Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 10 сарын 04 өдөр

Дугаар 00156

 

 

 

 

 

 

 

 

Ц.Чинбатын нэхэмжлэлтэй

                                              иргэний хэргийн тухай

 

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгчийн үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Баттөр даргалж, шүүгч Б.Оюунцэцэг, шүүгч С.Уранчимэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн 1042 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч Ц.Чинбатын нэхэмжлэлтэй

Хариуцагч Р.Солонгод холбогдох

“2.400.000 төгрөг гаргуулах тухай” иргэний хэргийг нэхэмжлэгч Ц.Чинбатын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн хэргийг 2016 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр хүлээн авч шүүгч С.Уранчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ц.Чинбат

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Я.Эрдэнэчимэг

Хариуцагч Р.Солонго

Хариуцагчийн өмгөөлөгч М.Ганзориг

Нарийн бичгийн дарга Б.Ганчимэг нар оролцов.

Нэхэмжлэгч Ц.Чинбат шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Ц.Чинбат нь 2015.02.15-ний өдөр хамт ажиллаж байсан Р.Солонгод ажилчдын цалин тавиараа гээд 1.980.000 төгрөг, өөрийнх нь ээж Я.Бадамаас зээлж авсан 2.000.000 төгрөгийг өгөөрэй гээд, энэ мөнгөний хүү гээд 400.000 төгрөг нийт 4.380.000 төгрөгийг хүлээлгэж өгсөн юм. Гэтэл Р.Солонгоо нь ээждээ өгөх 2.400.000 төгрөгийг өгөөгүй байна. Үүнээс болж өнөөдрийг хүртэл хоорондоо маргаан гарч шүүхэд хандахад хүрээд байна. Р.Солонго нь тухайн үед манай ажилд туслаад, мөн хамт шатар тоглож байдаг байсан болно. 2014.11.21-ний өдөр А.Солонгоогийн ээж Я.Бадамаас мөнгөний хэрэг яаралтай гараад 2.000.000 төгрөг утсаар ярьж байгаад зээлсэн юм. Я.Бадамаас зээлсэн мөнгөө ажил дээрээ дүү Т.Эрдэнэбаярын хамт Р.Солонгод хүлээлгэж өгсөн юм. Би өөрөө 100%-ийн хараагүй хүн тул аливаа санхүүгийн баримтуудтай холбоотой болон төлбөр тооцооны асуудлыг дүү Т.Эрдэнэбаяраар тооцоо хийлгүүлдэг юм. Эдгээр хүмүүсийн хажууд Р.Солонгоотой ээждээ өгөөгүй төгрөгнөөс болж маргалдаж байсныг минь найзууд маань бүгд хэлж гэрчлэх болно. Р.Солонгоо нь тухайн үед гэрийнхээ мөнгөн аягануудыг 6-1-р байрны ломбарданд тавиад буцааж авахад түүний ээж Бадамд өгөөрэй гэсэн мөнгөөр аягануудаа авсан байдаг. Тэгээд тэр үед намайг аргалж байгаарай, ээжид намайг мөнгө авсан гэж битгий хэлээрэй гээд гуйдаг байсан болохоор хэсэг хугацаанд би ээжийг нь асуухаар худлаа хэлээд удахгүй мөнгийг чинь өгнө гэдэг байсан юм. Гэтэл сүүлдээ ээж нь уиний ажлын газрын камөр хөлийн хамт мөнгөнийхөө оронд барьцаалж авсан юм. Үүнээс болж 5и маргаан үүсгээд цагдаа шүүхээр явах болсон. Ийм байдал үүссэн болохоор ээжид нь, охинд чинь мөнгийг чинь өгсөн тухай үнэнийг хэлсэн болно. Иймд Р.Солонгоос 2.000.000 төгрөг, хүү 'эж өгсөн 400.000 төгрөг нийт 2.400.000 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэжээ.

