Улсын дээд шүүхийн Тогтоол

2022 оны 03 сарын 23 өдөр

Дугаар 60

 

                                                 О.П-д холбогдох эрүүгийн хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн шүүгч Д.Эрдэнэбалсүрэн даргалж, шүүгч Б.Амарбаясгалан, С.Батдэлгэр, Б.Батцэрэн, Б.Цогт нарын бүрэлдэхүүнтэй, прокурор О.Сарангэрэл, шүүгдэгч О.П, түүний өмгөөлөгч Э.Үнэнсайхан, нарийн бичгийн дарга Э.Бадамдорж нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 756 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 36 дугаар магадлалтай, О.П-д холбогдох хэргийг шүүгдэгчийн гаргасан гомдлыг үндэслэн 2022 оны 3 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч, шүүгч С.Батдэлгэрийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1999 оны 10 дугаар сарын 04-ний өдөр төрсөн, 23 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, сантехникч мэргэжилтэй, эрхэлсэн ажилгүй,  ам бүл 4, эцэг, эх, дүүгийн хамт Баянзүрх дүүргийн 7 дугаар хороо, 1 дүгээр байрны 28 тоотод оршин суух хаягтай,

Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн 1196 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэгдсэн,

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн 299 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хорих,

Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн 310 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ялаар шийтгүүлж, уг ял дээр өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулснаас эдлээгүй үлдсэн 29 хоногийг нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялыг 2 жил 29 хоногийн хорих ялаар тогтоож,

Багануур дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 8 дугаар сарын 02-ны өдрийн 180 дугаар захирамжаар Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 7.2 дахь хэсгүүдэд зааснаар эдлээгүй үлдсэн 1 жил 6 сар 25 хоногийн хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар сольж суллагдсан Б овогт О-ийн П.

О.П нь 2018 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр Техник технологийн дээд сургуулийн дотуур байрны 408 тоот хүн байнга амьдрах зориулалттай орон байранд хууль бусаар нэвтэрч, Ц.Г-ын эд зүйлийг хулгайлж 4,942,660 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 756 дугаар шийтгэх тогтоолоор шүүгдэгч О.П-ийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд хууль бусаар нэвтэрч хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3-т заасныг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-д зааснаар 1 жил 4 хоногийн хугацаагаар хорих ялаар шийтгэж,

О.П-ийн шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад цагдан хоригдсон 4  хоногийг эдлэх ялд оруулан тооцож,

2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлд заасныг баримтлан О.П оногдуулсан хорих ялыг 1  жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар сольж, ялын хязгаарыг Улаанбаатар хотын бүс нутгаар тогтоон,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1-д заасныг журамлан энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан ял дээр Багануур дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 180 дугаар захирамжаар дүйцүүлэн сольсон зорчих эрхийг хязгаарлах ялаас үлдсэн 1 жил 3 сар 5 хоногийн ялыг нэмж нэгтгэн О.П-ийн биечлэн эдлэх зорчих эрхийг хязгаарлах ялыг 2  жил 3  сар 5 хоногоор тогтоож шийдвэрлэсэн байна.

