Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 09 сарын 19 өдөр

Дугаар 1596

 

ХХХ-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Г.Даваадорж, А.Отгонцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 183/ШШ2016/00035 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч ХХХ,

Хариуцагч “ХХХХ” ХХК-д холбогдох,

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд ХХХХХ,

 

2012 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 5/29/1634 дүгээр гэрээг байгуулаагүй болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

 

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ХХ-ын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч А.Отгонцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ХХХХ,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч ХХХХ,

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ХХ,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Шинэцэцэг нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ХХХХ, ХХХХ нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч ХХХ нь гэр бүлийн хамт БНХАУ-аас импортын нарийн жимс оруулж ирэн Барс худалдааны төвд борлуулдаг. Хариуцагч “ХХХ” ХХК-ийн Улсын их дэлгүүр дэх салбарын жимс ногооны тасгийг 2011-2013 оны хооронд ХХХХХ, ХХХХ нар нь түрээслэн ажиллаж байсан.

Энэ хугацаандаа манайхаас жимс зээлээр аван хэсэг хугацааны дараа төлбөр тооцоогоо хийж явдаг байсан. Гэтэл 2013 оноос эхлэн төлбөр тооцоогоо хийхдээ дутуу өгч, өр нь хуримтлагдсаар байгаад 2013 оны 8 дугаар сард нэлээд хэмжээний өртэй болсон. Уг өрөө эдгээр иргэдээс нэхэмжилж шүүхэд хандахад “ХХХХ” ХХК-тай байгуулсан худалдааны хамтран ажиллах гэрээг гаргаж ирдэг. Гэтэл уг гэрээний нэг тал болох ХХХ уг гэрээнд гарын үсэг зурж байгаагүй, харж ч байгаагүй гэрээ байдаг.

Иймд “ХХХХ” ХХК, ХХХ нарын хооронд байгуулсан 2012 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 5/29/1634 дугаар гэрээг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага шүүхэд гаргасан боловч нэгэнт энэ гэрээний хугацаа дууссан, биелэгдсэн тул энэ гэрээг ХХХ байгуулаагүй болохыг тогтоолгохоор нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж байна.

Хариуцагчийн төлөөлөгч, гуравдагч этгээдийн төлөөлөгч нар хэлцлийг төлөөлөгчөөрөө дамжуулж хийсэн гэж тайлбарлаж байх боловч Иргэний хуулийн 62 дугаар зүйлд зааснаар хэлцлийг төлөөлөгчөөрөө дамжуулж хийсэн бол итгэмжлэл шаардаж байна. Ийм итгэмжлэлийг ХХХ хийж өгөөгүй юм. Мөн данс хамтран эзэмшдэг талаар яриад байдаг.

2009 онд ХХХХХын хамаатан ХХХ гэж хүн “ХХХХ” ХХК зөвхөн Голомт банкны дансаар мөнгө хийнэ гэнэ гэж тайлбарласан тул ХХХ ХХХд дансаа хамтран эзэмшүүлсэн. Дараа нь ХХХХХын хүсэлтээр түүнийг данс хамтран эзэмшигчээр оруулсан юм. Энэ данснаас ХХХ ганц ч удаа мөнгө авч байгаагүй бөгөөд ХХХХХ энэ данснаас мөнгө авч өөрт оногдох ашгаа аваад, ХХХ-ын мөнгийг ХААН банкны данс руу нь шилжүүлдэг байсан.

Мөн ХХХХХыг ХХХ-ын менежер, жимсийг нь түгээдэг байсан, хамтарч ажилладаг байсан гэж гуравдагч этгээдийн төлөөлөгч тайлбарладаг боловч хамтран ажиллах гэрээ байна уу. ХХХХХ нь зөвхөн ХХХоос зээлээр бараа авч борлуулаад, бөөний үнээр мөнгийг ХХХод шилжүүлж, ашгаа өөрөө авдаг байсан. Иймд “ХХХХ” ХХК, ХХХ нарын хооронд 2012 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 5/29/1634 дугаар гэрээ байгуулагдаагүй болохыг тогтоож өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: ХХХ 2012 оны 12 дугаар сарын 15-ны өдөр 5/29/1634 тоот худалдааны хамтран ажиллах гэрээг “ХХХХ” ХХК-тай байгуулж, хоёр тал гэрээний үүргээ биелүүлж, гэрээ бүрэн хэрэгжиж дууссаны дараа гэрээг байгуулаагүй болохыг тогтоолгохыг хүссэн нэхэмжлэл гаргажээ.

