Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 03 сарын 15 өдөр

Дугаар 000040

 

М.Баасанрагчаад холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Хэргийн индекс 142/2017/0034/Э

 

Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Цэцэгмаа даргалж, шүүгч С.Уранчимэг, ерөнхий шүүгч З.Хосбаяр нарын бүрэлдэхүүнтэй,

 

Шүүх хуралдаанд:  

 

           Прокурор                                           Б.Бүжинлхам

            Шүүгдэгч                                           М.Баасанрагчаа

            Шүүгдэгчийн өмгөөлөгч               Я.Эрдэнэчимэг

            Нарийн бичгийн дарга                   Ө.Есүхэй нарыг оролцуулан

 

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 42 дугаар шийтгэх тогтоолтой М.Баасанрагчаад холбогдох, 201714000024 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгчийн өмгөөлөгч Я.Эрдэнэчимэгийн давж заалдах гомдлыг үндэслэн 2017 оны 02 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, ерөнхий шүүгч З.Хосбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, 1993 оны 07 дугаар сарын 25-ны өдөр төрсөн, 24 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, засварчин мэргэжилтэй, ам бүл 6, ах, эгч, дүүгийн хамт Орхон аймгийн Баян-Өндөр сумын Дэнж багийн Эрдэнэт-Элит хотхон 15-9б-30 тоотод оршин суух, УП-93072514 регистрийн дугаартай, Боржигон овогт Мөнхсайханы Баасанрагчаа.

 

Шүүгдэгч М.Баасанрагчаа нь 2016 оны 10 дугаар сарын 27-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Согоот багийн 6-18-11 тоотод Б.Эрдэнэчимэгтэй хувийн таарамжгүй харилцааны улмаас марган түлхэж унаган бие махбодид нь хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 42 дугаар шийтгэх тогтоолоор:

 

Шүүгдэгч Боржигон овгийн Мөнхсайханы Баасанрагчааг бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох,

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1.д зааснаар шүүгдэгч М.Баасанрагчааг 251 /хоёр зуун тавин нэг/ цагийн албадан ажил хийлгэх ялаар шийтгэж,

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдаж,

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 50 дугаар зүйлийн 50.3.т зааснаар шүүгдэгч М.Баасанрагчаа нь албадан ажил хийлгэх ял эдлэхээс санаатайгаар зайлсхийвэл баривчлах ялаар солихыг анхаруулж,

 

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.Баасанрагчаад авсан батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Я.Эрдэнэчимэг давж заалдах гомдолдоо:

 

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 42 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна.

 

М.Баасанрагчаа нь хүндэвтэр гэмт хэргийг тохиолдлоор анх удаа үйлдсэн, хийсэн үйлдэлдээ чин санаанаасаа гэмшиж байгаа, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг сайн дураар төлж барагдуулсан, учирсан гэм  хорыг арилгасан. Хохирогч Б.Эрдэнэчимэг нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй зэрэг ял хөнгөрүүлэх нөхцөл байдал хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдож байна.

 

М.Баасанрагчаагийн үйлдсэн хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, хувийн байдал, нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг сайн дураараа нөхөн төлсөн, гэм хорыг арилгасан зэргийг харгалзан үзэж түүнд оногдуулсан ялыг биечлэн эдлүүлэхгүйгээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 61 дүгээр зүйлийн 61.1.д зааснаар тэнсэн харгалзах хууль зүйн үндэслэлтэй байх тул Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 42 дугаар шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

 

          Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Б.Бүжинлхам дүгнэлтдээ:

 

...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна... гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

“Боржигон” овогт Мөнхсайханы Баасанрагчаа нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2016 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн орой 23 цагийн орчим Орхон аймгийн Баян-Өндөр сумын Согоот багийн 6 дугаар хороолол 18 дугаар байрны 11 тоотод Б.Эрдэнэчимэгтэй хувийн таарамжгүй харилцааны улмаас марган түлхэж унаган бие махбодид нь хүндэвтэр зэргийн гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

 

Хохирогч Б.Эрдэнэчимэгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

 

...би “ороод юу болоод байгаа юм бэ” гэтэл М.Баасанрагчаа “танд хамаагүй, та цаашаа бай” гээд намайг түлхтэл би газар унахдаа гараараа газар тулж унаад баруун гар маань шуу хэсгээрээ өвдөж, хавдаж эхэлсэн... гэсэн мэдүүлэг /хх-ийн 20-р хуудас/,