Прокурорын бичсэн эсэргүүцлийг үндэслэн хэргийг Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх 2022 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр хянан хэлэлцэж 36 дугаар магадлалаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, О.П холбогдох хэргийг шүүх хуралдаанаар дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд нь буцаажээ.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгч О.П гаргасан гомдолдоо: “Шүүгдэгч миний хувьд эрх зүйн байдлаа дордуулахгүйгээр өөрт холбогдох хэргийг эцэслэн шийдвэрлүүлэхийн тулд удаа дараа цагдаагийн байгууллагад хүсэлт гаргаж байсан. Нэг захирамжаар өөрт холбогдох хэргийг Өршөөл үзүүлэх хуульд хамааруулах бүрэн боломжтой. Миний биед хамаарах 36 дугаартай магадлалыг 2022 оны 01 дүгээр сарын 24-нд гардаж авсан бөгөөд уг магадлалыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь анхан шатны шүүхийн шийдвэр хууль зүйн үндэслэлтэй болсон. Уг шийдвэр нь надад асар их боломж олгож байгаа бөгөөд цахим гав зүүснээр сурч боловсрох, ажил хөдөлмөр эрхэлж, санхүүгийн хэрэгцээгээ хангах, удаан хугацаанд хамт байгаагүй гэр бүлтэйгээ хамт байх гээд маш их нөөц боломж бололцоог өгч байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү” гэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Э.Үнэнсайхан хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн саналдаа: Шүүгдэгч О.П-ийн хууль ёсны эрх ашгийг хамгаалж, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд эрх зүйн туслалцаа үзүүлэн ажиллаж байна. О.П-ийн 2022 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн хяналтын журмаар гаргасан гомдлыг дэмжин оролцоно. Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 756 дугаар шийтгэх тогтоолоор Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн 310 дугаартай шийтгэх тогтоолоор хянан шийдвэрлэсэн хэргийн үйл баримттай энэ шийтгэх тогтоолоор хянан хэлэлцсэн хэргийн үйл баримт буюу 2018 оны 01 дүгээр сарын үйл баримтыг нэг яллах дүгнэлтийн хүрээнд шүүх холбогдох хэргийг шилжүүлж эцэслэн шийдвэрлүүлэх боломжтой байсан. Уг хэрэгт 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийг хэрэглэх үндэслэлтэй гэж дүгнэсэн. Өршөөл үзүүлэх тухай хуулийн 12.12 дугаар зүйлд “...яллагдагч, шүүгдэгч, ялтны энэ хуульд заасан эрх зүйн байдлыг нь дээрдүүлсэн, аль илүү ашигтай үндэслэлээр өршөөлд хамааруулна.” гэж заасан байдаг. Миний үйлчлүүлэгч өөрийн гэм буруутай үйлдлийг анхнаасаа хүлээн зөвшөөрч, гэм буруутай үйлдэлдээ маргадгүй, үйлдлээ ухамсарлан ойлгож байгаа. Гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн зэрэг нь Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлд зааснаар хорих ялыг хөнгөрүүлж оногдуулсан. 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлд заасныг баримтлан хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар сольж, Өршөөл үзүүлэх тухай хуулийг хэрэглэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж дүгнэсэн байдаг. Миний үйлчлүүлэгчийн  эрх зүйн байдлыг дээрдүүлж, хууль зүйн хувьд ашигтай байдлаар шийдвэрлэсэн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэв.

Шүүгдэгч О.П хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн саналдаа: Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр  нь үндэслэлтэй гарсан тул энэ шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэв.

