Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 08 сарын 23 өдөр

Дугаар 453

 

 

 

 


  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Д.Байгалмаа даргалж, шүүгч Д.Бямбасүрэн, шүүгч Ч.Жаргалан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар 
Нэхэмжлэгч: Архангай аймгийн Авто зам ХК-ий /РД:2003422/ нэхэмжлэлтэй, 
Хариуцагч: Архангай аймгийн Эрдэнэмандал сумын Засаг даргад холбогдох
Хохирол 23.313.500 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.  
    Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч Р.Нямдорж, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Эрдэнэсувд, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Дөлгөөн нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Авто зам ХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Манай компани 2008 онд Архангай аймгийн Эрдэнэмандал сумын Хануй голд төмөр бетон гүүр барих тендерт шалгарч 2 км газар 10 квт-ын цахилгааны түр шугам татсан. Уг төмөр бетон гүүрийг барихаа больж модон гүүр барих болсон тул уг татсан цахилгааны түр шугамыг ашиглах шаардлагагүй болсон. Уг түр шугамаа буулгаж авч амжаагүй байхад 2015 онд тус аймгийн Эрдэнэмандал сумын ой болох нэрийдлээр сумын засаг дарга Л.Гансүх гэгч нь тухайн компаний өмч болох 2 км газар татсан 10 квт-ын цахилгааны утас, шонг компаниас зөвшөөрөл авалгүй дур мэдэн буулгаж авсан буруутай үйл ажиллагаанаас манай компанид хохирол учраад байна. Авто зам компаний данс бүртгэлд байгаа 18 нэр төрлийн хөрөнгийн үнэлгээ 14.140.000 /арван дөрвөн сая нэг зуун дөчин мянга/ төгрөг, ажлын хөлс, нэмэгдэл зардал, машин механизмын зардал 6.773,5 төгрөг, өмгөөллийн хөлс 2.000.000 /хоёр сая/ төгрөг, хөрөнгийн үнэлгээний ажил гүйцэтгэхэд гарсан зардал 400.000 /дөрвөн зуун мянга/ төгрөг, нийт 23.313.500 /хорин гурван сая гурван зуун арван гурван мянга таван зуу/ төгрөгийн хохирлыг буруутай этгээд болох Архангай аймгийн Эрдэнэмандал сумын Засаг дарга Л.Гансүхээс гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагчийн төлөөлөгч Л.Гансүх шүүхэд гаргасан тайлбартаа: 2016 оны 06 сарын 07-ны өдрийн 19/2016 тоот нэхэмжлэлээр Архангай аймгийн Авто зам ХК-ий захирал Р.Нямдорж нь Эрдэнэмандал сумын Засаг дарга ажилтай Л.Гансүх надаас Авто зам ХК-ий өмч болох 2 км газарт татсан 10 ктв-ын шугамын цахилгааны утас, шон, ажлын хөлс, бусад зардалд нийт 23.315.500 төгрөгийг нэхэмжилсэн байна. Уг асуудалд дурьдагдсан цахилгааны утас шонгоос сумын 90 жилийн ойд зориулан баригдсан шинэ наадмын талбай, спорт цогцолборт зайлшгүй шаардлагаар 980 м газарт 15 шон, 3920 км цахилгааны утсыг авч цахилгааны асуудлыг шийдвэрлэсэн нь үнэн бөгөөд энэ шугам нь одоо ч бариастайгаа байна. Хэрэв шаардлагатай гэвэл буулгаад өгч болно. Энэ асуудлыг сумын ИТХ-аар хэлэлцүүлэн 2016 онд ОНХС-ийн хөрөнгөнд 8,0 сая төгрөгөөр төсөвлөн тусгуулсан байгаа болно. Энэхүү 980 м газарт татсан 15 шон, 3920 м цахилгааны утасны өртөгийг 8,000,000 төгрөг хангалттай хэмээн сумын ИТХурал хэлэлцэн баталсан учир миний бие нэхэмжлэлд дурьдагдсан илүү зардлыг хариуцах боломжгүйг үүгээр мэдэгдэж байна гэжээ.
