Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 05 сарын 03 өдөр

Дугаар 56

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Увс аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Болортуяа даргалан,

            Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Г.Алтанлхам,

            Улсын яллагч: Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Я.Дина,

            Шүүгдэгч: Д.Д нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулж, Увс аймгийн Прокурорын газрын хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хяналтын прокурор Я.Динагаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн А овгийн Дгийн Дд холбогдох эрүүгийн 1935000670035 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

 

 Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1982 оны 1 дүгээр сарын 13-ны өдөр Увс аймгийн Тэс суманд төрсөн, 37 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл-4, эхнэр 2 хүүхдийн хамт Увс аймгийн Улаангом сумын 9 дүгээр багийн 02-09 тоотод оршин суудаг, регистрийн дугаар ОО82011370, А овгийн Дгийн Д.

            Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/ Яллагдагч Д.Д нь 2019 оны 2 дугаар сарын 09-нөөс 10-нд шилжих шөнө тус аймгийн Улаангом сумын 7 дугаар баг, 009 тоот хашаанд байх гэрт нэвтэрч хохирогч Ж.Эгийн цүнхэнд байсан 200.000 /хоёр зуун мянга/ төгрөгийг хулгайлсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Шүүгдэгч Д.Дыг бусдын орон байранд хууль бусаар нэвтрэн орох гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлийн талаар: 

Шүүхийн хэлэлцүүлэгт хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлахад шүүгдэгч Д.Д нь бусдын орон байранд хууль бусаар нэвтрэн орох гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хохирогч Ж.Эгийн “Би Улаангом сумын 7 дугаар багт 4 хүүхдийн хамт гэрээр гутал оёж амьдардаг хүн юм. Миний нөхөр Л.Б 2018 оны 10 дугаар сард өвчний улмаас нас барсан. Би энэ жил цагаан сарыг хийж айлуудаар явж золголт хийлгүй гэртээ таваг засаад ирсэн хүмүүсийг цайлуулаад гаргаад байгаа юм. 2019 оны 2 дугаар сарын 09-ний шөнийн 22 цагийн үед миний төрсөн дүү Ж.Б манай гэрт ирж намайг болон 3 хүүхдийг гэртээ аваачиж цай өгнө гээд авч явсан юм. ...шөнө 01 цаг 20 минутын үед Ж.Бгээр 3 хүүхдийн хамт гэртээ хүргүүлэн хашааны гадна буусан юм. Бид нар гэрт орох гээд гэрийнхээ үүдэнд очсон чинь гэрийн хаалганд зүүсэн хятад шар өнгийн цоож байхгүй байсан, хаалга хаалттай байхаар нь онгойлгоод орсон чинь гэрийн зүүн дээд талд таваг зассан ширээн дээр Алтан навчис тамхи 1 хайрцаг, нокиа утасны бүдүүн оролтой хар өнгийн цэнэглэгч 1 ширхэг, улаан шонхор тамхины  хоосон хайрцаг 1 ширхэгийг үлдээсэн байсан ба ширээн дээр дээрх Увс нуур нэртэй архинаас жижиг мөнгөн аягаар архи уусан байдалтай байсан. Гэрийн баруун талын орон дээр байсан миний хар өнгийн гар цүнх нь дотор байсан шар цэцэгний зурагтай хар өнгийн түрийвчийг цүнхний аман дээр ил гаргаад онгорхой орхисон байхаар нь түрийвч дотор байсан мөнгөө тоолж үзэхэд 200.000 төгрөг дутсан. Миний түрийвчинд 850.000 гаруй мянган төгрөг байсан юм. Миний түрийвчинд байсан мөнгөнүүдийн ихэнхи нь AZ гэсэн бичигтэй байгаа. Би түрийвчтэй мөнгийг тоолж үзээд 200.000 төгрөг дутахаар нь цагдаагийн байгууллагад утсаар дуудлага өгсөн юм. Манай гэрийн хаалганд зүүсэн байсан шар өнгийн хятад цоожийг гэрийн баруун хаяанд хаясан байлаа. ...Бид нар тэр шөнө гэрээсээ гарахдаа манай гэрийг хүү Э өөрийн гэрээ цоожилдог хятад шар өнгийн цоожоор цоожилсон бөгөөд түлхүүрийг надад авч ирж өгсөн. Би өөрийнхөө халаасандаа хийж авч явсан. Манай гэрийг цоожилдог хятад цоож нь ганц л түлхүүртэй бөгөөд тэр түлхүүрийг би өөрөөсөө салгадаггүй юм. Би байнга хэрэглэдэг хар өнгийн даавуун материалаар хийсэн ганцхан цүнхтэй бөгөөд тухайн шөнө өөрийнхөө цүнхний цахилгааныг нь татаж хаагаад авч явах гэж байгаад гэрийнхээ зүүн талын орон дээр орхиод мартаад гэрээсээ гараад явчихсан байна лээ. Тухайн өдөр миний цүнхэнд бүхэл мөнгө буюу 10.000 төгрөгийн мөнгөн дэвсгэрт, 20.000 төгрөгийн мөнгөн дэвсгэртээр нийт 850.000 төгрөг байсан. Уг мөнгөө би тусад нь хадгалж байсан юм. Мөн уг мөнгөнөөс гадна миний түрийвчинд задгай мөнгөнүүд болох 5000 төгрөг болон түүнээс доошоо задгай мөнгөн дэвсгэртүүд нийт 57.150 төгрөг байсан. Уг 57.150 төгрөг нь манай хүүхдүүдийн цагаан сараар нь цуглуулсан мөнгө байсан. Би 2018 оны 10 дугаар сараас 2019 оны 2 дугаар сар хүртэлх хугацаанд гутал оёж зарж нийтдээ 1.500.000 төгрөг цуглуулсан байсан. Манайх хашаа байшингийн зээлийн үлдэгдэл 26.000.000 төгрөгний зээлтэй байсан бөгөөд уг зээлийг төлж чадахгүй болсоны улмаас шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар луу зээл шилжсэн бөгөөд би сард 250.000 төгрөг уг зээлдээ төлдөг. Мөн манай талийгаач нөхөр Л.Б нь 2018 оны 10 дугаар сарын 01-нд өвчний улмаас нас барсан бөгөөд Л.Б нь элэгний өвчтэй хүн байсан учраас групп авдаг байсан. 2 жилийн хугацаатай группын зээлтэй байж байхдаа нас барсан, би уг зээлд 285.000 төгрөг төлдөг юм. Би цуглуулсан 1.500.000 төгрөгнөөсөө цагаан сарын бэлтгэлд нийтдээ 500.000 төгрөг зарцуулсан үлдсэн 1.000.000 төгрөгнөөс цагаан сараар манайд ирсэн хүмүүст гарын бэлэг хүүхдүүдэд мөнгө өгч байсан бөгөөд бэлгэнд нийт 150.000 төгрөг зарцуулсан. Хамгийн сүүлд 2019 оны 02 дугаар сарын 09-ний өглөө нь өөрийн түрийвчтэй мөнгөө тоолоход миний цуглуулсан байсан бүхэл 10.000, 20.000 төгрөгний мөнгөн дэвсгэртүүд нийтдээ 850.000 төгрөг үлдсэн байсан. Мөн манай 3 хүүхдүүд цагаан сараараа цуглуулж хадгалсан мөнгийг би мөн адил түрийвчиндээ урд талын хэсэгт нь тусад нь хийсэн. Тухайн өглөө тоолоход нийт 57.150 төгрөг, нийтдээ 907.150 төгрөг байсан юм. Би тухайн өдөр өөрийнхөө түрийвчтэй мөнгөнөөс ямар нэгэн зүйлд мөнгө төгрөг гаргаж зарцуулсан зүйл байхгүй. Би өөрийн хадгалсан 850.000 төгрөгийг группын зээл болон банкны зээлдээ төлөхөөр хадгалж байсан юм. Би өөрийн мөнгийг банкны дансанд хийж хадгалах гэхээр Хас банкнаас миний дансыг битүүмжлэнэ гээд байдаг учраас би мөнгөө гэртээ бэлнээрээ хадгалдаг байсан. Би 2019 оны 2 дугаар сарын 10-ны шөнө 1 цаг 30 минутын үед хүүхдүүдийнхээ хамтаар гэртээ ирэхэд манай гэрийг цоожилсон шар өнгийн хятад цоожийг эвдсэн байдалтай хажууд нь манай нүүрсний задгай амбаарт байсан алхыг гэрийн хаяанд хаясан байсан бөгөөд гэрийн хаалганы цүү нь эвдрээгүй байсан юм. Тэгээд би гэрлүүгээ ортол манай гэрийн зүүн талын орон дээр байсан миний хар өнгийн даавуун цүнхэний ам хэсэг онгойсон дотор талд нь байсан түрийвчтэй мөнгөний ам нь онгойсон байсан. Би түрийвчтэй мөнгөнөөс эхлээд өөрийн хадгалж байсан 850.000 төгрөгийг гаргаж тоолоход 650.000 төгрөг байсан, 200.000 төгрөг дутсан. Дараа нь би түрийвчныхээ урд хэсэгт хийсэн байсан хүүхдүүдийн цуглуулсан мөнгийг тоолоход 57.150 төгрөг бүрэн гүйцэт байсан юм. Би Дгийн Дыг танина. Д.Д нь миний талийгаач нөхөр Л.Бум-эрдэний төрсөн ах Л.Дгийн том хүүхэд нь юм. Би 2019 оны 2 дугаар сарын 12-ны өдөр 13:00 цагийн үед өөрийн дүү Ж.Бгийн хамт гэртээ байж байтал манайд Д.Д нь согтуу орж ирээд надад "би таны цүнхээс мөнгийг тань авсан, та цагдаад намайг хохиролгүй болгосон, гомдолгүй гэж хэлж өргөдлөө буцааж авч өгөөч ээ, би таны мөнгийг биеэрээ төлнө" гэж хэлсэн. Тэгтэл манай дүү Б нь Дд хандаж "биеэрээ төлнө гэж яахыг хэлж байгаа юм бэ, биеэрээ яаж төлдөг юм" гэж хэлсэн. Тэгтэл Д нь "ажил хийж гуталыг нь оёлцож өгнө" гэж хэлсэн. Тэгээд би Дд "чадахгүй, чи миний амьдралыг мэдэж байгаа биз дээ чи хулгайлсан мөнгөө авч ирж өг, одоо монгол гутал оёоод борлогдоггүй цаг" гэж хэлсэн. Тэгээд Д манай гэрээс гараад явчихсан юм. Д.Дын манай гэрээс хулгайлсан 200.000 төгрөгнөөс цагдаагийн байгууллагаас Д.Даас хураан авсан мөнгө болох 20.000 төгрөгний мөнгөн дэвсгэрт 3 ширхэг, 1000 төгрөгний мөнгөн дэвсгэрт 6 ширхэг, 500 төгрөгний мөнгөн дэвсгэрт 2 ширхэг нийт 67.000 төгрөгийг надад үзлэг хийж хүлээлгэн өгсөн. Мөн цагдаагийн байгууллагаас хэргийн газрын үзлэгээр хураан авсан Увс нуур гэх нэртэй тал шил архи-1 ширхэг, жижиг мөнгөлөг өнгийн металл аяга-1 ширхэг зэргийг хүлээлгэн өгсөн юм. Д.Д нь 2019 оны 3 дугаар сарын 05-ны өдөр надад учирсан хохирлын үлдэгдэл болох 133.000 /нэг зуун гучин гурван мянга/ төгрөгийг өгч учирсан хохирлыг төлж барагдуулсан юм. Надад одоо ямар нэгэн санал хүсэлт байхгүй. Одоо би Д.Дд ямар нэгэн гомдол тэмцэл нэхэмжлэх зүйл байхгүй” /хх-ийн 17-22 тал/ гэх мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг,