Прокурор О.Сарангэрэл хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ: Шүүгдэгч О.П 2018 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр Техник технологийн дээд сургуулийн дотуур байрны 401 тоот хүн байнга амьдрах зориулалттай орон байранд хууль бусаар нэвтэрч иргэн Ганбатын эд зүйлийг хулгайлж 4,942,660 төгрөгний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдсон. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-д зааснаар зүйлчилсэн нь тохирсон байна. Шүүгдэгчийн хувьд гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо хохирогчид төлсөн. Энэ гэмт хэрэг 2018 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр үйлдэгдсэн тул 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуульд хамруулах үндэслэлтэй гэж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй байна. Шүүгдэгч О.П-ийн хувьд урьд 3 удаа ял шийтгүүлж байсан. Сүүлийн ял шийтгэлээ эдэлж байхад нь Өршөөл үзүүлэх тухай хууль батлагдаж Багануур дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 180 дугаар захирамжаар Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7.2-т заасныг баримтлан эдлээгүй үлдсэн 1 жил 6 сар 25 хоногийн хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар сольсон байна. Давж заалдах шатны шүүх ялтны эдлээгүй үлдсэн хорих ялыг хасах, солих яллагдагч, шүүгдэгчийг эрүүгийн хариуцлагаас өршөөн хэлтрүүлж, чөлөөлөхтэй холбогдсон харилцааг зохицуулсан бөгөөд эдлэх ялыг нь өршөөсөн хүнийг дахин өршөөлд хамруулах үндэслэлгүй гэж дүгнэн шүүгдэгчид урьд нь өршөөлийг үзүүлсэн гэсэн үндэслэлээр шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаасан нь үндэслэл муутай болсон байна. Өршөөл үзүүлэх тухай хуулийн 12.12-т “... яллагдагч, шүүгдэгч, ялтны энэ хуульд заасан эрх зүйн байдлыг нь дээрдүүлсэн, аль илүү ашигтай үндэслэлээр өршөөлд хамааруулна”, мөн 12.4-т “Шүүх Эрүүгийн хуулийн хэд хэдэн зүйл, хэсэгт заасан гэмт хэрэг үйлдэж, нэг, эсхүл хэд хэдэн шийтгэх тогтоолоор ял шийтгүүлсэн ялтанд энэ хуульд заасан өршөөлийг үзүүлэхдээ зүйл, хэсэг тус бүрээр оногдуулсан ялд тохирох өршөөлийг үзүүлсний дараа үлдсэн ялыг Эрүүгийн хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар нэгтгэнэ. Харин ял эдэлж байгаа ялтанд өршөөл үзүүлэхдээ өршөөлд хамаарах зүйл, хэсэг бүрээр оногдуулсан ялд тохирох өршөөл үзүүлж, өршөөлд үл хамаарах ял буюу ялын үлдэх хэсгийг эдлүүлэхээр тогтооно” гэж тус тус хуульчилсан байна. Дээрхи хуулийн зохицуулалтуудаас шүүгдэгчид холбогдох хэргийг хянан шийдвэрлэсэн Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх үндэслэлтэй дүгнэлт хийж, шүүгдэгчийг Өршөөл үзүүлэх тухай хуульд хамруулсан нь хуулийг буруу хэрэглээгүй байна. Иймд шүүгдэгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хүлээн авч, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй гэсэн дүгнэлтийг гаргаж байна гэв.

                                                               ТОДОРХОЙЛОХ нь:

О.П нь 2018 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр хүн байнга амьдрах зориулалттай орон байранд хууль бусаар нэвтэрч, бусдын 4,942,660 төгрөгийн эд хөрөнгийг хулгайлсан гэмт хэргийг үйлдсэн болохыг хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтанд тулгуурлан анхан шатны шүүх эргэлзээгүй, хөдөлбөргүй тогтоож, хэргийн бодит байдалтай нийцсэн хууль зүйн дүгнэлт хийсэн байна.

Түүнчлэн энэ хэргийн бүрдэл, нотлогдсон байдал, зүйлчлэл, гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэр хэмжээ, шүүгдэгчийн гэм буруу, түүнд оногдуулах ялын төрөл, хэмжээ, өршөөлд хамруулах талаар анхан шатны шүүхээс хийсэн дүгнэлт, гаргасан шийдэл нь хууль ёсны ба үндэслэлтэй болжээ.

Шүүгдэгч О.П нь Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн 310 дугаар шийтгэх тогтоол гарахаас өмнө буюу 2018 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар хулгайлах гэмт хэргийг үйлдсэн нь дээрхи шийтгэх тогтоол гарсны дараа тогтоогдсон байх бөгөөд энэ тохиолдолд Эрүүгийн хуулийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан журмаар түүнд оногдуулсан ялуудыг нэмж нэгтгэн, жинхэнэ эдлэх ялыг тогтооно.

Шүүгдэгч нь шийтгэх тогтоол гарахаас өмнө өөр гэмт хэрэг үйлдсэн нь тогтоол гарсны дараа илэрч тогтоогдвол уг хэрэгт нь ял оногдуулж өмнөх тогтоолоор оногдуулсан ялтай нэгтгэх журмыг Эрүүгийн хуулийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бөгөөд О.П-ийн хувьд ял шийтгэх, нэгтгэх асуудал энэ тохиолдолд хамаарч буй тул түүний ялуудыг анхан шатны шүүх дээрхи журмаар нэгтгэж хуулийг зөв хэрэглэсэн байна.

