Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 10 сарын 04 өдөр

Дугаар 00154

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                            Ө.Батхишигийн нэхэмжлэлтэй,

хариуцагч Ш.Даваасүрэнд холбогдох

иргэний хэргийн тухай

 

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Оюунцэцэг даргалж, шүүгч С.Уранчимэг, Б.Баттөр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар :

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн 1040 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч : Ө.Батхишигийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч : Ш.Даваасүрэнд холбогдох,

 

“Зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүргийн үнийн дүн 11.400.000 төгрөг гаргуулах” тухай иргэний хэргийг нэхэмжлэгч Ө.Батхишиг, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Энхтуяа нарын гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн хэргийг 2016 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр хүлээн авч, 2016 оны 10 дугаар сарын 04 ний өдөр шүүгч Б.Баттөрийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ө.Батхишиг, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Энхтуяа, хариуцагчийн өмгөөлөгч С.Оюунцэцэг, нарийн бичгийн дарга О.Шинэцэцэг нар оролцов.

 

Нэхэмжлэгч Ө.Батхишиг шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

2013 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Ш.Даваасүрэнд 10.000.000 төгрөг сарын 10 хувийн хүүтэй бизнесийн орлогыг нь барьцаалан өгсөн юм. 2014 оны 9 дүгээр сараас эхлэн тохиролцсон хүү, мөнгөө хугацаандаа авч чадалгүй удсан. Ш.Даваасүрэнд өгсөн мөнгийг би цалингийн зээл авч өгсөн бөгөөд Ш.Даваасүрэн төлөхгүй байсан ч цалингаараа сар бүр банкинд тогтмол төлдөг. Иймд 2014 оны 9 сараас эхлэн Ш.Даваасүрэнгийн төлөх чадвар багатайг тооцон мөнгөнийхөө хүүг 1,4 хувь болгон бууруулан тооцохоор тохиролцсон юм. Иймд би Ш.Даваасүрэнгээс 10 сар 1,4 хувь бодон 1.400.000 төгрөг, үндсэн зээл 10.000.000 нэмээд 11.400.000 төгрөгийг хуулийн дагуу нэхэмжилж байна. Би уг нь эвлэрүүлэн зуучлалд өргөдөл гаргаж үзсэн боловч Ш.Даваасүрэн өөрөө татгалзсан тул шүүхэд нэхэмжлэл гаргаж байна гэжээ.

Хариуцагч Ш.Даваасүрэн шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

Би Ө.Батхишиг эгчтэй 2013 оны 09 дүгээр сард зээл чөлөөлөх зарын дагуу танилцсан. Бид 2 тохиролцоод эхлээд 2.000.000 төгрөгийг 12 хувийн хүүтэй авсан. Дараа нь энэ мөнгөө төлөнгөө 3 000 000 төгрөгийг нэг нэг саяар цувуулж авах тоолондоо 1 сарын хүү, бэлэн мөнгөний шимтгэл 50 000 төгрөгийг суутгуулж авч байсан. Энэ мөнгө миний Хаан банкны дансаар орж байсан. Мөнгийг аваад л маргааш өдрөөс эхлэн өдөр бүр Ө.Батхишиг эгчийн дансанд төлөлтөө хийж байсан. Би нийтдээ Ө.Батхишиг эгчид цувуулаад 11.000.000 төгрөгийг төлж өгсөн. Ийм байхад Ө.Батхишиг эгч намайг элдэв янзаар дарамтлаад мөнгөө төл гээд цагдаа шүүхэд өгнө гэж айлгаад бүтэн сайн өдөр байхад шүүхийн тамгын газрын дарга байна, яаралтай ирж уулз гэж айлгаад, шүүхийн шийдвэр гүйцэтгэгч хүн гэрт дагуулж ирээд байраа зар манайх танай байрыг авна гээд энэ гэрээндээ гарын үсэг зуруулсан. Ө.Батхишиг эгч миний дэлгүүрийн архины зөвшөөрлийг авчихаад жил гаран болж байна. Үүнээс болоод би одоо болтол хүртэл архины зөвшөөрлөө сунгуулж чадахгүй, дэлгүүрээ ажиллуулж чадахгүй явна. Ө.Батхишиг эгчид төлсөн мөнгө дансны хуулгаар байгаа ба нэмж мөнгө төлж чадахгүй. Би Ө.Батхишиг эгчид үнэхээр гомдож байна. Мөнгө аваад нугалаад төлсөн байхад дахин 10.000.000 төгрөгний гэрээ мөнгө өгөөгүй байж гарын үсэг зуруулчихаад ийм мөнгө нэхэмжилж байгаад үнэхээр ойлгохгүй байна. Шүүх үүнийг үнэн зөвөөр нь шийдэж өгнө гэдэгт найдаж байна. Ө.Батхишиг эгч намайг хуулийн мэдлэггүй, мөнгийг нь төл гэсний зоргоор төлж байхад ингэж хандаж байна гэжээ.

