Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 08 сарын 12 өдөр

Дугаар 01040

 

 

 

 

 

 

 

 

2016 оны 08 сарын 12 өдөр                         Дугаар 142/ШШ2016/01040                             Орхон аймаг

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Үүрийнтуяа даргалж тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар 

Нэхэмжлэгч: 1967 онд төрсөн, 49 настай эмэгтэй, Орхон аймаг Баян-Өндөр сум Уртбулаг багийн 5-21-54 тоотод оршин суух Долоонууд овгийн Өлзийгийн Батхишигийн /регистрийн дугаар ХГ67111301/ нэхэмжлэлтэй,

Хариуцагч: 1972 онд төрсөн, 44 настай эмэгтэй, Орхон аймаг Баян-Өндөр сум Яргуйт багийн Овоотын 5 дугаар гудамжны 20 тоотод оршин суух Сартуул овгийн Шагдарсүрэнгийн Даваасүрэнд /регистрийн дугаар ИЦ66111160/ холбогдох зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүргийн дүн 11 400 000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг 2016 оны 06 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч, 2016 оны 06 дугаар сарын 17-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Ө.Батхишиг, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Энхтуяа, хариуцагч Ш.Даваасүрэн, хариуцагчийн өмгөөлөгч С.Оюунцэцэг, нарийн бичгийн дарга Б.Номин нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгч Ө.Батхишиг шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “2013 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Ш.Даваасүрэнд 10 000 000 төгрөг сарын 10 хувийн  хүүтэй бизнесийн орлогыг нь барьцаалан өгсөн юм. 2014 оны 9 дүгээр сараас эхлэн тохиролцсон хүү, мөнгөө хугацаандаа авч чадалгүй удсан юм. Ш.Даваасүрэнд өгсөн мөнгийг би цалингийн зээл авч өгсөн бөгөөд Ш.Даваасүрэн төлөхгүй байсан ч цалингаараа сар бүр банкинд тогтмол төлдөг. Иймд 2014 оны 9 сараас эхлэн Ш.Даваасүрэнгийн төлөх чадвар багатайг тооцон мөнгөнийхөө хүүг 1,4 хувь болгон бууруулан тооцохоор тохиролцсон юм. Иймд би Ш.Даваасүрэнгээс 10 сар 1,4 % бодон 1 400 000 төгрөг, үндсэн мөнгө 10 000 000 нэмээд 11 400 000 төгрөгийг хуулийн дагуу нэхэмжилж байна. Би уг нь эвлэрүүлэн зуучлалд өргөдөл гаргаж үзсэн боловч Ш.Даваасүрэн өөрөө татгалзсан тул шүүхэд нэхэмжлэл гаргаж байна” гэжээ.

