Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 11 сарын 24 өдөр

Дугаар 13

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                 Архангай аймгийн Авто зам ХК-ний нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Даваасүрэн даргалж, Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Л.Нямдорж, Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Уламбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Архангай аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 453 дугаар шийдвэртэй

 

Нэхэмжлэгч Архангай аймгийн Авто зам ХК-ний /РД:2003422/ нэхэмжлэлтэй

Хариуцагч Архангай аймгийн Эрдэнэмандал сумын Засаг даргад холбогдох

 

 “Хохирол 23.313.500 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг давж заалдах шатны шүүх хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлоор 2016 оны 10 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч, шүүгч Т.Даваасүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн төлөөлөгч Р.Нямдорж, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Эрдэнэсувд, нарийн бичгийн дарга Б.Мөнх-Өлзий нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

                                                              

Нэхэмжлэгч Архангай аймгийн Авто зам ХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Манай компани 2008 онд Архангай аймгийн Эрдэнэмандал сумын Хануй голд төмөр бетон гүүр барих тендерт шалгарч 2 км газар 10 квт-ын цахилгааны түр шугам татсан. Уг төмөр бетон гүүрийг барихаа больж модон гүүр барих болсон тул уг татсан цахилгааны түр шугамыг ашиглах шаардлагагүй болсон. Уг түр шугамаа буулгаж авч амжаагүй байхад 2015 онд тус аймгийн Эрдэнэмандал сумын ой болох нэрийдлээр сумын засаг дарга Л.Гансүх гэгч нь тухайн компаний өмч болох 2 км газар татсан 10 квт-ын цахилгааны утас, шонг компаниас зөвшөөрөл авалгүй дур мэдэн буулгаж авсан буруутай үйл ажиллагаанаас манай компанид хохирол учраад байна. Авто зам компаний данс бүртгэлд байгаа 18 нэр төрлийн хөрөнгийн үнэлгээ 14.140.000 /арван дөрвөн сая нэг зуун дөчин мянга/ төгрөг, ажлын хөлс, нэмэгдэл зардал, машин механизмын зардал 6.773,5 төгрөг, өмгөөллийн хөлс 2.000.000 /хоёр сая/ төгрөг, хөрөнгийн үнэлгээний ажил гүйцэтгэхэд гарсан зардал 400.000 /дөрвөн зуун мянга/ төгрөг, нийт 23.313.500 /хорин гурван сая гурван зуун арван гурван мянга таван зуу/ төгрөгийн хохирлыг буруутай этгээд болох Архангай аймгийн Эрдэнэмандал сумын Засаг дарга Л.Гансүхээс гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Р.Нямдорж шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