гэрч Ж.Бгийн “Миний төрсөн эгч Ж.Э нь Улаангом сумын 7 дугаар багт 4 хүүхдийн хамт гутал уяж амьдардаг хүн юм. Эгч Ж.Эгийн нөхөр Б 2018 оны 10 дугаар сард өвчний улмаас нас барсан юм. 2019 оны 2 дугаар сарын 09-ний өдөр шөнийн 22 цагийн үед эгч Ж.Эг Улаангом сумын 7 дугаар багт байрлах гэрээс нь сургуулийн насны 3 хүүхдийнх нь хамт аваад өөрийн гэр болох Улаангом сумын 1 дүгээр баг Чандманьд хүргэж цай өгсөн юм. Миний эгч Ж.Э нь энэ жилийн цагаан сарыг хийж айлаар цагаа хийж яваагүй юм. Би эгчийг гэрт хүргэж цай өгөөд 23 цаг 30 минутын үед төрсөн ах Алтангэрэлийн хүү Бгийн гэрт хүргэж цай уулгасан юм. А.Бгийн гэр Улаангом сумын 4 дүгээр багт байдаг юм. Эгч Ж.Эг А.Бгийн гэрээс 2019 оны 2 дугаар сарын 10-ны шөнө 01 цаг 20 минутын үед авч гараад эгчийн хашааны гадна хүргэж буулгаад би гэрлүүгээ хариад гэрт ороод хувцасаа тайлах гэж байтал миний 99941442 дугаар луу эгч өөрийнхөө 99457363 дугаартай утаснаас залгаад манай гэрт хулгай орсон байна гэр цоожгүй гэр дотор байсан гар цүнх доторх түрийвчтэй 800.000 гаруй мянган төгрөгнөөс 200.000 мянган төгрөгийн хулгайлсан байна гэж хэлэхээр нь би ямар нэгэн зүйлд гар хүрэлгүйгээр цагдаагийн байгууллагад дуудлага өг, би яваад очье гэж хэлсэн. Би гэрээс гараад эгчийн гэрт 01 цаг 40 минутын үед ирсэн чинь эгч 3 хүүхдийнхээ хамт гэртээ байсан ба гэрийн баруун талын орон дээр эгчийн цүнхэн дотор байсан түрийвчийг ил гаргаад орхисон байсан ба ширээн дээр нь Аптан навчис тамхи 1 хайрцаг, нокиа утасны бүдүүн оролтой хар өнгийн цэнэглэгч 1 ширхэг, Улаан шонхор тамхины хоосон хайрцаг 1 ширхэгийг үлдээсэн байсан ба ширээн дээрх Увс нуур нэртэй архинаас жижиг мөнгөн аягаар архи хийж уусан байдалтай байсан. ...Би 2019 оны 2 дугаар сарын 12-ны өдөр 12:00-13:00 цагийн хооронд байх /цагийн сайн санахгүй байна/ өөрийн эгч Ж.Эгийн гэрт очоод байж байтал манайд Э эгчийн нөхөр талийгаач Бийн ахын хүү гэгч Д.Д нь согтуу орж ирээд Э эгчид "би таны цүнхнээс мөнгийг тань авсан, та цагдаад намайг хохиролгүй болгосон гомдолгүй гэж хэлж өргөдлөө буцааж авч өгөөч, би таны мөнгийг биеэрээ төлнө" хэлсэн. Тэгэхээр нь би Дд хандаж "биеэрээ төлнө гэж яахыг хэлж байгаа юм биеэрээ яаж төлдөг юм" гэж хэлтэл Д нь надад "ажил хийж гуталыг нь оёж өгнө" гэж хэлсэн. Тэгээд Э эгч Дд чадахгүй, одоо гутал борлохгүй, чи миний мөнгийг авч ирж надад өг гэж хэлсэн. Манай хүргэн Б нь 2018 оны өвөл 10 дугаар сард өвчны учир барсан бөгөөд Э эгч, Б нар нь хашаа байшингийн зээл авчихсан байсан бөгөөд банкнаас Э эгчийн дансыг битүүмжилсэн байгаа юм. Тэгээд Э эгч уг зээлийг төлөхийн тулд Э эгч өвөлжингөө монгол гутал оёж зардаг байсан юм. Э эгч өөрийн гутал оёж зарсан мөнгөө гэртээ хадгалдаг бөгөөд банкны дансанд хийхээр данснаас нь мөнгө гарч болдоггүй учраас гэртээ түрийвч, цүнхэндээ мөнгөө хадгалж байгаад зээлээ төлдөг байсан юм. Э эгч цагаан сарын үеэр гутал оёж олсон мөнгө нийтдээ 850.000 төгрөг хадгалчихсан байгаа гэж надад цагаан сарын үеэр хэлж байсан юм” /хх-ийн 23-26 тал/ гэх мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг,

