, уг гэрээгээр хариуцагч /худалдагч/ Б.Б нь Баянгол дүүргийн * дүгээр хороо , Үйлдвэрийн төвийн бүс гудамж, /16030/ * тоот хаягт байх 550 м.кв талбайтай, үйлчилгээний зориулалттай, эрхийн улсын бүртгэлийн Ү-* дугаартай, үл хөдлөх эд хөрөнгийг нэхэмжлэгч /худалдан авагч/ М.Ш-ийн өмчлөлд шилжүүлэн 340,000,000 төгрөгөөр худалдахаар тохирч, төлбөрийг 2015 оны 07 сарын 16-ны өдрийн монгол төгрөгийн юантай харьцах ханшаар тооцож Б.Б ын Голомт банкны * тоот дансанд төлж, төлбөр тооцоо дууссан гэж тохиролцсон байна. /1хх6/

4.2. Улмаар нэхэмжлэгч М.Ш дээрх 550 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийг Б.Э д 600,000,000 төгрөгөөр худалдахаар 2016 оны 01 сарын 08-ны өдөр Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ байгуулж, Б.Э аас түүний өмчлөлийн Баянзүрх дүүргийн * дугаар хороо, /13312/ Хүннүгийн гудамж, * дугаар байрны 2 58, * тоот , мөн * дугаар байрны 129, 134, 139, 144, 149 тоот, мөн * дугаар байрны * тоот хаягт орших орон сууцнуудыг өөрийн өмчлөлд шилжүүлэн авсан нь хэрэгт нотлох авагдсан газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ, үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ, дээрх орон сууцнуудын үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн лавлагаагаар тус тус тогтоогджээ. /1хх.7-9,11-16/

4.3. Харин зохигч 2016 оны 01 сарын 08-ны өдөр Төлбөр төлж барагдуулах тухай хэлцэл шинээр байгуулж, уг хэлцлээр хариуцагч нь нэхэмжлэгчид зээл, хүүгийн төлбөрт 691,520,000 төгрөгийн төлбөртэй болохыг тодорхойлж, дээрх Баянзүрх дүүргийн * дугаар хороо, /13312/ Хүннүгийн гудамж, * дугаар байрны * тоот, мөн * дугаар байрны *, *, *, * тоот мөн * дугаар байрны * тоот хаягт орших орон сууцнуудыг Б.Б 2016 оны 02 сарын 28-ны өдрийн дотор худалдах, мөн энэ өдрөөр тасалбар болгон зээлийг төлж дуусгах үүргийг хүлээжээ. Хэрэв эдгээр хөрөнгийг худалдаж чадаагүй бол орон сууцнууд М.Ш-ийн өмчлөлд хэвээр үлдэхээр гэрээнд заажээ.

 

5. Дээрх үйл баримтыг нэгтгэн дүгнэвэл, талуудын хооронд үүссэн зээлийн гэрээний үүрэгт хариуцагч нь үл хөдлөх эд хөрөнгөө тооцон шилжүүлж төлбөрийг барагдуулсан болон хожим гэрээний үүргийг өөр нөхцөлөөр биелүүлэхээр талууд дахин гэрээ байгуулсан, тэрхүү гэрээний үүргээ хариуцагч биелүүлж чадаагүй нь нэхэмжлэгчийн маргаж буй 6 ширхэг орон сууцнаас хариуцагчийг албадан чөлөөлүүлэх нэхэмжлэлийн шаардлагыг үндэслэлтэй, харин хариуцагч уг орон сууцнуудыг 2016 оны 02 сарын 28-ны өдөр худалдах гэрээний үүргээ биелүүлээгүй нь сөрөг нэхэмжлэлээр шаардаж буй 6 ширхэг орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох-оор шаардлага гаргах эрхээ алдсан гэж үзэхээр байна.

Талуудын хооронд байгуулагдсан Төлбөр төлж барагдуулах тухай хэлцэл-ийн 4-т зааснаар хариуцагч Б.Б нь 2016 оны 02 сарын 28-ны өдрийн дотор дээрх 8 ширхэг орон сууцыг худалдан борлуулах, мөн энэ хугацаагаар тооцож нэхэмжлэгчээс зээлсэн 691,520,000 төгрөгийн зээлийн гэрээний үүргийг төлж дуусгах хугацааг тодорхойлжээ.

