Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Эрдэнэчимэг Энэбиш |
Хэргийн индекс | 102/2022/03817/И |
Дугаар | 210/МА2024/01423 |
Огноо | 2024-07-19 |
Маргааны төрөл | Банкны зээл, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 07 сарын 19 өдөр
Дугаар 210/МА2024/01423
2024 оны 07 сарын 19 өдөр | Дугаар 210/МА2024/01423 |
Т ХХК-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 сарын 24-ний өдрийн 102/ШШ2024/02741 дугаар шийдвэртэй,
Т ХХК-ийн нэхэмжлэлтэй, Д.Б-т холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт 227,003,040 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгч талын давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Э.Энэбишийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: хариуцагч Д.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Хонгорзул нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга: Д.Б нь 2014 оны 03 сарын 18-ны өдөр Т ХХК-тай 30,000,000 төгрөгийн зээлийн гэрээ байгуулсан, зээлийн барьцаанд өөрийн өмчлөлийн Баянгол дүүргийн * хороо, * байр *а тоот 2 өрөө орон сууц барьцаалсан. Зээл төлөгдсөн боловч тооцоо хийхэд 2,300,000 төгрөг дутуу байсан ба зээлийн гэрээг дуусгавар болгож, барьцааны гэрээг хэвээр үлдээсэн. Ингээд үлдэгдэл 2,300,000 төгрөгийг 2017 онд зээл олгохдоо оруулан тооцож 81,000,000 төгрөг, 10,000 ам долларын зээлийн гэрээ байгуулагдсан.
Мөнгө хүлээж авсан баримтад зурагдсан гарын үсэг Д.Б ийнх биш гэсэн шинжээчийн дүгнэлт гарсан ч зээлийн гэрээнд зурагдсан гарын үсэг Д.Б ийнх мөн болохыг шинжээч нотолсон тул гэрээний дагуу мөнгийг төлөх ёстой. Зээлийн мөнгийг Д.Б нөхөртэйгээ ирээд тоолж аваад гарын үсэг зурсан. Иймд 227,003,040 төгрөгийг хариуцагч Д.Б ээс гаргуулж өгнө үү гэжээ.
2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга: Т ХХК-тай 2014 оны 03 сарын 18-ны өдөр зээл, барьцааны гэрээ байгуулж 30,000,000 төгрөгийг П.Б бид хоёр зээлж авсан. Зээлийг хүүгийн хамт бүрэн төлсөн. Энэ гэрээнээс өөр гэрээ байгуулаагүй, нэхэмжлэлд дурдсан 81,000,000 төгрөг, 10,000 ам долларыг зээлж аваагүй, зээлийн нэмэлт гэрээ байгуулаагүй. 2017 онд мөнгө олгосон гэх баримт дээр би гарын үсэг зураагүй нь батлагдсан. Өөрийн байгууллагаас гараагүй мөнгийг надаас нэхэж байгаа нь үндэслэлгүй гэжээ.
3. Гуравдагч этгээдийн тайлбарын агуулга: Тухайн үед Д.Б зээлийн гэрээний нэмэлт гэрээг байгуулж, кассын зарлагын баримтад гарын үсэг зурж, мөнгийг бэлнээр авсан. Энэ үед нөхөр П.Б нь хамт явж байсан. Үүний дараагаар зээлсэн мөнгөө хүү, нэмэгдүүлсэн хүүний хамт удахгүй төлнө гэж 2018 оны 01 сарын 06-ны өдөр нийт 120,657,600 төгрөг, ам долларын үндсэн зээлийн хүү 4,080 доллар, нэмэгдүүлсэн хүү 816 доллар гэсэн бичгийг Д.Б өөрөө хийж өгсөн. Шүүхэд өгснөөс хойш зээлийг аваагүй гэж маргаж байгаа нь огт үндэслэлгүй гэжээ.
4. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1, 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Д.Б ээс 227,003,040 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэгч Т ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,363,185 төгрөгийг улсын төсөвт үлдээж шийдвэрлэжээ.
5. Нэхэмжлэгч талын давж заалдах гомдлын агуулга:
5.1. Анхан шатны шүүх шийдвэрээ 2021 онд батлагдсан Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг зээлийн үйл ажиллагааны тухай хуулийг баримтлан гаргасан. Гэтэл нэхэмжлэгч 2014 онд байгуулагдсан зээлийн гэрээ, барьцааны гэрээ, мөн 2017 оны 03 сарын 06-ны өдрийн Зээлийн гэрээний нэмэлт гэрээний дагуу төлбөрийг нэхэмжилсэн бөгөөд тухайн үед уг хууль хэрэгжээгүй байсан.
