Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 04 сарын 17 өдөр

Дугаар 2019/ШЦТ/57

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Чинзориг даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Батбилэг,

улсын яллагч Э.Ариунболд,

шүүгдэгч Д.Г нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар: 

Налайх, Багахангай дүүргийн прокурорын газраас ******* овогт Д.Гт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1807002020174 дугаартай хэргийг 2019 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр сэргээн хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, *******-ны өдөр ******* аймгийн ******* суманд төрсөн, *******тай, эрэгтэй, ******* боловсролтой, ******* мэргэжилтэй, *******, ******* аймгийн Хэрлэн сумын 2 дугаар баг тоотод оршин суух,

урьд ******* аймгийн сум дундын шүүхийн 1998 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн 167 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 239 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 жил хорих ял шийтгэсэн,

мөн ******* аймаг дахь сум дундын 1 дүгээр шүүхийн 2005 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн 148 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар 3 жил 6 сарын хугацаагаар хорих ял шийтгэж, мөн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт заасныг журамлан түүнд оногдуулсан 3 жил 6 сарын хугацаагаар хорих ялыг 3 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан,

мөн ******* аймаг дахь сум дундын 1 дүгээр шүүхийн 2007 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн 114 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1  дэх хэсэгт зааснаар 150 цагийн хугацаагаар албадан ажил хийлгэх ял шийтгэсэн,

мөн ******* аймаг дахь сум дундын 1 дүгээр шүүхийн 2008 оны 8 дугаар сарын 05-ны өдрийн 90 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 6 сар баривчлах ял шийтгэсэн,

мөн ******* аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 19 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 5 сарын хугацаагаар баривчлах ял шийтгэсэн, регистрийн ********** дугаартай, ******* овогт Д.Г.

Холбогдсон гэмт хэргийн талаар: (Яллах дүгнэлтэд бичигдсэнээр)

Яллагдагч Д.Г нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2018 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн 15 цагийн орчимд Налайх дүүргийн 1 дүгээр хороо тоотод оршин суух У.Зын гэрт ороод гарахдаа байшингийн үүдний өрөөний тавиур дээр байсан эмэгтэй хүний годон гутал, эмэгтэй хүний арьсан гутал зэргийг хууль бусаар хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хулгайлан авч 548,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Гийн өгсөн: “Би 2019 оны 04 дүгээр 02-ний өдөр хохирогч У.Зын гэрээс эмэгтэй хүний арьсан гутал, эмэгтэй хүний годон гутлыг авч зарсан нь үнэн” гэх мэдүүлэг,

Мөрдөн байцаалтад хохирогч У.Зын өгсөн: “2018 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр 10 настай хүү Хосбаярын хамт гэртээ байж байтал 14 цагийн үед гаднаас 2017 оны манай хажуу талын хашаанд амьдардаг байсан Гантөмөр ах согтуу цайны халуун сав, ундааны савтай сүү, барьсан орж ирээд ах нь гэртээ харих гэсэн чинь таксины мөнгө хэрэг болоод байна. ******* аймгаас ирлээ гэртээ харих гээд явж байна гэж хэлэхээр нь мөнгө байхгүй гэж хэлээд гаргасан. Ингээд би өглөө гэрээс гарах гээд үүдний өрөөнд байсан гутлаа өмсөх гэтэл байхгүй байхаар нь нөхөр рүүгээ залгаад миний гутал хайчсан талаар асуухад байхгүй байсан. Манай байшингийн үүдний өрөөнд байсан годон гутал, арьсан гутал зэрэг эд зүйлс алдагдсан. Годон гутлыг 2018 оны 01 дүгээр сард Гранд плаза их дэлгүүрээс 750.000 төгрөгөөр худалдаж авсан. Энэ үнээрээ үнэлнэ. Шинээрээ шахуу цагаан сараар л өмссөн цагаан өнгийн гутал байсан. 2017 оны 12 дугаар сард Сандэй худалдааны төвөөс 250.000 төгрөгөөр худалдаж авсан хар өнгийн урт түрийтэй, ардаа цахилгаантай, урд хоншоор дээрээ төмөр гоёлтой гутал. Мөн адил шинээрээ байсан тул 250.000 төгрөгөөр үнэлнэ” гэх мэдүүлэг,

