Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 10 сарын 31 өдөр

Дугаар 221/МА2019/0567

 

2019 оны 11 сарын 14 өдөр           Дугаар 221/МА2019/0596                          Улаанбаатар хот

Д.Н-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Мөнхжаргал даргалж, шүүгч Ц.Сайхантуяа, Ц.Цогт нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Отгон-Өлзий, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Э, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ч.Б нарыг оролцуулан Дорноговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 115/ШШ2019/0019 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан хариуцагч Дорноговь аймгийн Гзарын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын давж заалдах гомдлын дагуу Д.Н-ийн нэхэмжлэлтэй, Дорноговь аймгийн Засаг дарга, Дорноговь аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газарт тус тус холбогдох захиргааны хэргийг шүүгч Ц.Цогтын илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Дорноговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 115/ШШ2019/0019 дүгээр шийдвэрээр: Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3, 33 дугаар зүйлийн 33.1.2, 36 дугаар зүйлийн 36.2 дахь зүйлд заасныг баримтлан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж Дорноговь аймгийн Засаг даргын 2019 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн “Газар эзэмшүүлэх, ашиглуулах дуудлага худалдааг дахин зохион байгуулах тухай” А/592 дугаар захирамжийн холбогдох хэсэг буюу түүний хавсралтын 4 дүгээр заалт хууль бус байсныг болон тус аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын 2019 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн #2019-2074 дугаартай газрын дахин /цахим/ дуудлага худалдааны ялагч /нэхэмжлэгч иргэн Д.Н/-тай байгуулах гэрээг байгуулахгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тус тус тогтоож, тухайн гэрээг нэхэмжлэгчтэй байгуулахыг Дорноговь аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газарт даалгаж шийдвэрлэжээ.

Хариуцагч давж заалдах гомдолдоо: Дорноговь аймгийн Засаг даргын 2019 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн А/324 дүгээр захирамжаар Сайншанд сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт Хаан банкны баруун талд байрлах 0,09 га газрыг худалдаа, үйлчилгээний зориулалтаар эзэмшүүлэх цахим дуудлага худалдааны зарыг газрын биржийн www.mle.mn сайтад 2019 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр байршуулахдаа дуудлага худалдааны анхны үнийг буруу бичсэн ба үүнийгээ 2019 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр тус газрын мэргэжилтэн мэдэж, засварлан байршуулсан.

Засгийн газрын 2016 оны 10 дугаар тогтоолын нэгдүгээр хавсралтаар баталсан Газар өмчлүүлэх, эзэмшүүлэх, ашиглуулах дуудлага худалдаа явуулах журмын 7.2-т “дуудлага худалдааны мэдээлэлд ... 7.2.5. дуудлага худалдааны анхны үнэ, 7.2.6. дэнчингийн хэмжээ, дэнчин тушаах дансны дугаар ... заавал тусгана” гэж, мөн журмын 10.2-т “Дуудлага худалдааг дахин явуулах шийдвэрийг тухайн шатны Засаг дарга буюу чөлөөт бүсийн захирагч гаргах бөгөөд дуудлага худалдааны зарыг дахин дуудлага худалдаа явуулах өдрөөс хуанлийн 14-өөс доошгүй хоногийн өмнө нийтэд мэдээлнэ” гэж заасан байна.

Гэтэл 2019 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр газрын биржийн www.mle.mn сайтад байрлуулсан дуудлага худалдааны зард дуудлага худалдааны анхны үнийг буруу бичсэн тул тухайн зарыг шаардлага хангасан, үнэн зөв зар гэж үзэх үндэслэлгүй юм.

Мөн цахим дуудлага худалдааны үнийг буруу бичсэнийг залруулсан мэдээллийг 2019 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр залруулж оруулснаас хойш 14 хоногийн хугацаанд нийтэд мэдээлэх хуулийн заалт зөрчигдөж байх тул 2019 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр явуулсан дуудлага худалдааг Газар өмчлүүлэх, эзэмшүүлэх, ашиглуулах дуудлага худалдаа явуулах журмын 15 дугаар зүйлийн 15.1 дэх хэсэгт зааснаар ажлын хэсэг уг дуудлага худалдааг хүчингүйд тооцож шийдвэрлэсэн байна.