5.2. Анхан шатны шүүх хэрэгт хамааралгүй асуудлаар дүгнэлт хийж, шийдвэрт 2017 оны 03 сарын 06-ны өдөр П.Б Монгол Улсад байгаагүй нь Хил хамгаалах ерөнхий газраас ирүүлсэн тодорхойлолтоор тогтоогдсон" гэж, М.Н П.Б , Э.Д нар 2015 оны 09 сарын 17-ны өдөр М ХХК-ийг байгуулж хамтран ажиллаж, компанид тус бүр 10.000 ам долларын хөрөнгө оруулалт оруулж тоног төхөөрөмж авсан гэсэн тайлбараас дүгнэхэд зээлийн мөнгийг Д.Б авсан хүлээж аваагүй гэсэн тайлбар үндэслэлтэй" гэжээ. Иргэн М.Н , П.Б , Э.Д нарын асуудал энэ хэрэгт огт хамааралгүй. Т ХХК нь талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээний үүргийг нэхэмжилсэн. Гэтэл анхан шатны шүүх хариуцагчид ашигтайгаар шийдвэр гаргасан нь харамсалтай.
5.3. Хариуцагч нэхэмжлэлийг гардаж аваад 2017 оны 03 сарын 06-ны өдөр "Зээлийн гэрээний нэмэлт гэрээ", түүнтэй холбоотой бэлэн мөнгөний баримтыг мэдэхгүй, гэрээ байгуулаагүй, мөнгө аваагүй гэж марган шинжээч томилуулсан. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 12 сарын 15-ны өдрийн 2985 дугаартай дүгнэлтийн 1-д гэрээнд зурагдсан гарын үсэг Д.Б ийн гарын үсэгтэй тохирч байгааг тогтоосны дараа хэлсэн зүйл нь өөрчлөгдөж, энэ мөнгийг би аваагүй, манай нөхөр П.Б авсан гэсэн нь шүүх хуралдааны тэмдэглэлүүдэд тусгагдсан. Өөрөөр хэлбэл мөнгө авсантай бол маргахгүй харин мөнгийг нь П.Б авсан талаар тайлбар хэлдэг.
Зээлийн гэрээний дагуу олгосон мөнгийг П.Б д өгсөн үү, Э.Д д өгсөн үү гэдэг нь хэрэгт хамааралгүй, уг мөнгийг цааш нь хэнд өгч, хэрхэн зарцуулсныг нэхэмжлэгч хянах боломжгүй. Гэтэл шүүх үүнийг анхаараагүй. Гуравдагч этгээд М.Н гийн бичгээр болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт ч энэ тухай дурдагдсаныг шүүх баримтгүйгээр хариуцагчийн маргаагүй асуудлаар, хамтын ажиллагаанд авсан мөнгө мэтээр дүгнэж, үндэслэлгүй шийдвэр гаргажээ.
5.4. Анхан шатны шүүх шийдвэртээ "Д.Б-т шилжүүлэх үүргээ биелүүлсэн нь баримтаар тогтоогдохгүй тул хариуцагчийн тайлбарыг үндэслэлтэй гэж үзэв" гэжээ. Гэтэл хэрэгт авагдсан дараах баримтуудаар хариуцагч мөнгийг авсан нь хангалттай тогтоогдоно. Үүнд:
5.4.1. Талууд 2017 оны 03 сарын 06-ны өдөр "Зээлийн гэрээний нэмэлт гэрээ"-г байгуулж, нэг талаас зээлдүүлэгч компанийн захирал М.Н , нөгөө талаас зээлдэгч Д.Б нар гарын үсэг зурж баталгаажуулсан гэрээ хүчин төгөлдөр байна. Хариуцагч энэ гэрээнд гарын үсэг зураагүй, миний гарын үсэг биш гэдэг ч шинжээчийн дүгнэлтээр гэрээнд зурагдсан гарын үсэг нь Д.Б ийн гарын үсэгтэй тохирч байна гэжээ.
5.4.2. Талуудын хооронд байгуулсан барьцааны гэрээний дагуу барьцаалагдсан орон сууц нь 2014 оноос хойш барьцаанд бүртгэлтэй хэвээр байна. Өнөөдрийг хүртэл 10 жилийн хугацаанд хариуцагч нэг ч удаа барьцаанаас чөлөөлүүлэхээр хандаж байгаагүй нь мөнгийг авч ашигласны нотолгоо юм.
5.4.3. Шүүх хуралдааны тэмдэглэлүүдэд "тэр мөнгийг манай нөхөр П.Б авсан" гэж хэлдэг.
