Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Цагаатгах тогтоол

2019 оны 04 сарын 29 өдөр

Дугаар 321

 

 

 

 

 

 

 

 

 

                                             МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Базарханд даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Хан-Уул дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэн хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн А овогт Ж-ын Ж-д холбогдох эрүүгийн 18100 2519 0282 дугаартай хэргийг 2019 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр хүлээн авснаар хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Улсын яллагч Ш.Алтанцэцэг, шүүгдэгч Ж.Ж нарыг оролцуулан, нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн шүүх хуралдааны тэмдэглэл хөтлөв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, 1981 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр Говь-Алтай аймагт төрсөн, 38 настай, эмэгтэй, дээд боловсролтой, сэтгүүлч мэргэжилтэй, “Сүнренбүчи” ХХК-ийн гүйцэтгэх захирал ажилтай, ам бүл 4, нөхөр, 2 хүүхдийн хамт амьдрах, Хан-Уул дүүргийн 8 дугаар хороо, 12 дугаар гудамжны 74а тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэгдэж байгаагүй, бие эрүүл, ухаан бүрэн, А овогт Ж-ын Ж- /РД: /,

 

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурьдсанаар/

 

Шүүгдэгч Ж.Ж нь хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж 2017 оны 06 сарын 06-ны өдөр “түлшээ манай үйлдвэр дээр авчираад буулгачих, мөнгөө оффис дээр ирээд авчих” гэж иргэн О.А-ын 3 тонн түлшийг залилан авч 6.000.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэнд холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:

 

1. Шүүгдэгч Ж.Ж-ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн:

“...Мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлсэн тул шүүхэд нэмж ярих зүйл байхгүй. Би хохирогчтой урьд 2017 оны 10 сараас дизель түлш захиалан авч, хамтран ажилладаг болсноор таньдаг болсон. Манай компани нь бетон зуурмагийн үйлдвэрлэлийн үйл ажиллагаа явуулдаг. Хохирогч А манай компани нарын хооронд өмнөх  тооцооны үлдэгдэл байгаагүй. Тухайн үед 1 тонн түлшийг 1900 төгрөгөөр бодож авч зуурмагийн үйлдвэрт авч байсан. Тухайн өдөр манай компанид орж ирэх ёстой байсан мөнгө ороогүй учир би хохирогчид “зэлээр өгөх боломжтой юу, өнөөдрийн мөнгө орж ирэхгүй бол 7-14 хоногийн дотор өгнө” гэж хэлж байсан. Гэхдээ энэ талаар бичгээр гэрээ хэлцэл байгуулаагүй. Гар утсаар ярьж тохиролцсон. Миний зүгээс түлшний төлбөрийг удаасан учир нэг литрийг нь 2000 төгрөгөөр тооцож, хохирогчид нийт 6.0 сая төгрөгийг  2019 оны 04 сарын 15-ны өдөр төлж барагдуулсан.

Манай компани улирлын чанартай ажилладаг, мөн бараа бетон зуурмаг авч байгаа төлбөрийг 100% төлдөггүй, урьдчилгаа төлбөр төлөөд, үлдэгдэл төлбөрийг нь бартер хийнэ гэх зэргээр тохирч бетон зуурмагын нийлүүлэлт хийгдэддэг тул бэлэн мөнгөний боломж заримдаа муу байдаг. Түлшний төлбөрт тооцож бетон зуурмаг, бараа материал авах боломжтой эсэх талаар нь асуухад А нь зөвшөөрөөгүй татгалзаж байсан. Одоо манай компани үйл ажиллагаагаа явуулж байгаа. Би хохирогчийг ямар нэг байдлаар төөрөгдөлд оруулсанаа сайн мэдэхгүй байна.” гэсэн мэдүүлэг.