Өршөөл үзүүлэх нь гэмт хэрэг үйлдсэн болон ял шийтгүүлсэн этгээдийг эрүүгийн хариуцлага, ялаас чөлөөлдөг, мөн хорихоос өөр төрлийн ялаар дүйцүүлэн сольдог онцгой ажиллагаа юм.

Тиймээс нэг удаагийн үйлчлэлтэй Өршөөл үзүүлэх тухай хуулийн зорилт, үйлчлэх цаг хугацаа, хүрээ, өршөөл үзүүлэх хэлбэр, хэмжээ, өршөөлд хамааруулахгүй нөхцөл байдал, хууль хэрэглэх журам зэргийг хууль тогтоогч тусгайлан зохицуулдаг билээ.

Уг хуулийг хэрэглэх журмыг тодорхойлсон мөн хуулийн 12 дугаар зүйлийн 12.4 дэх хэсэгт “... хэд хэдэн шийтгэх тогтоолоор ял шийтгүүлсэн ялтанд энэ хуульд заасан өршөөлийг үзүүлэхдээ зүйл, хэсэг тус бүрээр оногдуулсан ялд тохирох өршөөлийг үзүүлсний дараа үлдсэн ялыг Эрүүгийн хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар нэгтгэнэ” гэж заасны дагуу анхан шатны шүүх О.П оногдуулсан хорих ялыг Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлд заасныг баримтлан зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн сольж, уг ял дээр нь өмнөх тогтоолоор оногдуулсан хорих ялыг шүүгчийн захирамжаар зорчих эрхийг хязгаарлах ялаар сольсноос эдлээгүй үлдсэн ялыг нэгтгэн шийдвэрлэсэн нь хууль зөрчөөгүй байна.

Иймд шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, анхан шатны журмаар хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаасан давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгохоор тогтоов.

2017 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр мөрдөгдсөн Эрүүгийн хуульд зорчих эрхийг хязгаарлах нь ялын нэг төрөл болж шинээр хуульчлагдсан бөгөөд 2021 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хэрэгжиж эхэлсэн болно.

Уг ял нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг эрх бүхий байгууллагын хяналтанд өөрийн оршин суух газраас явах болон тодорхой газар очихыг хориглох, шүүхээс тогтоосон чиглэлээр зорчих үүргийг түүнд хүлээлгэж, нийгмээс тусгаарлахгүйгээр засарч хүмүүжих боломжийг олгох зорилготой бөгөөд үйлдсэн гэмт хэргийнх нь шинж чанар, хувийн байдлыг нь харгалзан чөлөөтэй зорчих хүрээ хязгаарыг нь хумьж, чиглэлийг тогтоох зэргээр дээрхи эрхийг нь тодорхой хугацаанд хязгаарлаж буй ялын төрөл юм.

Монгол Улсын Засаг захиргааны нэгж, түүний удирдлагын тухай хуульд зааснаар Улаанбаатар хот нь дүүрэгт хуваагддаг бөгөөд шүүгдэгч О.П нь Баянзүрх дүүргийн 7 дугаар хороонд оршин суудаг баримт хэрэгт авагдсан тул (115 дахь тал) түүний зорчих эрхийг дээрхи дүүргийн нутаг дэвсгэрээр хязгаарлах нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх үзэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.2, 1.4-т тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 36 дугаар магадлалыг хүчингүй болгосугай.

2.Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 756 дугаар шийтгэх тогтоолын 4 дэх заалтын “...ялын хязгаарыг Улаанбаатар хотын бүс нутгаар тогтоосугай” гэснийг “...ялын хязгаарыг Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн бүс нутгаар тогтоосугай” гэж өөрчилж, уг тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

                           ДАРГАЛАГЧ                                        Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН

                           ШҮҮГЧИД                                            Б.АМАРБАЯСГАЛАН

                                                                                            С.БАТДЭЛГЭР

                                                                                            Б.БАТЦЭРЭН

                                                                                            Б.ЦОГТ