Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 08 сарын 15 өдөр

Дугаар 01042

 

 

 

 

 

 

 

2016 оны 08 сарын 15 өдөр

Дугаар 142/ШШ2016/01042

Орхон аймаг

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Р.Үүрийнтуяа даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийж,

Нэхэмжлэгч: 1974 онд төрсөн, 42 настай эрэгтэй, Орхон аймаг Баян-Өндөр сум Зэст баг 1-19-35 тоотод оршин суух, Өндөр тайж овгийн Цэнджавын Чинбатын /регистрийн дугаар ФА74082519/ нэхэмжлэлтэй,

Хариуцагч: 1982 онд төрсөн, 34 настай эмэгтэй, Орхон аймгийн Баян-Өндөр сум Уртбулаг баг 11 дүгээр хороолол Төгөл гарден 16а-11 тоотод оршин суух, Цоохор овгийн Рандалсүрэнгийн Солонгод /регистрийн дугаар ИХ82091000/ холбогдох 2 400 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Ц.Чинбат, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Я.Эрдэнэчимэг, хариуцагч Р.Солонго, хариуцагчийн өмгөөлөгч М.Ганзориг, гэрч Т.Эрдэнэбаяр, нарийн бичгийн дарга Б.Номин нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ц.Чинбат шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Миний бие Ц.Чинбат нь 2015.02.15-ний өдөр хамт ажиллаж байсан Р.Солонгод ажилчдын цалин тавиараа гээд 1.980.000 төгрөг, өөрийнх нь ээж Я.Бадамаас зээлж авсан 2.000.000 төгрөгийг өгөөрэй гээд, энэ мөнгөний хүү гээд 400.000 төгрөг нийт 4.380.000 төгрөгийг хүлээлгэж өгсөн юм. Гэтэл Р.Солонгоо нь ээждээ өгөх 2.400.000 төгрөгийг өгөөгүй байна. Үүнээс болж өнөөдрийг хүртэл хоорондоо маргаан гарч шүүхэд хандахад хүрээд байна. Р.Солонго нь тухайн үед манай ажилд туслаад, мөн хамт шатар тоглож байдаг байсан болно. 2014.11.21-ний өдөр А.Солонгоогийн ээж Я.Бадамаас мөнгөний хэрэг яаралтай гараад 2.000.000 төгрөг утсаар ярьж байгаад зээлсэн юм. Я.Бадамаас зээлсэн мөнгөө ажил дээрээ дүү Т.Эрдэнэбаярын хамт Р.Солонгод хүлээлгэж өгсөн юм. Би өөрөө 100%-ийн хараагүй хүн тул аливаа санхүүгийн баримтуудтай холбоотой болон төлбөр тооцооны асуудлыг дүү Т.Эрдэнэбаяраар тооцоо хийлгүүлдэг юм. Миний энэ байдлыг миний найзууд Ганбаатар, Мөнхбат нар нь бүгд мэднэ. Мөн эдгээр хүмүүсийн хажууд Р.Солонгоотой ээждээ өгөөгүй төгрөгнөөс болж маргалдаж байсныг минь найзууд маань бүгд хэлж гэрчлэх болно. Р.Солонгоо нь тухайн үед гэрийнхээ мөнгөн аягануудыг 6-1-р байрны ломбарданд тавиад буцааж авахад түүний ээж Бадамд өгөөрэй гэсэн мөнгөөр аягануудаа авсан байдаг. Тэгээд тэр үед намайг аргалж байгаарай, ээжид намайг мөнгө авсан гэж битгий хэлээрэй гээд гуйдаг байсан болохоор хэсэг хугацаанд би ээжийг нь асуухаар худлаа хэлээд удахгүй мөнгийг чинь өгнө гэдэг байсан юм. Гэтэл сүүлдээ ээж нь миний ажлын газрын камер хөлийн хамт мөнгөнийхөө оронд барьцаалж авсан юм. Үүнээс болж би маргаан үүсгээд цагдаа шүүхээр явах болсон. Ийм байдал үүссэн болохоор ээжид нь, охинд чинь мөнгийг чинь өгсөн тухай үнэнийг хэлсэн болно. Иймд Р.Солонгоос 2.000.000 төгрөг, хүү гэж өгсөн 400.000 төгрөг нийт 2.400.000 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэжээ.

