Улсын дээд шүүхийн Тогтоол

2022 оны 02 сарын 10 өдөр

Дугаар 32

 

 

 

С.Ц, Б.Х нарт

холбогдох эрүүгийн хэргийн тухай

 

Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын шүүгч Б.Батцэрэн даргалж, шүүгч С.Батдэлгэр, Ч.Хосбаяр, Б.Цогт, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор Б.Ууганбаатар, шүүгдэгч С.Ц-ийн өмгөөлөгч Т.Сайнбаяр, шүүгдэгч Б.Х-ийн өмгөөлөгч Ц.Бат-Эрдэнэ, нарийн бичгийн дарга Э.Бадамдорж нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

 

Архангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 218 дугаар шийтгэх тогтоол, Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 43 дугаар магадлалтай, С.Ц, Б.Х нарт холбогдох хэргийг шүүгдэгч С.Ц, түүний өмгөөлөгч Т.Сайнбаяр нарын гаргасан гомдлыг үндэслэн 2022 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр хүлээн авч, Танхимын тэргүүн Ч.Хосбаярын танилцуулснаар хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, 1982 оны 12 дугаар сарын 25-ны өдөр төрсөн, 39 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, Архангай аймгийн сум дундын шүүхийн 2012 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 60 дугаар шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 2 жил 6 сар хорих ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан Ч овогт С.Ц нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт,

 

Монгол Улсын иргэн, 1970 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр төрсөн, 51 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, урьд ял шийтгэлгүй, Ө овогт Б.Х нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

Архангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Б.Х-ийг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн,

С.Ц-ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт зааснаар С.Ц, Б.Х нарт холбогдох эрүүгийн хэргийг өршөөн, хэрэгсэхгүй болгож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Хийн гэмт хэрэг үйлдэхдээ хэрэглэсэн 98-88 *** улсын дугаартай Тоёота Харьер маркийн тээврийн хэрэгслийн үнэ 27,000,000 төгрөгийг гаргуулж, улсын төсөвт оруулахаар шийдвэрлэсэн байна.

 

Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 3 дахь заалтыг хүчингүй болгож, бусад заалтыг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгч С.Ц нь: “...шийтгэх тогтоол, магадлалыг эс зөвшөөрч гомдол гаргаж байна. Б.Х-ийн үйлдэл холбогдлын талаар хоёр шатны шүүх хэргийн бодит байдалтай нийцээгүй дүгнэлтийг хийсэн. Учир нь тэрээр намайг анхнаасаа алах зорилготой байсан талаар гэрчүүд тодорхой мэдүүлдэг. Түүний үйлдэл нь санаатайгаар хүнийг алахыг завдсан шинжтэй бөгөөд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож гэмт хэрэг үйлдэж буй нь Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлээр давхар зүйлчлэгдэх ёстойг шүүхүүд анхааралгүйгээр зөвхөн бусдын эрүүл мэндэд хүндэвтэр гэмтэл учруулсан гэж үзэн Эрүүгийн хуулийн 11.4 дүгээр зүйлд зааснаар шийдвэрлэсэн. Энэ нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн үндэслэлд хамаарна.Мөн шүүх хэргийг шийдвэрлэхдээ Б.Х-эд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгон тээврийн хэрэгслийн үнийг гаргаж, улсын орлого болгохоор шийдвэрлэсэн байтал давж заалдах шатны шүүх энэ заалтыг хүчингүй болгосон. Миний зүгээс хоёр шатны шүүхийн аль нь хуулийг буруу хэрэглэж байгааг ойлгохгүй байна. Тухайн машиныг ашиглаж намайг гэмтээсэн учир тэр нь гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл мөн юм. Тиймээс машины үнийг улсын орлого болгосон нь зөв. Б.Х нь хүнийг санаатай алахыг завдсан нөхцөл хэрэгт нотлох баримтаар авагдсан байхад түүнд хууль зүйн дүгнэлт хийлгүйгээр шийдвэрлэж буй нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэх нөхцөл болсон юм. Б.Х нь одоо ч намайг заналхийлдэг бөгөөд миний бие сайжрахгүй байгаа. Тиймээс хоёр шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэж, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн гэсэн үндэслэлээр хяналтын гомдол гаргаж байна” гэх агуулга бүхий гомдол гаргажээ.

 