Нэхэмжлэгчийн төлөөлөгч Р.Нямдорж шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2008 онд Архангай аймгийн Эрдэнэмандал суманд төмөр бетон гүүр барих 2 км 10 квт-ын          380-ын шугам ажлын хэрэгцээгээр компаний өөрийн хөрөнгөөр босгож ажилд оруулахад бэлэн болгоод шугам татчихсан байхад бетон гүүр биш модон гүүр баригдахаар болсон. Модон гүүрээ 2009 оны намар эхэлж 12 сард улсын комисст хүлээлгэж өгч шугамаа буулгаж авах гэтэл өмнөх Засаг дарга Батдорж нь энэ шугамыг буулгахгүй түр хүлээж байгаач, гүүрийг дагаж машин тэрэг их явж хөл хөдөлгөөн ихсэх учраас ард иргэдийнхээ амьжиргааг дэмжихийн тулд цайны газар, дугуй засвар, янз бүрийн үйлчилгээ гаргаж магадгүй гэж хэлсэн. Дараа нь сонгууль болж Засаг дарга нь солигдсон. Сонгуулийн дараа шугам байдгаараа байж байсан. Тухайн үед манайд ажиллаж байсан хүмүүс шугамыг харж ханддаг байсан. Шугамаа буулгаж авч амжаагүй байтал 2015 онд гэнэт шугам байхгүй боллоо, сумын ой болох гэж байгаа учраас Засаг дарга наадмын талбай руугаа буулгаад татчихсан байна гэж манайд ажиллаж байсан хүн хэлсэн. Би Засаг даргынх нь утсыг нь авч асуухад наадмын талбай руу татсанаа хүлээсэн. Тэгээд Засаг дарга аймгийн төвд орж ирээд надтай уулзаж 16.000.000 төгрөг төлөхөөр тохиролцсон боловч өгөлгүйгээр 2 жилийн хугацаа өнгөрч байна. Л.Гансүх дарга надад хэлэхдээ “2015 онд 8.000.000 төгрөгийг, үлдэгдэл 8.000.000 төгрөгийг ирэх оны төсөвт суулгана, сумын төсөвт бүгдийг нь суулгах боломжгүй байна, бололцоогоороо ингэж шийдлээ” гэж хэлж бид тохиролцсон. Сонгуулийн өмнө Л.Гансүх даргаас асуухад 8.000.000 төгрөгийг төсөвт суулгачихсан байгаа 8.000.000 төгрөгийг өгөх боломжтой гэсэн хариу өгсөн учраас мэргэжлийн байгууллагаар зах зээлийн өнөөгийн байдлаар үнэлгээ гаргуулж 23.313.500 төгрөг нэхэмжилж байна. Хариуцагч анх 16.000.000 төгрөгийг 2 хувааж төсөвтөө багтаагаад манай байгууллагад өгнө гэж тохирсон боловч шүүхэд нэхэмжлэл гаргасныг мэдээд татсан шонгоо хариуцна, бусад шонг хариуцахгүй гэсэн тайлбар өгсөн юм шиг байна. Манай компани нийт 40 шон татсанаас хэрэгт баримтаар өгсөн зурган дээрх зургаан шон үлдсэн бусад шон болон хоорондох утас, дэгээ, лонх зэрэг нь юу ч байхгүй, үлдсэн 6 шонг ашиглах ямар ч боломжгүй байгаа учраас нэхэмжлэлийн шаардлагаас хасаагүй. Л.Гансүх дарга шугамыг буулгаж авахдаа надаас зөвшөөрөл аваагүй. 6.773.500 төгрөг нь анх 2 км газар цахилгааны утас татахад гарсан ажлын хөлс зардал. Шон модыг өөрсдийн хүчээр суулгаж, харин цахилгааны утсыг Хархориноос мэргэжлийн хүмүүс ирж татаж өгсөн гэв. 
Шүүх хавтаст хэрэгт авагдсан болон хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтууд болон зохигчийн тайлбарыг шинжлэн хэлэлцээд 
                                                                   ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Авто зам ХК нь хариуцагч Архангай аймгийн Эрдэнэмандал сумын Засаг даргаас: 
-Хөрөнгийн үнэлгээний тогтоогдсон 18 нэр төрлийн хөрөнгийн 14.140.000 /арван дөрвөн сая нэг зуун дөчин мянга/ төгрөг, 
- Ажлын хөлс, нэмэгдэл зардал, машин механизмын зардал 6.773.500 төгрөг, 
- Өмгөөллийн хөлс 2.000.000 төгрөг, 