насанд хүрээгүй гэрч Б.Эгийн “Би Улаангом сумын 7-р баг 009 тоотод өөрийн ээж Э, ах Э, эгч Энхзаяа, том ах Учрал нарын хамтаар амьдардаг. Учрал ах 2018 оны 10 дугаар сард Улаанбаатар хот руу ажил хийхээр яваад одоог хүртэл ирээгүй байгаа юм. 2019 оны 2 дугаар сарын 09-ний орой 22:00 цагийн үед манай ээжийн дүү болох Баасаа буюу Б ах машинтайгаа ганцаараа ирээд манай гэрийхнийг дагуулаад өөрийнхөө Чандманьд байдаг гэртээ аваачиж цагаан сарын цай хоол хийж өгсөн. Бид нар гэрээсээ гарч явахдаа гэрээ манай ах Э гэрээ шар өнгийн цоожоор цоожлоод түлхүүрийг нь ээж аваад хувцасныхаа халаасандаа хийгээд явсан юм. Тэгээд бид нар Б ахын гэрээс гараад Б гэх манай хамаатны айлд очоод цай хоол идсэн, шөнө дунд 01 цаг 20 гаруй минутын үед Б ах бид нарыг машинтайгаа хүргэж ирээд хашааны гадна буулгачихаад явчихсан. Тэгээд бид нар гэрлүүгээ ороход манай гэрийн цоожийг эвдээд манай гэр лүү хулгай орсон байсан. Тэгээд манай ээжийн орон дээр байсан цүнх онгорхой, түрийвчийг нь онгойрхой орхисон байсан. Тэгээд манай ээж түрийвчтэй мөнгөө гаргаж тоолж үзээд 200.000 төгрөг хулгайлагдсан байна гэж хэлээд цагдаа дуудсан юм” /хх-ийн 27-28 тал/ гэх мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг, 

насанд хүрээгүй гэрч Б.Э-ийн “...Манайх хашаандаа нэг гэрээрээ байдаг бөгөөд бид нар гэрээсээ гарч явахдаа би гэрээ гэр цоожилдог шар өнгийн хятад цоожоор цоожлоод түлхүүрийг нь ээждээ өгсөн бөгөөд хашааныхаа хаалгыг цоожлохгүйгээр онгорхой орхиод явсан юм. Би гэрийнхээ цоожны түлхүүрийг ээждээ өгөхөд манай ээж түлхүүр аваад хувцасныхаа халаасандаа хийгээд явсан юм. Тэгээд бид нар Б ахын гэрт очиж 1 цаг гарантай цай уучихаад Б ахтай хамт тэднийхээс гараад дахин манай хамаатаны айл болох Б гэх айлд очиж цай хоол идсэн. Бид нар Б ахынд мөн адил 1-2 цаг гаруй хугацаанд байж хоол цай идээд шөнө дунд буюу 2019 оны 2 дугаар сарын 09-10-нд шилжих шөнө 01 цаг 30 гаруй минутын үед Б ахаар гэртээ хүргүүлж ирсэн. Бид нар гэрлүүгээ ороход манай гэрийн цоожийг эвдээд манай гэр лүү хулгай орсон байсан бөгөөд гэрийн цоожийг манай жижиг задгай нүүрсний амбаарт байсан төмөр алхаар цохиж онгойлгосон байдалтай гэрийн хаяанд байсан. Тэгээд гэрт ороход манай гэрийн зүүн тал дээр байсан орон дээрх ээжийн цүнх онгорхой, түрийвчийг нь онгорхой орхисон байсан. Манай ээж түрийвчтэй мөнгөө гаргаж тоолж үзээд 200.000 төгрөг хулгайлагдсан байна гэж хэлээд цагдаа дуудсан юм. Мөн тухайн гэмт хэрэг үйлдсэн хүн нь манай гэрийн ширээ дээр байсан Увс нуур гэх нэртэй архинаас архины жижиг мөнгөн аягаар хийж уусан байдалтай мөн ширээн дээр өөрийнхөө Алтан навчис гэх нэртэй задлаагүй бүтэн тамхи, мөн улаан шонхор гэх нэртэй тамхины хайрцаг 1 ширхэг, нокиа гар утасны бүдүүн цэнэглэгч зэргийг үлдээгээд явсан байсан юм. ...Манай ээж Э нь 2019 оны 2 дугаар сарын 09-ний өглөө түрийчвтэй мөнгөө гаргаж тоолж байхад бүхэл мөнгө буюу дандаа 10.000, 20.000 төгрөгний мөнгөн дэвсгэртүүд нийт 850.000 төгрөг байсан, мөн бид нарын цагаан сарын бэлэгний мөнгө болох 57.150 төгрөг байсан. Тухайн өдөр манай ээж түрийвчнээсээ ямар нэгэн мөнгө гаргаж эд зүйл аваагүй бөгөөд бид нар ээжээс ямар нэгэн мөнгө төгрөг авсан зүйл байхгүй” /хх-ийн 29-30 тал/ гэх мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг,