Тодруулбал, Б.Б нь энэхүү гэрээнд заасан 8 ширхэг орон сууцнуудыг 2016 оны 02 сарын 28-ны өдрийн дотор худалдан борлуулснаар М.Ш т төлөх 691,520,000 төгрөгийн зээлийн гэрээний үүргийг биелүүлсэнд тооцохоор тохиролцсон.

Хариуцагч нь нэхэмжлэгчийн өмнө хүлээсэн зээлийн гэрээний үүргийг биелүүлэхээр өөрийн өмчлөлд байсан Баянгол дүүрэгт орших 550 м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгөө Б.Э д шилжүүлж, түүнээс 9 ширхэг үл хөдлөх эд хөрөнгийг шилжүүлэн авч, үүнээс 8 ширхэг орон сууцыг худалдах замаар нэхэмжлэгчийн зээлийг төлж барагдуулахаар талуудын хооронд 2016 оны 01 сарын 08-ны өдөр Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ, мөн Төлбөр төлж барагдуулах тухай хэлцэл гэсэн хоёр өөр хэлцэл хийгдсэн.

Гэвч, хариуцагч нь Төлбөр төлж барагдуулах тухай хэлцэлд заасан үүргээ биелүүлж чадаагүй учир Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээнд заасан Баянзүрх дүүргийн * дугаар хороо, /13312/ Хүннүгийн гудамж, * дугаар байрны * тоот, мөн * дугаар байрны *, *, *, * тоот мөн * дугаар байрны * тоот хаягт орших орон сууцнууд нэхэмжлэгчийн өмчлөлд үлдсэнээр, хариуцагчийн нэхэмжлэгчид төлөх 691,520,000 төгрөгийн зээлийн гэрээний үүрэг дуусгавар болж, зээл хаагдсан байна.

Иймээс талуудын хооронд өр төлбөрөө барагдуулах зорилгоор тодорхой хүсэл зоригийг илэрхийлэн үр дагавар үүсгэж хийсэн Төлбөр төлж барагдуулах тухай хэлцлийг өөр хэлцлийг халхавчлах зорилготой болон дүр үзүүлсэн хийсэн гэж үзэхгүй. Мөн талууд тухайн хэлцлээр хариуцагчийн төлөх зээлийн гэрээний мөнгөн дүнг тодорхой тусгаж илэрхийлсэн байх тул зээлийн дүн болон шилжүүлсэн үл хөдлөх эд хөрөнгийн үнийн харьцаа бодитой бус гэж хожим маргасан нь үндэслэлгүй.

Иймд энэ талаар гаргасан хариуцагч талын давж заалдах гомдлыг хангахгүй.

6. Нэхэмжлэгч М.Ш нь маргаан бүхий 8 орон сууцнаас 2018 оны 11 сард Баянзүрх дүүргийн * дугаар хороо 13312 хүннүгийн гудамж, * байрны * тоот хаягтай 55.60 м.кв талбайтай 2 өрөө орон сууц, мөн * байрны * тоот хаягтай 67 м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг эзэмшилдээ авсан. Харин нэхэмжлэлийн шаардлагад дурдсан Баянзүрх дүүргийн * дугаар хороо 13312 хүннүгийн гудамж, * байрны * тоот хаягтай 57.70 м.кв талбайтай 2 өрөө орон сууц, мөн * байрны * тоот хаягтай 67 м.кв талбайтай 3 өрөө орон сууц, мөн * байрны * тоот хаягтай, 67 м.кв талбайтай 3 өрөө орон сууц, мөн * байрны * тоот хаягтай 67 м.кв талбайтай 3 өрөө орон сууц, мөн * байрны * тоот хаягтай 67 м.кв талбайтай 3 өрөө орон сууц, мөн * байрны * тоот хаягтай 47.40 м.кв талбайтай 2 өрөө орон сууц буюу 6 ширхэг орон сууцыг эзэмшилдээ аваагүй, уг орон сууцнууд хариуцагчийн эзэмшилд байгаа нь талуудын тайлбараар тогтоогджээ.

