Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 04 сарын 25 өдөр

Дугаар 381

 

 

 

 

 

 

 

 

 

         С.Ст холбогдох эрүүгийн

        хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Очмандах даргалж, шүүгч Ц.Оч, Ш.Бат-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

                                                        

            прокурор Н.Энхболд,

            хохирогч Б.Буянжаргал,

шүүгдэгч С.С,

            нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Отгонбаяр даргалж шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2019 оны 3 дугаар сарын 06-ны өдрийн 194 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч С.Сын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн С.Ст холбогдох ....................дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр хүлээн авч, шүүгч Ш.Бат-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

           

Боржигин овгийн Сосорбарамын С.С, 1983 оны 11 дүгээр сарын 8-ны өдөр Улаанбаатар хотод  төрсөн, 35 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, барилгын засал чимэглэлч мэргэжилтэй, “Хүннү Вила” ХХК-д засалчин ажилтай, ам бүл 3; эх, хүүхдийн хамт амьдардаг, ...................... тоотод оршин суух хаягтай,

Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2000 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн 439 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 124 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 жилийн хорих ялаар шийтгүүлж, таслан шийдвэрлэх тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулсан, /РД: ................./,

 

С.С нь 2018 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр Баянгол дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Цэ” пабын гадна хохирогч Б.Буянжаргалтай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан зодож эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол  санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Баянгол дүүргийн прокурорын газраас: С.Сын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч С.Сыг “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Сыг 350 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.С нь шүүхээс оногдуулсан 350 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийг нэг хоног хорих ялаар тооцож солихыг мэдэгдэж, энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогчид 1,655,000 төгрөг төлсөн болохыг тус тус дурдаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Саас 1,269,663 төгрөг гаргуулж хохирогч Б.Буянжаргалд олгож, хохирогч Б.Буянжаргал нь нь хор уршгийн талаарх нотлох баримтаа бүрдүүлж иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 4 ширхэг CD-ийг хэрэгт хавсаргаж шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгч С.С давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулсныг дахин нягтлан үзэж торгуулийн ялын доод хэмжээгээр торгох ял оногдуулж өгнө үү. Үүнд:

Хохирогч Б.Буянжаргалын биед анх шинжээч эмч дүгнэлт гаргахдаа хөнгөн хохирол учирсан гэсэн ч дахин дүгнэлт гаргаад хүндэвтэр хохирол учирсан гэдэг тул эргэлзээтэй байгаа тул дахин шинжээч томилох үндэслэлтэй байсан.

С.С миний бие ам бүл 3, ээж Энхтуяа нь 59 настай, үе мөчний өвчтэй, гэртээ байдаг. Манай охин С.Номин  одоо 11 настай, 5 дугаар ангид сурдаг, хүүхдийг маань хичээл сургуульд нь хүргэж өгч надад тусалдаг. Охины маань ээж 1 ойтой байхад нь салаад, шүүхээр гэрлэлтээ цуцлуулж, би хүүхдээ өөрийнхөө асрамжинд 2009 онд авсан.

Миний бие “Хүннү Вила” ХХК-д засалчинаар 2 жил ажиллаж байгаа бөгөөд 3 сараас 12 сар хүртэл улирлын чанартай ажил хийдэг бөгөөд сард 900,000 төгрөгийн цалин сар сардаа авдаг.

Хохирогч Б.Буянжаргалд мөрдөн байцаалтын шатанд 1,655,000 төлсөн. Сүүлд нотлох баримтаар анхан шатны шүүхэд гаргаж өгсөн эмчилгээний төлбөр болох 1,269,663 төгрөгийг нөхөн төлнө.

Миний ажил 2019 оны 3 дугаар сарын 20-ноос эхэлсэн ба би цалин хөлсөө аваад хохирлоо төлж барагдуулна. Мөн торгуулийн ялын төлбөрийг бүрэн төлөх боломжтой бөгөөд би охиноо 1 настайгаас нь өсгөж хүмүүжүүлж эхийнх нь үүрэг, эцгийнх нь үүргийг биелүүлж олон жил асран хамгаалж байгаа бөгөөд амьдралын төлөө шудрагаар хөдөлмөрлөж байгаа билээ.

Миний бие үйлдсэн хэрэгтээ гэмшиж байгаа бөгөөд цаашид дахин гэмт хэрэг үйлдэхгүй, ажил хөдөлмөрөө эрхлээд үр хүүхдээ өсгөж хүмүүжүүлээд явна. Миний бие эрхэлсэн ажил төрөлтэй тул нийтэд тустай ажил амьдралд минь хүндхэн тус ч байгаа тул хөнгөрүүлэн торгуулийн ялын доод хэмжээ болох 450 нэгжээр торгож өгнө үү...” гэв.

 

Хохирогч Б.Буянжаргал тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Миний бие одоогоор эмчилгээ хийлгэж байгаа. Хохиролоо яаралтай гаргуулж авмаар байна ...” гэв.

 

Оролцсон прокуророос тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... шүүгдэгч С.Ст анхан шатны шүүхээс “350 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оноож шийдвэрлэсэн нь гэм бурууд нь тохирсон, хуульд нийцсэн гэж үзэж байна ...” гэв.    

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт тус тус зааснаар гомдлыг хянан шийдвэрлэхдээ анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг давж заалдсан гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж, хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.

 

Хэргийг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.

 

С.С нь 2018 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр Баянгол дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Цэ” пабын гадна хохирогч Б.Буянжаргалтай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан зодож эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол  санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

 

хохирогч Б.Буянжаргал /хх 4-7, 49-50, 123-130/, гэрч Б.Мядагмаа /хх 21-22/, Х.Баатарсүх /хх 19-20/, Г.Шинэбаяр /хх 23-24/ нарын мэдүүлгүүд,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шүүх эмнэлгийн шинжээчийн 189 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх 89-92, 120-122/, болон мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

 

Шүүгдэгч С.С нь: “...ар гэрийн нөхцөл байдлыг харгалзан үзэж, анхан шатны шүүхээс оногдуулсан “нийтэд тустай ажил хийлгэх” ялыг өөрчилж торгох ял оногдуулж өгнө үү. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол гаргажээ.

 

Анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч С.Ст холбогдох хэргийг хянан хэлэлцээд шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтыг үндэслэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “350 цагийн нийтэд тустай ажил хийлгэх” ялаар шийтгэж шийдвэрлэсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчимтай нийцсэн байна.

 

Иймд шүүгдэгч С.Сын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв. 

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 3 дугаар сарын 06-ны өдрийн 194 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч С.Сын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

        

 

                                 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        Д.ОЧМАНДАХ

 

                                 ШҮҮГЧ                                                               Ц.ОЧ

 

                                ШҮҮГЧ                                                               Ш.БАТ-ЭРДЭНЭ