Хариуцагч Р.Солонго шүүхэд ирүүлсэн тайлбар болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Миний бие Ц.Чинбатаас 2015 оны 02 дугаар сарын 15-ны өдөр 4.400.000 төгрөг хүлээн аваагүй бөгөөд нэхэмжлэлд огт үндэслэлгүй худалд зүйлийг дурьдсан байна. Харин 2015-02-16-ны өдөр өглөө биднийг ажилдаа ирэхэд Ц.Чинбат нь ажил дээрээ хоносон байдалтай байсан. Тэгээд би болон бүх ажилтнууд цагаан сар болох гэж байна, цалин мөнгөө тавиачээ гэж хэлсэн. Гэтэл Ц.Чинбат нь 10 цагийн үед дүү Эрдэнэбаяр нь ирээд мөнгө олж ирнэ гээд гараад явсан. Ингээд намайг ажил дээрээ сэтгүүлч Л.Пагмадулам, сэтгүүлч Х.Нямхишиг, зураглаач, эвлүүлэгч С.Эрдэнэбат нарын хамт студын өрөөнд сууж байтал 12-13 цагийн орчимд Ц.Чинбат нь дүү Эрдэнэбаярынхаа хамт гаднаас орж ирээд задалсан нэг боодол 20.000-тын дэвсгэрт өгсөн ба би тоолтол 1.980.000 төгрөг байсан. Үүнийг шууд тэр дор нь Эрдэнэбаярт хэлтэл Сая агаа 1 ширхэг 20.000-тын дэвсгэрт авчихсан юмаа, тийм байх ёстой гэж хэлсэн. Түүний дүү гэх Эрдэнэбаяр нь өмнө цагдаад энэ талаар худал тайлбар өгч байсан ч миний хамт ажиллаж байсан Эрдэнэбат, Нямхишиг нар үүнийг хангалттай нотолж чадна гэдэгт миний бие эргэлзэхгүй байна. Түүний дүү гэх Эрдэнэбаяр надад 4.400.000 төгрөг өгсөн гэсэн тайлбарыг цагдаад өгсөн нь үнэн хэрэгтээ огт үндэслэлгүй худал байна. Шүүхэд энэ мэтээр дүү, найз нар болон Галбаатар зэрэг хүмүүсээр гэрчийн мэдүүлэг худал өгүүлбэл миний бие тэднийг худал мэдүүлэг өгсөн гэж цагдаад шалгуулна. Үнэхээр шударга, үнэн зүйл байдаг бол тогтоогдоно гэдэгт миний бие бат итгэлтэй байна. Иймээс Ц.Чинбатын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн 1042 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасныг баримтлан Ц.Чинбатын нэхэмжлэлтэй Р.Солонгод холбогдох 2 400 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 53.350 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч Ц.Чинбат давж заалдсан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Шүүх гэрч Т.Эрдэнэбаярын мэдүүлгийг мэдүүлгийнхээ эх сурвалжийг зааж чадаагүй тул нотолгооны ач холбогдолгүй гэж дүгнэж Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон юм. Мөн гэрч Т.Эрдэнэбаяр нь нэхэмжлэгчийн хамаатан садан байх тул гэрчийн мэдүүлгийг үнэн эсэхэд эргэлзээтэй гэж шүүх хуралд тайлбарлаж хэлж байсан болно.

Хэдийгээр гэрч Т.Эрдэнэбаяр нь нэхэмжлэгчийн хамаатан садан боловч гэрчид хууль сануулж, тайлбарласны үндсэн дээр мэдүүлгийг авч баталгаажуулсан болно. Мөн нэхэмжлэгч Ц.Чинбат нь 100%-ийн хараагүй хөгжлийн бэрхшээлтэй хүн байх тул дүү Эрдэнэбаярыг хажуудаа байнга авч явдаг аливаа санхүү, тооцоотой холбоотой асуудал дээр болон мөнгө тоолж бусдад өгөхөд туслуулдаг байна. Р.Солонгод мөнгө өгөх үед Ц.Чинбаттай гэрч Т.Эрдэнэбаяр нь мөн л хамт явж байсан ба шүүх ямар үндэслэлээр гэрчийн мэдүүлгийг нотлогооны ач холбогдолгүй гэж буй нь ИХШХШТХ-ийн 37.2-д заасныг зөрчсөн гэж үзэж байна. Анхан шатны шүүх нь гэрчийн мэдүүлгийг үнэн зөвөөр нь үнэлж чадсангүйд маш их гомдолтой байна. Гэрч Т.Эрдэнэбаяр нь нотлогооны эх сурвалжаа тодорхой зааж хэлдэг бөгөөд нэхэмжлэгч Чинбатыг ажилчдын цалин тавиараа гээд 2.000.000 төгрөгийг өгч байхад хажууд нь гэрч Эрдэнэбаяр байсныг Р.Солонго, гэрч Эрдэнэбат нар өөрсдөө хүлээн зөвшөөрдөг. Ажилчдын цалинд тавих 2.000.000 төгрөгийг авчихаад ээждээ өгөөрэй гэсэн мөнгийг аваагүй гээд байгаа нь ойлгомжгүй байгаа ба эрс үгүйсгэж худлаа хэлж байгаа нь тодорхой харагддаг.

Хэрвээ нэхэмжлэгч Ц.Чинбат ганцаараа байж байгаад Р.Солонгод мөнгө өгсөн бол өөр хэрэг. Гэвч гэрч Т.Эрдэнэбаярын хажууд мөнгө авсан тухай Р.Солонго өөрөө гэрчилж хэлээд байхад гэрчийн мэдүүлгэнд шүүх үнэлэлт дүгнэлт өгсөнгүй нь нэг талыг баримталсан, хууль зүйн үндэслэлгүй шийдвэрлэлээ гэж үзэх үндэслэлтэй юм.