Мөрдөн байцаалтад гэрч Б.Дгийн өгсөн: “Намайг дэлгүүрт ажиллаж байх үед үдээс хойш 17 цагийн үед саарал өнгийн саравчтай малгайтай намхан бор дунд эргэм насны багцаагаар 40-45 орчим насны эрэгтэй хүн хар өнгийн урт түрийтэй, хоншоор дээрээ төмөртэй байсан байх эмэгтэй хүний гутал, 5 литрийн савтай сүүтэй барьж орж ирж байсан ба гутал, сүү зарна авах уу? гэж байсан. Би тэр үед үгүй би худалдаж авахгүй гэж гаргасан. Тэр хүнээс архи үнэртэж байсан. Тухайн үед годон гутал байгаагүй” гэх мэдүүлэг,

Хөрөнгө үнэлгээний 2018 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн №НА-18-102 дугаар тайлан,

/хх-ийн 31-32 дугаар тал/

Иргэний үнэмлэхийн лавлагаа,

/хх-ийн 45 дугаар тал/

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас,

/хх-ийн 58 дугаар тал/

******* аймгийн сум дундын шүүхийн 1998 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн 167 дугаар таслан шийдвэрлэх тогтоолын хуулбар,

/хх-ийн 64-68 дугаар тал/

******* аймгийн сум дундын шүүхийн 2005 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн 148 дугаар шийтгэх тогтоолын хуулбар,

/хх-ийн 69-70 дугаар тал/

******* аймгийн сум дундын 1 дүгээр шүүхийн 2007 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн 114 дүгээр шийтгэх тогтоолын хуулбар,

/хх-ийн 71 дүгээр тал/

******* аймгийн сум дундын 1 дүгээр шүүхийн 2008 оны 8 дугаар сарын 05-ны өдрийн 90 дүгээр шийтгэх тогтоолын хуулбар,

            /хх-ийн 72 дугаар тал/           

******* аймгийн сум дундын шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 19 дүгээр шийтгэх тогтоолын хуулбар,

/хх-ийн 74-75 дугаар тал/

Нийслэлийн Налайх, Багахангай дүүргийн прокурорын 2018 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 05 дугаар тогтоол,

/хх-ийн 89 дүгээр тал/

Эрэн сурвалжлалт зарлах бүртгэл,

/хх-ийн 90-94 дүгээр тал/

Мөрдөгчийн тэмдэглэл, илтгэх хуудас,

/хх-ийн 95-100 дугаар тал/

Нийслэлийн Налайх, Багахангай дүүргийн прокурорын 2019 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 01 дүгээр тогтоол,

/хх-ийн 102 дугаар тал/

Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 63 дугаар захирамж,

/хх-ийн 121 дүгээр тал/

Хохирлын мөнгө хүлээн авсан тухай хүсэлт,

/хх-ийн 130 дугаар тал/ зэрэг бичгийн баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, нэр бүхий яллагдагч болон шүүгдэгч,  хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэв.

 

Гэм буруугийн талаар                                                                                                                                                                                                                                                                                                                                                                       

Шүүгдэгч Д.Г нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2018 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн 15 цагийн орчимд Налайх дүүргийн 1 дүгээр хороо тоотод оршин суух У.Зын гэрт ороод гарахдаа байшингийн үүдний өрөөний тавиур дээр байсан эмэгтэй хүний годон гутал, эмэгтэй хүний арьсан гутал зэргийг хууль бусаар хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хулгайлан авч 548,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:

шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн шүүгдэгч Д.Гийн өгсөн “...Би 2019 оны 04 дүгээр 02-ний өдөр хохирогч У.Зын гэрээс эмэгтэй хүний арьсан гутал, эмэгтэй хүний годон гутлыг авч зарсан нь үнэн...” гэх,