 

Эрүүгийн 18100 2519 0282 дугаартай хэргээс:

 

1. Мөрдөн шалгах ажиллагааны явцад О.А-ын хохирогчоор өгсөн:

“...Би хувиараа түлшний бизнес хийдэг юм. 2018 оны 04 сарын 13-ны өдөр Хан-Уул дүүргийн 03 дугаар хороонд үйл ажиллагаа явуулдаг Сүнренбүчи ХХК-д 3 тонн түлшийг нийлүүлсэн боловч одоог хүртэлх хугацаанд тухайн компани миний түлшний мөнгийг өгөөгүй. Тухайн үед би компанийн захирал Бат-Амгалангийн эхнэр Жүгдэрням гэх хүнтэй утсаар холбогдоход “түлшээ манай үйлдвэр дээр аваачиж буулгаад, мөнгөө оффис дээр ирээд авчих” гэж хэлсэн. Үүний дагуу би түлшээ үйлдвэр дээр нь буулгаад оффис дээр яваад очиход Жүгдэрням “банк хооронд мөнгө орж ирж байгаа, би 2 цагийн дараа данс руу чинь шилжүүлье” гэж хэлсэн боловч одоог хүртэл миний мөнгийг огт өгөөгүй. Утсаар холбогдож “мөнгөө авъя” гэхээр “удахгүй мөнгийг чинь өгье, эсхүл оронд нь машин тэрэг өгнө” гэж хэлээд алга болсон. “Сүнренбүчи” ХХК нь миний мэдэхийн бетон зуурмагын үйл ажиллагаа явуулдаг үйлдвэр байгаа юм. Би тэд нарт тогтмол түлш нийлүүлдэггүй, тухайн үед л нийлүүлсэн. Амаар тохирсон болохоор ямар нэгэн гэрээ, хэлцэл хийгээгүй. Би 3 тонн түлш нийлүүлсэн 6.0 сая төгрөгөө нэхэмжилж байна.

... Ж.Ж надад 6.0 сая төгрөг төлж барагдуулсан учир одоо надад ямар нэгэн гомдол санал байхгүй. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлж өгнө үү.” гэсэн мэдүүлэг /хэргийн 16-17х, 35х/,

 

2. 2019 оны 4 сарын 15-ны өдөр шүүгдэгч Ж.Ж-аас О.А-д хохирол төлбөр 6.0 сая төгрөг шилжүүлсэн тухай Хаан банкны мөнгөн шилжүүлгийн баримт /хэргийн 48х/,

 

3. Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч Ж.Ж-ын яллагдагчаар өгсөн:

“...Манай компани нь Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Дулаан цахилгаан станц-3-ын баруун талд үйлдвэрийн байранд байрладаг. 2017 оноос одоог хүртэл бетон зуурмаг үйлдвэрлэн нийлүүлж байгаа бөгөөд А гэх хүнтэй 2017 оны 12 сарын сүүлээс эхлэн 2, 3 тонн түлшийг бэлэн мөнгөөр нийлүүлж байсан бөгөөд 2018 оны 4 сарын 13-ны өдөр байх, яг өдрийг нь санахгүй байна, А-аас 3 тонн буюу 6.0 сая төгрөгийн үнэтэй түлшийг үйлдвэр дээр аваад ирээч гэхэд авчирч өгсөн.

Би 7-14 хоногийн дотор мөнгийг нь өгье гэж хэлээд авсан боловч тухайн үед мөнгийг нь өгөх боломж байгаагүй. 6.0 сая төгрөгийн үнэтэй бетон зуурмаг авах хүн байвал надад хэлээч гэхэд зөвшөөрөөгүй. Мөн надад бүтнээр нь 6.0 сая төгрөгийг өгөх боломж байхгүй байсан учир хугацаа тохироод хагасаар нь өгөх өгье гэхэд мөн зөвшөөрөөгүй юм.

