Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 05 сарын 15 өдөр

Дугаар 00154

 

     

 

 

                                

                                         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Т.Хүрэлбаатар даргалж,

Нарийн бичгийн дарга П.Ханбүргэд,

Улсын яллагч Б.Амартүвшин,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Амаржаргал,

Шүүгдэгч Ч.А нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ч.Ат холбогдох эрүүгийн 1838006800354 дугаар хэргийг 2019 оны 5 дугаар сарын 3-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч Ч.А нь Хөвсгөл аймгийн Арбулаг сумын нутаг Өвөр суга гэх газар 2013 оны 08 дугаар сарын 04-ний өдөр, 2018 оны 3 дугаар сард, 2018 оны 05 дугаар сарын 26-ны өдөр, 2018 оны 07 дугаар сарын 19-ний өдөр, 2018 оны 08 дугаар сарын 23-ны өдөр тус тус өөрийн эхнэр Ч.Юг буюу гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодож, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Ч.Аийн мөрдөн шалгах ажиллагааны болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: “…2018 оны 5 дугаар сарын сүүлээр саахалт айл Лхагвасүрэнгийнд очиж хоол идээд тэр айлд 2 шил архи, 1 том пиво уугаад байж байтал манай эхнэр тэр айлд агсам тавиад ууж байсан пиво, архийг цацаад байсан. ...хэл амаар доромжлоод байхаар нь баруун гараараа зүүн хацарт нь хоёр алгадсан. ...2018 оны 8 дугаар сарын 23-ны өдөр... тэгээд бид хоёр хэрүүл хийгээд намайг гуйлгачин, хуухай хар хэрээнүүд битгий замд гай болоод гэж доромжилоод байхаар нь баруун мөрөн тус газарт нэг удаа цохисон...Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна...” гэх мэдүүлэг,

Хохирогч Ч.Юмөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би 2018 оны 08 дугаар сарын 23-ны орой 18 цагийн орчим байхаа хөдөө Арбулаг сумын Өвөр суга гэх газарт гэртээ байж байгаад нөхөр Ч.Ат гэр бүлийн орчинд болдог маргаанаас болж “намайг хүмүүс гэртээ авч ирж хоол хийж өгсөн. Хүүхдүүдээ Мөрөнд хичээлд суулгаж өөрөө гэр барьж биеэ үнэлэх гэж байгаа юм уу” гэж хэлээд толгой, тархи руу цохиж мөн цээжин хэсэгт цохиход нь би ухаан алдсан. Өмнө нь 2012 оны 08 дугаар сард согтуугаар гэртээ агсам тавихаар нь би архи битгий ууж бай гэж хэлснээс болж миний толгой тархи руу цохиж баруун талын нүд хөхөрч хавдсан. 2013 оны 07 дугаар сард намайг мөн зодохоор нь би цагдаад мэдэгдсэн. Тэгэхэд манай нөхөр намайг шүүхэд өглөө чи том хүн юм байна гээд зодсон. 2018 оны 05 дугаар сарын 26-ны өдөр би нөхөр Ч.А хүү Төмөрхуяг, охин Номинзаяа нартай хамт саахалт айлынд очиж хоол идсэн. Тэгээд бид нарыг гэрт хүргэж өгчхөөд хонио эргүүлээд ирье гэж хэлээд тэр чигээрээ архи уугаад 14 цагийн орчим ирэхээр нь би уурласан чинь элдэв үгээр хэлснээ намайг хэд хэд алгадснаа багалзуур шахаад баруун талын шанаан тус газар цагаан өнгийн төмөр иштэй хутганы ишээр цохисон...” гэх мэдүүлэг /хх-ийн 17-20, 131-132 дугаар хуудас/,

Гэрч Б.Б-ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “... 2018 оны 08 дугаар сарын 23-ны өдөр оройхон байхаа үхрээ сааж дуусаад гэртээ дөнгөж ороод байж байтал Ч.Ютом хүү нь манайд ирээд ээж таныг хурдан хүрээд ир гэж байна гэж хэлэхээр нь аав чинь яасан юм гэхэд аав хониндоо явсан...өвчин намдаах эм байна уу аваад өгөөч гээд гэрийнхээ унинд байсан өвчин намдаах нэг ягаан эм рүү заахаар нь авч өгөөд байж байтал нөхөр нь гаднаас ороод ирэхээр нөхрөөс нь яасан талаар асуухад зүгээр зүгээр эгч гэхээр нь гэр лүүгээ явсан ...” гэх мэдүүлэг /хх-ийн 26-27 дугаар хуудас/,

