Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 01 сарын 23 өдөр

Дугаар 0001

 

 

 

 

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                       

 

2019        01             23                                               01

 

Ч.Ат холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

 

Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Б.Сосорбарам даргалж, ерөнхий шүүгч Ё.Бямбацэрэн, шүүгч Н.Баярхүү нарын бүрэлдэхүүнтэй,

Прокурор: Б.А,

Нарийн бичгийн дарга: П.Х нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар

Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 321 дүгээр шийтгэх тогтоолтой Ч.Ат холбогдох 1838006800354 дугаартай эрүүгийн хэргийг прокурор Б.Амартүвшингийн эсэргүүцлийг үндэслэн 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, Шарнууд овогт Ч-ын А 1988 оны 10 дугаар сарын 05-ны өдөр төрсөн, 30 настай, эрэгтэй, ял шийтгэлгүй /регистрийн дугаар: РБ88100510/.

Шүүгдэгч Ч.А нь Хөвсгөл аймгийн Арбулаг сумын нутаг Өвөр суга гэх газар 2013 оны 8 дугаар сарын 04-ний өдөр, 2018 оны 5 дугаар сарын 26-ны өдөр, 2018 оны 8 дугаар сарын 23-ны өдөр тус тус өөрийн эхнэр Ч.Ю г буюу гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодож, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэрэгт холбогджээ.

Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2018 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 321 дүгээр шийтгэх тогтоолоор шүүгдэгч Шарнууд овогт Ч-н А-ийг гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодсон, гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар шүүгдэгч Ч-ын А т 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.А т оногдуулсан 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1-т заасныг баримтлан шүүгдэгч Ч.А-т оногдуулсан 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялыг 6 /зургаа/ сарын хугацаагаар тэнсэж, түүнд хяналт тавьж ажиллахыг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 1, 2.5 дахь хэсгүүдэд зааснаар шүүгдэгч Ч.А-ийг оршин суух газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг авч, Эрүүгийн 1838006800354 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдоогүй, хохирогч нь гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг дурдаж, шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ч.А-ийн урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

 

Прокурор Б.А эсэргүүцэлдээ ... Шүүх Эрүүгийн хууль буруу хэрэглэсэн гэх үндэслэлтэй байна. Учир нь 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлд заасан “тэнсэх” журам нь өмнө нь үйлчилж байсан 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлд заасан журмаас агуулгын хувьд өөрөөр хуульчлагдсан байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүнд ял оногдуулах нийтлэг журмыг зохицуулсан бөгөөд хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж үзвэл тухайн зүйлд заасан ялыг оногдуулахгүйгээр буюу Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлд заасан журмын дагуу хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлд зааснаар албадлагын арга хэмжээ авахаар шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэж байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар гэмт хэрэг үйлдсэн хүнийг хорих ялаас чөлөөлөхдөө Эрүүгийн хуулийн тусгай ангийн зүйл хэсэгт заасан хорих ялыг оногдуулж, уг ялаас чөлөөлөхөөр хуульчилсан байдаг.

Иймд Ч.А-т холбогдох эрүүгийн хэргийг шийдвэрлэсэн Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 321 дүгээр шийтгэх тогтоолыг хүчингүй болгуулахаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор эсэргүүцэл бичив гэжээ.

Хуралдаанд оролцсон прокурор дүгнэлтдээ: Шийтгэх тогтоолыг хүчингүй болгуулах саналтай байна гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар прокурорын эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх үйл ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Хөвсгөл аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Ч.А-ийг Хөвсгөл аймгийн Арбулаг сумын нутаг Өвөр суга гэх газар 2013 оны 8 дугаар сарын 04-ний өдөр, 2018 оны 5 дугаар сарын 26-ны өдөр, 2018 оны 8 дугаар сарын 23-ны өдөр тус тус өөрийн эхнэр Ч.Ю-г буюу гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодож, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүх хэргийг хянан хэлэлцээд шүүгдэгч Ч.А-г дээрх гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулан уг хорих ялыг 6 сарын хугацаагаар тэнсэж, оршин суух газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч шийдвэрлэсэн дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй байна. Шүүх шүүгдэгч Ч.А-г 2013 оны 8 дугаар сарын 04-ний өдөр, 2018 оны 5 дугаар сарын 26-ны өдөр, 2018 оны 8 дугаар сарын 23-ны өдөр гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай эхнэр Ч.Юмчинсүрэнг зодож, гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэм буруутайд тооцжээ.

Гэтэл 2013 оны 8 дугаар сарын 04-ний өдөр Ч.Юмчинсүрэнгийн бие махбодид гэмтэл учруулсан үйлдэлд Хөвсгөл аймгийн Цагдаагийн газрын хэсгийн төлөөлөгч, цагдаагийн дэслэгч н.Цэнгэлийн 2013 оны 8 дугаар сарын 07-ны өдрийн “Шинжилгээ хийх, шинжээч томилох” тухай тогтоолоор Ч.Ю-д гэмтлийн зэрэг тогтоолгосон баримт хэрэгт авагдсан байх ба энэхүү хэргийг хэрхэн яаж шийдвэрлэсэн нь тодорхойгүй байна. Эрүүгийн хуулиар нэг гэмт хэрэгт нэг удаа ял оногдуулах зарчимтай бөгөөд шүүгдэгчийн 2013 оны 8 дугаар сарын 04-ний өдрийн үйлдлийг хэрхэн шийдвэрлэснийг тодруулсны дараа хэргийг шийдвэрлэх нь зүйтэй гэж үзнэ.

Түүнчлэн хохирогч Ч.Ю-н Хөвсгөл аймгийн Цагдаагийн газарт гаргасан өргөдөлдөө прокурорын яллах дүгнэлтэд заасан дээрх 3 удаагийн үйлдлээс гадна 2017 оны 11 сарын эхээр, 2018 оны 3 сарын сүүлээр, 2018 оны 7 сарын 10, 2018 оны 7 сарын 19-нд тус тус зодуулсан талаар, 2018 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр хохирогчоор мэдүүлэхдээ 2012 оны 8 сард, 2018 оны 7 сарын 19-нд зодуулсан талаар дурдсан байна. Гэтэл энэхүү зодуулсан үйлдлүүдийг мөрдөгч, прокурор шалгаж тогтоогоогүй байна. Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 2-т заасан “хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно” гэснийг болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1.1-14, 1.6-д заасныг тус тус зөрчсөн гэж үзэх юм.

Давж заалдах шатны шүүхээс шүүгдэгчийг аливаа гэмт хэрэгт гэм буруутайд тооцох, гэмт хэргийн зүйлчлэлийг хүндрүүлэн дүгнэх эсэх асуудлыг шийдвэрлэх хууль зүйн зохицуулалт байхгүй тул дээр дурдсан зөрчлүүдийг арилгуулахаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хэргийг буцаав.

Давж заалдах шатны шүүхээс хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж байгаа тул прокурорын эсэргүүцэлд дүгнэлт хийх боломжгүйг дурдах нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.1, 39.6 дугаар зүйлийн 1.2, 39.9 дүгээр зүйлийн 1.3, 2 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 321 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч Ч.А-т холбогдох хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2, 3-т зааснаар шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ  ШҮҮГЧ                                     Б.СОСОРБАРАМ

        ШҮҮГЧИД                                                                       Ё.БЯМБАЦЭРЭН

                                                                                                   Н.БАЯРХҮҮ