хохирогч У.Зын  “...2018 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр 10 настай хүү Хосбаярын хамт гэртээ байж байтал 14 цагийн үед гаднаас 2017 оны манай хажуу талын хашаанд амьдардаг байсан Гантөмөр ах согтуу цайны халуун сав, ундааны савтай сүү, барьсан орж ирээд ах нь гэртээ харих гэсэн чинь таксины мөнгө хэрэг болоод байна. ******* аймгаас ирлээ гэртээ харих гээд явж байна гэж хэлэхээр нь мөнгө байхгүй гэж хэлээд гаргасан. Ингээд би өглөө гэрээс гарах гээд үүдний өрөөнд байсан гутлаа өмсөх гэтэл байхгүй байхаар нь нөхөр рүүгээ залгаад миний гутал хайчсан талаар асуухад байхгүй байсан. Манай байшингийн үүдний өрөөнд байсан годон гутал, арьсан гутал зэрэг эд зүйлс алдагдсан...” гэх,

гэрч Б.Дгийн “...Намайг дэлгүүрт ажиллаж байх үед үдээс хойш 17 цагийн үед саарал өнгийн саравчтай малгайтай намхан бор дунд эргэм насны багцаагаар 40-45 орчим насны эрэгтэй хүн хар өнгийн урт түрийтэй, хоншоор дээрээ төмөртэй байсан байх эмэгтэй хүний гутал, 5 литрийн савтай сүүтэй барьж орж ирж байсан ба гутал, сүү зарна авах уу? гэж байсан...” гэх мэдүүлгүүд болон Хөрөнгө үнэлгээний 2018 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн №НА-18-102 дугаар тайлан зэрэг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч Д.Гийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дахь хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж шүүх үзэв.

 

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар

Улсын яллагчаас: “Шүүгдэгч Д.Гийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, уг оногдуулсан ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих ангид эдүүлэх саналтай байна.” гэх,

Өөрий өөрийгөө өмгөөлж буй шүүгдэгч: “Өмгөөллийн үг байхгүй” гэх дүгнэлт, тайлбарыг тус тус гаргажээ.

 

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримт болоод гэм буруугийн талаар маргаагүй бөгөөд шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг тал бүрээс нь харгалзан Д.Г нь учруулсан хохирлоо төлснийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон ба прокурорын хяналт болон шүүхийн ажиллагаанаас удаа дараа оргон зайлсан болохыг дурдах нь зүйтэй байна. 

 

Иймд Налайх, Багахангай дүүргийн прокурорын газраас Д.Гийг  бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулах нь зүйтэй  гэж шүүх үзэв.

  

Бусад асуудлаар

Энэ гэмт хэргийн улмаас учирсан хохирлын талаар хохирогч шүүхэд бичгээр гаргасан хүсэлтдээ  “...Цаашид нэхэмжлэх зүйл, гомдол, санал байхгүй...” гэж гэснийг үндэслэн шүүгдэгч Д.Гийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзсэн ба хэрэгт эрүүгийн хэргийн хамт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, шүүгдэгч Д.Г нь 2019 оны 4 дүгээр сарын 8-ны өдрөөс 2019 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийг хүртэл нийт 9 хоног цагдан хоригдсон болохыг тус тус дурдах нь зүйтэй.  

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. ******* овогт Д.Гийг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэм хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Д.Гийг 6 сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан Д.Гт оногдуулсан 6 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Д.Гийн 2019 оны 4 дүгээр сарын 8-ны өдрөөс 2019 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон нийт 9 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцсугай. 

5. Энэ хэрэгт эрүүгийн хэргийн хамт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, хохирогч нь нэхэмжлэх зүйлгүй, шүүгдэгч Д.Г нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлийг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэй болохыг дурдсугай.

7. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Д.Гт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Д.ЧИНЗОРИГ