Гэтэл ХХХ нь уг гэрээг байгуулсны дагуу “ХХХХ” ХХК-д савласан хатаасан жимс нийлүүлж, худалдан борлуулж төлбөр тооцоог ХААН банкны 5015096926, Голомт банкны 1905000517 тоот өөрийн нэр бүхий дансуудаар хүлээн авч байснаар нотлогдож байна. Өөрөөр хэлбэл “ХХХХ” ХХК нь төлбөр төлөх үүргийг ХХХХХын өмнө хүлээгээгүй, зөвхөн ХХХ-ын өмнө хүлээж түүний дансаар шилжүүлж байсан.Мөн ХХХ өөрийн иргэний цахим үнэмлэхний нотариатаар батлагдсан хуулбарын хамт менежер ажилтай ХХХХХыг албан ёсны төлөөлөгч болох талаархи төлбөр тооцоог өөрийн Голомт банкны 1905000517 тоот дансаар буюу итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр дамжуулан авах тодорхойлолтыг ирүүлсний дагуу гэрээг байгуулж, талууд гэрээний үүргээ биелүүлж, хэрэгжиж дууссан хууль ёсны гэрээ юм.

Энэ нь Иргэний хуулийн 64 дүгээр зүйлийн 64.1 дэх хэсэгт заасантай нийцэж байна. Мөн ХХХХХтай данс хамтран эзэмшихээр хүсэлт гаргасан нь амаар гэрээ байгуулсан болохыг нотолж байна. Манай компанийн зүгээс зөвхөн импортоор жимс оруулж ирдэг хүнтэй нь гэрээ байгуулна гэсэн болохоос заавал Голомт банкны данс байх шаардлагагүй. Иймд гэрээ байгуулагдсан гэж үзэх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ХХ шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Энэ гэрээг ХХХ ХХХХХт амаар итгэмжлэл өгсний үндсэн дээр байгуулсан. Улсын Их дэлгүүрт ХХХ гэж хүн хамтран ажиллаж байсан. Мөн Голомт банк дахь дансыг хамтран эзэмшдэг байсан. Иргэний хуулийн 263 дугаар зүйлд зээлээр худалдан авах харилцааг зохицуулсан байна. ХХХХХ нь ХХХ-ын менежерийн үүрэг гүйцэтгэж байсан бөгөөд жимсийг нь түгээдэг байсан. Гэтэл ХХХ ХХХХХаар бүх ажлаа хийлгэсний дараа мөнгө нэхэж байна. Хамтран ажилласан, зээлээр худалдан авсан гэдэгт маргаан байна. Гэрээнд маш олон зардал туссан байгаа. 2010 оноос хамтран ажилласан байтал одоо мэдээгүй гэж байгаа нь сонин байна. Гэрээ бол хийгдсэн гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.7, 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг баримтлан ХХХ, “ХХХХ” ХХК нарын хооронд байгуулагдсан гэх 2012 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 5/29/1634 тоот худалдааны хамтран ажиллах гэрээг нэхэмжлэгч ХХХ байгуулаагүй болохыг тогтоож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар 56.1, Улсын тэмдэгтийн 7 дугаар 7.1.1-д нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч “ХХХХ” ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 70 200 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ХХ давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Нэхэмжлэгч ХХХ-ын шүүхэд хандан гаргасан нэхэмжлэл нь "зөрчигдсөн эрхээ сэргээлгэх" зорилготой бус харин ХХХ нь эдийн баялагтай холбоотой эрх үүсэх, өөрчлөгдөх, дуусгавар болоход шууд хамаарах үйл явдлыг тогтоолгох буюу "эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдал"-ыг тогтоолгох тухай байсан. Анхан шатны шүүх энэ нэхэмжлэлийг "Хэрэг хянан шийдвэрлэх онцгой ажиллагаа" буюу Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133-136 дугаар зүйлд заасны дагуу шийдвэрлэх байсан. Шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага нь "гэрээ байгуулаагүй болохыг тогтоолгох тухай" байсан. Нэхэмжлэлийн шаардлагад "ямар зөрчигдсөн эрхээ сэргээх талаар хариуцагчаас шаардаж, эрх зүйн ямар хамгаалалт хүссэн нь тухай шаардаагүй" байхад шүүх нэхэмжлэлийн шаардлагыг шийдвэрлэхдээ хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэсэн үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1-т заасны дагуу хүчингүй болгож өгнө үү. 2016 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн анхан шатны шүүх хуралдаан дээр нэхэмжлэгч болон гуравдагч этгээд нарын хамтран эзэмшдэг дансанд орсон мөнгийг хэн   захиран зарцуулж байсан талаар талууд хэлэлцэж мэтгэлцээгүй. Энэ тухай хурлын тэмдэглэлд тэмдэглэгдээгүй. Шүүх "уг гэрээний дагуу ХХХХХыг ажиллаж байсан, уг гэрээг байгуулагдсан байна" гэдгийг тогтоосон.