Гэрч Ч.Э-ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Миний дүү Ч.Ю2012 онд Ч.А гэх хүнтэй гэр бүл болоод 2013 оны 08 дугаар сарын 05-ны өдөр нөхөртөө зодууллаа гэж надруу утсаар яриад би Арбулаг сумын 2 дугаар багийн Борт гэх газраас Өвөр суга гэх газарт гэрт нь очиж дүүгээ авсан. Тэгэхэд хоолойг нь боосон бололтой урд хэсэгтээ улайж зулгарсан. Мөн нуруу нь хөхөрсөн байсан. Би юунаас болсон гэхэд архи ууж ирээд агсам тавиад зодсон гэж дүү маань надад хэлсэн. Би тэр үед дүүгээ аваад гэртээ ирсэн. Өмнө нь 3-4 удаа зодууллаа гэж утсаар миний дүү ярьж байсан. Хамгийн сүүлд 2018 оны 05 дугаар сарын 23-ны өдөр зодуулсан байдалтай, зүүн талын шанаан тус газарт хөхөрч хавдсан. Хутганы ишээр цохисон гэж дүү маань хэлсэн...2018 оны 07 дугаар сарын 19-ний өдөр манай ургийн баяр болсон. Тэр өдөр манай дүү нөхөртөө зодууллаа хүрээд ирээч гэж над руу ярьсан. Тэр үед нь очиж үзэхэд миний дүүгийн баруун хөл нь хөхөрсөн, нуруу нь хөх алаг болсон байдалтай байсан. 2018 оны 08 дугаар сарын 23-ны өдөр цээж толгойн тус газарт нь зодсон байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 30-32, 136-137 дугаар хуудас/,

Хөвсгөл аймаг дахь шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 436 дугаартай:

1. Ч.Юбиед эрүүн доор, цээжний зүүн хэсэг, нурууны баруун хажуу хэсэг, зүүн бугалганы гадна дунд хэсэг, баруун сарвууны гадна хажуу хэсэг, баруун гуяны гадна дунд хэсэгт цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр тухайн цаг хугацаанд үүссэн байна.

3. Ч.Юбиед үүссэн гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй гэх дүгнэлт /хх-ийн 33 дугаар хуудас/,

Хөвсгөл аймаг дахь шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2013 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн 349 дугаартай:

      1. Ч.Юбиед хүзүү болон баруун хацарт зулгаралт, баруун гуя, баруун зүүн шилбэнд цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо...Ч.Юбиед учирсан гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэх дүгнэлт /хх-ийн 38 дугаар хуудас/,

Эд мөрийн баримтаар тооцох тогтоол, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 139-143 дугаар хуудас/,

Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон Хөвсгөл аймгийн Арбулаг сумын багийн Засаг даргын тодорхойлолт, малын А данс,  иргэний үнэмлэхний лавлагаа,  гэрлэлтийн лавлагаа, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /ХХ-ийн 47-52 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Эрүүгийн 1838006800354 дугаар хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг цуглуулах буюу бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, хангалттай байна гэж шүүх үнэллээ.

Шүүгдэгч Ч.А нь Хөвсгөл аймгийн Арбулаг сумын нутаг Өвөр суга гэх газар 2013 оны 08 дугаар сарын 04-ний өдөр, 2018 оны 3 дугаар сард, 2018 оны 05 дугаар сарын 26-ны өдөр, 2018 оны 07 дугаар сарын 19-ний өдөр, 2018 оны 08 дугаар сарын 23-ны өдөр тус тус өөрийн эхнэр Ч.Юг буюу гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодож, гэр бүлийн хүчирхийлэл  үйлдэх гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шинжлэн судлагдсан шүүгдэгч Ч.Аийн мөрдөн

 шалгах ажиллагааны болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн мэдүүлэг,

Хохирогч Ч.Юмөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 17-20, 131-132-р хуудас/, гэрч Б.Б-ийн /хх-ийн 26-27-р хуудас/, гэрч Ч.Э-ийн /хх-ийн 30-32, 136-137-р хуудас/ мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлгүүд, Хөвсгөл аймаг дахь шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 436 дугаартай дүгнэлт /хх-ийн 33-р хуудас/, Хөвсгөл аймаг дахь шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2013 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн 349 дугаартай дүгнэлт /хх-ийн 38-р хуудас/,

Эд мөрийн баримтаар тооцох тогтоол, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 139-143 дугаар хуудас/ зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч Ч.Аийг гэр бүлийн хүчирхийлэл  үйлдэх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл зөв байна гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч Ч.А нь ял шийтгэлгүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 52 дугаар хуудас/-аар тогтоогдож байна.

Хохирогч Ч.Юнь гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй гэсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

        Шүүгдэгч Ч.А нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа  хохирогчид учруулсан хохирлоо нөхөн төлсөн зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцон үзлээ.

 Шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, анх удаа гэмт хэрэг үйлдсэн, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт амьдардаг, гэр бүлээ тэжээн тэтгэдэг зэрэг хувийн байдлуудыг харгалзан үзэж, түүнд тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авах нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Эрүүгийн 1838006800354 дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан ирсэн цэнхэр өнгийн толгойтой, шаргал өнгийн унь нэг ширхэгийг устгах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

      Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон 

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Ч.АЭрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодсон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.         

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан

 Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан хорих ялыг оногдуулахгүйгээр шүүгдэгч Ч.А1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.   

      3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3, 7.3 дугаар зүйлийн 2.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Ат оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.

      4. Үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авагдсан шүүгдэгч Ч.Ат хяналт тавихыг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

      5. Эрүүгийн 1838006800354 дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан цэнхэр өнгийн толгойтой, шаргал өнгийн унь нэг ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг тухайн шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгасугай.

6. Эрүүгийн 1838006800354 дугаар хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

7. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ч.Ат урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

     8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                Т.ХҮРЭЛБААТАР