Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 06 сарын 24 өдөр

Дугаар 09

 

Д.Д-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Жамбалсүрэн даргалж, шүүгч Л.Алтан, Н.Мөнхжаргал нарын бүрэлдэхүүнтэй, прокурор Я.Дина, нарийн бичгийн дарга Б.Энхтуяа нарыг оролцуулан

Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 03-ны өдрийн 56 дугаар шийтгэх тогтоолтой, Д.Д-д холбогдох эрүүгийн 18935000670035 дугаартай хэргийг прокурорын эсэргүүцлийг үндэслэн, 2019 оны 6 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч шүүгч Н.Мөнхжаргалын илтгэснээр нээлттэйгээр хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1982 оны 1 дүгээр сарын 13-ны өдөр Увс аймгийн Тэс суманд төрсөн, 37 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл-4, эхнэр 2 хүүхдийн хамт Увс аймгийн Улаангом сумын 9...тоотод оршин суудаг, . А овгийн Д.Д.

Шүүгдэгч Д.Д нь 2019 оны 2 дугаар сарын 9-ний өдрөөс 2019 оны 2 дугаар сарын 10-нд шилжих шөнө тус аймгийн Улаангом сумын 7 дугаар баг, 09 тоот хашаанд байх гэрт нэвтэрч хохирогч Ж.Эгийн цүнхэнд байсан 200.000 /хоёр зуун мянга/ төгрөг хулгайлсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан Увс аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.Д-д холбогдох хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн зүйлчилж,

Шүүгдэгч А овогт Д.Д-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын орон байранд хууль бусаар нэвтрэн орох” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ахима овогт Д.Дд 420 /дөрвөн зуун хорин цаг/ нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Д нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 /найм/ цагийн ажлыг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулаж тус тус шийдвэрлэсэн байна.

Прокурор давж заалдах шатны шүүхэд гаргасан эсэргүүцэл болон шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтэндээ: “Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 03-ны өдрийн 56 дугаар шийтгэх тогтоолтой танилцахад шүүх эрүүгийн хуулийн зүйл, хэсэг заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн байна.

...Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаас үзэхэд шүүгдэгч Д.Д нь хохирогч Ж.Эгийн байнга амьдардаг гэрт нэвтэрч, эд хөрөнгийг хулгайлсан үйл баримт тогтоогдсон, энэхүү үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангасан.

Анхан шатны шүүхийн хийсэн дүгнэлтээр гэмт этгээд нь хохирогчтой төрөл садангийн холбоотой, цагаан сарын золголт хийхээр очиход гэрийн эзэн нь байхгүй тохиолдолд нэвтэрч ороод эд хөрөнгийн хулгайлж байгаа үйлдэл нь хулгайлах гэмт хэрэг биш, Бусдын орон байранд хууль бусаар нэвтрэх гэмт хэрэг гэж үзэж, хэргийн зүйлчлэлийг үндэслэлгүйгээр өөрчилж байгаа нь хуулийн зүйл, хэсэг заалтыг буруу тайлбарласан, нөгөө талаас нийгэмд энэ төрлийн гэмт хэргийг шийдвэрлэхэд буруу жишиг тогтоож байгаа нөхцөл байдал болж байна.

Иймд Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 03-ны өдрийн 56 дугаар шийтгэх тогтоол нь хэргийн баримтанд нийцээгүй, субъектив дүгнэлт хийсэн, Эрүүгийн хуулийн зүйл, хэсэг заалтыг буруу тайлбарласан, хулгайлах гэмт хэрэгт хууль зүйн талаас нь хууль ёсны бөгөөд үндэслэлтэй дүгнэлт хийгээгүй байх тул шийтгэх тогтоолыг хүчингүй болгуулахаар эсэргүүцэл бичсэн” гэжээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Давж заалдах шатны шүүх прокурорын эсэргүүцлийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1.3 дахь хэсэгт заасан эрх хэмжээний хүрээнд давж заалдах эсэргүүцэлд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр Д.Дд холбогдох эрүүгийн 1935000070035 дугаартай хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянан үзэв. 

Увс аймгийн прокурорын газраас шүүгдэгч Д.Дыг 2019 оны 2 дугаар сарын 09-нөөс 10-нд шилжих шөнө тус аймгийн Улаангом сумын 7 дугаар баг, 09 тоот хашаанд байх гэрт нэвтэрч хохирогч Ж.Эгийн цүнхэнээс 200.000 төгрөгийг хулгайлсан гэх үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан Увс аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.Дд холбогдох хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн 13.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн өөрчилж, Д.Д-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын орон байранд хууль бусаар нэвтрэн орох” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэжээ.    

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасан шаардлагыг хангаагүй байх тул дараах үндэслэлээр хүчингүй болгож, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгон, шүүгдэгч Д.Дыг цагаатгах үндэслэлтэй байна.

1. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан хулгайлах гэмт хэргийн “...хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч“ гэх хүндрүүлэх бүрэлдэхүүний шинж нь гэм буруутай этгээд гэмт үйлдлээ хэрэгжүүлж эхлэхээс өмнө бусдын эд хөрөнгө хулгайлах гэсэн санаа зорилго, сэдэлтээр хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч орсон байдаг.

Хэрэгт хуульд заасан үндэслэл, журмын дагуу цугларсан нотлох баримтуудаар шүүгдэгч Д.Д нь 2019 оны 2 дугаар сарын 09-ний орой 22 цагийн үед бэргэн эгч Ж.Этай золгох зорилгоор түүний гэрт очиж гэрийнхэн хаалга цоожтой үед хаалганы цоожийг алхаар цохиж онгойлгон хохирогчийн гэрт орсоны дараа түүний гар цүнхэн дотор байсан түрийвч дэх 907.150 төгрөгнөөс 200.000 төгрөгийг авч, гэрээс гарч явсан үйл баримт тогтоогдсон боловч шүүгдэгч Д.Д-ыг хулгайн гэмт хэрэг үйлдэх сэдэлт, зорилгоор Ж.Эгийн гэрт нэвтэрч орсон гэж үзэх хангалттай үндэслэл тогтоогдохгүй байна.

Анхан шатны шүүхийн “Шүүгдэгч Д.Д, хохирогч Ж.Э нар нь ураг төрлийн холбоотой хүмүүс байх ба шүүгдэгч хохирогчийн гэр лүү явахдаа хулгай хийх санаа зорилгоор бус, золголт хийх зорилготой очиж, эзгүй байхаар нь хохирогчийг ирэхийг хүлээхгүйгээр хаалганы цоожийг эвдэж гэрт нь орсон, гэрт орсоноос хойш тодорхой цаг хугацааны дараа эгч Ж.Эгийн хар өнгийн даавуун цүнх орон дээр байхыг хараад хулгай хийх сэдэл, гэмт санаа төрж түрийвч доторх мөнгөнөөс 200.000 төгрөг авсан байх тул шүүгдэгч Д.Дыг хохирогч Ж.Эгийн гэрт хулгайлах гэмт хэрэг үйлдэх зорилгоор нэвтэрч орсон гэж дүгнэх боломжгүй байна” гэх дүгнэлт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн “Шүүх, прокурор, мөрдөгч нь хууль болон эрх зүйн ухамсарыг удирдлага болгож нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлнэ” гэх заалтыг зөрчөөгүй байна.

Шүүгдэгч Д.Д нь хохирогч Ж.Э-гийн нөхөр Л.Бум-Эрдэнэгийн төрсөн ах Л.Дүгэрсүрэнгийн хүү бөгөөд Гэр бүлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.6 –д “ “Садангийн хүн” гэж гэрлэгчийн төрсөн ах, эгч, дүү, авга, нагац тэдгээрийн хүүхдийг хэлнэ гэж хуульчилсан тул шүүдэгч Д.Д, хохирогч Ж.Э нарыг төрөл садангийн хүн гэж үзнэ.

