Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 07 сарын 17 өдөр

Дугаар 210/МА2024/01410

 

 

 

 

 

2024 оны 07 сарын 17 өдөр

Дугаар 210/МА2024/01410

 

 

Д.,,,,,,,,,,,ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Энхбаяр даргалж, шүүгч Б.Мандалбаяр, шүүгч Т.Бадрах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 182/ШШ2024/02533 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: Д.,,,,,,,,,,,ын нэхэмжлэлтэй

Хариуцагч: ,,,,,,,,,,,,,,ид холбогдох,

126,919,631 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Т.Бадрах илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ,,,,,,,,,,,,, ,,,,,,,,,,,,,,,,, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Сарантуяа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:

1.1. Нийслэлийн Засаг даргын захирамжид итгэж гэр хорооллыг дахин төлөвлөлтөд хамрагдан газраа чөлөөлж, байшингаа нураалгаж орон гэргүй болсон учраас 2017 оны 12 дугаар сард Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хандаж, тус шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 687 дугаар шийдвэрээр Баянзүрх дүүргийн 12 дугаар хорооны нутагт төсөл хэрэгжүүлэгч ,,,,,,,,,,,,ХХК, Нийслэлийн Засаг дарга нар гурван талт гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй болохыг тогтоож, төсөл хэрэгжүүлэх эрхийг цуцалж, нэхэмжлэгч Д.,,,,,,,,,,,тай байгуулсан гурван талт гэрээг цуцалж, нэхэмжлэгчийн газар өмчлөх эрхийг буцаан олгохыг хариуцагч нарт даалгасан.

1.2. Бид гэр бүлийнхээ хамтаар Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо Жанжны 18-239 тоот хаягт байрлах 540 м.кв газрыг 1997 оноос эзэмшиж байсан, хашаандаа мансардтай 2 давхар хувийн сууцыг барьсан байснаа нураалгасан.

Газраа буцааж авсан боловч өмнө байсан хувийн сууц, дөрвөн тал хашаагаа дахин сэргээж барих хөрөнгө, мөнгөгүй хохирч байгаа бөгөөд 2022 онд 540 м.кв газартаа дөрвөн тал хашаа 10х10 хэмжээтэй 100 м.кв талбайтай хувийн сууцаа сэргээн барихад ямар зардал гаргах талаар мэргэшсэн төсөвчнөөр тооцоог гаргуулахад 126,919,631 төгрөг болсон тул гаргуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:

",,,,,,,,,,,,," ХХК-ийн байгуулсан гэрээний 1.1 дэх заалт, нэхэмжлэгчтэй байгуулсан гурван талт гэрээний 4.1.2, 4.1.5, 5 дахь заалтаас харахад нэхэмжлэгчийн эзэмшил өмчлөлийн гэх 4 талт хашаа, 90 м.кв хувийн сууцыг буулгах, чөлөөлөх, үнэлэх үйл ажиллагаа нь төсөл хэрэгжүүлэгч ",,,,,,,,,,,,," ХХК болон нэхэмжлэгч нарын хооронд сайн дурын үндсэн дээр үүссэн харилцаа байсан.

Нийслэлийн Засаг захиргааны байгууллага нэхэмжлэгчийн хувийн сууцыг буулгах, газар чөлөөлөх, үнэлэх үүргийг Гэр хорооллын дахин төлөвлөлтийн үйл ажиллагааны журмаар нэхэмжлэгчтэй байгуулсан гурван талт гэрээгээр хүлээгээгүй.

Иймд нэхэмжлэгч нь өөрийн хувийн сууц, хашаа нураасан этгээд болох ,,,,,,,,,,,,ХХК-иас гэм хорын хохирлыг шаардах ёстой. Нийслэлийн Засаг даргыг гэрээний үүргээ биелүүлээгүй буруутай, хууль бус үйлдэл эс үйлдэхүй гаргасан гэж тогтоосон шүүхийн шийдвэр байхгүй тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1, 227 дугаар зүйлийн 227.1, 274.1-д тус тус заасныг баримтлан хариуцагч ,,,,,,,,,,,,,,аас 126,919,631 төгрөг /нэг зуун хорин зургаан сая есөн зуун арван есөн мянга зургаан зуун гучин нэг/-ийг гаргуулж нэхэмжлэгч Д.,,,,,,,,,,,т олгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д тус тус заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид 2022.09.01-ний өдөр төлсөн 792,548 төгрөг /долоон зуун ерэн хоёр мянга таван зуун дөчин найм/-ийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч ,,,,,,,,,,,,,,аас 792.540 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн.