- Хөрөнгийн үнэлгээний ажил гүйцэтгэхэд гарсан зардал 400.000 төгрөг, нийт 23.313.500 төгрөгийн хохирол гаргуулахаар нэхэмжилжээ. 
Эд хөрөнгийн үнэлгээ гаргахад төлсөн зардал нь нэхэмжлэлийн шаардлагад бус, харин “шүүхийн зардалд” хамаарах тул нэхэмжлэгч Авто зам ХК-ийн нэхэмжилсэн хөрөнгийн үнэлгээний ажил гүйцэтгэхэд гарсан зардал 400.000 төгрөгийг нэхэмжлэлийн шаардлагаас хасаж тооцох нь зүйтэй.  
Нэхэмжлэгч Авто зам ХК-ийн эд хөрөнгийн үнэ 14.140.000 төгрөг, ажлын хөлс, нэмэгдэл зардал, машин механизмын зардал 6.773.500 төгрөг, өмгөөллийн хөлс 2.000.000 төгрөг, нийт 22.913.500 төгрөгийг хариуцагч Архангай аймгийн Эрдэнэмандал сумын Засаг даргаас нэхэмжилсэн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэх үндэслэл тогтоогдож байна.
2008 онд Архангай аймгийн Эрдэнэмандал сумын Хануй голд  Авто зам ХК 2 км газар 10 квт-ын цахилгааны түр шугам татсан нь гэрч Д.Самбуу, Ш.Цолмон нарын мэдүүлгээр тогтоогддог ба хариуцагч цахилгааны шугам татсантай болон нэхэмжлэгчийн төлөөлөгчийн “сумын засаг дарга Л.Гансүх гэгч нь тухайн компаний өмч болох 2 км газар татсан 10 квт-ын цахилгааны утас, шонг компаниас зөвшөөрөл авалгүй дур мэдэн буулгаж авсан” гэсэнтэй тус тус маргасан тайлбарыг шүүхэд ирүүлээгүй. 
 Авто зам ХК нь цахилгааны түр шугамыг тавихдаа 2008 оны 10-12 сард худалдан авч байсан эд хөрөнгийн орлого, зарлагын баримтуудыг /хх-7-11х/ шүүхэд гаргаж өгсөн ба энэхүү орлого, зарлагын баримтанд бичигдсэн эд хөрөнгийг нэхэмжлэгч нь зах зээлийн өнөөгийн үнэ ханшаар буюу 14.140.000 төгрөгөөр үнэлүүлсэн үнэлгээтэй хариуцагч тал маргаагүй. Нэхэмжлэгчийн төлөөлөгч Р.Нямдорж нь “40 шон татсанаас 6 шон үлдсэн, бусад шон болон хоорондох утас, дэгээ, лонх зэрэг нь юу ч байхгүй бүгдийг нь авсан. 6 шон үлдсэнээс ашиглах ямар ч боломжгүй байгаа учраас нэхэмжлэлийн шаардлагаас хасаагүй” гэж тайлбарладаг, харин хариуцагч Архангай аймгийн Эрдэнэмандал сумын Засаг дарга нэхэмжлэгч Авто зам ХК-ий татсан цахилгааны утас шонгоос 980 м газарт 15 шон, 3920 м цахилгааны утсыг авсан, үүний өртөг 8.000.000  төгрөг болно” гэж маргаж байгаа боловч энэхүү тайлбар, татгалзлаа нотлох баримтаар нотолж чадахгүй байна.
Иймд хариуцагч Архангай аймгийн Эрдэнэмандал сумын Засаг дарга гэрлийн шугамыг /шон, утас бусад дагалдах хэрэгсэл/ өмчлөгч Авто зам ХК-ийн зөвшөөрөлгүйгээр буулган авснаас хариуцагч компанид 14.140.000 төгрөгийн хохирол учруулжээ.
Хариуцагч Архангай аймгийн Эрдэнэмандал сумын Засаг дарга нь нэхэмжлэгч Авто зам ХК-д учруулсан хохирлыг арилгах үүрэгтэй. 
Ингэхдээ нэхэмжлэгчийн төлөөлөгч “...6 шонгийн мод үлдээсэн байлаа” гэж тайлбарладаг учир 6 ширхэг шонгийн үнэ 360.000 төгрөгийг /6х60.000=360.000/ 14.140.000 төгрөгийн хохирлоос хасаж тооцох нь зүйтэй. Иймд эд хөрөнгийн хохирол 13.780.000 төгрөгийг хариуцагч хариуцан арилгах үүрэгтэй байна. 
Мөн нэхэмжлэгчийн төлөөлөгч ажлын хөлс, нэмэгдэл зардал, машин механизмын зардал 6.773.500 төгрөгийн шаардлагаа “анх цахилгааны түр шугам тавихад гарсан зардал” гэж тайлбарлаж байх ба Авто зам ХК-ийн гаргасан дээрх зардал нь цахилгааны шугамыг буулгаж авсан Архангай аймгийн Эрдэнэмандал сумын Засаг даргын үйлдлээс учирсан хохирол биш учир хариуцагч 6.773.500 төгрөгийг хариуцах үндэслэлгүй.