Хариуцагч талаас Баянзүрх дүүргийн * дугаар хороо, 13312 Хүннүгийн гудамж, 42 дугаар байрны * тоот од орших 3 өрөө орон сууцыг хариуцагч Б.Б ын эзэмшээгүй тул тус * тоот орон сууцыг хариуцагчийн эзэмшлээс чөлөөлөхөөр шийдвэрлэсэн нь үндэслэлгүй гэж гомдол гаргажээ. Нэхэмжлэгч тус орон сууцны өмчлөгчөөр 2016 оны 01 сарын 08-ны өдөр өмчлөгчөөр улсын бүртгэлд бүртгэгдэж, мөн 2016 оны 11 сарын 28-ны өдөр Б ББСБ ХХК-тай 16360 дугаартай барьцааны гэрээгээр уг орон сууцыг үүргийн гүйцэтгэлд барьцаалжээ. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 1366 дугаартай шийдвэрийг үндэслэн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж байгаа үйл баримт тогтоогдсон. Энэ нь уг орон сууцыг эзэмшлийг хариуцагчаас шаардах өмчлөгчийн эрхийг хязгаарлахгүй бөгөөд тус * тоот орон сууцаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар явуулж буй шийдвэр гүйцэтгэх ажиллагаа нь энэхүү маргаанд хамааралгүй байна. Иймээс энэ талаар гаргасан гомдлыг хангахгүй.

Иймд нэхэмжлэгч өөрийн өмчлөлийн эд хөрөнгөө хариуцагчийн хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасантай нийцжээ.

 

7. Хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн тухайд:

7.1. Хариуцагч шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа 2023 оны 03 сарын 27-ны өдрийн байдлаар тодорхойлж зохигчийн хооронд 2015 оны 07 сарын 16-ны өдөр байгуулсан "Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ-г хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгож, Баянгол дүүргийн 4-р хороо, Үйлдвэрийн төвийн бүс гудамж, /16030/ * тоот хаягт байх 550 м.кв талбайтай, Үйлдвэрлэлийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, газар эзэмших эрхийг хариуцагчийн нэр дээр буцаан шилжүүлэх тухай шаардлага гаргажээ.

Талууд 2015 оны 07 сарын 16-ны өдөр байгуулсан гэрээгээр хариуцагчийн өмчлөлийн 550 м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгийг зээлийн гэрээний үүрэгт тооцсоноор уг хөрөнгө нэхэмжлэгчийн өмчлөлд шилжжээ. Улмаар зохигч 2016 оны 01 сарын 08-ны өдөр байгуулсан Төлбөр төлж барагдуулах тухай хэлцэл-ээр өмнө байгуулсан гэрээний нөхцөлийг өөрчилж, зохигчийн хооронд үүссэн зээлийн гэрээний үүргийг дуусгавар болгохоор тохиролцсон ч хариуцагч гэрээний үүргээ биелүүлээгүй нь дээрх зээлийн гэрээний үүргийг уг хэлцэлд заасан нөхцөлөөр дуусгавар болгосныг өмнө дүгнэсэн.

Иймээс хариуцагч нь сөрөг нэхэмжлэлд дурдсан үл хөдлөх эд хөрөнгийг буцаан шаардах эрхгүй юм. Харин сөрөг нэхэмжлэлд дурдсан үндэслэлээр буюу 2015 оны 07 сарын 16-ны өдрийн гэрээг байгуулах хүсэл зориг байгаагүй бөгөөд дүр үзүүлэн хийсэн болон гэрээг үнэн санаанаасаа бус, хөнгөмсгөөр хандаж, түүнийгээ илэрнэ гэж урьдаас тооцож, тодорхой хүсэл зориг илэрхийлэн хийсэн буюу Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.2, 56.1.4-т заасан нөхцөл байдал хэргийн баримтаар тогтоогдоогүй байна.

Учир нь талууд уг хэлцлийг хийснээс хойш хэлцлийн үр дагавартай холбоотой өөр хэлцлийг хийсэн, гэрээний нөхцөлөө өөрчилсөн зэрэг үйл баримт нь хариуцагчийн хувьд сөрөг нэхэмжлэлд дурдсан үндэслэл бий болсон нөхцөл байдлаа засах, өөрчлөх зэргээр хуульд нийцүүлэх эсхүл гэрээнээс татгалзах боломжтой байсан гэж үзнэ. Иймд анхан шатны шүүх хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй байх тул сөрөг нэхэмжлэлийг хангуулах тухай давж заалдах гомдлыг хангахгүй.

