Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 10 сарын 24 өдөр

Дугаар 221/МА2019/0552

 

2019 оны 10 сарын 24 өдөр           Дугаар 221/МА2019/0552                        Улаанбаатар хот

 “Д” ХХК-ийн гомдолтой

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Сайхантуяа даргалж, шүүгч С.Мөнхжаргал, Ц.Цогт нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Отгон-Өлзий, гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Г, хариуцагчдын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б нарыг оролцуулан Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 114/ШШ2019/0021 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан хариуцагчийн давж заалдах гомдлын дагуу “Д” ХХК-ийн гомдолтой, Дархан-Уул аймгийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч нарт холбогдох захиргааны хэргийг шүүгч Ц.Цогтын илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 114/ШШ2019/0021 дүгээр шийдвэрийн 1 дэх заалтаар: Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч “Д” ХХК нь татварт 95,446,937.20 төгрөгийн төлбөр оногдуулсан шийтгэлийн хуудсыг хүчингүй болгох тухай шаардлагаас хэсэгчлэн 1,549,384.60 төгрөгийн төлбөрийг хүлээн зөвшөөрч татгалзаж байх тул нэхэмжлэлийн шаардлагаас хэсэгчлэн татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож,

2 дахь заалтаар: Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 1.1, 1.2, 1.4, Татварын ерөнхий хуулийн /2008 оны/ 74 дүгээр зүйлийн 74.1.3, 74.1.4, 74.3-д тус тус заасныг баримтлан үлдэх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, хариуцагч Дархан-Уул аймгийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагчийн 2018 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн 192201898 тоот шийтгэлийн хуудаснаас нэхэмжлэгч “Д” ХХК-д нэмэгдсэн өртгийн албан татварт нөхөн ногдуулсан татвар 57,978,027.30 төгрөг, торгууль 17,393,408.20 төгрөг, алданги 18,526,117.20 төгрөг, нийт 93,897,552.70 төгрөгийн төлбөр оногдуулсныг хүчингүй болгож шийдвэрлэжээ.

Хариуцагч давж заалдах гомдолдоо: “... барилгын материал худалдан авсан гэх хий бичилттэй падаан бүхий худалдан авалтыг нэмэгдсэн өртгийн албан татварын 2015 оны 12, 2016 оны 01, 03 дугаар сарын тайлангийн “Нэмэгдсэн өртгийн албан татвартай үнээр дотоодын зах зээлээс худалдан авсан бараа, ажил, үйлчилгээ” хэсэгт тусган хасалт хийж, төсөвт төлөх татварын дүнг 57,978,027,29 төгрөгөөр бууруулсан болох нь татварын албаны цахим мэдээллийн сангийн мэдээллээр нотлогдож байгаа бөгөөд тус компанийн нягтлан бодох бүртгэлийн анхан шатны баримтыг нягтлахад “Д...” ХХК-тай холбоотой кассын ордер нь дугааргүй, кассын няравын гарын үсэггүй, “М...” ХХК-тай холбоотой зарлагын баримт нь дугааргүй, огноогүй, хүлээн авагч, шалгасан нягтлан бодогчийн гарын үсэггүй, кассын орлогын ордер нь дугааргүй, ерөнхий нягтлан бодогч, тушаагчийн гарын үсэггүй зэрэг нь анхан шатны баримтыг хүчин төгөлдөр баримт гэж үзэх дараах хуулийн шаардлага хангагдаагүй.

Нягтлан бодох бүртгэлийн тухай хууль /2001 оны/-ийн 7 дугаар зүйлийн 7.1-д “Анхан шатны баримт нь нягтлан бодох бүртгэл хөтлөх, санхүүгийн тайлан, мэдээллийг үнэн, зөв гаргах үндэслэл болно”, 7.5-д “Анхан шатны баримтад түүнийг үйлдсэн, зөвшөөрсөн буюу шалгасан ажилтан гарын үсэг зурж, тамга, тэмдэг дарснаар уг баримт хүчин төгөлдөр болно” мөн хуулийн 7.6-д “Анхан шатны баримтын бүрдэлт, үнэн зөвийг түүнийг үйлдсэн, зөвшөөрсөн, шалгаж хүлээн авсан хариуцах”,

Нягтлан бодох бүртгэлийн тухай хууль /2015 оны/-ийн 13 дугаар зүйлийн 13.1-д “Анхан шатны баримт нь нягтлан бодох бүртгэл хөтлөх, санхүүгийн тайлан, мэдээллийг үнэн зөв, зөв гаргах үндэслэл болно”, 13.5-д “Анхан шатны баримтад түүнийг үйлдсэн, зөвшөөрсөн буюу шалгасан ажлтан гарын үсэг зурж, тамга, тэмдэг дарснаар уг баримт хүчин төгөлдөр болно”, 13.6-д “Анхан шатны баримтын бүрдэлт, үнэн зөвийг түүнийг үйлдсэн, зөвшөөрсөн, шалгаж хүлээн авсан ажилтан хариуцна”, 13.7-д “Анхан шатны баримтын бүрдэлгүй ажил, гүйлгээг бүртгэх, санхүүгийн тайланд тусгахыг хориглоно”,

Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай /2006 оны/ хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3-д “Худалдан авагч нь бэлтгэн нийлүүлэгчид нэмэгдсэн өртгийн албан татвар төлсөн нь нэхэмжлэл, падаан болон нягтлан бодох бүртгэлийн бусад баримтад тусгагдаагүй бол уг албан татварыг хасч тооцохгүй”, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай /2015 оны/ хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д “Албан татвар суутган төлөгч нь бэлтгэн нийлүүлэгчид албан татвар төлсөн нь нэхэмжлэл, нэмэгдсэн өртгийн албан татварын падаан, нягтлан бодох бүртгэлийн бусад баримтад тусгагдаагүй бол уг албан татварыг хасч тооцохгүй” гэж зааснаас үзэхэд нэмэгдсэн өртгийн албан татварын падаан дангаараа нэмэгдсэн өртгийн албан татварыг төлснийг нотлохгүй, худалдан авагч нь бэлтгэн нийлүүлэгчид нэмэгдсэн өртгийн албан татвар төлсөн нь төлбөрийн нэхэмжлэл, төлбөрийн гүйлгээ гарсныг нотлох мөнгөн хөрөнгийн тайлан болон санхүүгийн баримтаар нотлогдсон тохиолдолд уг худалдан авалтад төлсөн нэмэгдсэн өртгийн албан татварыг хасч тооцохоор хууль зохицуулсан байхад анхан шатны шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1, 34.2-т заасан хуулийг зохицуулалтуудыг зөрчин хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй.

Анхан шатны шүүх нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-д заасныг дагуу үүргээ хэрэгжүүлээгүй. Үүнд:

Хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримт болох Нийслэлийн прокурорын газрын 2018 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 58 дугаар тогтоолд дурдагдсан Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 228 дугаартай дүгнэлтийн Хавсралт нэгтгэл №1, Хавсралт нэгтгэл №2, нэгтгэл №1, Хавсралт №3, Хавсралт №6-г нотлох баримтын хүрээнд шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгээс гаргуулаагүй, “М...” ХХК-ийн борлуулалтын падааны жагсаалтыг цахим тайлангийн системээс гаргуулж аваагүй, Сүхбаатар дүүргийн татварын хэлтсээс нотлох баримтыг гаргуулан авахдаа зөрчилтэй падааны жагсаалтыг гаргуулж нотлох баримтад ашиглаагүй, нотлох баримтуудыг дутуу бүрдүүлсэн, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.2-т “...” гэж заасан байхад шүүх өөрөө нотлох баримтуудыг цуглуулах үүрэгтэй гэж тайлбар өгч Дархан-Уул аймгийн Татварын хэлтсээс нотлох баримтыг гаргуулаагүй.

“М...” ХХК, “Д...” ХХК-иудад холбогдох татварын улсын байцаагчийн дүгнэлтүүд, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн шинжээчийн дүгнэлт, Нийслэлийн прокурорын газрын 2018 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 58 дугаар Прокурорын тогтоол зэргээс үзэхэд буруутай үйл ажиллагаа нь тогтоогдож байна гэж шүүх нотолсон /анхан шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 21 дүгээр шийдвэрийн 6 нүүр/ хэрнээ “Д” ХХК-ийг эрүүгийн хэрэгт холбогдуулан шалгаагүй, сэжигтэн, гэрчээр байцаалт, мэдүүлэг аваагүй гэсэн шалтгаанаар татварын улсын байцаагчийн гаргасан шийтгэлийг хуудсаар оногдуулсан 93,897,552.70 төгрөгийн төлбөрийг хүчингүй болгосон нь хуульд нийцээгүй.

Анхан шатны шүүх нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.4.3-д “хуульд тусгайлан заасан гомдлоор үүсэг хэрэг, маргаан” гэж заасан хэрэг маргааныг энгийн журмаар шийдвэрлэж, 113 дугаар зүйлийн 113.2-т “... шүүхийн шидйвэрийг гардан авснаас хойш таван хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй” гэж заасан байхад шийдвэр гаргахдаа процесс алдаа гаргасан нь энэхүү шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэлтэй байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хянаж, Дархан-Уул аймгийн Татварын хэлтсийн хяналт шалгалтын тасгийн татварын улсын байцаагч нарын 2018 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 192201898 тоот шийтгэлийн хуудсыг хэвээр үлдээж нэхэмжлэгчийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, гомдлын шаардлагыг хэрэгсэхгүй болгуулах хариуцагчийн давж заалдах гомдлыг хангаж шийдвэрлэв.