Нэхэмжлэгч тал өмгөөлөгчөөс эрх зүйн туслалцаа авч өмгөөллийн хөлсөнд 2.000.000 төгрөг төлсөн нь хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ болон ХААН банкны орлогын мэдүүлэгээр тогтоогдож байх тул өмгөөллийн хөлсийг бүрэн хэмжээгээр хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна. 
Дээрх үндэслэлээр Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар Архангай аймгийн Эрдэнэмандал сумын Засаг даргаас 15.780.000 төгрөг гаргуулж Архангай аймгийн Авто зам ХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 7.133.500 төгрөгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүнд дүгнэв.
Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг буюу 15.780.000 төгрөгийг хангаж шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчийн эд хөрөнгийн үнэлгээ гаргуулахдаа төлсөн 400.000 төгрөгийг нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангасан хэмжээгээр хариуцагч Архангай аймгийн Эрдэнэмандал сумын Засаг даргаас гаргуулж нэхэмжлэгч Авто зам ХК-д олгохоор Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т зааснаар хуваарилав.  
Хариуцагчийн төлөөлөгч Л.Гансүх, иргэдийн төлөөлөгч Л.Нэргүйбаатар нарт шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй, нэхэмжлэгч талаас тэдний эзгүйд хэргийг хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3, 100.8-д зааснаар хэргийг хянан шийдвэрлэлээ. 

 Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон 
ТОГТООХ НЬ:
    1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар Архангай аймгийн Эрдэнэмандал сумын Засаг даргаас 15.780.000 /арван таван сая долоон зуун наян мянга/ төгрөг гаргуулж Архангай аймгийн Авто зам ХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 7.133.500 /долоон сая нэг зуун гучин гурван мянган таван зуу/ төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
    2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т зааснаар хариуцагч Архангай аймгийн Эрдэнэмандал сумын Засаг даргаас 275.470 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Архангай аймгийн Авто зам ХК-д олгосугай.
    3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-дп зааснаар нэхэмжлэгч Авто зам ХК-ий улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 369.980 төгрөгөөс 272.518 төгрөгийг орон нутгийн орлогод үлдээж, орон нутгийн орлогоос 97.462 төгрөг, хариуцагч Архангай аймгийн Эрдэнэмандал сумын Засаг даргаас 236.850 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Архангай аймгийн Авто зам ХК-д олгосугай.
    3.  Зохигч, тэдгээрийн төлөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан Архангай, аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

                         ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Д.БАЙГАЛМАА
                                           ШҮҮГЧИД                                     Д.БЯМБАСҮРЭН
                                                                                                 Ч.ЖАРГАЛАН