 

Гэрч Г.Лхамсүрэнгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

 

...Тэгээд би “юу болсон бэ, яагаад гараа гипсдүүлчихсэн юм бэ” гэж асуутал ээж “өчигдөр том өрөөнд Буянхишигийн охин Анхжинтай унтаж байтал Буянхишиг Баасанрагчаа гэж залуутай маргалдаад, Анхжин эмээ хоёулаа ээж дээр очьё гээд байхаар нь Буянхишигийн өрөө рүү очтол Баасанрагчаа, Буянхишиг хоёр маргалдаж байхаар нь Буянхишигийг өмөөрөөд юу болоод байгаа юм бэ” гэж хэлтэл тэр Баасанрагчаа гэх залуу “танд хамаагүй, та цаашаа бай” гэж намайг түлхэж унагаад гарыг маань хугалсан... гэсэн мэдүүлэг /хх-ийн 23-р хуудас/,

 

Гэрч Б.Буянхишигийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

 

...Биднийг гэрт ирэх үед манай танил эгч болох Эрдэнэчимэг үүдэн дээр ирчихсэн байсан. Тэгээд манай гэрт ороод бүгдээрээ архи ууцгаасан. Би нилээн халсан байсан бөгөөд нэг мэдэхэд Баасанрагчаатай маргалдаж байсан. Яг юунаас болж бидний хооронд маргаан болсныг одоо би санахгүй байгаа юм. Гэтэл Эрдэнэчимэг эгч унтахаар том өрөөнд орсон байснаа гарч ирээд намайг өмөөрөөд байх шиг байсан. Нэг мэдэхэд Эрдэнэчимэг эгч “гар хугалчихлаа” гэж орилж байсан. Тэгээд Баасанрагчаа бид хоёр Эрдэнэчимэг эгчийг аваад эмнэлэг явж, гарыг нь гипсдүүлсэн... гэсэн мэдүүлэг /хх-ийн 24-р хуудас/,

 

Шүүхийн шинжилгээний албаны 2016 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 31 дугаартай:

 

Б.Эрдэнэчимэгийн биед баруун гарын шуу ба богтос ясны далд хугарал үүсчээ. Дээрх гэмтэл нь хатуу зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулна. Гэмтлийн зэргийн зааврын 2.3.1.д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарагдана. Энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэсэн дүгнэлт болон хавтаст хэрэгт цугларч анхан шатны шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтууд, шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч М.Баасанрагчаагийн мэдүүлсэн мэдүүлэг зэргээр нотлогдон тогтоогдсон, анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчөөгүй бөгөөд түүнд оногдуулсан ял шүүгдэгчийн гэм бурууд тохирсон байна.

 

Анхан шатны шүүхээс М.Баасанрагчаад оногдуулсан 251 цагийн албадан ажил хийлгэх ялыг тэнсэж хянан харгалзах тухай болон давж заалдах шатны шүүх шүүгдэгчид оногдуулсан албадан ажил хийлгэх ялыг хорих ялаар хүндрүүлэн өөрчилж тэнсэж хянан харгалзах эрх зүйн боломж байхгүй байна.

 

Иймд шүүгдэгчийн өмгөөлөгчийн “...М.Баасанрагчаагийн үйлдсэн хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, хувийн байдал, нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг сайн дураараа нөхөн төлсөн, гэм хорыг арилгасан зэргийг харгалзан үзэж түүнд оногдуулсан ялыг биечлэн эдлүүлэхгүйгээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 61 дүгээр зүйлийн 61.1.д зааснаар тэнсэн харгалзах хууль зүйн үндэслэлтэй байх тул ...шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү” гэсэн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

           Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.1., 325 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

            1. Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 42 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч Я.Эрдэнэчимэгийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

            2. Давж заалдах шатны шүүх хэрэг хянан хэлэлцэхдээ эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн, эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзвэл шүүгдэгч, хохирогч болон тэдгээрийн  өмгөөлөгч магадлал гардан авснаас хойш 14 хоногийн дотор хяналтын шатны шүүхэд гомдол гаргах, Улсын ерөнхий прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

 

 

 

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                                          С.ЦЭЦЭГМАА                                                                                                                                                                                                                                             

 

 

            ШҮҮГЧ                                                                                   С.УРАНЧИМЭГ

 

 

                        ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                              З.ХОСБАЯР