Хариуцагч Ш.Даваасүрэн шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Би Батхишиг эгчтэй 2013 оны 09 дүгээр сард зээл чөлөөлөх зарын дагуу танилцсан. Тэр үед миний бизнест хөрөнгө оруулалт хэрэгтэй байсан. Тэгээд Ө.Батхишиг эгчтэй уулзахад өдрийн мөнгө гаргана гэсэн. Бид 2 тохиролцоод эхлээд 2 000 000 төгрөгийг 12 хувийн хүүтэй авсан. Дараа нь энэ мөнгөө төлөнгөө 3 000 000 төгрөгийг нэг нэг саяар цувуулж авах тоолондоо 1 сарын хүү, бэлэн мөнгөний шимтгэл 50 000 төгрөгийг суутгуулж авч байсан. Энэ мөнгө миний Хаан банкны дансаар орж байсан. Мөнгийг аваад л маргааш өдрөөс эхлэн өдөр бүр Батхишиг эгчийн дансанд төлөлтөө хийж байсан. Би нийтдээ Ө.Батхишиг эгчид цувуулаад 11 000 000 төгрөгийг төлж өгсөн. Иймд байхад Ө.Батхишиг эгч намайг элдэв янзаар дарамтлаад мөнгөө төл гээд цагдаа шүүхэд өгнө  гэж айлгаад бүтэн сайн өдөр байхад шүүхийн тамгын газрын дарга байна, яаралтай ирж уулз гэж айлгаад, шүүхийн шийдвэр гүйцэтгэгч хүн гэрт дагуулж ирээд байраа зар манайх танай байрыг авна гээд энэ гэрээндээ гарын үсэг зуруулсан. Ө.Батхишиг эгч миний дэлгүүрийн архины зөвшөөрлийг авчихаад жил гаран болж байна. Үүнээс болоод би одоо болтол хүртэл архины зөвшөөрлөө сунгуулж чадахгүй, дэлгүүрээ ажиллуулж чадахгүй явна. Ө.Батхишиг эгчид төлсөн мөнгө дансны хуулгаар байгаа ба нэмж мөнгө төлж чадахгүй. Би Ө.Батхишиг эгчид үнэхээр гомдож байна. Мөнгө аваад нугалаад төлсөн байхад дахин 10 000 000 төгрөгний гэрээ мөнгө өгөөгүй байж гарын үсэг зуруулчихаад ийм мөнгө нэхэмжилж байгаад үнэхээр ойлгохгүй байна. Шүүх үүнийг үнэн зөвөөр нь шийдэж өгнө гэдэгт найдаж байна. Ө.Батхишиг эгч намайг хуулийн мэдлэггүй, мөнгийг нь төл гэсний зоргоор төлж байхад ингэж хандаж байна” гэжээ.

ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч Ө.Батхишиг зохигчдын хооронд 2013 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр байгуулагдсан зээлийн гэрээ, 2015 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн зээлийн гэрээ сунгах тухай гэрээнүүдийг үндэслэн хариуцагч Ш.Даваасүрэнгээс зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүргийн дүн 11 400 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

Нэхэмжлэгч шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж оролцсон, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж байгаа.

Зохигчдын хооронд 2013 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр зээлийн гэрээ байгуулагдаж гэрээгээр хариуцагч Ш.Даваасүрэн нь 10 000 000 төгрөгийг 2013 оны 11 дүгээр сарын 07-ны өдрөөс 2014 оны 07 дугаар сарын 08 хүртэл 8 сарын хугацаанд сарын 10 хувийн хүүтэй зээлдэж, зээлийг эгүүлэн төлөх хугацаа хэтрүүлсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5% алданги төлөхөөр тохиролцжээ.

Нэхэмжлэгч шүүх хуралдаанд “...би Ш.Даваасүрэнтэй 2013 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр зээлийн гэрээ байгуулахаасаа өмнө дансаар түүнд 9 556 300 төгрөг, гэрээ байгуулсанаас хойш 2 000 000 төгрөг өгсөн. Гэрээ байгуулах хүртэл өгсөн мөнгөө хүүгийн тооцоход 10 000 000 төгрөг болсон байсан учраас Ш.Даваасүрэнгийн өөрийнх нь хүсэлтээр 10 000 000 төгрөгөөр зээлийн гэрээ хийсэн. Би нийт 11 556 300 төгрөг өгсөн.Ш.Даваасүрэнгээс 9 279 000 төгрөг авсан.Үүнийгээ хүү, алдангид тооцож авсан.Одоо үндсэн зээлийн үлдэгдэл 11 400 000 төгрөгийг нэхэмжилж байгаа” гэсэн тайлбар гаргасан.

Хариуцагч шүүх хуралдаанд “...би Ө.Батхишигээс нийт 9 882 600 төгрөг аваад 9 436 800 төгрөг дансаар, 700 000 төгрөг бэлнээр, 100 000 төгрөгийн хичээлийн хэрэглэл өгсөн.Одоо надад төлөх төлбөр байхгүй. 2013 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр зээлийн гэрээ байгуулахдаа надад 10 000 000 төгрөг өгөөгүй. Нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй” гэж маргаж байгаа.

Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4-д мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно гэж заасан.

Нэхэмжлэгч 2013 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр зээлийн гэрээ байгуулахдаа 10 000 000 төгрөгийг хариуцагчид шилжүүлээгүй болохоо хүлээн зөвшөөрч маргаагүй.Тиймээс хариуцагчид шилжүүлэн өгөөгүй 10 000 000 төгрөгнөөс хүү, алданги шаардах, авах эрх нэхэмжлэгчид үүсэхгүй гэж үзлээ.

Нэгэнт хариуцагчид 10 000 000 төгрөг шилжүүлээгүй учраас талуудын хооронд зээлийн гэрээ байгуулагдсанд тооцох боломжгүй гэж үзсэн учраас дээрхи гэрээг үндэслэн хийсэн зээлийн гэрээ сунгах тухай 2015 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн гэрээг үндэслэн хариуцагчаас төлбөр гаргуулах үндэслэлгүй гэж дүгнэлээ.

Харин хэрэгт авагдсан нэхэмжлэгч Ө.Батхишигийн Хаан банкны 5094099128 тоот депозит дансны дэлгэрэнгүй хуулгаар Ө.Батхишиг нь 2013 оны 10 дугаар сарын 01-нээс 2013 оны 12 дугаар сарын 21-ний хооронд Ш.Даваасүрэнд нийт 11 056 300 төгрөгийг түүний Хаан банкны 5090166600 тоот данс руу шилжүүлэн өгсөн нь тогтоогдож байна.

Хариуцагч шүүх хуралдаанд “...би Ө.Батхишигт дансаар 9 436 800 төгрөг, мөн бэлэн мөнгө 700 000 төгрөг, 100 000 төгрөгийн хичээлийн хэрэглэл өгсөн” гэж тайлбарлаж байгаа боловч тэрээр Ө.Батхишигийн Хаан банкны 5094099128 тоот данс руу 7 947 000 төгрөг шилжүүлсэн болох нь өөрийнх нь Хаан банкны 5090166600 тоот депозит дансны дэлгэрэнгүй хуулгаар нотлогдож байна.Харин хариуцагч нэхэмжлэгчид бэлэн мөнгө 700 000 төгрөг өгсөн гэсэн тайлбараа нотолсон баримтыг шүүхэд ирүүлээгүй.

Нэхэмжлэгч хариуцагчид нийт 11 056 300 төгрөгийг шилжүүлсэн болох нь тогтоогдож байгаа, тэрээр шүүх хуралдаанд хариуцагчаас дансаар 9 279 300 төгрөг, бэлэн мөнгө 450 000 төгрөг, 100 000 төгрөгийн хичээлийн хэрэглэл нийт 9 829 300 төгрөг авсан болохоо хүлээн зөвшөөрч байх тул түүний хариуцагчид шилжүүлсэн 11 056 300 төгрөгнөөс түүний буцааж авсан 9 829 300 төгрөгийг хасч үлдэх 1 227 000 төгрөгийг хариуцагч Ш.Даваасүрэнгээс гаргуулж нэхэмжлэгч Ө.Батхишигт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 10 173 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.

Нэхэмжлэлийг хэсэгчлэн хангаж шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 227 350 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагчаас 33 998 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

     1.Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.4-д заасныг баримтлан хариуцагч Ш.Даваасүрэнгээс 1 227 000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ө.Батхишигт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 10 173 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

  1. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 227 350 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч Ш.Даваасүрэнгээс 33 998 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ө.Батхишигт олгосугай.

      3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар энэхүү шийдвэр нь танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 119.3-д заасан хугацаа өнгөрмөгц 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба ийнхүү аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

      4.Энэ шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигчид шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногт Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.

 

 

 

 

ДАРГАЛСАН ШҮҮГЧ                           Р.ҮҮРИЙНТУЯА