Мөн түүний өмгөөлөгч Т.Сайнбаяр хяналтын шатны шүүхэд гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа: “...хоёр шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1.1, 1.2-т заасныг тус тус үндэслэн гомдол гаргасан. Нэр бүхий 9 гэрч бүгд “Жолооч Б.Х машиндаа суугаад дугуйрч, тойрч ирээд С.Ц-ийг дайрсан. Машин нь зоогийн газрын үүдэнд байрлах цемэнтэн хавтан мөргөж зогссон бөгөөд С.Ц машин цемэнтэн хавтан хоёрын дунд хавчуулагдсан.” талаар мэдүүлдэг. Хэргийг шийдвэрлэхдээ гэрчийн мэдүүлгүүдийг огт үнэлэлгүй түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн гэм буруутайд тооцсон. Гэтэл Б.Х нь бусдыг алахаар завдан санаатайгаар автомашины чиглэлийг өөрчлөн С.Ц-ийг дайрсныг гэрчүүд тодорхой нотолдог. Хэрэв цемэнтэн хавтан таарч тээврийн хэрэгслийг зогсоогоогүй бол хүнийг алах гэмт хэрэг төгсөн байсан. Шүүхүүд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг бүрэн нотолж чадаагүй буюу Б.Х-ийн гэмт хэрэг үйлдэх болсон сэдэлт, зорилгыг тогтоолгүйгээр хэргийг эцэслэн шийдвэрлэсэн. Энэ нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг олж тогтоон шударгаар ял оногдуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилтод нийцээгүй шийдвэр болсон. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэг зааснаар хэргийг прокурорт буцааж өгнө үү” гэжээ.

 

Шүүгдэгч Б.Х-ийн өмгөөлөгч Ц.Бат-Эрдэнэ шүүх хуралдаанд хэлсэн саналдаа: “Анхан болон давж заалдах шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хууль зүйн үндэслэл бүхий дүгнэлт хийсэн. Ялангуяа давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлд заасныг зөв тайлбарлаж хэрэглэсэн. Харин хяналтын журмаар гаргасан гомдлууд нь хууль зүйн үндэслэлгүй. Учир нь 2021 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр Б.Х-ийг бүлэглэж зодсон асуудал бий. Энэ талаар гэрчүүд хангалттай мэдүүлсэн. Мөн Б.Х-ийн гэмтлийн зэргийг дутуу тогтоосон буюу зодуулснаас шалтгаалж баруун чих дүлий болсон, зүүн гарын зөөлөн эдэд гэмтэл учирсан. 2021 оны 11 дүгээр сард зүүн гарын эдийн гэмтлээс шалтгаалж хагалгаанд орсон. Давж заалдах шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хууль болон Өршөөл үзүүлэх тухай хуулийг зөв хэрэглэсэн. Өмгөөлөгчийн зүгээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлд заасан 10 үндэслэлийг тайлбарлаж хэлсэнгүй. Тийм учраас анхан болон давж заалдах шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн асуудал байхгүй. Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж, хяналтын журмаар гаргасан гомдлуудыг хангахгүй орхиж өгнө үү” гэв.

 

Прокурор Б.Ууганбаатар хяналтын шатны шүүх хуралдаанд гаргасан хууль зүйн дүгнэлтдээ: “Шүүгдэгч С.Ц нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг, шүүгдэгч Б.Х нь мөн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг тус тус үйлдсэн болох нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулан бэхжүүлсэн нотлох баримтуудаар тогтоогдсон, хэргийн зүйлчлэл тохирсон байна. Анхан шатны шүүх шүүгдэгч нарт холбогдох хэргийг хянан хэлэлцэж шүүгдэгч Б.Х-ийн гэмт хэрэг үйлдэх үедээ хэрэглэсэн тээврийн хэрэгслийн үнэ болох 27,000,000 төгрөгийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэгт заасныг баримтлан гаргуулж улсын орлогод оруулж шийдвэрлэснийг хүчингүй болгож шийдвэрлэсэн давж заалдах шатны шүүхийн магадлалын заалт хууль зүйн үндэслэлгүй байна. 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.3 дахь хэсэгт “хүн, хуулийн этгээдэд 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдөр баталсан Эрүүгийн хуулийн 7.4, 7.5, 9.4, 9.5, 9.6 дугаар зүйлд заасны дагуу хэрэглэсэн албадлагын арга хэмжээг өршөөлд хамааруулахгүй” гэж заасан байхад давж заалдах шатны шүүхээс дээрх зохицуулалтыг зөрчсөн шийдвэр гаргасан байна. Иймд Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 43 дугаар магадлалын 1 дэх заалтыг хүчингүй болгож, шийтгэх тогтоол, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгч С.Ц, түүний өмгөөлөгч Т.Сайнбаяр нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүгдэгч С.Ц, түүний өмгөөлөгч Т.Сайнбаяр нарын гаргасан гомдлыг үндэслэн С.Ц, Б.Х нарт холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлд заасны дагуу анхан болон давж заалдах шатны шүүхийн үйл ажиллагаа, шийдвэр хуульд нийцсэн эсэхийг бүрэн хянаж үзэв.

 

Шүүгдэгч С.Ц нь Архангай аймгийн Өлзийт сумын Хөшөөт багийн төвд орших “Алтан цайдам” зоогийн газрын гадаа Б.Х-тэй маргалдан улмаар түүний эрүүл мэндэд цээжинд цус хуралт, гуянд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан бөгөөд шүүгдэгч Б.Х нь энэ үед С.Цийг “Toyota Harrier” маркийн 98-88 *** улсын дугаартай тээврийн хэрэгслээр дайрч зүүн шаант болон тахилзуур яс, дотор хавчаарын далд хугарал бүхий хүндэвтэр хохирол учруулсан болох нь шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдсон талаарх анхан болон давж заалдах шатны шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий болжээ.

