Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 08 сарын 30 өдөр

Дугаар 00135

 

Н.Баатарсүх, Л.Батгэрэл нарын нэхэмжлэлтэй,

хариуцагч Б.Батбаярт холбогдох

иргэний хэргийн тухай

 

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Оюунцэцэг даргалж, шүүгч С.Уранчимэг, ерөнхий шүүгчийн үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Баттөр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар :

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн 827 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч : Н.Баатарсүх, Л.Батгэрэл нарын нэхэмжлэлтэй,

Хариуцагч : Б.Батбаярт холбогдох,

 

Хөлсөөр ажиллах гэрээний үүрэг 4.500.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн өмгөөлөгч Р.Цэрэнхандын гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн хэргийг 2016 оны 07 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, ерөнхий шүүгчийн үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Баттөрийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Н.Баатарсүх, хариуцагчийн өмгөөлөгч Р.Цэрэнханд нарийн бичгийн дарга Б.Ганчимэг нар оролцов.

 

Нэхэмжлэгч Н.Баатарсүх, Л.Батгэрэл нар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Бид Жаргалант суманд газар тариалан, фермерийн аж ахуй эрхэлдэг Бямбацогтын компанид тракторын жолоочоор ажилладаг. Б.Батбаяр нь манай захирал Ё.Бямбацогтой хадлан хийж ашгаа хувааж авахаар тохирсоны дагуу бид 2, 2015 ,08.21-нээс 2015.10.21-ныг хүртэл 2 сарын хугацаанд Дорнод аймгийн Хөлөн буйр суманд хадлан хийхээр болж, сарын нэг хүнийг 1 500 000 төгрөгний цалин авахаар тохирч Жаргалант сумаас техник хэрэгсэл гэр гал тогоогоо ачин Б.Батбаярыг даган явж 2 сар ажиллаж 19 300 ширхэг жижиг пресстэй өвс, 293 ширхэг том пресстэй өвс хийсэн. Хадлангийн ажил 2015-10-27-нд дууссан. Өвсийг Б.Батбаяр зарж борлуулаад цалин хөлсийг өгнө гэсэн тул Батбаяр нь Л.Батгэрэл надад 1 500 000 төгрөг өгсөн үлдэгдэл 1 500 000 төгрөгийг өгөөгүй, Н.Баатарсүхэд нэг ч төгрөг өгөөгүй байна. Иймд Б.Батбаяраас 2 сарын цалин болох 4 500 000 төгрөгийг бидэнд олгуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч Л.Батгэрэл шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Нэхэмжлэлээ дэмжиж байна.

... Б.Батбаяр надтай тохирохдоо нэг сард 1 500 000 төгрөг өгнө гэж тохирсон. Надад 1 500 000 төгрөг өгсөн. Цалингаа өдрийн 50 000 төгрөгөөр тохирсон. Орон байр, хоол хүнсээ Б.Батбаяр гаргана гэж тохирсон. 2015.08.21-нээс 2015.10.06 хүртэл ажилласан. Мэргэжпийн жолооч нэг л явсан тул намайг механик жолооч, хөдөлмөр хамгааллыг давхар хий гэсэн. Цалингийн 40 хувиар цалин өгнө гэсэн. Одоо би 14 хоногийн мөнгө 650 000 төгрөг, цалингийн 40 хувь нийлээд 1 500 000 төгрөг нэхэмжилнэ.. гэжээ.

Нэхэмжлэгч Н.Баатарсүх шуүх хуралдаанд тайлбарлахдаа: ... Би Б.Батбаяртай тохиролцоод өвс хадаж өгсөн. Тохироогүй бол явахгүй байсан. Иймд миний ажлын хөлс 3,0 сая төгрөгийг гаргуулж өгнө үү. Улаантолгой-гоос Б.Батбаяр нь надтай хамт Улаанбаатар руу гарахдаа ажпаа хийж бай, цалин өгөх нь баараггүй гэж хэлсэн. Тэгж хэлсэн болохоор би ажиллаж байх хугацаандаа цалин авья гэж нэхээгүй. Би тармуур, прессэнд явж байсан. Техникийн засвар үйлчилгээ, слесарийг хамтарч хийж байсан. Ананд-Очир гээд Б.Батбаярын дүү нь бид нарыг хариуцан ажиллаж байсан. Ананд-Очирт мөнгө хэлэхээр та дансаа өгчих гээд дансаа өгөөд ч өгөөгүй. Тэгээд эхлээд энэ асуудлаа дуусгачих, дараа нь болоё гэдэг байсан. Хэрэвээ Б.Батбаяр надтай тохироогүй бол би хамаг техникийг нь ачиж авч явах, мөн авчрахгүй байсан. Анхнаасаа Б.Батбаяр надтай тохироогүй бол би явахгүй байсан ... гэжээ.