Тухайн үед Р.Солонго нь надаас мөнгө тоолж авчихаад ээждээ өгөөгүй байсан бөгөөд гэр орондоо мөнгөний асуудалтай байсан тул хэрэглэсэн тухай өөрөө хэлж байсан шүү дээ. Би мөнгийг ээждээ өгсөн байх гэж найдаж байсан тул ээж рүү нь ярьж хэлээгүй ба хэсэг хугацааны дараа ээж Я.Бадам нь надаас мөнгөө нэхэхэд охинд чинь өгчихсөн гэж хэлсэн юм. Тэгээд Р.Солонгоод чи ээждээ өгөөрэй гэсэн мөнгийг яагаад өгөөгүй юм бэ? гэж асуухад чи түр хүлээж бай би ламбарданд мөнгөн аягануудаа тавьсан нөхөр мэдэхгүй байгаа тул ээжид худлаа хэлсэн гээд хэлчих гээд гуйгаад байсан юм. Үнэн хэрэгтээ би Р.Солонгыг бодоод, удалгүй мөнгөтэй болохоороо өгчихнө гээд байнга гуйгаад байсан болохоор итгээд ээжид нь хүртэл Р.Солонгоос болж худлаа хэлж байсан нь буруу байсныг сүүлд ойлгож байна.

Р.Солонгоо бид 2-ын дунд ийм мөнгөний асуудалтай байгааг миний багын найз -Ганбаатар, Мөнхбат нар сайн мэдэж байдаг ба шүүх хурал дээр хэлсэн мэдүүлгээр нотлогдож байгаа юм. Учир нь би хараагүй хүн тул байнга миний хажууд манай найзууд болон Эрдэнэбаяр нарын хэн нэг нь хамт явдаг. Тухайн үед Я.Бадам нь надтай утсаар хэрэлдэж байхад найз Д.Мөнхбат, Ганбаатар нар нь надтай хамт байсан юм. Тэд мөнгөний асуудлаар хэрүүл гараад байна гэхэд ээжид нь хэлээч охинд чинь өгсөн тухайгаа хэлсэн нь дээр гэдгийг хүртэл зөвлөж байсан юм. Тэгээд ээжийг нь дахин залгахаар нь охинд чинь өгсөн юм, охин чинь надад өгөөгүй гээд хэлээд өгөөч гээд гуйгаад байсан тухайгаа хүртэл хэлж байхыг гэрчилж хэлдэг.

Иймд Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016.08.15-1 өдрийн 142\ШШ1016\01042 дугаартай шүүхийн шийдвэр нь хууль ёсны үндэслэлтэй сангүй гэж үзэж байгаа тул шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

                                             ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх тухай Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан шаардлагыг хангасан байна.

Нэхэмжлэгч Ц.Чинбат нь хариуцагч Р.Солонгоос 2.400.000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Нэхэмжлэгч Ц.Чинбат нь Р.Солонгод 2015 оны 02 дугаар сарын 16-ны өдөр ажилчдын цалинг тавиарай гэж 1.980.000 төгрөг Солонгын ээж Бадамаас зээлж авсан 2.000.000 төгрөгийг хүү 400.000 төгрөгийн хамт нийт 4.830.000 төгрөг       өгснийг дүү Эрдэнэбаяр тоолж хүлээлгэж өгсөн гэж нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тодорхойлдог ба хариуцагч Р.Солонго ээж Бадамд өгөх 2.000.000 төгрөг хүү 400.000 төгрөгийг надад өгөөгүй гэж маргажээ.

Шүүх нэхэмжлэгч Ц.Чинбат нь гэрч Т.Эрдэнэбаярын мэдүүлгийг нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болгож байгаа боловч гэрч Т.Эрдэнэбаяр нь мэдүүлгийнхээ эх сурвалжийг зааж чадаагүй тул мэдүүлэг нь нотолгооны ач холбогдолгүй гэж үзэж нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй болжээ.

Хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий байдлыг мэдэж байгаа хэн ч гэрч байж болох боловч хэрэгт Эрдэнэбаяр, Ганбаатар, Батмөнх нарын өгсөн мэдүүлгүүд нь Ц.Чинбат Р.Солонгод 2.400.000 төгрөг өгснийг нотолж чадаагүй, хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий байдлыг нотлоогүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д заасан шаардлагад нийцээгүй.

Иймд Ц.Чинбат Р.Солонгод 2.400.000 төгрөг өгснөө нотлох баримтаар хангалттай нотолж чадаагүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болсон, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журмыг зөрчөөгүй, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул шийдвэрт өөрчлөлт оруулах үндэслэлээр гаргасан нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэхь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн 1042 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч Ц.Чинбатын давж заалдсан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Нэхэмжлэгч Ц.Чинбатын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 53.350 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2.2-т зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай. 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

 

 

                                   ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               Б.БАТТӨР

                                                    ШҮҮГЧИД                               Б.ОЮУНЦЭЦЭГ

                                                                                                    С.УРАНЧИМЭГ