шүүгдэгч Д.Дын мөрдөн байцаалтын шатанд өгсөн “Би одоогоор Тэс сумын 1-р багийн нутагт аав ээжийнхээ хамтаар байдаг бөгөөд Тэс сумаас Улаангом сум руу ирж очингоо байдаг юм. Би эхнэр 2 хүүхэдтэй бөгөөд эхнэр бид хоёр салаад 5 жил болж байгаа, гэхдээ бид хоёр албан ёсоор гэрлэлтээ салгаагүй юм. Би энэ өвөл Улаанбаатар хотод 2 сарын хугацаанд барилга дээр ажиллаж байгаад Улаангом суманд 2019 оны 2 дугаар сарын 04-ний өдөр ирсэн. юм. Би Улаангом суманд ирчихээд шинийн нэгний өдөр буюу 2019 оны 2 дугаар сарын 05-ны өдөр Тэс сумын 1-р багт аавындаа очиж золголт хийчихээд шинийн 5-ны орой буюу 2019 оны 2 дугаар сарын 09-ний орой 20:00 цагийн үед Улаангом суманд ирсэн юм. Би Улаангом суманд ирэхдээ Тэс сумаас золголт хийхэд бэлгэнд ирсэн Улаанбаатар гэх нэртэй 0,5 грамын 1 шил архийг өвөртөлж явсан ба Улаангом сумын 7-р багийн нутагт байх өөрийн бэргэн эгч Ж.Эгийн гэрт очиж золголт хийхээр тэдний гэр лүү явж байгаад замаараа Улаангом политехник коллежийн нарийн гудамж ороод өвөртөө авч явсан 1 шил архийг ганцаараа ууж дуусгачихаад цаашаа явсан юм. Тэгээд би дахиж архи уумаар санагдаад байхаар нь өөрийн эгч Нийн гэр лүү харьж эгчээс мөнгө авна гэж бодоод Улаангом политехник коллежийн урдаас галын дөрвөн замаар доошоо алхаад Улаангом сумын 9-р багт байх Цастогтох хүнсний дэлгүүрийн хажууд явж байгаад эгчийнхээ гэрт согтуу орох юм бол загнуулах байх гэж бодоод буцаад Улаангом сумын 7-р баг Улаангом политехник коллежийн дээд талд байх Э эгчийнх рүү орж золгож тэднийхээс архи ууяа гэж бодоод буцаж алхаад 22:00-22:30 цагийн хооронд байх /цагийг нь сайн санахгүй байна/ Э эгчийн гэрт очсон юм. Намайг тэдний хашааны гадна ирээд хашааны хаалгыг нь татахад онгорхой байсан. Хашаа руу ороод хашаан дотор байх гэрийн үүдэн дээр нь ирэхэд тэдний гэр цоожтой, гэрийн хаалгыг шар өнгийн цоожоор цоожилсон байсан юм. Тухайн үед согтуу байсан учраас Э эгчийн хашааны зүүн буланд байх нүүрсний амбаар луу очиход хаалга нь онгорхой байсан бөгөөд дотогш ороход нүүрсэн дээр нь хар өнгийн бариултай төмөр алх байсан. Би тэр алхыг аваад Э эгчийн гэрийн хаалганы цоожийг цохиж онгойлгоод цоож болон алхыг нь гэрийнх нь зүүн талын хаяа руу шидсэн юм. Тэгээд би дотогшоо ороход тэдний гэрийн баруун дээд буланд цагаан сарын таваг зассан байсан бөгөөд би уг ширээн дээр очиход ширээн дээр Увс нуур гэх нэртэй задалсан архи байсан бөгөөд хажууд нь жижиг мөнгөн аяга байсан. Тэгээд би архинаас жижиг мөнгөн аягаар 2 удаа архи дүүргэж уусан юм. Тэгчихээд би ширээн дээр өөрийн халаасанд явсан задлаагүй Алтан навчис гэх нэртэй 1 хайрцаг тамхи болон нокиа гар утасын цэнэглэгч, мөн дууссан байсан Улаан шонхор гэх нэртэй тамхины хоосон хайрцагыг ширээн дээр гаргаж тавьсан юм. Би гэрийн зүүн талд байх саарал өнгийн бүтээлэгтэй, диван орон дээр очиход Э эгчийн хар өнгийн даавуун цүнх байсан. Тэгэхээр нь би Э эгчийн цүнхэнд нь мөнгө байвал нэг шил архины мөнгө авъяа гэж бодоод цүнхны цахилгааныг нь онгойлгоход цүнхэн дотор нь хар өнгийн түрийвч байхаар нь уг түрийвчийг онгойлгоход дотор талдаа олон жижиг тасалгаа байсан бөгөөд түрийвчний нэг хэсэгт нь бүхэл мөнгө болох 10.000, 20.000-ын мөнгөн дэвсгэртүүд байхаар нь би 20.000 төгрөгний мөнгөн дэвсгэртээс нь 10 ширхэгийг 200.000 төгрөгийг авсан юм. Тэгчихээд би Э эгчийг хүрээд ирэх байх гэж бодоод тэдний гэрээс шууд гараад явчихсан юм. Тэгээд би коллежийн урд талаас такси барьж архи авах гээд Буянт хороололд байх Цастогтох гэх хүнсний дэлгүүр лүү очиход хаачихсэн байсан, дахиад тээврийн хороонд байх Сондор гэх нэртэй дэлгүүрт очиход мөн адил хаалттай байсан юм. Тэгэхээр нь би тэндээ таксинаас буусан бөгөөд такс жолооч 3000 төгрөг болсон гэхээр нь би Э эгчийнхээс хулгайлсан мөнгөө гаргаж ирээд 1 ширхэг 20.000-т өгсөн. Жолооч 3000 төгрөг аваад үлдэгдэл 17.000 төгрөгний хариулт надад өгсөн ба жолооч 1 ширхэг 10.000-тын мөнгөн дэвсгэрт үлдсэн 7000 төгрөг нь задгай 1000 болон 500 төгрөгний мөнгөн дэвсгэртүүд байсан юм. Тэгээд би бутархай 7000 төгрөгийг нь курткныхаа баруун талын халаасанд хийсэн, тэгчихээд бүхэл 10.000-тын мөнгөн дэвсгэртийг бүхэл мөнгөтэйгээ нийлүүлсэн бөгөөд миний бүхэл мөнгө нийтдээ 190.000 төгрөг байсан үүнээс би 20.000 төгрөгний мөнгөн дэвсгэрт 3 ширхэг буюу нийт 60.000 төгрөгийг нь архи авч ууна гэж бодоод курткныхаа баруун талын халаас руу нөгөө задгай 7000 төгрөг байсан халаас руугаа нэмж хийсэн. Тэгээд үлдсэн 130.000 төгрөгийг өмдныхөө ар талын бөгсны халаасанд хийсэн юм. Тэгчихээд би тэр хавиар ажиллаж байгаа дэлгүүр хайгаад гэр хорооллуудаар алхаад ажиллаж байгаа дэлгүүр олоогүй. Тэгээд би такси барих гэсэн боловч машин унаа явахгүй нэлээд орой болсон байсан юм. Би тээврийн хорооноос алхаад хар зам дагуу арын дөрвөн замыг чиглээд алхаж байгаад дөрвөн замын хажууд ирээд өмднийхөө ар талын халаасанд хийсэн 130.000 төгрөгийг халааснаасаа авах гэтэл өмдний халаасанд хийсэн 130,000 төгрөг байгаагүй бөгөөд би уг мөнгийг унагаж гээчихсэн байна гэж бодоод ирсэн замаараа буцаад алхаад тээврийн хороо руу яваад олоогүй. Тэгээд би ерөөсөө дэлгүүр олдохгүй юм байна гэж бодоод тээврийн хорооноос алхаад Э эгчийн гэр лүү очиж хонох гээд явж байтал цагдаа нар хүрч ирээд намайг аваад явсан юм. Би Ж.Э эгчээс уучлалт гуйж учирсан хохирлыг нь бүрэн гүйцэт төлж барагдуулсан юм. Би хулгайн гэмт хэрэг үйлдсэндээ маш ихээр гэмшиж байгаа бөгөөд дахин хулгайн гэмт хэрэг үйлдэхгүй, надад оногдуулах ялыг хөнгөрүүлж өгнө үү” /хх-ийн 83-85 тал/ гэх мэдүүлэг,

шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...Би тухайн үед цагаан сарын баяр болоод төрөл садангийн айлуудад золгох гэж Улаангомд ирсэн. Хохирогч Ж.Э нь манай аавын дүүгийн эхнэр, бэргэн эгч юм. Бид нар хамтарч монгол гутал оёдог байсан. Би тэднийд цагаан сар болж байсан болохоор золгох гэж очсон. Золгохдоо гэрт нь хонох гэж ирсэн болохоор удахгүй ирэх байх гэж бодоод гэрт нь орсон. Гэрт нь ороод сууж байя гэж бодсон. Тэднийд ороод ширээн дээр байсан архи уугаад 40 орчим минут болсон. Тэгээд орон дээр байсан хохирогчийн цүнхийг хараад мөнгөтэй байхаар нь архи уух гээд 200.000 төгрөг авсан. Гэмт хэрэг хийсэн буруугаа хүлээн зөвшөөрч, гэмшиж байна. Дахиж ийм хэрэг хийхгүй” гэх мэдүүлэг,

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, хойшлуулашгүй тохиолдолд явуулсан мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэйд тооцох тухай прокурорын тогтоол, эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, эд зүйлд үзлэг хийж, хүлээлгэн өгсөн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, эд зүйлүүдэд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол, 2019 оны 2 дугаар сарын 13-ны өдрийн 19/12 дугаартай шинжээчийн дүгнэлт, 2019 оны 2 дугаар сарын 13-ны өдрийн 19/14 дугаартай шинжээчийн дүгнэлт, 2019 оны 2 дугаар сарын 13-ны өдрийн 19/13 дугаартай шинжээчийн дүгнэлт, Гэрэгэ эстимэйт ХХК-ний 2019 оны 3 дугаар сарын 06-ны өдрийн 19/63 тоот шинжээчийн дүгнэлт /хх-ийн 4-16, 35-40, 41-48, 49, 51-54, 58-60, 64-66, 71-74/ бүхий бичгийн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд хэргийн үйл баримтыг тогтоож шийдвэрлэв.  

 

Мөн гэрч, хохирогчийн мэдүүлэг, хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудтай шүүгдэгчийн мэдүүлэг нийцсэн, өөр хоорондоо агуулгын хувьд зөрүүгүй хэргийн үйл баримтын талаар мэдүүлсэн байх тул хэн хэнийх нь мэдүүлгийг үнэн зөвд тооцож, ач холбогдолтой гэж үнэлсэн болно.

 

Тодруулбал, шүүгдэгч Д.Д нь 2019 оны 2 дугаар сарын 09-ний орой 20 цагийн үед Увс аймгийн Тэс сумаас Улаангом сум орж ирсэн байх ба бэргэн эгч нь гэх Ж.Эгийн гэрт очиж золголт хийхээр явж байгаад замдаа авч явсан 1 шил архиа ганцаараа ууж дуусган, 22 цагаас 22 цаг 30 минутын орчимд Ж.Эгийн гэрт очсон. Гэрийнх хаалга цоожтой, хүн байхгүй болохоор нь хаалганы цоожийг алхаар цохиж онгойлгон хохирогчийн гэрт орж, цагаан сарын таваг зассан ширээн дээр байсан “Увс нуур” нэртэй архинаас уух, өөрийн эд зүйлсийг ширээн дээр гаргаж тавих зэргээр дураараа авирлаж, тэдний гэрт 40 орчим минут байсан, улмаар орон дээрх гар цүнхэн дотор байсан түрийвч дэх 907.150 төгрөгнөөс 200.000 төгрөгийг авч, гэрээс гарч явсан үйл баримт нотлогдож тогтоогдсон байна.

