Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 03 сарын 06 өдөр

Дугаар 194

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

         Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Отгонбаяр даргалж,

Нарийн бичгийн дарга: Т.Сарантуяа,  

Улсын яллагч: Н.Энхболд,

Хохирогч: Б.Б,

Шүүгдэгч: С.Сөөрөө өөрийгөө өмгөөлөн тус шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1  дэх хэсэгт заасан гэмт хэрэгт С.С-д холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1805059411224 дугаартай хэргийг 2019 оны 02 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, С.С-,   ...., 36 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, барилгын засал чимэглэлч мэргэжилтэй, “.... ам бүл 3, эх, охины хамт Баянгол дүүргийн 10 дугаар хороо, Зүүн Нарангийн 11-98 тоотод оршин суух, урьд ..... тоот регистртэй,

Шүүгдэгч С.Снь 2018 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр Баянгол дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Цэ” пабын гадна хохирогч Б.Бтай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан зодож эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч С.С-ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж мэдүүлэх зүйлгүй. Үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна” гэв.

Хохирогч Б.Бын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Би тухайн өдөр М, Ш гэх 2 найзтайгаа хамт бааранд сууж байгаад манай найз охин М түрүүлээд гарахаар нь би араас нь гарсан чинь манай найз охин нэг хүнтэй маргалдаад зогсож байхаар нь би очоод маргалдсан. Намайг С цохиход би ухаан алдаад унасан. Би цаашид эмчилгээ хийлгэх шаардлагатай байгаа. Одоо 3 дугаар сарын сүүлээр дахин эмнэлэгт хэвтэх гэж байгаа. Би 1.359.463 төгрөг болон цаашид гарах эмчилгээний зардлаа нэхэмжилж байна...” гэв.

Хохирогч Б.Бын мөрдөн байцаалтад өгсөн: “...М, Ш 2 үл таних хүмүүстэй хэрэлдээд зогсож байсан. Тэр үед М гэх манай найз охиныг намхан бор цамцтай ах хэл амаар доромжлоод байхаар нь би чи яахаараа манай найз охиныг доромжилдог юм бэ гээд цохих гэтэл оноогүй, гэтэл хажуунаас нэг хүн цохиод би ухаан алдсан. Би тэр үед болсон явдлыг сайн санахгүй байна...” гэсэн мэдүүлэг /хх-н 06-07/,

Гэрч Б.Мгийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Би цонхоор хартал манай машиныг нэг хүн гараараа цохиж байсан. Тэгэхээр нь бид 2 гараад машин цохиж байсан хүнд “хандаж та яагаад манай машиныг өшиглөөд байгаа юм бэ” гэхэд “та нарт ямар хамаатай юм бэ пиздаа минь, тэгээд бас янханууд минь, та нарт ямар хамаатай юм бэ” гээд хэл амаар доромжилж эхэлсэн. Гэтэл цаанаас нь нэг хар хувцастай ах гарч ирээд надаас уучлаарай ахын дүү манай найз жоохон ууртай байгаа юм гэсэн. Тэр үед нөгөө намхан бор цамцтай залуу нь намайг аймар хараагаад байсан. Тэгтэл манай найз Ш пабаас гарч ирээд юу болсон талаар асуугаад яагаад маргалдаад байгаа юм гэсэн. Тэр үед манай найз залуу пабаас гарч ирээд яагаад манай найз охиныг хэл амаар доромжлоод байгаа юм бэ гээд нөгөө хар куртиктэй залууг цохих гэтэл нөгөө хүн бултсан. Тэгээд нөгөө хар куртиктэй ах манай найз залууг хойш нь түлхэж унагаагаад гараараа цохиод бас өшиглөсөн. Тэгээд зодооныг салгаад нөгөө хүмүүс паб руу ороход хамт явж байсан эмэгтэй хүмүүс нь гарч ирээд бид нар руу хэл амаар доромжилж дайраад хохь нь шүү жоохон юм байж, бид нар шүүх, цагдаад таньдаг хүнтэй, та нар барахгүй гээд байхаар нь цагдаа дуудсан. Удалгүй цагдаа ирээд нөгөө хүмүүсийг авч явахаар нь бид нар Б-ыг эмнэлэг рүү авч явсан...” гэсэн мэдүүлэг /хх-н 21-22/,