 

8. Анхан шатны шүүх өмнөх шийдвэрийн агуулга, шийдлийг хуулбарласан гэх гомдлыг хүлээн авахгүй. Шүүх зохигчийн хооронд үүссэн эрх зүйн маргааныг хянан шийдвэрлэхдээ нэг хэрэгт цугларсан нотлох баримт, талуудын тайлбарыг үндэслэн нэг үйл баримтыг тогтоох замаар хэргийг хянан шийдвэрлэснийг буруутгах үндэслэлгүй.

Харин шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад нэр бүхий 6 ширхэг үл хөдлөх эд хөрөнгийн мэдээллийг дэлгэрэнгүй тусгагдаагүй байгааг залруулж, найруулгын өөрчлөлт оруулна.

 

9. Харин анхан шатны шүүх шийдвэрийн Удиртгал хэсэгт хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг өөрөөр тодорхойлсон алдаа гаргасныг залруулж зохигчийн хооронд 2015 оны 07 сарын 16-ны өдөр байгуулсан "Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ-г хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгож, Баянгол дүүргийн 4-р хороо, Үйлдвэрийн төвийн бүс гудамж, /16030/ * тоот хаягт байх 550 м.кв талбайтай, Үйлдвэрлэлийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, газар эзэмших эрхийг хариуцагчийн нэр дээр шилжүүлэх тухай гэж зөвтгөж дурдана. Энэ нь шүүхийн шийдвэрийг өөрчлөх, хүчингүй болгох үндэслэл болохгүйг дурдах нь зүйтэй.

Мөн анхан шатны шүүх шийдвэрийн тодорхойлох хэсгийг үйлдэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэлийн шаардлага, нэхэмжлэгчийн тайлбар, хариуцагчийн тайлбарын агуулгыг бичих, Монгол Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны 2021 оны 09 сарын 20-ны өдрийн 29 дүгээр тогтоолоор баталсан Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр боловсруулах аргачлал-ын 2.3-т заасан зохигчийн тайлбарыг товч, ойлгомжтой, логик дараалалд оруулж агуулгыг тусгана гэж заасныг тус тус зөрчсөн байгааг анхааруулах нь зүйтэй.

Гэхдээ энэ алдаа нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5-д заасан хэргийн шийдэлд нөлөөлөх ноцтой алдаанд хамаарахгүй болохыг дурдав.

 

10. Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад найруулгын өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 сарын 08-ны өдрийн 101/ШШ2024/02497 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

1 дэх заалтыг Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч М.Ш-ийн өмчлөлийн

Баянзүрх дүүргийн * дугаар хороо 13312 хүннүгийн гудамж, * байр, * тоот хаягт байршилтай 57.70 м.кв талбайтай 2 өрөө орон сууц,

Баянзүрх дүүргийн * дугаар хороо 13312 хүннүгийн гудамж, * байр, * тоот хаягт байршилтай 67 м.кв талбайтай 3 өрөө орон сууц,

Баянзүрх дүүргийн * дугаар хороо 13312 хүннүгийн гудамж, * байр, * тоот хаягт байршилтай, 67 м.кв талбайтай 3 өрөө орон сууц,

Баянзүрх дүүргийн * дугаар хороо 13312 хүннүгийн гудамж, * байр, * тоот хаягт байршилтай 67 м.кв талбайтай 3 өрөө орон сууц,

Баянзүрх дүүргийн * дугаар хороо 13312 хүннүгийн гудамж, * байр, * тоот хаягт байршилтай 67 м.кв талбайтай 3 өрөө орон сууц,

Баянзүрх дүүргийн * дугаар хороо 13312 хүннүгийн гудамж, * байр, * тоот хаягт байршилтай 47.40 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцыг хариуцагч Б.Б ын хууль бус эзэмшлээс чөлөөлсүгэй гэж өөрчлөн найруулж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,857,950 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.ЭНХБАЯР

 

ШҮҮГЧИД Д.НЯМБАЗАР

 

Э.ЭНЭБИШ