Хариуцагч Б.Батбаяр шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа:

2015-оны 8 дугаар сарын суүлээр миний бие нь Дорнод аймгийн Хөлөнбуйр сумын "Бор овоот гэх газар хадлан хийсэн. Ингэхдээ миний бие нь Л.Баггэрэлтэй хадлан авах нийт хугацаанд 1 500 000 төгрөгний хөлс өгөхөөр тохиролцож ажилласан, харин 1 сард 1 500 000 төгрөгний хөлс өгнө гэж тохирсон асуудал байхгүй бөгөөд Л.Батгэрэлийн хөлс болох 1 500 000 төгрөгийг бүрэн төлсөн. Харин ч энэ хүнд гутал, хувцас авч өгсөн үнийг би хөлсөнд тооцож, суутгал хийгээгүй. Л.Батгэрэл нь надтай 1 сар 12-13 хоног ажилласан. Энэ хадлан хийх хугацаанд хээрийн түймэр гарч 22 000 боодол өвс маань түймэрт өртсөн, надад олсон ашиг байхгүй, гаргасан зардалаа ч нөхөж чадаагүй ч нэгэнт тохирсоноороо 1 500 000 төгрөгний хөлсийг нь төлсөн, /замын зардал, хоол, хүнсний мөнгийг нь миний бие бүгдийг нь гаргаж байсан анх ч тэгж тохиролцсон/ одоо Л.Батгэрэлд миний зүгээс төлөх хөлс байхгүй. Н.Баатарсүх гэж хүнтэй миний бие ямар нэгэн байдлаар гэрээ, тохиролцоо, хэлцэл хийж хадланд авч явсан юм байхгүй. Энэ хүний хөлс мөнгөний асуудлыг надтай цуг хадлан хийж байсан Бямбацогт хариуцан гаргах ёстой. Бямбацогт энэ хүнийг авч явсан, Бямбацогтын хадам дүү нь юм, тиймээс хөлс зардалаа хадам ах болох Бямбацогтоос нэхэх хэрэгтэй. Надтай Баатархүү нь ямар ч хөлс тохирсон хэлцэл хийгээгүй, би ч энэ хүнийг ажиллуулаагүй учраас Баатарсүхэд миний зүгээс төлөх хөлс мөнгө гэж байхгүй. Надаас нэхэж байгаад нь гайхаж байна. Хэрэв миний бие нь үнэхээр л Баатархүүд хөлс төлнө гэж ажиллуулсан бол Батгэрэлийн нэгэн адил хөлсийг нь төлөх байсан нь тодорхой шүү дээ, Иймээс нэхэмжпэгч нарын гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 827 дугаар шийдвэрээр:

Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1-д заасныг баримтлан хариуцагч Б.Батбаяраас 1 500 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Н.Баатарсүхэд олгож, нэхэмжлэлээс Н.Баатарсүхийн 1 500 000 төгрөг, Л.Батгэрэлийн 1 500 000 төгрөг гаргуулах шаардлагуудыг тус тус хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д заасныг баримтлан нэхэмжпэгч нараас улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 87 000 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагчаас 38 950 төгрөг гаргуулан нэхэмжпэгч Н.Баатарсүхэд олгож шийдвэрлэжээ.

Хариуцагчийн өмгөөлөгч Р.Цэрэнханд давж заалдсан гомдолдоо:

Анхан шатны шүүх нь нэхэмжлэгч Н.Баатарсүхэд хариуцагчаас 1,500,000 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн.

Хариуцагч Б.Батбаяр нь хадпан хадах ажилд нэхэмжлэгч Н.Баатарсүхийг хөлсөлж ажиллуулахаар гэрээ болон ямар нэгэн хэлцэл огт байгуулаагүй байхад анхан шатны шүүх нь хөлсөөр ажиллах гэрээний харилцаа үүссэн байна гэж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй.

Хариуцагч нь Бямбацогттой хамтран хадлан хадахаар тохиролцсон гэдгийг талууд хэлдэг бөгөөд хариуцагч нь санхүүгийн талыг Бямбацогт нь техник хэрэгсэлээ гаргахаар болсон талаар шүүх хуралдаан дээр талууд тайлбарлан мэдүүлдэг ба нэхэмжлэгч Н.Баатарсүх нь техник хэрэгсэлээ хариуцаж авч явж байгаа Бямбацогтын компаний ажилтан байх ба анх хадлан хийхээр явахад түүнтэй Бямбацогт уулзаж авч явсан бөгөөд хариуцагч Батбаяр нь анхнаасаа огт нэхэмжлэгч Баатарсүхтэй уулзан түүнийг ажиллуулахаар ямар нэгэн тохиролцоо хийгээгүй байдаг үүнээ ч Баатарсүх нь шүүх хуралдаан дээр Бямбацогт надтай уулзан хадланд явахаар анх яриад авч явсан гэдгээ хэлдэг.