Тухайн үед түлшийг манай дүү Болор-Эрдэнэ хүлээж авсан. Эдийн засгийн хэцүү байдалтай байсан учир төлөх боломж байгаагүй. Цаг хугацааг удааж, мөнгийг нь өгөөгүй миний буруутай үйлдэл байгаа. Энэ хэргийг хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү.” гэсэн мэдүүлэг /хэргийн 32-33х/ болон шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой шүүгдэгч Ж.Ж-ын иргэний үнэмлэхийн лавлагаа /хэргийн 36х/, гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа /хэргийн 38х/, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар баримт /хэргийн 39х/, Ж.Жыг ажилд томилсон 2017 оны 04 сарын 30-ны өдрийн тушаал, хөдөлмөрийн гэрээний хуулбар баримт /хэргийн 40х, 41-43х/, бакалаврын дипломын хуулбар баримт /хэргийн 45-46х/ зэрэг нотлох баримтуудыг тус тус шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой ба мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчсөн байдал тогтогдоогүй тул тэдгээр баримтыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлэн прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Ж.Жын гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой байна.  

 

Хэргийн талаархи шүүхийн дүгнэлт:          

 

Хан-Уул прокурорын газрын хяналтын хяналтын прокуророос: 

 

Шүүгдэгч Ж.Ж-ыг “хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж 2018 оны 04 сарын 13-ны өдөр “түлшээ манай үйлдвэр дээр буулгачих, мөнгөө оффис дээр ирээд аваарай” гэж иргэн О.А-ын 3 тонн түлшийг залилан авч 6.0 сая төгрөгийн хохирол учруулсан” гэж дүгнэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгээр ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтайгаар тус шүүхэд ирүүлсэн.

 

Шүүгдэгч Ж.Ж-ыг “хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бусдыг төөрөгдөлд оруулж, эд хөрөнгийг өөртөө шийлжүүлэн авч” Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэх нөхцөл байдал тогтоогдоогүй, шүүгдэгч нь өөрөө гүйцэтгэх захирлаар нь ажилладаг, барилгын материалын худалдаа, үйлчилгээ эрхэлдэг “Сүнренбүчи” ХХК-ийн бетон зуурмагын үйлдвэрт хохирогч гэх О.А-аас 5.400.000 төгрөгийн үнэ бүхий 3 тонн /3000л/ дизель түлшийг 2018 оны 04 сарын 17-ны өдөр худалдан авч, улмаар худалдан авсан дээрх дизель түлшний үнийг тухайн үед нь төлөөгүй хугацаа алдсан үйлдэлд “бусдын эд хөрөнгө, эсхүл түүнийг эзэмших, өмчлөх эрхийг буцааж өгөхгүй, хариу төлбөр огт хийхгүй, эсхүл хагасыг нь хийнэ” гэх зэргээр шууд санаатай шунахай зорилго бүхий субьектив санаа зорилго агуулсан идэвхитэй үйлдэл хийж, залилсан гэх нөхцөл байдал хэргийн баримтаар хөдөлбөргүй, эргэлзээгүй нотлогдон тогтоогдоогүй байна.

 

Тухайн нөхцөлд хохирогч О.А болон “Сүнрэнбүчи” ХХК нарын хооронд бэлтгэн нийлүүлэх хэлбэрээр эд хөрөнгө зээлээр худалдах, худалдан авах гэрээний эрх зүйн харилцаа үүссэн ба тодруулбал худалдагч нь худалдан авагч үнийг төлөхөөс өмнө эд хөрөнгийг шилжүүлэх, худалдан авагч нь үнийг хэлэлцэн тохиролцсоны дагуу тодорхой цаг хугацааны дараа бүрэн төлөх үүрэг бүхий Иргэний хуулийн хуулийн 262 дугаар зүйлийн 262.1 дэх хэсэгт заасан Эд хөрөнгө зээлээр худалдах, худалдан авах гэрээ бодит үйлдлээр байгуулагдсан байна.