 

 Шүүгдэгч Д.Д нь хохирогч Ж.Эгийн талийгаач нөхөр Л.Б-ийн ах Л.Дгийн том хүүхэд, тухайн цаг үед Монголын уламжлалт баяр болох цагаан сар болж байсантай холбоотойгоор шүүгдэгч Б.Д хохирогч Ж.Эгийн гэрт золголт хийхээр очсон, очоод хүнгүй байхаар нь хохирогчийг хүлээх зорилгоор хаалганых нь цоожийг эвдэж хохирогчийн гэрт нэвтэрч орсон үйлдэл хохирогч Ж.Эгийн “Би Улаангом сумын 7 дугаар багт 4 хүүхдийн хамт гэрээр гутал оёж амьдардаг хүн юм. Миний нөхөр Л.Б 2018 оны 10 дугаар сард өвчний улмаас нас барсан. Би энэ жил цагаан сарыг хийж айлуудаар явж золголт хийлгүй гэртээ таваг засаад ирсэн хүмүүсийг цайлуулаад гаргаад байгаа юм. 2019 оны 2 дугаар сарын 09-ний шөнийн 22 цагийн үед миний төрсөн дүү Ж.Б манай гэрт ирж намайг болон 3 хүүхдийг гэртээ аваачиж цай өгнө гээд авч явсан, ...шөнө 01 цаг 20 минутын үед бид нар гэрт орох гээд гэрийнхээ үүдэнд очсон чинь гэрийн хаалганд зүүсэн хятад шар өнгийн цоож байхгүй байсан, хаалга хаалттай байхаар нь онгойлгоод орсон чинь гэрийн зүүн дээд талд таваг зассан ширээн дээр Алтан навчис тамхи 1 хайрцаг, нокиа утасны бүдүүн оролтой хар өнгийн цэнэглэгч 1 ширхэг, улаан шонхор тамхины  хоосон хайрцаг 1 ширхэгийг үлдээсэн байсан ба ширээн дээрх Увс нуур нэртэй архинаас жижиг мөнгөн аягаар архи уусан байдалтай байсан. ... би Д.Дыг танина. Д.Д миний талийгаач нөхөр Л.Б-ийн төрсөн ах Л.Дгийн том хүүхэд нь юм...” гэх мэдүүлэг, шүүгдэгч Д.Дын “...Би энэ өвөл Улаанбаатар хотод 2 сарын хугацаанд барилга дээр ажиллаж байгаад Улаангом суманд 2019 оны 2 дугаар сарын 04-ний өдөр ирсэн. Би Улаангом суманд ирчихээд шинийн нэгний өдөр буюу 2019 оны 2 дугаар сарын 05-ны өдөр Тэс сумын 1-р багт аавындаа очиж золголт хийчихээд шинийн 5-ны орой буюу 2019 оны 2 дугаар сарын 09-ний орой 20:00 цагийн үед Улаангом суманд ирсэн. Би Улаангом сумын 7-р баг Улаангом политехник коллежийн дээд талд байх Э эгчийнх рүү орж золгож тэднийхээс архи ууяа гэж бодоод 22:00-22:30 цагийн үед тэдний гэрт очсон. Намайг тэдний хашааны гадна ирээд хашааны хаалгыг нь татахад онгорхой байсан. Хашаа руу ороод хашаан дотор байх гэрийн үүдэн дээр нь ирэхэд тэдний гэр цоожтой, гэрийн хаалгыг шар өнгийн цоожоор цоожилсон байсан юм. ... Хохирогч Ж.Э нь манай аавын дүүгийн эхнэр юм. Бид нар хамтарч монгол гутал оёдог байсан. Би тэднийд цагаан сар болж байсан болохоор золгох гэж очсон. Золгохдоо гэрт нь хонох гэж ирсэн болохоор удахгүй ирэх байх гэж бодоод гэрт нь орсон. 40 орчим минут болсон...” гэх мэдүүлэг, хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдсон.  

 

Гэтэл Увс аймгийн Прокурорын газрын прокуророос шүүгдэгч Д.Дын үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар буюу 2019 оны 2 дугаар сарын 09-10-нд шилжих шөнө Увс аймгийн Улаангом сумын 7 дугаар баг, 009 тоот хашаанд байх гэрт нэвтэрч хохирогч Ж.Эгийн цүнхэнд байсан 200.000 төгрөгийг хулгайлсан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлгүй байна.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлд заасан “Хулгайлах” гэмт хэрэг нь эд хөрөнгийг өмчлөгч, эзэмшигчид нь мэдэгдэхгүйгээр, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авах байдлаар илэрдэг ба гэм буруугийн шууд санаатай, шунахай сэдэлтээр үйлдэгддэг.

 

Хэргийн нөхцөл байдлаар тогтоогдсон үйл баримтыг Эрүүгийн хуулийн тохирох зүйл, хэсгээр ангилан тодорхойлохдоо өмчлөх эрхийн эсрэг гэмт хэргийн дээрх шинжүүдийг анхаарахын зэрэгцээ гэмт үйлдэл эхэлж төгсөж буй цаг хугацааг нарийн тогтоох, тодорхой сэдэлт бий болсон үеийг тодорхойлох нь хэргийг зөв зүйлчлэхэд шууд нөлөөлнө.

 

Шүүгдэгч Д.Д, хохирогч Ж.Э нар нь ураг төрлийн холбоотой хүмүүс байх ба шүүгдэгч хохирогчийн гэр лүү анх явахдаа хулгай хийх санаа зорилгоор бус, золголт хийх зорилготой очиж, эзгүй байхаар нь хохирогчийг ирэхийг хүлээхгүйгээр хаалганы цоожийг эвдэж гэрт нь орсон байна. Шүүгдэгч Д.Д энэ үйлдэлдээ хохирогч Ж.Этай ах, дүүгийн /аавынх нь төрсөн дүүгийнх/ хамаатай, миний бэргэн эгч гэх үүднээс тэдний гэрт өөрийгөө орох эрхтэй гэж хандсан байх ба гэмт хэрэг гарахаас өмнө цаг хугацаанд хохирогч Ж.Эгийн гэрт очсон, тэдний гэрт мөнгө хадгалагдаж байсан гэдгийг мэдэж байсан нөхцөл байдал хэргийн үйл баримтаар тогтоогдоогүй болно.

 

 

Шүүгдэгч хохирогчийн гэрт нэвтэрч орсоноос хойш тодорхой цаг хугацааны дараа эгч Ж.Эгийн хар өнгийн даавуун цүнх орон дээр нь байхыг хараад хулгай хийх сэдэлт, гэмт санаа төрж түрийвч доторх мөнгөнөөс 200.000 төгрөг авсан байх тул шүүгдэгч Д.Дыг хохирогч Ж.Эгийн гэрт хулгайлах гэмт хэрэг үйлдэх зорилгоор нэвтэрч орсон гэж дүгнэх боломжгүй байна.   

 

Өөрөөр хэлбэл, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-д заасан хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн гэмт хэрэг нь шүүгдэгч бусдын орон байранд хууль бусаар нэвтрэн орох үедээ хулгай хийх гэмт санаа, зорилготой байсан нөхцөлд хангагдана.