Хадлан хамтарч хийсэн гэх Бямбацогт нь хариуцагчаас хамтран ажиллсаны ашиг хэмээн 30 сая төгрөг нэхэмжлэн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан байгаа.

Баатарсүх нь үнэхээр өөрийнх нь тайлбарлаж байгаагаар хөлсөөр ажил хийсэн нэг ч төгрөг аваагүй юм бол яагаад тэр дор хариуцагчаас нэхэхгүй олон сарын дараа Бямбацогтыг ашиг хэмээн 30 сая төгрөг нэхэхтэй зэрэгцэн нэхэмжлэл гаргаж байгаа нь ойлгомжгүй байна.

Бусад ажилтан нарт нь хөлс төлсөн зөвхөн Баатарсүх л хоцорсон байдаг бөгөөд яагаад ганцхан энэ хүнд хөлсийг нь хариуцагч төлөөгүй байх бэ. Хэрэв үнэхээр л хөлс төлөхөөр тохирсон бол би хөлсийг нь бусадтай л адил олгох байсан харин би үнэхээр энэ хүнийг хөлс тохирч ажиллуулаагүй, Бямбацогтын техникээ хариуцаж явсан ажилтан нь хөлсийг нь би хариуцахгүй гэдгээ хариуцагч тайлбарлан хэлдэг.

Гэтэл анхан шатны шүүх нь нэгэнт нэхэмжлэгч ажил хийсэн байна хөлс аваагүй байна хэмээн бусадтай адилтган дүгнэж хөлс гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.

Нэхэмжлэгч Баатарсүх нь өөрийн гаргасан нэхэмжлэлээ нотлож чадаагүй, хариуцагчтай хөлсөөр ажиллах хэлцэл хийсэн гэдгээ ямар ч байдлаар нотлож чадаагүй байтал хариуцагчтай хөлсөөр ажиллах гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэсэн нь өрөөсгөл болжээ. Нэхэмжлэгч нар нь анх гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаан дээр гаргаж байгаа нэхэмжлэлийн үндэслэл нь өөр хоорондоо зөрүүтэй, үндэслэл нь тогтворгүй.

Иймд Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016-06-14-ний өдрийн №142/ШШ2016/00827 тоот шийдвэрт өөрчлөлт оруулан, Баатарсүхийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Н.Баатарсүх, Л.Батгэрэл нар нь хариуцагч Б.Батбаярт холбогдуулан Хөлсөөр ажиллах гэрээний үүрэг 4.500.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага шүүхэд гаргажээ.

Анхан шатны шүүхийн шийдвэр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т зааснаар хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.

Хариуцагч Б.Батбаяр 2016 оны 06 дугаар сарын 02 ны өдөр шүүхэд хариу тайлбар өгсөн байхад тухайн өдөр хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх захирамж гаргасан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1-т заасан эсрэг талын тайлбар, түүнийг нотлох баримттай танилцах, тэдгээрт тайлбар өгөх гэсэн хуулийн заалтыг зөрчиж, мөн хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.3-т заасан хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг ноцтой зөрчиж, нэхэмжлэгч нарт хариуцагчийн хариу тайлбартай танилцаж хариу тайлбар өгөх боломжийг олгоогүй байна.

Нэхэмжлэл гардуулсан тухай баримтанд хэний хэдэн хуудас нэхэмжлэлийг хэдэн оны хэдэн сарын хэдний өдөр хэнд гардуулсан, хэд хоногийн дотор хариу тайлбараа өгөх зэргийг дутуу бичсэн байгааг тэмдэглэх нь зүйтэй болно.

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5-д зааснаар шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Энэ шүүх хуралдаанаар хариуцагчийн өмгөөлөгч Р.Цэрэнхандын давж заалдсан гомдлыг хэлэлцэх боломжгүй юм.

Хариуцагч Б.Батбаяраас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 39.000 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгох нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 827 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 39.000 төгрөгийг шүүгчийн захирамжаар Төрийн сангаас буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2.2-т зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

  ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ОЮУНЦЭЦЭГ

ШҮҮГЧИД С.УРАНЧИМЭГ

Б.БАТТӨР