Дархан-Уул аймгийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч нар 2018 оны 06 дугаар сарын 22-ны өдөр 192201898 тоот шийтгэлийн хуудсаар “Д” ХХК-ийг “М...” ХХК болон “Д...” ХХК-иудын 590,312,954.10 төгрөгийн хий бичилттэй падааныг худалдан авалтад тусган татвар ногдуулах орлогоо бууруулсан зөрчил гаргасан гэж үзэн 95,446,937.20 төгрөгийн төлбөр оногдуулсныг гомдол гаргагчаас эс зөвшөөрч маргажээ.

Нийслэлийн прокурорын газрын 2018 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн 58 дугаар тогтоолоор “М...” ХХК, “Д...” ХХК-иудын захирал Р.Б нь “... татвар төлөгчдөд бараа материал, ажил үйлчилгээ худалдан борлуулсан мэтээр баримт бичиж ... бусдад онц их хэмжээний татвар төлөхөөс зайлсхийх боломжийг олгосон, 2012, 2015-2016 онуудад 640 аж ахуйн нэгжид бараа худалдан борлуулсан мэтээр нэмэгдсэн өртгийн албан татварын цахим шивэлт хийсэн, бараа худалдан аваагүй мөртлөө авсан мэтээр тайлагнасан, бараа импортлоогүй атлаа импортолсон мэтээр тайлагнаж, татвар ногдох орлогыг бууруулан нэмэгдсэн өртгийн албан татвар төлөхөөс зайлсхийсэн болохыг тус тус тогтоосон” боловч хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэсэн үндэслэлээр хэргийг хаасан байна.

Анхан шатны шүүх “... буруутай үйл ажиллагаа нь тогтоогдож байгаа боловч “Д” ХХК-ийг эрүүгийн хэрэгт холбогдуулан шалгаагүй, сэжигтэн, гэрчээр байцаалт, мэдүүлэг аваагүй, дээрх 8 ширхэг нэмэгдсэн өртгийн албан татварын падаанууд нь хий бичилттэй эсэхийг тодорхой тогтоогоогүй” гэж дүгнэн, гомдлын шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь буруу байна.

Учир нь Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай 2015 оны ( болон 2006 оны) хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д “Албан татвар суутган төлөгч нь бэлтгэн нийлүүлэгчид албан татвар төлсөн нь нэхэмжлэл, нэмэгдсэн өртгийн албан татварын падаан, нягтлан бодох бүртгэлийн бусад баримтад тусгагдаагүй бол уг албан татварыг хасаж тооцохгүй” (14.3-т “худалдан авагч нь бэлтгэн нийлүүлэгчид нэмэгдсэн өртгийн албан татвар төлсөн нь нэхэмжлэл, падаан болон нягтлан бодох бүртгэлийн бусад баримтад тусгагдаагүй бол уг албан татварыг хасч тооцохгүй) гэж заасан.

Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2-т “санхүүгийн тайлан нь үнэн, зөв баримт материал, бодит тоо, мэдээнд үндэслэх зарчмыг баримтална”, 7 дугаар зүйлийн 7.1-д “Анхан шатны баримт нь нягтлан бодох бүртгэл хөтлөх, санхүүгийн тайлан, мэдээллийг үнэн, зөв гаргах үндэслэл болно”, 7.6-д “Анхан шатны баримтын бүрдэлт, үнэн зөвийг түүнийг үйлдсэн, зөвшөөрсөн, шалгаж хүлээн авсан ажилтан хариуцна” гэж заасныг зөрчиж, худалдан авалт нь санхүүгийн анхан шатны баримтуудаар үнэн зөв болох нь тогтоогдохгүй байх тул татвар ногдуулах орлогыг бууруулсан зөрчилд төлбөр төлүүлэхээр тогтоосон татварын улсын байцаагчийн шийтгэлийн хуудсыг хууль бус гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.

Иймд гомдлын шаардлагыг хангаж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, “Д” ХХК-ийн гомдлыг хэрэгсэхгүй болгож, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангаж шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1.1-д заасныг баримтлан

ТОГТООХ нь:

1. Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 114/ШШ2019/0021 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 1.1, 1.2, 1.4-д заасныг тус тус баримтлан “Татварын улсын байцаагчийн 2018 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 192201898 тоот шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” шаардлага бүхий “Д” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 50 дугаар зүйлийн 50.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д заасныг тус тус баримтлан “Д” ХХК-аас гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийн улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2-т зааснаар шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш таван хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ШҮҮГЧ                                               Ц.САЙХАНТУЯА

ШҮҮГЧ                                               С.МӨНХЖАРГАЛ

ШҮҮГЧ                                               Ц.ЦОГТ