| Шүүх | Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сандагийн Цэцэгмаа |
| Хэргийн индекс | 142/2017/0008/Э |
| Дугаар | 000043 |
| Огноо | 2017-03-23 |
| Зүйл хэсэг | 215.3., 216.2., |
| Улсын яллагч | Ц.Идэрмөнх |
Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2017 оны 03 сарын 23 өдөр
Дугаар 000043
Г.Ганзоригт холбогдох эрүүгийн
хэргийн тухай
Хэргийн индекс 142/2017/0008/Э
Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Туяа даргалж, шүүгч С.Уранчимэг, С.Цэцэгмаа нарын бүрэлдэхүүнтэй
Шүүх хуралдаанд:
Прокурор Ц.Идэрмөнх
Шүүгдэгч Г.Ганзориг
Шүүгдэгч өмгөөлөгч Р.Цэрэнханд
Хохирогч С.Чулуунцэцэг
Хохирогчийн өмгөөлөгч З.Баттулга
Нарийн бичгийн дарга Д.Оюунбилэг нарыг оролцуулан
Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 34 дугаар шийтгэх тогтоолтой Г.Ганзоригт холбогдох, 201614000510 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгчийн өмгөөлөгч Р.Цэрэнхандын давж заалдах гомдлыг үндэслэн 2017 оны 02 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, шүүгч С.Цэцэгмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Монгол Улсын иргэн, 1987 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр суманд төрсөн, 30 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, вагон үзэгч мэргэжилтэй, Төмөр замын Эрдэнэт өртөөний вагон ашиглалтын депод үзэгч ажилтай, ам бүл 3, эцэг, эхийн хамт Орхон аймгийн Баян-Өндөр сумын Наран багийн 36-05 тоотод оршин суух, урьд ял шийтгүүлж байгаагүй, ФА-87112711 регистрийн дугаартай, Боржигон овогт Галбадрахын Ганзориг.
Шүүгдэгч Г.Ганзориг нь 2016 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Наран багийн 5 дугаар гудамжны 1 тоот хашааны баруун талын асфальтан авто зам дээр 79-75 ОРХ улсын дугаартай “Тоёото Приус-10” загварын машин жолоодож яваад хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчин зам дээр явж байсан явган зорчигч Ш.Батболдыг мөргөсний улмаас амь насыг нь хохироосон, зам тээврийн осол болсон газрыг санаатай орхиж зугтаасан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2017 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 34 дугаар шийтгэх тогтоолоор:
Шүүгдэгч Боржигон овогт Галбадрахын Ганзоригийг тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын болон ашиглалтын журам зөрчиж бусдын амь насыг хохироосон, зам тээврийн осол гарсан газрыг санаатай орхиж зугтаасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,
Шүүгдэгч Г.Ганзоригийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3.т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хасч, 3 /гурав/ жил 1 /нэг/ сар хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 216 дугаар зүйлийн 216.2.т зааснаар 1 /нэг/ жил хорих ялаар тус тус шийтгэж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1.д зааснаар шүүгдэгч Г.Ганзоригт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3.т зааснаар оногдуулсан 3 жил 1 сар хорих ялд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 216 дугаар зүйлийн 216.2.т зааснаар оногдуулсан 1 жил хорих ялыг багтааж, биечлэн эдлэх ялыг нийт 3 /гурав/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар тогтоож,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5.д зааснаар шүүгдэгч Г.Ганзоригт оногдуулсан З жил 1 сарын хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлэх,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1.д зааснаар шүүгдэгч Г.Ганзоригийн цагдан хоригдсон 13 /арван гурав/ хоногийг түүний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцох,
Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.3, 88.1.7.д зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн Эрдэнэт үйлдвэрийн логотой РОР гэсэн бичигтэй улаан алаг куртик 1 ширхэг, цайвар цэнхэр будаг, цус мэт зүйлээр бохирлогдсон юүдэнтэй цамц 1 ширхэг, хар цагаан судалтай нимгэн давуу өмд 1 ширхэг, саарал давуун материалтай өмд 1 ширхэг, хар даавуун материалтай бор тэлээтэй өмд 1 ширхэг, хар савхин өрөөсөн бээлий 1 ширхэг, хар өнгийн дотоож 1 ширхэг, бор ноосон малгай 1 ширхэг, бол ноосон цамц 1 ширхэг, хар товчтой цагаан футболк 1 ширхэг, хар бор саарал өнгө хосолсон нимгэн ханцуйтай цамц 1 ширхэг, саарал алаг оймс 1 хос, улаан алаг оймс 1 хос, цагаан цэнхэр будаг мэт зүйлээр бохирлогдсон хагас түрийтэй гутал 1 хос, тээврийн хэрэгслийн гуферийн хагархай том, жижиг 2 хэсэг, 5см-н диаметртэй дугуй жижиг толь 1 ширхэг, шил хуванцар мэт зүйлсийн жижиг жижиг олог тооны /гялгар уутанд хийсэн/ хагархай хар савхин өрөөсөн бээлий 1 ширхэг, улаан WEST тамхинs хайрцаг 1 ширхэг, улаан WEST тамхи 3 ширхэг, ногоон асуугуур 1 ширхэг, цус мэт зүйлээр бохирлогдсон самбай даавуу 1 ширхэг, цагаан резинэн бээлийнд боож хийсэн цус мэт зүйлээр бохирлогдсон самбай даавуу 1 ширхэг зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, камерын бичлэг бүхий СД 1 ширхэгийг хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт үлдээж, шүүгдэгч Г.Ганзоригийн №737244 дугаартай жолооны үнэмлэхийг Орхон аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд хүргүүлж, 79-75 ОРХ улсын дугаартай тоёота приус маркийн тээврийн хэрэгслийн №01158909 дугаартай гэрчилгээг эзэмшигчид нь буцаан олгох,
Энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, хохирогч нь хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхтэйг тус тус дурьдаж,
Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Ганзоригт урьд авсан батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорьж, түүний эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тооцохоор шийдвэрлэжээ.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Р.Цэрэнханд давж заалдах гомдолдоо:
Ялтан Г.Ганзориг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3, 216 дугаар зүйлийн 216.2.т заасан гэмт хэрэг үйлдсэн бөгөөд ялтны хийсэн гэмт хэргийн зүйлчлэл болоод гэм буруугийн тал дээр маргахгүй. Анхан шатны шүүх нь түүнд 3 жил 1 сар хорих ял оногдуулж, хорих ялыг биечлэн эдлүүлэхээр шийтгэсэн.
Г.Ганзориг нь анх удаагаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, хохирлоо буюу гэм хорын зардлыг сайн дураараа нөхөн төлсөн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлийн 55.1.д зааснаар хөнгөрүүлэх нөхцөл байдал байгааг харгалзан үзнэ үү.
Мөн төрөлхийн тархи усжих өвчтэй бөгөөд үүний улмаас тархи чөлөөлөх мэс засалд орж байсан, тархины усжилт нь хуйхаараа нэвчдэг, энэ өвчнөөсөө болоод нугас, мэдрэл, харааны төвүүд дарагдсан, биеийн эрүүл мэндийн хувьд хорих ял биечлэн эдлэхэд бэрхшээлтэй, хөдөлмөрийн чадвар алдалт 90 хувиар тогтоогдсон ялтан юм.
Хохирогчид цаашид энэ хэрэгтэй холбоотойгоор гарах бүхий л зардал, нөхөн төлбөрийг төлж барагдуулахаас татгалзахгүй гэдгээ илэрхийлдэг.
Иймд Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 34 дугаар шийтгэх тогтоолын зарим хэсэгт өөрчлөлт оруулан, Г.Ганзоригт ногдуулсан хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1.д заасны дагуу тэнсэж, хянан харгалзаж өгнө үү гэжээ.
Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Ц.Идэрмөнх дүгнэлтдээ:
Шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй байх Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн шаардлагад нийцсэн байна.