Гэрч Х.Б-ийн мөрдөн байцаалтад өгсөн: “...тухайн өдөр Сын төрсөн өдөр болоод бид найзуудаараа цугласан. Тэгээд тэнд ууж сууж байгаад найз Г бид хоёр маргалдаж эхэлсэн. Тэгэж маргалдаж байхдаа Г нэг саарал өнгийн соната-6 маркийн машиныг надтай маргалдсан уурандаа өшиглөсөн. Тэр үед машины эзэн болох үл таних залуу бид хоёр руу хандаж яагаад машин өшиглөөд байгаа юм бэ гэсэн. Тэр үед би болон манай найз С бид хэд нөгөө хүнээс уучлалт гуйгаад машин тэрэг чинь гэмтэлгүй байна, найзыгаа аваад орчъё гэхэд үл таних цэнхэр өнгийн ноосон цамцтай залуу миний нүүр рүү гараараа нэг удаа цохьсон. Тэгэхээр нь манай найз С нөгөө цэнхэр цамцтай залууг нүүр рүү нь 2-3 удаа гараараа цохиход нөгөө залуу газар унасан гэтэл удалгүй цагдаа ирээд С, Г нарыг аваад явсан...” гэсэн мэдүүлэг /хх-н 19-20/,

Гэрч Г.Шын мөрдөн байцаалтад өгсөн: “...намхан залуу нь Мг хэл амаар доромжлоод байх үед пабаас Б- гарч ирж таарсан. Тэгээд Мг хэл амаар доромжлоод байсан залууг цохих гэж оролдоход нөгөө хүнийг оноогүй, тэр үед бид нараас уучлалт гуйгаад байсан хар куртиктэй залуу Б-ын нүүр рүү нь цохиод хойш нь татаж унагаагаад нуруу руу нь 2-3 удаа өшиглөсөн...” гэсэн мэдүүлэг /хх-н 23-24/,

Шинжээчийн 189 тоот дүгнэлтэд: “...Б.Бын биед тархины баруун тал бөмбөлөгийн духны дэлбэнгийн голомтлог няцрал, духны баруун талд зулгаралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл, тархины эдийн эмгэгшил тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонгид нөлөөлөхгүй. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна...” гэсэн дүгнэлт /хх-н 120-123/,

Яллагдагчаар С.С-ын мөрдөн байцаалтад өгсөн: “...Гийг аваад уг паб руу ороход Баатарсүх машинаас бууж ирсэн залуутай юм яриад үлдсэн. Би Гийг паб руу оруулаад гарч ирэхэд нэг согтуу цэнхэр өнгийн цамцтай залуу Баатарсүхийн нүүрэн тус газар нь гараараа цохьсон. Тэгэхээр нь би яаж байгаа юм бэ гээд нөгөө цэнхэр цамцтай залууг хажуугаас нь нүүр рүү нь цохиход намайг буцааж цохьсон. Тэгээд бид хоёр зууралдаж байгаад би унагаагаад дээр нь гараад 2 удаа нүүр рүү нь цохьсон, бас цээж рүү нь өшиглөсөн. Тэгээд манай найзууд салгасан. Бид нар паб руу ороод удаагүй байхад цагдаа нар орж ирсэн...” гэсэн мэдүүлэг /хх-н 29-30/,

Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-н 2/, Хохирогчийн өргөдөл /хх-н 3/, хохирогчийн эмчилгээтэй холбоотой баримтууд /хх-н 10-13, 103-109, 111-119/, шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-н 31-40/, Хохирлын баримтууд /хх-н 51-55, 134/, Хохирол төлсөн баримт /хх-н 59/, хохирогчийн өвчний түүх /хх-н 94-101/, эд мөрийн баримтаар тооцох мөрдөгчийн тогтоол /хх-н 128/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үнэлэв.

Шүүгдэгчийн гэм буруу болон хохирол, хор уршигийн талаар:

Шүүгдэгч С.Снь 2018 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр Баянгол дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Цэ” пабын гадна хохирогч Б.Быг найзтай нь маргалдаж байх үед хажуунаас нь цохиж унагаан зодож эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэм буруутай болох нь:

Шүүгдэгчийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүх хуралдаанд үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд, хохирогч Б.Бын: “...М гэх манай найз охиныг намхан бор цамцтай ах хэл амаар доромжлоод байхаар нь би чи яахаараа манай найз охиныг доромжилдог юм бэ гээд цохих гэтэл оноогүй, гэтэл хажуунаас нэг хүн цохиод би ухаан алдсан. Би тэр үед болсон явдлыг сайн санахгүй байна...” гэсэн мэдүүлэг /хх-н 06-07/, гэрч Б.Мгийн: “...манай найз залуу пабаас гарч ирээд яагаад манай найз охиныг хэл амаар доромжлоод байгаа юм бэ гээд нөгөө хар куртиктэй залууг цохих гэтэл нөгөө хүн бултсан. Тэгээд нөгөө хар куртиктэй ах манай найз залууг хойш нь түлхэж унагаагаад гараараа цохиод бас өшиглөсөн...” гэсэн мэдүүлэг /хх-н 21-22/, гэрч Х.Б-ийн: “...Тэр үед би болон манай найз С бид хэд нөгөө хүнээс уучлалт гуйгаад машин тэрэг чинь гэмтэлгүй байна, найзыгаа аваад орчъё гэхэд үл таних цэнхэр өнгийн ноосон цамцтай залуу миний нүүр рүү гараараа нэг удаа цохьсон. Тэгэхээр нь манай найз С нөгөө цэнхэр цамцтай залууг нүүр рүү нь 2-3 удаа гараараа цохиход нөгөө залуу газар унасан гэтэл удалгүй цагдаа ирээд С, Г нарыг аваад явсан...” гэсэн мэдүүлэг /хх-н 19-20/, гэрч Г.Шын: “...намхан залуу нь Мг хэл амаар доромжлоод байх үед пабаас Б- гарч ирж таарсан. Тэгээд Мг хэл амаар доромжлоод байсан залууг цохих гэж оролдоход нөгөө хүнийг оноогүй, тэр үед бид нараас уучлалт гуйгаад байсан хар куртиктэй залуу Б-ын нүүр рүү нь цохиод хойш нь татаж унагаагаад нуруу руу нь 2-3 удаа өшиглөсөн...” гэсэн мэдүүлэг /хх-н 23-24/, шинжээчийн 189 тоот дүгнэлт болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

Шүүгдэгч С.С-ын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол  санаатай учруулах” гэмт хэргийн бүх шинжийг хангасан байх тул түүнд холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч С.Снь хохирогчийг цохиж, зодон эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан нь өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан үйлдэл болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэлээ.

Шүүгдэгч нь гэм буруугийн талаар маргаагүй бөгөөд улсын яллагчийн шүүгдэгчийг гэм буруутай гэсэн дүгнэлт нь үндэслэлтэй байна.

Уг гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Б.Бын биед хүндэвтэр хохирол учирсан болох нь шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон байна.

Шүүгдэгч С.Снь хохирогчид учирсан хохирлоос 1.655.000 төгрөг төлсөн ба хэрэгт авагдсан болон хохирогчийн шүүхэд Шр гаргаж өгсөн хохирлын баримтаар тогтоогдсон үлдэх 1.269.663 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж хохирогч Б.Бд олгохоор шийдвэрлэв.

Хохирогч нь шүүхийн хэлэлцүүлэгт цаашид эмнэлэгт хэвтэж эмчилгээ хийлгэнэ, мөн цаашид дахин эмчилгээ хийлгэх бол хохирлоо нэхэмжилнэ гэж  байх тул хохирогч нь хор уршгийн талаарх нотлох баримтаа бүрдүүлж иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдах нь зүйтэй.

Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүх шүүгдэгч С.С-ын үйлдсэн гэмт хэрэг нь нотлогдон тогтоогдсон тул түүнийг гэм буруутайд тооцсон бөгөөд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

Шүүгдэгч нь С.Снь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.

Шүүгдэгчид ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийг 500 нэгж буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргасан ба шүүх шүүгдэгч С.С-ын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, түүний хувийн байдал, хохирогчийн хохирлыг бүрэн төлж барагдуулаагүй, хохирогч цаашид эмчилгээний зардлаа нэхэмжилнэ гэж мэдүүлсэн, шүүгдэгч нь тодорхой эрхэлсэн ажил, цалин орлогогүй зэргийг харгалзан улсын яллагчийн торгох ял оногдуулах саналыг хүлээн авах боломжгүй гэж үзэн шүүгдэгчид нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах нь зүйтэй гэж дүгнэлээ.

Шүүгдэгч нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 4 ширхэг сидийг хэрэгт хавсаргахаар шийдвэрлэв.

Шүүгдэгч С.Снь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй болно.

Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.2,  36.6,  36.7,  36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон  ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч С.С-ыг “хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.С-ыг 350 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Снь шүүхээс оногдуулсан 350 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийг нэг хоног хорих ялаар тооцож солихыг мэдэгдсүгэй.  
  4. Энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогчид 1.655.000 төгрөг төлсөн болохыг тус тус дурдсугай.
  5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.С-аас 1.269.663 төгрөг гаргуулж хохирогч Б.Бд олгосугай.
  6. Хохирогч Б.Б нь нь хор уршгийн талаарх нотлох баримтаа бүрдүүлж иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.
  7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 4 ширхэг сидийг хэрэгт хавсаргасугай.
  8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
  9. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.С-т хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

 

 

                  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Ч.ОТГОНБАЯР