Хариуцагч Р.Солонго шүүхэд ирүүлсэн тайлбар болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа:Ц.Чинбат нь надад холбогдуулан тус шүүхэд 2.400.000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан байх ба энэхүү нэхэмжлэлтэй танилцаад бүхэлд нь эс зөвшөөрч дараах хариу тайлбар гаргаж байна. Миний бие Ц.Чинбатаас 2015 оны 02 дугаар сарын 15-ны өдөр 4.400.000 төгрөг хүлээн аваагүй бөгөөд нэхэмжлэлд огт үндэслэлгүй худалд зүйлийг дурьдсан байна. /иргэн хүн шүүхэд нэхэмжлэл, өргөдөл гаргахдаа үнэн зүйлийг бичиж нэхэх ёстой гэж бодож байна/ Харин Ц.Чинбат нь энэ нэхэмжлэлдээ худал зүйлийг бичсэн бөгөөд үүнийг миний хамт ажиллаж байсан хүмүүс болон түүний дүү Эрдэнэбаяр ч гэрчлэх болно. Харин 2015-02-16-ны өдөр өглөө биднийг ажилдаа ирэхэд Ц.Чинбат нь ажил дээрээ хоносон байдалтай байсан. Тэгээд би болон бүх ажилтнууд цагаан сар болох гэж байна, цалин мөнгөө тавиачээ гэж хэлсэн. Гэтэл Ц.Чинбат нь 10 цагийн үед дүү Эрдэнэбаяр нь ирээд мөнгө олж ирнэ гээд гараад явсан. Ингээд намайг ажил дээрээ сэтгүүлч Л.Пагмадулам, сэтгүүлч Х.Нямхишиг, зураглаач, эвлүүлэгч С.Эрдэнэбат нарын хамт студын өрөөнд сууж байтал 12-13 цагийн орчимд Ц.Чинбат нь дүү Эрдэнэбаярынхаа хамт гаднаас орж ирээд задалсан нэг боодол 20.000-тын дэвсгэрт өгсөн ба би тоолтол 1.980.000 төгрөг байсан. Үүнийг шууд тэр дор нь Эрдэнэбаярт хэлтэл Сая агаа 1 ширхэг 20.000-тын дэвсгэрт авчихсан юмаа, тийм байх ёстой гэж хэлсэн. Түүний дүү гэх Эрдэнэбаяр нь өмнө цагдаад энэ талаар худал тайлбар өгч байсан ч миний хамт ажиллаж байсан Эрдэнэбат, Нямхишиг нар үүнийг хангалттай нотолж чадна гэдэгт миний бие эргэлзэхгүй байна. Мөн Ц.Чинбат нь намайг цалинг чинь өгнө гэж олон сараар ажиллуулаад эцэст нь худал хэлж цалин ч өгөхгүй орхисон. Энэ мэтээр цалин өгнө гэж олон хүмүүсийг хуурч ажиллуулж байсныг олон олон ажилтнууд нотолно. Цалингаа нэхээд шүүхэд өгөхөөр гэрээ байгуулаагүй учраас цалин өгөхгүй, Лха телевизийн захиралаас ав гэж тайлбар гаргаж байснаас энэ нь харагдана. Өөрийгөө бүрэн хараагүй гэдгээрээ түрий барьж, олон хүнийг ингэж хохироож байгаа нь шударга зүйл гэж бодохгүй байна. Түүний дүү гэх Эрдэнэбаяр надад 4.400.000 төгрөг өгсөн гэсэн тайлбарыг цагдаад өгсөн нь үнэн хэрэгтээ огт үндэслэлгүй худал байна. Шүүхэд энэ мэтээр дүү, найз нар болон Галбаатар зэрэг хүмүүсээр гэрчийн мэдүүлэг худал өгүүлбэл миний бие тэднийг худал мэдүүлэг өгсөн гэж цагдаад шалгуулна. Үнэхээр шударга, үнэн зүйл байдаг бол тогтоогдоно гэдэгт миний бие бат итгэлтэй байна. Мөн миний ээж Я.Бадамаас зээлж авсан мөнгөө надад өгсөн гэж өмнө миний ээжид хэлж байгаад сүүлдээ уур хүрээд тэгж хэлсэн юм аа гэж хүртэл хэлж байсан байдаг. Иймээс Ц.Чинбатын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Ц.Чинбат нь Р.Солонгод холбогдуулан 2 400 000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ: Миний бие Р.Солонгод 2015.02.16-ны өдөр ажилчдын цалин тавиараа гээд 1 980 000 төгрөг, өөрийнх нь ээж Я.Бадамаас зээлж авсан 2 000 000 төгрөгийг хүү гээд 400 000 төгрөг нийт 4.380.000 төгрөгийг хүлээлгэж өгсөн. Гэтэл Р.Солонгоо нь ээждээ өгөх 2 400 000 төгрөгийг өгөөгүй байгаа тул 2 400 000 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэж тайлбарласан.