2008 онд Архангай аймгийн Эрдэнэмандал суманд төмөр бетон гүүр барих 2 км 10 квт-ын 380-ын шугам ажлын хэрэгцээгээр компаний өөрийн хөрөнгөөр босгож ажилд оруулахад бэлэн болгоод шугам татчихсан байхад бетон гүүр биш модон гүүр баригдахаар болсон. Модон гүүрээ 2009 оны намар эхэлж 12 сард улсын комисст хүлээлгэж өгч шугамаа буулгаж авах гэтэл өмнөх Засаг дарга Батдорж нь энэ шугамыг буулгахгүй түр хүлээж байгаач, гүүрийг дагаж машин тэрэг их явж хөл хөдөлгөөн ихсэх учраас ард иргэдийнхээ амьжиргааг дэмжихийн тулд цайны газар, дугуй засвар, янз бүрийн үйлчилгээ гаргаж магадгүй гэж хэлсэн. Дараа нь сонгууль болж Засаг дарга нь солигдсон. Сонгуулийн дараа шугам байдгаараа байж байсан. Тухайн үед манайд ажиллаж байсан хүмүүс шугамыг харж ханддаг байсан. Шугамаа буулгаж авч амжаагүй байтал 2015 онд гэнэт шугам байхгүй боллоо, сумын ой болох гэж байгаа учраас Засаг дарга наадмын талбай руугаа буулгаад татчихсан байна гэж манайд ажиллаж байсан хүн хэлсэн. Би Засаг даргынх нь утсыг нь авч асуухад наадмын талбай руу татсанаа хүлээсэн. Тэгээд Засаг дарга аймгийн төвд орж ирээд надтай уулзаж 16.000.000 төгрөг төлөхөөр тохиролцсон боловч өгөлгүйгээр 2 жилийн хугацаа өнгөрч байна. Л.Гансүх дарга надад хэлэхдээ “2015 онд 8.000.000 төгрөгийг, үлдэгдэл 8.000.000 төгрөгийг ирэх оны төсөвт суулгана, сумын төсөвт бүгдийг нь суулгах боломжгүй байна, бололцоогоороо ингэж шийдлээ” гэж хэлж бид тохиролцсон. Сонгуулийн өмнө Л.Гансүх даргаас асуухад 8.000.000 төгрөгийг төсөвт суулгачихсан байгаа 8.000.000 төгрөгийг өгөх боломжтой гэсэн хариу өгсөн учраас мэргэжлийн байгууллагаар зах зээлийн өнөөгийн байдлаар үнэлгээ гаргуулж 23.313.500 төгрөг нэхэмжилж байна. Хариуцагч анх 16.000.000 төгрөгийг 2 хувааж төсөвтөө багтаагаад манай байгууллагад өгнө гэж тохирсон боловч шүүхэд нэхэмжлэл гаргасныг мэдээд татсан шонгоо хариуцна, бусад шонг хариуцахгүй гэсэн тайлбар өгсөн юм шиг байна. Манай компани нийт 40 шон татсанаас хэрэгт баримтаар өгсөн зурган дээрх зургаан шон үлдсэн бусад шон болон хоорондох утас, дэгээ, лонх зэрэг нь юу ч байхгүй, үлдсэн 6 шонг ашиглах ямар ч боломжгүй байгаа учраас нэхэмжлэлийн шаардлагаас хасаагүй. Л.Гансүх дарга шугамыг буулгаж авахдаа надаас зөвшөөрөл аваагүй. 6.773.500 төгрөг нь анх 2 км газар цахилгааны утас татахад гарсан ажлын хөлс зардал. Шон модыг өөрсдийн хүчээр суулгаж, харин цахилгааны утсыг Хархориноос мэргэжлийн хүмүүс ирж татаж өгсөн гэжээ.

             Хариуцагчийн төлөөлөгч Л.Гансүх шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

             2016 оны 06 сарын 07-ны өдрийн 19/2016 тоот нэхэмжлэлээр Архангай аймгийн Авто зам ХК-ий захирал Р.Нямдорж нь Эрдэнэмандал сумын Засаг дарга ажилтай Л.Гансүх надаас Авто зам ХК-ий өмч болох 2 км газарт татсан 10 ктв-ын шугамын цахилгааны утас, шон, ажлын хөлс, бусад зардалд нийт 23.315.500 төгрөгийг нэхэмжилсэн байна. Уг асуудалд дурьдагдсан цахилгааны утас шонгоос сумын 90 жилийн ойд зориулан баригдсан шинэ наадмын талбай, спорт цогцолборт зайлшгүй шаардлагаар 980 м газарт 15 шон, 3920 км цахилгааны утсыг авч цахилгааны асуудлыг шийдвэрлэсэн нь үнэн бөгөөд энэ шугам нь одоо ч бариастайгаа байна. Хэрэв шаардлагатай гэвэл буулгаад өгч болно. Энэ асуудлыг сумын ИТХ-аар хэлэлцүүлэн 2016 онд ОНХС-ийн хөрөнгөнд 8,0 сая төгрөгөөр төсөвлөн тусгуулсан байгаа болно. Энэхүү 980 м газарт татсан 15 шон, 3920 м цахилгааны утасны өртөгийг 8,000,000 төгрөг хангалттай хэмээн сумын ИТХурал хэлэлцэн баталсан учир миний бие нэхэмжлэлд дурьдагдсан илүү зардлыг хариуцах боломжгүйг үүгээр мэдэгдэж байна гэжээ.

 

          Шүүх: Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар Архангай аймгийн Эрдэнэмандал сумын Засаг даргаас 15.780.000 /арван таван сая долоон зуун наян мянга/ төгрөг гаргуулж Архангай аймгийн Авто зам ХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 7.133.500 /долоон сая нэг зуун гучин гурван мянган таван зуу/ төгрөгийг хэрэгсэхгүй болгож; Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т зааснаар хариуцагч Архангай аймгийн Эрдэнэмандал сумын Засаг даргаас 275.470 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Архангай аймгийн Авто зам ХК-д олгон;  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-дп зааснаар нэхэмжлэгч Авто зам ХК-ий улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 369.980 төгрөгөөс 272.518 төгрөгийг орон нутгийн орлогод үлдээж, орон нутгийн орлогоос 97.462 төгрөг, хариуцагч Архангай аймгийн Эрдэнэмандал сумын Засаг даргаас 236.850 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Архангай аймгийн Авто зам ХК-д олгон; зохигч, тэдгээрийн төлөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан Архангай, аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэжээ.