5.4.4. Хариуцагч Д.Б ээс Т ХХК-д 2018 оны 01 сарын 06-ны өдөр гаргасан хүсэлтээс тодорхой харагдана. Хүсэлтэд "2017 оны 03 сарын 06-нд хийгдсэн зээлийн гэрээний дагуу 81 сая төгрөг, 10 мянган долларын үндсэн зээлийн хүү 33,048,00 төгрөг нэмэгдүүлсэн хүү 6,609,600 төгрөг нийт 120,657,600 төгрөг, ам долларын үндсэн зээлийн хүү 4080 доллар нэмэгдүүлсэн хүү 816 доллар нийт 14,896 доллар" гэж төлөхөө илэрхийлжээ.
5.4.5. 2017 оны 03 сарын 06-ны өдрийн зээл 81 сая төгрөг 10,000 ам долларыг олгосон баримт. Энэхүү баримтаар зээлийн гэрээний дагуу төлбөрийг олгосон талаар нэг талаас Т ХХК-ийн нярав, нөгөө талаас хариуцагч Д.Б нар гарын үсэг зуран баталгаажуулсан.
5.5. Гэтэл анхан шатны шүүхээс дээрх нөхцөл байдал, баримтуудыг анхаарахгүйгээр нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй бөгөөд нэхэмжлэгчийн эрх, ашиг сонирхлыг ноцтойгоор хохироож байна. Хариуцагчийн хариу тайлбарыг нотлох нэг ч баримт хэрэгт байхгүй. Шүүх хэт нэг талыг баримтлан хэргийн баримт, талуудын тохиролцоо, хүсэл зоригийн илэрхийллийг анхааралгүйгээр хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэж, талуудын маргаагүй хэрэгт хамааралгүй асуудлаар дүгнэлт хийсэн.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.
6. Нэхэмжлэгч талын давж заалдах гомдолд хариуцагч талын гаргасан тайлбарын агуулга: Би 2017 онд хүсэлт гаргаж, нэмэлт гэрээ байгуулаагүй тул маргаан бүхий гэрээ нь миний хүсэлтийн дагуу хийгдсэн гэрээ биш. Түүнчлэн надад 81,000,000 төгрөг, 10,000 ам долларын зээлийг бэлэн мөнгөөр өгсөн гэж байгаа боловч тус баримтад зурагдсан гарын үсэг миний гарын үсэг мөн болох нь батлагдаагүй. Манай нөхөр хамтарсан компани байгуулж, тоног төхөөрөмж авахад зориулагдсан тул би хүсэлт гаргаж өгсөн. М.Н 10,000 ам.доллар өгөөд, гурван хүний хамтарсан байгууллага байгуулж, 30,000 ам.долларын тоног төхөөрөмж ирснийг өөрөө хүлээж авсан. Иймд энэ мөнгө надад хамааралгүй. 10.000 ам.доллароос илүү өндөр үнийн дүнтэй тоног төхөөрөмж өөрсдөө авсан. Т ХХК -аас мөнгө гарч, надад өгсөн гэх баримт байхгүй гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх хэргийг нэхэмжлэгч талын гаргасан гомдлын хүрээнд хянаад, давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.
2. Нэхэмжлэгч Т ХХК нь хариуцагч Д.Б-т холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 227,003,040 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахаар нэхэмжлэл гаргасныг хариуцагч 2014 онд 30,000,000 төгрөгийн зээл авч түүнийг төлсөн, өөр зээл авч байгаагүй гэсэн үндэслэлээр эс зөвшөөрч маргажээ.
3. Талууд 2014 оны 03 сарын 18-ны өдөр байгуулсан зээлийн гэрээгээр зээлдүүлэгч 30,000,000 төгрөгийг 6 сарын хугацаатай, сарын 4 хувийн хүүтэй зээлдүүлж, зээлдэгч нь зээлийг ашиглаж гэрээнд заасан хугацаанд хүүгийн хамт буцаан төлөх, мөн үндсэн хүүгийн 20 хувьтай тэнцэх нэмэгдүүлсэн хүү төлөхөөр харилцан тохиролцсон, зээлдүүлэгч зээлийг олгожээ. Тус зээлийн гэрээний үүргийг хангуулахаар зохигчийн хооронд үл хөдлөх эд хөрөнгө барьцаалсан барьцааны гэрээ байгуулж, гэрээг улсын бүртгэлд бүртгүүлсэн байна.
Талууд дээрх зээлийн гэрээнд 2017 оны 03 сарын 06-ны өдөр нэмэлт оруулж, нэхэмжлэгч нь 81,000,000 төгрөг, 10,000 ам.долларыг эргэлтийн хөрөнгийн зориулалтаар 2 сарын хугацаатай, сарын 4 хувийн хүү тооцон хариуцагчид зээлдүүлжээ.