 

Иймд прокурор хохирогчийн гэрт буюу орон байранд шүүгдэгч нэвтэрч орсон анхны зорилго, сэдэлтийг анхааралгүй хэргийг зүйлчилсэн нь шүүгдэгчийн үйлдэлд тохироогүй, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн гэмт хэргийн шинжгүй гэж шүүх дүгнэв.  

 

Мөн шүүгдэгч Д.Д хохирогч Ж.Эгийн гар цүнхэнд байсан түрийвчнээс хууль бусаар 200.000 төгрөг авсан нь тогтоогдсон, түүний үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хулгайлах гэмт хэргийн шинжгүй, өөрөөр хэлбэл хохирлын хэмжээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 4.3-д заасан “бага хэмжээний хохирол”-д хамаарч байх тул хулгайлах зөрчлийн шинжтэй байгааг дурдах нь зүйтэй гэж үзлээ.    

 

            Харин шүүгдэгч Д.Дын 2019 оны 2 дугаар сарын 09-ний орой Увс аймгийн Улаангом сумын 7 дугаар баг 009 тоот хашаанд байх хохирогч Ж.Эгийн монгол гэрт хаалганы цоожийг эвдэж нэвтэрсэн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйлийн 1-д заасан “оршин суугчийн зөвшөөрөлгүйгээр орон байранд нэвтэрч хүний халдашгүй чөлөөтэй байх эрхэд халдаж дураараа авирласан” гэмт хэргийн шинжийг хангасан байна гэж шүүх дүгнэв.

 

Учир нь шүүгдэгч Д.Дын хохирогч буюу бэргэн эгч гэх Ж.Эгийн гэрт нэвтэрсэн үйлдэл өмчлөх эрхийн эсрэг буюу хулгайлах гэмт хэргийн шинжгүй хэдий ч хүний халдашгүй чөлөөтэй байх эрхийн эсрэг гэмт хэрэгт хамаарч байна. 

 

            Монгол Улсын соёрхон баталсан Хүний Эрхийн Түгээмэл Тунхаглалын 12 дугаар зүйлд “Хэний ч хувийн болон гэр бүлийн амьдралд хөндлөнгөөс дур мэдэн оролцох, орон байрны халдашгүй байдал, захидал харилцааных нь нууц болон нэр төр, алдар хүндэд нь халдах ёсгүй. Тийм оролцоо, халдлагын эсрэг хэн ч бай хуулиар хамгаалуулах эрхтэй” гэж, Иргэний болон Улс төрийн эрхийн тухай олон улсын пактын 17 дугаар зүйлд “Хэний ч  ... орон байранд нь хууль бусаар халдахыг хориглоно. Хүн бүр тийм оролцоо халдлагаас хуулиар хамгаалуулах эрхтэй” гэж, Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 13 дахь заалтад “Халдашгүй чөлөөтэй байх эрхтэй. Иргэний ... орон байрны халдашгүй байдлыг хуулиар хамгаална” гэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйлийн хуульчилсан тайлбарт “Энэ хуульд заасан орон байр гэж хүн байнга, түр амьдрахад зориулагдсан төрөл бүрийн орон сууц, байшин, гэр, урц, зочид буудал, амралт сувиллын газар, зуслангийн байр, майхан зэргийг ойлгоно” гэж тус тус заасан.  

 

            Дээрхээс дүгнэхэд, хүний халдашгүй чөлөөтэй байх эрх нь жам ёсны эрхээс үүдэлтэй, хуулиар баталгаажсан, хэн боловч хөндлөнгөөс дур мэдэн халдаж үл болох эрх бөгөөд энэ эрхэд хүний нэр төрийн, нууцын, өмчийн, бие махбодийн халдашгүй байх эрх болон орон байрны халдашгүй байдал хамаарч байх тул шүүгдэгч Д.Д нь хохирогч Ж.Этай ураг төрлийн холбоотой, түүнтэй монгол ёс уламжлалын дагуу цагаан сарын золголт хийх санаа зорилготой байсан хэдий ч хохирогч Ж.Эгийн гэрт түүний зөвшөөрөлгүйгээр аливаа хэлбэрээр нэвтрэн орох эрхгүй юм.

 

            Тодруулбал, шүүгдэгч Д.Дын хохирогч буюу бэргэн эгч гэх Ж.Эгийн монгол гэрийн хаалганы цоожийг алхаар цохиж эвдэн гэрт нь орж, ширээн дээрх идээ таваг, архийг ууж хэрэглэсэн үйлдэл хууль, олон улсын гэрээний дээрх заалтуудыг зөрчиж, хохирогчийн орон байрны халдашгүй, чөлөөтэй байх эрхэд халдаж дураараа авирласан үндэслэлийг болгож байна.

 

            Шүүгдэгч Д.Дын дээрх үйлдэл нь идэвхтэй бөгөөд ухамсартай байхын сацуу цоожтой байгааг нь мэдсээр байж гэрийн эзний зөвшөөрөлгүй монгол гэрийн хаалганы цоожийг эвдэн бусдын орон байранд хууль бусаар нэвтрэн орсон байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэлдээ хандсан гэж үзнэ.

 

            Иймд шүүх хэргийн үйл баримтаар тогтоогдсон нөхцөл байдалд дүгнэлт хийж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “шүүх нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлыг үндэслэн хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилж болно” гэж заасны дагуу прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг өөрчилж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйлийн 1-д заасан “бусдын орон байранд хууль бусаар нэвтрэн орох” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэлээ.

 

            Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1-д “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийгмийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно” гэж заасан.

 

            Энэ гэмт хэрэгтэй холбоотойгоор хохирогч Ж.Эгийн амь нас, эрүүл мэндэд хохирол учраагүй боловч түүний орон байрны халдашгүй байх эрх, эрх чөлөө зөрчигдсөн явдал нь гэмт хэргийн хохиролд тооцогдоно. 

 

            Гэвч хохирогч Ж.Э нь мөрдөн шалгах ажиллагааны шатанд “Би Д.Дд ямар нэгэн гомдолгүй, нэхэмжлэх зүйл байхгүй” гэж мэдүүлсэн тул гаргуулах хохиролгүй гэж үзэв.

 

            Хэргийн шүүгдэгч Д.Д нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримт болоод гэм буруугийн талаар маргаагүй болохыг тэмдэглэх нь зүйтэй.