 

            Хариуцагчийн төлөөлөгч давж заалдах гомдолдоо:

            Сум дундын анхан шатны шүүхийн 2016 оны 08 дугаар 23-ны 453 тоот шийдвэрийг 2016 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр хүлээн авлаа. Нэхэмжлэгч тал болох АрхангайАвто зам ХК-ний захирал Р.Нямдорж нь 2008 онд манай сумын Хануйн голд Төмөр бетонон гүүр барих тендерт шалгарч 2 км газарт 10кв-ын цахилгааны шугамыг татсан байсан нь үнэн. Энэ гүүрийн ажлыг 2009 онд хүлээлгэж өгснөөс хойш 2015 оныг хүртэл 6 жил энэ шугам ямар ч ашиглалтгүй эзэнгүй байдаг байсан. 2015 онд манай сумын 90 жилийн ой болох байсан учраас бүтээн байгуулалтын олон ажлууд нэгэн зэрэг хийгдэж эхэлсэн. Үүний нэг нь шинээр баригдсан наадмын талбай, спорт цогцолборт цахилгааны шугам татах зайлшгүй цаг үеийн шаардлага тулгарсан юм. Энэ үеэр Р.Нямдоржийн утас руу 2-3 удаа би өөрөө залгахад холбогдох боломжгүй байсан. Тухайн үед Эрдэнэт-Булганы ЦТСТӨХК-ны 80 гаруй хүмүүсийн бүрэлдэхүүнтэй ажлын баг манай сумын 10/04-ын шугамд өргөтгөл, шинэчлэл хийж байсан. Энэ үед тухайн баг хамт олны техник ажиллах хүчийг ашиглан, харилцан тохиролцож, 2500000 /хоёр сая таван зуун мянга/ төгрөгийн ажлын хөлстэйгээр гэрээг байгуулан тус шугамаас 15 шонг наадмын талбай руу татсан нь үнэн. Шүүхийн шийдвэрээр нэхэмжлэгч тал болох Авто зам ХК-ний 15780.000 /арван таван сая долоон зуун наян мянга/ төгрөгийг хариуцагч засаг дарга Л.Гансүх надаас нэхэмжилж байгаа нь үндэслэл муутай гэж үзэж байна. Хариуцагч Засаг дарга Л.Гансүх миний бие зөвхөн наадмын талбайн цогцолбор луу татагдсан 980 м газарт ашигласан 15 ширхэг шонгийн мод, 60 ширхэг лонх, 60 ширхэг дэгээ, 3920 м цахилгааны утасны үнэ, өмгөөлөгчийн хөлс нийт 4900400 төгрөгийг хариуцах боломжтой гэж үзэж байна. Харин бусад нэхэмжилсэн зардлын 10879600 төгрөгийг хариуцах боломжгүй байгаа тул эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж байна. Учир нь үлдсэн 25 шонг болон цахилгааны утас, бусад дагалдах хэрэгслийг миний бие хариуцах боломжгүй гэж үзэж байгаа бөгөөд тухайн компанид ажиллаж харж хандаж байсан хүмүүс нь хариуцна гэж үзэж байна. 2013 онд энэ шугамын зардлыг  сумын төсвөөс гаргуулж  өгөх саналыг Р.Нямдорж надад удаа дараа утсаар ярьж хүсэлтээ илэрхийлж байсных нь  дагуу 2015 оны иргэдийн төлөөлөгчийн хурлаар хэлэлцүүлэн энэ зардалд 8.000.000 төгрөгийг 2016 оны төсөвт ОНХС-ийн хөрөнгөөр хийгдэх ажлын жагсаалтад батлуулсан болно. Р.Нямдоржийн өөрийнх нь өгсөн тус шугамын нийт зардлын баримт болон сумын засаг дарга Л.Гансүх миний авч ашигласан хариуцах боломжтой зардлын тооцоог тус тус хавсаргав. Мөн Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 453 тоот шийдвэрээр тогтоогдсон 2 дахь заалтын 275.475 төгрөг нь юуны төлбөр болох нь тодорхой бус, 3-т заасан улсын тэмдэгтийн хураамжийн 236850 төгрөгийг миний бие хувийн зүгээс төлөх үндэслэлгүй гэж үзэж байна. /Үнэлгээ хийсэн жагсаалт, эх орлого, зарлагын падаан 12 ширхэг хуудас хавсаргав/ гэжээ.   