Г.Ганзориг нь 2016 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Наран багийн 5 дугаар гудамжны 1 тоот хашааны баруун талын асфальтан зам дээр 79-75 ОРХ улсын дугаартай, “Тоёота приус-10” маркийн машин жолоодож замын хөдөлгөөнд оролцож явахдаа хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчин явган зорчигч Ш.Батболдыг мөргөсний улмаас амь насыг нь хохироосон, зам тээврийн осол болсон газрыг санаатай орхиж зугтаасан гэмт хэрэг тус тус үйлдсэн болох нь :
Хавтаст хэрэгт авагдсан хохирогч С.Чулуунцэцэгийн “...Миний нөхөр Ш.Батболд нь 2016 оны 11 дүгээр сарын 10-ны орой осолд орж нас барсан..., Шөнийн 12 цагийн үед осолд орсныг нь мэдсэн...” гэсэн мэдүүлэг, шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, зам тээврийн осол гаргасан талаар мэдүүлсэн гэрч Ш.Гүррагчаа, Ж.Амарсанаа, П.Жавзандулам, Б.Батзаяа нарын мэдүүлгүүд, талийгаач Ш.Батболдын биед учирсан гэмтэл, үхлийн шалтгааныг тогтоосон Орхон аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2016 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 72 дугаар дүгнэлт, амь хохирогч явган зорчигч Ш.Батболд, жолооч Г.Ганзориг нар нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрэм зөрчсөнөөс зам тээврийн осол гарсан талаарх Орхон аймгийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн шинжээчийн 111 дугаартай дүгнэлт, хэрэг учралын газраас хураан авч шинжилгээнд ирүүлсэн тээврийн хэрэгслийн эд зүйлд шинжилгээ хийсэн шинжээчийн 142 дугаар дүгнэлт зэрэг хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон, хэргийг зүйлчилсэн хуулийн зүйл хэсэг зөв, анхан шатны шүүх түүнд хуульд заасан ял оногдуулжээ.
Шүүгдэгч Г.Ганзоригт холбогдох эрүүгийн хэргийн мөрдөн байцаалтын ажиллагааг хуульд заасан үндэслэл журмын дагуу хийж гүйцэтгэсэн, шүүх хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчөөгүй байна.
Шүүгдэгч Г.Ганзориг хэрэг хэлэлцэх ажиллагааны явцад хохирогч С.Чулуунцэцэгийн нэхэмжилсэн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нотлох баримтын хэмжээнд нөхөн төлсөн байх ба анхан шатны шүүх хохирогчийг цаашид гарах хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхтэйг нь дурьдаж шийдвэрлэсэн байна.
Харин шүүгдэгч Г.Ганзориг нь анх удаа хүндэвтэр гэмт хэрэг болгоомжгүй үйлдсэн, гэмт хэргийн улмаас учирсан материаллаг хохирлыг нөхөн төлсөн, үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа, түүний хувийн болон биеийн эрүүл мэндийн байдал хохирогчийн гаргасан “...бид гомдол саналгүй, оршуулгын зардлын төлсөн, цаашид гарах зардлыг иргэний журмаар нэхэмжлэнэ..., түүнд хорихоос өөр төрлийн ял оногдуулж өгнө үү...” гэсэн санал, хүсэлт зэргийг харгалзан үзэж Г.Ганзоригт оногдуулсан хорих ялыг тэнсэж хянан харгалзах боломжтой гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Иймд энэ талаар шийтгэх тогтоолд нэмэлт өөрчлөлт оруулж, шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан “...Г.Ганзоригт оногдуулсан хорих ялыг тэнсэж хянан харгалзана уу...” гэсэн давж заалдах гомдлыг хүлээн авах нь зүйтэй гэж үзлээ.
Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.4, 324 дүгээр зүйлийн 324.1, 325 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 34 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт :
- Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4.д зааснаар Г.Ганзоригт оногдуулсан 3 жил 1 сар хорих ялыг тэнсэж, 2 жилийн хугацаагаар хянан харгалзаж, түүний засрал хүмүүжилд хяналт тавихыг Орхон аймгийн Цагдаагийн газарт даалгасугай гэсэн заалт нэмж, шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
2. Г.Ганзоригт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг нь өөрчилж, бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
3.Шүүгдэгчийн өмгөөлөгч Р.Цэрэнхандын давж заалдах гомдлыг хүлээн авсугай.
4 .Давж заалдах шатны шүүх хэрэг хянан хэлэлцэхдээ эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн, эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзвэл шүүгдэгч, хохирогч болон тэдгээрийн өмгөөлөгч магадлал гардан авснаас хойш 14 хоногийн дотор хяналтын шатны шүүхэд гомдол гаргах, Улсын ерөнхий прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.ТУЯА
ШҮҮГЧИД С.УРАНЧИМЭГ
. С.ЦЭЦЭГМАА