"ХХХХ" ХХК-иас борлуулсан жимсний орлогыг "ХХХ, ХХХХХ нар нь өөрсдийн хамтран эзэмшдэг дансаараа хүлээж авч байсан байгаа нь энэ гэрээг энэ 2 хүн байгуулсан" гэж дүгнэгдэж байхад шүүх ХХХ уг гэрээг байгуулаагүй гэж буруу дүгнэсэн. Анхан шатны шүүх нь нэхэмжлэлийн шаардлагын учир шалтгааныг тодорхойлсон эрхээ хангуулах үндэслэл эсхүл эрх зүйн ач холбогдол бүхий үйл баримт тогтоолгох алин болох нь тодорхой бус байхад шүүх нэхэмжлэлийг гэрээний эрх зүйн үүрэг зөрчсөн маргаан гэж Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсгийг баримтлан шийдвэрлэсэн нь үндэслэлгүй гэж үзэж байна.

Энэ тухай өмнө нь Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2015 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 1413 дугаартай магадлалд тодорхой зааж, анхан шатны шүүхэд хэргийг буцааж байсан. Иймд анхан шатны шүүхий шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

            Шүүх “ХХХХ” ХХК-д холбогдуулан  гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэл нь хариуцагчид хамаарах эсэх, түүний гэм буруугийн улмаас нэхэмжлэгчийн эрх хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн эсэх, зөрчигдсөн бол хуульд заасан ямар аргаар эрхээ хамгаалуулахаар нэхэмжлэл гаргаж байгааг үндэслэлтэй дүгнээгүйгээс шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болоогүй байх тул шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.      

Нэхэмжлэгчээс “2012 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 5/29/1634 тоот гэрээг ХХХ байгуулаагүй болохыг тогтоолгох”-оор хариуцагч “ХХХХ” ХХК-д холбогдуулан нэхэмжлэлийн шаардлага гаргаж, үндэслэлээ ХХХХХ, ХХХХ нар нэхэмжлэгчээс жимс зээлээр аваад үнийг бүрэн төлөлгүй өр үүсгэснийг нэхэмжлэхэд дээрх гэрээг гаргаж ирсэн, ийм гэрээг “ХХХХ” ХХК-тай байгуулж байгаагүй гэжээ.

            Нэхэмжлэлийн үндэслэл, агуулгаас үзвэл жимс зээлээр худалдан авсан ХХХХХ, ХХХХ нар барааны үнийг төлөх гэрээний үүргээ биелүүлээгүйгээс   эрхээ зөрчигдсөн гэж тайлбарласан тул хариуцагчаар татсан “ХХХХ” ХХК-ийг  Иргэний хэрэг шүүхэд шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3 дахь хэсэгт заасан нэхэмжлэгчийн эрх, эрх чөлөө хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолд хохирол учруулсан буюу буюу үүргээ биелүүлээгүй, эсхүл зохих ёсоор биелүүлээгүй этгээд гэж үзэх үндэслэлгүй байна.

            Түүнчлэн нэхэмжлэгчээс зөрчигдсөн ямар эрхээ сэргээлгэхээр  “гэрээ байгуулаагүй болохыг тогтоох”  шаардлага гаргаж байгаа нь тодорхойгүй, иргэний эрх зүйн хамгаалалт нь зөрчигдсөн эрхээ хэрхэн сэргээлгэх талаар заагаагүй, нэхэмжлэлийн шаардлага Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4 дэх хэсэгт заасан болон Иргэний болон холбогдох бусад хуулиар нарийвчлан тогтоосон иргэний эрх зүйн харилцаанд оролцогчдын субьектив эрхийг хамгаалах аргад хамаарахгүй, хариуцагчаас нэхэмжлэгчийн эрхийг зөрчсөн гэх үндэслэлээ баримтаар нотлоогүй байна.

Нэхэмжлэгчид нэхэмжлэлийн шаардлага үндэслэлээ тодруулах, тайлбарлах боломжоор шүүх хангасан байх тул уг нөхцөл байдалд шүүхийг буруутгах боломжгүй юм.

            Дээрх үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзлээ.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4, 168.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 183/ШШ2016/00035 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4 дэх хэсэгт заасан үндэслэл тогтоогдоогүй тул нэхэмжлэгч ХХХ-ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагч нараас төлсөн 70 200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.  

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

                                    ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                            Ж.ОЮУНТУНГАЛАГ

                                    ШҮҮГЧИД                                           Г.ДАВААДОРЖ

                                                                                                А.ОТГОНЦЭЦЭГ