 

ҮНДЭСЛЭХ нь:

           

Нэхэмжлэгч Архангай аймгийн Авто зам ХК, хариуцагч Архангай аймгийн Эрдэнэмандал сумын Засаг даргаас 23.313.500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан байна.

 

Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагаас 15.780.000 төгрөгийг хангаж, 7.133.500 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагч тал нэхэмжлэлийн шаардлагаас 8.000.000 төгрөгийг зөвшөөрч, 8.000.000 төгрөгөөс илүү зардлыг хариуцахгүй гэсэн тайлбарыг анхан шатны шүүхэд гаргаж, Архангай аймгийн Эрдэнэмандал сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тогтоолын хуулбарыг тайлбарт хавсаргасан байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар хариуцагч өөрийн татгалзлын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтыг өөрөө гаргаж, цуглуулах үүрэгтэй.

 

Гэтэл хариуцагч Архангай аймгийн Эрдэнэмандал сумын Засаг дарга нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй байгаа үндэслээ нотлох баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй, тайлбарт хавсаргасан баримт нь нотариатын баталгаагүй, хууль ёсны нотлох баримт биш байх ба анхан шатны шүүх хэрэгт авагдсан, нэхэмжлэгч талын бүрдүүлсэн нотлох баримтанд үндэслэл бүхий дүгнэлт хийж, хэргийг шийдвэрлэсэн нь зөв байна.

 

Харин шүүх маргааны төрлийг зөв тодорхойлсонгүй.

 

Хариуцагч Архангай аймгийн Эрдэнэмандал сумын Засаг дарга, Архангай аймгийн Авто зам ХК-ний өмч болох 2 км газар татсан 10 квт-ын цахилгааны утас, шонг компаниас зөвшөөрөл авалгүй дур мэдэн авч, ашиглан үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн байх тул нэхэмжлэгч тал Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасны дагуу шаардах эрхтэй юм.

 

Мөн шүүх улсын тэмдэгтийн хураамжийг зохигчдод хувиарлан хариуцуулахдаа тооцооны алдаа гаргасан байх тул зөвтгөх шаардлагатай байна.

 

 Иймд шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

 Давж заалдах гомдол гаргаж буй этгээд гомдлын үндэслэлд анхан шатны шүүхээр хэлэлцэгдээгүй нотлох баримтыг заах эрхгүй атал хариуцагч Архангай аймгийн Эрдэнэмандал сумын Засаг дарга давж заалдах гомдол гаргахдаа  анхан шатны шүүхэд гаргаж өгөөгүй нотлох баримтуудыг хавсаргасан байгааг дурдах нь зүйтэй.

 

 Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон

 

 

 

ТОГТООХ нь:

1. Архангай аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 453 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн:

1 дэх заалтын “Иргэний хуулийн гэсний дараа 492 дугаар зүйлийн 492.1.1, 493 дугаар зүйлийн 493.2” гэж нэмж,

2, 3 дахь заалтыг нэгтгэн “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар хариуцагч Архангай аймгийн Эрдэнэмандал сумын Засаг даргаас улсын тэмдэгтийн хураамжинд 236850 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Архангай аймгийн Авто зам ХХК-нд олгож, нэхэмжлэгч Архангай аймгийн Авто зам ХХК-ний улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 363980 төгрөгийг төвлөрсөн төсвийн орлогод хэвээр үлдээж, нэмж 1956 төгрөгийг гаргуулан төвлөрсөн төсвийн орлогод оруулсугай” гэж өөрчилсүгэй.

 

            2. Иргэний  хэрэг  шүүхэд  хянан  шийдвэрлэх тухай  хуулийн 167 дугаар   зүйлийн 167.5-д зааснаар зохигчид, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

                                   

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Т.ДАВААСҮРЭН

              ШҮҮГЧИД                                 Л.НЯМДОРЖ

                                                                  Г.УЛАМБАЯР