Иргэн Д.Н нь 2019 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр зохион байгуулсан дуудлага худалдааны дэнчинд төлсөн төлбөрөө буцаан авах бүрэн боломжтой бөгөөд иргэн Д.Н нь энэ талаар ямар нэгэн хүсэлт гаргаагүй, мөн иргэн Д.Н-ийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, эдийн засгийн хохирол учруулсан ямар нэгэн асуудал байхгүй болно.

Харин дээр дурдсан газар эзэмшүүлэх, ашиглуулах дуудлага худалдааг хууль тогтоомжийн дагуу зохион байгуулах нөхцөл боломжийг олгож, Дорноговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 115/ШШ2019/0019 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхэд шаардлагатай нотлох баримтыг дутуу бүрдүүлсэн байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.4-т зааснаар хэргийг бүхэлд нь хянаж, шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаав.

Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ[1] “тус дуудлага худалдаа нь Дорноговь аймгийн Сайншанд сумын 3 дугаар багт байрлах 900 м.кв хэмжээтэй, худалдаа үйлчилгээний зориулалттайгаар анх 2019 оны 02 дугаар сарын 27-ны өдөр #2019-1646 дугаартайгаар явагдаж, уг дуудлага худалдаанд 194,700,000 төгрөгөөр ялсан этгээд нь дээрх төлбөрөө төлөөгүйн хүчингүй болсон” гэж дурджээ.

1. Үүний дараа Дорноговь аймгийн Засаг даргын 2019 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн А/324 дүгээр захирамжаар газар эзэмшүүлэх, ашиглуулах дахин дуудлага худалдааг 2019 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр цахим хэлбэрээр зохион байгуулахаар шийдвэрлэж, Сайншанд сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт Хаан банкны баруун талд худалдаа үйлчилгээний зориулалтаар 0.09 га газрыг эзэмшүүлэх, ашиглуулах хугацаа 15 жил, дуудлага худалдааны анхны үнэ 7,200,000 төгрөг, дэнчингийн хэмжээ 720,000 төрөг байхаар тогтоожээ.

Гэтэл дуудлага худалдааг зохион байгуулахдаа “... цахим дуудлага худалдааны зарыг газрын биржийн сайтад 2019 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр байршуулахдаа ... дуудлага худалдааны анхны үнийг буруу бичиж, олон буруу мэдээлэл хүргэсэн. Дээрх сайтад буруу бичигдсэн дууудлага худалдааны анхны үнийг 2019 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр залруулсан” байна. Энэ талаар нэхэмжлэгчид тайлбарлаж, дэнчингийн мөнгийг нэмж төлсний дараа дуудлага худалдаан оролцох боломжтой талаар мэдэгдсэний дагуу нэхэмжлэгчээс дахин хүсэлт гаргаж, тухайн дуудлага худалдаанд оролцсон байна.

Хариуцагч нараас 2019 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр явагдсан дуудлага худалдааны анхны үнийг 2019 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр залруулсан нь Засгийн газрын 2016 оны 10 дугаар тогтоолоор баталсан Газар өмчлүүлэх, эзэмшүүлэх, ашиглуулах дуудлага худалдаа явуулах журмын 10.2-т “... зарыг дахин дуудлага худалдаа явуулах өдрөөс хуанлийн 14-өөс доошгүй хоногийн өмнө нийтэд мэдээлнэ” гэж заасныг зөрчсөн гэж үзэн Дорноговь аймгийн Засаг даргын 2019 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн А/592 дугаар захирамжаар дуудлага худалдааг дахин зохион байгуулахаар шийдвэрлэжээ. Үүнийг нэхэмжлэгчээс хууль бус байсан болохыг тогтоолгож, 2019 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн дуудлага худалдааны ялагчтай байгуулах гэрээг байгуулахгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, тухайн гэрээг байгуулахыг даалгуулахаар маргасан байна.