 

Анхан шатны шүүх прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтыг үндэслэн Б.Х-ийг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн,

С.Ц-ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн талаар хууль зүйн дүгнэлт хийхдээ Эрүүгийн хуулийг зөв тайлбарлаж хэрэглэснээс гадна шүүгдэгч нарт холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгохдоо 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийг үндэслэлтэй хэрэглэжээ.

 

Шүүгдэгч С.Ц, түүний өмгөөлөгч Т.Сайнбаярын зүгээс “Б.Х нь хүнийг санаатай алахыг завдсан гэмт хэргийг үйлдсэн, давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлд заасныг буруу хэрэглэсэн” гэх агуулга бүхий гомдлуудыг гаргажээ.

 

Хүнийг санаатай алахаар завдах нь гэм буруутай этгээд бусдын амь насыг хохирооход шууд чиглэсэн, хохирогчийг алахад чиглэсэн  санаатай үйлдлийг нэгэнт эхлүүлсэн боловч энэ нь түүний хүсэл зоригоос үл хамаарах обьектив нөхцөл шалтгаан үйлчилсний үр дүнд зорилгодоо хүрээгүй байдаг болно.

Хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судалбал, хоорондоо маргалдах явцдаа С.Ц нь Б.Х-ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан даруйд Б.Х нь хариу үйлдэл хийж тээврийн хэрэгслээр С.Ц-ийг мөргөж хохирогч цементэн хашлагад хавсран мөргөсний улмаас хохирогч хүндэвтэр гэмтжээ.

 

Б.Х нь С.Ц-ийн эрүүл мэндэд хохирол учруулахад чиглэсэн тодорхой үйлдлийг эхлүүлж, улмаар хохирол гэмтэл учруулснаар өөрийн үйл ажиллагааг зогсоосон  байна.

 

Б.Х нь хөндлөнгийн хүчин зүйлийн нөлөөгүйгээр өөрийн хүсэл зоригоор гэмт үйлдлээ эцэст нь хүртэл хэрэгжүүлснээр энэ гэмт хэрэг төгссөн байх тул түүнийг өөр аль нэгэн гэмт хэрэгт завдсан гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй юм.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт гэмт хэрэг үйлдэхэд ашигласан эсхүл ашиглахаар завдсан тээврийн хэрэгсэл бусад тоног төхөөрөмж, тусгай хэрэгсэл нь уг гэмт хэргийг үйлдсэн этгээдийн өмчлөлд байсан нь тогтоогдсон тохиолдолд түүнийг хураан авахаар, хөрөнгө хураах албадлагын арга хэмжээнээс зайлсхийх болон бусад шалтгаанаар бусдын өмчлөлд шилжүүлсэн бол хураан авах, эсхүл үнийг төлүүлэх хэлбэрийн аль нэгээр албадан гаргуулахаар мөн зүйлийн 5 дахь хэсэгт заасан бөгөөд анхан шатны шүүх уг зохицуулалтыг зөв хэрэглэж, шүүгдэгч Б.Х-ийн гэмт хэрэг үйлдэхдээ хэрэглэсэн тээврийн хэрэгслийн үнэ болох 27,000,000 төгрөгийг гаргуулж, улсын төсөвт оруулахаар шийдвэрлэсэн нь хуульд нийцжээ.

 

Гэтэл  давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолын хөрөнгө, орлогыг хураах албадлагын арга хэмжээний заалтыг хүчингүй болгож шийдвэрлэхдээ Өршөөл үзүүлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.3 дахь хэсэгт “хүн, хуулийн этгээдэд 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдөр баталсан Эрүүгийн хуулийн 7.4, 7.5, 9.4, 9.5, 9.6 дугаар зүйлд заасны дагуу хэрэглэсэн албадлагын арга хэмжээг өршөөлд хамааруулахгүй” гэж заасныг зөрчиж анхан шатны шүүхийн тээврийн хэрэгслийн үнийг гаргуулж, улсын төсөвт оруулахаар шийдвэрлэснийг хүчингүй болгосон байх тул шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 3 дахь заалтыг хүчингүй болгосон давж заалдах шатны шүүхийн магадлалын 1 дэх заалтыг хүчингүй болгох нь зүйтэй байна.

 

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

 

Иймд шүүгдэгч С.Ц-ийн гаргасан гомдлыг хэсэгчлэн хангаж, үлдэх хэсгийг өмгөөлөгч Т.Сайнбаярын гаргасан гомдлын хамт хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэлээ.  

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.1, 1.4 заасныг тус тус удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

 

1. Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 43 дугаар магадлалын 1 дэх заалтыг хүчингүй болгож, шийтгэх тогтоол, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Шүүгдэгч С.Ц-ийн хяналтын шатны шүүхэд гаргасан гомдлыг хэсэгчлэн хангаж, түүний өмгөөлөгч Т.Сайнбаярын гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.                     

 

ДАРГАЛАГЧ                                               Б.БАТЦЭРЭН

ШҮҮГЧ                                                        С.БАТДЭЛГЭР

                                                                                          Ч.ХОСБАЯР

                                                                                          Б.ЦОГТ

                                                                                          Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН