Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 07 сарын 04 өдөр

Дугаар 678

 

 

 

 

 

 

 

 

 

Ж.Жд холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Оч даргалж, шүүгч О.Чулуунцэцэг, Ш.Бат-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

         

          прокурор Ш.Алтанцэцэг,

          цагаатгагдсан этгээд Ж.Ж,

          нарийн бичгийн дарга Г.Жамбалдорж нарыг оролцуулан,

         

          Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Базарханд даргалж хийсэн шүүх хуралдааны 2019 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн 321 дугаартай цагаатгах тогтоолыг эс зөвшөөрч прокурор Ш.Алтанцэцэгийн бичсэн 2019 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн 25 дугаартай улсын яллагчийн эсэргүүцэл, хохирогч О.Атаржаргалын гаргасан давж заалдах гомдол зэргийг үндэслэн шүүгдэгч Ж.Жд холбогдох .................................... дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 6 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, шүүгч Ш.Бат-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Ж.Ж, 1981 оны 1 дүгээр сарын 25-ны өдөр Говь-Алтай аймагт төрсөн, 39 настай, эмэгтэй, дээд боловсролтой, хоол үйлдвэрлэл үйлчилгээний технологи инженер мэргэжилтэй, ................. ХХК-ний гүйцэтгэх захирал ажилтай, ам бүл 4, нөхөр, хүүхдүүдийн хамт, ....................... оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД:..................../;

Ж.Ж нь хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж 2017 оны 6 дугаар сарын 6-ний өдөр түлшээ манай үйлдвэр дээр авчраад буулгачих, мөнгөө оффис дээр ирээд авчих гэж иргэн О.Атаржаргалын 3 тонн түлшийг залилан авч 6.000.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Хан-Уул дүүргийн прокурорын газраас: Ж.Жын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Хан-Уул дүүргийн прокуророос Аралууд боорчи овогт Жамбалжавын Ж.Жд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, Ж.Жыг цагаатгаж, Ж.Жд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, энэ хэрэгт Ж.Ж нь цагдан хоригдоогүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдан ирсэн эд зүйл үгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй болохыг тус тус дурьдаж, цагаатгах тогтоолыг эс зөвшөөрвөл эрх бүхий этгээд өөрөө гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд Ж.Жд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг авахаар тогтоож шийдвэрлэжээ.

Прокурор Ш.Алтанцэцэг бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүхийн шийдвэр нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, Эрүүгийн хянан шийдвэрлэх тухай хуулийн заалтыг ноцтой зөрчсөн байна. Үүнд:

              Шүүгч “Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой ба мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчсөн байдал тогтоогдоогүй тул тэдгээр баримтыг хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэн прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Ж.Жын гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой байна” гэсэн атлаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий, энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу олж авсан аливаа баримтат мэдээллийг нотлох баримт гэнэ” гэснийг зөрчиж мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан зохих журмын дагуу авсан хохирогч мэдүүлгийг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгохгүйгээр “... дизель түлшний үнийг тухайн үед нь төлөөгүй хугацаа алдсан үйлдэлд “бусдын эд хөрөнгө, эсхүл түүнийг эзэмших, өмчлөх эрхийг буцааж өгөхгүй, хариу төлбөр огт хийхгүй, эсхүл хагасыг нь хийнэ” гэх зэргээр шууд санаатай шунахай зорилго бүхий субъектив санаа зорилго агуулсан, идэвхитэй үйлдэл хийж, залилсан гэх нөхцөл байдал хэргийн баримтаар хөдөлбөргүй, эргэлзээгүй нотлогдон тогтоогдоогүй” гэж үндэслэлгүй дүгнэсэн.

              Шүүх хуралдаанд шүүгдэгчээс шүүхийн хэлэлцүүлэгт шүүгч өөрөө хөтөлж асууж, хариулт болгон авсан шүүгдэгчийн мэдүүлгийг үндэслэж Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт энэ гэмт хэргийн шинжийг “хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж залилсан” гэж тодорхой заасан дээрх шинж нь Ж.Жын үйлдэлд тохирч байхад түүний гэмт үйлдлийг Иргэний эрх зүйн харилцаа мэтээр хэт нэг талыг барьж тайлбарлаж хуулийг ноцтой зөрчсөн байна.

              2. Шүүхийн тогтоолд заасан дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт “Дүгнэлтэд ноцтойгоор нөлөөлж болох нөхцөл байдлыг шүүх анхаарч үзээгүй орхигдуулсан бол”, мөн зүйлийн 1.3 дахь хэсэгт “Дүгнэлтэд онцгой ач холбогдол бүхий нотлох баримт харилцан зөрүүтэй байхад аль нэгийг нь авахдаа бусдыг нь үгүйсгэсэн тухай үндэслэлийг заагаагүй бол” гэж заасныг зөрчсөн дүгнэлт хийсэн байна. Үүнд:

              Прокуророос Ж.Жыг гэм буруутай гэж үзэж яллах талын нотлох баримтаар үнэлсэн баримтууд болох Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Гэмт хэргийн улмаас амь нас, эрүүл мэнд, бусад эрх, эрх чөлөө, эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирол хүлээсэн хүнийг хохирогч гэнэ“ гэж заасан бөгөөд хохирогч хэргийн талаар үнэн зөв мэдүүлэг өгөх” үүрэг хүлээсэн байдаг бөгөөд хэрэв худал мэдүүлэг өгсөн бол түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар хууль сануулж мэдүүлэг байцаалт авсан байдаг тул тэдний мэдүүлэг хуульд заасан үндэслэл шаардлагыг хангасан Ж.Жын гэм буруутай болохыг нотлох гол баримт мөн болно.

              Хохирогч О.Атаржаргалын ”...Би 2018 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр Хан- Уул дүүргийн 03 дугаар хороонд үйл ажиллагаа явуулдаг “Сүнренбүүчи” ХХК-нд 3 тонн түлш нийлүүлсэн гэвч одоог хүртэл тухайн компани миний түлшний мөнгийг өгөөгүй. Тухайн үедээ би түлшээ нийлүүлэхээсээ өмнө тухайн ХХК-ний захирал Бат-амгалангийн эхнэр Ж.Ж гэх хүнтэй холбогдоход “түлшээ манай үйлдвэр дээр авчраад буулгачих, мөнгөө оффис дээр ирээд авчих гэж хэлсэн. Үүний дагуу би түлшээ үйлдвэр дээр нь буулгаад оффис дээр нь яваад очиход Ж.Ж банк хооронд мөнгө орж ирж байгаа 2 цагийн дараа данс руу чинь мөнгийг чинь шилжүүлье гэж хэлсэн. Тэгээд түүнээс хойш одоог хүртэл тухайн ХХК миний мөнгийг огт өгөөгүй. Утсаар холбогдож мөнгөө авъя гэхээр удахгүй мөнгийг чинь өгье оронд нь эсхүл машин тэрэг өгье гэж хэлээд алга болчихдог. ...Тухайн ХХК-наас 3 тонн түлш нийлүүлсэн 6.000.000 төгрөгийг л нэхэмжилж байгаа” гэх /хх-ийн 15-18-р хуудас/ мэдүүлгийн Ж.Жын “...түлшээ манай үйлдвэр дээр авчраад буулгачих, мөнгөө оффис дээр ирээд авчих гэж хэлсэн. Үүний дагуу би түлшээ үйлдвэр дээр нь буулгаад оффис дээр нь яваад очиход Ж.Ж банк хооронд мөнгө орж ирж байгаа 2 цагийн дараа данс руу чинь мөнгийг чинь шилжүүлье гэж “ хэлсэн үг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж залилсан” гэх шинжтэй яв цав тохирч байгаа болно.

              Учир нь Ж.Ж нь өөрийнх нь компанид түлш хэрэгтэй байгаа гэхдээ төлбөрийг төлөх мөнгө байхгүй гэдгийг мэдэж байгаа мөртлөө бодит байдлыг нуух замаар хохирогч О.Атаржаргалыг төөрөгдөлд оруулж түлшээ буулгачхаад ирэнгүүт нь мөнгийг нь өгнө гэсэн итгэлийг төрүүлж хуурч, түлшээ буулгуулж авсныхаа дараа өгөх мөнгөгүй гэдгээ мэдэж байгаа атлаа ’’мөнгийг оффис дээрээс ирээд авчих, ...банк хооронд мөнгө орж ирж байгаа 2 цагийн дараа данс руу чинь мөнгийг чинь шилжүүлье” гэж зохиомол байдлыг зориудаар бий болгож залилсан болох нь хөдөлбөргүй тогтоогдсон, түлшний төлбөрийг өгөхгүй байсаар 2018 оны 04 дүгээр сарын 13-нд авсан түлшний үнийг бүтэн 1 жилийн дараа буюу 2019 оны 04 дүгээр сарын 15-нд прокуророос эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татагдсанаар албадуулж байж төлж байгаа нь түүний гэмт хэрэг үйлдсэн сэдэлт, санаа зорилго, гэм бүруугийн хэлбэрийг хангалттай нотолж байгаа баримт юм.

              Яллагдагч Ж.Жын “...2018 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр манай ХХК Атаржаргалаас 3 тонн түлшийг харилцан тохиролцож, хугацаа тохирч зээлээр авсан. Боловч өдийг хүртэл тухайн түлшний мөнгийг төлж чадахгүй өдийг хүрсэн. .. .Тухайн үеийн ханш нь 1900 төгрөг байсан. Ингээд нийт 6.000.000 төгрөгийг түүнд өгөх ёстой. ...Хугацаа удаж мөнгийг нь өгөөгүй нь миний буруутай үйлдэл байна” гэх мэдүүлэг болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг нь түүний гэм бүрууг цагаатгах үндэслэл болохгүй юм.

              Шүүх хэрэгт авагдсан: Ж.Жын мэдүүлгүүдийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэг “мэдүүлэг өгөгч мэдүүлгийнхээ эх сурвалжийг зааж чадаагүй бол тухайн мэдүүлэг нь дангаараа нотлох баримт болохгүй”, мөн зүйлийн 9 дэх хэсэгт “Шүүх хавтаст хэргийн материалд тусгагдсан мэдүүлгийг шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтэй харьцуулан шүүхийн шийдвэрийн үндэслэл болгох эсэхийг шийдвэрлэнэ” гэснийг ноцтой зөрчсөн байна”.

              Гэмт хэрэг үйлдсэн болох нь хохирогчийн мэдүүлгээр хангалттай нотлогдсон байхад хэт нэг талыг барьсан, хэргийн бодит байдалтай нийцэхгүй дүгнэлт хийсэн байна.

              Иймд Хан-Уул эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 29-ны өдрийн 321 дугаартай цагаатгах тогтоолыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасны дагуу хүчингүй болгуулахаар мөн хуулийн 33.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг удирдлага болгон прокурорын эсэргүүцэл бичсэн....” гэв.

              Хохирогч О.Атаржаргал гаргасан давж заалдах гомдолдоо: “...2018 оны 4 дүгээр сарын 13-нд  тонн дизель түлшийг Сүнренбүчи ХХК-д өгсөн. Ж.Ж өөрөө хүлээн авсан. Түлшээ үйлдвэр дээр буулгаад оффис дээр нь очоод тооцоогоо ав гэсэн. Тэгээд би оффис дээр нь очтол “банк хооронд мөнгө орж ирж байгаа 2 цагийн дараа араас чинь шилжүүлье” гэж хэлсэн. Түүнээс хойш залгахаар утсаа авахгүй, нэг бол авахаараа мөнгө байхгүй, зуурмаг ав, шороо ав, машин приус 20, приус 30 өгье гэх мэтээр янз бүрийн юм хэлдэг байсан. Намайг машин авъя гэхээр гааль дээр удахгүй бууна гэж худлаа хэлнэ. Мөн 2019 оны 4 дүгээр сард буюу бүтэн жилийн дараа шүүх рүү хэрэг шилжихийн өмнө 6.000.000 төгрөгийг надад өгсөн. Миний бие гомдолтой байгаа тул энэ хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэж өгнө үү. ...” гэжээ.  

              Цагаатгагдсан этгээд Ж.Ж тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Анхан шатны шүүхийн цагаатгах тогтоол үндэслэлтэй гарсан... гэв.

 

          ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх хэргийг хянан хэлэлцэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж, давж заалдах гомдол болон прокурорын эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийг бүхэлд нь хянаж үзэхэд анхан шатны шүүхийн цагаатгах тогтоол нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй байна гэж дүгнэлээ.

Прокуророос “Ж.Жыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж 2017 оны 6 дугаар сарын 6-ний өдөр түлшээ манай үйлдвэр дээр авчраад буулгачих, мөнгөө оффис дээр ирээд авчих гэж иргэн О.Атаржаргалын 3 тонн түлшийг залилан авч 6.000.000 төгрөгийн хохирол учруулсан” гэмт хэрэгт буруутгаж, түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

              Анхан шатны шүүх нь прокуророос Ж.Жд холбогдох эрүүгийн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгаж шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д заасан “шүүгдэгчийг цагаатгах үндэслэл болсон нотлох баримтын агуулга, шүүх тухайн нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны гэж үзсэн, эсхүл улсын яллагчийн дүгнэлт, өмгөөлөгч, иргэдийн төлөөлөгчийн саналыг няцаан үгүйсгэсэн үндэслэл” гэсэн хуулийн заалтын дагуу цагаатгах тогтоолдоо яллах талын нотлох баримтыг няцаан үгүйсгэсэн үндэслэлээ заагаагүй буюу цагаатгах тогтоолд энэ талаар дүгнэлт хийгээгүй байна.

Иймд Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн 321 дугаартай цагаатгах тогтоолыг хүчингүй болгож, Ж.Жд холбогдох хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэлээ. 

              Мөн хохирогч О.Атаржаргалыг анхан шатны шүүх хуралдаанд ороцуулаагүй байх тул шүүх хуралдаанд оролцвол зохих этгээдүүдийг бүрэн оролцуулж, тэдний тайлбар, дүгнэлтийг авах замаар шүүгдэгч Ж.Жын үйлдэлд хууль зүйн дүгнэлт өгч шийдвэрлэх нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн 321 дугаартай цагаатгах тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч Ж.Жд холбогдох эрүүгийн хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцаасугай.

2. Хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх хүртэл шүүгдэгч Ж.Жд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

                                 ДАРГАЛАГЧ,

                                 ШҮҮГЧ                                                               Ц.ОЧ

 

                                 ШҮҮГЧ                                                               О.ЧУЛУУНЦЭЦЭГ

 

                                ШҮҮГЧ                                                                Ш.БАТ-ЭРДЭНЭ