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүх 2016 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн 1040 дугаар шийдвэрээр:

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.4-д заасныг баримтлан хариуцагч Ш.Даваасүрэнгээс 1.227.000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ө.Батхишигт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 10.173.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 227.350 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч Ш.Даваасүрэнгээс 33.998 төгрөг гаргуулан нэхэмжпэгч Ө.Батхишигт олгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч Ө.Батхишиг, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Энхтуяа нар давж заалдсан гомдолдоо:

Орхон аймгийн анхан шатны шүүх нь Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4-д зааснаар мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно гэж заасан. Нэхэмжлэгч 2013 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр зээлийн гэрээ байгуулахдаа 10.000.000 төгрөгийг хариуцагчид шилжүүлээгүй болохоо хүлээн зөвшөөрч маргаагүй. Тиймээс хариуцагчид шилжүүлэн өгөөгүй 10.000.000 төгрөгнөөс хүү, алданги шаардах эрх нэхэмжлэгчид үүсэхгүй. Нэгэнт хариуцагчид 10.000.000 төгрөг шилжүүлээгүй учраас талуудын хооронд зээлийн гэрээ байгуулагдсанд тооцох боломжгүй гэж үзсэн учраас дээрхи гэрээг үндэслэн хийсэн зээлийн гэрээг сунгах тухай 2015 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн гэрээг үндэслэн хариуцагчаас төлбөр гаргуулах үндэслэлгүй гэж дүгнэсэн.

Гэтэл нэхэмжлэгч Ө.Батхишиг болон хариуцагч Ш.Даваасүрэн нар нь 2013 оны 11 сарын 13-наас өмнө шилжүүлэн өгсөн нийт 10.000.000 төгрөг дээрээ хүү, алданги тооцохоор талууд хүлээн зөвшөөрч зээлийн гэрээ байгуулсан. Гэрээнд заасны дагуу хариуцагч Ш.Даваасүрэн хүүгээ тогтмол төлж байснаа 2014 оны 07 сарын 08-нд зээлийн гэрээ дуусгавар болсон. Гэтэл Ш.Даваасүрэн нь зээлийн гэрээнд заасан үүргээ гүйцэтгэхгүй явсаар 2014 оны 9 сараас хүүгээ төлж чадахгүйд рхүрэхээр нь эрсдэлээ тооцож 2015 оны 03 сарын 29-нд талууд гэрээгээ сунгаж 2014 оны 9 сараас эхэлж хүүгийн хэмжээгээ багасгаж 1,4 хувийн хүүтэй болгон бууруулж тооцохоор тохиролцож, хүүг сар бүр өгч байхаар тохиролцож гэрээ байгуулж уг гэрээг хийсэн.Энэхүү гэрээнд төлөөгүй үлдэгдэл хүү 1.120.000 төгрөгийг тодорхой заасан байдаг. Иргэний хуулийн 199 дүгээр зүйлийн 199.1-д зааснаар нэгэнт үүссэн үүргийн харилцааг гэрчлэх гэрээг хүчин төгөлдөр гэж тооцоход үүрэг гүйцэтгэгч нь үүргийг хүлээн зөвшөөрсөн тухай бичгээр мэдэгдсэн байвал зохино гэж заасан.

Анхан шатны шүүх нь хариуцагч Ш.Даваасүрэн нь зээлийн гэрээг хүчин төгөлдөрт бус тооцуулахаар сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй байхад шүүх нэхэмжлэлийн хүрээнээс хальж шийдэж байгаа нь нэхэмжлэгч миний эрх ашгийг илтэд хохироож, мөн зээлийн гэрээг хүчингүйд тооцоогүй атлаа тухайн зээлийн гэрээг ямар үндэслэлээр хэрэгсэхгүй болгож алданги хүүг тооцохгүй орхиж байгаа нь ойлгомжгүй байна.

Иймд Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016.08.12-ны өдрийн №1040 тоот шийдвэр нь миний эрх хууль ёсны ашиг сонирхолд илтэд хохиролтой шийдсэнд маш их гомдолтой байх тул тус шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох буюу өөрчлөлт оруулж хариуцагч Ш.Давааасүрэнгээс 11.500.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

            Анхан шатны шүүх зохигчдын хооронд үүссэн маргаантай эрх зүйн харилцааг зөв тодорхойлсон боловч хэрэг цугларсан нотлох баримтыг дутуу үнэлсэн, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь дүгнэлт хийгээгүйгээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.

            Давж заалдах шатны шүүхээс хэрэг авагдсан нотлох баримтын хүрээнд дүгнэлт хийж, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, анхан шатны шүүхийн гаргасан алдааг зөвтгөж залруулах боломжтой гэж үзэв.

            Нэхэмжлэгч Ө.Батхишиг нь хариуцагч Ш.Даваасүрэнд холбогдуулан зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүргийн үнийн дүн 11.400.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага шүүхэд гаргасан ба хариуцагч авсан зээлийг төлсөн тул зөвшөөрөхгүй гэж маргажээ.