 

2. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:

Шүүгдэгч Д.Д нь бусдын орон байранд хууль бусаар нэвтрэн орох гэмт хэрэг  үйлдсэн болох нь шүүх хуралдаанаар тогтоогдсон бөгөөд тэрээр хэрэг хариуцах чадвартай, хуулинд заасан хөөн хэлэлцэх хугацаа өнгөрөөгүй байх тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Хэрэгт шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон гэрч Д.Н-ийн “...Д.Д нь аав Л.Д, ээж Э, дүү О нарын хамт Тэс сумын 1 багийн нутагт мал маллаж амьдардаг. 2007 онд Ц.Д гэгчтэй гэр болж тусдаа гарсан, 2 хүүхэдтэй, одоо том хүү Цэндсүрэн нь 14 настай, охин Х нь 11 настай юм. 2014 онд эхнэр Доос салсан бөгөөд албан ёсоор гэрлэлтээ цуцлуулаагүй. 2 хүүхэд нь одоо Улаанбаатар хотод ээж Дынд байдаг бөгөөд амралтаараа Увсад ирж Дтай хамт байдаг юм. Д одоогоор эрхэлсэн тодорхой ажилгүй, аав, ээжийн хамт мал малладаг ба хааяа хааяа Улаанбаатар хот болон аймагт барилгын ажил хийдэг юм. Зан аашийн хувьд даруу төлөв зантай, үг дуу цөөтэй, гэртээ их ажилтай, монгол гутал оёх, модоор гэрийн хаалга, гэрийн мод зэрэг зүйл хийчихдэг авъяастай хүн юм. Д.Д хааяа хааяа архи уучихдаг бөгөөд архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ нэг их агсам согтуу тавиад байдаггүй. Урьд өмнө нь ямар нэгэн гэмт хэрэгт холбогдож шалгагдаж байгаагүй. Биеийн эрүүл мэндийн хувьд архаг хууч өвчин байдаггүй, оюун ухааны хувьд эрүүл саруул хүн юм” гэх /хх-ийн 31-32 тал/ мэдүүлэг,

Гэрч  Д.Бын “Миний төрсөн ах Д.Д 1982 онд Тэс суманд төрсөн, Тэс сумын ахлах сургуулийн 8 дугаар ангийг төгсөж бүрэн бус дунд боловсрол эзэмшсэн юм. Ц.Д гэх хүнтэй гэр бүл болж 2007-2014 он хүртэл хугацаанд Тэс суманд амьдарсан 2 хүүхэдтэй. Д.Д нь зан аашийн хувьд уур уцаар байхгүй, даруухан үг дуу цөөтэй, хааяа нэг архи уучихдаг бөгөөд архи уусан үедээ агсам согтуу тавиад байдаггүй. Урьд өмнө нь хэрэг зөрчилд холбогдож шалгагдаж байгаагүй, муу зуршилгүй хүн. Түүний авууштай тал нь ямар ажил хийсэн шантрахгүй, хөдөлмөрч, хар бор ажилдаа сайн, машин техник засахдаа сайн, модоор гар урлал хийх, гэрийн хаалга, гэрийн мод зэрэг эд зүйл хийх авъяастай хүн юм. Эд хөрөнгийн хувьд 1 ширхэг улсын дугааргүй мотоцикльтой, өөр эд хөрөнгө гэх зүйл байхгүй” гэх /хх-ийн 33-34 тал/ мэдүүлэг,

Увс аймгийн Авто тээврийн төвийн 2019 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн 83 тоот албан бичиг, Увс аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2019 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн 1/243 тоот албан бичиг, иргэний үнэмлэхний лавлагаа, байнга оршин суугаа хаягийн тодорхойлолт, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 94, 98-101 тал/ зэрэг нотлох баримтууд авагдсан ба шүүгдэгч Д.Д нь хувьдаа мотоциклиос өөр хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгө байхгүй, тогтсон ажил хөдөлмөр эрхэлдэггүй, хувиараа барилгын ажил хийх, машин техник засах, модоо гар урлал хийх зэргээр амьдралаа залгуулдаг, 2014 оноос хойш эхнэр, хүүхдүүдээсээ тусдаа, аав ээжийн хамт амьдарч байгаа, урьд гэмт хэрэгт холбогдож байгаагүй байна.

 

Шүүгдэгчид ял оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл тогтоогдоогүй болно. 

 

Иймд шүүгдэгч Д.Дын хувийн зан, анх удаа гэмт хэрэгт холбогдсон болон орлогын эх үүсвэргүй, өөрт ногдох эд хөрөнгөгүй байдал, түүний гарын ур дүй, хөдөлмөрт хандах хандлага, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хуулинд заасан хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйлийн 1-д заасан ялаас нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэх нь зохистой гэж дүгнэж, 420 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шийдвэрлэв.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт "Ялтан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солино” гэж заасан тул шүүгдэгч Д.Дд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц ялыг биелүүлэх үүрэгтэйг, биелүүлээгүй бол хорих ялаар солих болохыг тайлбарлаж байна.

 

Хэрэгт төмөр алх 1 ширхэг, цоож 1 ширхэг, алтан навчис тамхи 1 хайрцаг, улаан шонхор тамхины хайрцаг 1 ширхэг, гар утасны бүдүүн оролттой цэнэглэгч 1 ширхэг, богино түрийтэй шар өнгийн хос гутал 1 ширхэгийг тус тус хэргийн газрын үзлэгээр хураан авч, эд мөрийн баримтаар тооцож шүүхэд ирүүлсэн. Эдгээр эд зүйлс нь хохирогч, шүүгдэгч нарын эд хөрөнгө байх бөгөөд ихэнхи нь дахин ашиглагдах боломжтой болох нь эд мөрийн баримтаар тооцох мөрдөгчийн тогтоол, эд зүйлүүдэд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, уг эд зүйлсийн зах зээлийн дундаж үнэ тогтоосон шинжээчийн 2019 оны 3 дугаар сарын 06-ны өдрийн 19/63 дугаартай дүгнэлт /хх-ийн 46-49, 71-74 тал/-ээр тогтоогдож байх тул эзэмшигчид нь буюу хохирогч Ж.Э, шүүгдэгч Д.Д нарт буцаан олгох нь зүйтэй гэж үзлээ.   

 

            Шүүгдэгч Д.Д нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилж ирүүлээгүй болохыг тус тус дурдаж, шүүхээс шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул түүнд өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэхээр тогтов.      

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

            1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан Увс аймгийн Прокурорын Газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.Дд холбогдох хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн зүйлчилсүгэй.

            2. Шүүгдэгч А овогт Дгийн Дыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын орон байранд хууль бусаар нэвтрэн орох” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

            3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А овогт Дгийн Дд 420 /дөрвөн зуун хорин цаг/ нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

           4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Д нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 /найм/ цагийн ажлыг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулсугай.

            5. Шүүгдэгч Д.Д нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, гаргуулах хохиролгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгө байхгүйг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан ирсэн төмөр алх 1 ширхэг, цоож 1 ширхэгийг хохирогч Ж.Эд, алтан навчис тамхи 1 хайрцаг, улаан шонхор тамхины хайрцаг, гар утасны бүдүүн оролттой цэнэглэгч 1 ширхэг, богино түрийтэй шар өнгийн хос гутал 1 ширхэгийг шүүгдэгч Д.Дд тус тус шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц буцаан олгосугай.

            7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Д.Дд өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.

            8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний  хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            С.БОЛОРТУЯА