Шүүгдэгч Д.Дүгэрсүрэнгийн “...би  шинийн нэгний өдөр буюу 2019 оны 2 дугаар сарын 05-ны өдөр Тэс сумын 1-р багт аавындаа очиж золголт хийчихээд шинийн 5-ны орой буюу 2019 оны 2 дугаар сарын 09-ний орой 20 цагийн үед Улаангом суманд ирсэн . Би Улаангом суманд ирэхдээ бэлгэнд ирсэн Улаанбаатар нэртэй 0,5 граммын 1 шил архийг өвөртөлж явсан ба Улаангом сумын 7-р багийн нутагт байх өөрийн бэргэн эгч Ж.Эгийн гэрт очиж золголт хийхээр тэдний гэр лүү явж байгаад уг архийг ганцаараа уучихаад дахиж архи уумаар санагдаад байхаар нь өөрийн эгч Нямдэлгэрийн гэр лүү явж байгаад эгчийнхээ гэрт согтуу орох юм бол загнуулах байх гэж бодоод буцаад Улаангом политехник коллежийн дээд талд байх Энхмаа эгчийнх рүү орж золгож тэднийхээс архи ууяа гэж бодоод буцаж алхаад 22:30 цагийн үед Ж.Э эгчийн гэрт очсон. Намайг тэдний хашааны гадна ирээд хашааны хаалгыг нь татахад онгорхой байсан. Хашаа руу ороод гэрийн үүдэнд ирэхэд хаалга нь шар өнгийн цоожоор цоожилсон байсан.Тухайн үед согтуу байсан учраас Энхмаа эгчийн хашааны зүүн буланд байх нүүрсний амбаар луу очиход хаалга нь онгорхой байсан бөгөөд дотогш ороход нүүрсэн дээр хар өнгийн бариултай төмөр алх байсан. Би тэр алхыг аваад Энхмаа эгчийн гэрийн хаалганы цоожийг цохиж онгойлгоод цоож болон алхыг нь гэрийнх нь зүүн талын хаяа руу шидсэн.Тэгээд би дотогшоо ороход тэдний гэрийн баруун дээд буланд цагаан сарын таваг зассан байсан. Би уг ширээн дээр очиход Увс нуур нэртэй задалсан архи байсан бөгөөд хажууд нь жижиг мөнгөн аяга байсан ба би архинаас жижиг мөнгөн аягаар 2 удаа архи дүүргэж уусан юм. Ингээд ширээн дээр өөрийн халаасанд явсан задлаагүй Алтан навчис гэх нэртэй 1 хайрцаг тамхи болон нокиа гар утасны цэнэглэгч, мөн дууссан тамхины хоосон хайрцагыг ширээн дээр гаргаж тавьсан. Би гэрийн зүүн талд байх саарал өнгийн бүтээлэгтэй, диван орон дээр очиход Энхмаа эгчийн хар өнгийн даавуун цүнх байсан. Тэгэхээр нь эгчийн цүнхэнд мөнгө байвал нэг шил архины мөнгө авъя гэж бодоод цүнхний цахилгааныг нь оногойлгоход түрийвч байсан ба түрийвчний нэг хэсэгт нь бүхэл мөнгө болох 10.000, 20.000-тын мөнгөн дэвсгэртүүд байхаар нь би 20.000 төгрөгний мөнгөн дэвсгэртээс нь 10 ширхэг буюу 200.000 төгрөгийг авсан”  гэх мэдүүлэгийг үгүйсгэх , няцаах нотлох баримт хэрэгт авагдаагүй байна. Иймд Д.Дын бэргэн эгч Ж.Этай золголт хийх зорилгоор түүний гэрт нэвтэрч орсоны дараа  хулгайлах гэмт хэрэг үйлдсэнийг орон байр, агуулах саванд нэвтэрсэн гэж үзэхгүй.

Харин Д.Д нь бусдын эд хөрөнгө буюу Ж.Эгийн 200.000 төгрөгийг өмчлөгч эзэмшигчид нь мэдэгдэхгүйгээр нууцаар хууль бусаар авсан нь нотлогдож байгаа боловч хохирлын хэмжээ нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 4.3-д заасан “бага хэмжээний хохиролд” –д хамаарч байх тул  хулгайлах гэмт хэргийн шинжгүй байна.

Д.Д нь бусдын орон байранд хулгай хийх санаа зорилгыг агуулж нэвтрээгүй байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан хулгайлах гэмт хэргийг  “   хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч” үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлгүй ба энэ талаар анхан шатны шүүхийн хийсэн дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцсэн, шүүхийн дүгнэлтийг өөрчлөх, шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтыг үгүйсгэх, няцаах үйл баримт, нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Харин анхан шатны шүүх  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйлийн 1дэх  хэсгийг буруу тайлбарлан хэрэглэсэн байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.2-т зааснаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэлээ.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу “Оршин суугчийн зөвшөөрөлгүйгээр орон байранд нэвтэрч хүний халдашгүй, чөлөөтэй байх эрхэд халдаж дураараа авирлах” гэмт хэргийн үндсэн шинж нь бусдын орон байранд зөвшөөрөлгүйгээр нэвтэрч, хүний халдашгүй, чөлөөтэй байх Үндсэн хуулиар олгогдсон эрхэд халдаж зүй бус авирласан үйлдлийг хамааруулан ойлгох бөгөөд Д.Д нь бусдын орон байранд зөвшөөрөлгүйгээр нэвтрэн орсон үйлдэл байгаа боловч тэрээр  Үндсэн хуулинд заасан хүний халдашгүй, чөлөөтэй байх эрхэд халдаагүй өөрөөр хэлбэл бусдын эрх чөлөөнд халдсан, хязгаарласан, хүнлэг бус хэрцгий хандсан, нэр төрийг нь доромжилсон зэрэг идэвхитэй үйлдэл  байхгүй  тул энэ гэмт хэргээр гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлгүй байна.

Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Д.Дыг цагаатгаж, мөн хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1-т зааснаар түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Прокурорын “Д.Дыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн тул тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин анхан шатны шүүхээр хэлэлцүүлэх нь зүйтэй” гэх эсэргүүцэл нь хууль зүйн үндэслэлгүй байх тул хүлээн авах боломжгүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 03-ны өдрийн 56 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Увс аймгийн прокурорын газраас шүүгдэгч Д.Д-д Эрүүгийн Хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1-д зааснаар хэрэгсэхгүй болгож, Д.Д-ыг цагаатгасугай.

Гомдол , эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд Шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                        Д.ЖАМБАЛСҮРЭН

 

ШҮҮГЧИД                                           Л.АЛТАН

 

                                                                                                Н.МӨНХЖАРГАЛ