Анхан шатны шүүх зохигчийн хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох зээлийн гэрээ болон мөн хуулийн 156 дугаар зүйлийн 156.1, 156.3 дахь хэсэгт зааснаар барьцааны гэрээ тус тус байгуулагдсан, дээр гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар үндэслэлтэй дүгнэлт өгчээ.
4. Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай /1995 оны/ хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2 дахь хэсэгт Зээлдүүлэгч нь хүү, хугацаа болон бусад нөхцөлийн талаар зээлдэгчтэй харилцан тохиролцож байгуулсан зээлийн гэрээний үндсэн дээр түүнд зээлийн данс нээж, зээл олгоно гэж заасны дагуу нэхэмжлэгч хуульд заасан журмын дагуу зээлийг олгоогүй байна.
Талуудын хооронд 2017 оны 03 сарын 06-ны өдөр Зээлийн гэрээний нэмэлт гэрээ байгуулагдсан хэдий ч Нэхэмжлэгч Т ХХК нь уг гэрээний дагуу хариуцагч Д.Б-т 81,000,000 төгрөг, 10,000 ам.долларыг олгосон болохоо Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нотлох үүрэгтэй.
Анхан шатны шүүх хариуцагчийн татгалзлыг хэргийн бодит байдалд нийцсэн гэж дүгнэж, нэхэмжлэгч дээрх мөнгөн хөрөнгийг хариуцагчид олгосон нь хэргийн баримтаар нотлогдоогүйг үндэслэл бүхий дүгнэжээ.
Тодруулбал, 2017 оны 03 сарын 06-ны өдрийн Кассын зарлагын ордер гэсэн баримтаар хариуцагч 81,000,000 төгрөг, 10,000 ам.долларыг хүлээн авсныг нэхэмжлэгч нотолж шүүхэд гаргасныг хариуцагч өөрийн гарын үсэг биш гэж маргасан. Улмаар шүүх шинжээч томилж, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 12 сарын 25-ны өдрийн 2985 тоот дүгнэлтээр тус баримтад зурагдсан гарын үсэг нь Д.Б ийн гарын үсгийн загвартай тохирохгүйг тогтоосон. Мөн энэ тохиолдолд 2018 оны 01 сарын 09-ний өдөр хариуацгчийн нэхэмжлэгчид хандан бичсэн хүсэлт нь эрх зүйн үр дагварыг үүсгэхгүй болно.
4.1. Иймээс нэхэмжлэгч хуульд заасан нөхцөлөөр зээлийг олгоогүй гэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт зөв бөгөөд Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай /1995 оны/ хуулийн 21 дүгээр зүйлийн 21.4 дэх хэсэгт Зээлдэгчийн зээлийн дансанд гүйлгээ хийгдсэнээр зээлийг олгосонд тооцно гэж заасны дагуу нэхэмжлэгч Т ХХК нь дээрх мөнгөн хөрөнгийг хариуцагчид олгосноо баримтаар нотлоогүй гэж үзнэ.
Энэ үндэслэлээр нэхэмжлэгч Т ХХК нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Д.Б ээс зээлийн гэрээний үүрэгт 227,003,040 төгрөгийг шаардах эрхгүй байх тул нэхэмжлэгч талын хариуцагч мөнгийг авсан нь хангалттай тогтоогдоно гэсэн агуулгаар гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй.
5. Мөн гуравдагч этгээд М.Н Д.Б зээлийн нэмэлт гэрээг өөрөө байгуулж, кассын зарлагын баримтад гарын үсэг зурж, мөнгийг бэлнээр авч явсан. Энэ үед нөхөр Баттулга нь хамт явсан гэх тайлбарыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.1-д шүүхэд хэргийн талаар үнэн зөв тайлбар гаргах үүргийг зөрчсөн гэж үзнэ. Хариуцагчийг 2017 оны 03 сарын 06-ны өдөр нөхрийн хамт ирж зээлийг бэлнээр авч явсан гэх цаг хугацаанд хариуцагчийн нөхөр гэх П.Б Монгол улсад байгаагүй нь Хил хамгаалах ерөнхий газрын 2024 оны 04 сарын 02-ны өдрийн тодорхойлолтоор үгүйсгэгдсэн байна. Энэ талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй.
6. Дээрх үндэслэлээр нэхэмжлэгч талын давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 сарын 24-ний өдрийн 102/ШШ2024/02741 шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч талын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч талаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,363,185 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.ЭНХБАЯР
ШҮҮГЧИД Д.НЯМБАЗАР
Э.ЭНЭБИШ