Энэ нь хэргийн 9-10 дугаар талд авагдсан хохирогчоос Хан-Уул дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтэст гаргасан өргөдөл, өргөдөлд хавсарган өгсөн “Сүнребүчи” ХХК-ийн 3 тн буюу 3000 литр дизель түлшийг литрийг 1800 төгрөгөөр тооцон 5.400.000 төгрөгийн бараа материал хүлээн авсан, хүлээлгэн өгсөнийг батлах  2018 оны 04 сарын 17-ны өдрийн 18/05 дугаартай  кассын орлогын ордер баримтаар тогтоогдсон байна. Хэлцлийг хуульд заасан хэлбэрээр, хуульд заагаагүй бол талууд хэлэлцэн тохирч амаар буюу бичгээр байгуулж болох бөгөөд хэлцлийн гол нөхцөлийн  талаар талууд хэлэлцэн тохиролцож, хэлцэл хийснийг нотолсон пайз, тасалбар зэрэг хэрэглэж заншсан зүйлийг олгосноор хэлцлийг хийсэн гэж үзнэ.  

Хэргийн нөхцөлд гэрээний талууд болох хохирогч, шүүгдэгч нар хэлцлийн гол нөхцөл болох дизель түлшийг худалдах, худалдан авах, литр тутмын нэгжийн үнийг тохиролцсоноор О.А нь 3 тн түлшийг тус “Сүнрэнбүчи” ХХК-д бэлтгэн нийлүүлэх хэлбэрээр хүлээлгэн өгч гэрээний үүргээ биелүүлсэн, тус компани нь худалдан авсан дизель түлшний үнийг хэлэлцэн тохиролцсон ёсоор худалдагч тал болох О.А-д тодорхой хугацааны дараа бүрэн төлөх үүргээ зохих ёсоор биелүүлээгүй үйл баримт тогтоогдсон ба уг үйлдэл нь Эүүгийн хуулийн тусгай ангийн  17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Залилах” гэмт хэргийн шинжгүй, шүүгдэгч Ж.Жын хувьд О.А-ыг хуурч мэхлэх байдлаар дизель түлшийг авч, өөрийн өмчлөх эзэмших эрхэд шилжүүлэн ашигласан гэх байдал нотлогдоогүй байна.  

Түүнчлэн хэрэгт хохирогч, шүүгдэгчийн яллагдагчаар өгсөн  мэдүүлэг баримтаас өөрөөр тухайн хэргийн хүрээнд гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэм буруугийн хэлбэр, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан нөхцөл зэрэг хэргийн талаар нотолбол зохих байдлыг хангалттай шалгаж тогтоосон өөр баримт, нотологоо үгүй, зөвхөн хэргийн яллагдагч өөрийн гэм бурууг зөвшөөрсөн үндэслэлээр хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд ирүүлсэн нь учир дутагдалтай байна.

Иймд прокророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн хэргийн шүүгдэгч Ж.Ж залилах гэмт хэрэг үйлдсэн нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан, хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдоогүй тул түүнд холбогдох эрүүгийн хэргийг “гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч Ж.Ж-ыг цагаатгаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.  

 

Энэ хэрэгт Ж.Ж нь цагдан хоригдоогүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйл үгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй болохыг тус тус дурьдсугай.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 5 дахь хэсэг, 36.6 36.9, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон   

ТОГТООХ нь:

 

1. Хан-Уул дүүргийн прокуророос А овогт Ж-вын Ж-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, Ж.Ж-ыг цагаатгасугай.

 

2. Ж.Ж-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.

 

3. Энэ хэрэгт Ж.Ж нь цагдан хоригдоогүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдан ирсэн эд зүйл үгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй болохыг тус тус дурьдсугай.

 

4. Цагаатгах тогтоолыг эс зөвшөөрвөл эрх бүхий этгээд өөрөө гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

 

5. Эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд Ж.Ж-д хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг авахаар тогтсоосугай.

 

 

 

  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                 С.БАЗАРХАНД