2. Засгийн газрын 2016 оны 10 дугаар тогтоолоор баталсан Газар өмчлүүлэх, эзэмшүүлэх, ашиглуулах дуудлага худалдаа явуулах журмын 10-т дуудлага худалдааг дахин явуулах тохиолдлыг заажээ. Хариуцагч Дорноговь аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын хариу тайлбарт[2] “уг дуудлага худалдааны зарыг хуулийн хугацаанд хүргээгүйгээс дуудлага худалдаанд оролцож чадаагүй тул дуудлага худалдааг дахин зарлаж явуулах талаар иргэн Ц.А-аас 2019 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр өргөдөл гаргасан” гэж дурдсан байна.

Гэтэл анхан шатны шүүх нэхэмжлэгчийн маргаж буй дуудлага дахин явуулах үндэслэл болсон гэх дээрх иргэний өргөдөл, 2019 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр явагдсан дуудлага худалдаанд оролцох хүсэлт гаргасан эсэх талаар нотлох баримтыг цуглуулалгүйгээр хэргийг шийдвэрлэсэн нь үндэслэлгүй болжээ.

Учир нь Засгийн газрын 2016 оны 10 дугаар тогтоолоор баталсан Газар өмчлүүлэх, эзэмшүүлэх, ашиглуулах дуудлага худалдаа явуулах журмын 10.4-т “дахин дуудлага худалдаанд 1 оролцогч оролцох хүсэлт гаргасан тохиолдолд дуудлага худалдааны анхны үнэ дээр өсгөн хэлэх үнийн доод хэмжээг нэмж, дуудлага худалдаагаар худалдан авах үнийг тогтоох бөгөөд тухайн оролцогч зөвшөөрвөл түүнийг дуудлага худалдааны ялагч гэж үзнэ” гэж заасан байх бөгөөд хэрэгт авагдсан баримтаас үзвэл 2019 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн дуудлага худалдаанд зөвхөн нэхэмжлэгчээс гадна өөр этгээд, тухайлбал хариуцагчийн тайлбарт дурдсан иргэн Ц.А-ыг оролцох боломжийг хангасан эсэх нь тодорхойгүй байна. 

Түүнчлэн, Газар өмчлүүлэх, эзэмшүүлэх, ашиглуулах дуудлага худалдаа явуулах журмын 10.4-т заасан “анхны үнэ дээр өсгөн хэлэх үнийн доод хэмжээ нэмэх” гэдэгт юуг ойлгох, энэ тохиолдолд дуудлага худалдааны анхны үнийг хэрхэн тогтоосныг шалгах нь нэхэмжлэгч журмын дагуу уг дуудлага худалдааны ялагч болсон эсэхийг тогтооход ач холбогдолтой. Дээрх журамд заасны дагуу дуудлага худалдаагаар авах үнийг тогтоосон эсэхийг тодруулах нь зүйтэй.

2019 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн дуудлага худалдаанд хэдэн оролцогч оролцохоор хүсэлт гаргасан, 2019 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр дуудлага худалдааны анхны үнийг залруулснаас хойш дуудлага худалдаа болох хүртэл хүсэлтийг нь хүлээн авахаас татгалзсан оролцогч байсан эсэх, хариуцагчийн тайлбарт дурдсан иргэн Ц.А-ын гомдол зэрэг тухайн дуудлага худалдааг дахин явуулах үндэслэл болсон маргааны үйл баримтууд тодорхойгүй, нотлох баримтууд хэрэгт авагдаагүй байна.

Нэхэмжлэгчээс 2019 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн дахин дуудлага худалдаанд оролцож ялагч болсон гэдэг үндэслэлээр дуудлага худалдааны ялагчтай гэрээг байгуулахыг хариуцагчид даалгуулахаар маргаж буй тохиолдолд уг эрх өөрөө хууль ёсны дагуу үүссэн эсэхийг дүгнэх нь ач холбогдолтой байна. 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1.4, 121.3.4-д тус тус заасныг баримтлан

ТОГТООХ нь:

1. Дорноговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 115/ШШ2019/0019 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар хариуцагч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж үзвэл хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

 

ШҮҮГЧ                                               С.МӨНХЖАРГАЛ

ШҮҮГЧ                                               Ц.САЙХАНТУЯА

ШҮҮГЧ                                               Ц.ЦОГТ

 


[1] Хэргийн 1, 28-р талуудад

[2] Хэргийн 56-р тал