Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 10 сарын 31 өдөр

Дугаар 221/МА2019/0564

 

2019 оны 10 сарын 31 өдөр           Дугаар 221/МА2019/0564                          Улаанбаатар хот

Ч.Ч-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч О.Номуулин даргалж, шүүгч С.Мөнхжаргал, Ц.Цогт нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Отгон-Өлзий, нэхэмжлэгч Ч.Ч нарыг оролцуулан Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн 124/ШШ2019/0006 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын дагуу Ч.Ч-ийн нэхэмжлэлтэй, Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд холбогдох захиргааны хэргийг шүүгч Ц.Цогтын илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн 124/ШШ2019/0006 дугаар шийдвэрээр: Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1, 18 дугаар зүйлийн 18.1.1.а-д заасныг баримтлан нэхэмжлэгч Ч.Ч-ийн “Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч С.А-ыг огцруулах тогтоол гаргахгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, С.А-ыг огцруулах тогтоол гаргахыг даалгах тухай” нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: “… Анхан шатны шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэлтэй болж чадаагүй гэж үзэж байна. Увс аймгийн Иргэдийн хурлын төлөөлөгч С.А нь Увс аймаг дахь Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 62 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцогдож 900.0 мянган төгрөгийн торгох ялаар шийтгүүлсэн болно. Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.4 дүгээр зүйлд “гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн хүчин төгөлдөр шийтгэх тогтоолоор батлагдсан” тохиолдолд хурлын төлөөлөгчийн бүрэн эрхийг хугацаанаас нь өмнө дуусгавар болгох ба энэ тохиолдолд хурал “огцруулах тогтоол” гаргахаар хуульчилсан болно. Гэтэл аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал нь одоо болтол энэхүү ялтай төлөөлөгчид хуулинд заасан нөхцөлөөр үүргээ биелүүлэхгүй байгаа тул энэ талаар Увс аймгийн Ардчилсан нам удаа дараа Увс аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын даргад шаардлага хүргүүлж байжээ. Увс аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлыг төлөөлөгч Д.Ц захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч огцруулах талаар энэ хэргийг шүүж буй Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч татгалзсан шийдвэр гаргасан болно.

С.А нь иргэн Ч.Ч миний биетэй Увс аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлыг сонгох сонгуульд нэг тойрогт өрсөлдөөн бөгөөд хэрэв С.А огцорвол нөхөн сонгууль болох бөгөөд энэ сонгуульд миний бие нэр дэвшин өрсөлдөх боломжтой болох болно. Өөрөөр хэлбэл С.А-ыг огцруулахгүй байгаа нь миний сонгуульд өрсөлдөх, сонгогдох эрхэнд нөлөөлж байна. Гэтэл анхан шатны шүүх дүгнэхдээ “… Ч.Ч дараагийн төлөөлөгчөөр сонгогдох боломжтой гэсэн таамаглалд үндэслэж нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөгдөнө гэж үзэх боломжгүй болно...” гээд нэхэмжлэгчийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Миний зүгээс нөхөн сонгуульд ялна, төлөөлөгчөөр сонгогдоно гэж огт хэлээгүй бөгөөд зарлаагүй сонгуульд ялах эсэх нь тодорхойгүй юм. Харин Монгол улсын Үндсэн хуульд заасан шударга ёсны, хууль дээдлэх, тэгш эрхийн зарчим алдагдаад байгаа тул С.А-ыг “огцруулах ёстой”. Ингэснээр нөхөн сонгууль явуулах, Монгол улсад мөрдөгдөж байгаа хууль хэрэгжих боломж нээгдэх бөгөөд миний бие сонгуульд нэрээ дэвшүүлэх, шударгаар өрсөлдөх боломжтой болно. С.А-ыг огцруулахгүй байгаа нь миний хууль ёсны ашиг сонирхлыг хөндөж байна гэж нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ тайлбарласан боловч шүүгч өөрөөр тайлбарлаж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй болжээ.

Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч С.А-ыг огцруулах тухай тогтоолын төслийг Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 9 дүгээр хуралдаанаар авч хэлэлцээд 26 төлөөлөгч татгалзсан нь “Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 18.1.1.а заалтад заасан хурлын онцгой бүрэн эрхэд хамаарна.” Гэж шүүх дүгнэжээ. Хавтаст хэрэгт огцруулах тухай тогтоолын төсөл, хурлын төлөөлөгч нарт тараасан материалын хувь, хугацаа, цахим санал хураалтын дүн, санал хураалтын томьёоллын төсөл, ирц зэрэг олон нотлох баримтыг хавсарган хэргийг шийдэхдээ үндэслэл болгох нь шүүгчийн үүрэг атал ийм зүйл огт хийгээгүй нь хэт нэг талыг барьж энэ асуудлаар шүүгч өөрийн өмнө гаргасан шийдвэрээ хамгаалж шүүгчийн эрхээ өөрт ашигтайгаар хэтрүүлсэн хэрэглэж хариуцагчид давуу эрх олгосон гэж үзэж байна. Хурлын төлөөлөгчийн бүрэн эрх нь хурлын онцгой бүрэн эрх гэдгийг яаж ойлгох вэ? Үүнийг би ойлгохдоо “иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын анхдугаар хуралдаанаар хурлын төлөөлөгчдийн бүрэн эрхийг хүлээн зөвшөөрөх болон хуульд заасан үндэслэлээр чөлөөлөх асуудлыг хэлэлцэн шийдвэрлэхэд хэрэглэнэ.” Гэж үзэж байна. Харин шүүхийн хүчин төгөлдөр шийтгэх тогтоолоор ял шийтгүүлсэн этгээдийг огцруулах асуудлыг хэлэлцэхэд хуулийн энэ эрх хамааралгүй юм. Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 9 дүгээр хуралдаанаар шүүхийн шийдвэрээр ял шийтгэлтэй нь тогтоогдсон С.А-ыг огцруулах асуудлыг төлөөлөгчдийн санал хураалтаар шийдвэрлэж байгаа нь шүүхийн шийдвэрийг дахин “хянаж” байгаа хуульд нийцээгүй асуудал юм. Энэ нь туйлын буруу зүйл бөгөөд цаашид ийм буруу жишгийг дэмжсэн шүүгчийн шийдвэр хэрэгжих тохиолдолд орон нутгийн бүх шатны хурал хуулиас дээгүүр эрх мэдэлтэй болж хүчин төгөлдөр “шүүхийн шийдвэрийг дахин шүүн хэлэлцэж” шүүхийн үүргийг гүйцэтгэж Монгол улсад хууль хэрэгжих боломжгүй болно гэдгийг анхан шатны шүүхийн шүүгч авч үзэхгүйгээр шийдвэр гаргаж байгаад нэхэмжлэгч би туйлын ихээр харамсаж байна. Зүй нь хуульд заасан заалтын хүрээнд төлөөлөгчийг огцруулах тогтоолын төслийг хуралдаанд танилцуулаад түүнийгээ ёсчлоод явах ёстой атал энэ хууль бус хурлын үйлдлийг шүүх шийдвэрээрээ зөвтгөн тайлбарлаж байгааг ойлгохгүй байна. Дээр дурдсан Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн заалтыг хурал хэрхэн биелүүлэх үүрэгтэйг шүүгч авч үзэхгүй байгаа нь хариуцагчид илт давуу боломж олгосон гэж үзэхээр байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэрийг дараах үндэслэлээр хүчингүй болгож, нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч нарын давж заалдах гомдлыг хангаж шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгч Ч.Ч-ээс Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд холбогдуулан “Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч С.А-ыг огцруулах тогтоол гаргахгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, С.А-ыг огцруулах тогтоол гаргахыг даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргажээ.

1. Анхан шатны шүүх “хурлын төлөөлөгч С.А-ыг огцруулах хуульд заасан үндэслэл үүссэн байгаа боловч С.А-ын бүрэн эрхийн асуудлыг аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэсэн нь Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1, 18 дугаар зүйлийн 18.1.1.а-д зааснаар хурлын төлөөлөгчийн бүрэн эрхийн тухай асуудал нь аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын өөрийн онцгой бүрэн эрхэд хадгалагдахаар зохицуулагдсан зохицуулалттай нийцсэн гэж үзнэ” гэж дүгнэжээ.

Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18.1-д “... дараахь асуудлыг өөрийн онцгой бүрэн эрхэд хадгалж хэрэгжүүлнэ” гэж заасан хурлын онцгой бүрэн эрх гэдэг нь зөвхөн тухайн шатны иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь хуульд заасан бүрэн эрхийг (иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид биш) хэрэгжүүлэх эрх байна.

Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18.1.1.а-д “Хурлын төлөөлөгчийн бүрэн эрхийн асуудал” гэж заасан нь хурлын төлөөлөгчийн бүрэн эрх үүсэх, дуусгавар болох асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх талаарх ерөнхий зохицуулалт байна. Харин тус хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.4-д заасан “гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн хүчин төгөлдөр шийтгэх тогтоолоор батлагдсан” тохиолдолд хурлын төлөөлөгчийн бүрэн эрх хугацаанаасаа өмнө дуусгавар болгох хуулийн заалт нь төлөөлөгчийн бүрэн эрхийн асуудлаарх тусгай зохицуулалт байна.

Хэрэв Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1-д заасан нөхцөл байдал бий болсон тохиолдолд гагцхүү огцруулах тогтоол гаргахаар тусгайлан хуульчилсан байгаа тул хурал огцруулах тогтоол гаргах үүрэгтэй байна.

Өөрөөр хэлбэл, Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18.1.1.а-д зааснаар хурлын төлөөлөгчдийн бүрэн эрхийн асуудлыг хурал хэлэлцэж шийдэхээр ерөнхий байдлаар зохицуулсан боловч мөн хуулийн 13 дугаар зүйлийн 13.2-т хурлын төлөөлөгч “гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн хүчин төгөлдөр шийтгэх тогтоолоор батлагдсан” тохиолдолд хурлын төлөөлөгчийг огцруулах тогтоол гаргахаар тусгайлан хурлаас гаргах шийдвэрийг хуульчлан заажээ.

Энэ тохиолдолд хуулиар тодорхой шийдвэр гаргахыг үүрэг болгосон уг шийдвэрийг ямар үед гаргах талаарх хуульд заасан нөхцөл бий болсон нь тогтоогдсон байхад уг шийдвэрийг гаргахгүй байгаа хариуцагчийн үйлдэл нь хууль бус байна.  

2. Анхан шатны шүүхээс  “нэхэмжлэгч Ч.Ч өмнөх орон нутгийн сонгуульд гуравдагч этгээд С.А-тай Увс аймгийн сонгуулийн 26 дугаар тойрогт өрсөлдөж байсан байх ба С.А-ыг огцруулсан тохиолдолд Ч.Ч нь дараагийн төлөөлөгчөөр сонгогдох боломжтой гэх таамаглалд үндэслэж, нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөгдөнө гэж үзэх боломжгүй болно” гэж дүгнэсэн нь буруу болжээ.

Хариуцагч Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын С.А-ыг огцруулахгүй байгаа үйлдэл нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй гэж үзэх үндэслэлгүй байх ба нэхэмжлэгч нь тухайн тойргийн оршин суугч байна. Мөн нэхэмжлэгч нь гуравдагч этгээд С.А-тай тухайн тойрогт 2016 оны Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуульд өрсөлдөж байсан ба нөхөн сонгууль явуулах нөхцөл бүрдсэн үед дахин нэр дэвшиж уг сонгуульд өрсөлдөх хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөж байна хэмээн нэхэмжлэлийнхээ үндэслэлийг тайлбарлаж буй тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д заасны дагуу захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар нэхэмжлэл гаргах эрхтэй байна.

Иймд Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд заасан үүргээ хэрэгжүүлж, гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн хүчин төгөлдөр шийтгэх тогтоолоор батлагдсан хурлын төлөөлөгч С.А-ыг огцруулах тогтоол гаргахгүй байгаа үйлдэл нь хууль бус бөгөөд нэхэмжлэгчийн хууль ёсны эрх ашиг хөндөгдсөн байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, С.А-ыг огцруулах тогтоол гаргахыг хариуцагчид даалгаж шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1.2-т заасныг баримтлан

ТОГТООХ нь:

1. Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн 124/ШШ2019/0006 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.4, 13.2-т заасныг тус тус баримтлан Ч.Ч-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас төлөөлөгч С.А-ыг огцруулах тогтоол гаргахгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, С.А-ыг огцруулах тогтоол гаргахыг хариуцагч Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд даалгасугай.  

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.3 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн өмгөөлөгч нараас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын төсвөөс гаргуулж буцаан олгосугай

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж үзвэл хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ШҮҮГЧ                                                           О.НОМУУЛИН

ШҮҮГЧ                                                           С.МӨНХЖАРГАЛ

ШҮҮГЧ                                                           Ц.ЦОГТ