Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 11 сарын 14 өдөр

Дугаар 221/МА2019/0596

 

2019 оны 11 сарын 14 өдөр           Дугаар 221/МА2019/0596                          Улаанбаатар хот

“Э м” ХХК-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч О.Номуулин даргалж, шүүгч Ц.Сайхантуяа, Ц.Цогт нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Мөнгөнзул, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М, хариуцагчийн өмгөөлөгч А.М, гуравдагч этгээдийн өмгөөлөгч Ж.С нарыг оролцуулан Говьсүмбэр аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 113/ШШ2019/0022 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын дагуу “Э м” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Говьсүмбэр аймгийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч Ц.Цогтын илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Говьсүмбэр аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 113/ШШ2019/0022 дугаар шийдвэрийн 1 дэх заалтаар: Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.6, 54.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч “Э м” ХХК-ийн “2018 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр Говьсүмбэр аймгийн Засаг даргад тус аймгийн Шивээговь сумын нутагт орших “Д т” гэх 187.42 га талбайд түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүсч түрүүлж өргөдөл гаргасан болохыг тогтоолгох” тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзан хэргийг хэрэгсэхгүй болгож,

2 дахь заалтаар: Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2.4, 14 дүгээр зүйлийн 14.4-т заасныг баримтлан нэхэмжлэлийн шаардлагын үлдэх хэсэг болох “... “Э м” ХХК-ийн 2018 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр Говьсүмбэр аймгийн Засаг даргад хандан тус аймгийн Шивээговь сумын нутагт орших “Д т” гэх газарт 187.42га талбайд түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүсч түрүүлж гаргасан өргөдлийг шийдвэрлэхгүй байгаа нь хууль бус эс үйлдэхүйг тогтоолгох, тус өргөдлийг хуульд нийцүүлэн шийдвэрлэхийг Говьсүмбэр аймгийн Засаг даргад даалгуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 113/ШШ2019/0022 дугаартай шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй төдийгүй нэхэмжлэлийн 1 дүгээр шаардлагыг үндэслэлгүйгээр хүлээн авахаас татгалзаж, 2, 3 дахь шаардлагыг үндэслэлгүйгээр хэрэгсэхгүй болгон шийдвэрлэлээ.

Нэхэмжлэлийн 1 дүгээр шаардлагын хүрээнд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54.1.6, 54.2-т заасан үндэслэлээр шийдвэргүй боломжгүй.

Учир нь 2019 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 113/ШШ2019/0003 тоот шүүхийн шийдвэрт нэхэмжлэлийн 1 дүгээр шаардлагад дурдсан “Эрмүүн миж” ХХК 2019 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр Говьсүмбэр аймгийн Засаг даргад Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын нутагт орших “Д т” гэх газарт 187.62 га талбайд түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүсч түрүүлж өргөдөл гаргасан эсэхийг тогтоогоогүй төдийгүй шийдвэрлээгүй. Харин тус аймгийн Засаг даргын 2018 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн А/327 дугаар захирамжийг нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хүчингүй болгож шийдвэрлэсэн. Энэ шийдвэрээр 1 дэх шаардлагыг шийдвэрлэсэн гэж дүгнэх хууль зүйн үндэслэлгүй.

“Э м” ХХК Говьсүмбэр аймгийн Засаг даргад хандан Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуульд нийцүүлэн 2018 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр Шивээговь сумын нутагт байрлах “Д т” гэх газарт 187.42 га талбайд түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүсч түрүүлж өргөдөл гаргасан.

“Э м” ХХК-ийн гаргасан өргөдлийг хүлээн авсан боловч Засаг дарга холбогдох хуульд нийцүүлсэн ямар ч үйлдэл, үйл ажиллагааг хийгээгүй. Анхан шатны ажиллагаа болох Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.4-т Засаг дарга өргөдлийг шалгуулахаар Төрийн захиргааны байгууллагад цахим хэлбэрээр хүргүүлэхээр заасан бөгөөд энэ ажиллагаа огт хийгдээгүй.

Дээрх ажиллагааг огт хийгдээгүйн улмаас өргөдлийг хуульд нийцүүлэн шийдвэрлээгүйг шүүх ямар хуулийн үндэслэлээр зөв шийдвэрлэсэн гэж дүгнэж нэхэмжлэлийн 2, 3 дахь шаардлагыг хэрэгсэхгүй болгож байгаа нь ойлгомжгүй байна. Шүүх шийдвэртээ дээрх хуулийн заалтыг Засаг дарга хэрхэн, яаж хэрэгжүүлснийг дүгнэн үндэслэх хэсэгтээ тодорхой дурдах ёстой.

Говьсүмбэр аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 113/ШШ2019/0022 дугаартай шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгон нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь ханган шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж  шийдвэрлэв.

Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1-д “... хамгийн түрүүнд өргөдөл гаргаж бүртгүүлсэн хуулийн этгээдэд түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгоно” гэж заасан бөгөөд нэхэмжлэгч “Э м” ХХК-аас “... 2018 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр Говьсүмбэр аймгийн Засаг даргад Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын нутагт орших “Д т” гэх 187.42 га талбайд түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүсч түрүүлж өргөдөл гаргасан болохыг тогтоолгох, өргөдлийг шийдвэрлэхгүй байгаа нь хууль бус эс үйлдэхүй болохыг тогтоолгож, өргөдлийг хуульд нийцүүлэн шийдвэрлэхийг Говьсүмбэр аймгийн Засаг даргад даалгуулах” шаардлага бүхий нэхэмжлэл гаргажээ.

1. Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын “Д т” нэртэй газарт гуравдагч этгээд “Б” ХХК-д түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгосон Говьсүмбэр аймгийн Засаг даргын 2018 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн А/327 дугаар захирамжийг “Э м” ХХК-ийн нэхэмжлэлээр Говьсүмбэр аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 03 дугаар шийдвэрээр хүчингүй болгосон байна.

Дээрх шүүхийн шийдвэрт “... хамгийн түрүүлж гаргасан “Э м” ХХК-ийн өргөдөлд дурдсан талбай нь хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.4-д заасан давхцалтай эсэхийг тогтоолгохоор төрийн захиргааны байгууллагад хандаж хариу авсны дараа иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас санал авч тусгай зөвшөөрөл олгох боломжтой эсэхийг шийдвэрлэх байжээ” гэж дүгнэн Шивээговь сумын “Д т” нэртэй газарт гуравдагч этгээд “Б” ХХК-д түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгосон шийдвэрийг хүчингүй болгожээ.

Өөрөөр хэлбэл, энэхүү хэрэгт нэхэмжлэгчийн тогтоолгохоор шаардаж буй “... түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүсч түрүүлж өргөдөл гаргасан болохыг тогтоолгох” үйл баримтын талаар дээрх шүүхийн шийдвэрт дүгнэж, тогтоосон уг шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон байх тул нэхэмжлэлийг шаардлагын энэ хэсгийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.6-д заасан “нэхэмжлэлд заасан үйл баримт, захиргааны үйл ажиллагааны талаар ... хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр” байгаа гэсэн үндэслэлээр хүлээн авахаас татгалзсан нь зөв байна.

2. Нэхэмжлэлийн “... түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүсч түрүүлж гаргасан өргөдлийг шийдвэрлэхгүй байгаа хууль бус эс үйлдэхүйг тогтоолгож, тус өргөдлийг хуульд нийцүүлэн шийдвэрлэхийг даалгуулах” шаардлагын тухайд:

Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1-д “Энэ хуулийн 6.1 дэх хэсэг, 12 дугаар зүйлд заасан шаардлага хангасан бөгөөд хамгийн түрүүнд өргөдөл гаргаж бүртгүүлсэн хуулийн этгээдэд түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгоно” гэж зааснаас үзвэл хамгийн түрүүлж өргөдөл гаргаж бүртгүүлсэн хуулийн этгээдэд (энэ тохиолдолд нэхэмжлэгч “Э м” ХХК) тус хуульд заасан шаардлагыг хангаж байгаа эсэхийг шалгасны үндсэн дээр түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоор байна.

Говьсүмбэр аймгийн Засаг даргаас 2018 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн Б/1136, 2019 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн А/294, 2019 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн А/434 тоот албан бичгүүдээр түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох боломжгүй, тухайн талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөл дахин хүлээн авах боломжтой гэх зэргээр нэхэмжлэгчийн өмнө гаргасан өргөдлийг шийдвэрлэлгүйгээр, дахин өргөдөл гаргахыг шаардсан хариуцагчийн үйлдэл хууль бус байна.

Нэхэмжлэгч хуулийн этгээдээс “... түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүсч түрүүлж гаргасан өргөдлийг шийдвэрлэхгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох, өргөдлийг хуульд нийцүүлэн шийдвэрлэхийг даалгуулах” шаардлага гаргасан. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгчээс хайгуулын тусгай зөвшөөрөл хүсч “түрүүлж гаргасан өргөдөл”-ийг хуульд нийцүүлэн шийдвэрлэсэн эсэх талаар маргасан байна.

Хариуцагчаас нэхэмжлэгчийн өргөдлийг Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 14 дүгээр зүйлд зааснаар хянан шийдвэрлээгүй харин “дахин өргөдөл гаргах боломжтой” гэх байдлаар шийдвэрлэсэн байхад анхан шатны шүүх “... албан бичгийг тус тус хүргүүлж байсан нь хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар тогтоогдож байх тул хуулийн дээрх заалтуудыг зөрчиж тус компанийн түрүүлж гаргасан өргөдлийг шийдвэрлээгүй гэж үзэх үндэслэлгүй” гэж дүгнэсэн нь буруу байна.

Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын “Д т” гэх газар түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүсч түрүүлж гаргасан өргөдлийг Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуульд заасны дагуу шийдвэрлүүлэх нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт нэхэмжлэлийн зарим шаардлагыг хангасан өөрчлөлт оруулав.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.3-д заасныг баримтлан

ТОГТООХ нь:

1. Говьсүмбэр аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 113/ШШ2019/0022 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дахь заалтыг “Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1, 14 дүгээр зүйлд заасныг баримтлан нэхэмжлэгч “Э м” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, “Э м” ХХК-ийн 2018 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр Говьсүмбэр аймгийн Засаг даргад хандан тус аймгийн Шивээговь сумын нутагт орших “Д т” гэх газарт 187.42 га талбайд түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүсч түрүүлж гаргасан өргөдлийг шийдвэрлэхгүй байгаа үйлдэл хууль бус болохыг тогтоож, тус өргөдлийг хуульд нийцүүлэн шийдвэрлэхийг хариуцагч Говьсүмбэр аймгийн Засаг даргад даалгасугай”, 3 дахь заалтыг “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчээс нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Говьсүмбэр аймгийн Засаг даргаас 35,100 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай” гэж тус тус өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгч “Э м” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М-ын давж заалдах гомдлын зарим хэсгийг хангасугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.3-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогоос гаргуулан буцаан олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж үзвэл хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ШҮҮГЧ                                                           О.НОМУУЛИН

ШҮҮГЧ                                                           Ц.САЙХАНТУЯА

ШҮҮГЧ                                                           Ц.ЦОГТ