            Анхан шатны шүүх нэгэнт 2013 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр хариуцагч 10.000.000 төгрөг шилжүүлээгүй учраас талуудын хооронд зээлийн гэрээ байгуулагдсанд тооцох боломжгүй гэж үзсэн учраас дээрх гэрээг үндэслэн хийсэн зээлийн гэрээ сунгах тухай 2015 оны 03 дугаар сарын 29 ний өдрийн гэрээг үндэслэн хариуцагчаас төлбөр гаргуулах үндэслэлгүй гэж дүгнэн Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.4-д заасныг баримтлан хариуцагч Ш.Даваасүрэнгээс 1.227.000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ө.Батхишигт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 10.173.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

            Нэхэмжлэгч Ө.Батхишиг, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Энхтуяа нарын энэхүү шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй гэж давж заалдсан гомдол гаргасныг хүлээн авах боломжтой юм.

            Нэхэмжлэгч Ө.Батхишиг нь хариуцагч Ш.Даваасүрэнд 2013 оны 10 дугаар  сарын 01 ний өдрөөс эхлэн 12 дугаар сарын 21-ний өдрийг хүртлэх хугацаанд нийт 11.056.300 төгрөг шилжүүлэн өгсөн харин хариуцагч Ш.Даваасүрэн 9.829.300 төгрөгийг буцааж өгсөн болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон ба талууд энэ талаар маргаагүй байна.

            Шүүх Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4-д заасан мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно гэж үзэн 10.000.000 төгрөгийг шилжүүлээгүй учраас хүү, алданги шаардах эрхгүй гэж үзсэн нь үндэслэлгүй байна.

            Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд нэхэмжлэгч нь хариуцагчийн хүсэлтээр 2013 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн 11 дүгээр сарын 01-ны өдөр хүртэл нэг сарын хугацаанд 10.000.000 сая төгрөгийг дансаар /хх-ийн 53-60 тал/ хэсэгчлэн шилжүүлж өгсөн байх ба дараа нь талууд хоорондоо харилцан тохиролцсоны үндсэн дээр 2013 оны 11 дүгээр сарын 12 -ны өдөр амаар байгуулсан зээлийн гэрээг бичгийн хэлбэр оруулж зээлийн хүү, хугацааг тодорхойлж  улмаар хариуцагч зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тохиолдолд алданги төлөх үүрэг хүлээсэн болох нь Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д “...гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй... ” гэж заасан агуулгад нийцсэн ба талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.3-д заасны дагуу зээлийн харилцаа болон алданги төлөх үүрэг үүссэн гэж үзэхээр байна.

            Нэгэнт талуудын хооронд зээлийн гэрээ хуульд заасны дагуу байгуулагдсан гэж дүгнэж байгаа учраас хариуцагч Ш.Даваасүрэн зээлийн гэрээний дагуу нэхэмжлэгчид үндсэн зээл, зээлийн хүү, алданги төлөх үүрэгтэй боловч тэрээр нэхэмжлэгч зээл өгөхдөө зээлийн хүүг урьдчилсан тооцож суутгаж авдаг байсан гэж тайлбарлаж, нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй байгааг нэхэмжлэгч няцааж чадаагүй, энэ талаарх нотлох баримт хэрэгт авагдаагүй байх тул хариуцагчаас зээлийн гэрээний дагуу зээлийн хүү тооцох боломжгүй харин хуульд заасны дагуу алданги тооцож үүрэг хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

            Иймд хариуцагч Ш.Даваасүрэнгийн  2013 оны 11 дугаар сарын 01-нээс эхэлж 2015 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр хүртэл хугацаанд /хх-ийн 31-52 тал/ төлсөн нийт 9.829.300 төгрөгийг үндсэн зээл 10.0 сая төгрөг, алданги 5.000.000 /гэрээнд заасны дагуу тооцоход алданги 50 хувиас хэтэрсэн/ төгрөг нийт зээлийн төлбөр 15.0 сая төгрөгнөөс хасаж хариуцагчаас 5.170.700 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 6.229.300 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

            1.Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн 1040 дугаар шийдвэрийн 1 дэхь заалтыг “Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.4-д заасныг баримтлан хариуцагч Ш.Даваасүрэнгээс 1.227.000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ө.Батхишигт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 10.173.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай” гэснийг “Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.4, 232 дугаар зүйлийн 232.6-д заасныг баримтлан хариуцагч Ш.Даваасүрэнгээс 5.170.700 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ө.Батхишигт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 6.229.300 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай” гэж,

            2 дахь заалтыг Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 227.350 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч Ш.Даваасүрэнгээс 97.681 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ө.Батхишигт олгож гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар нэхэмжлэгч Ө.Батхишигийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 227.350 төгрөгийг шүүгчийн захирамжаар төрийн сангаас буцаан олгосугай.

            3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2.2-т зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

            4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

 

            ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Б.ОЮУНЦЭЦЭГ

                            ШҮҮГЧИД                                    С.УРАНЧИМЭГ

                                                                                 Б.БАТТӨР