Хариуцагч нь, нэхэмжлэлээс татгалзаж буй үндэслэлээ: 2015-02-16-ны өглөө би болон бүх ажилтнууд цагаан сар болох гэж байна, цалин мөнгөө тавиачээ гэж хэлсэн. Гэтэл Ц.Чинбат дүү Эрдэнэбаяртайгаа ирээд мөнгө олж ирнэ гээд гараад явсан. Ингээд намайг ажил дээрээ сэтгүүлч Л.Пагмадулам, сэтгүүлч Х.Нямхишиг, зураглаач эвлүүлэгч С.Эрдэнэбат нарын хамт студын өрөөнд сууж байтал 12-13 цагийн орчимд Ц.Чинбат нь дүү Эрдэнэбаярынхаа хамт гаднаас орж ирээд, задалсан нэг боодол 20 000-тын дэвсгэрт өгсөн ба би тоолтол 1 980 000 төгрөг байсан. Үүнийг шууд тэр дор нь Эрдэнэбаярт хэлтэл сая агаа 1 ширхэг 20 000-тын дэвсгэрт авчихсан юмаа, тийм байх ёстой гэж хэлсэн. Өөр мөнгө надад өгөөгүй, нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэж мэтгэлцсэн.

Нэхэмжлэгч хариуцагчийг үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж үзэж түүнээс 2 400 000 төгрөг нэхэмжилж байгаа боловч нэхэмжлэгч хариуцагчид мөнгө шилжүүлсэн болохоо нотолж чадаагүй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзалын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй гэсэн энэ үүргээ нэхэмжлэгчийг хэрэгжүүлээгүй гэж үзнэ.

Нэхэмжлэгч гэрч Т.Эрдэнэбаярын мэдүүлгийг нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ болгож байгаа боловч гэрч Т.Эрдэнэбаяр мэдүүлгийнхээ эх сурвалжийг зааж чадаагүй тул түүний мэдүүлгийг нотолгооны ач холбогдолгүй гэж үзэж шүүхийн шийдвэрийн үндэслэл болгоогүй болно.Түүнчлэн нэхэмжлэгч Ц.Чинбат болон гэрч Т.Эрдэнэбаяр нар “... Д.Галбаатараас 4 800 000 төгрөг авсанаасаа Солонгод 4 380 000 төгрөгийг өгсөн” гэж тайлбарлаж байгаа боловч Д.Галбаатарын Орхон аймгийн цагдаагийн газарт өгсөн мэдүүлэг / бичмэл нотлох баримт нь / тэрээр Ц.Чинбатад 4 800 000 төгрөг өгсөн болохыг нотолж байгаа болохоос Ц.Чинбат Р.Солонгод мөнгө өгсөн болохыг нотолж буй баримт биш юм.

Иймд нэхэмжлэгч Ц.Чинбат нь хариуцагч Р.Солонгод 2 400 000 төгрөг өгсөн нь нотлогдоогүй бөгөөд шаардах эрхийн үндэслэл тогтоогдоогүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ. Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 53 350 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх үндэслэлтэй.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасныг баримтлан Ц.Чинбатын нэхэмжлэлтэй Р.Солонгод холбогдох 2 400 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 53 350 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээсүгэй.

     3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар энэхүү шийдвэр нь танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 119.3-д заасан хугацаа өнгөрмөгц 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба ийнхүү аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 4.Энэ шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй  болох бөгөөд зохигчид шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Р.ҮҮРИЙНТУЯА