 

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:

Шүүхийн 2013 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн ГХДТ/2013/009 дугаар гэрээний аль заалтыг хариуцагч хангалтгүй биелүүлсэн гэдгийг тогтоогоогүй. Талуудын хооронд байгуулсан 2013 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 89 дугаар гэрээний 1.1, 2013 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн ГХДТ/2013/009 дугаар гэрээний 4.1.2 дэх заалтын дагуу газар чөлөөлөх үүрэгтэй этгээд нь төсөл хэрэгжүүлэгч Гранд лайн ХХК тул нэхэмжлэгчид учирсан хохирлыг төлөх үүрэгтэй.

Хариуцагчийн аливаа үйлдэл, эс үйлдэхүйг болон нэхэмжлэгчтэй байгуулсан гурван талт гэрээг хууль бус гэж захиргааны хэргийн шүүх тогтоогоогүй байхад шүүхийн шийдвэрийн дүгнэх хэсэгт тус захиргааны хэргийн шүүхийн шийдвэрээр хариуцагч нэхэмжлэгчийн хохирлыг хариуцах үндэслэлтэй мэтээр тайлбарлаж, нотлох баримтыг буруу үнэлсэн.

Иймд шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

5. Давж заалдах шатны шүүх хуралдаанд нэхэмжлэгч талын гаргасан тайлбарын агуулга:

Шүүхийн шийдвэр үндэслэлтэй гарсан. Захиргааны шүүх хариуцагчийн буруутай үйлдлийн талаар дүгнэсэн. Иймд шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулав.

 

2. Нэхэмжлэгч Д.,,,,,,,,,,, нь ,,,,,,,,,,,,,,ид холбогдуулан 126,919,631 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасныг хариуцагч ,,,,,,,,,,,,,, эс зөвшөөрч маргажээ.

 

3. Анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасан журмаар үнэлж, дараах үйл баримтыг зөв тогтоожээ.

 

3.1. Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2013 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 3/31 дугаар тогтоолоор баталсан Гэр хорооллын дахин төлөвлөлтийн үйл ажиллагааны журам-ыг үндэслэн Нийслэлийн Засаг дарга 2013 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн А/533 дугаартай захирамжаар дээрх төслийг хэрэгжүүлэгчээр ,,,,,,,,,,,,ХХК-ийг сонгон батламжилсан.

 

3.2. Д.,,,,,,,,,,, нь гэр хорооллын дахин төлөвлөлтөд хамрагдахаар 2013 оны 05 дугаар сарын 13-ны өдөр Гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэх хоёр талт гэрээ-г ,,,,,,,,,,,,ХХК-тай, 2013 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр Гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэх гурван талт гэрээ-г ,,,,,,,,,,,,ХХК, Нийслэлийн Засаг даргыг төлөөлж Гэр хорооллын хөгжлийн газартай тус тус байгуулсан.

 

3.3. 2013 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн гэрээгээр Д.,,,,,,,,,,, нь Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо, Амгалан Жанжин 18 дугаар гудамж, 239 тоот хаягт байршилтай газар, үл хөдлөх эд хөрөнгөө 122.2 м.кв талбайтай орон сууцаар солихоор харилцан тохиролцож, энэ тохиролцооны дагуу нэхэмжлэгч нь өөрийн өмчлөлийн газар, үл хөдлөх эд хөрөнгийг төсөл хэрэгжүүлэгчид хүлээлгэн өгсөн.

Тухайн газар дээр Д.,,,,,,,,,,,ын өмчлөлийн 4 тал хашаа болон хувийн сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө байршиж байсан болох нь гэрч Б.Гантөмөр, Ц.Бямбабаатар нарын мэдүүлэг, кадастрын зураг, газрын байршлын агаар, сансрын зургаар тогтоогдсон, мөн энэ талаар гэрээнд заасан.

 

3.4. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 128/ШШ2019/0687 дугаартай шийдвэр, Улсын Дээд шүүхийн Хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2020 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 141 дугаар тогтоолоор захиргааны байгууллага гурван талт гэрээнд хяналт тавих үүргээ хангалтгүй биелүүлж, иргэдийг хохироох нөхцөл байдал үүсгэсэн, энэ нөхцөл байдал илэрч байхад гэрээг цуцлах арга хэмжээ аваагүй үндэслэлээр 2013 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн Гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэх гурван тал гэрээ-г цуцалж, нэхэмжлэгчийн газар өмчлөх эрхийн гэрчилгээг буцаан олгохыг хариуцагчид даалгаж шийдвэрлэсэн.

Мөн уг шийдвэрээр Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2013 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 3/31 дугаар тогтоолоор баталсан Гэр хорооллын дахин төлөвлөлтийн үйл ажиллагааны журам, 2013 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн Гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэх хоёр талт гэрээ, 2013 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн Гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэх гурван талт гэрээ-ний хохирол буюу түрээсийн орон сууцны төлбөрт 17,300,000 төгрөгийг Нийслэлийн засаг даргаас гаргуулж, Д.,,,,,,,,,,,т олгосон байна.

 

4. Анхан шатны шүүх зохигчийн хооронд арилжааны гэрээ байгуулагдсан гэж алдаатай эрх зүйн дүгнэлт өгснийг залруулна.

Учир нь хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2013 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 3/31 дугаар тогтоолоор баталсан Гэр хорооллын дахин төлөвлөлтийн үйл ажиллагааны журам, 2013 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн Гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэх хоёр талт гэрээ нь цогц байдлаараа 2013 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн Гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэх гурван талт гэрээ-ний нэг бүрдэл хэсэг гэж дүгнэсэн.

Зохигчийн хооронд Захиргааны ерөнхий хуулийн 52 дугаар зүйлийн 52.2.1-д заасан захиргааны гэрээний харилцаа үүссэн.

 

4.1. Хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр нэхэмжлэгчийн гэр хорооллын дахин төлөвлөлтөд хамрагдах эрх зүйн үндэслэл болж байсан 2013 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн Гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэх гурван талт гэрээ цуцлагдсаны улмаас хэрэгжээгүй, үүнд ,,,,,,,,,,,,,, Захиргааны ерөнхий хуулийн 56 дугаар зүйлийн 56.3, 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт заасан үүргээ хэрэгжүүлээгүй эс үйлдэхүй гаргасан буруутай болохыг тогтоосон.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт зааснаар шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон үйл баримтыг дахин нотлохгүй.

 

4.2. Захиргааны хэргийн шүүхийн шийдвэрийн дагуу нэхэмжлэгчийн газар өмчлөх эрх сэргэсэн боловч гурван талт гэрээний дагуу ,,,,,,,,,,,,ХХК-д хүлээлгэн өгсөн Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо Жанжны 18-239 тоотод байрлах дөрвөн тал хашаа, 10х10 хэмжээтэй 100 м.кв хувийн сууцыг нурааж буулгасны хохирол төлөгдөөгүй.

Энэхүү захиргааны гэрээ цуцлагдсаны улмаас учирсан хохирлоо нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 228 дугаар зүйлийн 228.1 дэх хэсэгт гэм хорыг арилгах үүрэг бүхий этгээд нөгөө талын зөрчигдсөн эрхийг гэм хор учруулахаас өмнөх байдалд сэргээх үүрэгтэй. Зөрчигдсөн эрхийг сэргээх боломжгүй, эсхүл харьцангуй их зардал гарахаар бол гэм хорыг мөнгөөр нөхөн төлж болно гэж зааснаар шаардах эрхтэй.

 

4.3. Анхан шатны шүүх мэргэшсэн төсөвчин А.Баяндалайгийн гаргасан төсөвт өртгийн нэгдсэн товчоонд заасан нэхэмжлэгч Д.,,,,,,,,,,,ын 4 тал хашаа болон хувийн сууцны барилгын төсвийн урьдчилан тооцоонд үндэслэн дахин сэргээн барихад шаардлагатай 126,919,631 төгрөгийн хохирлыг хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 228 дугаар зүйлийн 228.1 дэх хэсэгт нийцсэн.

Энэхүү тооцооллын талаар хариуцагч маргаагүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар няцаагаагүй.

 

4.4. Мөн хариуцагч нь төсөл хэрэгжүүлэгч ,,,,,,,,,,,,ХХК нь уг хохирлыг хариуцах ёстой гэж маргасан боловч хүчин төгөлдөр захиргааны хэргийн шүүхийн шийдвэрээр ,,,,,,,,,,,,,,ийн буруутай эс үйлдэхүйг тогтоож, иргэдэд учирсан хохирлыг захиргааны байгууллага барагдуулсны эцэст үүргээ биелүүлээгүй буруутай этгээдээс төрд учирсан хохирлоо нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсан.

5. Томилогдсон иргэдийн төлөөлөгч шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй тул зохигчийн зөвшөөрлөөр түүний эзгүйд шүүх хуралдааныг явуулсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.8 дахь хэсэгт нийцжээ.

 

5.1. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гуравдагч этгээдээр оролцуулахаар шийдвэрлэсэн ,,,,,,,,,,,,ХХК нь 2024 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр энэ хэрэгт оролцох шаардлагагүй гэх байр сууриа илэрхийлснийг шүүх хүлээн авч, уг хуулийн этгээдийг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3 дахь хэсэгт заасныг зөрчөөгүй.

 

6. Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 182/ШШ2024/02533 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

1 дэх заалтад 205 дугаар зүйлийн 205.1, 227 дугаар зүйлийн 227.1, 274.1-д тус тус гэснийг 228 дугаар зүйлийн 228.1 дэх хэсэгт гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.ЭНХБАЯР

 

ШҮҮГЧИД Б.МАНДАЛБАЯР

 

Т.БАДРАХ